“ХАТУУ БОЛ УЯРАГ, ХӨЛДҮҮ БОЛ ГЭСЭГ...”
2018-06-04 Я.Баяраа 6326

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Цэндийн Доржготовтой хөөрөлдлөө.

Гэрэл зургийг С.Цацралт


 “ТОНШУУЛ”-ЫНХАН НҮГЭЛГҮЙ ОРЛОГООР АМЬДАРСАН...  

 -“ЦОГ” сэтгүүлийн хаврын дугаарт зохиол бүтээлээсээ дээжилж буйд тань юун түрүүнд талархал илэрхийлье.

-Бидний залууд “ЦОГ” сэтгүүлд өгүүлэл, шүлгээ гаргана гэдэг бол их том зүйл байлаа шүү дээ. Барагтай бол гаргаж өгөхгүй, нэлээд буурь суурь эзэлж байж бүтээлээ гаргуулдаг, нэр хүндтэй сэтгүүл байжээ. Зохиолчдын эвлэл одоо сэргээгээд гаргаж байгаа нь зүйн хэрэг. Гол нь уншигчдад хүрч байна уу, уншиж байна уу гэдэг л асуудал.

-Ц.Доржготов, “Тоншуул” сэтгүүл хоёрыг салгаж ойлгохын аргагүй. Шогчдын гал тогоонд анх орсон дурсамжаас тань яриагаа эхэлье.

-21 настайдаа би Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан “Тоншуул”-аас зарласан шог зургийн уралдаанд А.Гүрсэд, В.Одгийв нарыг ардаа орхиж, түрүүлсэн юм. Удалгүй намайг дээрээс мундагдан хэвлэх үйлдвэрээс “Тоншуул” руу томилсон доо. Гэтэл Хэвлэлийн үйлдвэрийн дарга Ахмед намайг өгөхгүй гэж гүрийгээд. “Үнэн” сонины нэгдүгээр орлогч бөгөөд “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч Г.Очирбат дарга Төв хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоол гаргуулж байж “Тоншуул” сэтгүүлд авч билээ. Хэвлэх үйлдвэрийн жирийн ажилчин байсан залуу хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг, Төрийн ордонд орж хоол иддэг мундаг хүн болж байгаа нь тэр л дээ. Ордонд орохоор үүдний харуул  нь ёсолж оруулна. Ёслоход нь “Саяхан л мал хариулж явсан хүн ингэж томрох ч гэж. Хашаатынхан л бүү харчихаасай” гэж их ичдэг сэн. Тэр ичих мэдрэмж надад хожим их тус болсон. Зургаар илэрхийлж боломгүй зүйлийг үгээр илэрхийлэх гээд үзэхээр болмоор шиг санагдаад болдоггүй. Ингээд монгол хэл найруулгаа сайжруулах гэж эсрэг, адил утгатай үгсийг шөнөжин хуулж бичих зэргээр хичээж, шамдаж эхэлсэн.

“Тоншуул”-д орсны дараа намайг ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийн хэвлэлийн зураачийн ангид 1964-1969 он хүртэл таван жил сургасан. Тэр таван жилд Оросын тэрслүү үзэлтэй залуу зохиолч, зураач нартай нөхөрлөж дээ. Ялангуяа “Крокодиль” сэтгүүлийн нөхөдтэй очсон үеэсээ эхлэн ойртож, нөхөрлөсөн. Тэдэнд зурсан зургаа өгнө. Хэвлэгдсэн шагналаар нь нөхдөө том ресторанд оруулж дайлна. Монголоос Горькийн Утга зохиолын дээд сургуульд зохиолч Доржийн Гармаа, яруу найрагч Долгорын Нямаа нар суралцаж байсан ч би нэг их нийлдэггүй, оросуудтай л нийлдэг байсан. Сэтгэл зүй, философийн хичээл дээр мэтгэлцээн явахад орос хэлээ сайжруулах гэж, халтар хултар хэлээрээ ана мана үздэг байлаа. Москвад сурч байхад орос оюутнууд намайг арай матчихгүй залуу гэж таниснаасаа хойш нууцаар цохисон ном өгч уншуулдаг болов. Анх тэгж уншсан ном минь Булгаковын "Нохойн зүрх". Хэзээ ч бичиж чадахгүй хэрнээ хэзээд бичихийг хүсдэг зүйлсээ тэр номоос уншиж, биширч, атаархаж билээ.

Би ер нь мэргэжлээ зөв сонгосон азтай хүн гэж өөрийгөө боддог юм. Өглөө босоод ажилдаа түргэхэн очиж хиймээр санагдана. Дуртай юмаа хийж байгаа юм чинь. “Тоншуул”-даа яараад л, орой хэд алхаад л ирэх газарт дулаан гэр, хүүхдүүд минь хүлээгээд л. Хар багадаа ханилсан ханьтайгаа, 70-аад оноос хойш иймэрхүү л янзтай амьдарч ирсэн байна.

 -Та өөрийн намтартаа “Тоншуул” сэтгүүлийг авьяаслаг 5 хүн сард 2 удаа гаргаж, захиалга нь 120 мянга хүрч, жилд МАХН-ын санхүүд 400-500 мянган төгрөг оруулж явсан учраас бид тав нүгэлгүй орлогоор амьдарчээ” хэмээн дурсчээ...

-“Тоншуул”-д очоод сайхан улстай нийлсэн. Дуртай мэргэжлийн маань мастерууд тэнд сууж байгаа юм чинь. Д.Пүрэвдорж, Ц.Гайтав, А. Гүрсэд байна. Хар залуугаараа нас барсан их сайхан авьяастай Б.Жамд байна. Даг.Жамъян байна. Ийм улсын дунд орохоор өөрт заяасан авьяас чинь дороо хөгжиж байгаа юм. Үнэндээ би тэр их боломжийг ашиглаж чадаагүй хүн. Одоо миний хүрсэн амжилт бол наана байгаа зүйл. Надаас авъьяастай хүн миний замаар “Тоншуул”-д орсон бол өдийд бүр ч чансаатай юм хийх байсан. Гэхдээ бас миний зориг зүрх дутсан ч явдал бий байх. Төв хороо, дотоод яаманд дуудагдахаас айна. Гэхдээ ер нь хүн чинь хүүхэдтэй болохоороо л хамгийн их айдастай болдог юм билээ.

Чиний хэлдэг үнэн. “Тоншуул” сэтгүүл 120 мянган хувь хэвлэгдсэн, нүгэлгүй их  орлого олсон гэж би бичсээн. 70-аад оны дундуур социалист нийгмийн суртал нэвтрүүлэг явахаа байгаад, хуурай, нөгөө нялуурсан магтаалд нийт масс чинь дургүй болчихсон. Шүүмжлэл ерөөсөө байхгүй болчихсон үед ард түмэн асуудалд арай шүүмжлэлт өнцгөөс ханддаг “Тоншуул” зөв юм хэлээд байна гэж ойлгосон хэрэг. Тэгээд л захиалцгаана. Үүнийг нь ч бид мэдэрдэг, тэр чиглэлд бодлогоо залахыг хичээдэг байлаа. Ингэж л 10 хэдэн мянга байсан захиалагчид маань 120 мянга хүрсэн дээ.

Төв хороо, Засгийн газрын хэвлэл нь “Үнэн” сонин байлаа. Ная гаруй хүнтэй нүсэр аппарат цалин, зардал ч их гарна, татаас авна. Тэгээд сониныг нь намын гишүүд албан даалгавараар захиална. Тэгсэн мөртлөө нөгөө 80-аад хүний чинь цалин зардал их болно шүү дээ. Гэтэл “Тоншуул” таван хүнтэй болохоор жилд 500, 600 мянган төгрөг илүү гарна. Тэрийг Төв хорооны санхүүгээс хусаад авчихна. Бид нарт юу ч өгөхгүй. Бид ч тэрийг нь тоодоггүй байж. Ингэж албадлагагүй сайн дураараа захиалдаг хүмүүсийн буянаар цалин авдаг байсан болохоор л би, “нүгэлгүй орлогоороо амьдарчээ” гэж бичсэн хэрэг.


 НАМАЙГ ХОХИРООГОО Ч ҮГҮЙ, ХЭЛМЭГДҮҮЛЭЭ Ч ҮГҮЙ... 

-Танай “Тоншуул”-ынхныг хэлмэгдсэн хүмүүс гэж ярьж бичдэг. Таны хэлж байгаагаас харахад оргүй үг биш л юм байна.

-Намайг хохироогоо ч үгүй, хэлмэгдүүлээ ч үгүй. Намайг нам засаг ингэж, тэгж хавчсан гэж би хэлэхгүй. Үзэл сурталын цөөхөн хэдэн дарга зүгээр ашиглая л гэж бодсон байхгүй юу. Гарын дүйтэй, юм зурдаг, хошигноод даапаалчихдаг юм гээд тэрийг нь л ашиглаж байсан. Хэрэв надтай өрсөлдөх өөр нэг тийм хүн байсан бол манийгаа дор нь нядлана шүү дээ.

Яахав тухайн үедээ сүрхий шүүмжилдэг хүмүүсийн нэг нь би учраас овоо их нэр хүнд олсон. Гэхдээ дээгүүрээ томчууд нь дургүй. Нэг удаа бүр намайг дуудаж аваачаад айхтар хатуу анхааруулсан. “Чи социалист нийгэмд дургүй, улс төрийн боловсрол нимгэн, ноён нуруугүй, чи юм уншихгүй байна, чи хөрөнгөтний үзэл суртлын нөлөөнд их амархан орох нөхөр байна. Чи энэ хэдэн малчдыг энэ хар машинтай хэдэн дарга нар шулж байна гэсэн үзэлтэй, чиний зурагнаас ч, зохиолоос ч тийм юм ханхалдаг. Чи мэдэхгүй гэж санаж байна уу. Бид мэдэж байгаа...” гэх мэтээр харин ч нэг авч өгсөн дөө. Гэхдээ намайг цааш нь хийчихэж чадаагүй юм. Азаар тэр үед “Тоншуул” сэтгүүлд нэг над шиг хүн хэрэгтэй байдаг. Гэтэл тэр үеийн залуучууд чинь шог зураг, шог зохиол руу ороогүй, надад өрсөлдөгч байхгүй байсан учраас би их ханхагар дархлаатай хүн явж. Тэгэхдээ нэг сонин юм нь гадаад явуулахгүй.

Онол нь буруу байж л дээ. Нам засаг ч хөөрхий минь буруу юм бодоогүй. Хүн болгоныг л ухаантай ухамсартай болгоно гэсэн онолоо барьсан хэрэг. Ухамсарлуулаатахвал хүн улсын юмыг өөрийн юм шиг жигтэйхэн их хайрлана гэж бодоцгоосон. Тэр нь ёстой бүтэхгүй.  "Тоншуул"-ынхан үүнийг нь далд утгаар шүүмжилж байсан. Үүнийг анзаарчихна. “Хүн нь буруутай болохоос биш нийгэм буруугүй юм шүү нөхөр минь. Нийгмийг шүүмжилж огт болохгүй, хүнийг л шүүмжил” гэлцэнэ. Хүн шүүмжил гэхээр нь бид өнөө малчид, ажилчдыг шүүмжилнэ. Хургаа үхүүлсэн хүнийг, муруй байшин барьсан хүнийг шүүмжлээд л явж байсан. Гэхдээ энэ бол миний хувьд хоёр дахь ажил байсан. Гол чухал ажил маань зохиол.

Би энэ хаалттай нийгэмшил бол удахгүй юм байна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ арай 1990 он гэж бодоогүй л дээ. 2000 он гараад нурах байх гэж бодож байсан. Ийм бодолтой хүн чинь уран бүтээлээ эргэцүүлж эхэлнэ биз дээ. Тэр үед элдэв юм саналгүй нэгдэл энэ тэрийн тухай зохиол бичсэн бол ёстой ангал руу орж үхэхгүй юу. Тийм зохиолч нар манайд зөндөө байсан хөөрхий минь. Ойлгохгүй тэгж явсан юм уу, ойлгосон мөртлөө аргагүйн эрхэнд тэгж явсан юм уу, бүү мэд. Би бол тэрийг эрхбиш мэдэж байсан. Жан.Шагдар гээд “Тоншуул” сэтгүүлд байсан манай Архангайн маш авьяастай яруу найрагч байлаа. Мань эр цуурахдаа бол алж өгнө. Цаасан дээр бичихээрээ л нөгөө намын үзэл суртлаа биччихдэг. Харин би бол тууштай явсан. Одоо намайг baabar.mn дээр нийтлэлээ бичихээр зарим улс, “Урьд социализмийн үед магтаж амьдарчихаад одоо мууллаа. Хятадын эрлийз, бөгс долоогч, мөнгөөр бичигч...” гэж ирээд л зүхдэг юм. Би дотроо ч, гаднаа ч социализмын магтаалч байгаагүй, тийм болохгүйг насаараа хичээсэн хүн л дээ уг нь.

-Та 1975 онд Олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдаанаас "Мөнгөн зараа” шагнал хүртэж байсан юм байна. Манай зохиолчдоос олон улсын томоохон шагнал хүртсэн хүн ховор. Энэ шагналынхаа талаар одоогийн уншигчдад яриач.

Зүүн гараас Болгарын шог зураач Карандаш, Египетийн зураач, Оросын яруу найрагч Кравченко, алдарт шог зураач Херлуп Бидструп, Монголын шог зураач Ц.Доржготов, Оросын шог зураач Долгоруков нар. 1970-аад он

 -Зөвлөлтөд сурсан, орос хэлээр давгүй ойлголцчихдог байсан болохоор би Орос, Польш зэрэг гадаадын уран бүтээлчидтэй их сайн харилцаа, холбоотой байлаа. Тэд маань намайг яаж ч цуурсан матахгүй. Уулзаад ганц нэг хундага юмны цаана сууж байхад бол бидний байдал их нийтлэг. Социалист нийгмийг үгүйсгэсэн, шүүмжилсэн өнгө аястай, тухайн үеийн хүнд сурталтнууд мэдвэл яавч зүгээр өнгөрөөхөөргүй юм ярьцгаана. Тийм уран бүтээлчид дунд би маш их нэр хүндтэй байсан. Ямар сайндаа Польшийн сонины хүн надад, “Чи хамаагүй ярьдаг шүү, энэ оросуудаас их болгоомжтой байгаарай” гэж анхааруулж байхав. Москвад гэтэл оросууд намайг яагаа ч үгүй. Үзэл суртал нэлээд суларсан үе таарсандаа тэр л дээ. Тэрнээс өмнө бол би балрахгүй юу.

Тэр үед барууны хөрөнгөтөн Итали, Канад зэрэг орнуудад хошин өгүүллэгийн фестиваль жил болгон болдог байсан. Ер нь бол 70, 80 оны үед шог зураг, шог өгүүллэг чинь дэлхий дахинд “моод болсон” юм. Европт болж байсан шог зураг, өгүүллэгийн уралдаануудын цаана Америк байдаг, тэр нь ч системийг нураахад хувь нэмэр болсон. Үүнийг сөргүүлж социалист орнууд ярьж байгаад Болгарт өөр нэг уралдаан зохиодог болсон. Бусдын гарт амиа алдсан Алеко Иваницов Константинов гэдэг Болгарын шог зохиолчийн нэрэмжит болж зохиогдоно.

Аав минь нас бараад удаагүй байхад би “Мөнхийн ус” гэдэг өгүүллэг бичсэн. “Тоншуул”-д тавих гэсэн чинь явдаггүй шүү. Цензур давсангүй. Тэгэхээр нь Болгарын уралдаанд явуулчихсан чинь хоёрдугаар байранд орчихож. Шагналаа авахаар явах гэсэн чинь намайг явуулахгүй гэлцэв. Төв хорооноос дургүй байсан юм байна лээ. Харин “Үнэн” сонины Ц.Намсрай эрхлэгч үүнийг мэдчихээд, “Юу гэж байгаа юм. Хүн уран бүтээлээрээ ийм амжилт олж байхад явах хэрэгтэй” гэж зүтгэж байж явуулсан юм.

Ингээд уралдаан зохион байгуулагчдын зардлаар намайг чинь Хар далайд амруулж, тэнд баахан зохиолч зураач нартай ресторандаж, тэдэндээ аймшиггүй цуурч байж  нэр хүнд олохгүй юу. Бүр, Монголд ийм зохиолч байдаг юм уу гэж ирээд л гайхацгаадаг байж билээ. Болгар тэр үедээ хавгүй чөлөөтэй баруунжчихсан орон байлаа. Монгол маань тухайн үедээ одоогийн Умард Солонгос шиг л бусдад ойлгогддог байлаа.


МИНИЙ УРАН БҮТЭЭЛИЙН 10 ХУВЬ НЬ Л ШОГ ЗОХИОЛ

-Таны оргил бүтээлүүдийн нэг бол яах аргагүй “Улаан орхимжны давалгаа” роман. Танай үеийн ихэнх томоохон зохиолчид энэ сэдвийг барьж авсан. Гэхдээ та арай л эрт бөрьж авсан юм шиг санагддаг?

-1980 онд Хархоринд  хоёр жилийн хугацаагаар уран бүтээлийн томилолт авсан.

Тэр үедээ Хархорин хавийн хэлмэгдсэн лам, гавьж нар, ард олонтой уулзаж роман бичих судалгаа хийснээр ажлаа эхлүүлсэн л дээ.

Би 1940 онд төрсөн хүн. Намайг төрөхөөс өмнөхөн 1937-1938 онд аймшигт хэлмэгдүүлэлт болж, тэрний төв цэгүүдийн нэг манай Эрдэнэзуугийн орчим болсон. Леонид Шинкарев сүрхий үнэн хэлсэн байна лээ. Дэлхий бөөрөнхий гэдгийг мэдэхгүй, яст мэлхий арслан дээр байгаа л гэж бодож байгаа,  дээр үеийн төвд хэлээр биччихсэн, орчин үеийн төвд хүн ч ойлгохгүй юм дуржигнуулж суугаа лам нарыг л хоморголон алдаг нь яаж байгаа юм бэ гээд уйлж байсан шүү тэр хүн.

1947-1948 оны үед овоо ухаан ороод гүйж явахад, уйлсан унжсан хөгшчүүл, авгай чавганц нар л их байдаг байлаа. Авгай хүүхнүүд ханиа хэрхэн алдсан, хаана аваачиж буудсан гээд зүрх шимширтэл ярьдаг, ер нь гол усаараа хагацалд живсэн үе байсан. Тэрхэн үедээ би юм ойлгоогүй. Гэвчиг энэ зовлон, гаслан надад Хашаатын малчдыг, ээж аавтайгаа хамт өмөөрөх айхтар үзэл суулгачихсан байгаа юм. Тэр нь намын үзэл сурталд ч, оросууд лекцлээд ч хувираагүй. Ийм хүн чинь нутаг усныхаа тэр үрэгдсэн улсууд, үлдсэн хүмүүсийн харуусал, нулимс, өширхлийг далд утгаар зохиолдоо шингээе гэсэн бодолтой явсан. Ил гарвал Р.Чойном шиг л болно шүү дээ. Р.Чойном бол улаан галзуу шүлэглээд баригдсан шүү дээ. Тэр юмнаасаа буцаагүй л хүн дээ.

Ах нь нэг л юманд баярлаж явдаг хүн. Юунд баярлаж явдаг вэ гэвэл би социалист нийгмийн үед ч, капиталист нийгмийн үед ч гэсэн уран бүтээлийнхээ шугамаас гажаагүй. Хар багаас аав, ээжийн минь олгосон хүмүүжлийн ач. Ганцхан авьяас л дутсан байх. Их авьяастай байсан бол өдийд бүр цойлсон л байгаа.

-Та шог зохиолч гэсэн имижтэй атлаа, зохиолуудыг тань уншихаар хатуу чанд реалист, яргасан анзаарагддаг. Ялангуяа “Улаан орхимжны давалгаа” романд хэлмэгдүүлэлтээс гадна монгол хүний мораль хэрхэн хувирч байгааг харуулсан гэж боддог юм. Хошин шогийн нэг гишгэх цэг нь хүний мораль ч юм шиг?

-Шог мэдрэмж гэж нэг юм хүнд төрөлхөөсөө байдаг байх аа. Мэдрэмжгүй хүн бас байдаг юм. Хошигнол гэдэг хүн тэнэгээ олж харах, тэнэгээ эмчлэхэд л голчлон зориулагддаг эд.  Бидний залууд Ш.Гаадамба, Ч.Лодойдамба хоёр Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс"-ыг нэг нь шог зохиол гээд, нөгөө нь эмгэнэлт зохиол гээд олон сонин дамнасан маргаан өрнөж билээ. Тэндээс их зүйл тодордог юм.Тэр лам чинь эмгэнэлт дүр юм уу, инээдмийн дүр юм уу гэж маргаад сүүлдээ эмгэнэлт инээдмийнх гэж зөвшөөрцгөөсөн юм. Би А.Чеховын зохиолд их дуртай. Чеховын сүүлийн зохиолууд нь их төлөв эмгэнэлт хошигнол байдаг юм. Ер нь тэгээд комеди, трагеди хоёр хоорондоо их сүлэлдэнэ л дээ. Арсайтал инээж байгаа зүйлийн цаана аймшигтай эмгэнэл байдаг. Тэр эмгэнэлийг ямар аргаар илэрхийлэх вэ гэдэг асуудал. Би бол инээд дунд нь тэрийг нь ойлгуулдаг. Доголон нулимстай инээд гэдэг шүү дээ.

Өндөр нас наслаад, нэлээд юм хийчихээд эргээд харахад би бол тийм ч хошин шогч хүн биш юм билээ. Ер нь зохиолч найзуудтайгаа уулзаад явж байхад Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Ж.Лхагва гээд байна. Цаанаасаа нэг хоржоонтой, шооч улс олон бий. Уран бүтээлээ эргээд харахад ч 10 хувь нь шог хошин зохиол байна. Европын зохиолчид  намайг, “Чи одоо зохионо, бас зурна аа” энэ тэр гэж дооглодог л байлаа. Тэгэхээр нь би нэг л хариу хэлнэ. “Би зохиолчдын дунд бол зураач, зураачдын дунд бол зохиолч юм” гэж.

Энэ хүн гэдэг амьтан чинь ер нь хүний л тухай бичвэл хоцрогдохгүй юм байна. Өнөөдөр Эрдэнэтийн 51 хувь, 49 хувь гээд л ярьцгааж байна. Таван жилийн дараа юу ч биш болно. Хүний мораль бичнэ гэдэг чинь мөнхийн сэдэв. Хэлмэгдлийн бужигнаанд орсон баатрууд чинь яаж амиа аврахаа, яаж оргох вэ гэдгээ л бодно оо доо. Үүн дээр хүний моралийн асуудал алхам тутамд хөндөгдөж, үйлдлийн суурь болно. Сайхан сайхан монгол үгүүд байдаг даа. Ядрахын цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Бас ухаангүй согтох үхэх хоёрын агшинд хүн танигддаг гэдэг.

Реализм, модернизм хоёрыг сөргөлдүүлж болохгүй. Реалист зохиолч нь реализмаа бичиж чадаж уу? Модернист зохиолч нь модернизмоо бичиж чадаж уу гэдэг л байгаа. Чадах нь ганцхан авьяас. Реалист зохиол бичих авьяастай бол реализмаа, модернист зохиол бичих авьяастай бол түүнийгээ л бичнэ. Сүлэлдүүлж чадах нь сүлэлдүүлж л орхино. 

-Таныг мал хувьчлалын дараа Архангайд хэсэг амьдарч ирээд өгүүллэгүүд тань их “өөр” болсон гэж хүмүүс ярих юм?

-1990 он, Ардчилсан хувьсгалын дараа амьдрал их баргар байлаа. Хүн хүн л янз бүрийн юмаар оролдсон байх. Наймаа хийж байсан зохиолч бий. УИХ-д дэвшиж, ялж, ялагдсан нь ч бий. Миний хувьд Эрдэнэзуу, Хашаат хавьдаа л очъё гэж бодсон. Миний натур бол тэр Эрдэнэзуу хавийнхан байхгүй юу. Тэндээ очъё гэж бодсон.

Тэр үедээ би чинь Зохиолчдын хороонд Дэндэвийн Пүрэвдоржийн дараа ордог “Монголын уран зохиол” хэвлэлийн газрын Ерөнхий редактор, хэрдээ том цалинтай, авгай маань 16 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч. Тов хийсэн амьдралтай байлаа. Хувьсгалын дараа Улаанбаатар нэг хэсэг гутамшигтай байсан шүү дээ. Хүний сэтгэл зүй тийм хачин болчихог юм билээ. Архидалт асар их газар авсан. Тэгээд би цалин мөнгөө хаяад, Д.Пүрэвдоржийгоо уурлуулаад нутаг зорилоо. Д.Пүрэвдорж надад одон өгөх гэж байсан юм гэж байж билээ. Авч үлдэх гэж аргаа барж байгаа нь тэр. Надад одонгийн хэрэг байхгүй л дээ. Харин төрийн шагнал, гавьяат хоёр шагнал л бий. Ингээд удалгүй Д.Пүрэвдорж ч авгайгаа дагаад Бээжин явлаа. Би ч Хашаатад хонио хариулахаар явлаа.

Чөлөөт нийгэм тогтсон, дураараа бичиж болно гэсэн бодолтой хүн Хашаатдаа очсон. Тэнд бичсэн юмаараа “Хашаатын өгүүллэгүүд” номоо хэвлүүлсэн. Ямартай гэсэн би Монголын уран зохиолын сан хөмрөгт өөрийн нутгаа үлдээхийг зорьсон юм. Яг л Хашаатынхан л үнэртэж, харагдахаасай гэж бичсэн. Тэр ард түмний амьдралаар гадныхан ирээд биднээс өрсөөд уран бүтээл хийчихэж магадгүй шүү.

-Та социализмыг шүүмжилдгээрээ зартай хүн. Тэгвэл одоогийн энэ нийгмийн тогтолцоо таны хүсч байсан ардчилсан хүмүүнлэг нийгмийн тогтолцоо мөн үү?

-Ардчилсан үзэл баримтлал чөлөөт зах зээл гэдэг юм уг нь нэг тусдаа онол юм. Энэ онол бол ерөөсөө буруугүй. Дэлхийн хүн төрөлхтөн хөгжих хамгийн гайгүй нь баримтлал нь гээд байгаа шүү дээ. Харин үүнийг хийж байгаа, хэрэгжүүлж байгаа хүнд их учир байна. Юун ардчилал, хаана байна шулуун шудрага хүнлэг иргэний нийгэм? Сайн анзаарах юм бол энэ монголчууд бидний журамгүй, залхаг чанартай л холбоотой. 1960-аад онд хойно сурч байхад 1,2 курст эхний хэдэн хоног зургуулаа нэг өрөөнд орно. Олон улсын оюутнууд дунд манай монголчууд барьснаа байранд тавихгүйгээс эхлээд аж төрөхийн наад захын өчнөөн асуудал гаргана. Европчууд тийм юманд дургүй. Тэрийг ч, энийг ч ээж чинь зааж өгөөгүй юм уу гэж ирээд хулмалзуулдаг болохоор би хэрэндээ л биеэ барьж, боловсон ёсонд сурч байлаа. Өөрийнхөө тасалгаанаас ялгалгүй хотын гудамжинд шүлс, цэрээ хаячихаад л явна. Энэ энгийн хандлагаас улсын өнгө зүс, хөгжил шалтгаална л даа. Монгол хүний  энэ залхуу залхаг чанарыг “Тоншуул”-д байхдаа ил тод шүүмжилсэн, нэмэр болоогүй. Хүний мууг арилгаж болдоггүй юм билээ. Ялангуяа хэвлэл, зохиолоор. Би бардам хэлнэ. “Тоншуул” сэтгүүл нэг ч юм засаагүй. Би өөрийгөө ч засч, сургаж чадалгүй өдий 80 хүрчихээд байхад. Гэхдээ хошин шог заавал байх ёстой. Байхгүй бол бүр замаа алдана. Ер нь хүн төрөлхтөн тэнэгрэлийг багасгах гээд л хошигноод байдаг юм шүү дээ. Хүн шоолоод ирэхээр жоохон хазаараа татна биз дээ.

1990 оноос хойш 3 сая монголын оронд 3 сая япон авч ирээд ажилласан бол манай улс өдийд ямар байгаа бол гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Бид япончуудаас оюун ухааны чадвар, тэнхээгээр дутаагүй. Гэр орны залхагууд чинь гудамжаа гарч бузарлаад, өөртэйгөө ижилхэн бас нэг залхагийг төрд сонгоод, төрд сонгогдсон залхагууд бөөн луйвар хийгээд, энэ жижигхэн зөрчлүүд бөөгнөрсөөр хөгжлийг хаасан далан үүсчихээд байна шүү дээ. Энийгээ манайхан “нам дамнасан олигархи” энэ тэр гээд л айхтар тодорхойлох юм. Зарим хүн надаас ам асуудаг л юм. Чиний нөгөө магтаад байсан ардчилал чинь аль вэ гэж. Би ардчиллыг одоо ч магтана. Жишээлбэл Женко Х.Баттулгыг би ардчилал зах зээл гэж үзэхгүй. Энэ хүний үйлдсэн үйл, шүүмжлүүлж байгаа юмыг нь бид бүгд дуулаад л байгаа шүү дээ. “Баянгол”-ыг шалгаад баахан юм битүүмжилсэн. Гэтэл Ерөнхийлөгч болчихдог. Н.Алтанхуягийг шалгаад л байсан. Н.Алтанхуяг, “Намайг шудрага болохоор Ерөнхийлөгч болчихвол олигархиуд аюултай гэж айцгаажбайна” гэсэн нь аль вэ? Бага ангийн сурагчид хэзээ ч ангийн даргаараа хүүхэд зоддог, юм хулгайлдаг хүүхэд сонгохгүй дээ.

Хатуу бол уяраг, хөлдүү бол гэсэг гэсэндээ...

 

-Тэгэхээр ер нь уран бүтээлч хүн цаг үеэ мэдрэх, уншигчдынхаа сэтгэл зүйг мэдрэх нь чухал юм уу, эсхүл өөрийнхөө сэтгэл зүйгээр, мэдрэмж үзэл бодлоороо бичих нь чухал юм уу?

-Чи миний санааг арай наагуур ойлго. Би дутуу хэлсэн байж болно. Цаг үе, уншигчдаа танина гэдэг чинь тэдэнд тааруулахын нэр биш. Би л гэхэд өөрийн эрхгүй нийтлэл рүү орчихсон. Би нийтлэлийг боддог юм. Зүгээр нэг хуурай бичлэгээр биш нэг тийм уран бичих хэрэгтэй гэж. Баабарын ахалдаг нийтлэлчдийн клубын хүүхдүүдэд ч ингэж захидаг. Манай нэг охин Голландад амьдардаг. Тэндхийнхэн бол нийтлэлд их дуртай юм билээ. Өгүүллэг гэхээсээ илүү нийтлэл их гоё бичдэг юм билээ. Жинхэнэ афоризм гэж тэнд л байна.

Би энэ монголчуудын харанхуйг л гэрэлтүүлэх гэсэндээ нийтлэл бичээд байгаа юм. Харанхуй байна. Айхтар харанхуй байна. Нийтлэлийг маань хэчнээн хүн унших нь хамаагүй, би өөрийнхөө үзэл, үндэстнийхээ төлөөх зовинолыг л бичнэ. Хатуу бол уяраг, хөлдүү бол гэсэг гэж найдсандаа бичиж байгаа юм.

Шудрага нь шударга бусыгаа дийлээсэй гэж би залбирдаг. Шудрага бус нь дийлэхэд шаналдаг. Энэ шаналал миний уран бүтээлийн уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол төлөв гарц хайсан шүүмжлэлт зохиол бичсэн байна. Би хар багаасаа ямар нэгэн юм руу тэмүүлээд байгаа юм шиг амьдарсан хүн. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэж эдүгээ тунгаахад шудрага нь шудрага бусыг дийлдэг нийгмийг энэ яваа насандаа нүдээр үзэх гэж тэмүүлсэн байна.

А.Гүрсэд гуай надад нэгэнтээ ярьж байсан. Тангадын хараалын тухай. Э.Бат-Үүл саяхан ярилцлагадаа эшэлсэн байна лээ. “Бүү мэд. Мэдсэн хүний үгийг бүү сонс” гэдэг хараал. Өнгөрсөн 70 жил үзэл суртлын хувьд лекцдүүлсэн энэ коммунист онол байна. Хүн төрөлхтөнд хэрэггүй нь амьдрал дээр батлагдчихсан эд. Гэтэл үүнд бүр нэвтэрчихсэн монгол олон байна. Настайчуул байсан одоо тэд залуучууд олон болж. Энэ бол миний онилсон сэдэв. Миний зохиолч мохиолч бол хамаагүй. Сайхан юм бичдэг улс бол байж л байна. Сайхан дуу дуулаад, сайхан шүлэг уншаад жаргаагаад уяраагаад амьдрал баян юм чинь тэгээд л явж байг. Би бол ингээд л явна. Тийм учраас би өөрөө ухуулагч болчихсон юм шиг санагдаад. Уншигч угаасаа цөөрч байгаа. Одоо яахав, миний номыг 10 хүн л уншина биз дээ. Дээр үед 10 гэрийн ухуулагч гэж байлаа. Тэгэхээр 10 хүний л ухуулагч хийж суух шив дээ.

-Таныг зөвхөн нийтлэл бичиж байна гэвэл хүн итгэхгүй биз дээ. Сүүлийн үед ямар уран зохиолын бүтээл дээр сууж байна?

-Саяхан“Улаан орхимжны давалгаа”-г хүмүүс эрж сураад байна гэхээр нь ахин хэвлүүлсэн. Ингэхдээ зохиолдоо өөрчлөлт оруулалгүй нэг бүлэг нэмлээ. Роман 1940 хэдэн он хүрээд дууссан. Нэмсэн бүлэгтээ би 1940-1990 хүртэлх одоо өөрийнхөө өсөж торнисон социалист нийгмийн тухай 20 гаруй хэсгийг багтаасан байгаа. Бас өөрөө бүх өгүүллээсээ шүүж, нэг боть гаргалаа. Одоо миний уран бүтээлтэй танилцъя гэвэл энийг уншихад л болно. За тэгээд нийтлэл гэж яриад байгаа чинь энэ байна. “Зуун дамнасан төөрөгдөл”, “Үл үзэгдэгч харгуй” гэсэн хоёр талаасаа нийлсэн ийм ном бичсэн юм.

Гэхдээ уучилж үзээрэй дүү нар минь. Би гэдэг хүн хөгшрөөд их чалчаа, нуршуу болоод байгаа. Залуудаа ярилцлага өгөх юмсан гэж мөрөөддөг байлаа. Гэтэл өтөлсөн хойно надаас яриа авах нь олширчих юм. Миний нийтлэл дор намайг ихэвчлэн “Зөнөг”гэж доромжилдог юм. Би түүнд ингэж хариулах дуртай. “Зөнөг бол насных тэнэг бол төрөлхийнх”.

Ер нь зөнөсөн өвгөн шал балай юм бичээд унах вий гэх болгоомжлол үргэлж намайг дагадаг. “Тоншуул”-д ажиллаж байсан болохоор утгагүй юм биччихээд гаргуулах гээд зүтгээд байдаг өвгөчүүлийн зовлонг нэг муу юм гадарлана. Аав, ээжийн буянаар миний толгой ямартай ч эвдрээгүй гайгүй ажиллаад байгааг мэддэг  болохоор би бичиж байгаа.

Ярилцсан: Я.Баяраа, Ө.Үлэмжтөгс

Монголын Зохиолчдын Эвлэлийн “ЦОГ” сэтгүүл, 2018 №1 (327)

Түр хүлээнэ үү...
Top