Уншигчдын хайртай зохиолч Үй Хуа бол манай оронд зохиол бүтээлүүд нь хамгийн олон хувь хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг билээ. Тэгвэл энэ намрын Үндэсний номын баярыг тохиолдуулан тус зохиолчийн монгол хэвлэн нийтлэгчид болох "Непко" хэвлэлийн газар, "Тагтаа" хэвлэлийн газрынхан хамтран зохиолч Үй Хуаг эх орондоо урьж авчран, монгол уншигчдад нь том бэлэг барьж буйг дуулгахад таатай байна. Нэрт зохиолчийн айлчлалыг угтан түүний гурван ч романыг монгол хэлнээ орчуулж, монгол уншигчдад зохиол бүтээлүүдийг нь таниулж өгсөн орчуулагч Мөнхцолын Батбаяр зохиолчийн амьдрал, уран бүтээл, түүний зохиолуудыг монгол хэлнээ орчуулсан өөрийн туршлагынхаа талаар дэлгэр хууч сийрүүлснийг уншигчдадаа хүргэж байна.
Цаг үеийн тохироо
1976 оны есдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Мао Зэдун нас барав. Маог таалал болсны дараа ч түүний үзэл санааг үргэлжлүүлж, олон нийтэд нөлөөлөхийг оролдож асан түүний сүүлийн эхнэр Зян Чин тэргүүтэй Хятадын Коммунист Нам (ХКН)-ын дөрвөн гишүүнээс бүрдсэн “Дөрвийн бүлэг”-ийнхнийг 1976 оны 10-р сарын 6-нд баривчлав. 1977 оны наймдугаар сард Бээжинд болсон ХКН-ын 11-р их хурлаар арван жил үргэлжилсэн "Соёлын хувьсгал" дууссаныг зарлав. Яг Мао нас барж, “Дөрвийн бүлэг” дарагдсан энэ жил Гуан Мо /管 谟/ нэрт нэгэн эр 1976 онд Хятадын ардыг чөлөөлөх армид элсжээ. Тэрбээр армид отрядын дарга, хамгаалалтын офицер, номын санч, багш, нарийн бичгийн даргаар дараалан ажиллаж хошууч цол хүртээд амжжээ. Тэдний армийн номын сан 3000 илүү номтойгоос гуравны нэг хувь нь уран зохиолын ном. Гуан Мо армийн номын санчаар дөрвөн жил ажиллах хугацаандаа армийн номын сангийн гуравны нэгийг уншиж дуусгасан гэнэ лээ. Гуан Мо армийн номын санд Нобелийн шагналт зохиолч Габриэл Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал” романыг уншиж дуусгаад “Манай нутагт ч бас энэ байтугай домог яриа, үлгэр хууч бий шүү дээ” гэж санаа алдан бодолд автсан гэдэг. “Соёлын хувьсгал” өндөрлөж асан жилүүдэд армийн номын санд ийнхүү ном уншиж суусан Гуан Мо /管 谟/ гэгч эр нэрийнхээ арын ханзыг задалж 莫言 буюу “Бүү ярь” гэсэн утгатай бичгийн нэр болгоод, зохиолч болох их замд орсон нь хожмын Нобелийн шагналт их зохиолч Мө Янь байлаа. Тэр “Соёлын хувьсгал”-ын үеийн өлмөн зэлмүүн, өвчин зовлонт, хэцүү бэрх үеийн тухай бичиж зохиолч хэмээх алдрыг хүртэх учиртай байжээ. Тэр анх 1981 оны тавдугаар сард Хэбэй мужийн Баодин хотод "Хаврын шөнийн бороо" хэмээх анхны богино өгүүллэгээ хоёр сар тутамд нэг удаа хэвлэгддэг "Лянчи" сэтгүүлийн тав дахь дугаарт хэвлүүлсэн нь түүний уран бүтээлийн гараа гэж хэлж болохуйц үйл явдал байв.
Мо Янийг цэрэгт элссэнээс яг арван жилийн дараа буюу 1986 оны хаврын эхэн сарын нэгэн орой Жөжянь мужийн Хайянь сумын шүдний эмч залуу голын эргийн навтгар байшинд Кафкагийн “Хувирал” туужтай “учирч” эхний өгүүлбэрийг уншмагцаа тогонд цохиулчихсан шиг мэдрэмж төрөхийн сацуу “Би ч Хятадын ахуй амьдралаа ингэж бичиж яагаад болохгүй гэж” хэмээн бодсон хүн бол хожмын нэрт зохиолч Үй Хуа юм. Шүдний эмч хийж өдөржин хүний ам руу өнгийж суух уйтгарт ажлаас нэгэнт залхаад байсан ба 19 настайдаа сумынхаа соёлын төвд ажилд орох хүсэлдээ хөтлөгдөн бичиж эхэлсэн тэрээр 1983 оны нэгдүгээр сард "Баруун нуур" /西湖/ сэтгүүлийн оны эхний дугаарт "Анхны дотуур байр" өгүүллэг нийтлүүлснээр зохиолч болох замд хөл тавьж, 12-р сард тухайн үеийн нөлөө бүхий "Залуус" сэтгүүлд "Тагтаа, тагтаа" өгүүллэгээ нийтлүүлсэн нь Хайян хошууны соёлын төвд ажилд орох эрхийг түүнд авч ирэв. Маогийн үхэл тэдэнд цоо шинэ, өөр нэгэн замыг нээж өгсөн нь энэ байлаа.
1978 оны 12 дугаар сард эхлүүлсэн “Хятадын өөрчлөлт шинэчлэлийн нээлттэй бодлого”-ын нөлөө 1950-1960-аад онд төрсөн, 80-аад онд түрүүч нь дөнгөж 30 насны босго алхаж байсан залуу зохиолчдод “тайзнаа” гарах боломжийг олгосон юм. Өөрчлөлт шинэчлэлийн бодлого эхэлсэн болохоор энэ оронд шинэ үзэл санаа, шинэ үзэл суртал хэрэгтэй байснаас гадна “Соёлын хувьсгал”-ын жилүүдэд дарлал шүүмжлэлд өртөж Мао Зэдуны "ажилчин, тариачин, цэргүүдийн уран зохиол"-д байр сууриа алдчихаад байсан үндэстний уран зохиолоо сэргээж байр сууриа олж авах шаардлага тулгарсан юм. Хэдийгээр энэ үеийнхэн төрөн гарахад улс төрийн эрх мэдлийн түлхээс байсан ч нийгмийн хэрэгцээ, уншигчдын сонголтоор голчлон хэрэгжсэн юм. 1980-аад онд утга зохиолын сэтгүүлүүд ар араасаа шинээр мэндэлж уран зохиолд цахиур хагалах шинэхэн оддын эрэлд гарлаа. Ши Тишэн, Тие Нин, Чи Зижян, Чен Ран, Су Тонг, Гэ Фэй, Мө Янь, Үй Хуа, Жя Пинва, Ван Ан И гээд олон залуу зохиолчид "Залуучуудын уран зохиол", "Нахиа", "Залуу нас", "Залуу зохиолч", “Ургац”, “Ардын утга зохиол” зэрэг уран зохиолын сэтгүүлүүдээр дамжин уран зохиолын тавцанд мэндэлж байлаа. Шинэ үзэл санаа, өөр үзэл суртал ард түмэнд нэвтрүүлэхэд шинэ залуу зохиолчдын дуу хоолой хэрэгтэй тул онцгой их анхаарч байсан харагддаг. “Ургац” сэтгүүл л гэхэд 1987 оны 5, 6-р дугаараа “Үндэсний залуу зохиолчдын тусгай дугаар” болгон гаргаж “Улаан дэнлүүг өндөрт асаа” кино зохиолоор нь сайн мэдэх Сү Тонг зэрэг тухайн үеийн залуу зохиолчдын бүтээлүүд хэвлэгдэж байв. 1985-1997 оны хооронд "Утга зохиолын шинэ оддын цуврал"-аар нийт 64 бүтээлийн түүврийг гаргасан бөгөөд үүнд А Чен, Мө Янь зэрэг тухайн үед ид мандаж байсан бүхий л залуу зохиолчдын бүтээл багтсан байх жишээтэй. Тэр үед Хятадын кино урлаг ч хурдацтай хөгжиж ид цолгорч байгаа залуу зохиолчдын бүтээл шил дараалан тайз, дэлгэцийн бүтээл болж Мо Яний “Улаан сорго”, Сү Тонгийн “Улаан дэнлүүг өндөрт асаа”, Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолууд, Фан Фан, Ши Тишэн, Лю Жэнюн мэт алдартай зохиолчдын бараг бүх бүтээл дэлгэцийн бүтээл болж олон улсад гарч байв. Тэр он цаг бол зохиолчдын бүтээн туурвих эрхийг маш их эрэлхийлж, дэмжиж байсан цаг үе. Тэр үеийнхэн ч таатай нөхцөл байдлыг гарамгай ашиглаж өөрсдийгөө Хятадын шинэ цагийн уран зохиолын алтан үе болгож чадсан. Өөрчлөлт шинэчлэлийн бодлого Хятадын уран зохиолд ч шинэ үеийг авч ирсэн нь энэ. Өнөөгийн Хятадын уран зохиолын хойморт суугаа бүх зохиолчид наяад онд хамаарна. Шинэчлэлт өөрчлөлтийг улс даяар эхлүүлсний тусгал уран зохиолд ч тусгалаа олж энэ үеийн зохиолчид уламжлалт бичлэгийн хэв маягаас уран зохиолоо салгаж, шинэлэг байдлаар туурвиж эхэлсэн юм.
Тэдэнд цаг төрийн таатай уур амьсгал ч байлаа, эргүүлж мөлжөөд дуусахгүй “Иргэний дайны жилүүд”, “Их үсрэнгүй давшилт”, “Соёлын хувьсгал” зэрэг туулсан түүхийн баялаг сэдвүүд, бичих эрх чөлөө, зориг зүрх ч байлаа. Хамгийн гол нь “Соёлын хувьсгал”-ын арван жилд Маогийн улаан номоос өөр цагаан дээр хараар бичсэн юмны бараа хараагүй “өлсгөлөн” уншигчид бас байлаа. Тиймдээ ч энэ жилүүдэд “Ардын утга зохиол”, “Ургац” зэрэг сэтгүүлүүд сая сая хувиар хэвлэгдэж байсан баримт бий. Энэ үеийн зохиолчид уран зохиолын шинэ “атар газрыг” эзэмшиж шан татахдаа “Шарх сорвийн уран зохиол буюу 伤痕文学”, “反思 буюу эргэцүүллийнхэн”, “寻根 буюу язгуураа эрж хайгсад” зэрэг хэд хэдэн урсгалд нэгдэн уран зохиолын нэгэн түрлэг давлагааг үүсгэж байв. Энэ шинэчлэлийн салхи яруу найрагт ч мөн сэвэлзэж Бэй Дао, Шү Тин, Гү Чэнь зэрэг “Манан”-гийн бүлгийн яруу найрагчид тодрон гялалзав. Утга зохиолын академиуд ч эргэн сэргэж 80-аад оны шижигнэсэн залуу зохиолчид тэнд боловсорч байсны дотор “Лү Синь уран зохиолын академи”-д Үй Хуа, Мө Янь нар дотуур байрны дөрвөн давхарт, нэг өрөөнд амьдарч байсан түүхтэй. Уг нь гурван хүний өрөө байхаар бэлтгэсэн ч нэг нь ирээгүйгээс тэр хоёр хамт аж төрж, Мө Янь нэг талд “Дарсны орон” романаа бичиж, Үй Хуа нөгөө талд “Зүс борооноор хадах дуун” анхны романаа бичиж суусан гэдэг. Байрны ойролцоох ногооны талбай руу гэгээ тасарсан хойно гэтэн очиж мөн ч олон удаа өргөст хэмх хулгайлж идэж байсан тухайгаа, байрны гал тогооны өрөөнд нууцаар цугтаа усанд орж явсан тухайгаа дурсацгаасан байдаг. Цаг үе зохиолчоо төрүүллээ гэх үү, нийгмийн захиалга гэх үү, тохироо бүрдлээ гэх үү? Юутай ч наяад он Үй Хуаг болон олон хүчирхэг зохиолчдыг төрүүлжээ. Цаг үе зохиолчоо ч төрүүлсэн биз, нийгмийн захиалга ч байсан биз, бүх зүйлийн тохироо ч бүрдсэн хэрэг биз ээ.
Уран зохиол амьдралын хөрсөөр тэжээгддэг болох нь
Өмнөх хэсэгт би уран зохиол амьдралын хөрсөөр тэжээгддэг хойно энэ үеийнхэнд эргүүлж мөлжих “Иргэний дайны жилүүд”, “Их үсрэнгүй давшилт”, “Соёлын хувьсгал” гэсэн туулсан түүхийн баялаг сэдвүүд байлаа гэж бичсэний учир Үй Хуагийн романуудын үйл явдал бүрийг сөхөөд үзвэл түүний цаана Хятадын XX зууны түүх байдаг. Үй Хуа болон энэ үеийн ихэнх зохиолчид ХХ зууны түүхээ л хөрсөө болгон бичиж туурвисан байдаг. Жишээлбэл, Үй Хуагийн “Амьдрахуй” романд төмөр хайлуулах тухай гардаг үйл явдал бий.
Энэ үйл явдал “Амьдрахуй” романы монгол хэвлэлийн 89 дүгээр хуудаснаас эхэлдэг. “Орой болж манааны ээлжээ хүлээлцэв. Би ус нэмж, Фэн Шиа гал сэвүүрдэж, нөгөө хоёр маань унанги мөчир, гишүү түүнэ. Ийм янзаар ажилласаар шөнө дундлахад тосгоны бүх айл унтсан байв. Би гурван ч удаа ус нэмж, тэвэр тэврээр түлээ өрдсөөр суулаа. Гэвч төмөр хайлсангүй, бахь байдгаараа. Хөлс нь цувсан Жиа Жэн мод түшин суужээ.” Мөнхүү романы 98-р тал. Ээлжтэй хоносон энэ шөнө эхнэр нь тамираа тасартал ажиллаж, хэвтэрт ордог. Зохиолч Фэн Шиагийн ямаршуу нөр их хөдөлмөрлөснийг гал түлж байсан төмөр торх цоорсноор л харуулчихсан нь гоё уран санаа. Эхнэрээ яах учраа олохгүй бас торх цоолсон ялд унах болчхоод байсан Фу Гүйг азын тэнгэр ивээхэд шатаасан тогоо нь хагас дутуу хайлчихсан, тосгоны дарга түүгээр машид бахархангуй “Энэ лав гурван ширхэг их бууны сум болно. Бүгдийг нь Тайван руу буудах хуна. Дээшээ дуулгамаар баярт явдал боллоо” гэчихсэн зогсож байдаг хэсэг л дээ.
Энэ явдлын “ар үзэгдэл”-ийг сөхвөл Мао удирдагч аль 1953 оноос дотроо боловсруулж дарс шиг дарж яваад 1958 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн “Их үсрэнгүй давшилт”-ын нэгээхэн хэсгийг харуулж байна. Мао аж үйлдвэржүүлэх хөтөлбөрийг 10-15 жилд хэрэгжүүлнэ гэж байснаа 7-8 жил хангалттай гэснээ бүр сүүлдээ ЗХУ-аас техник технологи авчих юм бол манайх ганцхан үсрэлтээр л хүрчихнэ хэмээж, “Манай ард түмэн атомтой төстэй” гэсэн мэдэгдэл ч хийж байв.
Мао үлгэр жишээ тосгон байгуулж, нэг мү талбайгаас 70 тонн хүртэлх ургац авлаа (хэвийнхээс хэдэн зуу дахин их) хэмээн сонин сэтгүүлээр сэвүүлж, тариачдыг ургацаа нуун дарагдуулж байна, коммунист үзэл санаа алга, хоолоо хас, зутангаа улам шингэн хийж уу, бага идсэний буруу гэж байхгүй, биелүүлэхгүй бол хүчээр гүйцэлдүүл гэх зэргээр ард түмнээ тэрэгний луус, тээрмийн илжиг болгож байсан он жилүүд. Чухамдаа ард түмний чадамжийн хэр хэмжээ чухал бус, Маогийн хүсэл санаанд хүрэх нь л чухал байв. Яг л манайд мал сүргийг тоо толгойг 200 саяд хүргэхийг шахаж шаардаж байсан шиг, бас манайхан адууны дэл, тэмээний шил зогдор, малын эвэр, сарлагийн хөөвөр, ямааны ноос ноолуур, хонины ноосыг жинлэн авч жиндээ хүрэхгүй бол танай, манай аав, өвөө харганын ноос түүж, хажуу айлаасаа гуйж түүж явсан шиг л юм. “Хувьдаа хоёр үнээтэй гэсэн байна. Энэ хоёрын чинь сүү хаа байна” гэж нэхэж авч, та бидний эцэг эхийг цайны сүүгүй үлдээж байсан шиг л юм. Одоогоор бол “Тэрбум мод тарих” гэдэг бүтэшгүй хөтөлбөртэй дүйцүүлмээр юм уу даа.
Ингээд 1959 оны дөрөвдүгээр сар гэхэд л 15 мужийн 28 сая хүн өлсгөлөнд нэрвэгдчихээд байлаа. Хүмүүс олноор үрэгдэж байгаа тухай тосгоны дарга хэлбэл намын эсрэг үзэлтэн болж, “Туулаад гар” гэсэн л тушаалтай буцаж ирж байсан он жилүүд. Энэхүү “Их үсрэнгүй давшилт” хэмээгчийн нэг гол үйл явдал бол Хрушевийн “Цайны халуун тогоо” хэмээн ёжилж асан домен зуух, төмөр хайлуулагч торхнууд юм. Мао ган хайлуулалтаар АНУ-ыг ардаа орхих болно хэмээн сагсалзаж, төмөр хайлуулах зуух 90 саяыг барихыг тушаасан. Тушаал ёсоор гүйцэтгэхийн тулд айл бүр зуух барьж, тогоо, шанага, савх, сэрээ төмөр нэртэй юу л байна уу бүгдийг нь тушааж, үсний хавчаар, хаалганы бариулаа хүртэл жилд хайлуулах 10 тонн ганд нэмэр болгох гэж өгч байсан гэдэг. “Нэг зүү нууж авч үлдэнэ гэдэг бол нэг хувьсгалын эсэргүүг нууж байгаа явдал” гэдэг агуу уриа лоозон гарч хүмүүс сэтэрхий зүү, хугархай тэвнэгүй үлдэж байсан өдрүүд. Дэд бүтэц байхгүй, хүний олноор хийх гэсэн мунхаглалдаа хэдэн зуун сая тариачдыг татан оролцуулсан нь “Амьдрахуй” романд ч тосгоны бүх айлуудыг оролцуулж байгаагаас тодхон харагддаг. Зай завсаргүй гал өрдөж байх хэрэгтэй тул түлээ түлш зэнгэхгүй. Ойр хавийн уулын мод, ургамлыг хуу хядаж (үүний уршгаар удалгүй их үерийн гамшиг тохиосон. Манайд ч мөн Туул голын эхээс мод хяргаж, хэдэн жил Туулаар сал хөвүүлсний гайгаар байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, жаран хэдэн оны гамшигт үе болсон), сүүлдээ бүр тариачдын байшингийн дээвэр, хана зэргийг хуу татаж түлээд олон мянган тариачин ард орох оронгүй, оочих аягагүй болсон. Мао “Ардын коммун” гэж нэрлэсэн эдгээр хүмүүсээ овог, нэрээс нь хүртэл салгаж, тоогоор дугаарлаж байсан гэдэг. 1960 он гэхэд өлсгөлөн туйлдаа хүрлээ. 1960 онд гэхэд л хүний мах идсэн хүмүүсийн тоо 63 бүртгэгдэж, хүүхдээ хороож идсэн тохиолдол ч гарч байжээ. Энэ тариачин ард хүний махан идэштэйдээ биш, тийм аймшигт сонголт руу түлхсэн төр засгийн харалган шийдвэрийн урхаг нь ингэж гарчээ. Маогийн хүслээр гэрийн нөхцөлд хайлуулаад гардаг ган ч гэж юу байх билээ. Бүгд бүтэлгүйтсэн. Хүмүүсийн хөлс хөдөлмөр, амьдрал ахуй, амь насыг үрсэн каннибализм л болсон. Энэ хэдхэн жилийн дотор л гэхэд 38 сая хүн амь насаа алдсан гэсэн баримт бий. “Амьдрахуй” романд дурдагдаж буй үйл явдлын мод бүхнийг энэ мэтээр ганхуулж үзвэл дээрх лүгээ адил “түүхийн жимс” унан ирэх бөлгөө. Романы үйл явдлын “чулуу” бүхнийг сөхөн үзвэл доор нь аанай л Дундад улсын өнгөрсөн зууны түүх байх авай.
Үй Хуа "Долоо дахь өдөр" романаасаа найман жилийн дараа 2020 онд "Вэн хот" романаа хэвлүүлсэн юм. Энүүхэндээ гэхэд нөхрийг харимал бөх болсон, хүн амьтан шуугиулахаар юм бичсэн нь юу л бол, "Ахан дүүс" романаараа ер нь дуусчихсан даа гэж их л хүлээлт багатай орчуулж эхэлсэн ч зохиолч энэ романаараа уран зохиолоос зодог тайлаагүй гэдгээ зарлажээ.
Линь Шянфу хэмээх хойд нутгийн эр өмнөд нутгийн Вэн нэрт нэгэн хотыг насан туршдаа хайдаг. Угтаа хаана ч оршин байхгүй, Линь Шянфугийн сэтгэл төсөөлөл дотор л буй хот. Үүгээрээ Итало Калвиногийн "Үл үзэгдэх хотууд" романы 55 хотын аль нэг хотыг санагдуулам. Шянфу зөв газраа олсон ч эрлээ олоогүй. Учир нь 18 өдрийн их цаснаар Вэн хотоос олж уулзах учиртай хуримласан хань, охиных нь ээж Шиао Мэй бараг түүний нүдэн дээр шахуу үхчихдэг. Арван найман өдөр орсон их цасны тухай бичихдээ Үй Хуа Чин гүрний Каншигийн үед Тайху нуурын орчимд 40 өдөр цас орсон гэх архивын баримтаас санаа авсан гэдэг. Зохиолд буй энэ мэт олон үйл явдлыг архиваас авснаа өөрөө дурссан байна билээ. Зохиолч тус романы түүхэн үндэслэл болгон ашигласан үйл явдал, газар орон, цаг хугацаа нь тэр бүр зохиолчийн хүрээд байдаггүй түүхийн үе ажээ. Ерөөс Үй Хуа “Их үсрэнгүй давшилт”, “Соёлын хувьсгал” зэрэг сэдвийг л тойрч бичдэг онцлогтой. Романы эхлэл хэсэгт ХХ дугаар зууны эхэн үеийн цаг төрийн байдал хойно өрнөх зохиолын гол өрнөлийн удиртгал маягаар зурвасхан өгүүлэгддэг. Харин Вэн хот дээр зохиолч тэр бүр гар хүрээд байдаггүй түүхэн цаг үеийг сонгосон нь сонирхолтой.
Романы үйл явдал Чин гүрний төгсгөл үе, Бүгд найрамдах улс байгуулагдахын эхэн үеийн ороо бусгаа, дайн дажин үймээн самуун, дотоодын болон гаднын дайснууд бужигнасан улс төрийн тогтворгүй цаг үед өрнөдөг буюу товчхондоо 1912-1945 оны үйл явдлыг өгүүлнэ: Хятадын эзэн хаант төр нуран унасан. Чин гүрний засаглал мөхөж сүүлчийн эзэн хаан Пү И зугтаасан. Сун Ятсэн 1912 онд Нанжинь хотод “Бүгд найрамдах улс”-ыг тунхагласан. Цэргийн генерал Юан Ши Кай өөрийгөө эзэн хаанаар зарласан. Нас барсан. Хятад улс төвлөрсөн захиргаагүй муж бүрийг цэргийн эрхтнүүд захирч байсан “Цэргийн жанждын эрин үе”. Түүний дараах Хятадын иргэний дайны үе. Гоминдан буюу үндэсний нам-Коммунистуудын хагарал. Чан Кайши, Мао Зэдун нарын хоорондын тэмцэл. 1930 он гарч Япончууд, Дундад улсын зүүн хойд хэсэг рүү халдан довтолж Манжуурыг булаан эзэлсэн үйл явдал. Мао толгойлон хийсэн “Урт марш” хэмээн тэмдэглэсэн үйл явдал ч тус романд буй. Романд гарах дээрэмчдийн бүлгэмийн нэг толгойлогчийн дүр ч магад Мао Зэдунээс сэдэвлэсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр 1933-1936 оны хооронд хийсэн олон удаагийн их аяны дундаа уулархаг нутгаар бүгж, дээрэм тонуул хийж, газрын эздийн өмчийг булааж, шинэ эхнэртэй ч болоод амжсан. Энэ л он жилүүдэд тэр тариачдаар хүчээ зузаатгаж, хүрээгээ тэлж, зэр зэвсэг, хоол хүнс, цэрэг армиа сайтар бэхжүүлсэн зэрэг явдлууд энэхүү романд ёгтлогдсон гэмээр. Энэ мэтээр түүхэн үндэслэлийг гарамгай ашигладаг нь Үй Хуагийн болоод тэдний үеийн хятад зохиолчдын онцлог юм уу даа.
Зохиол, болсон явдал хоёр мөн ийм. Уран зохиолыг дан ганц амьдралаас сэдэвлэсэн, болсон явдал, түүхээс сэдэвлэсэн байх ёстой гэвэл дэндүү арга ядсан ажил. Уран зөгнөлт, ШУ-ны, сүлжээний гээд өчнөөн зүйлс үүний цаана байгаа. Сэтгэл татам болсон явдал, түүх болгон уран зохиол биш. Хэдийгээр аль нь ч өргөн утгаараа түүхийн хүрээнд хамаарах ч уламжлалт романы хил хязгаарыг даван гарч ирсэн, шинэ өгүүлэх хэлбэрүүд. Тэгэхээр манай уран бүтээлчдэд түүхийг харах өөр өөрийн хараас, өөр өөрийн өнцөг дутмаг байгаа ч юм шиг. Үй Хуа жишээ нь түүхэн хүнийг биш түүхэн үйл явдлыг, тухайн цаг үеийн төрөөс барьсан бодлогын тусгал, ойлтыг авч ашигладаг зохиолч. Ганц ч түүхэн бодит дүр үгүй атлаа ХХ зуунд Дундад улсын ард иргэдийн туулсан амьдралыг харуулдаг. Үй Хуагийн зохиолын баатруудын өмнө хүнд бэрх, зовлон зүдгүүр, дайн самуун хэдий чинээ их тулгарна, дүр төдий чинээ домгийн шинжтэй болж, дүрийн өмнө босох давшгүй давааг санаанд оромгүй гэнэтийн, ид шидийн байдлаар даван туулах болдог. Үүнээс гадна дүрийн хэв маяг, ааш араншин маш тогтсон тодорхой болж байдагчлан “Вэн хот” романы гол дүр болох Шянфу ч дэндүү сайхан сэтгэлтэй, дэндүү уужуу, дэндүү романтик, дэндүү өршөөмтгий нэгэн байсан нь мөн дүрийг машид домоглог шинжтэй болгож өгсөн байдаг. Харин эсрэгээрээ Шиао Мэйн дүр сайн, муу гэж аль нэг талд багтааж боломгүй сэтгэл санаа, ааш зан дэгэлзэж хэлбэлзсэн нэгэн байснаараа хүмүүс бид нартай илүү ижилхэн, илүү ойр, зөвтгөж, буруутгахын эцэсгүй дүр болсон байна. Хятад зохиолд ажиглагддаг эмгэнэлт шинж их байх тусам ид шид, домгийн шинжээр түүнийг давж гарч романтик болгож байдаг уламжлал ч мөнхүү зохиолын төгсгөл дэх Шянфугийн шарилыг аваад хойд нутаг руугаа буцах замд насаараа хайсан эхнэрийнх нь булштай таарч буйгаас харж болохуйц.
Үй Хуагийн сюрреалист маягийн зохиолд үйл явдал нь дүрийг хөдөлгөдөг. Өөрөөр хэлбэл үйл явдал нь дүрээ захирдаг. Тэр ч утгаараа дүрүүд нь энгийн шинж чанар, тод сэтгэл хөдлөлтэй хэв шинжит дүрүүд байдаг. Харин реалист маягийн зохиолуудад нь дүр нь үйл явдлаа хөтөлдөг. Дүрээ ашиглан үйл явдлаа өрнүүлдэг гэж болно. Жишээ нь “Цусаа худалдсан тэмдэглэл” романы Шү Сангуан бол үйл явдлаа өрнүүлж, хөтөлж яваа нэгэн гэж болохуйц. Тэгвэл “Вэн хот” романы гол дүр Шянфу бол өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байх гэсэн, хайр сэтгэлийнхээ төлөө хэдэн мянган бээрийг туулж чадах, эрснээ олохын төлөө юу ч хийхээс буцахгүй шинж чанараараа “Амьдрахуй” романы хувь тавилан юу ч өгсөн хүлээж аваад сууж байдаг Фу Гүй өвгөнөөс эрс өөр юм. Фу Гүй амьд байгаа учраас амьдарч, оршиж байдаг болохоос түүнд тэмцэл, хүсэл мөрөөдөл гэж зүйл байдаггүй. Харин “Вэн хот” романы Шянфу түүний эсрэг гэж болохуйц тэмцэгч, сөрөгч дүр. Үүгээрээ Үй Хуагийн романы дүрийн хэв шинжүүд ялгарч байна.
Энэ мэтчилэн түүний олонд хүрсэн голлох бүтээлүүдийн түүхэн цаг хугацааг аваад үзвэл Манжийн төр унасны дараагаас Соёлын хувьсгал дуусах хүртэлх үеийн үйл явдал дээр суурилан бичсэн нь харагдана. Энэ онцлог нэгэн үеийн зохиолчдоос нь ч нийтлэг ажиглагддаг. Харин Үй Хуагийн бичлэгийн өнгө аяс харьцангуй товч, энгийн, аливаа утга санаа, үйл явдлыг илэрхийлэхдээ аль болох цөөн, энгийн хар ярианы үг ашигладгаараа ялгарч байдаг билээ.
Орчуулсан минь
Хятадын орчин үеийн уран зохиол судлалын магистрын ангид элссэний хоёр дугаар оны хавар сан. Монголоос зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай ах Өвөр Монголын Багшийн Их сургуульд уригдан ирж, уулзалт хийсэн юм. Уулзалт Өвөр Монголын Багшийн Их сургуулийн өмнө тойрог буюу “Хорин гэрт” болж билээ. Түүнийг үзэж сонирхохоор Өвөр Монголын Их сургуулийн хойд тойрогт суудаг би, мөн манай хажуу байранд суудаг, ӨМИС-ийн сэтгүүлзүйн ангийн оюутан, залуу яруу найрагч Мэндбаяр хоёул автобусны арын суудалд зэрэгцэж суун зорин явсан минь одоо ч тодхон. Замд Мэндбаяр цүнхнээсээ нэг ном гаргаж ирж үзүүлээд,
-Би энэ зохиолыг хоёр дахь удаагаа уншиж байна
-Юу гардаг юм бэ?
-Ганц бие үлдсэн нэг өвгөн үхэр худалдаж аваад эхнэр, хүүхдийнхээ нэрийг тэдэнд өгөөд үхэртэйгээ ярьдаг юм гэх нь тэр. Д.Урианхай ахын уулзалтыг Өвөрмонголын Багшийн их сургуулийн доктор, яруу найрагч Цолмон багш хөтлөн явуулж, их л сайхан болж өнгөрлөө. Уулзалтын дараа Д.Урианхай ахтай татуулсан зураг надад үлджээ. Маргааш нь би сургуулийн зүүн хаалганы дэргэд байх номын дэлгүүрээс өчигдөр Мэндбаярын “гайхуулаад” байсан номыг худалдаж авлаа. Авчхаад номын дэлгүүрээр дамжин ордог кофе шопод орж суугаад эхлүүлэв. Тэр өдрөөс хэд хоногийн дараа “Тагтаа” хэвлэлийн газарт ажиллаж байсан утга зохиол судлаач У.Бямбаням ах чат бичиж байна. “Сугараа ах “Нохойн зүрх” орчуулаад гаргалаа Сувдаа “Сайн уу, гуниг минь” орчуулаад манайхаас гаргачихлаа, чи л таг. Чамд орчуулъя гэж бодсон санасан юм байна уу?” гэдэг юм байна. Үүнээс яг жилийн өмнө би “Тагтаа” хэвлэлийн газраас зохион байгуулдаг “Тагтаа утга зохиолын шагнал”-ын уралдаанд Чи Зижяний “Цасан хөшиг” өгүүллэгийн орчуулгаар тэргүүн шагнал хүртэж, хамтран ажиллах эрхтэй болоод байсан юм. Тулсан үед “Амьдрахуй”-гаас өөр санаанд орох юм байсангүй. “Амьдрахуй”-д санаа байгаагаа хэлэв. Тэгсэн дуун дээр зөвшөөрч байна. “Бид нар бас яг наадхыг чинь гаргая гэж ярилцаж байсан юм. Чи ерөөсөө орчуулгаа эхэл, бид нар эрхийг нь авахаар хөөцөлдье. Тэгээд намрын номын баяраар гаргая” гэх нь тэр. Ингээд би дөнгөж уншаад эхлүүлж байсан “Амьдрахуй”-гаа орчуулж гарлаа. Арван хуудас уншаад л араас нь хөөж орчуулаад байв. Зуны амралт ч дөхөж, шалгалт шүүлэг ч дөхөж, хэсэг орхилоо. Амралтаар Монголд ирмэгцээ муу хуучин саарал компьютероо номтойгоо чирч аваад “Антоон Мостаэрт Монгол судлалын төв”-ийн номын санд очоод “хэвтчихлээ”. Энэ номын сан наран талдаа харсан цонхгүй тул халуун зуны цагт сууж байхад таатай, тохитойг би олон жилийн өмнөөс мэдэх билээ. Анхны номын орчуулга анхны хайртайгаа учирсан мэт халуун янаг гэж жигтэйхэн. Салж хагацахаа мэдэхгүй, энэ хорвоо дээр үүнээс өөр эрхэм нандин зүйл байхгүй мэт л бүтэн сар суулаа. Ингээд наадмын өмнө орчуулгаа дуусгаж шидчихээд хөдөө явлаа. Намар шинэ хичээлийн жил эхэлж би урагшаа буцлаа, ном байдаггүй. Урагшаа очоод удаагүй байтал гарлаа л боллоо. Эхнээсээ уншаад уйллаа л боллоо. Урд, оюутны дотуур байранд байх хэцүү, цаг бүртгэнэ. Оройны 11 цаг гээд хаалгаа барьчихна. Гурван удаа хоцорвол гадаад оюутан хариуцсан олон улсын сургууль руу дуудагдаж, сарын тэтгэлэг хасуулах энэ тэрдээ тулна. Гадна, дотноос найз нөхөд оруулж гаргаж болохгүй, ийш тийш хонуут өнжүүтээр явж болохгүй, ер нь л яршигтай. Тэр жил эхний хоёр, гурван жил хамт байсан антропологич Г.Зулбаатар ах ч төгсөөд явчихсан, санаа нийлэх, сав нийлэх найз нөхөд ч ховор, ер нь л ганцаардаад байсан тул байрнаасаа нүүлээ. Сургуулийн тойргийн урдханд нэгэн монгол хос сууж байгаа байрныхаа хажуу өрөөг түрээслүүлэх гэж байгааг сонсоод тэнд амьдрахаар боллоо. Магистрын хичээлээ үзээд дууссан болохоор долоо хоногтоо хоёр л удаа удирдагч багшийн хичээлд суухаас өөр ажилгүй, тиймээс зав чөлөө тун сэлүүхэн байгаа дээр жаахан тэнэмээр санагдаад байрнаасаа оргох шахуу ингэж гарсан нь энэ. Ормогцоо өрөөгөө түгжиж орхиод үүргэвчээ үүрч аваад Өвөр Монголын Ордосын хэдэн хошуу, наашлаад Бугат хотоор хэд хоног зэсрэв. Тэр жилийн намар өвөл сэтгэл тогтохгүй дэнсэлсэн нэг л тийм амьдралаас уяссан хачин улирал байж билээ. Хэзээ мөдгүй үхэх гээд байгаа юм шиг айдас хургасан үе байж. Хаашаа ч хамаагүй яваад л баймаар хүсэл төрөх. Тэгэхээр нь Шандуны нийслэл Жинанд сурч байгаа найз руугаа яваад очъё гэж хэллээ. Өнөөх маань ч “Тэг тэг, чаддаг юм бол хүрээд ир” гэлээ. Тэр даруй оройны суудал харсан, байж байна. Аваад суучихлаа. Замдаа нэг дамжаад, маргааш нь үд дунд гэхэд Жинанд буулаа. Найзын нүд орой дээрээ гарчихсан итгэж ядна. Жинанаас Мо Яний төрсөн нутаг зүүн хойд Гаоми хот маш ойрхон, Чиндао орох замд бий тийшээ явъя гэж найзыг “мушгисаар” байгаад зөвшөөрүүлж, Чиндао орох галт тэргэнд суугаад замдаа Гаоми хотод буулаа. Гаомигаас арай чүү нэг такси олж аваад зүүн хойд зүгт байх Мө Яний хорин нас хүртлээ амьдарсан хуучин гэрт хүрлээ. Нобелийн шагнал хүртсэнээс нь хойш хүний хөл татрахаа болиод түм түжигнэсэн газар болжээ. Мө Янь сууж байсан бага сургууль, амьдарч байсан гэр гээд гурван өрөө шавар байшин, хашааны урдхан илжгэн чихний мод, наана нь хуучин тээрмийн чулуу сэлт харагдана. “Улаан сорго” кино хийх үеэр Жан Имоу, Мө Янь хоёрын авхуулсан зургуудыг голын өрөөнд өлгөж, зүүн талын өрөөнд ханз, нэг том хар тогоо, шавар пийшин тавьсан хоосон шахуу амбаар. Тэндээсээ буцаж Жинан ороод ахин нэг, хоёр хоног хотоор тавхайгаа эргэтэл тэнэж тэнэж буцлаа. “Амьдрахуй”-н дуулиан оргилсоор, гэвч гарт ном маань ирээгүй. Хурдхан л гартаа барьж үзэхийн түүс. Монголоос найзууд ярьж баяр хүргээд л, магтаалын зурвас илгээгээд л, би тэнд хоёр хөл газар хүрэхгүй хийссэн амьтан. Тэгж байтал Монголоос Өвөрмонголын “Одон” телевизэд ажиллахаар яруу найрагч Х.Батхолбоо ирэх гэж байгааг дуулаад номоо захилаа. Ирэнгүүт нь Хөх хотын хойд хэсэгт байх байр луу нь давхиж хүрч, сая нэг муу юм номоо алган дээрээ тавьж, ар өврийг нь эргүүлж үзэв. Тэр орой нь бид хоёр баяр тэмдэглэж, сүрхий доргисон санагддаг. Байр сав хаачихна гэж барьц алдах юмгүйн хэрэг гарч, тэр шөнө сар голлотол дарвиад гэртээ харив. Түрээсийн байрандаа ганц нэг хоносон уйдаад болох биш. Ном гарчихсан дэгэлзээстэй. Гэвч баяр хөөрөө хуваалцах хүнгүй ганцаардаастай. Хэрэв зээ тэр үеийнхээ өөртэйгөө уулзвал нэг сайхан халуун дотноор удаан тэврээд магтаж аргадаж жаахан тайтгаруулж өгөхсөн гэж одоо би боддог.
Гэнэт Үй Хуатай уулзъя гэсэн мэргэн ч гэх үү, тэнэг ч гэх үү санаа төрдөг юм байна. Ингээд Өвөр Монголын яруу найрагч Ш.Дүүрэнжаргал ахаас Үй Хуатай холбогдох имэйл хаягийг асууж аваад тэр оройноо л “Эрхэм хүндэт Үй Хуа та сайн байна уу? Би таны “Амьдрахуй” романыг орчуулсан залуу байна. Арванхоёрдугаар сард Бээжин орох төлөвлөгөөтэй. Тантай уулзаж болох болов уу” гэсэн утгатай захидал илгээгээд унтлаа. Өглөө сэрсэн хариу ирж шүү, хөөе. “Тэгье” гэж байна. “Арванхоёрдугаар сарын 10-13-ны хооронд Бээжинд байна. Чи вичатаа өгчих, түүгээр харилцвал илүү дөхөм” гэлээ шүү, бүр. Вичат ID-гаа явуулсан “Үй Хуа” гэсэн хаягаас хүсэлт ирж байна. За ингээд ёстой цэнгэлийн манлайд хүрлээ биш үү. Яаж баярлах учраа ч олохгүй маанаг амьтан. Арванхоёрдугаар сар гарангуут Бээжин явлаа. Уулзах өдрөө хүлээж арваад хоносны эцэст ашгүй 12-ны өдөр ч болж Бээжингийн багшийн сургуулийн зочид буудлын доорх кофены газарт бид уулзлаа. “Монголоос олон хэвлэлийн газрууд холбогдож байна. Чи ахиад юм орчуулах бодол байна уу?” гэхээр нь “Цусаа худалдсан тэмдэглэлд” санаа байна гэж орхилоо. “Тэгвэл тэг тэг, тохирлоо” гэсэн яриа тэр үед болж билээ. Тэр жил миний хувьд уран бүтээлийн олз ихтэй сайхан жил байлаа. Өвөл нь буцаж ирмэгцээ өмнө орчуулаад байсан “Цасан хөшиг”, “Цаст булш” хоёр өгүүлэг дээрээ Чи Зижяний хэдэн өгүүллэгийг нэмж орчуулаад шилмэл өгүүллэгийн түүвэр бэлдчихлээ. Тэр өвөл Хөх хотод олон жилийн дунджаас онцгой хүйтэн өвөл болж билээ. Би намар нь нүүж орсон газраасаа гарч, өөр газар бас нэг айлын хажуу өрөөнд сууж байв. Асар хүйтэн тул халаагуур залгаж хөл рүүгээ тавиад л өглөөнөөс үдэш болтол суусаар дуусгахад өвөл ч дуусаад уриншиж байв. Хавраас нь тэр жилийн Лү Синий нэрэмжит шагналыг туужийн төрөлд хүртсэн “Авга ах” туужийг орчуулав. Зун нь амарч ирмэгцээ “Цусаа худалдсан тэмдэглэл” романы орчуулга дээр суулаа. Тухайн үед яг тэр зун Төв номын сангийн ард шинэхэн нээгдээд байсан “Чүү чүү” нэртэй газар өглөөний зургаад нээгддэг байсан юм. Өглөө зургаа гэхэд л би үүдэнд нь яс гозойж байдаг боллоо. “Цусаа худалдсан тэмдэглэл” романы ихэнхийг тэнд сууж орчуулсан даа. Мөнхүү жил миний хувьд өөрийн ажлын арга барил, дадлаа олж авсан, таньж нээсэн үе өгөөжтэй жил байв. Уран зохиолын томоохон хэмжээний бүтээл орчуулахад урт хугацаа шаардлагатай, тэр хугацаанд яг л гам барьж байгаа өвчтөн шиг маш нарийн дэг сахиж, нойр хоол, сэтгэл санаагаа бэлтгэх ёстойг ойлгож авав. Хоол ялимгүй ихдэхийг нойр багахан дутуудахад л тэр өдрийн ажлын бүтээмж унадаг. Тиймээс өөрт тохирсон дадал, сахилга батыг өөртөө суутал ягштал барих хэрэгтэйг тэр үед мэдэж авсан билээ.
Зун нь би Үй Хуагийн “Тэсрэлт” өгүүллэгийн орчуулгаар Монголын орчуулагчдын эвлэлийн уралдаанд тэргүүлж, шагналаа аваад орчуулагч О.Чинбаяр ахтай ярьж зогстол “Ах нь маргааш орчуулах хэсгээ урьд орой нь унтахынхаа өмнө хараад, мэдэхгүй үгсээ хадаад, тодруулах ёстой ойлголтуудаа нягтлаад унтдаг. Тэгвэл маргааш нь хийхэд амар байдаг” гэсэн нь сэтгэлд их ойр тусаж, маргаашаас нь туршиж үзтэл орчуулга маань мөн ч урагштай болж ирж билээ. “Цусаа худалдсан тэмдэглэл” бол харилцан яриагаар бүтээсэн роман. Харилцан яриа шиг хүүрнэж, хүүрнэсэн мэт харилцан яриулсан найруулгын хэв намбатай тэр л донжийг олох чухалтай бүтээл байж дээ. Энэ бол 2019 оны явдал. 2020 онд бас л наяад оны луугар зохиолчдын нэг Ян Лянкөгийн “Дин тосгоны зүүд” романы орчуулахаар эхэлж, 2022 оны хавар дуусгаж санаа амарсан. Эрхийн хугацаа ч харьцангуй урт болохоор яарах ч хэрэг байсангүй. Хэдэн сараар хойш тавих явдал ч гарч байв. Өмнө нь харьцангуй завтай байсан бол “Дин тосгоны зүүд”-ийг орчуулж байхад төгсөж ирээд ажилд орчихсон түүнийхээ завсар зайгаар хийх болохоор ч мөн ийн удсан хэрэг. “Дин тосгоны зүүд”-ийг орчуулж дуусаад байтал “Нэпко” хэвлэлийн газраас холбогдож “Вэн хот” романыг орчуулах санал ирдэг юм байна. Намрын номын баяраас өмнө дуусгах ёстойг ч хэлэв. Таван зуу шахуу хуудастай, тоосго шиг зузаан роман. Хэр зэрэг дадал, чадвар сууснаа энэ роман дээр л нэг туршиж үзмээр санагдаад авчихлаа. Ажлаас чөлөө аваад зуны гурван сар яс суулаа. Өгөөд удаагүй байтал нэг өглөө орноосоо босох гэсэн өндийж чаддаггүй, нуруу таг гацчихаж. Арай гэж өндийсөн ч хувцсаа өмсөж чаддаггүй. Үзүүлсэн L3-L4 дэх үе суулттай болж таарав. Бариулж илүүлж явж бас ч гэж овоо боллоо. Зарим дадал горимыг мэдэхгүй явснаа энэ үед ойлгож, 20 минутаас хэтрэхгүй суугаад босож холхиж, нуруу биеэ хөдөлгөж байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийн чухлыг нэмж мэдэж авсан юм даа. “Цусаа худалдсан тэмдэглэл”-ийн орчуулгаараа нэрт гүүш Гэндэндарамын нэрэмжит “Билигт гүүш” шагналын гутгаар байрыг хүртэж Г.Аким ах, Б.Алтангэрэл ах нарын араас босож гардан авсан явдал урам зоригийг минь бадраасан юм. Орчуулга хэдий уран бүтээл гэж явдаг ч ний нуугүй, шулуухан хэлэхэд хар ажил. Бас эх хэлнийхээ өмнө, үгийн сангийнхаа өмнө үүрэг хүлээсэн хүн л гэж өөрийгөө бодох ёстой. Бас тухайн зохиолчийг монгол уншигчдын хайртай зохиолч болгох уу, хэн ч тоохгүй амьтан болгоод нэр хэмээгээд орхих уу гэдэг хувь заяаны дэнс орчуулагчийн гарт байдаг. “Миний Дагестан”, “Дөлгөөн Дон”, “Гэм зэм”, “Арбатын хүүхдүүд”, “Зэр зэвсэг минь, баяртай”, “Зуун жилийн ганцаардал” гээд олон зохиол, тэдгээрийг туурвисан зохиолчдыг монгол уншигчид таалан унших болсон шалтгааны оньс орчуулагч нар л байдаг. Аан бас тэгсхийгээд чимээ нь намжаад өгдөг номуудын шалтгаан ч мөн орчуулагч нь байдаг. Тиймээс аливаа нэгэн зохиолчийн бүтээлийг эх хэлнээ танилцуулах гэж буй орчуулагч тухайн бүтээлийн өөрийн ард түмний дунд “амьдрах” хувь төөргийг чадахын хэрээр сайн сайхан, гэрэл гэгээтэй “зурваас” зохилтой гэж санадаг юм. Товчхондоо орчуулагч тухайн зохиолыг өөрийн хэлнээ ахин “төрүүлж” байна гэсэн үг. Ард түмний хайртай “хүү” болгох эсэхийг одоо орчуулагч шийднэ. Энэ үед чи бүтээгч. Энэ үед чи бурхан. Орчуулж буй бүтээлдээ мөнхийн нас адислаарай.
Мө.Батбаяр ёслов