Шоо
2016-01-13 Баясгалан 1486

(өгүүллэг)

Автобус зогсоход урд хаалгаар нь нэгэн эр гүйн тусан орж ирээд “Эмэгтэй хүнд суудал тавиад өгөх хүн алга уу?” гэж бархирснаа гараа арагш сунгаж бүсгүйгээ тавцан өөд татан оруулж ирлээ. Дотор хүн сэлүүхэн ч бүх суудал эзнээ олсон аж. Өнөөх хоёр бие биенээсээ зууран там тум алхалж явсаар урдхан талд минь ирээд зогсчихлоо. Эр нь “Эмэгтэй хүнд суудал тавьж өгдөггүй юм уу, чи?” гэж ахин чанга дуугаар зандраад урд сууж явсан сөөсгөр хүүг суудлаас нь ховхолчихов. Тэгээд “Чи энд суу,” гэж бүсгүйдээ ёстой л “юмны эзэн” шиг захирангуй хэлэхэд цаадах нь таатайяа мушилзсанаа ухасхийгээд суучихлаа. Шурхнаг нь чирэгдсэн гонжоомны өмдөн дор биеийн тамирын шаахай углаж задгай энгэртэй тод өнгийн цамц эгэлдрэглэсэн гуч гаруй насны эр. Түүнийг бүсгүйнхээ суудлын түшлэгээс зуурахад хар ажлын хүний эвэршсэн том гар нь яг нүүрэн дээр минь тулав. Юу юугүй дэлсээд авах гэж буй мэт тэр бахим гарын судас нь гүрэлзэн үе нь товойж үзэгдэнэ. Халамцуу эр уначихгүй гэхдээ барьцаа байдгаараа чангалсан нь тэр аж. Тэр бүсгүйдээ арайхийн суудал олж өгчихөөд одоо өөртөө бас нэгийг зайчилчих гэсэн мэт талимаа нүдээрээ ийш тийш харц шидлэн өнгөлзөж эхлэв.

Тэгснээ бүсгүйн урд суудал дахь эрийн мөрөн дээр падхийтэл алгадаад “Ах хүү, эмэгтэй хүнд суудалд тавьж өгч мэддэггүй ээ?” гэж шүдээ зуун асуулаа. Цаадах нь цочсон бололтой огцом эргэж харсанаа “Хаана ямар эмэгтэй байна? Чи юм уу?” гэж уцаарлав. Халамцуу эрийн уур дүрэлзэв бололтой “Чамайг харахад би эмэгтэй байна уу? Би эмэгтэй юу?” гэж ухалзсанаа “Халхын хавтгайд данстай эр шүү. Муусайн юмс барагтайхан байгаарай!” гэж бархирлаа. Зорчигчид төвөгшөөсөн байртай тэдэн рүү хяламхийж, жолооч дуугүй явахгүй бол өшиглөөд буулгана гэж сануулав. Халамцуу эр хэсэг зуур амаа хамхихаа мэдлээ.

Гэвч удаан тэссэнгүй бололтой урд талынхаа эрийн мөрөн дээр ахиад л падхийтэл алгадсанаа “Би чамайг бодоход Халхын хавтгайд данстай эр шүү. Олны газар амаа мэдэж яв, аминд чинь өлзийтэй!” гэж эгээ л магтаал дуудаж буй аятай дуугаа өргөн хэллээ. Цаадах нь эргэж хараад “Халхын хавтгайд дансгүй хэн байгаа юм. Надад ч тэр данс чинь бий,” гээд энгэрийн халааснаасаа иргэний үнэмлэхээ гаргаж харуулснаа жоготой инээгээд цааш харчихав. Залуу гайхсан янзтай хүүхэн өөдөө хэсэг гөлөрснөө цаад эрийн мөрөн дээр ахин чанга алгадаад “Ах хүү, өдөөд байна уу? Чаддаг юм бол одоо буучихъя. Энэ буудал дээр манай нутгийн атаманууд багшраад байж байгаа. Чамд Шандын шанаа Гамбаа гэж хэн болохоо харуулъя л даа,” гэж агсарлаа.

Цаадах нь эргэж харсанаа “Чи Шандынх юм уу? Би бас Шандынх шүү дээ,” гэв. Халамцуугийн агсамналд айж сүрдсэн шинж ер үгүй мөнхүү эрийн царайд ихэд зальжин, хортой инээд тодорно. Тэгтэл өнөөх залуу “Өө хөөрхий. Даанч би чамайг нэг л харсан санагдаад байсан юм. Намайг таньж байгаа биз дээ, айн? Түрүүнээс хойш ингээд хэлчихгүй. Ингэхэд чи Шандын яг хаахных юм?” гэж их л шаргуу асуулаа. Цаадах нь хэсэг бодолхийлснээ “Улаанбадрахынх,” гэв. Гэтэл хүүхэн түс хийтэл инээгээд “Улаанбадрах чинь тусдаа сум. Мэд ээ?” гэлээ. Түрүүнээс хойш дуугүй явсан бүсгүйг ам нээхэд эрээсээ дутуугүй халмаг яваа нь шууд л мэдэгдэв. Залуу “Залаад байгаарай ах хүү. Шандын Улаанбадрах болсон уу, тээ? Бага өдөөрэй!” гэж ухалзав. Цаадах нь юу ч болоогүй мэт хээв нэг инээснээ “Нээрэн би Шандынх. Чамайг ч сайн таньж байна. Чи чинь манай Шандын Шанаа Гамбаа байна шүү дээ,” гэв. Тэгтэл бүсгүй “Чи яасан овоо эр вэ,” гээд урагш нэг давшилснаа өөрийнхөө эр өөд харж “Наадах чинь чамайг явуулаад байна, мэд ээ?” гэж хэл амаа эвлүүлж ядан хэллээ. Гэтэл эр нь хүүхнийхээ үгийг ер тоосон шинжгүй атлаа “нутгийн ахынхаа” үгэнд ихээ дөгөж буй бололтой тунчиг маадгараар зорчигчдыг тойруулан харснаа “Халхын хавтгайд данстай эр шүү. Буурлын буян тасарсангүй ээ. Мал хуйтай явж үзлээ. Унаа тэрэгтэй явж үзлээ. Муусайн гөлөгнүүдийг атгаж ч явлаа. Идлээ, уулаа. Архийг би ууна уу гэхээс архи намайг уудаггүй л байхгүй юу,” гэж хаяггүй агсамнав. Жолооч эр урдаас дуугүй явахгүй бол хөөгөөд буулгана гэж ахин сануулахад энэ удаад баахан зориг орсон мань халамцуу “Чи дуугүй наад урдахаа мушгиж яв. Чамайг сонгож наад жолооны чинь ард суулгасан түмэн олны хайрыг дааж амьдар, миний дүү. Чи чадахгүй бол би ч гэсэн энэ муу амбаарыг чинь хөдөлгөөд байж дөнгөнө шүү,” гэж зандрав. Зорчигчдын зарим нь тэсэлгүй инээд алдах нь дуулдана.

Хүмүүс инээлдэхэд хүүхэн юу болов гэсэн шиг ийш тийш харсанаа урдах эрийнхээ цамцны захаас угзчаад “Чи нээрэн л манай Шандынх юм бол хаа байдгийг нь хэлчих?” гэлээ. Цаадах нь түвэгшээнгүй эргэж харсанаа “Энүүхэн барууншаа байдаг биз дээ?” гэв. Үүнийг сонссон залуу нүдээ жигтэйхэн том болгож шүлсээ гүдхийтэл залгиснаа “Юу гэнээ, чи? Байтлаа манай Шанд баруун зүгт байдаг болоо юу? Чи муу яасан даажинтай нөхөр вэ? Яг одоо энд буугаадхая. Буудал дээр манай дүү нар багшраад байж байгаа. Чам муугийн толгойд Сайншандын газрын зургийг арилахгүй болтол нь зураад өгье,” гээд гараас нь татан угзчив. Өнөөх нь “Дүү хүү уучил,” гээд аанай л зальжин инээсэн хэвээр “Ах нь үнэндээ Хөвсгөлийнх л дөө,” гэлээ. Хүүхэн “Тэгвэл Хөвсгөл хаа байдгийг хэлээд орхи,” гэж яах ийхийн зуургүй асуулаа. Цаадах нь бодох ч үгүй “Урагшаа л байдаг шүү дээ,” гэв. Залуу ахиад л дүрсхийж “Энэ яасан зэвүүн эр вэ,” гээд хувцасных  нь захаас мушгиж татсанаа “Өмнөговь хаа байдаг юм, хэл чи?” гэж дайрав. Хижээл эр цамцныхаа захыг халж тавиулаад “Ахын дүү тайван. Өмнөговь чинь зүүн тийшээ байдаг шүү дээ,” гэв. Зорчигчид дор дороо мушилзаж, жолооч эр толиндоо тэднийг харангаа “Ийм ч амьтад байх гэж,” гэсэн шиг толгой сэгсрэн инээвхийлж явлаа.

Эр эм хоёрын марзан асуулт, урд суудлын эрийн хоржоонтой хариултуудыг чагнажээ суухад тэд монголынхоо газрын зургаар Рубикийн шоо тоглоод байх шиг сонихон санагдана. Өнөөх залирхаг эрийг шоогоо нэг эргүүлэхэд хойд талын Хөвсгөл нутаг урагш үсэрч, ахин нэг эргүүлэхэд урд талын Өмнөговь зүүн тийш шидэгдэнэ. Харин өнөөх хоёр нь бүлэмцүү ухаандаа түүнийг нь ойлгож ядан гайхширч, илбэчинтэй уулзсан хүүхдүүд шиг ээрэн, түмэн асуултаар булна.

Автобус тойрог дээр хүчтэй тоормослоод бүх биеэ зайлан эргэхэд ганцаархнаа зогсож явсан өнөөх халамцуу эр бүсгүйнхээ сандлын араас байдгаараа зууран тогтсон ч яриандаа улайрсан хэвээр “Чи ингэхэд Монгол хүн мөн үү?” гэж дуугаа өндөрсгөлөө. Цаадах нь халуунд нозоорсон байртай амаа ангайн эвшээгээд “Ахын дүү суумаар бол энд суу. Би зогсчихъё,” гэж байна. Шанаа Гамбаа эрүүний ясаа товолзуулан шүдээ хавирснаа “Би чамаас суудал гуйх уу? Хаана амьдарч яваагаа ч мэдэхгүй ийм малаас би суудал гуйх уу?” гэж агсраад “Хэл чи. Завхан аймаг хаа байдаг юм?” хэмээн шалгаалаа.

“Энүүхэн Дарханы хажууд л байдаг биз дээ?”

“Хөө ер өө. Баруун таван аймгийн нэг нь энүүхэн Дарханд байдаг гэнэ. Таминь ээ, сонсов уу, энэ малыг? Сонсов уу? Алив, Төв аймаг хаа байна? Хэл дээ.”

“Хэлж ядаад байх юу байх вэ. Баруун хил дээр байдаг шүү дээ.”

“Мөн донгосов оо. Чи ядаж нэрийг нь сонсоод ойлгохгүй байна уу? Төвд байдаг болохоор нь Төв аймаг гэсэн юм.”

Эрүүл согтуу хоёр ийн маргалдаж эх орны газрын зургаар шоо эргүүлэн нутаг усаа нааш цааш нь зөөсөөр байв. Энэ хооронд дуугүй цонхоор ширтэж явсан бүсгүй гэнэтхэн санасан шиг “Тэгвэл, Өвөрхангайн Нарийнтээл хаа байдаг юм, хэлчих чи?” гэлээ. Эр нь уухайн тас түрэн “Алив хэл л дээ, Нарийнтээл хаа байдаг юм?” гэснээ гэнэтхэн зогтусч эмийнхээ өөдөөс хараад “Чи яагаад заавал Нарийнтээлийг асуугаа вэ?” гэж байна. Нүд нь гялалзан нилээд ууртай харагдана. Тэгтэл хүүхэн эв хавгүй инээхчээ аядсанаа “Санаандгүй л асуучихлаа,” гээд дуугүй болчихов. Тэр чингэж хэсэг явснаа эрийнхээ бодлыг сарниулах гэсэн бололтой цаад суудлын эрийн араас татаж “Яасан бэ? Тийм сүрхий юм бол хэлээд орхи. Хурдал,” гэж шавдууллаа. Шанаа Гамбаа ахиад л эрүүнийхээ ясыг товолзуулан шүдээ хавирснаа “Гурван зуун жаран таван сум байхад заавал Нарийнтээлийг асуудаг байна шүү. Мартаж чадахгүй яваа юм байна л даа. Ах хүү, аан гээч? Миний энэ хүүхэн цагтаа ёстой л жаалж явсан амьтан. Замын-Үүдээс нутаг руугаа бараа зөөдөг байхад нь би нөхөр хүүхдээс нь урвуулаад авчихсан юм. Одоо нөхөр нь хоёр хүүхэдтэйгээ Нарийнтээлд мал маллаад амьдарч байгаа. Амьдрал сонихон биз?” гэж асуув. Эдүгээ зорчигчдын сониуч нүд зөвхөн өөр дээр нь тусахыг хүүхэн халамцуу ч гэлээ эм амьтны зөнгөөр анзаарсан бололтой эрийнхээ ханцуйнаас угзчин “Одоо дуугүй бай!” гэчихээд цааш эргэн цонхоор ширтээд суучихав. Автобусан дотор хэсэгтээ чимээгүй ноёлж, дараагийн буудалд ирэхэд сониуч зорчигчдын зарим нь хүүхэн рүү харан харсаар буув. Нэмээд хэдэн хүн ч орж ирлээ.

Шанаа Гамбаа хэсэг зуур чимээгүй явснаа урд суудлын эрийн далан дээр аанай л алгадаж “Ах хүү, яагаад таг болчихов оо? Алив, Сүхбаатарын Уулбаян хаа байдгийг хэл л дээ?” гэлээ. Цаадах нь “Уулбаян чинь Баруун-Уртаас цаашаа шүү дээ,” гэж хэлээд бүсгүйн өөдөөс царайчлангуй харлаа. Түүний зальжин хоржоонтой дүр онхи алга болоод зовинонгуй, өрөвдөлтэй ч гэмээр төрхөөр солигдсон нь сандлын түшлэг дээгүүр тодхон үзэгдэнэ. Энэ үгийг тэр бүсгүйг сэтгэлээр засч, түрүүчийн зугаатай тоглоомдоо эргүүлж оруулах гэж л хэлсэн бололтой. Халамцуу эр ч энэ удаад түүнийг эсэргүүцэж элдвээр дуудсангүй. Тэгтэл автобус гэрлэн дохион дээр хүчтэй тоормослон зогсоход барьцаа алдан унах шахсан эр жолооч өөд гараа сарвалзуулан “Аятайхан яваарай чи, алуулах нь дутаа юу?” гэж хашхирлаа. Жолооч ч өөдөөс нь юм хэлсэнгүй.

Хүүхэн түрүүчийн яриандаа эргэн орж “Ховдын Булган хаана байдгийг хэлчих?” гэж байна. Шооны нүд энэ удаа хааш эргэх бол гэж чагнаж суутал эр эм хоёрын давтмал асуултуудад булагдах өнөөх зорчигч “Баруун хил дээр л байдаг шүү дээ,” гэж тунчиг хөндий дугараад цонхоор ширтээд суучихав. Халамцуу эр “Овоо доо, хөөрхий. Буудсан нь ганц удаа ч болохнээ онолоо,” гэтэл хүүхэн нь “Наадах чинь өөрөө Ховдын Булганых юм байна л даа,” гэж амандаа чулуу хүлхсэн юм шиг пүл палхийн хэлэв. Цаадах нь юу ч дугарсангүй цонхоор ширтсэн хэвээр.

Тэгтэл халамцуу эр ахиад л өнөөх зорчигчийг ноолон улиг болсон асуултаараа ээрч эхлэлээ. “Ах аа, хөөе ах аа. Говь-Алтайн Бугат хаа байдгийг хэлчих?” Олон жилээр хагацсан хайртан янагтайгаа олны гудамжинд гэнэт таарах шиг хачин дулаан, гэнэтийн энэ үгэнд сэртэсхийн өндөлзөхдөө би түрүүхэн Завханы Идэрийн нэр дуудагдахад сортосхийн эргэж харсанаа мань халамцуу руу туж инээмсэглэсээр бууж одсон залууг гэнэтхэн ойлгох шиг боллоо. Нүдэнд маань тэртээх баруун алтайн өндөр өндөр уулсын дундах жижигхэн суурин, шатрын өрөг шиг хэдхэн шовгор байшин нь, зуны шөнө оддын дор болзох ах эгч нарын яриаг хашааны мухарт суун сонсчихоод маргааш нь сумаар нэг хов жив тараадаг жаал охидын бушуухан том болоод яг тэгж зуны шөнө, оддын дор болзохсон гэж мөрөөдсөөр унтдаг амтат зүүд, тэр зүүдэн дунд гав гав хуцалдах хорооны нохдын “найрал”, чухам нохой, утасны шон эргэх хэрээ хоёрт л хачин зугаатай санагдаж байж мэдэх хүн зоных нь ажин түжин, дүнсгэрдүү амьдрал зурайгаад өнгөрхөд аанай л шүлсээ үсчүүлэн агсамнаж зогсох тэр эрийг анх удаагаа хачин их хүндэтгэм санагдлаа.

Зуны шөнө, оддын дор... Ингэж мөрөөдөж явсан миний анхны болзоо өвлийн нэгэн хүйтэн өдөр, орон сууцны тоос ханхалсан орцонд болж билээ. “Чи тамхи татдаг уу?” гэсэн марзан асуултаар эхлэсэн тэр болзоо дуртай кино,  таалдаг дуучин гэх мэт дулимагхан яриагаар үргэлжилж эцэст нь “Баяртай!” гээд хаалгаа хаан гэртээ орохдоо би болзсон хөвгүүнийхээ тухай “Будаатай хуурга, “Терминатор’ гэдэг кинонд дуртай” гэдгээс өөр мэдсэн зүйлгүй үлдсэн байж билээ. Ахиад олон давтагдаагүй тийм болзооны ард би гэж хүн хэрвээ зуны шөнө оддын дор болзсон бол, оддын тухай, сарны тухай, моддын тухай ярилцсан бол бид биесээ арай илүү ойлгох байсан даа,” гэж үнэн голоосоо бодож билээ.

Цаадах нь миний нутгийг хаа ч байдаг гэж хэлсэн юм, Шанаа Гамбаа ихэд эгдүүцэн “Энэ мууг би таниад байна. Шандынх гэдэг нь гарцаагүй. Надаар нэг сайн даажигнаж авъя гэж бодож л дээ,” гэснээ ард маань суусан авгай руу зааж “Эгч ээ, та газарзүйн багш уу? Намайг жаахан байхад сургуульд маань яг тань шиг царайтай нэг газарзүйн багш байж билээ. Тэр авгай хүүхдүүдэд юу заасан болоод энэ новш ингэж хөлдүү толгойлоод нутгийн нэр бузарлаж явдаг байнаа? Айн?” гэж шүлсээ үсчүүлснээ урагш эргэж “Хөөш, ах гуай, Архангайн Цэнхэр хаа байдгийг хэл дээ? Зөв хэлэхгүй бол хохь чинь шүү!” хэмээн архирлаа.

Ахиад л нэг гэгэлгэн дурсамж. Тэр нэг хавар мал төллөлт сурвалжлах томилолттой эл нутгийг зорьж, нүүгэлтсэн их цасан дунд суучихаад осгох дөхөж байхад нутгийн малчин биднийг олж, гэртээ аваачин унд цай болж аминд орсон юм. Орой нь хамт явсан дуу шуугүй залуу айлын эздээс баахан хөнжил дээл, дах, дэгтий гуйж авчихаад бүгдийг нь ганцхан миний дээрээс нямбай гэгч нь хучиж өгөөд өөрөө дан тэрлэг хөдрөн хэвтээд өгч билээ. Шөнө нь гэрийн эзэн хоймрын орноосоо өндийж залуугийн дээгүүр үстэй дээлээ шидээд эргэхдээ “Залуу байхад ийм л байдагсан,” гэж хэлээд эхнэртэйгээ нуг нуг инээлдэх нь сонсогдсонсон. Би гэж хүн тэгж танихгүй шахуу эрийн халамж шингэсэн дах дэгтийний овоолго дор хөдөлж ч чадахгүй хэвтэхдээ эм хүн болж төрөхийн тааламжтай дарамтыг анх мэдэрч билээ. Өглөө арван хэдэн давхар хучлаган дороосоо арайхийн өндийтөл надаас бусад нь хэдий нь дээшилчихсэн, өнөөх залуу зууханд хоёр гутлыг минь ээгээд сууж байснаа намайг харуутаа ухасхийн гараад явчихлаа. Нуугисан халуун гутал жийгээд цасан дунд гарахад эм хүн болж төрснийхөө хэргийг ерөөс гүйцээчихсэн шиг санагдаж байв. Тэр жаргал тэгээд л ханачихсан болохоор бидний холбоо цааш үргэлжлээгүй санагдана. Чингээд Архангайн Цэнхэр гэж хунгар цасанд хөлгүй дарагдсан дүр зургаас нь ч халуу дүүгээд л байдаг нэгэн нутаг сэтгэлд минь цэнхэрлэж үлдсэнийг дурсах шалтаг олдсонд өнөөх согтууд ахин нэгтээ талархмаар санагдав.

Энэ зуур шоо урагшаа, хойшоо, баруун зүүн тийш хэдэнтээ эргээд амжжээ. Сүхбаатарын  Мөнххааны нэр дуулдахад “Ойрхон, Багануурын наахна шүү дээ,” гэсэн хариу ирж байна. “Үнэн бол сайхан аа,” гэж өөрийн эрхгүй шүүрс алдахдаа би хөгшин эхдээ цайны усыг нь дөхүүлж өгч байгаад нүд аниулна гээд тийш явчихсан нэг хүний тухай бодож байлаа. Цэцгийн дэлбээг “хайртай, хайргүй, хайртай, хайргүй,” хэмээн тасалж мэргэлдэг шиг шөнө унтахын өмнө яг маргааш л түүний араас явъя, очоод эмээтэй нь гурвуул гангар гунгар гээд амьдарч болох байлгүй, би ямар хөдөө амьдарч үзээгүй биш гэж эрс шийдээд өглөө сэрэхдээ хотод хурааж төвхнүүлсэн багахан хогшил, бяцхан тух, гүйцээгээгүй шуналуудаа бодохоос хачин их хулчийж эргэцсээр яг гурван сарыг өнгөрүүлсний дараах нэгэн өглөө шуудангийн хайрцагнаас хэдэн шүлэг маань хэвлэгдсэн сонинг олж үзээд л энэ хотод, аяган дахиа зөөдтөл дэмий санааширч суухад даанч тухтай кофены газруудынх нь булан тохойд, автобусны цантай цонхон дээр хумсаараа нэрээ бичиж, үсэгнүүдийнх нь нарийхан зураасаар гадагш шагайхад намайг огт танихгүй, энэ хорвоод оршин буйг минь ч анзаарч сонирхохгүй түмэн хүн сүлжилдэж байдаг саарал гудмуудынх нь дунд үлдэхээр шийдэж билээ.

Энэхэн зуурт тэрхэн учралуудаа нэхэн дурсахуй амьдралаас минь онхи алдагдсанд тооцож явсан хүмүүс, учралууд надаас үнэндээ ганц алхам ч холдоогүй мэт санагдана. Хүний амьдрал гэдэг олон өнгийн дурсамжаас бүтсэн нэгэн цул шоо, дурсамжууд нааш цааш сэлгэгдэн сэтгэлд нэг ил болж, нэг далд нуугдаж байдгаас бус хэзээ ч арилж үгүй болдоггүй аж. Харин тэр шооны нүднүүд өөр өөрийн замаар эв зохирлыг олон сэлгэгдэж байхаас бус нэг нь нөгөөгөө орлох, үгүйсгэх, нөхөх нь хэзээ ч үгүй.

Эдүгээ эрчүүд нь нэлээд залхаж, бүсгүйн сонирхол эсрэгээрээ сэргэсэн бололтой. Хүүхэн “Булганы Сайхан хаана байдаг юм? Хэл?” гэж шаардав. Цаадах нь хариу дугарсангүйд тэр өөрөө өөртөө хариулж “Нэртэйгээр нь Солонгост гээ?” гэснээ хамраараа амьсгалаа татан эг маггүй хөхөрлөө. Бүсгүй тоглоомынхоо дүрмийг эхнээсээ ойлгоогүй тул Монголын газар нутгаар бүтсэн шооны нэг нүдийг тэс цохиод хил давуулан шидчихэж буй нь тэр. Эрчүүл бие бие рүүгээ сүрхий том харсан нь дундын тоглоомоо ганцхан хормын дотор сүйтгүүлж орхисноо хүлээн зөвшөөрч буйн шинж гэлтэй.

Тэгтэл цаад суудлын эр ам нээж “Ах нь энэ буудал дээр буулаа. Дүү нар цааргалахгүй бол ганц юмаар дайлъя!” гэж байна. Залуу ихээ хэгжүүн инээгээд “Би чам шиг малаас архи гуйх уу? Буурлын буян барагдаагүй цагт чам шиг усан тэнэгээс сувс долоохгүй шүү,” хэмээн агсрав. Харин хүүхэн нь дээш өндийж цонхоор өнгөлзсөнөө өөрийнхөө эр өөд нэг их царайчлангуй харлаа. Автобус зогсоход хижээл эр босоод “За дүү нар, сайхан танилцлаа. Дайлуулахгүй гэвэл би хүчлэхгүй. Баяртай,” гээд гарч одтол хүүхэн сандлаасаа огло үсрэн босч “Ах хүү, хүлээж бай!” хэмээн дуудаад там тум гишгэсээр хаалга зүглэв. Харин өнөөх халамцуу эр хоосон хоцорсон хоёр суудал руу хэсэг гөлөрч зогссоноо тэдний араас гуйвлан буулаа.

Б.Баясгалан

Түр хүлээнэ үү...
Top