/Британийн граффит зураач, продюссер, кино найруулагч Бэнкси/
Бритпоп Оэсисийн мөнхийн өрсөлдөгч Блар хамтлагийн ахлагч, дуучин Дэмон Албарн 1998 онд Жэми Хэвлэт хэмээх комик зураач, дизайнертай хамтран “Гориллаз” хэмээх виртуаль хамтлаг байгуулсныг судлаачид хип хоп, трип хоп, инди рок, электро, алтернатив хип хоп гэх зэрэг янз янзын урсгал хэмээн тодорхойлсон ч ямар нэг нэрэн хайрцаганд оруулах аргагүй ухаалаг төлөвлөгдсөн уг төсөл шоу бизнесийн ертөнцөд нэгэн үзэгдэл болж дэлхий даяар нийтдээ 20 орчим сая цомог борлуулжээ. Зөвхөн авъяаслаг, царайлаг уран бүтээлчээр дүр төрхөө бүтээдэг менежментийн загвараас татгалзан зурмал дүрүүдээс бүрдсэн дөрвөн гишүүнтэй хамтлаг байв. Үнэндээ Мики хулгана, Снүүпи, Алиса, E.T, Жэймс Бонд, Айрон мэн, Форэст Гамп ч асар их мөнгө олохын тулд бүтээгдсэн хийсвэр дүрүүд шүү дээ. Шатрын нүүдэл мэт ухаалаг ч заримдаа эрээгүй, дүрэмгүй ч гэмээр тоглолуудаар асар их мөнгө олох чадвараараа Английн, Америкийн уран бүтээлчид бусад улс орны бүтээлчдийг бодвол илүү. Амьтны эрхийг, зохиогчийн эрхийг асар бүдүүлгээр зөрчиж хэм хэмжээний шугамыг ч давж чаддаг Дэмиен Хөрстийн бүтээл бол энэ цаг үеийн урлагийн ертөнц дэх маргааны мөнхийн сэдэв хэдий ч тэрээр улам л алдартай, баян болсоор байгаа нь хоржоонтой.
Энэ бичвэр ч гэсэн вандализм гээд нэрлэчихэд болохоор шуугиануудаар орчин цагийн графитын хамгийн том төлөөлөгч болж чадсан зураач, найруулагч, продюссер, хүмүүнлэгийн зүтгэлтэн, гэмт хэрэгтэн, саятан, сүнс гэх мэт олон янзаар нэрлэж болох тун чиг учир битүүлэг нэгний тухай юм. Одоогоор түүний тухай хаана, хэдэн онд төрсөн, хаана амьдардаг, яг ямархуу царай төрхтэй хэн болох талаар янз бүрийн батлагдаагүй таамгууд л бий. Бэнкси хэмээх нууц нэрээр нь л мэдэхээс бүтэн нэрийг нь хэн гэдгийг ч тодорхой мэдэхгүй байгаа нь хачирхалтай. Английн шар хэвлэлүүд ч олж чадахгүйгээр нууцалж чадаж байгаад нь тэр болон тэдний багийнхнаар бахархмаар. Тийм болоод л контэмпорари урлагийн хамгийн хүчирхэг, маш өрсөлдөөнтэй хэлүүдийн нэг болсон гудамжны урлагт ийм амжилттай яваа биз. Гэхдээ Тайм сэтгүүл 2010 оны дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр түүнийг Барак Обама, Стив Жобс, Лэди Гага нартай зэрэгцүүлэн сонгожээ.
Түүнийг 1990-94 оны орчим үеэс эхлэн Лондоны гудамжинд бүтээлээ хийж эхлэсэн гэж үздэг. Эхэн үедээ өөрийгөө бий болгох зорилгоор хүмүүсийг цочроосон, гайхшруулсан шинжтэй байсан бол олонд танигдсаныхаа дараа өөрчлөгдөж улс төр, нийгмийн эмзэг асуудлуудыг хөндсөн шинжтэй болж хувирснаар өнөөгийн бидний сайн мэдэх Бэнкси хэмээх бүтээлчийн дүр төрх бүрэлдсэн хэмээн үзэж болно. Өвөрмөц, хүчирхэг бүтээлчдээс ялгарч, хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэлийг нь хүлээнэ гэдэг мэдээж амархан биш. Түүний хамгийн анх хийх ёстой ажил бол наяад онд Лондоны метроны буудлуудаар бүтээлээ хийж алдаршсан, графитийн талаарх олон нийтийн санаа бодлыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн зураач Жон Робертсон буюу “Кинг Робо” –гийн ноёрхолыг эцэс болгох байв. Бэнкси Робогийн нэгэн бүтээлийн тал хэсгийг нь дараад ханын цаас нааж байгаа хүн зурав. Гэтэл хэсэг хугацааны дараа Робо Бэнксигийн зурсан хүнийг арилгалгүйгээр KING ROBBO гэсэн үгийг хананд маш томоор бичиж байгаа хүн болгон өөрчлөв. Үүний дараа Бэнкси F.U.C гэсэн гурван үсэг л урд нь нэмж зурснаар FUC+KING ROBBO гэсэн үгийг маш томоор бичиж байгаа хүний зураг болон хувирав. Хүчтэй, ухаалаг, шогийн мэдрэмжтэй эл хоёр бүтээлчийн энэ мэт тэмцэл хатуу ширүүн ч сонирхолтойгоор өрнөсөн тухай Английн “4-р суваг” телевиз “Граффит дайн, Graffiti wars” хэмээх баримтат кино хийснээс үзэж болно. 2011 онд Робо амьдардаг байрныхаа шатны уруу унаж тархиндаа гэмтэл авсны улмаас бүтэн гурван жилийн турш комд орж, харамсалтайгаар нас барснаар тулаан өндөрлөсөн байдаг. Бэнкси хожим түүний дурсгалд зориулсан бүтээл хийсэн нь энэ салбарт байдаг хүндлэлийн нэг хэлбэр байв.
Парис, Нью Иорк, Лондон, Сидней, Берлин зэрэг том хотууд хүртэл гудамжны урлагийг гэмт хэрэг гэж үздэг (саяхан болтол) байсан нь Жан Мишель Баскиа тэргүүтэй үе үеийн граффит зураачийн хичээл зүтгэлээр өөрчлөгдөж урлаг (гэхдээ ханан дээр шүршдэг будгаар эрхтэн зурж, нэрээ бичиж байгаа хүн болгон биш) гэдгийг нь хүлээн зөвшөөрч эхлэснээр хот гэдэг нүсэр том объект чадварлаг бүтээлчдийн хязгааргүй уудам талбар, галерей болон хувирч байна. Италийн Блү, Францын JR, Бразилийн Нунка болон Ос Жэм, зэрэг энэ цаг үеийн хамгийн нэр нөлөө бүхий зургаан бүтээлчийг сонгон Лондоны Тэйт модерн томоохон үзэсгэлэнг 2008 онд хийсэн нь дэлхий ертөнц графитыг хүлээн зөвшөөрсний хамгийн том баталгаа юм.
Хэдийгээр эл үзэсгэлэнд оролцоогүй ч Бэнксигүйгээр өнөөгийн хотын урлагийг төсөөлөхийн аргагүй. Том хотуудаас гадна Израил, Палестины хил дээр орших газын зурвас орчимын хурдны зам дагуу босгосон маш өндөр хана, алдартай урлагийн музей, дуудлага худалдааны танхим ч заримдаа түүний этгээд бүтээл, шуугиан тарьсан үзүүлбэрүүдийн орчин болж хувирдаг. Хамгийн сүүлийн жишээ бол 2018 онд Сотебигийн дуудлага худалдаагаар түүний 2002 онд зурсан (хожим нь өөр зураач дараад арилгачихсан) “Бөмбөлөгтэй охин” бүтээлийн хэвлэмэл 1.4 сая доллараар зарагдсан бөгөөд, худалдан авагчид баяр хүргээд алхаа цохих тэр мөчид бүтээлийн өргөн жаазан дотор суурилуулиад бэлдчихсэн байсан автомат хэрчигчийг алсын удирдлагаар ажиллуулан зургийнхаа тэхий дунд хүртэл нь зүссэн. Энэ жигтэй явдлын дараа тэрээр уг зургийг жаазлахдаа л энэ бүхнийг төлөвлөж байсан бичлэгээ интернэтэд байршуулан, бүтээлийн үнийг хэт хөөргөж худалдааны хэрэгсэл болгон ашигладаг хандлагыг эсэргүүцэж байгаагаа зарлав. Гэхдээ энэ үзүүлбэрийн дараа Бэнксигийн бүтээлийн үнэ улам л өснө гэсэн таамаг судлаачдаас хөвөрч байгаа нь бүр ч сонирхолтой.
Утга санааг төдийлөн ойшоолгүйгээр тухайн объект юм уу нөхцөл байдлаасаа санаагаа олдог, зүгээр л сонирхолтой визуаль боломжуудыг л эрдэг зураачдын дэргэд түүний хийх арга маш энгийн. 3D, Трик, Стикер дээр хэвлэх, лего тоглоомоор, тэр бүү хэл нэхмэлийн зүүгээр нэхэж хийдэг зэрэг сүүл үед гудамжны урлагт хэрэглэх болсон аргуудын дэргэд ердөө л уламжлалт графитийн гол арга байсан цоолбор хийж бэлдсэнээ хананд наагаад л шүршдэг. Гэсэн ч түүний бүтээлийн хүмүүст нөлөөлдөг хамгийн гол зүйл бол хэн болох, хаашаа явж байгааг нь үргэлж өөрсдөөс нь асуудаг, асуунгаа мартаж үл болох мартсануудыг нь сануулахыг зорьдог хүмүүнлэг үзэл нь юм. Хэт хөгжлийн золиос болж буй байгаль дэлхий, эд баялаг, эрх мэдлийн төлөөх дайнд хүчгүйдэж, эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүд, одоо ч байсаар байгаа арьсны үзэл, боолчлол, цагаачлал гээд бидний өндөр хөгжсөн гэж боддог барууны нийгмийн хамгийн их нуудаг, хөндүүр сэдвийг тэрээр ил цагаан гаргаж тавьснаар ний нуугүй ярилцахыг уриалдаг. Бэнксигийн эхэн үеийнх нь нэгэн бүтээлд хог шүүрдэж буй үйлчлэгч эмэгтэй хогоо хогийн саванд хийхийн оронд зүгээр л хажуугийнхаа нэг зүйлийн бүтээлгийг сөхөөд доогуур нь хийн нуудаг шиг өнөөгийн нийгэм олон асуудлыг энэ мэт нууж хойш нь тавьдаг. Нийгмийн гишүүн бүр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ хэмээн халхавчлан бидэнд тулгадаг олон дүрэм, журмыг тэрээр маш урнаар егөөдсөн ёжлолыг нь үзсэн хүн мартахааргүй.
Замын хажуугийн тусгаарлах зураасыг зурж байсан ажилчин шар өнгийн зураасаа явган хүний зам, бүр дэргэдэх байшингийн ханан дээрх цэцэг болгон зурчихаад хажууд нь хараад сууж байх, Европын холбооны далбаан дээрх улс орнуудынхаа тоогоор байх таван хошууны нэгийг нь цохиод арилгаж буй эр, Ванэла Айсын “Ice ice baby” хэмээх дууг аялах цагаан баавгай сүпермаркетаас мөс худалаж авахаар явж байх, өнгийн харандаагаар хулгана зурчихсан цаасаа гартаа бариад зогсож буй “Би Нью Иоркод хайртай” гэсэн зурагтай подволк өмсчихсөн харх зэрэг олон зүйл бодогдуулахаар хоржоонтой, уран дүрслэлээс гадна хоорондоо үнсэлцэж, хана руу шээж, хар тамхи сорж байгаа эсвэл хүүхдийг хананд налуулаад нэгжих, “Хоосон хана бол гэмт хэрэг” гэсэн үгийг ханан дээр шүршдэг будгаар бичиж байгаа зэрэг хууль сахиулах ёстой атлаа хуулиа өөрөө зөрчих цагдаа нар ч түүний бүтээлийн хамгийн их зүйл бодогдуулсан хэсэг нь юм.
Мөн түүний бүтээлдээ ашигладаг нэг арга бол консептуалист бүтээлчдийг санагдуулам текстүүд юм. Санаагаа маш товч бөгөөд шууд бичсэн бичвэрүүд байхаас гадна зарим нь хоёрдмол утгатай, тухайн үгийн утга, бүтцээр тоглосон хэлц, зүйрлэлүүд ч бий. Жишээ нь “Чи юугаа хараа вэ?”, “Хяналтын камер доорх нэгэн үндэстэн”, “Өмнө нь ой мод байсаныг би санаж байна”, “Би дэлхийн дулааралд итгэдэггүй”, “Хямдрал өнөөдөр дуусдаг”, “Бөмбөгөөр тоглохыг хориглоно”, “Хэрэв граффити олон зүйлийг өөрчилж байгаа бол хууль бус зүйл биш” зэрэг үгсийг нь шууд л уншаад нэгийг бодчихож болно. Америкчуудыг, капиталистуудыг доромжилсон, даапаалсан нь ч хүмүүст их хүрдэг. Европ хүмүүсийн Америкчуудыг бүдүүлэг хэмээн үзэж дээрээс харах гэдэг, Америкчууд нь Европ хүмүүсээ хямсгар гэж үздэг бас л төдийлөн ил гаргадаггүй үзлийн нэг хэлбэр гэж санагдахаар.
2010 онд түүний найруулсан “Бэлгийн дэлгүүрийн гарц, Exit trough the gift shop” гэсэн хачин нэртэй баримтат кино гарч тухайн жилдээ оролцсон кино наадам болгондоо шуугиулав. Уг киноноос орчин цагийн стрийт-арт бүтээлчдийн далд амьдралын талаар үнэнийг сонирхолтойгоор өгүүлдэг. Лос Анжелес хотод хуучин хувцасны дэлгүүртэй Францаас цагаачлан ирсэн Тэри Гүэта гэх эрийн тухай өгүүлнэ. Багадаа эхээсээ өнчирсөн тэрээр арван хэдэн настайгаасаа хойших өөрийн бүх амьдралаа хальсанд үлдээхээр байнга камер авч явдаг зуршилдаа донтсон нэгэн байв. Эхнэр хүүхэдтэй, тов хийсэн бизнестэй болчихсон хойноо үеэлээсээ (наяад оны үеийн видео тоглоом Спэйс инвэйдер гэх нэрээр бүтээлээ хийдэг маш сонирхолтой стрийт арт бүтээлч) гудамжны урлагийн тухай сонссоноор тэдгээр нууцлаг бүтээлчдийн талаар кино хийхээр сэтгэл шулуудан өөрт байгаа бүхнээ барьцаалан урт аянд гарна. Хийх явцдаа Бэнкси болон нэр, нүүрээ нууцалдаг өөр бүтээлчидтэй ч уулзэж ярилцлага авч чаддаг. Ингэж тэдэнтэй ойртон ажиллах явцдаа өөрөө ч бүтээл хийх боломж байгааг олж харснаар “Ноён Тархи угаагч, Mr. Brainwash” гэсэн нэрээр бүтээлээ хийж төрөлх Лос Анжелес хотноо “Амьдрал бол гайхамшигтай, Life is beautiful” гэсэн анхныхаа үзэсгэлэнгээр маш их амжилт олж байгаагаар кино төгсдөг. Тэригийн өмнө нь хийчихсэн байсан маш олон цагийн бичлэгээс уйгагүй үзэж зүйж хийсэн нь, Тэри ч Бэнкси ч кино хийнэ хэмээн анхнаасаа төлөвлөөгүй байсан нь киног сонирхолтой болгосон гол зүйлүүд нь байх. Үнэхээр кино гарснаас хойш Тэри нэрд гарсан. Түүний граффит болон поп-артыг хослуулсан бүтээлүүд зарим судлаачдад нео пост поп-арт хэмээн нэрлэгдэж, маш амжилттай борлогдож, олон оронд үзэсгэлэн гарсаар л байгаа нь Бэнксигийн төлөвлөснөөр уг төсөл үргэлжилсээр байгааг харуулна.
Стрийт артын тухай (нэрийг нь санахгүй байна) баримтат кинон дээр "Ер нь яагаад миний амьдардаг хот, гудамж, байшинг ямар өнгөтэй байхыг, яаж харагдах ёстойг хэн нэг алдартай зураач, дизайнер шийдэх ёстой гэж?" Би амьдардаг болохоор, би өөрийнхөөрөө болгож өөрчлөхийн тулд гудамжинд зурдаг гэж нэгэн графит зураач эмэгтэй хэлсэн. Сайтар бодвол үнэхээр энэ үгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Хэн нэгэн өөрийнхөө амьдрах, аз жаргалтай байх тэр орчноо ямар нэг аргаар хаа нэгтээ бүтээхгүй л бол бусдын мундаг гэсэн номыг уншиж, зургийг таашааж, аль нэг дизайнерийн бүтээсэн орон зайд хүссэн хүсээгүй бүх насаараа амьдарна гэсэн үг. Зарим хүнд энэ нь амар санагдаж болох ч надал л лав үгүй. Заримдаа галерейд биш гудамжинд, дэргэд маань ч юм уу эсвэл огт санаанд оромгүй газарт урлаг оршдог болохоор энд тэнд зурсан, сараачсан болгоны ихэнх нь зүгээр л вандалист үйлдлүүд байдаг ч ямар нэг зүйл олж харахыг хичээх хэрэгтэй.
М.БАТЗОРИГ