Энэ хүн бол одны өвчтэй, од шигээ дотоод гэрэлтэй, бас түүн шиг ээ тэсрэлт, харвалт, хурд ихтэй яруу найрагч.
Эхлээд би түүний хөл, хөдөлгөөний хурдыг мэдсэн юм. Акедемич Д.Төмөртогоо гуайгаас ярилцлага авахаар товлосон цаг ялимгүй өнгөрчихөөд бид тэвдүү, төв номын сангийн өмнө унаанаас буугаад, Соёлын төв өргөөний хойнох Олон улсын Монгол судлалын холбооны байр руу шуртхийлээ, очин очтолоо би дагаж шогшисоор байгаад таарсан даа. Ямар ядарлаа гээд шургаад ойчилтоо биш, дэмий дүлэгнэж чих нүүр жаахан халуу шатсан даа. Харин дараа нь их олон үйл хэрэгээс энэ хүний хурдыг харах болсон доо. Хурдтай байна гэдэг түрүүлэхийн нэр, хурдтай байна гэдэг ялахын нэр. Бидний байлдан дагуулж асан үе бол хамгийн дээд хурдыг манайх эзэмшиж байсан цаг үеийн л түүх гэж би боддог.
Түүний нэг бүтээлд "Бодвол одны өвчтэй гэж бодоо биз. Ангийхан маань хэн ч ийм зураг зураагүй. Түүгээрээ миний зураг гоё" гэсэн хэсэг бий.
Бүтээлдээ “гоё” гэсэн үнэлгээ өгөх болсон гол шалгуур нь өөрийнх нь бүтээл бусдаас өөр байсаных юм. “Өөр байх” гэх ганц атлаа яривагтай эл зарчим бол энэ яруу найрагчийн бүтээл туурвилынх нь гол онцлог ч байж мэдэх юм. Мэдэх юм гэснэээс энэ үг яруу найрагчийн хэлэх дуртай үг, цаашлаад үзэл санаа, философийг илтгэж байгаа маш товч оновчтой дүгнэлт байх шүү. Үнэхээр тэр “хувь тохиол, боломж магадлал, ирж болзошгүй маргааш, эргэлт-360 градусын ” зэрэгт итгэдэг байх.
Дээрхи эшлэлээс анзаарууштай өөр нэг зүйл нь“өвчтэй” хэмээгдэж буй явдал. Тэр “хэв загварт үл зохицохуйн (шизо)” өвчтэй. Энэ өвчин нь газрын биш тэнгэрийн татах хүчийг мэдрэхэд нь тусласан юм.
Тэнгэрийн татах хүчний тухай нэг мистикчийн бүтээлд
...алимнууд Ньютоноос өмнө унаж байсан Ньютон нэг хууль нээгээд л алимнууд унаж эхэлсэн юм биш. Хууль үйлчилж байсан, Ньютон, зүгээр л, түүнийг нээчихсэн. Гэтэл яг үүнтэй адил өөр нэг хууль байдаг юм, тэнгэрлэгийн хууль. Тэр нь дээш нь татдаг. Газрын татах хүчний хууль юмсыг доош нь татдаг бол тэнгэрлийн хууль юмсыг дээш хөөргөдөг. Йогын ухаанд үүнийг левитаци гэдэг. Бурханлагаар согтох үед, бүрэн марталт, дүүрэн согтолтын үед, өөрийгөө бүрэн өгөх үед, эго ор тас алга болох үед энэ хууль үйлчилж эхэлдэг. Хүн дээш хөөрдөг, тэр жингүйддэг. ...шинжлэх ухаан үүнийг мэддэг хууль болгон өөр нэгэн хуулийг нөхдөг гэдгийг. Газрын татах хүчний хуулийн яг эсрэг болсон, түүнийг нөхсөн хууль байх ёстой. Тиймээс би энэ хуулийг тэнгэрлэгийн хууль гэж нэрлэсэн.
энэ хүн өөрийгөө бүрэн өгч, бурханлагаар согтож, эго ор тас алга болсон болохоор л тэнгэрийн татах хүчийг мэдэрч,
... оддын татах хүч өөр лүүгээ ингэж өндийлгөсөн(1985он) хэмээн бичсэн буй за. Манайхан 30 жилийн хойно үүнийг ойлгосоныхоо баяр тэмдэглэж
...Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм
Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм. Гэсэн шүлэгт нэг их гавьяа шагнал болоогүй юү?
Тэр үнэхээр одны өвчтэй
...Алтан мөнгөн загас наадах шиг
Од сар хоёр үдэшдээ хөөцөлдөн эрхлэх...
...Олмоо чангалан хүлэгтээ мордохдоо
Одод дээр бараг суучих шахна.
... хурмастын долоон шарга од
Үдлэж буусан өртөө минь байлаа.
Одод өлмийлдөн хашгирч...
...Одруу очоод ирсэн мэт
оргилуун явсан тэр л замын уулзварт.
…хаа холын од
хамаатай юү гэвч
хайрламаар сайхан гэрэлтэй шүү дээ
Ер нь яруу найрагчид юуны тухай бичдэг вэ? гэхээр өөрийнхөө тухай л бичдэг шиг санагддаг. Тэр өөрөө ОД юм, ОД шиг юм. Уг нь бид бүгдээрээ ОД явсан, ОД шиг явсан үе бий. Энэ тухай, нэг ийм домог байдаг даа.
Нар сар байхгүй цагт хүмүүс биенээсээ оч үсэргэж, тэнгэрт нисч явдаг байжээ, тэгтэл тэдний нэг нь өвджээ. Бурхан, оточ гэлэнг эм эрүүлэхэр явуулж гэнэ. Гэлэн нь түмэн алдын урт нарийхан таяг барьж, энэ замбативийн цаадах гадаад далайгаар эрж шүүрдээд эм олж аваад эргээд тэнгэрт нисжээ. Бурхан, оточ гэлэнг өвчтэй хүнийг олж очиход нь туслаж тэнгэрт очроо тусгаж алтан шар өнгийн толь цацруулжээ. Тэр толь нь одоо тэнгэрт нар болоод байгаа нь тэр гэнэ. Энэ цагаас хойш хүн биенээсээ оч үсэргэж явхаа больж нарны гэрлээр амь зуух болсон гэнэ.
Ингээд л энэ үеийн хүмүүс өөрийн гэрэлгүй болчихсон, гэрэлтэж нисэх нь хүн төрөлхтөний мөрөөдөлөөс өөр юу ч биш болчихсон. Харин яруу найрагч Ойдовын Содномпил “биенээсээ оч үсэргэн гэрэлтэж” явдаг хэвээрээ байгаа. Эгээ л тэр од шиг ээ алсын гэрэлтэй, тэр алсын гэрэл нь бас алсын зүйлийг авч ирдэг. (Жишээ би түүний SOS видео найраглалыг “харчихаад” Аполлинерийн “Каллиграмм” хэмээх дүрс яруу найргийн ном байдаг гэнэ лээ олж үзэхсэн гэж бодож билээ).
Нар, сар шиг мандаж жаргаж сүр дүр болдоггүй, хэнд ч анзаарагдамгүй эргэлт хөдөлгөөнтэй, эргэлт хөдөлгөөнтэй байна гэдэг урсгал нуур шиг өмхийрч муудахгүй, ямагт шинэ байна гэсэн үг. Түүний нийтлэлүүд үүнийг баталж, яруу найраг нь монгол шүлгийн “хайрцаг авсийг” задалж өгсөн юм.
Шинжлэх ухаан батлахаас өмнө Ван Гог Оддыг эргэлдэж буйгаар зурж, ингэж зурсанаас болоод одод эргэлдээд эхэлчихсэн юм.