Өнгөрч буй 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар уналтанд орсон ч оюун санааны амьдрал буцалсан жил байлаа. “Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа энэ онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна.
Үүнд үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулж, дарааллуулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ.
Монгол хүүрнэл зохиол
1. Мулцангийн Уянсүх. “Үр нахиа (Дүрсээр наадагч шидэт толь)” роман
Хэвлэлийн газар: Хувь хүн
Номын тухай сэтгэгдэл:
Эл зохиолд М.Уянсүх өөрийн оюун санааны аглагт бий болгосон ХАВТГАЙ ДЭЛХИЙ дээр цаг хугацааны хүрдэт тойргоор аялахдаа зүүд зөн, ёр бэлгэ, гүн ухаан, үлгэр домог, төсөөлөл ба бодит байдал сүлжилдсэн, сэтгэлзүйн нарийн адармаатай дүрслэл бүхий далд ухамсрын бэлгэдлүүд гүнзгий туссан өвөрмөц нэгэн ертөнцийг бүтээжээ.
Номын редактор Г.Бямбажав
2. Хандхүүгийн Нямхишиг.
"Гашуун амт, амтлаг үнэр" тууж, өгүүллэгийн түүвэр
Хэвлэлийн газар: Хувь хүн
Номын тухай сэтгэгдэл:
Н.Нямхишиг бол амьдралын гүнд явдаг, тэндээсээ бичдэг зохиолч. Туркт байхдаа өөрийнхөө туулсан, мэдэрсэн зүйлсээ уран бүтээл болгосон. Хүний нутагт бусдын эрхэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдралын талаар бичсэн “Аксу гудамжны 27 тоот” өгүүллэг нь гайхалтай бүтээл. Хэрэв Монголын уран зохиолоос гадагш орчуулахыг хүсвэл хамгийн түрүүнд энэ өгүүллэгийг барьж авна.
“Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан
3. Гун-Аажавын Аурзана
“Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)” роман
Хэвлэлийн газар: “Гүн” паблишинг
Номын тухай сэтгэгдэл:
Өдгөө монголд хамгийн олон уншигчтай зохиолчийн нэг нь Г.Аюурзана. Түүний энэ онд хэвлүүлсэн “Өчигдөр уулзъя” роман нь өмнө гаргасан “Сахиуст хангайн нууц” зохиолын үргэлжлэл “Сүнсний томъёо” романых нь өмнөх үйл явдлыг хадгалсан бүтээл юм. Өнгөрсөн цаг хугацаанаас зуураад үлдэх дурсамж дотрох тэр нэг хүн, үйлийн үрийн хамгийн гүн гүнзгий бодол дунд хөврөх зүүд ч мэт ахуй, үрээд л дуусчихсан амьдрал дундаас нандин учралынхаа тухай санагалзах зэргийн тухай уншиж болно.
“МОНЦАМЭ” агентлагийнг тоймч Б.Алтанхуяг
4. Бямбаагийн Сарантуяа.
“Тогосын цөс” роман
Хэвлэлийн газар: Хувь хүн
Номын тухай сэтгэгдэл:
Монгол хэлний уламжлалт найруулгын шинж чанар романд ажиглагдаж байна. Зохиолын хэл нь давхар нийлмэл өгүүлбэрээр бүтээж, нэг санаагаа утгыг дахин давтан мэтгэн “Тогосын цөс” романы хэлний ид шид дүрээ тодотгон төгс учраас Монгол роман мэндэллээ. Зохиолч Б.Сарантуяа монголын хаад, хатдын тухай хэд хэдэн романдаа уншигчиддаа танигдсан мэргэжлийн зохиолч гэдгийг “Тогосын цөс” батлан харууллаа.
Зохиолч Да.Жамъян
5. Лувсандоржийн Өлзийтөгс.
“Хараацай зогсолт” роман
Хэвлэлийн газар: “Гүн” паблишинг
Номын тухай сэтгэгдэл:
“Сюрреализм бол дотоод чинадын реализм” гэж Өлзтйтөгс нэгэнтээ бичсэн нь бий. “Хараацай зогсолт” романд “Би реализм руу буцлаа” гэсэн үг бий. Реализм гэхээр амьдралын хуулбар гэж ойлгодог цаг үе ард хоцорчээ. Жинхэнэ уншигч мөр хоорондыг унших чадвартай болдог гэсэн үг бий. "Хараацай зогсолт" романд “эхлэл” хэсэг зургаан удаа бий. Аль нь жинхэнэ эхлэл юм бэ? гэж асуумаар.
Номын тоймч Хөх толбот Д.Төмөр-Очир
Дурдууштай бүтээлүүд: Д.Цэнджав “Бөмбөгөр ногоон” роман. Б.Шүүдэрцэцэг “Улаан могой” роман, С.Пүрэвсүрэн “Хавт Хасар” роман.