Туулаа харж, өвөөгөө санана. Энэ голоор гарах болгондоо санана. Энэ голын эрэгт, ирэх болгондоо санана. Туул гол надад ашид өвөөг минь дурснам билээ. Туул голд миний бус миний өвөөгийн дурсамж бий. Тиймээс би эрэгт нь ирэхээр өвөөгөө санадаг билээ л. Голын урсгал ширтэн суухаар хэн нэгэн бодогддог. Өөр өөр голын хөвөөнд суухаар өөр өөр хүмүүс бодогддог. Хэрлэн голын эрэгт суухаар надад дуучин Намдагийн Төмөрхуяг, Эрээнцавын найрагч Д.Нямсүрэн нар бодогддог бол Туулын эрэгт ирэхээр тэнгэр болсон өвөө минь дурсагддаг. Өвөө хотод гурван жилийн цэргийн алба хаасан юм гэнэ лээ. Цэрэгт байхдаа туул голоор сал хөвүүлж мод татдаг байсан гэдэг. Хотод хаасан нэртэй л болохоос хот хүрээг үзээгүйгээс өөрцгүй дээ, туулийн усыг ч харин гурван зун үзсэн шүү гэдэг сэн. Хатан туулын усанд хайрт өвөөгийн минь хархан залуугийн төрх тусаж, хөлс дусжээ. Өдгөөгөөс далаад жилийн өмнөх явдал даа, хөөрхий. Түүнээс янагш туулын ус далан жил үерлэн, шурган тасралтгүй урсжээ. Цаг хугацаа бас тийм хэмжээнд өнгөрчээ. Далан хоёр жилийн өмнөх зун руу очоод туулийн эрэгт зогсвол. Голын мандал бүрхэн ирэх үй олон сал дундаас цэл залуу өвөөгөө олж харах магад. Сал зангидаад, шороогоор дэвсгэрлээд, дээр нь майхнаа бариад, майхны дотор гал хөсөө оруулж товхизноод туулын эхнээс уулын улаан хүрэн моддыг Жангарын түмэн найман мянган цусан зээрд агт шиг усаар туусаар долоо хоног урсаж ирнэ. Ижлээсээ хоцордог үрээ шиг тээглэж, тэгнэгдэж гацсан моддыг гаргаж туусаар замд нь оруулж урсган явсаар хот доо ирнэ. Хотоос угтан татаж гаргах гээд харин юу болдог байсан болдоо. Модны түрүүч маргааш үүрээр гэхэд ороод ирнэ гээд хөвөөнд нь сахиж хонодог байсан байх даа. Нээрэн л маргааш нь үүр бүрэн барантаж байхад голын сав дүүргээд л гуалингууд ус гаталж байгаа буман агтын зоо нуруу шиг суналзсаар орж ирдэг байсан байх даа. Тэгээд л тэнд ажиллаж байгаа япон цэргүүд ялтан хоригдол, эр цэргүүд туулын эхээс унагаж урсгасан хар моддыг татаж гаргаж эхэлдэг байсан биз. Чухам аль хавиар тосож гаргадаг байсан юм бол, бүү мэд. Янз бүр л байсан биз ээ. Комбинат хавиар ихэнхийн тосдог байсан гэлцдэг. Өвөөгийн унагаж, урсган ирсэн тэр моднууд энэ нийслэл хотын эхний үйлдвэр, байшин барилгын дүн нуруу, гол багана болоо биз ээ. Одоо тэр байшин барилга байгаа эсэх нь бүү мэд. Хэрэг тусаа өгөх нь өгөөд, хэрэг нь өнгөрөөд нураагдах нь нураагдаа биз дээ. Хаанаас гэж хайх билээ. Хайгаад оллоо гэхэд аль модыг нь өвөө минь унагасан мод гэж таних билээ. Ганц гарцаагүй зүйл гэвэл тэр түүхийг надад өгүүлэх туул байна. Гарцаагүй энэ голын мандалд гурван зун зуссан гэдэг л үнэн. Өвөөгийн минь амьдралын гурван жилийн түүх, газарт ч биш тэнгэрт ч биш энэ голын усан дээр бичигдэн үлджээ. Далан хоёр жилийн өмнөх туулийн ус хаа урсаж явааг би мэдэхгүй, далан хоёр жилийн өмнөх мянга есөн зуун тавин он шиг өнгөрсөн гэх харанхуй гүн тийш чинагш одсоор л байгаа буй заа. Далан хоёр жилийн өмнө үүгээр сал урсгаж явсан өвөө мөн алга. Гагцхүү он цаг, туулийн ус хоёр урссаар л.
Нэг мянга есөн зуун тавин оны зуны дунд сарын орой. Нар баруун уулын толгойд суугаад, наран сөргөө урсах туул голын улаарах мандал дээгүүр үй олон сал, түмэн мянган мод урссаар Улаанбаатарын урдуур дуу шуутайхан орж ирнэ. Жаргахын наран цусан улаан туяагаараа үүлсийг буддаг шигээ тэднийг шунхална. Оройн улаан туяан дунд олон цэргүүд, хоригдлууд туулийн уснаас аварга аварга хар моддыг эрэг тийш татан гаргаж үймэлдэнэ. Дээр нь майхан барьсан, майхан дотроос утаа май татсан сал хойно хойноосоо хөвөн ирсээр. Эдний л дунд номхон дөлгөөн төрхтэй, өндөрдүү нуруутай жаатгар нүдтэй, том хацартай, бор залуу явж байх нь цэл залуухан миний өвөө. Нутаг ижий хоёроосоо холд хугацаат цэргийн алба хааж, туулаар сал урсган мод татаж буй дуу шуу муутайхан яргайдуу биетэй бор залуу. Ийм төсөөлөл бодолд ургана. Далан хоёр жилийн өмнөх зун туулынхаа эрэгт зогсвол магад намайг ийм л дүр зураг угтах байсан болов уу? Сартай шөнө туул дээгүүр урсах сайхан байхдаа. Ёстой нөгөө туулын урсгал шөнөдөө сайхан гэдгийг мэдрэх юм биз дээ. Хотод гурван жил цэргийн алба хаахдаа өөр хаана, юу хийж явсныг бүү мэд. Аль нэг гудамжаар нь алхаж, аль нэг өргөн чөлөөг нь туулж, альхан нэг дэлгүүрийн амттан өнгөтөнд хөдөөгийн борог бааз амьдралд хөөрхий ганц бие ижийтэйгээ өссөн хархүү нүд унагаж л яваа биз дээ. Өвөө минь амьдралдаа хот орж үзсэн ганц л тохиолдол нь цэргийн тэр гурван жил байхаа даа. Өөр ч нэг их нааш цааш явж, хот хүрээ орж базаагаагүй байх даг аа. Явсан ч байж магад, надад ер ярьсан нь үгүй. Гагцхүү цэрэгт байхдаа “Туулаар мод зөөж байлаа” гэсэн энэ дөрөвхөн үг л дурссан. Энэ дөрөвхөн үгээр дамжиж ирсэн мэдээлэл хатан туул, алтан тэвшийнхээ хөндийд аж төрөн суугаа надад л зориулж хэлэгдсэн шиг өнөө санагдана. Би туулын хөвөөнд амьдрах учиртай байгаад өвөө надад тэгж хэлсэн ч юм шиг. Өөр энэ хотоос өвөөг минь надад дурсчих юм даанч үгүй. Өөр дурсчих юм надад олдохгүйг мэдээд өөрийнхөө дурсамж дундаас надад туулаар сал урсгаж байснаа хэлдэг байсан ч юм шиг. Тэнгэр тэлрээд, цас ханзраад, харгуйн бараа харлагтаад, хайлын ус хоржигноод ирэхээр хүний сэтгэл дэнсэлж хол ойрыг санагалздагчлан би ч өнөө мөн тийн дэнслээд өдөр бүр туул руу очмоор санагдана. Туулын гүүрэн дээр зогсож, туулын мөсөн дээгүүр холын хол алхмаар, алхсаар хотоос гараад явчихмаар болно. Энэ хавар анаж байгаад туул цөнгөө түрэхийг харах юм шүү. Цөн түрдэг болов уу шургаж хадаалаад, хайлж урсдаг болов уу? Юутай ч энэ хавар л үзье. Туулаа харж, өвөөгөө саная. Туул минь өнөд урсаасай. Хүрээ дөрвөн уулын дунд хэдэн зууны турш ямар шуу амьдрал өрнөснийг, хэн хэндээ юу гэж шивгэснийг, хэн хэнийгээ хэрхэн гомдоож, хэн хэнийгээ хэрхэн ачилсныг шивнэх учиртай рашаан энэ л юм сан. Туулын эхний моддыг тэр жилүүдэд тэгж хядаад энэ голын амийг таслахаа шахсан. 1966, 1967 онуудын их үер ч мөн түүнтэй холбоотой байх. Одоо ч туулын эхээд очвол хоёр талын энгэр шанааны моддыг хяргаад мулзайлгаад орхисон нь бий. Тэр түүхийн гэрчүүдийн нэг миний муу талийгаач өвөө. Хүнд гэмгүй, хорхойд хоргүй хөгшин байсан даа. Хөдөө очвол хашаа, хороо, хаваржаа, намаржаагаар нь очвол ч дурсамж сэргэнэ. Хотод бол туулаа харж л өвөөгөө санана.
Алдар цуутай, олны танил, дарга даамал хүмүүсийн амьдрал намтар олны дунд он онд үлдэнэ. Адаглаад гүүгл, фэйсбүүкээс нэрээр нь хайхад холбоотой зураг хөрөг, мэдээ занги гараад л ирнэ. Заримд нь намтрын боть боть ном. Заримд нь дэлгэцэд мөнхөлсөн дүр. Заримд нь сүрлэг хүрэл хөшөө босно. Зарим нь нэрэмжит театр, нэрэмжит сургууль, нэрэмжит номын сан. Заримынх нь талаар өдий төдий хөрөг нэвтрүүлэг үлдэнэ. Заримынх нь хуучин дээл гутал, эдлэл хэрэгсэл үнэт үзмэр болж үлдэнэ. Ай гэвч агуу тэр хүмүүсийн ард нь явсан, ард явсан манай өвөө мэтийн хүмүүс харин хаанаас ч хайгаад олдохооргүй алга болно. Тийм хүмүүс зөвхөн үр хүүхдийнхээ ой тойнд үлддэг. Гэлээ гэхдээ цагийн саалтаар мартагдана. Дөрөв, тав дахь үе дээрээ очиход тэр хүний талаар хэн ч юу ч ярихаа болиод, тэр хүний талаар ярих юм хэнд юу ч байхгүй болох тэр үед л тэр хүн, хүмүүсийн дундаас бүр мөсөн явна гэж би боддог. Дуурьсаж байсан морин хуур чим чимээгүй болчих шиг тийм аниргүй болно. Дөрөв таван үе гэдэг хоёр зуун тавин жил. Хоёр зуун тавин жилийн дараа манай өвөө шиг тийм эгэл энгийн хүмүүсийг таньж мэддэг асан цөөн хэдэн хүмүүс үхээд дуусчихаар хэнд ч юу ч гэж ярих юм байхгүй болчихдог юм. Хөшөөгүй, номгүй, гэрэл зураггүй, мөнхөрсөн дуу, мөнхөрсөн дүргүй тийм хүмүүсийн амьдрал хойно нь үлдэх дурсамжтайгаа нийлээд их сайндаа л хоёр зуун жил. Эхлэл, төгсгөл үл харагдах уудам цаг хугацааны дунд хоёр зуун жил гэдэг ганц улиас модны ч насанд хүрэхгүй. Яах вэ дээ, архивд суувал аль нэг жилийн хүн амын бүртгэл сэлтээс тэр багийн малчин тэр гэсэн нэрийг нь олох магад. Гэхдээ өвөө, эмээгээ дурсах гэхдээ архив руу гүйдэг хэн л байлаа даа. Өөрт буй дурсамжийнхаа хэмжээгээрээ л өвгөд буурлаа агуулан явдаг билээ. Өөртөө тээх бүдэг бадаг дурсамж л тэднийг минь орлож бидэнтэй үлддэг. Баримжаа төдий бага сагахан дурсамжаар буурлуудаа орлуулж явдаг. Худал ч байж мэдэх алаг цоог дурсамж надад бий болохоор миний дотор өвөө оршиж байна хэмээн сэтгэдэг. Энэ мэт бяцхан дурсамж мартагдлаа л бол миний хувьд өвөө гэдэг тэр хүн огт байгаагүйтэй ижил болно.
Эх хэлний өдөр эцэг өвгөдөө санан санан бичив.
Мө.Батбаяр