Цаг хугацаа Григорийн тоололынхоо дагуу урссаар. Тоолол зохиож л туулахгүй бол цаг хугацаа дэндүү урт, бас нэт уйтгартай. Тоололгүй бол түүнээс ихээр уйтгарт автах нь бидний амьдрал. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж, шилдгүүдээ тодруулж, шинэ жилийн хямдрал урамшуулал зарлаж, утаа тортог, байр машины зээлээ мартан мартан хужирхайгаа тэнийтэл сайхан наргиж авахгүй бол энэ амьдрал цаг хугацаанаас ч уйтгартай бас урт. Өнөөдөр миний амьдарч буй бөмбөрцгийн хойд хагаст өвлийн туйл болж, ес эхэллээ. Балчир гурван есийн эхний сар “ёслол төгөлдөр” өндөр үүдээ нээж байгаа бол өмнө тал бөмбөрцөгт зуны аагим халуун өдрүүд айлчилж матрын зам дээр нар жаргахгүй бүтэн хоногийн турш өдөр үргэлжилж байна. Нэг дэлхий дээр чиг гэлээ бидэнд цаг хугацаа өдөр шөнө, өвөл зун гээд алаг эрээн.
Сөүлд ирээд цаг хугацааны хүчийг мэдэрч эхэллээ. Бурхан гэж байдаг бол тэр нь бараг цаг хугацаа юм уу даа ч гэж бодох шиг. Биднийг цаг хугацаа бүтээж, биднийг цаг хугацаа элээж, биднийг цаг хугацаа мөхөөнө, тийм үү?. Юм бүрийн дотор эргүүлж тавьсан элсэн цаг бий мэт надад санагдана. Би ч тэр чи ч тэр дотроо элсэн цаг эргүүлж тавиад энэ амьдралаа эхлүүлсэн мэт. Миний цаг хугацаа надтай хамт эхэлсэн мэт. Энэ хорвоо дээр юу буй түүнд цаг хугацаа буй мэт. Хан мөрнөөс, Хан мөрний эргийн хайрга чулуунаас, элсний ширхэгээс, их гүүр, байшин барилга, зулзаган болоод өтөл модоос, хүмүүсээс, хүмүүсийн өмссөн хувцас, байшин барилга, зардмал зам, үйлдвэрийн яндан, чихний ээмэг, тулгуур багана, салхин сэнс, гаргаж хаяж байгаа хуучин тавилга, өргөж оруулж буй шинэ шүүгээ гээд бүгдийн дотроос гагцхүү цаг хугацааны “лугших” чимээ сонсогдох авай.
Сөүл бол ийм л цаг хугацааны хаанчлал доорх хот шиг санагдана. Энэ хотын юм бүхний дотроос цаг хугацаа пансан дээлний цаанаас товойх хөх болоод гуяны галбир шиг хүсэлд автуулж тодорно. Юм бүхэн хугацаатай, цагийн юм цагтаа гэдгийг энд дэндүү сайн мэднэ. Тийм болохоор юунд ч юм амжих гэсэн хурдан хэмнэлтэй. Өглөө босоод л өөрийн эрхгүй юу руу ч юм яарна. Энд орон зайг цагаар хэмжинэ. Манайхаас гучин минутын газарт, чиний байгаагаас дөчин минутын газарт, цагийн газарт гэхэд л түс тас ойлголцчихно. Яг л тэр хэлсэн цагтаа ирнэ. Манай нийслэлд бол Үндэсний түүхийн музейгээс-Наадам центр орлоо гэхэд туулах замаа тооцохоос гадна замын цагдаа талбайн баруун талаар урагшаа гэрлэн дохиог хэд өнжөөж байж нэвтрүүлэхийг давхар бодолцож баймаажин сая хэдий хугацаанд хүрэх тооцоо гарна. Бүтэл муутай дэд бүтцийнхээ хор уршигийг бид нар ингэж биеэрээ үүрдэг. Энд харин бүх зүйл тодорхой. Таван минутын дараа очлоо гээд байхад арван минут тутамд залгаад байх шаардлагагүй. Тийм ч учраас бүх зүйл яв цав цагтаа. Цагийн эрхшээл бүр дэндүү гэмээр. 7:49-ын метрондоо амжихгүй 7:51-ийн метронд суухад л тэр өдрийн бүх төлөвлөгөө гажна. Уг нь дараагийн метро хоёрхон минутын дараа ирэх ч 7:49-н метро хоногт ганцхан л удаа ирдэг болохоор түүндээ л амжих учиртай.
Тэр бүү хэл цасыг хүртэл яг лавсаж байх эгшинд нь л харах ёстой гэж найз минь надад зөвлөсөн юм. Нээрэн ч тийм юм билээ. Сөүлийн цас оруутаа л хайлж урсаад, хаашаа ч юм алга болчихно лээ. Тухайн агшинд нь л тухайлан болгоохгүй бол манайд ордог цас шиг дагдаршаад, хунгаршаад, халтартаад өвөлжүүд, хаваржууд байгаад байхгүй. Зарим зам нь халдаг учраас цас түүн рүү унаж явахдаа хайлна. "Цас орж байна, гарч хараач!" гэж сануулсаар атал би монголын хүний алмай ааш гаргаж, хэзээ хойно зогссоных нь дараа хартал юу ч үгүй хайлаад, шавхайнаас өөр юм үлдээгүй байв. Сөүлд ирээд хоёр ч удаагийн цасыг ангайж идэж, тангайж унтсаар “алдчихлаа”.
Ийм цаг хугацааны түрлэг дунд ороод ирэхээр цаанаа л нэг юмнаас хоцроод байгаа юм шиг оргиод, гэрт өнжих хүртэл хэцүү санагдах юм. Хүн бүхэн ажил албатай, хичээл сургуультай. Ямар ч завгүй. Дайж авч ирсэн юмнуудаа эзэнд нь өгч чадаагүй л сууж байна. Ярихаар исатай явж байна аа, өнөөдөр бас амжихгүй нь ээ ахаа л гэцгээх. Хүний гарын алга дээш харуулюу гэж монголоос авч ирсэн юмсаа өөрөө идэж уугаад таарч байх шив дээ. Цаг хугацааны үл үзэгдэх хүчтэй бодитоор нүүр тулж байгаа маань энэ юм уу даа. Яг л ийм журмаар хот хотод тосон хүлээж авах Монголчуудын цаг зав таарахгүйгээс болж бидний явдал суудал хойшлогдох үед надад хийцгүйрэх бүтэн өдөр гарч ирнэ. Найз өглөө эртээ ажлын хувцасаа үүрч аваад гараад алга болно. Би л гэж нэг эсэл суусан амьтан. Ганцаараа цаг цэггүй, олноос хаягдчихсан юм шиг мэдрэмж төрөхөөр бухимдаж эхэлнэ. Ийш тийш явж өөдтэй ч юм бичиж чадахгүй дээ үе үе галзуурчих шахна. Ажил хийж үзмээр боловч олдохгүй. Өвөл болоод газар шорооны ажил, барилгын ажил зогсчихсон, хил нээгдээд гурван сарынхан дүүрчихсэн. Бараг айл болгон шахуу нэг гурван сарынхтай. Нөгөөдүүлд нь ажил олдож өгөхгүй хий хоол хороогоостой. Бас дээрээс нь байрны түрээсийн гэрээг 4 жилээр хийдэг болсноос нүүлгэлт багассан гэж дууллаа. Үнэн худлыг нь тогтоож магадалсангүй. Юутай ч өвлийн хоёр сар ажил багатай, хямрал ихтэй өнгөрөх бололтой.
Солонгос угаасаа хямралтай байгаа юм байна. Идэх махаас эхлээд үнэ нь өсөөгүй юм ховор. Энд байгаа хүмүүс өөрснөө ажил хайж байхад мань мэтэд ч лөөлөө юм байх өө. Уг нь өнжиж байгаа өдрөө ганц нэг удаа арбайт хийж үзэх санаа байгаа ч бүтэх юм биш. Би ч өөрөө нэг их хайж сүйд майд болохгүй юм. За тэгээд Чэжү явдаг баатрууд болсон тэнд хүлээн авах хүний чөлөө хийдэл таарахгүй байгаа бололтой, хэд хэд хойшиллоо. Бөөрөнхиий Чонжүгийн шинэ жил дээр очих заллагатай байсан баривчилгаа их байгаа гээд цуцлагдах бололтой, хум пад. Шинэ жил тэмдэглэж байгаад баригдаад ачигдчихвал ёстой гай нь хатгасан юм болох болохоор тэр нь ч дээр биз.
За ингээд ажил төлөвлөгөө ёсоор болж өгөхгүй намайг хурнийлгаж эхэллээ. А.Навчаа эгч намайг тайтгаруулах арга сүвэгчлэв бололтой. Маргааш Нами арал явна шүү л гэж байна. Мань хашир өөрөө хэд хэд оччихсон атлаа ахиад бас очих болдог нь намайг гэснийх байх, зайлуул. Тэр орой А.Навчаа эгчтэй “За зүү” болоод сууж байтал МУИС-ийн онжав н.Бат-Энх найз маань бичиж байна. Би ч өөдөөс нь "Маргааш Нами гээд арал явах гэж байна. “Өвлийн хайрын дуу” киноны зураг авсан гоё арал гэнэ, өдөртөө яваад ирнэ, дөрөө харшуулах уу?" гэсэн уухайн тас зөвшөөрлөө.
За ингээд Нами арал руу бид гурав явав. Сөүлээс метрогоор хүрээд, эргээсээ хөлөг онгоцонд суугаад тавхан минут яваад оччих алга дарамхан арал. 460,000m2 талбайтай. Сөүлийн газар нутгийн 0,000457 хувь гэсэн үг. Хувь хүний нэр дээр байдаг юм билээ. Япончууд 1944 онд далан барихад Бухан голын ус нэмэгдэж энэ газар бүрэн усаар хүрээлэгдэж арал нэр авсан гэх. Эр, морь хоёр жижигдэхгүй гэдэг шиг энэ багашаархан арал жилд авдаг гадна, дотны жуулчдын тоогоороо Чэжү, Бусаны дараа ордог гэж байгаа. Сөүлээс ойрхон болохоор амралтын өдөр хүмүүс пиг. Манай Богд уулын ам шиг л хөл гишгэх зайгүй юм болно. Жилд тав, зургаан мянган тоглолт болдог гэх. Түүгээрээ бараг дээд амжилт тогтоосон юм уу даа. Биднийг очсон өдөр өвлийн налгар өдөр тохиолоо. Аясын салхи нөөлөг үлээж, аралын моддын ухаа хүрэн навч, шилмүүсийг сортолзуулна. Аралын таних тэмдэг бол гудмалсан модод. Эгнэсэн моддын дундуур алхаж явахад нэн таатай агаад аялагхан зөөлөн эгшиг сэтгэл бүүвэйлнэ.
“Өвлийн хайрын дуу” киноны зураг авалт болсноос хойш хайрын, хосын арал маягтай болсон юм уу даа. Сөүлийн хүмүүсээс хүйтэн ухаан мэдрэгддэг бол энэ аралд яваа улсуудаас халуун сэтгэл мэдрэгдэнэ. Хорвоо дэлхий дээр хайр сэтгэл, халуун дулаан гэр бүл гэж байдаг шүү дээ гэдгийг энд ирвэл мэдэрнэ. Солонгосчууд ерөнхийдөө их хувийн тав тух, эрх чөлөөг хайр сэтгэл, хамтын амьдралаас дээгүүр тавьдаг. Энэ нь цаанаа эдийн засаг, санхүүгийн асуудалтай холбоотой ч юм шиг байна лээ. Сөүлд хоёр өрөө байр авахад л 800 сая вон хүрэх гэнэ. Энэ мэт шалтгаанаас төрөлт багассан Солонгосын хүн амын тоо 2020 түүхэндээ анх удаа хорогдсон тухай статистик мэдээлэлд дурджээ. 2020 онд нийт 275,800 хүүхэд шинээр мэндэлсэн бол 307,764 хүн нас барсан байна. Солонгосын статистикийн газраас хийсэн "Дэлхийн болон Солонгосын хүн амын төлөв байдал, хэтийн төлөв"-ийн мэдээнд: Солонгосын хүн ам энэ онд 52 сая бгаа ч 2070 онд 38 сая болж буурах төлөвтэй байна. Одоо дундаж наслалт 83,5 ахмад настан 17.5%, 2070 онд 46.4% болох төлөвтэй гэсэн мэдээ ч явж байх шиг. Ерөнхийдөө залуу үегүй, ажлах хүчгүй болж байгаа улс юм уу даа. Тийм учраас саяхан шинэ иргэн бүртээ 700,000 вон өгөх хууль батлаа биз.
Нами арал тогос шувуугаар дүүрэн. Тогос шүхэрлэхийг харахаар нас уртасдаг нь үнэн бол би лав зуу наслахаар юм боллоо. Буян нэмэгддэг бол эргэх гурван төрөлдөө идэж барахааргүй л буян хураав. Хаашаа л харна уу манай Гандангийн тагтаа шиг хүний нүд ухаад авчих шахах тогоснууд хаа сайгүй. Хүний гараас юм булаачих гээд төвөгтэй. Аяга сав руу өнгөлзөөд өлөн. Гартаа идэх уух юм барьж яваа хүн харвал хойноос нь алдахгүй мөшгөнө.
Заа мөн, дэлхийн хөгжмийн музей байна. Уран бүтээлчдийн үзэсгэлэн цонх болгоны цаана шахуу. Хүүхдийн номын ордон. Мэдээж хоолны газар, кофены мухлагууд битүү. Кофе уунгаа араын захад ус ширтэн сууна гэдэг төсөөлөхөд ч жаргамаар.
Солонгост нэг таатай юм байна. Хаана ч очсон 00-ийн асуудлаа үнэхээр тултал шийдэх юм. Энэ арал дээр ч мөн арав алхаад л 00. Манайх хөөрхий яадаг билээ дээ. Ашгүй CU, GS25 хоёр сүлжээ орж ирж Улаанбаатарын 00-ийн асуудлыг бараг шийдчихсэн. Энд юм хийвэл цогцоор нь бүтээнэ. Юу байх ёстой тэр бүгдийг хийнэ. Бусдаар төсвийн мөнгөөр тал дээр очиж шавар овоолоод түүнийгээ “Андлалын хөшөө” гэж нэрлээд, түүгээрээ 400 сая жуулчин даллахгүй юм билээ. Тэгэхгүй л бол энэ аралд өөр нэг их үзэж хараад, баясаж баярлаад байх юм байхгүй. Өдөртөө үзээд дуусчих алга дарам газар. Гэвч энд алга дарам газар байвал ашиглах, атга шороо олдвол үр суулгачих гээд байдаг ард түмэн юм байна.
Өвлийн наран үүлэн цаана бөмбийгөөд өөрөө даарчихсан шиг харагдана. Арлыг бүсэлсэн далайн хоолойн ус зайртаж мөстөөд нимгэн цас тогтжээ. Хэдэн хүүхэд дөнгөж дааж байгаа мөс рүү чулуу шидэж пүл цүл хийлгэж хагалах нь хүүхдийн нимгэн зулай руу шидчихсэн юм шиг сэтгэл эмзэглүүлнэ.
Мө.Батбаяр