Эх орондоо амьдрах. Бүр болж өгвөл төрсөн нутаг Ховд аймагтаа Манхан сумандаа аж төрмөөр болох юм аа хөөе. Аав ээж, ах дүү, төрөл садан, халуун элгийнхэн дундаа хар багаасаа ус зөөсөн голынхоо хөвөөндөө, өнөөх л хүүхэд насаа өнгөрөөсөн дүнзэн байшиндаа амьдрахын сайхан гэж байдаг бол тэгж л амьдармаар хүсэл “өгсөөд” ирэх. Танд ч бас төрдөг л биз дээ. Тэгье гэхнээ өөрөө аль хэдүйн тив дамнан тэнэж одсон байх юм уу?. Алс газар суугаад аньсан нүдэндээ л аав ээжийгээ, гэр бүлээ, хайртай эхнэр хоёр охиноо төсөөлөн харж сууна уу. Юугаа ч хайж ийм хол ирээ юм. Нэг л эрэл мухарлахаар яваад энэ хүрээ биз ээ. Хүн төрөлхтний хүрсэн хөгжил дэвшил ололт амжилтыг бахдан биширч, цэвэр сайхан хот дундуур хурдан метро хөлөглөн давхиж, цэвэр агаараар амьсгалж, саруул хотоор сэлгүүцэн явахын цагт эрхгүй л нэг халуун элгэний уур амьсгалаар дутах үе гэвчиг ирэх. Хэнд ч гай болж төвөг уддаггүй хүмүүсийн дунд явахдаа гэнэтхэн согтуу ороод ирдэг нагац ахыгаа санах. Өөрөө ч унтахгүй хүн ч унтуулсан юм байхгүй ээжийгээ яриад л уйлаад байдгийг нь санах. Тийм ч хүрз, тийм ч зээтүүгээ өгчих, боорцогны тосоо өгчих гээд яваад ордог аж төрөхүй ч бас байж болдгийг хэн нэгэн рүү удаан эгцэлж ширтвэл хэрэгтэн болох ийм хүмүүс дотор явахдаа санах. Зүгээр нэг домбоноос цай уух, гаднаас мах оруулж ирж дэвтээдэг хөдөөгийн төсөр дөхөм жир ахуйгаа санах. Амьдрах аж төрөх аль хэв маягийг буруу, алийг зөв гэх вэ. Америкийнх зөв, Солонгосынх л зөв гэвэл бас ч үгүй ээ. Яаж ч аж төрж болдог нь сайхан. Цаатны урцанд нэгэн насаа өнгөрөөсөн ч хүний дур юм даа.
Би л хувьдаа үе үе яг яваад орох айлгүй яваагаа мэдэрхээр хачин хоосон оргидог. Зогтусаж юу билээ гэж бодохоор гарцаа байхгүй л тийм байдаг. Бодит байдлын гашуун энэ. Нүдээ аниад төсөөлөх ертөнц, нээгээд харгалдах бодит байдлын зөрүү шантармаар. Хэн нэгнийд орж цай уудаг, онц ажилгүй ч гэлээ ороод гардаг, нэгнийдээ аяга ёроолдоод сүүжилдээд өнждөг амьдрал байж л байдаг. Тэгж амьдрах зөв юмгүй ч бас буруу юмгүй. Болоод л байдаг бүтээд л байдаг. Ойрд л учиргүй нэг их тиймэрхүү аж төрөхүйгээ санах шиг. Зүүдлэхээ, мөрөөдөхөө, уйдаж суух, гадуур зүгээр сэлгүүцэх, юм гайхаж балай юм шиг зогсохоо байчихсан амьдарлаар амьдарч яваагийнх байх. Хүсэж мөрөөдөх, зөн совингоо чагнахаас илүү цагаа барьдаг, ажилдаа хариуцлагатай гэдэг чанрыг илүү үнэлэх цаг үе. Цаг үе юу захиална хүн тийм л болох юм уу даа. Юуны төлөө юм бүү мэд, оргилд л гарах гэсэн юуг ч юм амжуулах л гэсэн хүмүүс. Гиюүрч энэ амьдралынхаа утга учирыг эргэцүүлэх ч сөгөөгүй л тууж явах. Бүх зүйлээсээ хол. Очиж байна сайхан хоол хийж байгаарай гэдэг юм ч амьдралд байхаа болиод удаж. Бусдад ч тэгж сэтгэл дэвсэхээ болиод удаж. Нэг л их нэгэндээ төвөг удахгүй амьдарч яваагаа гайхсан улс. Нийгэмшүүлж, ээнэгшүүлж энэ амьдралд хөтлөсөн бүх зүйлээсээ хол түүнийгээ л үгүйлээд яваад байх. Бусад оронд ингэдэг, гадаадад ингэдэг, Японд ингэдэг, Германд ингэдэг л гэх Монголчууд биднийх нь чухам юу юм.
Долоо настайдаа төрсөн гэрээ орхиж сургуульд суухаар сумын төв рүү ирж билээ. Тэр цагаас аавын гэр гэдэг амралтаараа очдог уулын цаана усны холоос мөнхөд санагдагч зүйл болжээ. Дараагаар нь дунд сургуулиа төгсөөд, бүр хол нийслэл хот руу их сургуульд явжээ. Аавын гэр энэ үед амралтаараа ч барагтайхан очихоо байсан төрсөн голомт болжээ. Их сургуулиа төгсөөд бас л ийшээ тийшээ явж, эргэж ирээд мөн л ажил төрөл гэсээр анх гарсан гэртээ очоогүй л явах. Яг нарийн тооцоод үзвэл их л бага хугацааг тэдэнтэйгээ хамт өнгөрөөж. Ямархаатай ч амьдрал юм. Юу ч хайж явдаг юм. Нүүдэлчин бид сүүлийн гучин жил яг л нөгөө Д.Пүрэвдорж гуайн: Гэрээсээ гараад, сум ороод
Гэрээ би саналаа
Сумаасаа аймаг ороод,
Сумаа би саналаа
Аймгаасаа хот ороод,
Аймгаа би саналаа
Эндээс хилээ алхаад,
Эх орноо бүтнээр нь саналаа гэдэг шүлэг шиг амьдарлаар амьдраад яваа улс юм уу даа. Гэрээсээ явна, сумаасаа явна, аймгаасаа, хотоосоо, эх орноосоо явна. Хилийн цаана эх орноо бүтнээр нь санаж амьдарна. Хүний сэтгэл бодолд хайрлах, дурлах, өшөх, гуних гээд хэдэн мянган ч үйл байдаг юм. Үй түмэн үйл үйлийн дотроос санах үгүйлэх хэмээгч үйлийг манайхан түлхүү хэрэглэдэг юм уу даа. Галсан гуайн хэлдгээр дээлээ даахтайгаа болмогц л сургуульд авч явна. Тэндээс бидний санах үйл эхэлнэ. Тэгээд насан турш үргэлжилнэ.
Хол удахаар аав ээж, гэр бүл зүгээр миний төсөөлөл байсан юм шиг хоосон санагддаг гэж энд байдаг нэг найз минь хэлдэг сэн. Бодох бүр үнэн санагдах. Нээрэн тийм биш байгаа даа гэхээс аймаар. Нутаг ус, аав ээж, ах дүүс, халуун элгийнхэн бага насанд байсан бүхнээ нэхэн санахуй зүгээр зүүдэлж байгаад сэрчихсэн юм шиг бүдэг бадаг. Бодитой юм юу ч үгүй. Гагцхүү миний төсөөлөл дотор л буй юм шиг.
Энд долоон жил болж байгаа нэг хүнтэй танилцсан юм. Том хүүхэд нь тав бага охин нь гэдсэнд байхад Солонгост ирээд харласан. Өнгөрсөн намар бага охин нь сургуульд орсон гэх. Аавыгаа хараагүй охин, охиноо хараагүй аав. Охиныхоо багын хувцасыг зургаан жилийн өмнө хүнээр дайлгаж авхуулж. Охиндоо дөхөж болох хамгийн ойроор ойртсон нь хоёр бойтог, цамц. Охиных нь хөөрхөн хөл энэ бойтгийг өмсөж байсан, хуруувч шиг хоёр бойтогт багтдаг хоёр хөл нь одоо хорвоо дэлхийг туулахаар илүү бат бөх, илүү том гутал жийдэг болсон байх. Орой ажлаасаа ирээд л охиныхоо цамц бойтгийг үнэрлээд суудаг гэж байгаа. Охинтой нь огтлолцуулж байгаа орон зай гэвэл алгын чинээ ганц цамц, хоёр бойтог. Өөр зүйл байхгүй. Авч байгаа сарын цалин л энд уяж байгаа. Өөр юу ч биш. Түүнийхээ хариуд хүүгээ үнэрлэх, охиноо эрхлүүлэх жаргалаа ч бас өгч яваа бид.
Бас нэг ах надад “аав нь энд Солонгост ажилладаг хүмүүсийн хүүхдүүд эцгийн хайр гэж мэдэхгүй. Эцгийн хайрыг мөнгөний халамжаар орлуулдаг. Төрсөн өдрөөр бид нар мөнгө л явуулна. Шинэ жил боллоо гэхэд мөнгө л явуулна. Ямар нэгэн зүйл хэрэгтэй болоход мөнгө л явуулна. Тийм болохоор тэнд байгаа манай хүүхдүүд хайр гэдгийг мөнгө өгөх гэж ойлгодог байх. Хэн нэгэн мөнгө өгвөл намайг хайрлаж байна гэж ойлгох. Хэн нэгнээс мөнгө авснаа хайрлуулж байна гэж ойлгодог болж байгаа байхдаа гэж надад бодогддог. Гэтэл аавын хайр гэдэгт юу юу багтах уу гэдгийг, чи мэдэж байгаа шүү дээ ай бас л... Өөр бас нэг хүн
-хол байхад хүүхэд өвдөх л хамгийн хэцүү. Бууж өгөөд буцмаар болгодог зүйл тэр л байна..
-тийм үед танд тэгээд юу гэж бодогдох уу?
-цаг хугацаа өнгөрч байгаа нь аз юм даа л гэж бодогддог. Харлаад олон жил болж байгаа хүмүүстэй уулзахаар анх гурван жил махийтал зүтгээд гурван өрөө байрны мөнгө хийгээд л буцъя гэж бодож ирсэн гэх хүмүүс олон.
-Одоо тэгээд та хэдэн жил болж байна.
-Удаагүй ээ, таван жил, арван жил, арван таван жил гэх. Дунд нь нэг ч буцаагүй нь ойлгомжтой. Ийм хүмүүсийг энд “Бурханы визтэй хүмүүс” гэж нэрлэдэг. Бурхан хэзээ дуудна гэнэ тэр үед л буцах болохоор тэр. Гэхдээ Бурхан дуудахгүй ч байж магад гэсэн бодол надад төрдөг. Харлаад 17 жил болж байгаа нэг ахтай таарсан юм. Энгэртээ сөжү хийчихсэн үе үе сэмхэн гаргаж балгасаар ажиллах надтай бараг л бол юм ярихгүй тэр хүн
-Одоо манай улсын ерөнхийлөгч хэн байгаа вэ?
-Та хэний үед наашаа ирсэн
-Багабанди ерөнхийлөгчийн үед. Тэгээд тэр хүн надаас
-Чи ахдаа Улаанбаатар хот одоо яг ямар болсон байгааг нэг сайхан дүрслээд яриад өгөө ч гэж гуйсан. Би фэйсбүүкээс Улаанбаатар хотын зураг олж байгаад шинэ тугтам бий болсон барилгуудыг нэг нэгээр нь тайлбарлалаа. Энэ бол Blue sky талбайн урд байгаа гээд л эхэллээ. Аан наадхийг чинь бол мэднэ гэсээр миний утас руу өөр цаана нь юу байна гэх шиг өнгийх. Би Улаанбаатар хотынхоо аль сайхан бүхнийг дүрслэн ярьж өгсөн юм. Ах чимээгүй сонсоно. Улаанбаатарын тухай юу ч гэж ярьсан итгэхэд бэлэн суугаа юм шиг надад санагдаж байв. Мэдээж энд дандаа харынхан байдаггүй нь ойлгомжтой. Солонгосын “Хөх ордон”-д ажиллаж байгаа нэгэн ч бий. Ахин төлөвлөлтөнд орохоор болоод оршин суугчид нь чөлөөлөөд хэн ч амьдрахаа байсан харанхуй хуучин балгас болсон хороолол дунд ганцаараа амьдарч байгаа ч нэгэн бий. Байдгаа казинод барчихсан, толгой хоргодох газаргүй нэгэн ч бий. Хүний оршихуй, амьдрах хэв маягт буруу зөв гэж байх биш дээ ямар. Хүний амьдрал хэн нь ч хэнээсээ илүү бас дутуу биш. Хөрөнгө, мөнгө гэдэг амьдралын зөвхөн ганцхан үзүүлэлт. Хүний амьдралын үнэ цэн юу ч байж болох л.
Гэхдээ л би энд таарсан, уулзаж ярилцсан хүн болгондоо эх орныг нь санал болгож явна. Янз бүрийн л хариулт өгдөг. Монголд эндхийнх шиг олон төрлийн ойн жимс, нарийн ногоо байдаггүй гэж зарим нь хэлнэ. Тийм орон болгох нь хэн юм бэ тэгээд гэж би хариу асууна. Энд иргэдээ аягүй боддог. Ядаж л автобус хүлээхэд ороод суух дулаан кабинтай, сандал нь халдаг гэнэ. Тиймээ, манайд тийм юм байхгүй, гэхдээ хэн тийм сандалтай болгох юм бэ гэж би хариу асуудаг. Шудрага бус, цалин бага, арын хаалгатай гэнэ. Хэн тэгээд түүний эсрэг тэмцэж дуугарах юм бэ, хэн хариуцлага нэхэж, хяналт тавих юм бэ бид нарын өмнөөс гэж би мөн л асуудаг. Ядаж л энд хүмүүс нь цаг барьдаг, үйлчилгээний газрууд нь соёлтой боловсон харьцаатай гэнэ. Энэ хүмүүсийн хэлж ярьж байгаа шалтаг шалтгаан бүгд үнэн. Энд авч байгаа цалинтай дүйцэх цалин тэнд амлаж чадахгүй. Эндхийнхтэй өрсөлдүүлэн санал болгох тав тухтай, эрүүл аюулгүй, амар тайван нийгэм байхгүй. Зөрүүлээд санал болгох юм тун ховор. Хүлээж авах хөрс байхгүй жижигхээн зах зээл. Урдаа 1.5 тэрбум хүнтэй, хойноо 150 сая хүнтэй хоёр том зах зээлийн дундах жижигхэн арал. Тэр хоёрыгоо давж үйлдвэрлэх, өрсөлдөх боломж хомс импортын, дамлан худалдаалагчдын орон. Гадаадад байгаа ажлах хүч, ард иргэдээ ирээч гээд санал болгох юм хэцүү. Америкуудад америк мөрөөдөл, Хятадуудад хятад мөрөөдөл байна. Бид нарт яг иргэддээ санал болгочих юм алга. Амлах цалин, ажлын байр юм билээ. Гишүүн ахтай бол тэгээд боржуурын тендер гусах нэг боломж байна гэлтэй ч биш. Уг нь бид нарт “Монгол ялна” “Хүчээ нэгтгэе” гэх сүржин уриа биш амьдралын баталгаа болсон тогтмол ажлын байр, аятайхан цалин л хэрэгтэй юм. Өндөр боловсрол биш наалдах нам амьдралын баталгаа болдог орон нь үнэн. МАНгүй бол маргааш нь лааз өшиглөх хүмүүс олон орон нь ч үнэн. Гэхдээ, гэхдээ энэ бүхнийг Монголчуудад хэн өөрчилж өгөх билээ? Хэн хөгжүүлж өгөх билээ? Эцэстээ энэ хэний эх орон билээ? Бурхан гэж байлаа ч бид нарт биднээс өөр ёстой хэн ч туслахгүй байх. Хямд жимс, олон нарийн ногооноос эрхэм дээд зүйл амьдралд байж болох уу? Халдаг сандлаас эрхэм дээд халуун ам бүл, эх орон гэж бид нарт байж болох уу?. Эх орондоо амьдрахад сайхан зүйл өчнөөн гэж би боддог. Өөрийн улсдаа ядаж л чи хэзээ ч хоёр дахь биш. Ямар ч баян хужаа, ямар ч баян Солонгос эх оронд чинь чамаас эрхэм биш. Ийм л улстай болох, тийм л нийгэм цогцлоох хүсэл энд алхаж явахад надад төрдөг. Монгол хүн монгол хүндээ хайртай. Өөрийн зүйлээ эрхэмлэдэг. Өөрийн зүйл гэдэг заавал эрх чөлөө тусгаар тогтнол гэсэн том асуудал биш монгол эхнэр нөхөр хоёр хийж зардаг бууз ч байж болно.Тэр бууз зарагдах зах зээлийг л хятадаас, солонгосоос хамгаалдаг байхад болно. Ингэж л ард иргэд нь улс орондоо амьдарна. Дотоодын зах зээлээ хамгаалдаг, ард иргэд нь дотоодын зах зээл дээрээ үнэлэгддэг, дотоодын зах зээл нь улс төрөөс хараат бус тогтвортой тийм л улс орон, нийгэм бүтээлцэхийн төлөө утаатай ч хотдоо, түгжрээд ч болов амьдрах юм шүү гэсэн хүсэл дотроос “төөнөдөг”. Тийм болохоор энэхүү бичвэрээрээ ч бас уриалж байгаа юм, эх орондоо амьдар гэж. Сэгсгэр ч гэсэн ээж минь гэлээ гэдэг шиг эх орон, тусгаар Монгол Улс та бидний хамгийн хайрлаж, хөгжил дэвшилд нь нэгэн насаа зориулж явууштай үнэт зүйл. Үүнээс давсан юм миний л хувьд байхгүй. Монгол минь л сайн сайхан болоосой. Монгол хүмүүс аз жаргалтай, амар тайван эх орондоо амьдраасай гэж л хүсэх. Иймэрхүү үгийг улс төрчид хэлсээр байгаад сая биччихээд эргээд унштал шал худлаа ч сонсогдох шиг. Улс төрчдөөс болоод “эх орон” гэдэг үг ч муухай сонсогдохоор болжээ. Гэвч би чин сэтгэлээсээ хүссэн минь үнэн юм шүү.
Эртээдхэн С.Баяр сайдын үед ч билүү “Монгол хүн Монголдоо сайхан амьдаръя. Эх орондоо ирээч” энээ тэрээ гэсэн уриалга хэсэг явсан санагдана. Ойрын хэдэн жил бүр таг. Харин бүр эсрэгээрээ хүмүүсээ гадагшаа л гаргая, гадагшаа л явуулъя. Гаднаас мөнгөний урсгал татъя гэсэн шүү л бодолтой болсон юм уу даа, манай саарал ордныхон. Монгол Улсад, Монгол хүн эрхэм. Монгол хүнд Монгол Улс эрхэм өөр юу ч биш. Дуртай газраа амьдрах эрх хэнд ч нээлттэй. Гадаадад амьдрах мэдээж амар биш. Туулын мөсийг долоох шахам байж гэдэг шиг Хан мөрний мөсийг долоох шахам байж л ар гэрээ, ахуй амьдралаа авч явж буй олон Монголчуудтайгаа уулзаж байна. Энэ хүмүүсийн талаар бодох бүрт надад Жумха Лахиригийн “Гурав дахь буюу сүүлчийн тив” өгүүллэгийн төгсгөл хэсгийн нэг өгүүлбэр санаанд ордог юм. Энэтхэг-Калькутагаас Америкт “цагаачилж” ажилласан эцэг нь хүүдээ хандаж : “Бидний баатрууд хэмээн нэрлэдэг өнөөх сансрын нисгэгчид саран дээр ердөө л хэдхэн цагийг өнгөрүүлсэн бол би энэ шинэ ертөнцөд бараг л гуч орчим жилийг өнгөрөөжээ” гэж хэлдэг юм. Хүний газар гүний хошуунд эх орон элгэн саднаасаа хол ийм олон жилийг санах мөрөөсөх дунд өнгөрөөх гэдэг үнэхээр хүнд хэцүү. Бараг л гайхамшиг шиг надад санагддаг. Тэгэхээр цагаачилсан ч байна уу? Харласан ч байна уу? Та нар бүгдээрээ баатрууд. Энэ баатруудаа би эх орондоо ирээсэй гэж хүсдэг.
Мө.Батбаяр
Гэрэл зураг: А. Навчаа "Солонгос дахь Монголчуудын хөрөг"