Энд ирсэн даруйд л бөөрөнхий Чонжү, дөрвөлжин Чонжү гэх содон нэр чих дэлсэх болов. Чонжү гэдэг нь солонгос, бөөрөнхий, дөрвөлжин нь харин махан дээр дарсан ма тамга, ясан дээр дарсан яа тамга гэдэг шиг хаанаас нь ч харсан манайхны “эм” “тамга” гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Анхандаа би хотын газар нутгийн хэлбэр байдлыг ажаад ийм нэр үүсгэж газар ус шинжихдээ гарамгай улсаад шүү, манайхан гэж омойтож байв шүү. Тэр оодорсон бодолтойгоо Чонжү хот руу дөхөж явахдаа одоо ч мөдхөн энэ даваагаар тонгойхоор бөв бөөрөнхий багашаархан хот л тээр доор цавцайж байна байх даа гэж байн байн өндөлзөж явсныг яаана. Гэтэл яасан гээ. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг боллоо. Мөн ч романтик бодолтой хүн юм санжээ би. Учир ийм байж 전주 нь хэлний үзүүрийн “н” буюу ㄴ -тэй. Нөгөөх нь 청주 гэж ㅇ-той буюу хэлний угийн “н”-тэй бичигддэг юм байна. Солонгост ирсэн эхэн үеийн монголчууд ангархай “А” бэгцгэр “Б” гээ ялгахгүй хэл ус таг улсууд болохоор хотын нэрний доторх содон дүрсээр бөөрөнхийтэйг бөөрөнхий Чонжү нөгөөхийг нь дөрвөлжин Чонжү гэж ялгаж. Ёстой нөгөө “Тунгалаг тамир” дээр Итгэлт баян “заа энэ дундаа одтой нь хээлтэй гүү, хажуудаа одтой нь унагатай гүү байгаа юм. Заа энэ дугариг нь хонь, гурвалжин болоод ирэхээрээ үхэр болж байгаа ухаантай юм” гэлээ гэдэг шиг энэ нэршил монголчууд бид харийн энэ улсад хөлөө олох гэж түүнээс урьд хэлээ олох гэж хэрхэн хөглөж, яажшуу нэг юм учир начир, чиг зүгээ олж явсны гэрч болж үлджээ. Үүнтэй холбоотой нэг түүх ярихад алсын зайнаас ихээ удаан харилцсан залуу, бүсгүй хоёр уулзахаар болж гэнэ. Залуу нь Солонгос, бүсгүй монгол. Бүсгүй Солонгос хэл таг. Дунд нь солонгос хэлтэй найз нь утсаар ярьж хэл авалцуулна. За ингээд болзохоор болоод заа зүүдээ тулаад бүсгүй солонгос залуугийн байгаа Чонжү гэдэг хот руу сууж. Залуу тээврийн товчоон дээрээс тосохоор тохиролцож. Тэгсэн бүсгүй дөрвөлжин Чонжү гэж тээглэсэн газар луу яваад оччихож. Тэгээд тээврийн товчооны өмнө хүлээгээд л байж хүлээгээд л байж. Бараг л нөгөө Хачико нохойны түүх давтагдахаа шахсан юм уу даа. Тэгээд тэр хоёр хэзээ ч уулзаагүй юм гэсэн.
Энэ мэтээр махчилж, монголчилж, төөрч будилж явсаар ямар ч байсан нэг муу юм амьдрах, аж төрөх дөр суугаа юм биз дээ. Амьдралын учрыг олох гэж ай мөн ч хөглөнө шүү, биднүүс. Чонжү хотын болоод эндхийн түүх соёлын дурсгалт газруудын талаар энэ хотод суралцаж буй Бямбацэцэг найз маань надад олон зүйл ярьсны дотроос Сангдансансон цайз эрхгүй сэтгэл булаав. Тус цайз нь анхны хэлбэрээ хадгалсаар байгаа Жусон гүрний үеийн чулуун цайз аж. Энэхүү цайзыг Сангдансан уулын хөндийг тойруулан чулуу өрж босгосон бөгөөд 4.2км урт, 3~4м өндөр, дотоод талбай нь 220,000 пёнг буюу 936,574㎡ гэлээ. Сангданг нэр нь Баекжэгийн үеийн Чонжүгийн нэр байсан Сангдан-хёноос гаралтай бололтой. Самгуксагид ( Самгуксаги нь Гурё улсын үед Гим Бүшиг гэгч хүн хааны тушаалын дагуу зохиосон түүхийн ном. Шилла, Бэгжэ, Гугүрё гурван улсын түүхийн талаар бичигдсэн. Самгүгюүса-гийн хамт Солонгост хадгалагдан үлдсэн хамгийн эртний түүхийн ном.) Ким Юй Шинийн гурав дахь хүү Нэгдсэн Шиллагийн эхэн үед Сеовонсулсон цайзыг барьсан тухай баримт байдаг бөгөөд энэ үед баригдсан гэж таамагладаг хэмээсэн юм.
Одоогийн цайзыг 1592 онд Япончууд Солонгост довтлох үеэр хэсэгчлэн засварлаж, Сукжон хааны 42 дахь жил (1716) чулуун цайз болгон сэргээжээ. Цайзын ханыг дөрвөлжин зүсмэл боржин чулуугаар барьсан бөгөөд харьцангуй сайн хадгалагдан үлдсэн боловч цайзын ханан дээр барьсан намхан хэрэм нь одоо байдаггүй. Энэхүү цайзад 5 цөөрөм, 3 сүм, засгийн газрын барилга, агуулах байсан боловч хаалга болон хэрэм л өнөөг хүртэл хадгалагдан үлдэж чадсан байна хэмээн П.Бямбацэцэг найз маань нүдэнд харагдтал тайлбарлаж өгөв. Цайзын өндөрлөг хэсэг рүү гарахад Чонжү хот болон үзэсгэлэнт хөдөө нутаг, байгалийн өнгийг нэг дороос харж болдог тул өнөө цагт Чонжү хотын иргэд амралтын өдөр ууланд алхах, гэр бүлээрээ салхинд гарах, кэмпинг хийхээр их очдог. Хотоос гараад Сангдансансон цайзын наахан талд хүүхдийн парк, амьтны хүрээлэн байдаг учир гэр бүлээрээ парк орж салхинд гарахад маш тохиромжтой газар. Дулааны улиралд цайзын хаалганы гаднах зүлэгт талбайд модны суудэр дагуу майхнаа дэлгээд өнжих хүмүүсийн хөл тасардаггүй нь манай богд уулын амыг санагдуулдаг ч урсгал усгүй, ямар ч усны чимээ сонсогддоггүй нь гунигтай байдаг. Цайзын дотор талд цөөрөм болон жижигхэн тосгон байдаг бөгөөд Чонжү хот руу 45 минут тутамд автобус явдаг. Гарын арван хуруунд багтахаар тооны хоолны газар, кофе шоптой 2 3хан дэлгүүртэй тосгон үүсжээ. Үнэндээ энэ газар луу гэрээ санасан бачуурсан үед, өндөр ууланд гармаар, алсын бараа ширтмээр санагдсан үедээ очдог. Манай үеийн ихэнх хүмүүсийн мэдэж магадгүй нь гэвэл Тэ ЖУ Ён гэдэг киноны зураг авалтыг энэ цайзад хийсэн. Энэ киног ТВ 5 телевиз гаргадаг байх үед манай сумын сургуулийн хүүхдүүд модоор сэлэм хийгээд, амьдардаг лаагарь лаагариараа хоорондоо байлдаж тоглодог байсан юм. Зарим хүүхдүүд бүр нүүрээ шалбалаад, хөмсөгөө сэт цохичихсон байдаг байсан болохоор их тод санагддаг юм хэмээн надад дурссан юм. Тэ Жу Ён гарсан тэр хаврыг би ч тодхон санаж байна. Халтар царайтыг үзэж байсан үеийн дурсамжийг малчидад эргүүлж авч ирсэн кино гэвэл Тэ Жу Ён л байлаа. Халтар царайтыг үзэх гэж хөдөө багийн төвөөс орой бүр сумын төв рүү 20 км явдаг байсан, зарим газар айлдаа багтахгүй гэр дээр нь гарчихсан тооноор харж байсан гэдэг бол Тэ Жу Ёныг гарахад малчид цөм гэр гэртээ зурагттай болчихсон байлаа. Оройны ангийг үзнэ. Өглөө мэдээний дараа гарах давталыг мөн алгасахгүй үзнэ. Кино эхлэхээс дуусах хүртэл хөдөө нутаг, манай тэр хавь амьд амьтангүй л юм шиг аг чиг байдаг сан. Кино дуусаад одохлоор л айл айлаас нэг нэг морьтой хүн мордоод л малынхаа хойноос тоосруулж байдаг сан. Зарим нь өдөр тэгээд нийлсэн малаа ялгаад өнжинө дөө. Хүүхдүүд бид ч малын бэлчээрт гармагцаа л би Маадуу уулын саарал чоно, чи Тун Су, чи харин Тэ Жу Ён, чи болохоор И Мүн жанжин шүү гэж өөрсөндөө нэг нэг дүр оноож аваад л морин дээрээсээ модон шилбүүрээрээ тулалдаж өгнө дөө. Энэ улсын түүх соёл бидэнд ингэж л киногоор дамжин нэвтэрч байж дээ. Тэр үеийн хүүхдүүд бидний яриа хөөрөө цөм л Тэ Жун Ён киноны дүрүүдийн хэл яриа, ааш маяг шиг болчихсон байж билээ. Сол Ин Гү жанжны туслах Хум Фэй гэж ноёны дүр гардаг. Манай тэндхийн нэг жаал дүрдээ итгээд бүүр яг хаанаас нь харсан ч Хум Фэй болчихоод түүний ах нь Сол Ин Гү жанжин болчихсон доод уруулаа дордойлгож “аа муу мулгуу амьтан” “түргэн яв моньд минь” гээд л загнаж байдаг сан. Тэгсэн нэг өглөө ирсэн мань жанжин доод уруулаа Сол Ин Гү жанжиныг дуурайж дурдайлгахаа больчхож хожим дуулах нь ээ эргүү өвчтэй амьтан шиг гэж ээжээсээ эрүүний шөл уусан сурагтай. Бүсэндээ сэлэм гээд хувхай хананы мод хавчуулчихсан, гартаа чинжаал гээд хананы хувхай шийр барьж Тэ Жу Ён болох хүсэлд автан тулалдаж явсан бага нас минь. Эдүгээ нэхэн санахул нэн ч гунигтай агаад дэндүү хөөрхийлөлтэй. Хөөрхий хөдөөгийн хэдэн жаалын оюун сэтгэлд хүртэгдэж буусан нь л тэр кино байжээ. Гэтэл тухайн үед бид чинь Чингисийн есөн өрлөг Зэв, Сүбээдэйгийнхээ ч нэрийг мэддэггүй л яваа даа. Ингээд бодохоор залуусыгаа гадны соёл шүтлээ барилаа гэж дүвчигнэх нь инээдтэй ч юм шиг. Тэ Жу Ён шиг 130 ангитай цуврал нь байг гэхэд 30 ангитайг хийгээд үзүүлчихсэн бол бас гэж хэлэх ярих үгтэй юм даа. Биднийг сум багаар нь байлдан дагуулж авсан тэр киноны зураг авсан гол газруудын нэг болох Чонжү хотын цайзнаа бараг хориод жилийн дараа зогсож байх юм гэж хэн санах билээ.
Манай “Морьтой ч болоосой” багийнхнийг энэ хотод “Чингис хаан таун”-ы захирал Даваасүрэн гэх нүдээрээ зөөлөн мишээсэн бүсгүй угтан авч ажил руугаа шуудхан аваачив. Даваасүрэн энд амьдраад хоёр оронтой тоо даваад хорин жил рүү дөхөж байгаа эндхийн уугуул шахуу болоод цагааширчихсан нэгэн. Харин энэ монгол хоолны газрыг ажлуулаад 5 жил хүрээгүй байгаа юм билээ. Эдний газрын үүдээр ормогц адраас өлгөөтэй Монгол улсын төрийн далбаа нүднээ тусна. Газрын төв хэсэгт монгол гэрийн хоймор хэсгийг хоёр хана нийлүүлэн барьж үүсгэсэн нь хэдийгээр солонгос дахь нэг хоолны газарт орж буй ч хаалгаар ормогц тэр гэрийн хоймор цэлийж угтахаар яг л нэг монгол айлын далай цагаан өргөөнд дайлуулж цайлуулахаар зочилж мэдрэмж дотоод сэтгэлд төрнө. Хоолны газрын дотор барьж босгосон мөнхүү гэрийн хойморьт шагайн харвааны зурхай мод, аравч сэнтий байх нь бурхан тахилтай гүнгэрваа шиг харагдана. Монгол өв соёлоо бурхан тахил мэт нандигнан яваагийн ч илрэл биз ээ. Зандан хашлаганаас бугын эвэр сум алдуурсан унага шиг харваж тэрхэн зуур аравч хүнгэнүүлэн мөргөж, танан цагаан хас мөндөр шиг үсчих, гэрийн хоймроос оноо дуудах уухай цуурайлах гээд нэг л ер бусын. Сум тавьж, оноо дуудан уухайлж, хасаа шимж суугаа энэ хүмүүс бол “Чингис хаан таун”-ы нэр дээр тоглодог багийн харваачид. Эднийг нэр дээрээсээ тоглуулж, санхүүжүүлж, бэлтгэлээ хийх орон байраар хангаж байгаа хүн өнөөх л Даваасүрэн. Шагайн харваа Солонгост суугаа Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд ихээхэн дэлгэрч байгаа гэнэ. Сум тавихын өмнөх тэр хэсэгхэн зуурын төвлөрөл энд ажиллаж амьдарч байгаа түмэн асуудал, мянган бэрхшээлтэй хүмүүсийг түрхэн зуур тэр зүсэн зүйлийн бодол гансралаас салгадаг нь нэн таашаал төрүүлдэг болоод ингэж түгэн дэлгэрээ биз ээ гэж надад бодогдож байв. Тэмцээн наадам ч тогтмол зохион байгуулж анх удаа сум тавьж үзэж буй мань шиг амьтнаас эхлээд улсын үлэмж дархан мэргэн хүртэл оролцдог гэх. Төрийн түмэн эхээс авхуулаад хамуутай хар даага хүртэл уралдаж байж монгол найр наадам бүрэн бүтэн болдгийн жишээ юм уу даа. Энд суугаа Г.Хүрэлбаатар найз маань наргиа үнэний завсраар Чонжү хотод байхгүй юм байхгүй гэсэн нэг үг цухуйлгасан нь ер нь л батлагдах тийшээ болоод явчихлаа. Тэр өөрөө энэ хотын яруу найрагч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынхаа наадмын хоёр түрүүтэй сумын заан хүн. Баруун талын “боовон” чихээ эрхий долоовор хуруугаараа имэрч энэ чихийг танай Хангай ийм болгосон юм шдээ гэх. 2011 оны Дарханы залуучуудын улсын аваргын нэг тойрогт таарч, отгон улсын аварга Оргихын Хангай дайрч баруун шилдээд зүүн сугадаад л ийм чихтэй болгочихсон гэж байгаа.
-Тэгээд чи яасан алуулах шахсан уу ?
-суугаад л өмсчихсөн
-тэгээд яасан давсан уу?
-давсан. Бөх болсны ганц бахархал л тэр байна шүү дээ одоо гээд эрүүгээ шаамийлгаж, нүдээ жартайлгаж мишээнэ. Энд харин тэр
Өдийхөнд л охин минь даалгавраа нугалж суугаа, дайснаа нухаж суугаа
Өрсөлдөгч нь цээжээр бичих байгаа, бичиж байж л ялна гэдгээ ухамсартайгаар хүлээн зөвшөөрсөн янзтай
Нухацтай гэгч нь хичээж суугаа, хичээхээрээ хэлээ гаргадаг зуршлыг минь дуурайсан болохоор
Бяцхан улаан хэл байн байн бултгануулахад
Ээж нь тэсэлгүй жуумалзаж түүнийгээ
Эгшиг үсэгний өргөлт бүрийн ард нууж уянгалуулан дуудаж өгч байгаа
"Эмээ-гийн дэлгэц-тэй ээзгий-нээс болжмор зуу-гаад ниснэ.
Энэ бяцхан жигүүртэн дэгдээхэй-гээ хоол-лох гэж л эр зориг гаргаж байгаа нь тэр юм.
Эргээд ирэхэд нь тор битгий татаасай гэж би дотроо бодно" гэсэн богино эхийг бичихдээ "ямар хөөрхөн юм бэ" гэж дуу алдаж байгаа.
"Өдөр бүр давтсаны хүчинд сайжирч байна аа. Гэхдээ л алдаа хоёр" хэмээн зэмлүүлж байгаа
Алдсан үгээ давтаарай гэхэд
"татаасай, дотроо" гэх хоёр үгийг араас нь цувуулж хоёр мөр бичиж байгаа
"Аавынхаа "д, т"-г сольж бичдэгийг нь хүртэл дуурайх гэж дээ" хэмээн толгой сэгсрэхэд
Аргадуулсан мэт санаа алдаж байгаа... хэмээн мянган бээрийн алсаас монгол эх орноо, хоёр хөөрхөн охиноо, гэр бүлээ цээжиндээ багтаан санаж түүнийгээ шүлэг болгон нэрж суугаа. Нэрмэлийн охь шиг шүлгүүдийнхээ аагаас л дуусахгүй мэт энэ цаг хугацааг туулах эр зоригоо авч байгаа. Нэгэн биенээ бөхийн хүч, найрагчийн цэцийг багтаасан хэвлүүхэн эр. Их сургуулийнхаа багшийг гэрийнхээ босго алхуулж галдаа мөргүүлчихсэн эр энэ зэргийн шийртэй байхаас яахав. Энд ийм шийртэй эрчүүд олон. Тэдний нэг Ганбаатарын Анхбаяр гэж ёстой ч нэг эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзсэн хархүү байх.
Ховд аймгийн Мянгад сумын цагаан булан хотгойдын булан ч гэдэг тэр нутгийн хүүхэд. Хар-Ус нуурын халз ард талаас ховд гол цутгах шагшиг шуугиж, бүл хун зэллэж, хотонгийн дуу дорнын тэнгэрт хадсан энэ өгөөмөр баян буланд “Хойдын уг”-тай хотгойдын хэсэг Хөвсгөл чигээс нүүж ирэхэд Ховдын амбан энд суулгасан гэдэг. Хотгойдын булан, Цагаан үнээт, Зараа, Баянбулаг, Чаргатын нуруугаар нутаглан хүлгийн зоон дээр эр бие чангарч хүний зэрэгт хүрсэн энэ эр Чэжү аралд анхлан эмнэг сургагчаар ирсэн гэх. Солонгосуудын машинаар чирч, хашаанаас хүлээд ч дээр нь гарч чадаагүй хангал догшидыг эмээлтэй, зайдан аль бол алиар нь мордож өндөр уулыг дов болтол булгиулж өөртөө хүлэг хийж явсан нэгэн. Харин одоо тэр бөөрөнхий Чонжүд аж төрж шагай харваачдын багт багтаад хэдэн оныг үджээ. Анхаа бид хоёр нутаг усаа мэдэлцэн, амьдрал ахуйгаа ярилцан сэтгэлээ нээлцэж сайхан танилцав. Үүний дараа залуухан хосууд ирж надтай танилцсан нь мөн л манай нутгийн залуус болж таарав. Биеэрхүү байрын бадриундуу бор залуу нь өөрийгөө Ховд аймгийн Чандмань сумынх гэлээ. Найз бүсгүй болох П.Бямбацэцэг харин манай Мөст сумын уугуул хүн аж. Энд сэтгэл судлаачаар магисрт суралцаж байгаа юм байна. Бид хоёр таны “Анхны цас түлээний модон сүхийг хучжээ. Аавдаа дулаан гутал явуулмаар өглөө еэ” гэдэг мөрийг уншаад хөдөө суугаа аав руугаа гутал явуулж чадаагүй ч эндээс гуталны мөнгө анхны цастай уралдан явуулж байлаа. Өнгөрсөн зун харин очихдоо өмсүүлж үзүүлж байхад сайхан гутал авч өгсөн шүү тэр таны шүлгээс болж хэмээн талархах сэтгэлээ илэрхийлэн танилцсан юм. Үйл ажиллагааны дундуур чөлөөчилж хэдхэн хором уулзсан ч энэ залуухан хос надад гүн дотно сэтгэгдэл үлдээсэн юм. Хаа холын энэ газар хаяа залгаа нутгийн хүүхдүүд олноороо тааралдсан тун ч ээнэг дотнохон. Нутгийн хүмүүс гэдэг нутаг усаа тээж явдаг шиг. Чандмань сумынх гэхэд л Хар нуурын мөнгөн мандал бидэртэх шиг болж, Их Монголын их элсний нүдэн болсон Дөргөн нуурын торгон хаялага сэтгэлийн сэжүүрийг шүргэх шиг. Мөст сум миний зуслан. Тавтын эхэн дунд, адаг, Ногоон нуур, Давст нуур, Хар толгойн хоол, Баянзүрх, Ар улаан булаг гээд өгөөмөр баян, ариун дагшин тэр уул усанд миний бага нас үлдсэн. Тэр нутаг ус намайг хүн болгосон гэж сүсэглэж явдаг билээ. Тэр газрын хүүхдүүд гээд танилцахаар тэр л газар ус нүдэнд харагдах.
“Морьтой ч болоосой” багийнхний Чонжүд зохион байгуулсан үдэшлэг амжилттай сайхан болж өндөрлөв. Дуучин Гантулга ах “Цэцгэн зүйрлэл” “Ботгон нүдэн” “Элияа”-гаа дуулж найрагч Б.Чулуунцэцэг эгч найраг шүлгийн дээжээсээ өргөн барьж найртай сайхан нэгэн өдрийн шөнө таллаж, гадаа гарвал саран манхайн хөөрөөд сар шиг холын нутаг гэдэг үгийг бодогдуулна. Маргааш нь биднийг энд аж төрж буй Пунцагаа авч манайхаар бол Чонжүгийн “Зайсан толгой”-д аваачиж хотоо тольдуулаад дараагаар нь өргөө гэрээрээ зочлуулж, дайлж цайлж нэгэн үдийг дуу хууртай ая тухтай цугтаа өнгөрөөлөө. Гантулга тэднийд ормогцоо л хойморт байсан төгөлдөр хуурыг харан баясаж үгийн зөрөөгүй шахуу гүйж очиж суугаад л аялгуу тоглон
Царайгий чинь харахын тоолондСанаа сэтгэл амгалан болох юмСар хоног урсан урссаарСанчигны минь үсэнд буурал нэмсээр "Сэтгэлийн уянга" хэмээх Б.Лхагвасүрэн ахын шүлгээр бүтсэн миний дуртай дууг эхлүүлэхэд өнөөдөр л анхлан уулзаж буй энэ айлынхантай бид нар дорохноо л нүүр хагарч хэзээний ах дүүс шиг хөл хөөр болов. Дуу хуураар нэгдэж нийлэхийн утга энэ ээ. Орсон бороо арилдаг, ирсэн гичийд буцдаг ёсоор бид ч хүлгийн жолоогоо Сөүл хотын зүг эргүүлэв. Б.Чулуунцэцэг эгч бид хоёр суудал зэрэгцэн тухлаад А.Эрдэнэ-Очир ах, түүний Ганзул найзыг нь дурсан ярилцаж хүүс хүүсхэн санаа алдаж явна. А.Навчаа эгч, Гантулга ах хоёр өмнө суудалд мөн юуг ч юм ярилцаж үе үе инээх нь дуулдана. Цонхон цаана хот тосгод жирэлзэн өнгөрч, цоносон ув улаан нар баруунш ташаад , гал үд өнгөрсний тэмдэг болж сүүдэр хүүшлэнэ. Навсгар том сүүдрээ чирсэн машин тэрэг хурдны замаар тасралтгүй хөлхөх нь нэг том шоргоолжны үүр лүү яваад орчихсон амьдарч яваа ч гэмээр сэтгэгдэл үүтгэнэ.
Мө.Батбаяр
Official partners: “Талын Морьтон Хаан” ХХК
UB LoungeМонгол хоол
Supported by: Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь Салбар Зөвлөл - 몽골청년연맹 한국지회
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэчээр: Tagtaa.mn