СӨЖҮ ЧАМД АМТТАЙ САНАГДААД ЭХЛЭВЭЛ...
2022-12-25 Мө.Батбаяр 2624

Үүргэвчээ үүрээд мөн л хаа нэг тийш яарсан өглөө. Очих газаргүй, халагдах ажилгүй, хэн нэгэнтэй товлосон цаггүй атлаа л олны хэмнэлд автан яарч яваагаа гэнэт сэхээрч зогтусан орчин тойрноо ажвал салхи сэрхэрч дээврийн цасыг буйдаад, дээврийн цас бүүрэглэн буухдаа тэс модыг хучиж, цасны доороос тэсийн навч өтгөн манан дунд мандаж буй нар шиг улааранхан байна. 

"Морьтой ч болоосой" төслийн багт нэгдэж ирээд яг арав хонож байна.  Өнөөдөр эндхийн Христ итгэлтнүүдийн хувьд их эзнийх нь их дүйчин тохиож буй өдөр. Гэхдээ энд баярыг тийм ч сүр дуулиан болгоод байдаггүй шиг. Гэр бүлээрээ хооллох, хосууд болзож нэгэндээ бэлэг барих, мөн хүүхдүүдийнхээ алгыг тэнийлгэх, сүсэгтнүүд сүмдээ цуглан хамтдаа залбирал үйлдэж, зоог барих зэргээс харвал манай их дүйчин гэхээсээ цагаан сарыг санагдуулам. Энд ирсэн монголчуудаас ч цөөнгүй нь Христэд итгэгчид болдог бололтой. Тэгү хотод бүр монгол пастортой, монгол цуглаан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Хамгийн олон итгэгчтэй гадаад чуулган гэгддэг аж. Жар гаруй монгол гариг бүрийн бүтэн сайнд сүмдээ цуглаж, талархаж, бусад хүмүүсийн авралын төлөө, бас өөрийгөө бурханд даатгаж залбирдаг юм уу даа. Тэдний төлөөлтэй Тэгү хотод очих үеэрээ уулзсан юм.

Уг нь улаан гараараа амьдралаа босгож, ёстой л сайн цагийн мянган бурхан бууж ирээд ч тусалж чадахгүй, өөрөө өөртөө гэрэл болж яваа эндхийн хүмүүст буддын шашин шиг асар прагматик шашин л сайхан нийцмээр. Гэтэл эд маань буддын шашны талаар их өрөөсгөл ойлголттой явдаг нь ярилцаж суухад мэдэгдээд, сэтгэл гонсойлгож билээ. Гандангийнхан даавуу хайчлах, ус цацах, мод зорох хэмжээнд шашнаа ойлгуулж ирсэн нь шуудхан хэлэхэд энэ хүмүүсийг түлхжээ. Хорин настай хонгор зүстэй явсан үедээ Нямсамбуу багшийн сургалт, Таяар ах, Бадрал нарын орчуулсан “Бодь мөрийн зэрэг”-тэй таараагүй бол би ч ялгаагүй өөр итгэл үнэмшил хайх байсан биз ээ.

Энэ хүмүүс итгэл үнэмшилээ энд олжээ. Шашины хэрэгцээ хангагдсан гэсэн үг. Цагаан сараа энд тэмдэглэж,  Тэгүгийн монгол наадам зохиогоод арван хэдэн жил болчихсон гэхээр соёлын хэрэгцээгээ ч эндээс хангадаг болчхож гэж ойлгов. Дээр нь эндхийн монголчуудын дунд шагайн харваа, сагсан бөмбөг гээд спортын олон тэмцээн тогтмол шахуу зохион байгуулагддаг гэхээр нийгмийн хэрэгцээ, окэй. Нэмээд амьдралаа энд тохинуулчихсангууд нь ахуйн болон аюулгүй байдлын хэрэгцээ боломжийн хангачихдаг гээд бодохоор ер нь монгол руу буцах шаардлагагүй болчихсон гэсэн үг. Монголд эрүүл аюулгүй амьдрах орчин юу билээ, эдийн засгийн эрсдэлгүй амьдралыг төр засаг маань яаж хангадаг билээ гээд бодохоор яагаад хүмүүс энд шигдээд байдгийг ойлгоход тийм ч төвөгтэй биш. Нөр их ажиллах хүч, улс орныхоо үнэт капитал болсон иргэдээ ийм шалтгаанаар гадагшаа алдаж байгаагаа бодохоор үе үеийн эрх баригчдаа үнэнхүү үзэн ядаж, үнэхээр их гомдох юм. Ийм бодол надад төрүүлсэн хүмүүстэй Тэгү хотод уулзлаа.

Тэгү бол энд ирээд миний очсон хоёр дахь хот. Эхнийх нь Сөүл. Тэгү бол уул толгодын дундах хот. Зохиолч Д.Энхболд ахын “Толгодын дундах ертөнц” гэж өгүүллэгийн нэр санаанд ормоор тийм л газар. Тиймдээ ч Жусон гүрний эхэн үе хүртэл  大丘- da qiu буюу их толгод гэсэн ханзаар тэмдэглэдэг байжээ. Газар нутгийнхаа онцлогийг тусган нэрлэсэн нь тэр шүү дээ. Мөн энэ хотын дундуур энэ улсын хамгийн урт мөрөн урсдаг аж.

Бид Тэгүд нар буухаас урд буулаа. Биднийг Эрдээ ах ажлын дүүгийн хамт тоссон юм. Элэглэгч Эрдээ гэхээр манайхны ихэнхи нь мэдэх байх. Машинд нь суугаад Тэгүд байгуулагдсан “With Mongolia” монгол хоолны газар луу явах замд анх Солонгост ирээд орох оронгүй, оочих аягагүй, хээр хонож хэц дэрлэж явсан үеээ ярихад л энэ хүний хийсэн Youtube суваг дахь тэр инээд наргиан, элэглэл хошигнолын цаанаа ямар их ганцаардал, цөхөрсөн итгэл найдвар, ядрал туйлдал, нуугдаж байсан юм бэ дээ гэж бодогдож байлаа. Анхны цалингаасаа nike-ийн том цэнхэр үүргэвч авч, өөрийн гэсэн бүх юмаа дотор нь чихчихээд л, байрлуулж ажлуулна гэсэн ажил бүрийг хийж явсан бадарчин он жилүүд.  Уртаашаа өргөөшөө ганц цэнхэр үүргэвчтэй, хорин хэдхэн настай монгол залууг өөрийн хөдөлмөр зүтгэл болоод Солонгос орон гэр бүлтэй, үр хүүхэдтэй, орон байртай, нэр төртэй, бусдад гар сунгах хэмжээний болгожээ. Солонгос ийм өглөгч орон, хүний хөдөлмөр зүтгэл түүнээс илүү өглөгч зүйл ажээ. Хариуд нь тэр амьдралынхаа цэл залуу он жилүүдээ, ариун цагаан хөдөлмөрөө энэ оронд зориулжээ.

“With Mongolia” монгол хоолны газрын хамт олон биднийг халуун дулаанаар зочлуулж, гарын хоолоороо дайлж аяны алжаалыг маань тайлж өглөө. Тэгүд сурдаг оюутан охидууд бололтой хоёр охин энд хичээлийн бус цагаараа ажилладаг юм. Нэг ийм газар байгуулагдахад хэдэн монгол ажилтай болж, хичнээн монгол хүмүүс над шиг ингэж бие, сэтгэлийн алжаал тайлж, монгол хоол, цайныхаа аагинд хөлс шударч суудаг юм бүү мэд. Юутай ч иймэрхүү газраар эргэлдээд байхад Солонгосын Монголчуудтай элбэг уулзаад байж болмоор санагдаж байв.  

Бид зорьсон дараагийн газар нь MGL MART нэртэй газар байлаа. Тус газрын нэг жигүүрт Амартуяа эгчийн кофе шоп байх бол зүүн жигүүрт Пүрэвсүрэн ах эхнэрийн хамт дэлгүүр ажлуулна. Дэлгүүрийн хөлдөөгчинд хөлдөөсөн бууз, хэрчсэн гурил байх нь содон. Долоо хоногт хоёр удаа цагаан сарын бэлтгэлийг санагдуулам бууз чимхэх томоохон үйл ажиллагаа болдог аж.  Нэг удаад 700 гаруй бууз чимхэх их ажилдаа эндхийн оюутнуудаас ажиллуулдаг гэж хуучиллаа. Хэрчсэн гурилаа ч мөн өөрснөө бэлддэг аж. Мөн дэлгүүрийнх нь нэг булан дахь хөргөгч дүүрэн утсан хиамийг эндхийн оросуудаас авдаг гэх. Монголын хүнсний дэлгүүр ямар байдаг яг л тийм дэлгүүр. Дэлгүүрийн эзэн Пүрэвсүрэн /Пүүжээ/ ах бол Тэгүгийн монгол наадмыг анхлан санаачилж, зохион байгуулсан, цагаан сарыг ч мөн зохион байгуулах багийн эхний эгнээнд явсан хүмүүсийн нэг. 2006 онд дунд сургуулиа төгсөөд ангийнхан нь Дарханд элсэлтийн шалгалтад орж байхад хотод ирж тухайн үед төв цэнгэлдэхийн гадаа хонон өнжин дугаарлаж байж Солонгосын визэнд ороод нааш ирсэн хүн гэж байгаа. Яагаад та тэндээ их сургуульд оръё гэж бодоогүй юм гэж асуухад их сургууль төгссөн ойр тойрныхоо хүмүүсийг харахаар нэг л биш санагдаад тийм сонголт хийсэн гэх. Тэгсэн атлаа Солонгост ирээд ажиллаж байхдаа боловсрол мэргэжил эзэмшихийн чухлыг яс махаараа ойлгоод, магистр болтлоо суралцсан гэж байгаа. Монголд боловсрол мэргэжил яагаад тийм үнэ цэнэгүй санагдаж, өөр газар яагаад үнэ цэнэтэй санагдсаныг нь мөн л бодолцож үзмээр.

Манайд хэрэг нь гардаггүй докторуудаар дүүрэн. Дээд боловсролтой иргэд яагаад эдийн засагтаа нөлөөлж чадахгүй байна гэдэг манай асуудал. Боловсролын үнэ цэнэ шалан дээр байгаа цагт манай нөхцөл байдал амар дээрдэхгүй болов уу? Боловсролын үнэ цэнийн яриад эхэлвэл манай бөх дарга нар өөрсдөө үнэ цэнгүй болчих гээд, тэр талаар ам нээдэггүй ч биз. Аливаа ажлыг боловсрол хамаагүй сэтгэл байхад хийнэ гэдэг уриатай шахуу улс. Боловсрол гэдэг улс орны шавхагддаггүй баялаг. Нүүрс, алт, зэс харин хэмжээтэй.

Амартуяа эгч болоод Пүүжээ ах түүний гэргий Соёлоо эгч нар цөм энд их дээд сургууль төгссөн улс. Мөн Тэгүгийн монгол цуглаан дэр танилцан нөхөрлөж, тэр цуглаанаас хань ижлээ олсон улс. Хоёр мянгаад оны эхээр Солонгост ирсэн гэхээр нааш ирэгчдийн хоёр дугаар үеийнхний төлөөл. Эхлээд гэрээний визээр ирээд сургалтын виз болгоно. Түүнээсээ e7 буюу мэргэшсэн ажилтны виз даруулж, дараагаар нь f2 виз рүү зүтгэнэ. Тэд бол яг л ингэж Солонгосын визний нөгөөс нөгөө рүү хувиргаж өөрчилж болох бүхий л боломжийг сүйхээчлэн ашиглаж яваа хүмүүс. Тийм ч болохоор энд хувийн компаниа байгуулж, албан ёсны татвар төлөгч болоод авчээ. Шуудхан харлахыг бодолгүй, яг зохих ёсоор нь явж болох ийм зам ч бас байж болдгийг бараг анх удаа энэ газрын хүмүүсийн амаас сонсов шүү.

Пүүжээ ах энэ дэлгүүрээ ажлуулахын хажуугаар хүлэмж барих, нураах, хучих дулаалах ажил ч мөн хийдэг бол кофе шопын Амартуяа эгчийн нөхөр Ганзориг ах энд цагаан будаа тарьдаг. Анх тариалангийн газраа өнжөөж байгаа Солонгос хөгшидий гуйж, уриншин дээр нь сонгино, сармис тарьж үзсэнээр энэ ажлаа эхэлжээ. Түүнээсээ урамшиж өөрийн “Үндэстэн” нэрт компаниа байгуулж,  тариалангийн салбарт эргэлт буцалтгүй оржээ. Цагаан будаагаа есөн сард хурааж аваад, арван сард сонгино сармисаа зөрүүлээд тарина. Ургацаа хурааж аваад өөрөө зарж, борлуулах гэж үйлээ үзэхгүй эндхийн Хөдөө аж ахуйн банк худалдаад авчихдаг нь амар. Солонгост ирсэн эхний монголчуудаас эхлэн багашаархан зах зээл үүсэж, хоёр дахь үе нь энд хувийн бизнесээ “үрслээж”, тэдний дараагийн үе эндхийн их дээд сургуульд суралцахаар олноор ирж, гурав дахь үеийнхэн нь энд цэцэрлэг сургуульд орсноор энэ улсад төрж, өссөн дөрөв дэх үе одоо үндэснээсээ нахиалж байгаа юм байна.  Дөчөөд жилийн өмнө Солонгосууд, Америк руу хорь, гучин мянгаараа цагаачилж, газар тариалан, угаалгын газар гээд дан хар бор ажил хийн амьдарч асан бол тэдний үр хүүхэд харин мэдлэг мэргэжилтэй, түүгээрээ хоолоо олж иддэг нэнчиг өөр үеийнхэн өсөж өндийснийг эндхийн монголчууд санагдуулна.

Монгол-Солонгосын харилцааны эхний сүж дотно үе Юань улсын үед хамрагдах бол харилцаа холбоо дараагийн шатанд хүрч сайжирсан нь өнөө бидний үед дохиож байгаа гэж уншсан нээрэн л тийм бололтой. Үр хүүхдээ сургууль соёлын мөр хөөлгөж, төв бараадуулах гэж эцэг эх нь мал маллаж, төв бараадсан үр хүүхэд нь үр хүүхдээ гадагшаа сургах гэж мөн зүтгэж, хэр хэрэндээ л дэлхийн хүн төрөлхтний хөгжилд нийлчих гэсээр бидний гурав дөрвөн үе өнгөрөв бололтой. Хүний дайтай явах гэдэг нь магад энэ юм болов уу даа. Удам дундаасаа анхлан их сургуулийн диплом өвөртөлсөн хүн болж байсан түүх бидний монголчуудын хувьд шинэхэн. Эндхийн хүмүүс түүний л адил дараагийн нэгэн шинэ үеийг төрүүлж байна.

Уулзалт дууссаны дараа, оройн 23 цагийн алдад  Эрдээ ахтай хамт биднийг тосож авсан Дугараа маань ирж намайг аваад шөнийн Тэгү хотоо үзүүлсэн юм. Бид хоёр үүр цайтал явлаа. Дугараа бол Говь-Алтай аймгийн уугуул залуу. Бид нас чацуу. Намуухан дуутай, даруухан бор залуу. Өглөө эрт ажилтай ч ганц шөнийн нойрон дээр бол гороохгүй гэсээр намайг ирж аваад шөнийн хотоо үзүүлэв. Харийн хотын сэрүүн шөнө хоёр монгол залуу, нэгэндээ ярих өгүүлэх түүх байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг нэг үе ам халж, нэг үе дуугаа хураан хөнгөн тэргээр давхиулна. Надад шинэхэн найзалж эхэлсэн охиныхоо талаар л яриад байх. Түүнтэй учирсандаа нэн ч баяртай байгаа бололтой. Тэр баяр хөөрөө хуваалцах хүн хайж байсан мэт өдөрхөн танилцсан надад нууж хаалгүй ярих нь сэтгэлд дотно. Үхэл хэнийг ч ялгалгүй дайрах нь амьдралыг шудрага болгож, хайр хэнийг ч ялгалгүй хамаатах нь амьдралыг романтик болгодог. Энэ амьдралд бий хоёр сайхан зүйл үхэл, хайр хоёр гэж би боддог. Дугараа маань хоёр сайхны нэгэнтэй учирчээ.

Гэвч би энэ удаагийн тэмдэглэлээ тэс өөр түүхээр төгсгөмөөр санагдав. Дугараа бид хоёр шөнийн хотоор сэлгүүцэж яваад гэнэтхэн караоке орохоор болоод явчихлаа. Юунаас тийм сэдэл үүсэж, биднийг тийшээ хөтлөсөн юм бүү мэд. Юутай ч нэг мэдэхэд бид Тэгү хотод байх монгол дуутай караоке руу машиндаа бие халаалт хийнгээ, баясалтай гэгч нь сүнгэнүүлж явлаа. Солонгос эзэнтэй караоке юм. Умгар гэмээнэ даан ч умгар, бүрэнхий өрөө. Ганц навтгар ширээ. Ширээний  дэлгэц талын буланд ширээнээсээ өндөр Солонгос дууны зузаан жагсаалт. Төдөлгүй солонгос хөгшин монгол дууны жагсаалт бүхий дэвтэр авчирч, өнөөх зузааны наана шидлээ. Караокений дэлгэцийн гэрэл солонгос дууны жагсаалт бүхий зузаан дэвтэрийн сүүдэрт навсайж хэвтэх монгол дуутай навтарга дээр унахыг харахад гуниг төрнө. Хэдхэн монгол дуу байх ч ганц цаг дуулахад бол хүрэлцэнэ ээ. Монголд бол аманд эвлэхгүй хачин хачин зохиолын дуунууд энд дуулахад хачин дотно, гоё санагдана. Дууны үгийг орос үсгээр шивжээ. Дууны үгэнд буй бүх “Ү” үсэг “У” -гаар шивэгдэж.  Танай бичиг чинь орос шүү дээ. Бичиг үсгээ оросоос авсан биз дээ гэж тавлахаар олон сонсож байсан. Сонсох бүрт төрдөг байсан эмзэглэл яг энэ мөчид ч мөн төрлөө.  Энд хүртэл тэгж ойлгосондоо орос үсгээр шивсэн юм болов уу даа. Дугараа дуулна. 

“Харийн нутаг давчдаад байна

Харсан зугтээ гуймаар байна” гээд л дуулна. Сонсохуй “зүгтээ” “гүймээр” гэж сонсогдох ч харахуй “зугтаа” “гуймаар” гэж байх шиг уншигдана. Сонорт сонсогдох, нүдэнд үзэгдэх аль ч утгаар ойлгосон гуниг төрүүлнэ. Зугтаамаар, гуймаар, гүймээр үе, харсан зүгтээ гуймаар, гүймээр хүсэл олон төрдөг байхдаа гэж бодож суулаа. Энэ үед сэтгэлийн доторх ч энэ өрөө шиг бараан сүүдэрт нөмрүүлээд ирнэ.  Энэ л үед эндэхийн өнөөх алдартай рэппер Таблогийн "Сөжү чамд амттай санагдаад эхлэвэл амьдрал чинь сөжүнээс илүү гашуун байна гэсэн үг" гэдэг дуу санаанд орно. 

Маргааш өглөө нь манай “Морьтой ч болоосой” багийнхан буцах болж, Пүүжээ ах биднийг гарын хоолоороо дайлж нэгэн сайхан үдийг цугтаа аятай өнгөрөөлөө. Хаана ч очсон тосох монголчуудын маань халуун дулаан сэтгэл биднийг хаана ч үл газардуулна. Ингээд орсон бороо арилж ирсэн бид буцах боллоо. Пүүжээ ах биднийг тэрэгний өртөө рүү хүргэж өгөөд, аян замын ерөөл тавин гараа далласаар үлдлээ. Бид буцлаа. Өвлийн их үд хэлбийж нар баруунш ташаад, өмнөөс угтах зам биднийг өөр нэгэн рүү хөтөлнө.

Official partners:

МАКС ЭРҮҮЛ ХҮНС Max Mahnii Delguur

UB LoungeМонгол хоол

GG Tour Fb:Солонгосоос дэлхийгээр аялцгаая

Supported by: Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь Салбар Зөвлөл - 몽골청년연맹 한국지회 

Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэчээр: www.tagtaa.mn

Түр хүлээнэ үү...
Top