МӨ.БАТБАЯР: УЛААНБААТАР-ФРАНКФУРТ-БОЛОВСРОЛЫН ТУХАЙ БОДОЛ
2023-05-21 Мө.Батбаяр 2230

1.     УЛААНБААТАР-ФРАНКФУРТ-БОЛОВСРОЛЫН ТУХАЙ БОДОЛ

 

            Чингис хаан ОУ-ын нисэх буудлаас өглөөний есөн цаг дөчид  хөөрсөн онгоц 9 цаг 20 минутын турш нисэж 4138 mile туулаад өдрийн 13:00 цагт Франкфуртэд буухуй энэ хотод ирээдүйгээс зочлон ирлээ гэж өөрийгөө хөөргөн бодож болмоор санагдана. Эсхүл цаг хугацааны урсгал сөрж ниссээр даруй зургаан цаг монжиж чадлаа гэж омойтож суух ч зугаатай. Гэхдээ ирэхдээ хонжсон зургаан цагаа буцахдаа буцаагаад тушаадаг гэнэм. Цаг хугацаа өгсөн бүхнээ буцааж авдаг гэдэг нь энэ үү? Буцахгүй бүүр цаашаа явж бүр их цаг хугацаа сочоод амин хувьдаа завших ч боломж бий гэж нолиглон бодож суухуй нэн зугаатай. Хүний зургаан цагийн хонжоог зорчигсдын тоонд үржүүлбэл хэдэн өдрөөр хэмжигдэх цаг хугацааны “унац” гарна гээд бодохоор бид нар бас ч гэж олз омогтой явж ирсэн шиг. Тосохоор тогтсон найз маань хэдэн хором хоцорсны тул би ийнхүү өөрт хэрэггүй, бусдад тусгүй элдвийн бодлоор сэтгэлээ аадуулж суугаа нь энэ. Буусан даруйд хаа ш л эргэвэл нүдэнд тусаж асан нутаг нэгтнүүд маань нүд ирмэх зуурханд бараа туруугүй болох нь илбийн. Хүлээх танхим дахь хүмүүс туж сэлгэгдэнэ. Нэг харсан хүнээ эргээд харахад л байхгүй, өөр царай угтана. Хэн нь ирж хэн нь буцаж, хэн нь үдэж, хэн нь тосно уу  үл мэдэгдэнэ. “Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан. Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэж бичгийн их хүмүүн Д.Нацагдорж бичсэн сэн. Хүлээх танхим гэдэг хүний ертөнцийн адил хүний урсгал татардаггүй газар.  Энэ Герман орон болбаас их хүмүүний амьдрал уран бүтээлтэй салшгүй холбоотой улс тул ирүүт Д.Нацагдорж дурсагдах нь учиртай. Берлин, Лайпциг хотуудад Д.Нацагдорж Пагматайгаа 1926-1929 оны хооронд аж төрж, эрдэмд суралцахын сацуу, зохиол бүтээлээ туурвиж, өрнийн уран зохиолтой эх хэлээр нь танилцаж Лайпцикий  Хэниш профессорт шадарлан монгол судлалын ажилд нь туслан суучихуй. Марко Пологийн  тэмдэглэлийг герман хэлнээ  "Их хааны ордонд" нэртэйгээр орчуулж хэвлүүлснийг их зохиолч Д.Нацагдорж монгол хэлнээ орчуулсан гар бичмэл манай төв номын санд  буйг хэдэн жилийн өмнө олж үзэснээн бодохоор гучаадхан насалж гунигтай амьдрал туулсан энэ эрийн амьдрал уран бүтээлийн чухал эргэлтийн цэг яах аргагүй энэ Герман газар мөн байжээ гэж мухайрлана. Хагас сая гаранхан хүн амтай эсгий хотоос шинэ тугтам байгуулагдаад буй Веймарын Бүгд Найрамдах Улсын Берлин хотод очсон түүнд юм бүхэн шинэ соньхон, сэтгэлийн мичинг нь тонголзуулан байсан  биз. Байсан гэдэг түүний бүтээлүүдээс нь ч анзаарагддаг. Үүнийг үл нуршин цааш өгүүлэх ину. МАН-ын II их хурлын 1923 оны 8 сарын 8 -ны өдрийн хуралдаанаар баталсан “Эдийн засгийн бодлого” хэмээх баримт бичгийн 18 дугаар зүйлд:

  “Ер сургуулийн учраа, үүнээс дээш тоочсон олон зүйлүүдийн бүрэн бүтэн сайнаар ёсоор явуулсугай хэмээхүл ард түмэн даяар ерийн эрдэмд боловсрох хэрэгтэй. Урьд эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай эрдмээр илүү нь эрхбиш тэргүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг Засгийн бодлогын манлай болгожээ. Улс эрдэм мөхөс болбоос ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буурай, хэрэв эрдэм дэлгэрсэн болбаас элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж, эд хөрөнгө зузаан сүр хүчин их болно. Учир тийм тул эдийн засгийн үүрд бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино” [1]   өдгөөгөөс яг зуун жилийн өмнөх бодлогын баримт бичигт ийнхүү тусгагдаж түүний биелэл болсон анхны гучин таван сурагч Герман, Францыг зорьжээ.  Дээрх баримт бичигт “утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино” гэсэн хэсэгт “утга уянга” хэмээн тусгайлан дурдсан нь молхи бичээч миний сэтгэлийг машид хөдөлгөв. Эдүгээ манай улсын бодлогоос орхигдчихсон урлаг, уран зохиолын салбарыг тэр цагт нэн чухалчилж шүү хөөе. Тэр ч учраас бид Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, Д.Намдагтай болж. Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” жүжгээ бичиж Д.Намдаг найруулж Н.Наваан-Юндэн гуай Юндэнд тоглосон биз.  Тийм ч учраас манай орны уран зохиол “Цаг төрийн үймээн” романаар “Хярааны хонхорт” “Ээдрээ” жүжгээр Д.Нацагдоржийн олон арван орчуулга, та бидний сайн мэдэх “Дөрвөн цаг” “Миний нутаг” шүлэг бүтээлээр арвидаж Баатарван Н.Наваан-Юндэн гуайн “Идэр Жинчин” “Үхэрчин хүү” “Баян Монгол” дуунууд төрсөн биз ээ.  Дурдахад тоотой ч манай үндэстний оюун санааны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр гэдгийг жишимгүй болоод хэмжээлэмгүй. Эдүгээ утга уянгатай холбоотой салбарын хүн гэвэл шоолуулах хэмжээнд хүрчээ. Яруу найрагч гэвэл алив намайг харж байгаад нэг шүлэг зохиогоотох. Үсээ ургуулахгүй яагааа вэ? Дээл өмсөөч, архи уугаач гэх маягтай. Найрын ширээний ард гараа савчин улигт шүлгээ дуудаж байх ёстой  хүн гэж хүмүүс ч ойлгодог, манай заримууд ч өөрснөө өөрсдийгөө тийн болгоож яваа харагддаг.  Улсын бодлого дэмжлэгээр утга зохиолын салбараас хүн заавал бэлтгэх чухлын сүүлийн сайн жишээ Г.Аюурзана ах. Тэр хүний “85 сод туурвил” “Зэн буддизм” “Монтень: Сонгомол эсээ” “Фолкнер “Өвгөд” “Борхес Хоёр хаан, хоёр хонгил” номууд бидний нүдийг нээсэн. Олон зохиолчдын нэрийг анхлан эдгээр номуудаас дуулж, орчлон хорвоогийн тухай онхи өөр бодлоос эдгээр номоос үүдэлтэй урган гарсан байх гэж санадаг.  Заа холын жишээ нь 1926-1929 онд германд суралцуулсан Д.Нацагдорж зэрэг юм даа. Одоо бол энэ салбарыг “1921 оны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ач холбогдлыг тусган илэрхийлсэн утга агуулгатай байх ” гэсэн шаардлага тавьсан уралдаанд уралдуулах төдийгөөр л хардаг болж дээ. Тэргүүлэх мэргэжилд оруулж БЗС-аас зээл олгож зохиолчоор сургалаа гэвэл нийгмээрээ барьж идэх биз. Саяхан Соёлын яам “Бадрахын номыг хэвлэх” нэртэй төсөл шилдэг 90-д шалгаруулчихсан л тууж явна лээ. Нэрнээсээ л андашгүй нээгээд үзвэл юу байх нь ойлгомжтой энэ мэт ном бүтээлүүд тэдний хувьд шилдэг юм байх. Төслийн уралдаанд бүтээлээ явуулсан хүмүүсийн буруу юу байхав. Тийм зэргийн номыг шилдэг хэмээн болгоож  суудаг ухаангүй ноён, урагшгүй албат бүхэл бүтэн яам байгаад би эмгэнэж байна. Ер нь манайхан ямаршуу байдлаар шалгаруулж, дэмжлэг, тэтгэлэг олгодог нь хагараад бургилж байгаа “Боловсролын зээлийн сан” гэж бэтгээс харж болно. БСШУ-ны сайд байхдаа тушаал гаргаад ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр БЗС-аас 23 хүүхдэд 7 тэрбумын санхүүжилт олгуулсан л гэнэ. Нэг бөхийн найран дээр үр ач зээ нараас чинь 1 хүүхдийг БЗС-аас гадаадад суралцах эрх бэлэглэж байна даналзсан л гэнэ. Дарга нь өөрийнхөө зээлийг өөрөө тэглэчихсэн. Өөртөө, охиндоо, хүүдээ, дүүдээ зээл авч өгч бусдыгаа хошуучилсан “сайчуул” ч байх жишээний. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, журам зөрчиж байгаад бидний боломжийг хулгайлсан гаж үзэгдлийг хараад ой гутлаа. Бакалаврын тэтгэлгийн 93%, магистрын 86% журам зөрчиж олгосон гэж сонсоод ай гутарлаа. Өдгөөгөөс зууны өмнө монголчууд нохой явган гахай нүцгэн үедээ Герман, Франц руу анхлан илгээсэн гучин таван хүүхдийг сонгохдоо эрүүл мэнд, эрдэм мэдлэг, чадвар чансааг харгалзан шудрагаар сонгосон байдаг. Тийм дээ ч харц ард, хохь тайжийн хүүхдүүд багтаа биз. Тэр хоосон нойтон цаг үед ямар сайхан шудрага шулуун, чин бат хүмүүс байж вэ дээ гэж бахархлаа. Өнөөгийн энэ эрх мэдэлтэн эвэртэн туурайтаны үр хүүхдүүд эцэг эхээрээ сан тонуулаад Сан явна, LA явна. Эргэж ирээд дарга болно, сайд хийнэ, хууль батлана, хувь заяаг маань шийднэ. Эдүгээ манай улсад боловсрол олгох гээч нь анги давхрага үүсгэх “машин” болж хувирсан. Энэ бүүр дунд сургуулиас эхтэй. Улсын сургуулиуд нь хувийн сургуулиуддаа “ялагдсан”. Улсын сургуулийн хамаг чадал чансаатай багш нарыг хувийнхан самрын чөмөг шиг цөмж аваад, нийслэлийн аль өнгөтэй  өөдтэй газрыг цөлмөж буурь хатгаад ил цагаан боловсрол наймаалж эхэлсэн. Монголын ирээдүй болсон хүүхдүүд угсаа гарлаасаа хамаарч ялгаатай боловсрол хүртдэг болсон. Юун тэр гарааны тэгш боломж, боловсролын тэгж хүртээмжтэй байдал, санасны гарз. Улсын дунд сургуульд сурдаг гэдгээ хүүхдүүд нуухуйц хэмжээнд очсон. Улсын дунд сургуулиа энгийн ардын хүүхдүүд л явдаг орхигдсон гундуухан газар болгож хувиргасан.  Улсын сургуулийн стандартыг хувийнх руу дүйлгэж ойртуулж, улсын сургуулийг хүртээмжтэй, чанартай болгох ёстой хүн нь тэгэхээр найдах юм бидэнд үлдээгүй шиг. Дүйцээд ойртоод ирвэл өөрсдийнх нь хувийн сургууль ашиггүй болчих байх л даа.  

Манай боловсрол ингээд ангит нийгэм үүсгэх хэрэгсэл болчихлоо. Улсын сургуулийн чанар, орчин, багш нарын нийгмийн асуудал зэргийг анхааралгүй явснаас, хүртээмжтэй байдлыг хангаагүйгээс, эцэг эхчүүд туулын мөсийг долоох шахам байж олсон хэдээ бариад л хувийн сургууль руу цувж байна. Манай дунд, дээд боловсрол дагаралдаж аваад мөнгөний хойноос хөлөө хугалчих шахна хөөцөлдөх болсон. Угтаа боловсролыг мөнгөөр үнэлж байгаа нь чанартай боловсрол эзэмшүүлэх зорилготой ч манайд чанаргүй боловсролоор мөнгө хийгээд таг эсрэг зүгтээ явчихсан. Ингээд манайд гарааны тэгш боломж гээч юм хум пад хумхийн тоос болсо. Ирээдүйн иргэддээ боловсрол олгохдоо эцэх эхийн халаасыг тэмтэрч байгаад чамд тав дугаар ангиас англи хэл заана, аан чамд нэг дүгээр ангиас заана гэдэг болсон. Энд би их дээд боловсрол яриагүй бага дунд боловсрол ярьж байна. Дээд боловсролыг нөхөж болдог суурь боловсролыг нөхөхүйеэ бэрх гэдэг.  Ингээд харахаар манайд боловсрол гэдэг хөрөнгө оруулалт биш зардал болчихож. Франкфуртээс ийн бичихийн учир Герман бол үнэ төлбөргүй, чанартай, боловсролоороо дэлхийд алдартай улс гэдгийг та бид мэдэх билээ. 

            Франкфуртын хавар. Нарлаг дулаахан орой Майн мөрний эрэгт суунам. Ачааны хөлөг онгоц хөдөлгүүрээ дүнгэнүүлэн үе үе өнгөрч, сэлүүрт завьчид үргэлжид цувна. Мөрний эргийн зүлгэнээ хүмүүс тухалж  ном үзэж, хооллож, хүүхдээ салхилуулж, гүйлтийн замаар гүйх нь гүйж,  дугуйчид жийгүүлнэ. Мөрний эрэгт тохижуулсан тоглоомын талбайд залуус бужигнаж, теннис тоглож, хөгшид дасгал хөдөлгөөн хйиж, нугас, галуу, бас нэрийн мэдэхгүй шувууд голын хөвөөгөөр үр жимс түүж таадага таадага алхах нь чухамхүү найртай сайхан. “Монгол гэр” нийгэмлэгийн урилгаар зочилж яваа ажлын эхний өдөр ийнхүү өнгөрч байна. Ийм хувь тохиол над олдсонд туйлын талархахын сацуу хүн гэдэг амьтан хариуцлагын өмнө амьдардаг гэж бодогдоно. Мөрөөдлөөс мөрөөдлийн хооронд, хариуцлагаас хариуцлагын дунд энэхэн насаа элээдэг ажаам. Мөн энд би Дойчхерн гүүрний дээхэн голын хөвөөнд сууж ахуйдаа яагаад бичих ёстойгоо гүн бат ойлгох шиг болж билээ. Бидний зовлон жаргалыг дэлхий сонсоосой гэсэн бодол энэ эгшинд зурсхийж авай. Яг л Г.Г.Маркесийн “Макондо” тосгоныг, Мо Яны “Гаоми” тосгоныг Ж.Жойсоос “Дублин” хотыг  дэлхийн олон хэлийн улс тэдний зохиолоор дамжуулан ард түмний жаргал зовлон, үүх түүхийн гашуун үнэнтэй танилцсан шиг.  

 Хаа нэгтээ сүмийн хонх дүн татаж холдож яваа хөлөг онгоцны давалгаа эрэгт суугаа миний өлмийд ирж шингэх. Баруунш өхийсөн нарны туяа тэртээ савслаганы үүлс рүү тусаж гэрэлтүүлэх цаг дор би энд ажиллаж амьдарч буй хүмүүсээс сонин хачин сонсож сууна. Сонсож суугаад сая гол руу ирэх замдаа эргийн ойролцоо  “ Erbaut 1894” гэсэн хаягтай барилга олж үзснээ саналаа. Байшингийн нүүрэн талын дам нурууг тулсан баганы үзүүр хэсгийг хувцасаа тайлж мөрөндөө зөөлөвч хийж жийрэглээд байшингийн хөндлөвч нурууг өргөж буй нүцгэн эр, эм хоёрыг дүрслэн хийсэн байсныг хараад дорой буурай эх орондоо болохоос нь болохгүй хүртэл зүтгэж байгаа бас энэ орчлон дэлхийн хаа сайгүй харлан, цагаачлан хөдөлмөрлөж байгаа ард түмнээ орлуулан бодож эрхгүй гашуунаар сүүрс алдав.

Энд сурч буй нэг охин надад нэг ийм түүх ярьсан юм. Анх аав ижийгээ ууган эгчийнхийгээ бараадуулж орхиод хашаа байшинг нь зарж хаалттай дансанд байршуулах учиртай 11000 евротой болоод ийш ирж. 11000 евро бол нэг жилийн хугацаанд түүний амьжиргаанд зарцуулагдах мөнгө. Арван хоёр сардаа хуваагаад сар бүр 800 евро түүний дансанд орж ирсээр дараа жилтэй залгах учиртай. Эхний жил дуусахад ахиад өнөөх хаалттай дансандаа 11000 еврогоо байршуулж баймаажин сургалтын виз сунгагдаж ахин нэг жил эндээ үлдэх эрхтэй болно. Чи дараагийн жилийнхийгээ тэгээд яаж болгосон гэж намайг асуухад. Эхний жил байршуулсан мөнгөнөөс сар бүр надад олгох 800- гаа гар хүрэхгүй хойш хурааж байгаад л дараа жил нь буцаагаад хийчихдэг юм. Эцэг эхээ хэдий том охин нь ч гэлээ айлын хаяанд үлдээгээд гал голомтыг нь зараад ирсэн надад үүнээс хойш зарах гал голомт ч үлдээгүй шүү гэж өөртөө байн байн сануулдаг байлаа. Удахгүй гурвуулаа эргээд бүүр гоё хашаа байшинтай болноо гэхэд хөөрхий ижий нь заа тэр яах вээ  миний охин л болж байвал гээд нулимсаа арчиж байсан гээд тэр зангирлаа.  Сарын амьжиргааны зардал болох 800 евродоо ам хүрэх эрхгүй хойно хичээлийнхээ хажуугаар ажиллах, ажиллах ажиллахдаа бүр хоёр ажил зэрэг хийдэг тухайгаа, асрагч, цэвэрлэгээ, дэлгүүр, буудал, кофе шоп гээд очоогүй газар байхгүй гэдгээ ч өчив. 11000 мянган еврогоо үрээгүй яваа болохоор манай гал голомт байсаар байгаа шүү дээ Монголд амьдрах байсан хашаа байшиндаа би энд амьдарч явна гэж боддохоор тайтгардаг гэв. Яагаад гэвэл намайг энд байх эрхийг олгож байгаа зүйл бол манай хашаа байшингийн энэ мөнгө. Хашаа байшингаа зараад олсон мөнгө гэдэг хашаа байшин мөн биз дээ гэж тэр надаас асуув. Би бушуухан мөн байлгүй яахав, мөнгөний нэг зэвүүн чанар чинь наа чинь шүү дээ. Гэхэд тэр том эгчдээ л жаахан санаа зовдог. Хэдий том охин нь ч гэлээ тусдаа амьдралтай, тусдаа асуудал жаргал зовлонтой, гэр бүл, үр хүүхэдтэй хүн шүү дээ. Тэр асуудал дээрээ аав ээж хоёрыг нэмж амьдрах ярвигтай л байгаа байх. Надад ямар хэлэх биш.  Гэхдээ байна шүү,  юм гэдэг  их хоржоонтой. Би нас өндөр, хүний гарт орох шахсан эцэг эхээ орхиж явчихаад энд ирээд өөр хүний аав ээжийг асардаг гээд боддоо, даажинтай биз. Гэтэл энд хүүхдүүд нь нэг хотод амьдардаг атлаа ирдэггүй. Эцэг эх нь байшингийнхаа мухрын нэг өрөөнд, ганц орон дээр л ганцаардаж хэвтээд насыг бардаг. Манай хэд тэнд хоёр өрөөндөө багтахгүй энд нэгнээ олж уулзахгүй хачин шүү. Сардаа нэг ирж цугтаа хоол идсэнийгээ эцэг эхээ асарч тойллоо гэж ойлгодог улс. Би чамд нэг жишээ хэлэх үү? Миний хариуцдаг байсан эмгэний бие муудаад,. Аан за. Ер нь найдваргүй болоод л намайг охин руу нь утасд гэсэн болов уу? Тэгээд залгаад дуулгасан би аялал төлөвлсөн байгаа цуцалж чадахгүй гэдэг юм даа, арай л гаж уу?. Тэгээд тэр эмээ яасан өнгөрсөн үү? Өнгөрсөн. Энд бас  гэхдээ орон гэр эд хогшлийг цэгцэлж янзлах үйлчилгээ хийдэг, оршуулга хийдэг тусдаа газрууд байдаг болохоор ар ажилд нь ч манайхан шиг хутгалдахгүй. Бид нар чинь хөрсөн хөлд нь халуун хуушуураар жин тавьж байгаад л үддэг биз дээ. Энд тийм юм байхгүй ээ,өв залгамжлалын гэрээ энээ тэрээ гэж л ирнэ үү гэхээс. Бүх герман хүмүүс тийм гэж үү? Бүү мэд, надтай таарсан нь лав энэ гэж хэлээд тэр наран жаргах дорно зүг рүү нүдээ сүүмийлгэн дуугүй ширтэх нь уул усыг давуулан нутаг ус аав ээжээ олж харах гэж хичээж байх шиг санагдав.  Надад энэхэн үед Германд сурсан филисофич гэгдэх нэг нөхөр яагаад Монголчуудыг нэгнээсээ хэтэрхий хамааралтай байна. Ээж чинь дуудвал завгүй байна, дараа болъё гэж бай, ээж нь ч бас ирээд хүүхэд хараад өг гэвэл чадахгүй ээ би амармаар байна гээд хэлчихдэг бай гэсэн утгатай юм ухуулаад байсныг ойлголоо. Нэгнээсээ хамааралгүй байх, асрах үйлчилгээ, асрамжийн газар энэ тэрээ тийм ч дурлаад баймаар эд ер биш. Дэлхийн нэг, хоёр дугаар дайны л уршигаар бүтсэн эд. Дайны урхагаар харж хандах хүнгүй болсон улсыг асарч сувилж яваад зүйл үүсчихсэн гэж би боддог. Түүнээс хүн төрөлхтөн үүсэхээсээ эцэг эхээ хүний гар дээр орхиод арилаад өгдөг улс байгаагүй байлтай. Эднүүс яахав эргээд мань мэт шиг болчих гээд чадахгүй л яваа улс гэж би боддог.  Манайх гэр бүлийн соёл өөр. Нялхсийг тэтгэж, өтгөсөө асарна.  Хөл хучих охин, авс мөрлөх хүүтэйдээ баярлана. Аав ээжийнхээ толгойг түшсэндээ бахархаж, буян нь ирнэ гэж сүсэлдэг ард түмэн. Хашаа байшингаа зараад хүүхдээ сургуульд явуулдаг тийм аав ээжийн үр сад бид. Энэ тийм уриалмаар сайхан зүйл биш ч улсын сангийн журам зөрчиж мөнгө тоноод үр хүүхдээ сургаснаас л лавтай ариун л үйлдэл. Магадгүй энэ бид нарын сэтгэлд байгаа хамгийн эрхэм нандин чанар байж мэдэх юм. Магадгүй энэ Германаас олохгүй  зүрх сэтгэлийн боловсрол байж болох л юм.  Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс хүлээн аваарай. Үүгээр миний эхний цуврал өндөрлөж байна. 

Мөнхцолын Батбаяр ёслов.

 

 


[1] МАН-ын II их хурлын 1923 оны 8 сарын 8 -ны өдрийн хуралдаанаар баталсан “Эдийн засгийн бодлого” хэмээх баримт бичгийн 18 дугаар зүйл

Түр хүлээнэ үү...
Top