Өнгөрч буй 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар уналтанд орсон ч оюун санааны амьдрал буцалсан жил байлаа. “Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа энэ онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна.
Үүнд үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулж, дарааллуулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ.
Уран зохиолын орчуулга
1. Хомер. “Одиссей” тууль (Орчуулагч Д.Цахилгаан)
Хэвлэлийн газар: Монсудар
Номын сэтгэгдэл:
Туршлагатай орчуулагч, нийгмийн зүтгэлтэн Д.Цахилгааны орчуулсан Хомерийн “Оддиссей” монгол орчуулгын түүхэн дэх томоохон бүтээл болон үлдэх нь дамжиггүй. Орчуулагч Грекийн их туулийн хэл найруулга, донжийг монгол туулийн донжид ухаалгаар буулгаж чадсан нь өрнө дахины их туульсыг орчуулсан өмнөх туршлагуудаас хагмийн амжилттай, басхүү хамгийн яруу нь болж чаджээ.
2. Прустын Марсел. “Алдуул цагийн эрэлд” роман
(Орчуулагч Л.Алтангэрэл)
Хэвлэлийн газар: Freemon
Номын сэтгэгдэл:
Өмнө нь Ганжуур, Данжуур орчуулсан, орчуулагч Л.Алтангэрэл өрнө дорны хэд хэдэн хэлийг сурсныхаа хэргийг энэ онд гаргаж, уран зохиолын хамгийн алдартай, яруу бүтээлүүдийн нэгийг монгол хэлнээ хөтлөн буулгалаа. Марсел Прустын “Алдуул цагийн эрэлд” романы эхний боть болох “Сувааны зүгт” романы урт нүсэр өгүүүлбэрийн зохион байгуулалтыг эвдэлгүй монгол хэлнээ яруу өгүүлэмжийг нь хадгалан орчуулсан байдал нь орчуулгын тусгай туршлага, сургалт гэмээр.
3. Казүо Ишигүро. “Намайг бүү явуулаач”, "Өнчрөл хагацлын он жилүүд" роман, (Орчуулагч Н.Байгалмаа, М.Ганцацрал)
Хэвлэлийн газар: Монсудар
Номын сэтгэгдэл:
Казүог уншихаар уртаар амьсгаа авдаг. Амьсгаа бүрээ мэдэрдэг. Бас хором хормоор амьдардаг. Түүнтэй хамт цаг хугацааг урагшлуулна, удаашруулна, сунгана, эсвэл бүр зогсооно. Нэг хормыг мөнхөлж, тэр мөчид амьдардаг.
Казүо өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай. Түүний бичлэгийн хэв маягийг тэмдэг нэрийн чамирхал ашиглан илэрхийлэх гэхээр яагаад ч юм болдоггүй юм. Товчоор хэлбэл түүний сонгосон энгийн тэр үг л ярвигтай контекстийг төгсөөр илэрхийлдэг.
Блоггер Sarnaes_thetic (medium.com/@Sarnaes)
4. Мө Янь. “Мэлхий” роман
(Орчуулагч А.Урантогос)
Хэвлэлийн газар: Тагтаа
Номын сэтгэгдэл:
Асар их зовлон дундаас өнөөгийн дэлхий ертөнцийн хүчирхэг эдийн засгийн нэг болж чадсан Хятад улсад хүний амь гэдэг нэг талдаа далайн хөөс мэт эмзэг, үнэ цэнгүй, нөгөө талдаа далайн гүн дэх сувд эрдэнэ мэт үнэлэгддэг болохыг эрс шулуунаар дэлгэн үзүүлж, хүний ухамсарын гүнд нуугддаг далд хүсэл, нийгэм цаг үеийн байдалд зохицон хувирч, жигшиж зэвүүцмээр, эвийлэн хайрламаар нөхцөл байдалтай нүүр тулдагийг үзүүлснээрээ Мө Яаны Мэлхий роман аль ч орны уншигчдын сэтгэлийг соронздон татдаг биз ээ.
Яруу найрагч О.Элбэгтөгс
5. Рэй Брэдбёри “Фаренхайтын 451 хэм” роман
(Орчуулагч Д.Дашмөнх)
Хэвлэлийн газар: Болорсудар
Номын сэтгэгдэл:
Ном унших шаардлага олон нийтэд үгүй болсон гэж үзсэнээс номыг шатаадаг болсон тухай, гэвч ном яг л галт шувуу мэт орших тухай тууж. Фаренхайтын 451 хэмд номыг галдваас үнс болдог аж. Гэвч ном үнснээсээ ахин амилна. Энэ бол жинхэнэ америк арга барилаар бичигдсэн цэвэр америк зохиол гэж хэлж болно. Монгол хэлээр анх удаа. Тэгсэн энэ намар номын баяр болохгүй янзтай ч байх шиг... Жич; хайр дурлал, сэтгэл уярам түүх, гоо бүсгүй энэ тэр огт гарахгүй болохыг анхаарна уу.
Орчуулагч Д.Дашмөнх
Дурдууштай бүтээлүүд: Орхан Памук “Шинэ амьдрал” (Монсудар), Хан Ган “Хөвгүүн ирлээ” (Монсудар), Элиф Шафак “Хайрын 40 дүрэм” (Тагтаа), Михаил Булгаков “Залуу эмчийн тэмдэглэл” (Болорсудар), Данийл Хармс “Оршихуй №2” (boobooks)
Уран зохиолын бус орчуулга
1. Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм” (Орчуулагч А.Амармэнд)
Хэвлэлийн газар: Тагтаа
Номын сэтгэгдэл:
Энэ номонд зохиогч орчин үеийн хүмүүсийн амьдралыг “нүцгэн амьдрал” хэмээн тодорхойлсон (...) зөвхөн биологийн хувьд оршин тогтнох, амьд үлдэх тэр зорилгыг л өмнөө тавьсан нийгэм болон хувирсан гэж үзжээ. Ийм нийгмийн эцсийн зорилго нь үйлдвэрлэлийн гарцыг л дээд түвшинд хүргэх. Өмнөх үеийн нийгэмд үүнийгээ албадлагаар хийдэг байсан бол орчин үеийн нийгэмд субъектүүд нь буюу бид өөрөө өөрсдийгөө албадан энэхүү зорилгын төлөө амьдардаг болсон байна. Үүний үр дүн нь сэтгэл гутрал зэрэг олон арван сэтгэцийн эмгэг болон илэрч байгаа аж.
Орчуулагч А.Амармэнд
2. Кишими Ичиро, Кога Фүмитакэ “Ад үзэгдэх зориг”
(Орчуулагч ТОМё БОДё)
Хэвлэлийн газар: Garuna Publishing
Номын сэтгэгдэл:
Зөвхөн сэтгэл судлаач биш, мэргэжлийн бус хүмүүс уншихад ч ойлгомжтой бөгөөд орчуулга сайн байлаа. Номын эхнээс л зохиогчид Адлерын сэтгэл судлалд бүрэн нэвтэрсэн нь харагдсан. Философи суурьтай, сэтгэл судлалын онолыг уншигчдад ойлгуулах амаргүй. Харин уг ном хоёр хүний харилцан ярианд түшиглэн амьдралын энгийн жишээнүүдээр Адлерын сэтгэл судлалыг тэр чигт нь тайлбарлачихсан байна.
ХҮИС-ийн багш Л.Энхтүшиг
3. Юдит Шаланский “Алдагдсан зүйлийн жагсаалт”
(Орчуулагч Б.Ундрах)
“Алдагдсан зүйлсийн жагсаалт”-ыг уншигч та бүхэн түүхийн ном, танин мэдэхүйн эсээ гэж сануузай. Өдгөө бараг дурсагдахаа байсан эдгээр зүйлсийн тухай балархай түүхийг зохиолч баялаг төсөөллөөрөө нөхөн дүүргэж, уран тансаг үг найруулгаар чимэглэн хэний ч мэддэггүй түүх болгон хүүрнэсэн юм. Сонин содон сэдэв хийгээд элбэг дэлбэг, баян тансаг бичлэгээрээ энэ түүвэр суут зохиолч Хорхе Луис Борхесийн зохиолуудыг эрхгүй санагдуулдаг.
Орчуулагч Б.Ундрах
4. Сара Бэйквелл “Хэрхэн амьдрах вэ?”
(Орчуулагч П.Номинбилэг)
Хэвлэлийн газар: Арвис
Номын сэтгэгдэл:
"Энэхүү ер бусын, содон намтар хүн төрөлхтний хамгийн цэцэн цэлмэг, уужим ухаант, сэтгэл татам сэтгэгчдийн нэгийг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц болжээ… Бэйквэллийн ном философийн нарийн ярвигтай түүхийг хураангуйлсан хэр нь яг л найзтайгаа үдэш өрнүүлсэн яриа мэт хөнгөн уншигдах ажээ."
“Boston Globe” Катрин Шулц
5. Кудо Миёоко “Монголын сэрээсэн ардчиллын салхи”
(Орчуулагч Ч.Куланда)
Хэвлэлийн газар: Монсудар
Номын сэтгэгдэл:
Японы сэтгүүлч Кудо Миёокогийн Ардчилсан хувьсгалын үед бичсэн “Улаанбаатар зочид буудал” номын орчуулга. Уг номоос ардчилсан өөрчлөлтийн өмнөх Монгол орны ахуй амьдрал, хүмүүсийн хандлага, ертөнцөөс таслагдсан байдлыг сэтгүүлчийн нүдээр гярхай ажиглан бичсэнийг уншиж болно. Социалист нийгмийн үед бүх зүйл диваажин байсан, ардчилсан өөрчлөлт хэн нэгний түлхээс найруулгаар хийдсэн жүжиг мэтээр ярьж, түүнд нь итгэж суусан мөчрөө хөрөөдөж суудаг хүмүүс энэ номыг уншихад гэмгүй.
“Үндэстний тойм” сэтгүүлийн тоймч Я.Баяраа
Дурдууштай бүтээлүүд: Юваль Ной Харари “Homo Deus: Маргаашийн товч түүх” (Монсудар), Мортимер Адлер “Ном унших ном” (ЭМОС клуб), Остин Клеон “Санаа авахаас бүү ай” (Арвис)