МЭДРЭМЖЭЭ ХӨГЛӨМӨӨР БАЙВАЛ ЧИ...
2021-04-18 Б.Батзаяа 1463

Англи кинонд дуртай, мянган кинон дундаас англи найруулагчийн киног ялгаж чадна гэж нэг хэсэг өөртөө эрддэг байв. Киноны хувьд боломжийн л бардамнал хэдий ч уран зохиолын хувьд боломж багатай л даа. Англи акцент, английн хөл бөмбөгийн баг, англи дуу хөгжмийн тухай үл нуршин нэгэн англи зохиолын тухай бичих гэж байгаа юм. Жулиан Барнсын Төгсгөлийн мэдрэмж роман Д.Мөнххишигийн орчуулснаар хэвлэгдэн гараад удаагүй. Сонирхуулахад зохиолч энэхүү романаараа 2011 оны “Мэнбүүкэр шагнал”-ыг хүртсэн бол өмнөх (Flaubert's Parrot 1984, England, England 1998, and Arthur & George 2005) зохиолууд нь өнгөнд давхиж байсан байх юм.


Төгсгөлийн мэдрэмж гэж чухам юу байж таарах вэ? Амьдралын төгсгөл дэх үхлийн мэдрэмж, романы төгсгөл дэх бодол, харилцааны төгсгөл дэх эрх чөлөө ч юм уу төгсгөлийн мэдрэмж бүхэн ялалт шиг байхгүй нь лавтай. Эхлээд зохиолын эхэнд уншигчдад ямар мэдрэмж төрж болох талаар товчхон шиг дурдах хэрэгтэй болов уу. Зургаан план бүхий, төгсгөл рүү ойртох тусам тодорхой болох зураглалаар роман эхэлж байх юм. Сэрэл хөдлөм давхцал, таатай дүрслэн үзүүлсэн эдгээр планууд би баатрын сэтгэлд тод зурагдан үлдсэн бололтой. Мөн Ницше шиг агуулга руу чиглүүлэн заналхийлж, Достоевский шиг оршихуйн чанад тийш уншигчдыг хөтлөхгүйгээ; секундийн зүү лугаа адил өчүүхэн ч болов зогсолгүйгээр биднийг орхигч жир зүйлсийн талаар л бичнэ гэдгээ зохиолч романы эхэнд амлаж байна.

Тавин жилийн өмнөх цаг хугацаа руу өнгийн бичсэн эл зохиол эхэндээ надад, The Catcher in the Rye романдаа оруулалгүй хасаж орхисон Сэлинжерийн бичвэрийг хаанаас ч юм олоод уншиж байх шиг сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Тэгснээ Бүрлээч найрагчдын нийгэмлэг киноны тухай бодол залгаж ирээд-Жон Китингийн танхимд үйл явдал өрнөж байх шиг-Адриан, Вебстер, Алекс, Колин нар ширээн дээр гарч зогсоод “Ахмад минь, ахмад минь” гэцгээн Жо Хантыг гайхшируулах юм шиг төсөөлөв. Адриан, Вебстер, Алекс, Колин нар бол Харанга хамтлагийн Дүрсгүй жаалууд дуун дээр гардаг шиг улс төр, философи, уран зохиол, түүх сонирхон судалдаг дөрвөн найз ангийн андууд л даа.

Магадгүй та цолгорсон уншигч гэдэгтээ нот итгэчхээд, өөрийгөө Киннигийн Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл-ийн хэмжээний л зохиол уншиж байна гэж эндүүрч мэдэх юм. Надад итгээрэй Жефф Кинни яаж ч хичээгээд өсвөр насныхны бэлгийн амьдралын тухай тэгж бахдам сайхан англи акценттайгаар бичиж чадахгүй шүү. Энэ ч яахав эхлэлийн мэдрэмж уншигчдад чухал байдаг болохоор л... Гэхдээ Жулиан Барнсын уран зохиолд, ядаж энэ удаад төгсгөлийн мэдрэмж илүү үүрэгтэй бололтой.

Тэд бол Рассел, Витгенштейн, Камю, Ницше, Жорж Орвелл, Достоевскийг уншчихсан, маргаж мэтгэлцэх нь тэр хэрээр хэрсүүжиж (зарим тохиолдолд багшийгаа ч мад тавьдаг), өөртөө итгэл өвөрлөсөн залуус. Тийм шүү, бид ч ялгаагүй өсвөр насандаа тийм л байсан. Таалагдсан зохиолчдоосоо иш татаж, өөрөө ч гүйцэт ойлгоогүй зарим нэг афоризмыг дуржигнуулж, секстэй холбоотой бохир ярианд ширээ нүдэн хөөрч баясаад л. Хэн хэнийхээ ертөнцийг үзэх үзлийг ээлж ээлжээр нухчин дарах гэж оролддог, өөртөө шинэ онол баталж, та нар шиг ганц баасанд ч биш ажлын бүх өдрүүдэд ууж самуурч явсан юм даа. Чухамдаа тийм л ажилтай, тэгэхдээ өөр нэг газраас бага сага цалин авчихдаг байсан тэр үедээ одоо бол хэзээ ч ярианыхаа сэдвийг зүглүүлэхгүй байж мэдэх том сэдвийг шүүрч авдаг байлаа шүү дээ. Бид гэж наяад оныхноо хэлж байгаа юм шүү, за тэр яахав.

Бристолын сургуулийн хөвгүүдийн хувьд ч биднээс дээрдэх юм байсангүй. Нэг нь “Төсөөллийн анхдагч үүрэг нь дэг жаягийг зөрчихөд оршино” гэхэд нөгөө нь амиа хорлосон найзынхаа тухай Камюгаас иш татаж ирээд л “Амиа егүүтгэх эсэх нь философийн цорын ганц асуулт” гэх жишээтэй. Камюгаас иш татаж, багштайгаа мэтгэлцээд л. Сексийн дур ханах мэдрэмжийг хэд хэдэн түвшинд хувааж, охидын хандлагыг сэтгэлзүйнх нь түвшинд тайлбарлах гэж оролдоод л. Найз нөхдөө эцэг эхийнх нь албан тушаал ч юм уу, хөрөнгө мөнгө нийгмийн гарлаар нь биш харин өөрийгөө илэрхийлж байгаа байр байдал, ертөнцийг үзэх үзлээр нь үнэлж цэгнэдэг сайхан хүмүүжил, сайхан ч нийгэм. Жишээ нь бид өнчин нэгнийг халамжлаад сүйд болдоггүй юмаа гэхэд өрөвдөж буй дүр эсгэж нөгөөх нь “дутуугийн комплекс” нэртэй сумаар гар буугаа цэнэглээд өөрийгөө өдөрт дор хаяж нэг удаа буудаж байна аа даа. Гэтэл Бристолын хөвгүүдийнхээр бол, за эсвэл Жулиан Барнсынхаар бол өнчин байх нь эцэг эхийн хараа хяналт, дарамт шахалтыг мэдрэлгүй өсөх ховорхон боломж, азтай зүйл. Адриан тэгэхээр өнчин өрөвдмөөр амьтан биш эрх чөлөөтэй, алтан баазерын эзэн болж таарна. Сайхан сэтгэхүй, юу ч гэмээр юм…

Илэрхийлж чадамгүй зүйлсийнхээ тухай амаа жимийгээд өнгөрвөл зохилтой.

Витгенштейн

***

Роман 2 хэсэгтэй, эхний бүлэгт хүүрнэлийн сонирхолтой шийдлүүдтэй мэр сэр таарна. Барнс абугай гүйлгээд уншчихаж болмоор хөнгөн өгүүлэмжээ философийн асуултуудаар дарж хүндрүүлээд, сэтгэхүйн маргаанаар уншигчийн унших хурдыг хэрхэн сааруулахаа мэддэг ажээ. Өсвөр насныхны бэлгийн амьдралыг элдэв маяггүй хэрнээ амттай өгүүлсэн нь өнгөрсөн үеэр минь (хэдийгээр надад бугуйд минь хэлүүгээ үрэн үрсээр дур ханадаг найз охин байгаагүй ч гэлээ) аялуулах шиг болдог юм байна. Магадгүй бэлгийн чөлөөт амьдрал дуусахад залуу насны баяр баясал тодорхой хэмжээгээр нурах шиг болж, сексийн үнэнч байдал амьдралыг идэвхгүй болгож орхидог байх. Бузар булайгаар бөмбөгдөж өгдөг номууд сайхан санагдахаа болих үед өөрийгөө нас тогтож, намба суусанд бодоход буруудах зүйл байхгүй шүү дээ.

Бид өөдөөс угтах юмсыг өрсөн бодох дуртай атлаа мөнөөх ирээдүйнхээ төлөвөөс өнгөрснөө дурсаж буйгаар өөрийгөө ер төсөөлж чаддаггүй.

Жулиан Барнс


Хоёрдугаар бүлэг арай өөр хэмнэлтэй. Эхний бүлэг Монте Кристо гүн романы эхний боть шиг жирэлзэн өнгөрсөн бол удаах бүлэг нь үлдсэн хоёр боть шиг нь хор жатга ихтэй, ээдрээ төвөгтэй, тэр хэрээр хорхой хүрэм байсан гэж хэлж болох юм. Зохиолчийн хувьд хүүрнэл дэх шугаман бүтцийг эвдсэн ч эвдэх гэж ядаж, хичээгээгүй харин ч сурамгай санагдсан. Бас нэгэн өвөрмөц туршиц хийсэн нь ирээдүйн төлөвөөс өнгөрсний тухай дурсан бичиж байхдаа заавал үнэнийг хүүрнэх албагүй гэсэн санаа байв. Энэ нь түүний бичсэнд анхааран итгэж, зохиолдоо жинхэнэ үнэнийг өгүүлээдээ хэмээн бодох аргагүй болгож орхино. Уншигчаа хаана ч бусгаж мэдэх жинхэнэ постмодерн зохиолч гэж иймэрхүү хүнийг л хэлдэг юм даа найз минь.

Зарим хүн юу өөрчлөгдсөнийг соргог анзаардаг бол зарим нь юу хэвээрээ үлдсэнийг илүү олж хардаг гэнэ. Тэгэхээр хүн бусдын бодсон шиг, бүр өөрийнхөө бодсон шиг ч биш байдаг байх нь ээ. Тэр бүү хэл дурсан санаж байгаа шигээ, караокэд дуулан (фээсбүүкийг хэлж байна), жиргэж байгаа шигээ, бат нот итгэн хүүрнэн бичиж байгаа шигээ байдаггүй, цаашдаа байх гэж хичээх шаардлагагүй болж байх шиг байна. Аштай юу. Поп хатагтай Сарантуяагийн дуу шиг зохиолч маань өөрийгөө ч таниагүй төөрч явсан байж болно шүү дээ. Ер нь ч залуусыг ойлгож, шинэ үетэйгээ хөл нийлүүлэн, мөр зэрэгцэн алхах заримдаа боломжгүй мэт байдаг даа. Поп хатагтай гэж улс төрч биш дууны урсгал чиглэлийг хэлж байгаа юм шүү. Гэтэл Барнс залуу үеийнхээ хэлээр бичиж чадаж байгаа нь атаархам.


Хүний зан араншин цагийн саалтад өөрчлөгддөг үү? Романд лав тэгдэг. Эс бөгөөс юуных нь зохиол байх вэ.

Жулиан Барнс

Өөрийнх нь хэлсэн дээрх афорыг нь эл зохиол бэлхнээ батлан харуулна. Диалогууд нь мастеркласс. Тод англи акценттайгаар төсөөлвөл яах аргагүй харилцан ярианы шинэ түвшний хичээл болж чадна. Эцэст нь тэгээд юу болсон юм гэж үү? Эхэндээ таныг Китингийн танхимаар аялуулж, Холден Колфилдийн хэвлэгдэлгүй дарагдсан үйл явдлуудтай танилцуулж асан зохиол төгсгөл рүүгээ онхи өөр уур амьсгалтай болж “хөгшин европ манийгаа дурсамжаар хүчиндэж байна уу даа” гэх бодол төрүүлнэ. Сайхан хүчиндүүлэх сайхан шүү дээ гэж хэн хэллээ. Энэ цаг үед хэн нэг нь хэлэх л ёстой үг санж. Тэгэхээр нэгдүгээр бүлэг залуу нас, хоёрдугаар бүлэг өтөл нас. Нэгдүгээр бүлэг жирэлзтэл уншигдах бол хоёрдугаар бүлэг зугуухан хөвөрнө. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, залуу нас асар их хурд дунд өнгөрөх учир цаг хугацаа тэр хэрээр удааширч, нас ахих тусам зарим нэг үйл явдлууд хийсэн өнгөрсөн шиг санагдах вий. Тэнэг хог, энд би бүр байчхаад Эйнштейний цаг хугацааны удаашралын тухай ярьж байдаг байна шүү. Яахав дээ, Тони бага залуудаа цагаа бугуйнхаа дотор тал руугаа эргүүлээд зүүчихдэг байсныг тайлбарлах гээд л. Ер нь романы эхлэлд гардаг гээд хэлж байсан зургаан зураглалын нэгд “Бугуйн дотор талын гялаан арьс” гэсэн мөр бий. Тэр нь явж явж үрийн шингэн гэж бодож байвал буруу л гэх гээд. Энштейний хуулиар бол асар их хурдтай хөдөлж байгаа инерциал биетийн доторх цаг хугацааны явц нь бага хурдтай хөдөлж байгаа биетийн цагийн явцаас удаан байна. Тэгэхээр гар хангалга хийхэд ч ялгаагүй, харьцангуйн тусгай онолоор бол универсиал цаг хугацаа гэж байхгүй. Тэгээд хэлүүгээ бугуйд нь үрж асан Вероника болон Вероникаг бодон үй түмэн удаа гар хангалга хийсэн Тони хоёрын хэн нь илүү өтөлсөн тухай л ойлгох гэж хичээсэн юм л даа. Тонигийн шээлтүүрийн хоолой руу савж орхисон үрийн шингэний тухай бодож байснаа харьцангуйн тусгай онол руу далийдаг нь миний буруу.

-          Түүх бол ялан дийлэгчдийн бичсэн худал үгс.

-          Үүнээс гадна ялагдагсдын өөрсдийгөө хуурсан төөрөгдөл.

Тони болон Хант багшийн хооронд  өрнөсөн энэхүү диалог явж явж романы амин судас, суурь хундам-газрын зөвшөөрөл нь ч байсан байж мэдэх л юм. Эцсийн эцэст Тони өөрийгөө хуурчээ дээ янз нь. Гай зовлонг хэрхэн тойрохоо хэзээд мэднэ хэмээн өөрийгөө өргөдөг хүн л гаслан зовлонд хамгийн хүчтэй нэрвэгддэг байна шүү. Гол дүрд маань унтсан, учирсан, амьдрах гэж уухилсан тавын зэрэг эмэгтэй бий нь бий. Гэвч гол тоглогчид нь түүнийг эцэст нь ингэж тодорхойлж байх юм:

Вероника: Тэр ердөө ч ойлгоогүй.

Маргарет: Тэр одоо өөрөө өөртөө эзэн.

Ингээд дуусгая. Тийм дээ, бид ч ялгаагүй өсвөр насандаа ийм л байсан. Том зохиолчдоос иш татаж, эрээ цээргүй зүйлсийн тухай шавайгаа ханатал яриад л. Бид ч зарим зүйлсийг ойлгоогүй байх. Гэхдээ бидний залуу нас ингэж л өнгөрсөн байна. Харин одоо өөрөө өөрсдөдөө эзэн болжээ дээ янз нь. Ийн бодон номоо хааж, тамхилахаар тагт руу гарлаа. Хэдэн нөхдөө өдрийн хоолонд уримаар ч санагдах шиг.

 

Түр хүлээнэ үү...
Top