ХЭЭНЦЭР ЕГӨӨДӨЛ|ЖЭФ КҮҮНС
2020-03-14 М.Батзориг 2305

ХХ зууны дунд үеэс зуу гаран жил хүн төрөлхтөний сэтгэлгээг жолоодсон Модернизм алгуур боловч өөр дотроо хямарсаар дэлхийн хоёрдугаар дайны дараачаас Постмодернизмын үе эхлэсэн нь урьдын өлсөглөн, ядуурлын тухай там тум төсөөлөлтэй, технологижсон, шинэлэг хүн төрөлхтөний нийтлэг загварынхны хэрэгцээ, шаардлага байв гэсэн утгатай өгүүлбэрийг орчин цагийн урлагийн тухай ихэнх номоос олж харж болно. Энэ үе эхлэхэд Америк хэмээх шинэ ертөнц хүчирхэгжин, дэлхийн эдийн засгийн гол хүч, улс төрийн хамгийн том тоглогч болон хувирсантай холбож тайлбарлах нь зөв байх. Мэдээж Америк амьдралын хэв маяг, сэтгэлгээ шинээр бий болмогцоо хөгшин Европынхоос өөр, өөрийн гэсэн шинэ урлагтай болох хэрэгцээ бий болсноор дүрслэх урлагт Марк Ротко, Жэксон Поллок нарын абстракт экспрессионизм, Күүнин тэргүүтэй Нью Иоркийн абстракт, Анди Вархол тэргүүтэй поп-артуудаа шинэ ертөнцийн урлаг хэмээн дэлхийд сурталчлав.

Энди Вархол Пэнсилвани муж улсын Питсбург хотод зүүн европоос цагаачилж ирсэн гэр бүлд 1928 онд мэндэлжээ (андуурсан байж ч магад). Багадаа өнчирсөн, дизайн технологийн чиглэлээр суралцсан, бараа бүтээгдэхүүний шошго, реклам хийдэг байсан, “Velvet underground” хамтлагийн продюссер байсан, Жан Мишэл Баскиа мэтийн маш чадварлаг залуу уран бүтээлчдийг нэрд гаргасан, рок хөгжмөөс гадна кино урлаг, гэрэл зураг, уран зохиол ихэд сонирхдог байсан, үсээ цагаанаар будсан, ижил хүйстэн байсан энэ тэр гэсэн хэн ч хаанаас ч олоод уншчих бололцоотой зүйлсийн талаар бичихийг зорьсонгүй ээ.

Надад түүний бүтээлүүд дэх олонхийг, өөрсдийгөө элит гэж боддог чамирхагчдын ядмаг сэтгэлгээг тохуурхсанаа маш чадварлаг нуусан нь таалагддаг. Зүгээр л эртний Хятадаас гаралтай торгон хэвлэлийн аргыг орчин цагийн урлагт оруулж ирсэн болохоороо баяжиж, нэрд гарсан гэж боддог байтал урлагийн бүтээл цорын ганц байх ёстой, жинхэнэ эх хувилбар нь байж гэмээ нь үнэд хүрдэг тогтсон ойлголт руу хийсэн дайралт байх нь тэр. Зураач хүн урландаа бүгэн, өөр дотрох чимээгээ чагнан байж хийсэн цорын ганц бүтээлийг жинхэнэ урлаг хэмээн тооцсоор ирсэн өөрчлөгдөх бараг бололцоогүй шахуу ойлголтын эсрэг тэрээр сөрөн зогсохдоо хэвлэлийн бүхэл бүтэн үйлдвэрийн дайны урлангаа байгуулж өөрөө ихэнхдээ санаагаа гарган туслахуудаараа олон хувь хэвлүүлдэг байв. Хэвлэх буюу үйлдвэрлэх нь урлаг дахь хамгийн нарийн нандин зүйл хэмээн тооцогдсоор ирсэн цор ганц, давтагдашгүй байдаг, байсаар ирсэн тогтсон ойлголтыг огт авч хэлэлцээгүй нь тэрэнд маш их ашиг авчрав.

Урлагийн бүтээлийг таашаан худалдан авагчдын ихэнх нь тийм ч ул суурьтай ханддаггүй. Угаасаа тийм бололцоо ч муутай. Өөрийн ухамсраар сонголт хийхээсээ сэтгэл хөдлөлдөө юм уу урлагийг зарж, борлуулагсадын маркетингийн янз бүрийн уран аргад хөтлөгдсөн шинжтэй байдаг. Америкийн нэгэн хип хоп дуучны клипэнд ди дуучин нь танхим дүүрэн цугларсан хүмүүст хандан дуулж (үглэж), тэрийг нь үзэгчид даган хашхирч байгаа хэсэг гардаг. Гэтэл үзэгчдийн ард танхимын таазнаас эхэлж гал гарч байгааг дуучин маань олж хараад  Дээвэр шатаж байна хэмээн хүмүүст анхааруулан хэлтэл үзэгчид огт тоолгүйгээр Дээвэр шатаж байна, Дээвэр шатаж байна хэмээн зэрэг даган дуулцгаадаг. Урлагийн ертөнц дэх элдэв шуугиан, үйл явцууд үүнтэй их төстэй. Яг үнэндээ ихэнх маань энэ бүх загварыг цаанаас нь удирддаг том тоглогчдын юм уу хэн нэгний нэрд гаргахыг хүссэн бүтээлчийн бүтээлийг л таашаадаг гэсэн үг. Үзэгч, худалдан авагчдын ийм сэтгэлгээн дээр тоглолт хийн олон саяын ашиг олдог загварыг шоолж, элэглэсэн мэт боловч дахиад л тэднээсээ маш их ашиг олно гэдгээ Энди Вархол мэдэж байсан. Үүний жишээнд кока коланы лаазыг дуурайлган хүрлээр цутган баримал болгохыг, төрөлх Питсбургийнх нь нэг бэлэг тэмдэг “Хайнз” –ын эсвэл кэмпбэлс шөлний хайрцаг дээрх зургийг хэвлэж зураг болгосныг  хэлж болно. Олны танил хүмүүсийн хөрөг ч тэр зураачийн бүтээлд дүрээ үлдээхийг хүсэх одууд хийгээд тэдний хөргийг худалдаж авахыг хүссэн шүтэн бишрэгчид гэсэн хэрэгцээг даапаалсан гэмээр аясыг мэдэрч болно. Орчин үеийн урлагийг ихэд ойлгодог, хангалуун амьдралын бэлэг тэмдэг болтлоо брэнд болсон бүтээлүүдийнх нь дээд үнэ зуун сая долларт хүрчихээд байна (1963 онд хийсэн “Найман Эльвис” хэмээх бүтээл нь). Гэтэл үнэндээ дэлгүүр бүрт хэдэн саяар нь зарж байгаа барааны шил, лааз, шошго, сэтгүүл, сониноор нэг хэвлэгдсэн байдаг одуудын л хөрөг шүү дээ. Яаж, хэрхэн энэ боломжийг олж харав хэмээн гайхмаар. Орчин үед оффсэт гэх мэт хэвлэлийн технологи өндөр хөгжчихөөд байхад ч түүний торгон хэвлэлүүд торгомсог хэвээрээ л байна. Рой Лихэнштэйн, Жаспэр Жонс, Дэвид Хокни, Такаши Мураками зэрэг маш сонирхолтой бүтээлчдэд нөлөөлснөөр поп-арт улам л түгээмэл, улам л алдартай болсоор л.   

Хэвлэлийн технологи уламжлалт дүрслэх урлагийн арга мэт зохиомжийг, планыг, орон зайг олон янзаар шийдэх боломж багатай учраас тэрээр зүгээр л нэг хэмжээтэй хэвлэсэн зургуудаа эгнүүлэн өрсөн нь ч коллажийн шинэ зарчим, хэл гэгдэв. Мэрилин Монро, Миг Жэггэр, Прэсли, Мао, Жаклин Кэннэди зэрэг хүчирхэг, алдартнуудын хөрөгтөө гэрэл сүүдрийг хийх давхарга бүрийн өнгөө өөрчлөх, сэлгэх, эсрэгцүүлэх зэргээр аргынхаа хүрээнд л хийж болох хувирлуудыг чадварлаг ашигласан байдаг ч зүгээр л эгнүүлэн өрөх маягаар байрлуулсан (угаасаа өөрөөр зохиомжлох боломжгүй), хэвлэх явцад гарсан алдаа (деффэкт) нь хүртэл нэг төрлийн илэрхийлэл болсон бүтээлүүд ч бий. Гүн утга санаа, далд ёгт өгүүлэмжээс зориуд зайлсхийсэн нь ч түүнд түгээмэл (popular) гэсэн нэрийг авчирсан байх. Гэхдээ түүний урлагийн талаар хагас зуун жил өнгөрчихөөд байхад судлаачид ярьсаар, авч хэлэлцсээр, жишээлсээр байгаа нь тэр бас л философилог аясыг өнгөц мэт харагдах өгүүлэмжүүдийнхээ ард чадварлаг нуусан болохоор тэр.  

Ганган, хээнцэрээрээ өрсөлдсөн дээдсийн хүрээнийхэнд этгээд, өвөрмөцөөрөө ч сондгойрч болдгийг мэдрүүлсээр ирсэн гайхамшигтай радикал бүтээлчдийн нэг, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал, зүг чигийг нь заагч байсан, ХХ зууны Америкийн Поп-арт урлагийн айкон болсон тэрээр контемпорари урлагийг, сенсаацыг, мөнгийг үйлдвэрлэгч байсан хэдий ч арай л богино насласан санагддаг (1987 онд 59 настайдаа). Мөн долоо, найман цаг үргэлжилсэн хэн ч бүтнээр нь үзэх бололцоогүй хэтийдсэн эксперименталь кино хэд хэдийг хийсэн нь бас л кино урлаг ч гэлтгүй урлаг дахь загвар руу хийсэн дайралт ч юм шиг санагдана. Шилэн барилгын гадарга дээрх нар, үүлсийн тусгалын нөлөөгөөр өөрчлөгдөх хувирлууд, нэг найзынхаа оройноос өглөө босох хүртлээ нойрондоо ямар нэг хөдөлгөөн хийхээс өөр ямар ч хувирал шийдэлгүй амьдралын нэг хэсгийг л шууд кино урлаг хэмээн зарласан хэрэг. Ямартай ч тэрний өнгөлөг бүтээлүүд, амжилтаар дүүрэн гэрэлтсэн замнал бол орчин үеийн хотын хүн байгаа цагт мөнхөд яригдах нэгэн сэдэв билээ.

Агуу Энди Вархолтой цугт нь өгүүлэхээр зорьсон бүтээлч бол ХХ зууны сүүл үеийн урлагийн нэгэн сонирхолтой бас амжилттай тоглогч Жэф Күүнс юм.

Тэрээр мөн л Пэнсилванийн Ёорк хотод 1955 онд төрсөн. Эхлээд Чикагод дараа нь Балтиморт урлагийн боловсрол эзэмшсэнээр Америкийн урлагт нэгэн өвөрмөц бүтээлч дүр мэндэлжээ. Түүний тухай судлаачдын байр суурь ерөнхийдөө хоёр л хуваагдана. Зарим нь тэрнийг контемпорари урлагт цоо шинэ үе эхлүүлсэн гайхамшигтай уран бүтээлч хэмээн үздэг бол нөгөө хэсэг нь зөвхөн мөнгө, шуугианы араас хөөцөлдсөн алиа салбадай хэмээн үздэг. Шинэ мянганы урлагийн зах зээл дээрх гол тоглогчид болох Германы Гэрхард Рихтер, Английн Дэмиен Хөрст, Хятадын Ай Вэйвэй зэрэг өнөөдрийн урлагийн ертөнц дэх шуугианы эздийн талаар ч судлаачид, үзэгчид ийм харилцан адилгүй үнэлэмжтэй байх нь байх л зүйл.

Миний хувьд Жэф Күүнсийн наяад оноос зэвэрдэггүй ган, хуванцараар бүтээсэн ягаан ирвэс, гялтганасан бөмбөлгөн нохой, могой, Майкл Жэксон зэрэг бүтээлүүдийг сүүл үед хийж байгаа нүсэр том хэдий ч арай сул, арай худалдааны бүтээлүүдээс нь хамаагүй илүү гэж боддог. Худалдааны болсон шалтгаан нь ч уг нь ойлгож ядах юмгүй энгийн л зүйл юм. Нью Иоркийн Челсид байрлах 1600 орчим метр квадрат түүний аварга том урланд орж ирэх захиалгынхаа хэмжээнээс шалтгаалаад заримдаа хоёр зуу гаруй туслах ажилладаг хэмээн Википедиад бичсэнийг бий тийм ч дэгс тоо гэж бодохгүй байна. Нэг хувь уран бүтээлчийн санаа байсан зүйл олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн хэлбэрт шилжээд, олон төсөл болон зэрэг зэрэг хэрэгжээд ирэхээр өөрчлөгдөж л таарна. Дээрээс нь олон ажилтаны цалин, аварга том урлан, үйлдвэрлэлийн зэрэг том зардлууд гарах болохоор хүссэн ч эс хүссэн ч худалдааны, захиалга руу орохоос ч аргагүй хэмээн эерүүлэн боддог. Тэгээд ч түүнд захиалга өгөх, бүтээлүүдийг нь худалдаж авахыг хүссэн саятнууд дугаарлачихсан байхад... 

Минийхээр тэр бол “нутгийн ах” Энди Вархолын санааг цааш үргэлжлүүлсэн. Түүний бүтээл дэх ёж, тохуурхсан гэмээр санааг эвдэлгүйгээр гурван хэмжээст орон зайд баримал (Энди Вархол ч баримал хийж л байсан) болгон харж, хөгжүүлж чадсан юм. Маш хурц тод өнгө, гялалзсан болон хуванцар материал зэрэг өмнө нь барималд төдийлөн ашиглагдаж байгаагүй материал, өнгийг ч тэрээр ашигласан нь тэрний гэсэн хаа ч танигдах содон төрх болов. Макдоналдсийн бэлэг тэмдэг болсон алиалагчид илбэ үзүүлэх, тоглоом бэлэглэх, урт зайдас шиг хэлбэртэй үлээдэг шаараар хүүхдүүдэд элдэв дүрс хийж өгч хөгжөөдөг нь уг компанийн  гудамжны сурталчилгааны түгээмэл хэлбэр байсан. Эндээс тэр анхныхаа бүтээлийн санааг олж аван шаараар хийж буй элдэв дүрсийг томруулан зэвэрдэггүй гангаар олон янзаар хийсэн нь түүнд маш их нэр хүнд авчрав.

Америкийн бас нэг алдартай поп-арт Роберт Индианагийн LOVE хэмээх үгийг олон янзаар хэвлэж, баримал болгон хийсэн нь ч түүнд нөлөөлсөн байж болно. Гэхдээ тэрээр хуулах юмуу дуурайгаагүй. Жэф Күүнсийн гэх хаана ч харсан танигдахаар дүрслэл, хийц бий болгосон нь ихэд ухаалаг алхам болов. Бөмбөлөг, хүүхдийн хийлдэг завь гэх мэт тоглоомууд, үнсгэлжин, Папай зэрэг хүүхэлдэйн киноны баатрууд, бэлэг дурсгалын дэлгүүрт зарагдаж байдаг элдэв дүрс, ваартай цэцэг зэрэг хэний ч санаанд оромгүй зүйлсийг тэрээр нүсэр том, хурц өнгийн баримал болгож байсан нь хэний ч сэтгэлийг татахаар хүчтэй бүтээлүүдийг бий болгов. Бас л зүгээр л дэлгүүр бүрт олон саяараа зарагдаж л байдаг, хэн ч өмнө нь урлаг болно  хэмээн зүүдэлж ч байгаагүй эд зүйлсийн хэмжээг нь л өөрчилснөөр маш сонирхолтой, хүчтэй, орчин үеийн бүтээл болох боломж байгааг олж харжээ. Гэхдээ тэдгээр бүтээлээ олноор нь үйлдвэрлэсэн.

2019 онд гангаар хийсэн “Банни, Bunny” хэмээх бүтээл 91.2 сая доллараар Кристигийн дуудлага худалдаанаас зарагдсан нь өмнөх оны 90.2 сая доллараар бүтээл нь зарагдсан Дэвид Хокнигийн амжилтыг эвдэн амьд ахуйдаа дуудлага худалдаагаар өндөр үнээр бүтээлээ зарсан бүтээлчдийн жагсаалтыг тэргүүлэв. Гэхдээ энэ жагсаалтын эхэнд удаан бичигдэх бололцоогүй болсон. Удахгүй хэн нэг бүтээлчийн нэрээр солигддог. Сотебигийн дуудлага худалдааны модерн, контэмпорари урлагийн борлуулалт 2003 онд 218 сая доллар байсан бол 2007 он буюу ердөө дөрөвхөн жилийн дотор 1.3 тэр бум доллар болтлоо өссөн гэдэг бол орчин үеийн урлагийн зах зээл хичнээн хурдацтай тэлж байгаагийн нэг л жишээ юм. Энэ том өсөлтөд Хятадын орчин цагийн уран бүтээлчдийн бүтээлийн зарагдах хэмжээ  нөлөөлсөн хэдий ч Жэф Күүнс мэтийн бүтээлийнх нь үнэ тасралтгүй өссөөр байгаа бүтээлчдийн бүтээлийг худалдан авах эрэлтээс үүдсэн үнийн галзуурал ч бас хүчтэй нөлөөлж байгаа аж. Энэ утгаараа тэрээр поп артыг улам л түгээмэл болгосон бүтээлчдийн нэгээр шууд нэрлэгдэх эрхтэй.

Орчин үеийн урлагийг гүн ухаантай хэт сүлэлдсэн ойлголт учраас олонх хүлээж авахад түвэгтэй гэсэн ужиг хандлага бий. Бараг имиж болчихсон энэ сүрлэг дүр төрхөөс нь контэмпорари урлагийг салгахад поп-арт бүтээлчид ихэд нөлөөлсөн санагддаг. Урлаг биш гэж бодоод хэвшчихсэн эд зүйлсийг ч гэсэн жаазлахад, галерейд байрлуулахад, олноор нь үйлдвэрлэсэн ч тэр урлаг гэгддэг зүйлийн үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой хэмээн үзсэнээрээ тэд урлагийг илүү энгийн болгосноороо хэн ч бүтээлч байж болно, юу ч бүтээл болж болно хэмээн зоригтойгоор тунхагласнаараа тэд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэв. Магадгүй тэднийг эс хүлээн зөвшөөрөгсөдийн зөв байж болох ч урлаг гэдэг тусдаа мэдрэмж, мэргэшил шаарддаг алс, холын зүйл биш байсан нь илүү дээр ч юм шиг. Шинэ залуу рок хамтлаг үүсэхэд хамгийн их нөлөөлж, залуусыг хөгжимд дурлуулсан хамтлагуудаар 1975 онд байгуулагдсан “Sex pistols”, 2002 онд байгуулагдсан “Arctic monkeys” гэсэн Британий (Англичуудын хийсэн судалгаа ч байж магадгүй) панк рок хамтлагууд нэрлэгддэг гэж сонссон. Үүн шиг поп-арт бол олон үзэгчийг, судлаачийг, хөрөнгө оруулагчийг, бүтээлчийг, цуглуулагчийг контемпорари урлагт дурлуулах, урин дуудах шалтгаан юм.    

Б. Батзориг

 

Түр хүлээнэ үү...
Top