Шинэ жил ирлээ. Шинэ он гарсан ч бидний ажил урьдын янзаараа үргэлжилсээр. Хүмүүстэй уулзаж, хотуудаар явж, ядарч, амарч, зургаа дарж, тэмдэглэл хөтөлж, дараагийн ажлаа төлөвлөж, автобусанд, метронд амьдрал, зовлон жаргалаа ярилцсаар нэг хот руу явж, мөн л ярилцсаар нэг хотоос явж заримдаа тийн ярилцаж явахдаа нулимс унаган тайтгарч, харь газар оронтой танилцахын сацуу аяны зам биднийг ч бас хооронд нь танилцуулж байна.
Зургийг: А.Навчаа. Инчон хот. Шар тэнгисийн эрэгт.
2023 он гарснаар "Гурван жилийн дараа гэртээ харилаа даа" гэж байсан гэрээт ажилчид "Болоогүй ээ. Ахиад хоёр жилийн дараа буцна" гэх болж. Оны өмнө харлаад арван долоон жил болж байна гэж ярьж байсан хүн ингээд арван найман жил боллоо гэж ярих эрхтэй болжээ. Цаг хугацаа нэгэнд нь эх орондоо очих өдрийг ойртуулж өгөх ч өөр нэгэнд нь эхнэрээ үнсээд, гэдсэн дээр нь үнсэж, хэвлийд буй үрдээ баяртай гэж хэлээд, гэрээ орхиж харийг зорьсон хугацааг л уртасгахаас цаашгүй юм даа. Энд уулзсан нэг хүн “Ямар амьдрал гэхээрээ ингэж явах ёстой юм бол оо” гэж санаа алдсан нь сэтгэлд гүн үлджээ.
Хэнд ч тулгардаг оршихуйн хэцүү асуулт. Чиний сонголт, чи л хүссэн гэх байх. Тийм сонголт хийхэд хүргэсэн нөхцөл шалтгаан тэгвэл бас бий. Шүтэлцээгүй зүйл амьдралд үгүй. Хүн хийгээд нийгмийн шүтэлцээ гэдэг цэцэг, зөгий хоёрын шүтэлцээтэй адил. Зөгийгөөр тоос хүртээж цэцэг ургамал дэлгэрч баяжих шиг хүн хийгээд нийгмийн харилцаа тийм. Гэтэл манайд тэр шүтэлцээ, зохилдолгоо сайнгүй. Иргэд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, шударга татвар, шударга өрсөлдөөнөөр шударга хөдөлмөр эрхлэх тал дээр гажигтай. Ажиллах хүч нь гадагшаа урсалгүй эх орноо хөгжүүлэх, эх орондоо хөдөлмөрөө үнэлүүлж амьдрах боломж хомс. Яагаад хүмүүс энд ингэж хөгшин Солонгостой суух, зуучлалаар танихгүй Солонгостой амьдрах замыг сонгодог вэ? Яагаад гэр бүлээ дэнчин тавьж наашаа зүглэдэг вэ? Хувь хүний гэхээсээ нийгмийн шалтгаан энд жин дарна.
Насаараа зүтгээд “Алтан гадас”-аар энгэрээ мялааж, "төрдөө үнсүүлээд" л хоосон хоцрох биш амьдралын баталгаатай болсон байх л чухал. Өөр бидэнд юу ч хэрэггүй. Иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлэх дээд хэмжүүр нь "төрийн үнсэлт" байх учиргүй. Хөдөлмөрөө шударга үнэлүүлэхгүй байгаагаас далд эдийн засаг, авилга, хулгай цэцэглэдэг. Гадагшаа дайжих зам руу түлхдэг. Эх орондоо хөдөлмөрөө үнэлүүлэх ЭЗ-ийн болоод нийгмийн эрхээ эдэлж чадахгүй байгаа тул мянга мянгаараа гадагшаа явдаг, Солонгост харладаг. Амьдралынхаа цэл залуу хамгийн сайхан үеийг харь оронд эх орноосоо хол, гэр бүлээсээ алсад утгагүй ганцаардал, харихсан, буцахсан гэсэн мөрөөсөл дунд өнгөрүүлдэг. Энд таарсан бас нэг хүн надад “Манай нийгэм надад юу өгсөн юм бэ гэж би хааяа боддог. Хүний нутгийнхны хүйтэн харцан дор харх шиг ажиллаж, илжиг шиг зүтгэх л чавдар өгсөн юм уу даа. Түүгээрээ л энд амьдарч байна. Боловсрол, эрүүл мэнд, хүсэл мөрөөдөл ярилтгүй” гэж хуучилсан юм. Ийм яриа сонсох бүр өнөөх л Таблогийн “Сөжү чамд гашуун санагдахаа боливол, амьдрал чинь түүнээс илүү гашуун байна гэсэн үг” гэдэг мөр санаанд ордог. Үүнд би хэн нэгнийг амьдралыг өрөвдөх гэсэнгүй, гашуун гэх гэсэнгүй бидний бодит байдал л ийм байна.
Энэ хүмүүс аав ээжийнхээ хашаа байшинг зараад өөрийнхөө хашаа байшингаа буцаж ирэх барьцаа болгоод ирдэг. Энэ хүмүүс гэр бүл, үр хүүхдээ буцаж ирэх баталгаа, барьцаа болгож үлдээгээд ирдэг. Эх орон нь буцах баталгаа гэдэгт харийн улс итгэдэггүй болохоор манай иргэдээс өөр төрлийн барьцаа нэхдэг. Эх оронтой ч иргэд нь зориод очихоор биш гэж хардгийн баталгаа, энэ.
Инчон хот. China town.
Яагаад гадагшаа гардаг шалтгаан маш энгийн. Энд уулзсан нэг хүн надад “сайхан амьдаръя, гэр бүлээ аятайхан авч явъя, өөрт олдоогүй боломжоо үр хүүхэддээ олж өгье, ахиухан цалин авъя л гэж ирдгээс дарга нар шиг Гангнамд өвөлжиж, казино тоглож, дэлгүүр хэсэх гэж ирдэггүй шүү дээ. Дэндүү гэгээн, дэндүү энгийн хүсэлтэй гадагшаа ирдэг байгаа биз дээ” гэж билээ. Гэтэл манайд намд элсэхгүй, дарга дагахгүй, мөрөөрөө ажлаа хийгээд хөдөлмөрөө үнэлүүлээд амьдрах боломж байдаггүй. Нам солигдохоор ажлаа өгөх болдог. Цүнхчинтэй өрсөлдөх хэрэг гардаг. Шудрага өрсөлдөөнөөр ажлын байранд очих боломж ховор байдаг. Хамгийн том асуудал нь цалин бага. Юм үнэтэй. Худал хулгайтай эвлэрэх болдог. Бид юу хүсдэг. Хөдөлмөрөө үнэлүүлэх. Хийсэн ажилдаа тохирсон цалин авах тэгээд л боллоо. Энд сурч байгаа оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд байрны түрээс, амьжиргааны зардал, сургалтын төлбөрөө хангадаг. Ажил хийлгээд цалингаа мурьдаг. Дадлагажуулж байгаа нэрээр хөдөлмөрийн мөлжлөгө хийдэг. Залуусаа ингэж угтаж авдаг. Бидний халж өөрчилвөл зохистой зүйлсийн нэг бол энэ. Хамгийн ойрын жишээ УБТЗ албаны орлогч даргыг шалгахад л 10 тэрбум гараад ирж байна. Монголын дундаж цалин 1.5 сая. Сарын цалингаасаа татвар төлөхгүй, зүсэм талх авахгүй хураахад 410 жил хэрэгтэй. Авилга авч, бүх юмны үнэ өсгөж, инфляци нэмэгдүүлж, эцсийн хэрэглэгч энэ бүхний мөнгийг үнэтэй бараа авч ойрын жилүүдэд төлсөн гол буруутан. Монголоос явдаг бас нэг шалтгаан бол энэ.
Гучин жилийн өмнө манайхтай ижил нөхцөл байдлаас, нэг гараанаас гарсан Латив, Литив, Эстони, Казакстан өнөөдөр ДНБ-ны хэмжээгээрээ бүгд эхний зуу руу орчихлоо. Ялгаагүй ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салсан улсууд. Яах вэ, газарзүйн байрлал, далайн гарц энэ тэр гээд харьцуулашгүй улсуудтай жишлээ гэх байх. Тэр нь ч үнэн. Харин манай ЭЗ-ийн хэмжээ Apple-ийн Airpod-ийн чихэвчний борлуулалттай тэнцүү. Энэ ч бас үнэн. Тэгээд энэ бүхэнд хэн буруутай юм бэ? Хэнээс хариуцлага нэхэх ёстой юм бэ? Нөхцөл байдал ийм байна. Тэгвэл шийдэл нь юу юм бэ? Гарц нь юу юм бэ? Би мэдээж туйлын үнэн зөв хариулт хэлж мэдэхгүй. Би хувьдаа хувь хүнээс эхлэе. Өөрсдөөсөө эхлэе. Хариуцлага нэхдэг байя, хяналтаа тавьдаг байя төрийг хариуцлагатай, хяналттай болгоё. Иргэний нийгмээ бэхжүүлье. Эрх ашгаа хамгаалж суръя.
Энд явж байхад гэнэтхэн төрдөг хачин харь мэдрэмж, харийн хотоос ирэх тэр харь мэдрэмжийн бидэнд өгөх хачин хоосон ганцаардмал мэдрэмж их гашуун. Яруу найрагч Р.Улам-Оргих нэгэнтээ “Ганцаардал магадгүй гар юм” гэж бичсэн нь санагдана. Яг л тийм үл үзэгдэх, яаж ч эсэргүүцэвч мултарч дөнгөхөөргүй лут хүчит гар тэврээд авчих шиг. Хамаг чадлаараа тэлчилж, аргадан гуйж, учирлан уйлавч тавихгүй хүчит гар тэврээд хаашаа ч хөдлөгөхгүй агдлах шиг, хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй зовох шиг тэр мэдрэмж бол ганцаардал. Харьд байгаа хүмүүс яаж ганцаарддаг бол эх орноо, тэнд орхисон бүхнээ эндээс яаж санадаг бол тэр хэцүү сэтгэл мэдэрхүйг хэрхэн яаж тайлж даван гардаг бол. Харих, буцаад гэртээ очих хүсэл байж ядуулавч яаж ч болохгүй бодит байдлын хүлээсэнд өдөр хоногийг яаж өнгөрүүлдэг бол гэхээс зүрхшээмээр. Түүнийг батлах мэт энд уулзсан нэг хүн надад “ах нь харласан даа маш их харамсдаг. Өөрөө өөрийгөө л шоронд аваачиж хийлээ” гэж билээ. Бидний сүүлийн гучин жилийн амьдрал энэ улстай, ийм амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Цаашид ч энэ хэв маяг үргэлжилнэ. Бид аялалын визээр ирээд харласаар байх болно. Өөрөө өөрийгөө шоронд хорьсоор байх болно. Хэрэв үүнийг уншиж байгаа танд ч бас Солонгос яваад харлах, аялалаар Чэжүд ирээд зугтаачих хүсэл буй бол хүслээ биелүүлэхээсээ өмнө Hotel California дууг сонсоодхоорой. "This could be Heaven or this could be Hell" ялангуяа энэ мөрийг сайн гэгч нь санаад аваарай. Энэ диваажин эсвэл там ч байж магадгүй. Өнгө өнгөөр гялалзсан өндөр сайхан буудалд та өөрийгөө авч ирж хорих гэж байж мэднэ шүү.
'We are all just prisoners here Of our own device" . Би ингэж амьдардаг маш олон хүмүүсийг мэднэ. Буудалдаа ажиллаж, буудалдаа амьдарна. Буудлаасаа гарахгүй. Гараад ч очих газар, уулзах хүрээлэл байхгүй. Нэг л мэдэхэд гарч болох ч орхиж чадахгүй нэг тийм сайхан буудалтай болсон байдаг. Хэзээ ч харьж чадахгүй гэртэй бослон байдаг. Хаяад зугтааж болохгүй хайргүй Солонгос нөхөртэй болсон байдаг. "We are programmed to receive
You can check out any time you like
But you can never leave" лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хүний сонголт. Зүгээр л би монголчуудыгаа гэртээ харих эрх чөлөөтэй байгаасай л гэж хүссэн юм. Визээ шат дараатайгаар аваад харлахгүй амьдраасай л гэж бодсон юм. Иймэрхүү л зүйлсийг эргэцүүлж би Инчон хотод Шар тэнгисийн эрэгт номхон далайн нэгээхэн сэжүүрт сууж байна. Яагаад заавал Инчонд ирэхэд Hotel California дуу санаанд орсон бэ гэхээр Инчон хот шинэхэн баригдсан тэнгэр баригдсан буудлуудаар дүүрэн хот. Хүний сэтгэл татагдахгүй байхын аргагүй тийм л өнгө зассан ОУ-ын буудлууд хаа сайгүй. Тэнд маш олон Монголчууд ажилладаг. Тэгээд л тэр дуу санаанд орсон хэрэг.
Оройн наран доош суугаад тэнгисийн усанд туяагаа харвуулна. Наагуур нь Инчонд газардах онгоц ниснэ. Түүний доохнуур далай дээгүүр тавьсан гүүр үзэгдэнэ. Түүн дээгүүр үй олон машин унаа холхино. Гүүрнээс наахнуур ачааны хөлөг онгоцууд урагшаа хойшоо хөвсөөр хаашаа ч юм алга болсноо хаанаас ч юм өөр нэг шинэ хөлөг цайлзаад гараад ирнэ. “Морьтой ч болоосой” төслийн багийнхан далайд жаргах нарыг харах гэж суугаа нь энэ. Энд нар дэндүү хурдан жаргадаг. Нар далай руу унаад унтарчхав уу гэмээр жаргангуут харанхуй эхэлдэг. Монголд нар жаргахад тэнгэрийн хаяаны хөвөн цагаан үүлс нарны гэрлийг шингээн аваад цусан улаан туяагаараа тэнгэрийн баруун хаяаг гэрэлтүүлэн байдаг нь үдшийн шар бүрийгээ үгүйлэгдэнэ. Миний хамгийн дуртай цаг мөч сөн. Шар бүрийг залгаж цагаан гэгээ татаад цагаан гэгээ тасарч харуй бүрий нөмөрнө. Харуй бүрийг халж харанхуй ирнэ. Энд харин тэгж ялгарч анзаарагдахгүй жирэлзээд л өнгөрнө. Амьдрал ч тэр. Яг л нар шиг нэг л мэдэхэд мандаж нэг л мэдэхнээ жаргана. Юу болоод өнгөрснийг өөрөө ч анзаарах сөхөө олдохгүй уулын гол шиг түргэн амьдрал.
Инчон хотоор биднийг тус хотод сурч буй Бат-Энх найз маань хөтчилж явсан юм. Энд тэнд явж байхад байсхийгээд л энд өмнө нь далай байсан гээд боддоо, одоо чи яг өмнө нь далай байсан газар алхаж байна шүү дээ гэх. Шороогоор өндөр өндөр далан босгож тэнгисийн нэг үзүүрийг боогоод усыг нь соруулж гаргаад, ширгээгээд, шороо асгаж дагдаршуулсаар газартай болж хот тосгодоо барьж байгуулсан хэсэг олон бололтой. Товчхондоо тэнгисийн нөхөн сэргээлтээр байгуулсан хот. Газар нутаг бага хүн ам ихтэй. Хүн амын нягтаршил 1 км2-500 орчим. Монголтой харьцуулвал 250 дахин их гэсэн үг. Нэг талаараа бахархам ч 1 км2 газар нутгаа 500 Солонгос хайрлаж хамгаалах бол манайд 2 хүн ноогдоно. Нэг хүнд ноогдох хариуцлага өндөр гэсэн үг юм даа. Энд хүн нь илүүдчихсэн газар. Хүн улмаас улам хэрэггүй болж байгаа юм шиг хачин бодол төрүүлдэг. Төрөлт багасаад, зүгээр нэг ажлах хүч, ногоо тарих, хашаа барих иргэний хэрэггүй гэж үздэг болчихсон ч юм шиг. Ганц хүүхэд төрүүлвэл хамгийн ухаалаг, хамгийн эрүүл, хамгийн боловсролтой, бүхнээс илүү супер хүн болох ёстой гэж тэмүүлдэг ч юм шиг. Бусдыг нь техник, технилоги хийчихнэ. Монголчууд, Вьетнамууд ирээд хийчихнэ. Тийм болохоор тийм олон энгийн иргэд хэрэггүй тэгээд ч нэг супер хүүхэд өсгөх зардал асар өндөр болохоор тийм олон хүүхэдтэй байх боломж бараг байхгүй юм биз. Ерөнхийдөө биднээс дээд түвшиний супер хүнд зорьж байгаа гэж харагдахаар. Энэ нь эсрэгээрээ ажлах хүчний хомсдол руу хөтлөдөг. Хүн ам нь хөгширч, ажлах хүч дутагдалтай, гаднаас авах нь хязгаартай учир тэтгэврийн насныханыг ажилд нь хэвээр үлдээх, тэдэнд зориулсан ажлын байр бий болгоход анхаарч байгаа гэсэн мэдээлэл ч явж байна. Тэтгэвэр авагчдийн жагсаалт нэмэгдэж сар бүр мөнгө олгох ч хүндрэлтэй болж буй болохоор далаас дээш насныхныг ажлын байранд нь үлдээх талаар энэ хөгшрөлттэй улс орнууд татвар татаас, тэтгэврийн зохицуулалт зэрэг бодлогын өөрчлөлтийг туршиж үзэхээс өөр аргагүй болжээ. Тийм дээ ч Япон, Өмнөд Солонгост ахмад ажилчдыг дэмжих зорилгоор түр ажлын байр, үйлдвэрчний эвлэлүүд олноор байгуулагдаж байгаа гэх. Инчоноор явахаар яагаад ийм бодол төрсөн бэ гэхээр ердөө л Бат-Энх байн байн ирж энэ газар саяхан далай байсан гээд боддоо гэж хэлснээс болоод газар нутаг хийгээд хүн ам гэсэн бодол руу умбачихлаа. Газар нутаг хамгийн үнэт баялаг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Монголчууд хэдэн мянганаар аж төрж, хэдэн ч саятан хот байгуулах “сав” болсон уужим газар нутаг бидэнд байгаа нь аз. Туурга тусгаар, туг далбаа, эрх чөлөөтэй, өөрийн хилтэй, хэлтэй улс орон байгаа нь хүү наддаа сайхан. “Газар бол улсын үндэс мөн” гээд Модуу Шаньюй тэртээ нийтийн тоололын өмнө сэрж мэдээд хэлчихсэн нь Сыма Чянь “Ши Жи” буюу “Түүхэн тэмдэглэлд” үлдэж. “Газар оронгүй бөгөөс улс орон үгүй “ гээд Манлайбаатар Дамдинсүрэн сануулж. Газар гэдэг цаанадаж улсын үндэс наанадаж хувь хүний өмчийн суурь. Хамгаас эрхэмлэн хайрлаж явууштай зүйл газар нутаг л юм даа гэсэн бодлыг Инчон хот эрхгүй надад төрүүлэв.
Мө.Батбаяр
Official partners: “Талын Морьтон Хаан” ХХК UB LoungeМонгол хоол Supported by: Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь Салбар Зөвлөл - 몽골청년연맹 한국지회Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэчээр: Tagtaa.mn