Я.БАЯРАА: 2020 ОНООС ҮЛДЭХ НОМУУД| ЯРУУ НАЙРАГ
2021-01-29 Я.Баяраа 1483

Өнгөрч буй 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар уналтанд орсон ч оюун санааны амьдрал буцалсан жил байлаа. “Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа энэ онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна.

Үүнд үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулж, дарааллуулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ.

Монгол яруу найраг

1.       Дашзэвэгийн Цогбадрах. “Яруу найргийн төгсгөлд” түүвэр

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай сэтгэгдэл:

Монголын орчин үеийн шилдэг шүлэгчдийн нэг Д.Цогбадрахын ном дагнан реалист шүлгүүдээс бүтжээ. Боор бааз амьдрал дүр дүрслэл гололсондоо ч биш, хүчлэлгүй, зоргоор бичигдсэн нь илт анзаарагддаг түүний мөрүүд энэ удаа арай л зүдэргээтэй, бүдэргээтэй уншигдаад байгаадаа биш ерөөс яруу найрагч өөрөө илүү бодит зүйрлэлийг шүтэж, сэтгэлгээний нислэгтэй өмнөх номуудаасаа холдохыг тэмүүлж буй нь анзаарагдана.

 

2.       Эрдэнэбаатарын Бүжинлхам. “Сүнс урлал” түүвэр

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай сэтгэгдэл:

Шинэ түүвэртээ яруу найрагч хэт наминчлалын шинжтэй шүлгийн хэлбэрээсээ холдож, шүлгүүд нь өөр хоорондоо илүү тод заагтай, хэлбэршил нь он ондоо болсон нь олзуурхмаар хэрэг. Эмзэглэл, агшны мэдрэмжээр түлхэгдэн хэлбэрждэг байсан түүний шүлгүүд илүү совинлог, гүн гүнзгий болсон нь анзаарагдсан. Энэ бүх өөрчлөлт Э.Бүжинхламын оршихуй, уран бүтээлчийн хүчирхэг чанарыг эвдэж чадаагүй нь бүр баяралмаар хэрэг.

 

3.       Балдансодномын Энхжаргал. “Болзоо, цэцэг, хавар” түүвэр

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай сэтгэгдэл:

Яруу найрагч Б.Энхжаргалаас  тогтсон таалал, шүлэглэлийн ур нэхээд хэрэггүй. Даяанч, баясалгагч шинжтэй түүний шүлгүүд үл үзэгчдэгч хүний нүдээр амьдралыг ширтэнгээ сорьж сонжиж буй аятай мэдрэмж төрүүлнэ. Хэнтий нутаг, буриад зоны дундаас төрсөн яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлгүүд, Сэнгийн Эрдэнийн өгүүллэгт тод анзаарагддаг уран ярууг илэрхийллээс урьдаар ахуйн сэтгэл хөдөлгөм чанарыг эрж, бий болгодог чанар Б.Энхжаргалд хүчтэй нөлөөлжээ.

 

4.       Мягмарын Амархүү. “Хөн зөн” түүвэр

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай сэтгэгдэл:

Яруу найрагч М.Амархүү 30 гаруй жилийн замналын шилмэл шүлгүүдээ эмхэтгэсэн түүвэр. Түүний шүлгүүд задгай зүйрлэл, ёгт гаргалгаагаараа ялгардаг. “Хөх зөн” түүврийг холбож буй гол уур амьсгал нь сүүдэр. Үл анзаарагдам, үг дуугүй жирэлзэн өнгөрөгч сүүдэр үг хэлгүй ч үйлдэлтэй, хэлбэртэй болох тухайд тэр маш олон шүлэг бичжээ. Гүн гүнзгий бодрол бясалгал хайвал энэ түүвэр хэт хөнгөн бүр ухвар мөчид санагдаж ч мэднэ. Гэхдээ бард, абсурд илэрхийллээс таашаал авдаг бол савыг нь хоосон буцаахгүй:

 

5.       Магван-Эрдэнийн Саруулдалай. “Хүлээс” түүвэр

Хэвлэлийн газар: Хувь хүн

Номын тухай сэтгэгдэл:

М.Саруулдалайгийн шүлгүүд эгэл жирийн юм. Үүд хаалга онголзох, үг мэнд солилцохын завсарт нүдний үзүүрт, шүдний сийгээн дунд урсаад л өнгөрдөг агшин тохиолын тухай тэрээр ихэвчлэн шүлэглэнэ. “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” хэмэх өмнөх түүврийн шаналант өнгө аяс энэ түүвэрт нь анзаарагдахгүй ч, шүлэг урлалынх нь хэм хэмнэл арилшгүй шингэжээ.

Дурдууштай бүтээлүүд: М.Уянсүх “Орчлон дүүрэн цас бударч байна” түүвэр, Б.Жамбалдорж “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” түүвэр, Я.Баяраа “Бороонд норсон Чехов” түүвэр

Түр хүлээнэ үү...
Top