"ХУВИРАЛ" туужаас хувирлыг хасах нь
2021-04-27 Б.Батзаяа 1265

Нэгэн өглөө Франц Кафка таагүй зүүднээсээ сэртэл иргэншилгүй болсон байжээ.
Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавж болчихсон байжээ.

Одоогоос 106 жилийн тэртээ, 1915 онд Лайпциг хотод, модерн утга зохиолын луугаруудын нэг Кафкагийн The Metamorphosis (Монгол хэлнээ Хувирал хэмээн орчуулсан) тууж анх хэвлэгджээ. Тухайн үеийн уран зохиолын хүрээнийхэн хэрхэн хүлээж авсан, хичнээн хэл дээр орчуулагдсан зэргийг үл нуршин хэн бүхний уншиж, ядахнаа сонсож өнгөрсөн байх учиртай эл зохиолын тухай яриагаа эхэлье.

Грегор аварга том шавж болчихсон сэрээд тэгтлээ цочирдож сүйд болсонгүй “Би яачих нь энэ вэ?” л гэж бодоод өнгөрчээ. Бүр аймшигт хар дарсан зүүднээс сэрсэн мөртлөө шүү! Түүний сэтгэлийг ингэтэл хувирч өөрчлөгдсөн биеэс нь илүүтэй ажилдаа оройтож буй нь л зовоож байв. “Бурхан минь би ямар гээч гайтай ажил сонгосон хүн бэ?” гэж бодсоор атлаа шүү! Эцэг эхийнхээ өрийг дарах гэж үүрээр босож, хэдэн хоногоор ч хамаагүй худалдаа хийн галт тэрэг дамжин уйгагүй зүтгэх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ өглөө ингээд хэвтэж байгаадаа өөрийгөө буруутгана. Хэдий ийм муухай шавьж болчихсон ч гэлээ ажлаасаа хоцорч буйдаа сэтгэл нь зовно. Хурдхан шиг босоод ажил руугаа жирийлгэмээр байвч хий л арвалзах хариугүй чөргөр хөлнүүдээ захирч чадахгүйдээ баахан тавгүйтнэ.

Эртний их сэтгэгч Жуанз дурссанчлан
Эгэл нэгэн бээр зүүдэлж гэнэ,
Эрвээхий болчихсон нисч явна гэнэ.
Эргэж сэрээд харин өөрийгөө
Эрвээхий байснаа хүн болчихлоо гэж
Эргэлзэн зүүдлэх мэт санагдаж гэнэ.

Рон Пажет

Ер нь ямар ч хүн иймэрхүү анзааны шавьж болчихсон сэрвэл юун эцэг эх, өр шир, ажилтай манатай хамаг муухайгаараа орилж чарлан уйлж гиншиж ханаад галзуурч солиорох, аль эсвэл амиа егүүтгэх тухай бодлоор л толгой тархиа дүүргэх байсан бизээ. Гэхдээ угаас хэнд ч сонирхолгүй хараал идсэн жир амьдралд ч тохиолдож болох шалдар булдар зүйлийг илүү амттай, илүү хурцаар гаргаж хэн нэг саваагүй уншигчийн сэтгэлийг сийчин дотрыг нь муухайруулах адын таашаал мань хүнд байжээ.

Тийм ээ, Грегор бол ажилдаа явах ёстой. Ажлаас нь хэн нэг нь ирж гэр бүлийхнийг нь сандрааж түгшээхээс өмнө босох хэрэгтэй. Хөгийн байгаа биз? Өнөө цагт бол хэн ч итгэхгүй шал худлаа, дүр исгэсэн амьтан төсөөлөгдөж байна уу? Та тайвширч үз, ямар ч сэтгэл хөдлөлгүй гэр бүл, ажлаас өөр бодох юмгүй Грегор гээч энэ дүрийг “Уучлаарай, хүндэт эцэг эхчүүдээ! Өршөөгөөрэй, эрхэм ажил оглгогчид оо! Та нарын хүсэж, эрж хайж байгаа шиг ийм хүн хорхой хаа ч байхгүй” хэмээн хэлэх сэн гэхдээ Кафка бодож олсон юм. Хэн ч ийм ачлалт хүү байж чадахгүй. Миний бодлыг үгүйсгэх хүн гарж болно л доо, тэгээд ч тэднийхээр бол Грегор мань мэт шиг бэртэгчин амьтан биш байж таарна. Гэлээ гэхдээ гэр бүлээ чин сэтгэлээсээ хайрлаж халамжилж чадахгүй; зөвхөн өөрийгөө л чагнаж, хөгжүүлж хар амиа л хоохойлж явахыг илүүд үзэж буйдаа харамсан зовж явах ч бас хайр юм шүү дээ! Үүнийг хайрлаж чадахгүй байгаадаа шаналсаар нисчихэж буй ЛИВИНГСТОН ЦАХЛАЙН ХАЙР гэе. Жонатан Ливингстон (Ричард Бах Жонатан Ливингстон хэмээх цахлай 1970.) гэгч цахлай чухам тэгдэг шүү дээ. Аваад хамт нисье гэвч нөгөө хэд нь даанч ойлгохгүй болохоор өөр яах ч юм билээ. Тэдний нөгөө талд гэр бүлээ зохих ёсоор нь хайрлаж харж хандаж явдаг, түүндээ ч сэтгэл хангалуун байдаг “хагас хүн хагас бурхан төрөлт” хүмүүс ханхар өргөн мөрөөрөө гэр бүлийнхнийх нь толгой дээр унах гэж буй хамаг л ачааг тулж түшин өвдөг чичрэн зогсоно. Нэгэн насны амьдралаа дуустал тэгж зогсох юм байх. Тийм хандлагаар гэр бүлдээ ханддаг хүмүүсийг АТЛАНТУУД (орчлон ертөнц, тэнгэр эрхэсийг тулан зогсогч Грекийн домгийн баатар) гэе. Тэгвэл миний зурж буй гурвалжингийн төгсгөлд гэр бүлээ зохих ёсоор нь хайрлаж, харж хандаж явдаг ч түүндээ хүртэл сэтгэл хангалуун байж чаддаггүй “Сизифийн төрлийнхөн” толгой гудайн зогсоно. Тэдгээр сэтгэл гутралын ирмэгт буй улсыг цөмөөрөө СИЗИФҮҮД (мөнхөд чулуу үүрч явахаар хараагдсан салхины бурхан Эолын хүү) гэе.

Та аль нь вэ? Ливингстоно уу? Атлант уу? Сизиф үү?

Атлантуудын нуруу хэзээ ч тэнийхгүй, Сизифүүд яаж ч хичээгээд чулуугаа уулын оргилд гаргаж чадахгүй. Ер нь ч эднийг хооронд нь харьцуулж-чухам хэний нь зөв, хэнийх нь буруу болохыг дүгнэж цэгнэх гэж оролдоно гэдэг “утга учиргүй” доторх утга учиргүйд хөтлөх бизээ. Би хувьдаа Сизиф биш, амархан шантардаг; бас Атлант шиг бяр чадалтай амьтан гэж өөрийгөө хэлж чадахгүй.

Ингэхэд эцэг эх, ах дүүсээ илтэд өргөн тэтгэгч (өөрийнхөө дээр залсан), хүн итгэмгүй тийм их хайр халамжаар үргэлжид ундран буй гэр бүлийн нэгэн гишүүний тухай энэ мэт үг өгүүлбэр уншиж бах таваа хангадаг хүн цөөхөн байж болох. Гэхдээ л миний итгэж байгаагаар үүнтэй адил шооч мэдрэмж Кафкад бас байсан бололтой. Тэр үнэхээр шогийн өндөр мэдрэмжтэй нь Грегор Замзагийн гэр бүлийнхээ тухай бодох бодлуудаас гадна ахлахтайгаа харьцаж буй байдлаас бэлээхэн харагдана:

“Та хаачих нь вэ, эрхэм ээ? Контор луугаа яараа юу? Даргад энэ бүх учрыг тайлбарлаж өгөх гээ юү? Хүн түр зуурын хөдөлмөрийн чадвараа алдахаар урдах хойдохоо эргэцүүлэх боломж гараад улам эрчтэй ажилладаг болдог юм гэнэ лээ.”

Бусдын хувьд ямар ч ирээдүйгүй хачин муухай хорхой болчхоод ажлын байраа алдахгүй гэхдээ ахлахынхаа өөдөөс иймэрхүү үгсийг амьсгаагүй шүршихээс илүү сайхан ёжлол ийм нөхцөл байдалд өөр юу байх билээ. Би ч ялгаагүй хэн нэг даргын хувьд ийм л хорхой шүү дээ. Харин Грегор шиг үнэхээр хорхой болчихоод айж цочирдсон дарга даамлынхаа өмнөөс ийнхүү дамшиглаж хэвтвэл (хорхой болсныг эс тооцвол) яасан таатай, юутай сайхан санагдах бол. Магадгүй Кафка эл зохиолоо шавайгаа хангаж болохуйц хошин маягаар бичиж эхэлсэн ч зохиол нь түүний дотор бугласан гомдол бухимдлыг хатгаж хөндөснөөр илүү гүн гүнзгий утга агуулга руу бичээчээ хөтөлж аваачсан ч юм билүү. Өрөөнөөсөө гаралгүй ширээний ард удаан суудаг, гэр бүлдээ төдийлөн тус дэм болчихож чаддаггүй байсныг нь ч юмуу, эсвэл түүний хүсэж буй бичгийн амьдралын хэв маяг нь гэр бүлийнх нь (ялангуяа эцгийнх нь) хүсэлтэй зөрчилдөж байсан зэргийг нь би огт яриагүй юм шүү. Харин бүхнийг хүлцэн бясалгасаар үзэгдэх байдал, хоол унд, өөрийгөө ч мартсан “ажилгүй” Замза дүүгийнхээ хийл хөгжим тоглохыг сонсоод өрөөнөөсөө эрхгүй гарч хөгжим эгшиглэж буй тэр зүг өвдөж доройтсон биеэ чирэн юунд ч юм эрхгүй татагдан мөлхөж буй үйлдлээс нь харж ухаарч болох тэр зүйлийн тухай ярьж байгаа юм шүү.

Дундаж давхрагын айлаас онцгой нэгэн төрөн гарна гэдэг үргэлж ямар нэг эсэргүүцэл, дарамт шахалт, үүрэг хариуцлагын чөдөр тушаатай тулгарч улмаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийг сонгосон бэртэгчин, эсвэл гэр бүлийнхээ амин зуулганы төлөө цаг наргүй зүтгэх ажилч шоргоолж болох хоёр сонголтын өмнө аваачна гэдэгтэй санал нийлэх үү? Миний санаа ердөө л энэ. Хийлийн эгшигт хөтлүүлэн мөлхөж байхдаа Грегор юун тухай харуусан боддог билээ?

Хэрэв би ингэж онцгой нэгэн болж хувираагүй сэн бол ажлаа үргэлжлүүлэн хийсээр дүүгээ хөгжмийн сургуульд оруулах байсан даа…

Браво, ёстой жинхэнэ хорхой! Тэгээд өрөө рүүгээ яаж буцдаг билээ? Замзагийнхныг тэжээх ёстой атлаа огт ажил хийлгүй бэлэн хоол (тэр нь хоолны үлдэгдэл, муудсан хаягдал байсан ч ялгаагүй) хороодог нэг муу хорхойг тэгж л буцаах ёстой юм. Ноён Замза аргагүйн эрхэнд хав дарсан хэдээ гаргаад л… Ер нь ийм парзит гэр бүлийн төлөө хүн төрлийг олж ирсэн нэг насны амьдралаа золино гэдэг хэр шударга хэрэг вэ? Грегорт хайр дурлал гэж байсангүй (нэг муу ханын зургийг эс тооцвол), цагийг зугаатай өнгөрөөх ууж наргих найз нөхдийн тухай бүр бодох ч хэрэггүй, тийм цаг зав ч олдохгүй. Гэр бүлийнхээ хувьд тэр хэн юм бэ?

Оросын найруулагч Валерий Фокины (2002) кинонд Грегор дүүгээ хөгжмийн сургуульд явуулах санаатай байгаагаа өөрчлөгдөхөөсөө өмнө хэлж буйгаар гардаг юм. Дүү нь жигтэйхэн баярлаж ахыгаа тэвэрч үнсдэг шиг санагдаж байна. Сайн дүү байлаа. Гэхдээ сайн дүүтэй байхын тулд эхлээд өөрөө сайн ах байх ёстой, тийм биз? Надад хоёр ч дүү бий, ер нь гадарлана. Сайн ах “хорхой” болон хувирч өөрчлөгдөж, өөрийн оршихуйн төлөө цахлай адил нисэн одох ёсгүй.

Ерөнхийдөө Замзагийнхан дундаас Грегор нэртэй нэгэн онцгой Замза төрсөн ч түүнийг бусад Замзанууд нь ойлгохыг хүссэнгүй, түүний энэ байдлыг хүлээж авсангүй. Энэ бол хүмүүсийн төдийлөн ойшоож үздэггүй нэг төрлийн гэр бүлийн хүчирхийлэл гээд хэлчихвэл буруудаад байх зүйлгүй!

Грегорт хүн шиг бие, хүн төрөл тийм ч чухал зүйл биш байсан гэж бодоод үз. Бие гээч муухан загвартай нэрийн хуудас төдий зүйлээр өөрийгөө төлөөлүүлнэ гэдэг надад ч мөн адил таатай санагдаж байсангүй. Гэтэл юуг ч илэрхийлж чадахгүй тэр өчүүхэн бие чинь өөрчлөгдсөн төдийд л гэр бүл, эрхэмлэн хайрлаж явсан хүмүүс чинь яаж хувирах бол? Чи ингэж бодож үзсэн үү? Жихүүдэс төрөм хорхой болохоо ч байг, биеийн чинь нэгээхэн хэсэг өөрчлөгдөхөд ч юм уу…

Хувирал гэдэг үг тэгэхээр Грегорт хамаатай юу, эсвэл Замза нарт (Замзагийн гэр бүлийн гишүүд) хамааруулах нь зүйтэй юу? Яг хэн нь хоёр нүүр гаргасан юм бэ? Үнэхээр Грегор хувирсан юм уу? Эсхүл зүгээр гэр бүлийнхээ хувьд байж боломгүй хувь хүн болчихоод сэрсэн юм уу?

Шөнө дүлээр шүлэг нойрноос сэрээд
Эрвээхий биш, хүн болохоо мэдрэх хийгээд
Энэ насаа туж унтан нойрсож
Эрвээхийн тухай зүүдлэх нь агаар нэгэн болой.
…Нэгэн бодьгал биет, нэгэн бие даасан сэтгэхүй гэхээсээ
Нээрээ л яг тийм нэг эрвээхий гэж боддог байсан,
Нээрээ тэхлээр би эрвээхий юм биш биз? (Рон Пажет “Эрвээхий”)

Заримдаа чамд эцэг эх чинь гав дөнгө, чөдөр тушаа ч юмуу, эсвэл цус сорогч, шимэгч хорхой шиг санагдаж байсан уу? Хэтэрхий хувь хүний хариулт нэхсэн асуулт байх л даа. Өөрснийхөө хүслийг үр хүүхэддээ тулгасан, бүхэл бүтэн хувь хүний өмнөөс шийдвэр гаргаж суудаг, чамайг төрүүлсэн нэг тийм бурхад шиг ч юмуу санагдаж байсан удаа бий юу? Би эцэг эх, эгч дүү нарынхаа дэргэд, төрсөн гэр, дассан үүр оромжиндоо амьдран суух дуртай байлаа. Одоо хаашаа ч хамаагүй явчихмаар үе олон давтамжтай, ойр ойрхон ирэх болжээ. Харамсалтай нь би нэг л өглөө сэрээд хаашаа ч юм нисчихэж чадахгүй арай өөр Грегор, арай өөр Жонатан юм даа.

Ницще нэг өдөр гэрээсээ гараад “Бурхан үхчихэж” гэж хэлсэн гэдэг. Бурхантай байсан үеийн ертөнцөд хүн бурханд л таалагдахын тулд амьдардаг байжээ.

Залуу Сидхарта нэг удаа ордноосоо гарчээ. Эцэг эхээсээ-хэрмийн цаана гараад тэр үнэнийг харжээ.

 …Бүлтгэр нүд дэрвэгэр далавчтай эрвээхий би
Өрөөн дотуураа эргэлдэн нисч
Үхэдхийн ойчих хүммүүсийн дээрээс
Өөдөс цаас, өд сөд цацлан шидлэх шиг санагддаг
Би тэднийг авран нигүүлсэхийг хүснэм.
Бие сэтгэлээрээ гайхамшигт нэгэн аялгуу болоод
Эрхэм дээд энэрэнгүй зан аягаараа
Эгэлхэн тэд хэн ч байсан, аварч нигүүлсэхийг хүснэм. (Рон Пажет “Эрвээхий”)

Олон хэлвэл улиг гэж... Хүсвэл Грегор Замзаг тэр нэг өглөө ямар ч хорхой болж хувираагүй ердөө л хар дарсан зүүд нь түүнд нөлөөлж амьдралыг өөрөөр харж эхэлсэн. Тиймээс л ажилдаа явмааргүй байгаагаа, ерөөсөө цаашид гэр бүлийнхээ төлөө ингэтэл зүтгэх хүсэлгүй байгаагаа хэлсэн төдийхнөөр эхлүүлээд нэг үзээрэй. Замзагийнхны гаргасан ааш аяг, Грегорын бодол илүү тодорхой болох ч юм билүү. Магадгүй The Metamorphosis-ийг тэгж уншвал чамд хачирхалтай сонин санагдах зүйл огтхон ч үгүй, байдаг л нэг жирийн уйтгартай зохиол, уйтгартай амьдрал шиг санагдах вий!

Би дээр хэлсэн дээ, угаасаа хэнд ч сонирхолгүй, хараал идсэн жир амьдралд ч тохиолдож болох шалдар булдар зүйлийг илүү амттай, илүү хурцаар гарган тавьж хэн нэг саваагүй уншигчийн сэтгэлийг сийчин дотрыг нь муухайруулах адын таашаал мань хүнд байжээ гэж. Өөр ч юмгүй дээ, өөрийн нэгэн шүлгийн мөрөөр энэхүү бичвэрээ төгсгөж байна.

Далыг минь мэрэх бяцхан хорхойнууд минь
Далавчаараа тэжээсэн цагаахан шувууд минь!

Жич: Хэрэв та “Хувирал” туужийг уншиж амжаагүй яваа бол орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулж эмхэтгэн гаргасан “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номоос эхлээд "Хувирал"-ыг, дараа нь "Дурласан Замза"-г уншаарай.

Түр хүлээнэ үү...
Top