Монгол киноны 82 жилийн түүх яг л кино зохиолын адил эхлэл, өрнөл, хямрал, эргэлтийн цэгтэй юм. Энэ түүхийн эргэлтийн цэгүүд нь Монгол орны нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой байлаа.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд онд Монголын кино урлаг техник хангамжийн хувьд ч, зохиолын хувьд ч уналтад орсон. Гэхдээ энэ уналт нь мухардал биш байв. Шилжилтийн үе дуусч, Монголын эдийн засаг сэргэж эхэлсэн 2005 оноос кино урлаг ч сэргэсэн. Монголын кино уран бүтээлчид төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр студийн тогтолцоог бий болгож, кино үйлдвэрлэлийн үйл явц, хөдөлмөрийн төрөлжилтийг дэлхийн жишиг, хэв маягт нийцүүлэхийн тулд эрэл хайгуул хийсээр байна.
“Урлагтай яриа”-ны энэхүү нийтлэлд орчин цагийн Монголын кино зохиолын сэдэв, өгүүлэмжийн хувьд хэрхэн төрөлжин хөгжиж буй талаар болон кино зохиолууд хэлбэр, боловсруулалтын хувьд хэрхэн хөгжиж буйг тодруулах юм. Ингэхдээ бид Монголд зонхилон хөгжиж буй инээдэм, адал явдалт, гэмт хэргийн, уянгын, сэтгэлзүйн, түүхэн төрлийн кино зохиолуудаас сонгож, үнэлж дүгнэхийг хичээлээ. Чингэхдээ нэн тэргүүнд доорх хоёр шалгууруудыг тавьж үзэх нь зүйтэй болов уу гэж үзэв. Үүнд:
-Тухайн кино зохиол бичлэгийн суурь формат, хэлбэрийг хэр хангаж буйг авч үзэх.
-Зохиолын харилцан яриа болон агуулгын хөгжүүлэлтийг үнэлэх.
ФОРМАТЫН ТУХАЙ ЯРИА
Кино зохиолын бичлэгийн хэлбэр, формат өдгөө дэлхийн дахинд нэгэнт хэлбэршин тогтсон билээ. Аристотель “Туурвилзүй”-дээ хөндөн тавьсан зохиолын эхлэл, өрнөл, төгсгөлийн тухай сонгодог сургаальд суурилсан Сид Филдийн парадигм өдгөө зөвхөн Холливүүд төдийгүй дэлхий дахины кино зохиолын бичлэгийн үндсэн хэлбэр болон төлөвшиж тогтжээ. Кино зохиолын гүрү Сид Филд “Кино зохиолын үндэс”(1979) номондоо кино зохиол бичих явцыг шатрын хөлөгтэй адилтгасан нь бий. Түүний санааг энгийнээр тайлбарлавал, шатар ямар ч материалаар, ямар ч хэлбэр дүрстэй хийгдэж болно. Гэхдээ хамгийн гол нь даам шиг хоорондоо ив ижилхэн байж болохгүй. Басхүү тоглогчид тохиролцсоны үндсэн дээр зарим зарчмыг өөрчилж болох ч шатрын хөлгийг бүхэлд нь өөрчилж болохгүй. Үүний адил кино зохиол бичих явцад зарим зүйлийг өөрчилж болох ч хэлбэрээ бүхэлд нь өөрчилвөл кино зохиол биш болно гэсэн үг юм.
Сид Филдийн парагдигм ёсоор кино зохиолыг гурван бүлэгтэй байх бөгөөд эхлэл болон тайлал хэсэгт тус бүр зохиолын 30 хувь, үндсэн хямрал хэсэгт зохиолын 60 хувь бичигдэх нь зохистой гэж үзсэн. Сид Филдийн парагдигмын дагуу эхлэл хэсгийн төгсгөлд зохиолын анхны хямралын цэг, үндсэн хямралт хэсгийн төсгөлд удаахь хямралын цэг нь тохиолдох ёстой. Түүнчлэн үндсэн хямралыг хэсэг нь дотроо хоёр дэд хямралын хэсгийг агуулна. Харин тайлал хэсэгт зохиолын эргэлтийн цэг тохионо хэмээн нарийн зааж өгсөн. Энэхүү парадигм Холливүүдийн арилжааны киноны зохиолын гол бүтэц бөгөөд өдгөө дэлхий даяар тархаж, кино зохиолын хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц, номлол болоод байна.
Сид Филдийн парадигмтай төстэй ч өгүүлэмжийн хөгжүүлэлтэд илүү анхаарсан бас нэгэн бүтцийг Кристофер Воглер “Зохиолчийн аялал” номондоо гарган тавьсан. Уг номынхоо“Дадлагын хөтөч” хэмээх бүлэгт Кристофер Воглер алдарт домог зүйч Жозеп Кэмпбелийн “Баатрын аялал” хэмээх санааг хөгжүүлэн, кино зохиолын бүтэц, зүй тогтлын ерөнхий зураглалыг гаргаж тавьсан. Тэрээр “Бүх зохиолын баатруудад тохиолдох үйл явдал нь үнэн хэрэгтээ аялал байдаг” гэж үзээд, баатрын аяллын 12 шатыг кино зохиолын гурван бүлэгт бүтэцтэй уялдуулан тодорхойлсон нь сонирхолтой.
ХАРИЛЦАН ЯРИА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХУВЬД
Жүжиг, киноны зохиолын хамгийн чухал бүрэлдүүлбэр бол харилцан яриа билээ. Харилцан яриаг хэрхэн хөгжүүлснээс тухайн зохиолчийн ур чадвар харагдах ба зохиолын ирээдүй ч ихээхэн шалтгаалдаг. Үүнээс улбаалаад зохиолын агуулгыг хэрхэн хөгжүүлсэн нь харагдана. Үүгээр бид тухайн зохиол өөрийн төрөл, жанраа хэрхэн барьсан, зохиол хэрхэн бүрэн төгс бүтээл болсон эсэхийг үнэлэх боломжтой.
Энэ хүрээнд доорх кинонуудыг жишээлэн авч үзэхээр шийдлээ:
Инээдмийн кино:
Бурхан өршөөг (2012)
Адал явдал, гэмт хэрэг:
Үргээлэг 2 (2016)
Сэтгэлзүйн:
Улаан дөрвөлжин (2013)
Уянгын:
Шүүдэр дундуур (2016)
Түүхэн:
Үхэж үл болно-Чингис хаан (2008)
Босуул (2015)
Артхаус:
Алсын удирдлага (2013)
Энэхүү долоон бүтээлийг Монголын орчин үеийн кино урлагийн өнгө төрхийг бүрэн төлөөлж чадахуйц бүтээл хэмээн үзэхэд маргах хүн ховор биз ээ. Хамгийн гол нь эдгээр киноны зохиолоос Монголын орчин цагийн кино зохиолын төлөвшлийг олон талт өнцгөөс олж харах боломжтой юм.
Энэ нийтлэлд Холливүүдийн форматыг гол шалгуур болгож тавьж буй нь зарим хүнд өрөөсгөл санагдаж болох. Гэхдээ бид хүний нийгэм нэгэн үеэрээ бүрэлдэн буй болгосон туршлага, бүдэг ч болов зүй тогтлыг дагахгүйгээр хүнд тоогдохоор юм хийж сурах нь юу л бол. Уг нь манайд киноны формат маш сайн хөгжиж байсныг найруулагч Д.Жигжидийн бүтээл “Өглөө” кинонд зохиолч Л.Ванган Ч.Чимэд нарын хийсэн шийдлүүд Сид Филдийн парадигмтай яг мөргөж буй талаар найруулагч, кино зохиолч Д.Төрмөнх ажиглан шүүмж бичсэн нь бий. Кино зохиолын тухай сонгодог парадигм боловсорч асан тэр үед манай зохиолчид ч мөн урлагийн энэ зүй тогтлыг анзаарч мэдээд зохиолоо бичиж байсан нь үнэн юм.
ИНЭЭДМИЙН КИНО
Инээдмийн төрлийн кинонууд өнөөдрийн Монголын кино зах зээлийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Энэ нь ийм төрлийн кино хийхэд зардал бага гардаг, үзэгчид сонгох магадлал өндөр зэрэг олон шалтгаантай. Монголд хэдийгээр ийнхүү инээдмийн киноны үйлдвэрлэл хүчтэй байгаа ч тэдгээрийн чанар, ялангуяа зохиолын боловсруулалт ихээхэн дутуу, дулимаг байгааг судлаачид болон уран бүтээлчид хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд идэвхтэй эрэл хайгуул хийж буй. Хямдхан хошин түүхүүдийг эвлүүлэх маягтай, хошин телезохиомжийн зохиол сүүлийн арав гаруй жил бичигдсэний эцэст энэ төрөлд өрсөлдөөн, ялгарал бий болж эхлээд байна. Энэ удаа бид энэ эрэл хайгуулын гол үр дүн болсон нэгэн инээдмийн киног онцолж байна.
Бурхан өршөөг (2012)
Зохиолыг бичиж найруулсан З.Батболд
“Big Line Film” студи
Зохиолын хэлбэршил:
Зохиолын хэлбэршлийн хувьд кино зохиолын сонгодог форматын дагуу бичихийг хичээсэн. Зохиолын хямралын цэгүүдэд гол баатар Цэлмэгт учрах шалгуурууд бараан инээдэм, ёжлолыг үзэгчдэд төрүүлэхээр тооцоолсон байна. Ингэхийн тулд зохиолын эргэлтийн цэг нь адал явдлын маягтай болж, улмаар төгсгөл хэсэгт киноны эхлэлтэй шууд холбогдох гол баатрын монологи, өгүүлэмжийг оруулж өгчээ.
Харилцан яриа ба агуулга хөгжүүлсэн байдал:
Зохиолын үндсэн өгүүлэмж гол баатрын монологи хэлбэрээр бичигдсэн. Гэхдээ дүрүүдийн ялгарлыг харилцан яриагаар гаргаж өгөхийг хичээсэн нь амжилттай болжээ. Ялангуяа гол дүрийн нунж дорой байдал харилцан яриагаар нь улам тодорч буй юм. Мөн шатлан захирагдах зарчмаар өгсөх тусам дүрүүдийн хэл ярианы ялгарал тун тодорхой байна. Зохиолын чухал дүрүүдийн нэг сайд Сундуйгийн ярианы эмх цэгцтэй баялаг чанар, киноны эргэлтийн цэгийн өмнөхөн хэлж буй үгс киноны бараан инээдмийн өнгө аясыг тодруулж, үзэгчдийг тааварлаагүй байдалд аваачдаг:
СУНДУЙ
Тийм ээ. Чи найтаасан. Гэхдээ тэр үед би юу гэж хэлснийг чи санаж байна уу? “Бурхан өршөө” гэж хэлсэн. “Бурхан өршөө” гэж. Хүн найтаахад энгийн зүгээр л хэлдэг үгийг чи сонсоогүй болохоор өнөөдөр арчаагүй царайлаад энд зогсож байна. Ямар харамсмаар юм бэ? Бид чинь ямар өрөвдмөөр залуу үетэй болчихоо вэ? (…)
Чи өөрөөсөө уучлалт гуй. Чам шиг хүмүүс над руу нулимсандаа биш ард түмэн рүүгээ, эх орон руугаа, өөрөө өөрийнхөө эрх чөлөөт амьдрал руу нулимсандаа өөрөөсөө уучлалт гуй”
“Бурхан өршөөг” киноны зохиолыг А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” өгүүллэгээс сэдэвлэн бичсэн. “Түшмэлийн үхэл” өгүүллэгт Чеховын хөндсөн хошин өгүүлэмжээр орчин үеийн Монголын нийгмийн бэртэгчлэлийг үзүүлэхдээ, эмгэнэлт өнгө аяс, адал явдлаар сүлсэн нь зохиолчийн амжилттай шийдэл байв. Зохиолын төгсгөл хэсэгт оруулсан шүүмжлэлт санаа, гашуун элэглэлүүд нь нийгмийн бодит байдалтай хэтэрхий ойртсон учраас уг киног улс төрийн намын гомдлоор кино театрт гаргахыг хориглож байв.
“Бурхан өршөөг” киноны харилцан ярианд нэг л том сул тал бий. Тэр нь гол дүрүүд, ялангуяа Сундуй сайдын яриа төгсгөл хэсэгтээ киноны үйл явдлыг хэтэрхий тайлбарлаж, нуршсан маягтай болж ирдэг.
АДАЛ ЯВДАЛ, ГЭМТ ХЭРЭГ
Энэ чиглэлийн кинонууд Монголын зах зээл дээр инээдмийн киноны дараа орох байр суурьтай. Адал явдалт киног бүтээгчид кино зохиолын сонгодог стандартын дагуу бичихгүй бол амжилтад хүрэхгүй нь ойлгомжтой. Чухам ийм учраас нэлээд ажиллагаа шаардсан кино зохиолууд энэ хэлбэрээр бичигдэж, хамгийн ашиг орлоготой кино төсөл болон хэрэгжиж байна.
Үргээлэг 2 (2016)
Найруулагч: Г.Эрдэнэбилэг
Зохиолч: Т.Бум-Эрдэнэ
Prime Pictures
Зохиолын хэлбэршил:
Холливүүд стандартаар хэлбэршүүлсэн, бүрэн хэмжээний зохиол.
Харилцан яриа ба агуулга хөгжүүлсэн байдал:
“Үргээлэг” бол орчин үеийн Монголын кино урлагт хамгийн өндөр амжилтад хүрсэн адал явдалт кино төслүүдийн нэг. Уг кино нь харилцан яриа багатай, түргэн ритмтэй тулаант сценүүдээрээ үзэгчдийн сонирхлыг татдаг. “Үргээлэг” киноны өмнөх ангид байгаль, монгол ахуйн билэгдэл зураглал зориуд оруулж, киноны хэмнэлийг удаашруулж байсан бол энэ удаа тийм оруулга ашигласангүй.
Киноны зохиолч Т.Бум-Эрдэнэ хүүрнэл зохиолын туршлагатай зохиолч учраас дүрүүдийн ялгааг ярианы онцлогоор чадамгай тодруулжээ.
Кино ерөнхий хэл хэллэг бичгийн болон аман ярианы дундаж өнгө аястай байгаа нь зохиолч Т.Бум-Эрдэнийн Монголын кино зохиолд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож болно.
Адал явдалт чиглэлд найруулагч Б.Баатарын “Татаар ажиллагаа” киног мөн дурдах хэрэгтэй. Р.Мөнхсайханы зохиол уг кинонд адал явдалт киноны формат гээч зүйлийг жинхэнэ утгаар нь ашиглаж чаджээ. Хэрэв дүрмээрээ тоглож чадвал ямар ч хямдхан эргэлт хүнийг гайхашруулж болохыг, чингэхийн тулд наана хямралын цэгүүдийг хэрхэн тавьж өгөх хэрэгтэйг энэ киноноос харж болно.
СЭТГЭЛЗҮЙН ДРАМ
Сэтгэлзүй, триллер чиглэлээр Монголд тун цөөн кино хийгддэг. Энэ нь Монголын студиуд хангалтай хүчирхэгжиж, чадваржаагүй байгаатай холбоотой. Адал явдалт болон инээдмийн киноны зохиол дээр харьцангуй бага хугацаанд ажиллаж, ашиг олох боломжтой учраас уран бүтээлчдийн анхаарал одоохондоо тийш хандаж байна. Сүүлийн үед энэ чиглэлээр бүтээгдсэн киноноос хамгийн далайцтай зохиолтой нь “Улаан дөрвөлжин” кино юм.
Улаан дөрвөлжин(2013)
Ерөнхий найруулагч Б.Ганболд.
Кино зохиол Д.Золзаяа, Л.Таванбаяр.
“Хамба филм” студи.
Зохиолын хэлбэршил:
Зохиолч Д.Золзаяа, Л.Таванбаяр нарын “Улаан дөрвөлжин” зохиол киноны стандартыг нэг бүрчлэн хангасан зохиол биш. Гэхдээ энэ киног найруулагч артхаус бүтээл болгох эрмэлзлэлээр хийсэн нь ойлгомжтой тул форматын асуудал тийм ч чухал яриа биш.
Харилцан яриа ба агуулга хөгжүүлсэн байдал:
Киноны ерөнхий агуулга Милош Форманы “Хөхөөний үүрэн дээрх нислэг” киног санагдуулна. Гэхдээ энд эрх чөлөөт нийгэмд ороод 20 гаруйхан жил болж буй монголчуудын сэтгэлгээний хоцрогдол, нүүдэлчний амьдралын хэв маяг болон хотын хүний сэтгэхүйн зөрчлийг ч ёгтлон харуулсан. Харилцан ярианы хувьд чамгүй ажиллагаа шаардсан харагддаг. Өмнө нь Монголд хийгдэж байсан сэтгэхүйн триллер кино хийх эрэлхийллүүдээс “Улаан дөрвөлжин” илүү амжилттай болсон нууц нь магадгүй зохиолын боловсруулалтад байж болох юм.
Найруулагч Б.Ганболдын реалист арга барил, зохиолын товч атлаа баялаг чанар хослож энэ кино илүү үлдэцтэй бүтээл болжээ.
УЯНГЫН ДРАМ
Уянгын драм (мелодрам) чиглэлээр бүтээгдсэн киноны тоо жил ирэх тусам өссөөр байна. Гэхдээ энэ чиглэлийн кинонд харилцан яриа, дүрийн боловсруулалт өндөр үүрэгтэй. Харамсалтай нь Монголд мелодрам төрлийн кино зохиол бүрэн хэмжээнд боловсруулсан тохиолдол цөөхөн байна. Энэ чиглэлийн зохиолд дээр хийж буй эрэл хайгуул, алдаа дутагдлын талаар “Шүүдэр дундуур” киноны жишээн дээр ярилцъя.
Шүүдэр дундуур (2016)
Найруулагч Б.Отгонзориг.
Зохиолч Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү.
UB film.
Зохиолын хэлбэршил:
Адал явдалт киноны сонгодог зарчмаар уг киног бичиж чадсан. Гэхдээ уг зохиолыг мелодрам болгохын тулд илүү ажиллагаа хэрэгтэй байсан нь харагдана. Зохиолын эхний хямралын цэгт НҮБ-ийн энхийг сахиулах албанаас халагдсан залууг эх орондоо ирэхэд эхнэр нь өөр хүнтэй учирсан байна. Эцэг эхдээ эхнэрээ танилцуулахаар амалсан залуу замдаа таарсан бүсгүйг эхнэрээ хэмээн танилцуулахаар тохирсноор эхний зөрчил эхэлнэ. Зохиолын нэг, хоёрдугаар бүлгийг маш сайн боловсруулсан. Гэхдээ зөрчил тайлагдаж, бүсгүйн ах араас нь эрж очдог төгсгөл хэсгийн боловсруулалт дутуу байна. Киноны турш ахимаг настай амраг нь бүсгүйг мөрдөж байна гэж төөрөлдсөн үзэгчдэд эргэлтийн цэг нь хангалттай байж болох ч, киноны уянгын өнгө аясад энэ адалт явдалт эргэлт зохицсонгүй.
Түүнчлэн киноны төгсгөлд хадлангийн бригадын хөгшчүүл орчин үеийн дуу дуулж, бүжиглэж байгаа нь киноны үндсэн уянгын шугамаа баллуурдаж орхив. Киногоо ямар төрлөөр бичиж буйгаас үл хамааран байж болох бүхий л элементүүдийг ашиглан коллаж маягийн зохиол болгодог Монгол кино зохиолчдын нийтлэг алдаа энд тод анзаарагдаж буй нь энэ. Адал явдал, уянгын драм, сэтгэлзүйн драмын зааг ялгааг ойлгоогүй мэргэжлийн бус зохиолчид кино зохиолын форматыг эзэмшсэн төдийгөөр зохиол боловсруулж буй нь ийм байдалд хүргэж буй юм.
Харилцан яриа ба агуулга хөгжүүлсэн байдал:
Зохиолын харилцан яриаг хангалттай сайн боловсруулсан. Ялангуяа хөдөө, хотын хүмүүсийн хэл, сэтгэхүйн ялгааг сайн гаргажээ. Харин дээр өгүүлсэн төрөл жанрын холилдооны улмаас алдагдсан киноны уянгын өнгө аясыг киноны байгалийн дүрслэл, зураг авалт аль чадахаараа нөхөхийг хичээснийг дурдах нь зүйтэй болов уу.
“Шүүдэр дундуур” уран сайхны киног социализмын үеийн Монголын шилдэг кино бүтээлүүдийн нэг “Анхны алхам” кино, Г.Одонгийн “Ажлын дараа” хэмээх реалист уран зургаас сэдэвлэн бичжээ. Иргэншилд автаж хумигдаж буй монгол ахуйг орчин үеийн залуусын хайр дурлалын өнгө аястай хамтатган үзүүлсэн нь “Шүүдэр дундуур” киноны гол ололт юм.
Харин киноны төгсгөл найруулагч Г.Эрдэнэбилэг, зохиолч М.Энхдалай нарын “Аав” киноны төгсгөлтэй маш адилхан өрнөлтэй. Зэрэгцүүлээд харвал нэг бүтээлийн шинэ хувилбар ч гэмээр сэтгэгдэл төрнө. Өгүүлэмж, өнгө аясыг бусдаас хайр найргүй “зээлдэг” ийм байдал манай монгол кинонд байдаг хайр найргүй халууштай буруу хандлага.
ТҮҮХЭН ТУУЛЬСЫН КИНО
Үхэж үл болно Чингис хаан (2008)
Найруулагч Л.Эрдэнэбулган.
Кино зохиолыг С.Жаргалсайхан, Г.Бадамрагчаа.
Зохиолын хэлбэршил:
Кино зохиолыг сонгодог форматыг дагаж бичсэн байна.
Харилцан яриа ба агуулга хөгжүүлсэн байдал:
Зохиолч С.Жаргалсайханы “Чингис хааны нууц” түүх бол орчин үеийн монголчууд үндэстний шүтээнийхээ тухай туурвисан хамгийн даацтай бүтээл юм. Энэ романаас сэдэвлэсэн кино зохиолыг хэд хэдэн удаа боловруулсны эцэст Г.Бадамрагчаа сүүлчийн хувилбар дээр ажиллажээ. Ингэхдээ зохиолч С.Жаргалсайханы анх бичсэн хувилбараас багагүй хасаж танаж, харилцан яриаг товчилсон нь илт.
Зохиолч С.Жаргалсайхан өөрийн бусад драмын жүжгүүд болон романдаа Чингис хааны дүрийг домгийн дүрээс салгаж, энгийн уран сайхны дүр болгодог туурвилзүйн онцлогтой. Харин кино зохиолоос харилцан яриаг танаснаар тэр чанарыг нь бүдэгрүүлэн, монголчуудын тахин шүтдэг баатрын дүрд оруулж орхисон нь энэ зохиол дээрх хамгийн том алдаа. Энэ нь киноны туульсын чанарыг бүдэгрүүлж, найруулагчийн туульсын кино хийх зорилгыг хөсөрдүүлжээ.
Эндээс хүүрнэл зохиолын бүтээлийг тайз, дэлгэцийн бүтээл болгон хөрвүүлэх туршлага манайд эхлэлийн шинж чанартай байгаа нь анзаарагдана.
ТҮҮХЭН, АДАЛ ЯВДАЛТ КИНО
Босуул (2015)
Найруулагч Ж.Сэнгэдорж.
Кино зохиолыг Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг.
“Sun pictures” продакшн.
Зохиолын хэлбэршил:
“Босуул” уран сайхны кино Холливүүдийн адал явдалт киноны форматыг нэг бүрчлэн дагаж бичжээ. Зохиолын хямралыг цэгүүд болон эргэлтийн цэгийг кино зохиол дээрээ нарийн тооцож бичсэн нь анзаарагдана.
Харилцан яриа ба агуулга хөгжүүлсэн байдал:
1920-30-аад оны үед Монгол орныг нөмрөөд байсан хэлмэгдүүлэлтийн талаар өгүүлдэг уг киноны харилцан яриа, дүрийн боловсруулалт дээр тун нягт нямбай ажилласан нь харагдана. Ялангуяа гайхамшигт дүрийн хэв шинж бүхий гол дүр болон түүнтэй эсрэгцэх дотоодыг хамгаалахын төлөөлөгчийн үг үйлдлийг зохиолоор нарийн гаргаж өгсөн нь кино амжилттай болох нэг үндэс болжээ.
Кинонд хэлмэгдүүлэлтийн үед эх орноо орхин дүрвэсэн монголчуудын амьдралыг өгүүлдэг. Киноны төгсгөлд хилийн уулан дээр зогсоо мөрдөн хөөгдөж, эх орондоо гишгэх газаргүй болсон гол дүрийн залуугийн тодорхойгүй ирээдүйгээр тухай үеийн монголчуудын амьдрал, ирээдүй тодорхойгүй, бусдын эрхшээлд автаад байсныг билэгдэн харуулжээ. Киноны энэ билгэдэлт төгсгөл адал явдалт суурин дээр түүх хүүрнэх энэ киног ой тайгын дундах ердийн нэг хөөцөлдөөн бус илүү өргөн далайцтай болгож өгчээ.
Найруулагч Ж.Сэнгэдорж бол Монголыг орчин үеийн кино урлагийн томоохон төлөөлөгч юм. Тэрээр сэтгэлзүйн триллер өнгө аястай “Диваажингаас амьдралд хүрэх зам” болон орчин үеийн анхны олон ангит кинонуудын нэг “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч” хэмээх адал явдалт кино, “Омарын эрэлд” хэмээх инээдмийн кино, “Цагаан хадаг” хэмээх спортын кино зэрэг маш олон төрлийн кинонд зохиолч, найруулагчаар ажилласан туршлагатай, тодорхойлогч уран бүтээлч юм.
Найруулагч Ж.Сэнгэдорж одоо цагийн Монголын кино зах зээлийн дүрмийг хамгийн сайн ойлгосон уран бүтээлч гэдэг нь бүтээлүүдээс нь тодорхой харагддаг. Хэтэрхий урлагийн үнэ цэнэтэй бэлгэдэлт сценүүд, үзэгчдийн сонирхлыг өдөөх хямдхан оруулбарууд аль аль түүний бүтээлээс дэс дараалан харагддаг. Энэ бүхэн нь гэхдээ холион бантан биш нэг зорилгод ашиглагдаж, зангилагдаж чадаад байгаа нь найруулагчийн ур чадварын үзүүлэлт.
АРТХАУС КИНО
Алсын удирдлага (2013)
Найруулагч С.Бямба.
Кино зохиолыг С.Бямба.
Харилцан яриа ба агуулга хөгжүүлсэн байдал:
Бусаны олон улсын кино наадмын 2013 оны дээд шагналыг хүртсэн “Алсын удирдлага” кино бол одоогоор Монголоос артхаус чиглэлээр хамгийн өндөр амжилт үзүүлээд буй бүтээл юм. Киноны зохиолч найруулагч С.Бямба кино зохиолынхоо харилцан яриа, агуулга хөгжүүлэлтийн хэсэгт төдий л анхаарал тавилгүй, дүрслэл, зураг авалтаар бэлгэдэлт орчин үүсгэхийг эрмэлзсэн нь харагдана. С.Бямба бол зохиолч Питер Боросенс, Доржхандын Төрмөнх нарын “Нохойн орон” киноны зураглаачаар ажиллаж байсан Монголын артхаус киноны гол төлөөлөгч.
Найруулагч С.Бямба “Алсын удирдлага” киногоо Монголын нэрт зохиолч Б.Ренчингийн “Шүхэрч Буниа”, Г.Аюурзанын “Анхны дурлалын намар” өгүүллэгээс сэдэвлэн бичжээ. Дээвэр дээр амьдрах орон гэргүй хүү нэгэн бүсгүйн амьдралыг нууцаар дурандан, зурагтыг нь алсын удирдлагаар удирдан дүрсгүйтэх явцад, тэр хоёрын хооронд нууцлаг холбоо үүсч буй тухай өгүүлэх уг зохиол шинэлэг санаагаар хомс. Дээр дурдсанчлан монгол ахуйг харуулах жижиг хэрэглэл, эд өлгийн зүйл бүхий өвөрмөц өгүүлэмжтэй зураг авалтууд нь уг киног Артхаус болгож буй юм.
Найруулагч С.Бямбын зохиолч Г.Аюурзанын зохиолоос сэдэвлэсэн “Хэвтрийн хүн” кино зохиол Каннын кино наадмаас грант хүртээд удаагүй буй.
ТАЙЛАЛ
Кинонд resolution буюу тайлал хэсэг гэж байдаг. Тэр хэсгийг заавал хийх албагүй л дээ. Гэхдээ хийхдээ сайн хийхгүй бол үзэгчдээ алдах нигууртай. Монгол киноны талаар энэхүү товч нийтлэлийн төгсгөлд уйтгартай ч гэсэн ийм нэг тайлал хийе. Энэ нь монголын кино зохиолд дутагдаж буй цөөн зүйлийг дүгнэх маягтай юм.
1. Монголын кино урлагт мэргэжлийн зохиолч дутагдаж байна. Монголд ихэнх кино зохиолууд найруулагчийн санаагаар бичигдэж, мэргэжлийн ямар нэг хяналтгүйгээр дэлгэцийн бүтээл болж буй нь олон янзын алдаа гарч, эрсдэл хүлээхэд хүргэж байна.
2. Энэ цаг үед Сид Филд тэргүүтэй кино зохиолын онолчдын кино зохиолын цэгцтэй системийг Монгол зохиолчид эзэмших шатандаа явж байна.
3. Монгол зохиолчид хэдий Холливүүд форматыг дагуулан бичиж байгаа ч, харилцан ярианы боловсруулалт, тулаант хэсгийн бичлэг зэрэг чухал шаардлагатай бичлэгүүд дутуу дулимаг хэвээр байна. Үүнд зохиолчийн ажиллагаанаас гадна цаг хугацааны хүчин зүйл нөлөөлж байна. Учир нь Монгол продюссер, найруулагчид зохиолчдоо дунджаар сар гаруйхан хугацаа өгдөг нь зохиолын бүрэн боловсруулах боломжгүй хугацаа юм.
4. Монголын орчин үеийн кино урлагийн адал явдалт кино зохиол харьцангуй хөгжсөн бөгөөд мелодрам, инээдэм зэрэг бусад төрлүүдээр амжилттай бүтээл туурвихыг хүсэж байвал студиуд кино зохиолд хандах хандлагаа өөрчлөх шаардлагатай байна.
5. Эцэст нь монгол кинонд цаг үеэ мэдэрсэн реалист чиг хандлага аль ч төвшиндөө дутагдсаар байна. Нийгмийн амьдралын гажиг согог болоод, баяр бахархлыг уран бүтээлчийн шударга нүдээр харж, задлан гаргаж тавьсан бүтээл энэ цаг үед агаар ус мэт хэрэгтэй буй. Хэрэв ийм реалист бүтээл туурвиж чадвал үзэгч олон Монгол киночдыг улам өндөрт аваачих биз ээ.
Я.Баяраа
СУИС-ийн ТУС-ийн УСУЗ-ын тэнхим
Үндэстний ТОЙМ сэтгүүл. №08 (357)