МӨ. БАТБАЯР: ЗУН БИДНИЙГ ДАНДАА БАЙГАЛЬ РУУ УРИН ДУУДАХ ЮМ
2021-08-02 Мө.Батбаяр 2683

 

1.

Халуун зун ирэхдээ хаа нэгтээ рүү одох хүсэл хөтлөн ирнэ. Ул, зулай хоёроос улаатгаж, халуу төөнөхөөр уул нуруудын мөндрийн будантай сэрүүнд тошсон бух шиг тэнэж явмаар санагдана. Тошсон бух гэж хачин зөнгөр амьтан болчихсон байдгийг тээр жилийн намрын адаг сард Алтайн нуруунд нэг харсан сан. Гэгээний хөтөл гэж өвөл нь  цас лонхойтлоо дүүрч, зун нь багваахай, хонин нүдэн, навчит сэрдэг, гичгэнэ, гэсэр цэцэгс хивсний хээ, ширдгийн ширээс, монгол гутлын угалжин гэмээр алаглаж байдаг тавиухан дэвсэгтэй хөтөл бий. Гануун дээрээ овоотой, овооны дээгүүр шахуу тракторын шанагаар хутгачихсан юм шиг үргэлжилсэн овоо овоо шороо овоорсон мөр бий. Нутгийнхан түүнийг лут нэгэн хүдэр баатрын хүлгийн туураар онгилогдсон мөр гэдэг сэн. Тэр хөтөл дээр энэ хуучийг бодон бодон дуран тавиад сууж байгаад тошсон бух харлаа. Нэг их бөөн хар юм лаглайгаад хэвтэж байх юм. Нэг бэлтрэгэн чоно баруун талд нь нэг, зүүн талд нь нэг үсэрч гараад л тоглоод байх юм. Өнөөх бух тоож байгаа ч юмгүй духайгаад л хэвтээд байх. Бэлтрэг уйднаа гэж алга. Хойно урд нь гараад л тойроод тоглоод байх. Халдаж үл зүрхэлнэ. Халдвал хавирга сүвээгээ нэвт сүлбүүлэхээ мэдэж буй бололтой. Сүвээгээ нэвт сүлбүүлээд бухын толгой дээр тэр чигтээ хатчихсан чонотой таарсан тухайгаа өвөө хуучилдаг сан. Тийм хувь заяа хүлээж байгаа ч юм шиг санагдаж билээ. Ан амьтан, бороо шороо, юуг ч эс хайхран яг тэр тошсон бух шиг тэнэж явмаар хүсэл огсолзож, намайг хаа явсан газар дагана. Эх байгаль руу тэмүүлэх ийм хүсэл ингэж хүчтэй төрөх нь миний зан уу? Хүний зөн үү? Бүү мэд.

Зун болохоор хот яагаад бушуухан дүрвээд алга болмоор болчихдог юм бол. Ажил амьдрал бүх зүйл хэвийн атал нэг л юм болж өгөхгүй. Сэтгэл санаа тогтохгүй. Өмнө минь ажлын газраас эрхлэн хэвлүүлэх ном, сэтгүүлийн ажил овоороостойн дээр миний өөрийн нэг роман,нэг яруу найрагчийн бүрэн түүврийн орчуулга хүлээж байдаг. Дээр нь өөрийн уран бүтээлийн ажлууд, дээр нь ариутган шүүгчээр ажиллаж буй номын ажил гээд шил шилээ дарсан асар их ажлууд байтал би зөвхөн хөдөө явах тухай бодож ганихарч хэвтэх нь юуных вэ. Байгаль хүний сүйт бүсгүй, дурласан ханхүү шиг ингэж хүний сэтгэлийг соронздон гэж үү.

2.

Хатгалд хориод хонох санаатай байсан ч Хөвсгөл аймаг хориогоо  7 сарын 9-нийг хүртэл сунгав. 9-нийг хүртэл Булган аймгаар хоног төөрүүлэхээс өөр аргагүй боллоо. Айргаас буцахгүй хүн яах вэ дээ? Олдсон болгоныг нь гударч, сулхныг нь чангаруулж хар нүдэн хийж ууж яваад Эрдэнэт хот руу нэвтрэх шалган дээр үлээлгэтэл 0,39 гарч ёстой “барьцгүй хавирууллаа”. Тэгж гарна гэж хэн мэдэх вэ? Замын цагдаад яаж учирлаад ч болсонгүй. Нэгэнт үлээсэн л бол ямар ч найраа хөөрөөгүй, засах залруулах боломжгүй бүртгэлд орчихдог юм санж. Дүрэм журам нь тийм хойно ном ёсоороо боллоо. Машин ачаад яваад өглөө. Жолооны эрх нэг жилээр хум пад. Дамраараа эргэсэн өдөр гэдэг л боллоо.  Эрдэнэтийн цагдаагийн үүд эргэж буудалд дөрөв хонолоо. Ер нь энэ хэсгийг би хумсын төдийд ч дурсмааргүй бичмээргүй байна. Айсуй, амар тайван амралтын бүх өдрүүдээр ч хамаагүй тэр ганцхан өдрийг үгүй юм аа гэхэд Эрдэнэт хот руу нэвтрэхэд зарцуулагдах тэр хэсэгхэн мөчийг л солиод авчихмаар санагдаж байв. Туулж  өнгөрүүлсэн цаг хугацаа, амьдралын үйл явдалд засвар, залруулга хийж болдог бол би тэр хагас цагийн үйл явдлыг л залруулах байсан. Өнгөрсөн өдрүүдийн нэгийг өнөөдрөөрөө сольж, ахин туулах боломж байдаг бол би тэр л өдрийг буцаан татаж авч ирээд мориноосоо унасан хүн эргэж мордох шиг ахин нэг удаа зохистойгоор нь туулах сан. Гэвч бидний амьдралд тийм боломж олдохуйяа бэрх ажээ. Туулсан л бол туулсан гэх шиг илүү дээр, илүү ухаалаг, байж болох хамгийн сайн хувилбарыг олж танивч нэгэнтээ алдаж туулсан үйл явдалд ямар ч падгүй яг юу болж өнгөрсөн тэр янзаараа үлддэг золиг юм байна.  Яг л нөгөө драгер лүү үлээгээд нэгэнт бүртгэгдсэн согтолтын зэрэг шиг ажээ. Хүн амьдралынхаа аль нэг мөч рүү шатрын хөлөг дээрх бэрс шиг дураар очих боломжгүй гагцхүү одоогоо л гэнэхнээр туулж явдаг бас бидний мэдэлд ямар ч цаг хугацаа байдаггүйг ойлгов.

Даваа гарагийн өглөө цагдаагийн хэлтэст байцаагчтайгаа уулзаж дуусгавар болох болохоор Эрдэнэтээс холдож ийш тийш явж чаддаггүй. Сэтгэл санаа авах юм алга, айдас түгшүүр, дарамт, стресс аль муу бүхэн хуралдаж. Амьдралын сайн сайхан дууссан мэт. Ахиад аз жаргал байхгүй мэт. Сайхан аялаад, амраад ирнэ гээд гарсан хүн машин бариад хөдлөх эрхгүй болчихсон сууж байдаг. Цаашдын хэд хоног хэнээр жолоо бариулж яах ийх тухай ямар ч санаа бодол алга. УБ буцъя гэхнээ бас л жолооч хайж таарах нь ээ. Яах вэ одоо эргээд бодоход тийм ч хүнд хүчир бэрхшээл биш л байж л дээ. Гэвч тухайн үед санаа сэтгэл тэгж л хямарч байсан.

 

3.

Булган-Бугат сум. Бугат сум гурван багтай. Сумын төв Ханжаргалант багийн нутагт хамаарна. Ханжаргалант бол Бүрэнгийн нуруунд орших улсын тусгай хамгаалалттай хайрхан билээ. Биднийг Бугат сумын иргэн, бидний очих айлын өрхийн тэргүүн Батсайхан ах замчлан явлаа. Ахын машин урд орон хөтчилж, бид мөр мөшгөх мэт дагана. Ханжаргалант хэмээхүй эрхгүй сүрдэм, түшээ хайрхан сэтгэлд тодорч миний уул Жаргалант хайрхан минь нүдний өмнө цэнхэртэх шиг болно. Нэр нэгтийн чих сонор гэдэг ижил нэртэй хүмүүс гэж байхад уулс мөн байдаг байх нь ээ. Энд Ханжаргалант гэж шивнэхэд тэртээ Ховдын хязгаарт Жаргалант уул минь өндөлздөг байх даа гэж бодогдоно. Уул минь одоо ямаршуу байгаа бол,  усан зэрэглээн дундаа нуурын гүний жижигхэн хөх чулуу шиг бүрэлзэн байгаа даа. Хавар бэлд нь мэндэлсэн хар сүүлтийн янзага өнөө дориун хөрөвжөөд үнэг чоноо ялгачихсан, үргэж хулжихаа мэдчихсэн шөмбөгөр хошуугаараа өмнөхийн амны уснаас ууж байгаа байх даа. Нутгийн минь нэрт дуучин  П.Ганбат агсан энэ сумын сүлд дуу “Ханжаргалант”-г дуулсан билээ. Дөнөгөр залуухан насандаа хотол олон, хорвоо дэлхийгээ хагацалд унагаж орхисон сайхан дуучны тухай  Н.Жанцанноров гуай нэгэн нэвтрүүлгээр “П.Ганбатын хувь заяа бол суутанд л тохиодог хувь заяа болохоос мань мэтэд ирдэг юм биш” гэсэн утгатай үг хэлсэн нь санаанд торно. Бугат сумын төв ойртлоо. Удахгүй нэг зуунтай нас чацуурах сум гэхэд бүхэл бүтэн нэг зуун жилийн хугацаа энэ сумын хаагуур дайраад өнгөрсөн юм гэхээр багашаархан. Улаан дүнзэн байшингууд, хүрэн модон хашаа, хашааны сүүдэр бараадах хэдэн бараан адуу.  Замын тогтоол усан дээр зогсох хэдэн үнээ бидэнд зам тавьж өгөх янзгүй, машид ялархуу хөдөлнө. Батсайхан ахын зуслангийн хашаанд ирлээ. Сумын төвийнхөө зүүн урд захад байх шинэхэн хашаалсан зуслан. Хашаа дүүрэн, хаана нь гишгэх вэ гэмээр цагаан уул цэцэг дэлгээстэй. Биднийг майхнаа босгож байх хооронд гэрт цай хоол бэлэн боллоо. Батсайхан ах бидэнд шинэ айраг аягалан нутаг орноо танилцуулан сууж бид бүхэн нэгэн оройг тухлан сайхан өнгөрөөв. Хот руу наадамд явуулсан морьдоо тосож авахаар  том хүүгийн хамт хөдөллөө.  Өглөө бид үхэр мөөрөх, царцаа царгих, майхан дээгүүр шүүдэр бөмбөгнөх чимээгээр сэрэв. Батсайхан ах шөнө морьдоо авч ирчхээд, өглөө эртхэн адуугаа олж ирэхээр мордсон гэнэ. Ахын гэргий биднийг босоцгоогоод түжигнэж байтал шинэ цай, өрөм ааруулын хамт авч ирэв. Майхныхаа гадаа цагаан уул цэцэгсийн дунд цайлж суухад нас уртасмаар сайхан. Нар мандангуутаа шарж эхэллээ. Их Бугат хайрхны орой ногооны униар, нарны тоорог дунд алсарсан мэт. Нохой гаслам халуун гэгч болов. Бидэнд асар татаж өглөө. Асраа бариад байтал ах ч адуугаа олоод ирэв. Эднийх ер ажилсаг хүмүүс юм. Борви бөхөсхийхгүй босон суухдаа ч юухныг амжуулж л байх. Хөдөлмөрийн үр шим эзнийгээ гомдоохоос баярлуулж шагнах нь их хэмээнэ. Малаа адгуулна, тариа ногоогоо ч тарина. Үндсэн ажил төрлөө ч хийнэ. Үр хүүхдээ сургах, өсгөх гээд сайн сайхан амьдралын төлөө сар наргүй зүтгэнэ. Сайхан амьдрах хүсэл хүн бүхэнд байдаг нь сайхан шүү. Санаан зоргоор сайн сайханд, жаргалд хүрчихдэггүйн муухай шүү... Зуны нар жарган жаргатлаа хамаг салхи савир зогсоож байгаад шарах нь хорлонтой. Цэлмэг нартай өдөр, бороотой сэрүүхэн өдрүүдийн дунд тохиочихоороо бүр ч халуун байх шиг санагдана. Сумын төвийн гудам хүнгүй шахам. Хэдэн дэлгүүр, цэцэг ногоон дунд зогсоо ухаа улаан буга шиг хуучин улаан трактор, хагархай цонхоор нь хараацай шувууд хөөцөлдөн ниссэн холбооны хуучин байшин зэрэг энэ сумын төрх. Ийм байсан ийм л байх ёстой юм шиг энэ л зүйлс байхгүй бол сум, сум биш болчих юм шиг санагдах нь хачин. Бугат суманд ирсний маргааш энэ нутгаас төрсөн сод билигт хөвгүүдийн нэг “Их замын эхэнд” киноны Хөх чоно Дамдин гуай маань агаар сэлгэн алс тэнгэртээ дэвшсэн тухай харуусалт мэдээг дуулав. Их хүмүүн тэнгэртээ морилж буй энэ эгшинд хүй цөглөсөн газарт нь буюу энэ хүний их замын эхэнд нь зогсож байна даа гэсэн бодол төрж байв. А. Амар сайд, Чин ван Ханддорж, нэрт дуучин Уртнасан, найруулагч Эрдэнэбулган нарын эхээс эсэнсэн нутаг. Ийм нэг эгэл боргилхон сумын төв бас нэгэн суут хөвгүүнээ үдсэндээ харуусах мэт зуны оройн тэнгэр дор нам гүмхэн, дуугүй.

Батсайхан ахын эхнэр Цэрэндулам эгч маргааш “Алтан гадас” авах болсон тул эднийх Эрдэнэт хот руу явж, эрхэм дүү Өөжиг бид хош дааж үлдэв. Наран жаргалаа. Их бугат хайрхны сэрвээн модод үдшийн цусан улаан туяанд умбаж, тэнгэрийг шатаах гэж дүрэлзэх их түймэр шиг харагдана. Бид зуслангийн шовгорын үүдэнд ширээ тойрон сууцгааж, элдвийн хуучлав. Өөжиг дүүтэй урд нэг сургуульд суралцаж асан үеэсээ дотно шадарлаж, хуурай ах дүүс болжээ. Сүүлийн хоёр жил нүүр учраагүйгээс хуучлах, ярилцах зүйл мундахгүй. Өмнө оронд малын эмчийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй. Багаасаа хурдан морь унадаг байжээ. Хайртай морь нь өвдөж, ачиж явсан ах дүү хоёр яаж ч чадалгүй үхүүлжээ. Өөжиг дүү тэргүүнийг нь өвөр дээрээ дэрлүүлсээр сүүлчийн амьсгалыг нь татуулж тэр үед бурхнаас гуйхаас өөр  юу ч хийж чадаагүй гэдэг. Эмчлээд эдгээгээд чаддаг ч болоосой хэмээн мориныхоо толгой тэвэрч хоносон тэр шөнийн харууслаас “Ерөөсөө л малын эмч болъё” гэсэн хүсэл үүдсэн гэдэг. Харуй бүрий нөмөрлөө. Хашаа дүүрэн цагаан уул цэцэг газарт буусан од шиг цалинтаад ганц цагаан эрвээхэй цагаан уул цэцэгс дээгүүр нисэх нь одож буй гэрэлт өдөр гэмээр. Жижигхэн цагаан эрвээхэй нисэн ниссээр харанхуйд уусав. Үүдний довжоо дээр суугаад, Сайханы айраг тойруулан суунгаа би

Саруулхан шөнө гадаа үүдэнд

хад сандайлж суухад

Сарны гэрэлд

Сархад уух

Сайхан байхдаа гэж

Санагдсан.

Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад

Цан хийсэн

Царгиа гарч

Цагаан бүгээн

Жаахан жороо морь

Чамайг хүлээн гол дотор

цулбуураа дүрэн зогсов доо гэж...

Үдшийн жүнзэнд

Сар тусахад

Өнөө чулуун дээр

Лаа асаасан мэт болоод

Өвс

Цаана нь зүүдэлсэн өдөр шиг

гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж...  Эрээнцавын их найрагчийн ийм нэгэн шүлэг дуудав. Гүн харанхуй тэнгэр юм аа. Миний “Оддын мөрөн” гэж нэрлэх дуртай сүүн заадал сунайна. Олон одны гэгээ бидний дээрээс асгарсан орой гэмээнэ орой ажээ. Шөнөд шөнө байдаггүй гэдэг. Суусаар алгуурхан унтлаа. Маргааш цаашаа хөдөлнө. Түрүүхэн цагаан уул цэцэгсийн дээгүүр нисэн одсон цагаан эрвээхэй цохлон ирэх маргаашийн өдөр шиг гэрэлтсээр бидний зүг нисэн ирээд үүдэнд өлгөсөн дэнгийн гэрлийг гурав эргээд буув.

 

4.

Уньтын рашаан-Уул-Алтаадаар дараагийн хэдэн өдөр өнгөрөв. Уньтад ходоод, элэгний рашаан хоёр л байдаг байсан гэлцэх. Одоо харин ундарсан бүхэн нь нэг эд эрхтний рашаан болжээ. Энэ баруун нүдний, энэ зүүн нүдний рашаан ч гэж байх шиг. Итгэл үнэмшил баахан муутай санагдав. Хог бүү хая. Эх байгалиа хамгаалъя гэсэн хаяг лоозон хайс бүхэн дээр хадаатай харин хогийн сав байхгүй. Ер нь энд хогийн сав олдохгүй талдаа. Дан ганц хогийн сав тавиад болох ажил биш, хог ачих, ялгах, дахин боловсруулах гээд явдал суудалтай ихтэй байдаг биз ээ. Хогны менежмент хаа сайгүй дутмаг. Уньтын зүүн талаар урсах гол Төлбөрийн гол нэртэй. Манжуудад төлбөрт өгч байснаас ийн нэрлэсэн гэлцэх. Майхан бөмбөрдөх бороон чимээ сонсож хэвтээд унтах шиг таатай сайхан хүний нэг нас, зуны хэдэн өдөрт хэнд ч гэлээ цөөхөн тохиох авай. Уньтад хоносон хоёр шөнө бороотой, тэнгэрийн дуутай зурвасхан дайраад өнгөрөх, цайраад үлдэх мөндрийн догшин “гүйдэлтэй” байв.

Уул-Алтаад Д.Урианхай ахын нутаг

...Усан дотор гал бүтээгүй шиг

Ухаан дотор хор бүтээгүй шиг

Уйлах юман дээр гараагүй нулимс хутга шаахад ч гардаггүй шиг,

Учиръя! гэж гуйхад дуулаагүй сэтгэл арслан болж хүрхрэхэд ч дуулахгүй шиг

Уул-Алтаадын асга хад, тэнгэр шороо

Урианхай болгож бүтээсэн намайг

Би биш болгох юм.

Билигтэй ч гэлээ орчлонд бүтээгүй!..

Эх орон минь,

Уул-Алтаад минь!

Хайрлах сэтгэл олохоо хүнээр заалгаагүй шигээ би

Хатан яс, халуун чөмгөө юунд өргөхөө хүнээр заалгахгүй ээ!

1988 он

 

Нэгэн цагт У ах ийнхүү бичиж байжээ. Хүний тоонот гэдэг зөвхөн нэг уул, усаар зогсохгүй аливааг хайрлах их хайр, нинж сэтгэлийг, зориг зүрхийг хүнд өгдөг ажээ. Хүний сэтгэл зүрхэнд хайрын сэтгэлийн үр үрслээнэ гэдэг буян биз ээ.

 

Уул Алтайгаас минь холд Уул-Алтаад урсана. Сэлэнгэ мөрөн тийш сэлэхээр дэгдэж буй хүүхэд шиг хариглан даргилан. Алтаад голын шугуйгаас түүсэн гишүүгээр түүдэг асааж дэргэдээ галтай суух шиг дээдийн тансаглал, жаргал хорвоод ховорхон.  Алтаад гол үертэй, амьтан хүний хөл хорих шинжтэй. Өвөлжөө рүүгээ хүрч хөрзөн малтюу гэж явсан ах эгч хоёрын машин голын тэхий гол очоод унтарчхав. Гарам дээр байсан өөр нэгэн хүн машинаараа татаж гаргав. Бид олс дээсээр туслав. Хижээл насны ах эгч хоёр хэнзхэн охинтойгоо гурвуулаа явна. Бид оройн хоол цайн дээрээ дуудаж хамт хооллов. Эгч бидний утас аваад л сүлжээ хайгаад явах, хүрээд ирэх хүн олдохгүй л байгаа бололтой. Бид өглөөний цайг бас өнөө гуравтай хамт уув. Биднийг явахаас өмнө элбээд машин дээрээ ачсан “пад пад” трактороо буулгаад үлдье гэснээр голын эрэгт байсан машиныг нь хойшоо түрж, дов руу тулгаж байгаад буулгалаа. Болохгүй бол үүгээрээ явна даа гэсээр тэд үлдлээ.

 

 

5.

Өглөө Уул-Алтаадаас хөдлөөд шуугиулсаар байгаад Хатгалд ирлээ. Кофены хэрэгслээ мартсан хэргээр замын турш ял шийтгэл хүлээх шахуу зэмлүүлж явсан би Хатгалд ирж сая ашгүй нэг юм хүмүүсийн кофе уух хүслийг дарлаа. Кофесох гэдэг чинь мал хужирсах дайны ярвигтай ажил байдаг юм байна. “Зүрх зүсэм бялуу”, “Далайн эргийн охин”, “Эрдэнэс” гэсэн үгсийг сонсоод та хэний тухай ярьж байгааг төвөггүй мэдэх байх. Энэ газар бол “ARYA CAFE”. Ари найзын маань газар. Аяны алжаалыг ч эдний зааланд гөвнө шүү дээ. Бас болоогүй бид Ари найзын хашаанд майхнаа хатгасан. Хашаа гэмээнэ хашаа. Битүү цэцэг, ногоо дэлхээтэй хивсээ хивс. Эдний хашаанд бууснаар бид ийш тийш явахад ардаа санаа зовох зүйлгүй харин ч нэг сулдаа ганхан даа. Хаашаа ч гарсан ойр зуур хэрэглэх зүйлсээ цүнхлээд машин, майхнаа санаа зовох зүйлгүй үлдээгээд явчихна.  Ари маань Бээжингийн багшийн их сургууль төгссөн. Бид нэгэн цаг үед нэг улс оронд сурч байв. Тэр үеэс энэ хүний бялууны амтны алдар цууг сонсож, амсаж явлаа. Кафегаа өргөжүүлээд өнгөрсөн жилийнхээс илүү тохилог, тав тухтай орчныг бүрдүүлжээ. Хуушуур, бууз, цуйвантай л угтдаг сумын төвд латтэ ууж, шинэхэн бялуу идэж суухыг юутай ч зүйрлэм юм бэ дээ. Хүний газраас эрдэм өвөртөлж ирнэ гэдэг л энэ биз ээ. Үр хүүхдүүд өсөж том болоод, сургууль соёлд яваад эргэж ирээд нутаг орондоо ийм сайхан үйлс бүтээж, өнгө төрх, үнэр амт нэмэх. Эднийхээс кофе савлуулж аваад далайн эрэг рүү алхаж байх ч дээ яруусмаар шүү.

Тэнгэр бүрхэг, Хөвсгөл далайн цаанаас манан алгуурхан наашилна. Эргийн манан дундаас ганц цахлай ижлээ хайх мэт нисэн ирнэ. Эндээс олон олон бүл бүл шувууд нисээд л тэр бөөн цагаан манан руу яваад орчих юм. Байсхийгээд л бас хэдэн шувууд нисээд манан руу орчихно. Манан дотор ороод тэр шувууд чим чимээгүй болчих шиг анир алдарна. Яг л ус руу шидсэн чулуу шиг. Манан дунд нэгэн зэрэг дэвэх сүрэг шувууны далавчны чимээг сонсох хүсэл төрнө. Жигүүрээрээ мананг хэрхэн хутгадаг бол цай самарч байх шиг самардаг болов уу? Шувууны далавчны үзүүрт манан хэрхэн зүсэгдэн сийрдэг бол. Манан алс ирээдүй шиг санагдана. Манан маргааш шиг санагдана. Бид бас манан руу нисэж буй шувуу шиг маргаашийнхаа талаар бүрхэг төсөөлөлтэй ирээдүйг угтан очдог доо. Хүмүүс суулгасан завь наашаа, цаашаа хурдална. Ханх явах гэж хэдэн завьчнаас үнэ асуусан чинь  толгойд оромгүй том тоо хэлж байна. Хатгалаас арван хоёр мянгаар пругонд суучихад л очих газар л даа уг нь. Гэтэл ирж очихын бараг 2-3 сая болох нь. Манайд ийм нэг сонин үнэ хөөрөгддөг үзэгдэл байх юм. Тогтвортой ханш гэж хаа ч байхгүй. Хүмүүсийн бараанаар бүх юмныхаа үнийг нэмчихдэг нь сонин. Далайн эргийн мод ус руу унагасан сүүдрээ хайх мэт доошоо бөгтийжээ. Нүдэн цэнхэр далайн сормуус ч гэмээр, юу ч гэж зүйрлэж болмоор ямар нэгэн зүйрлэл олдохгүй бол ус л бол ус, мод л бол мод шүү дээ ч гээд бодчих амар нэгэн хувилбар байгаа. Гэхдээ би ямагт үүлнээс дүрс, уснаас ширхэг хайж явдаг хойно доо.  Эндхийн байгалийн үзэмж, ус, ургамал бүхнээс өөр нэгэн төрх хайх тамиржуун бодолтой болжээ. Далайн ус машид ариг, ихэд тунгалаг сэтгэлээ тольдож болмоор. Энэ усаар заж, санчиг цагаан сор сууж байгаа ижийнхээ үсийг угааж өгвөл ээж минь эргээд гил хархан үстэй болмоор бодогдох аж. Энэ далайн хөвөөнд амьдардаг хүмүүсийн сэтгэл уяхан, нинж энэрэл ойртой байхдаа гэж бодогдов.

Хөвсгөл далай, тэнгэр бурханд өргөсөн усан тахил. Далайн дээгүүр бороо цайрна. Далайд дусал нэмэр гэдэг. Ус усаа норгодог бол хөвсгөл далай зуны оройн зүс бороонд бидэнтэй хамт норж байна. Тээр жил ээж Мөрөн рүү хуриманд яваад ирэхдээ энэ далайг үзсэн тухайгаа сонин болгон ярьж байж билээ. Ээжид бас тэгж явахдаа Сүхбаатар хөлөг онгоц дээр авхуулсан зураг бий. Ээжийн суусан хөлөг онгоц яг одоо над шиг олон хүний ээжийг суулгаад хөдөлж байна. Надад тэр үед ээжийнхээ зогссон газрыг олж зогсоод, хашлага төмрийн яг ижийнхээ барьсан тэр хэсгээс бариад явахсан гэсэн хүсэл төрөв.   Лермонтовын

“Хөх далайн цэнхэр мандалд

Хөлгийн дарвууд ганцаар цайрна” хэмээх алдарт мөр санаанд тодорно. Салхи тогтуун. Далай артай цэнхэр торго шиг, аралж нь алсарч буй, инагшилж буйн эс мэдэгдэм жирэлзээд цаад эргийн амралтын газрууд моддын сүүдэр дотор нуруулдсан бухал шиг бөгтийнө. Хүмүүс инээлдэх, хүүхэд орилох, шорлогны үнэр, зайгүй хөлхөх машин гэвч энэ бүхэн миний сэтгэлийн амгаланг эвдэж үл чадна.

Маргааш нь Хатгалаас Жанхай явлаа. Зам гэж там. Үерт автсан, эвдэрч гэмтсэн машин байсгээд л таарна. Манайхан ер нь сэтгэл хөөрлөөрөө л гараад шидчихдэг сул тал байх шиг. Явахаасаа өмнө машинаа бүрэн онишлогоонд ихэнх нь оруулдаггүй. Бүр ямар хүмүүстэй таарсан гэж бодно. Майхан сав ч аваагүй, ирээд амралтын газар буучихна гэж бодоод гараад шидчихсэн. Ирсэн газрууд пиг. Хаана хонох уу? Та нар хаана байрлаж байгаая гэчихсэн явж байх жишээтэй. Газрууд ч хотынхон ирж байгаа сургаар үнээ нэмээстэй. Нэмсэн үйлчилгээ, ядаад хоолны орц нь ч нэмэгдээгүй атал зүгээр л хүмүүс олноороо ирж байгаа болохоор уялдаа холбоогүйгээр үнэ нэмчихдэг. Дээрээс нь энэ Жанхай орох хэдхэн км аятайхан зам тавьчихад яах вэ дээ. Жил бүр хэдэн мянгаараа хүмүүс цуваад л байна, арав алхаад л замын хураамж гээд машин бүрээс аваад л байна. Тэр мөнгө төгрөгөөс зам руу орсон нь дуслын чинээ. Хатгалд бас л уусан ундааныхаа савыг хийчих хогийн сав олдсонгүй. Машиндаа ачиж яваад шалган нэвтрүүлэх газрын дэргэд байх хогийн цэг  рүү аваачив. Аялагчид харьцангуй хогоо шидлээд явдаггүй болсон нь анзаарагдав. Гэтэл манай аялал жуулчлалын бүс нутаг болох хүсэлтэй, монголын Швейцар гэж хэлэх дуртай энэ газар хүсэл, дур хоёроосоо нэг их холдоогүй шиг санагдав. Анх арван жилийн өмнө ирэхэд л бараг иймэрхүү байж билээ. Заа ингээд гамшигийн замаар явсаар Жанхайд ирэв. Энд байсан хоёр хоног туж тэнгэр уйлагнаастай өнгөрөв. Оройхондоо татарсан борооны сиймхийгээр бид дөрөв бяцхан кофены мухлаг орж нэг нэг аяга боргол захиалаад далай руу хандсан гаднах суудал дээр тухлаад утсаа өмнөө аяга түшүүлж тавиад “Blue Jay”-г үзэв. Тэр сайхан мэдрэмжийг ер юутай ч зүйрлэмгүй тунсаг. “Сайхан хайр хагацахд уйлдаг. Сар хиртэхэд уйлдаг” гэж Бавуу ах бичсэнчилэн бүгд нулимс дуслаав. Бид амьдралаа ганц л хайрладаг. Дараа нь ижил төстэйг нь хайдаг хэмээх шал худал сонсогддог асан үгс үнэний ортой ч юм шиг санагдав. Хайрын сайхан учирсандаа ч биш, хагацсандаа ч бус хамтдаа юу туулсанд байдаг шиг. Хамтдаа туулсан сайхан зүйлс биднийг холбож үлддэг шиг.

6.

Ингээд буцчихъя гэхнээ нэг л юм дутуу оргиод болох биш. Ханх явах гэсэн өнгөрсөн жил очоод ганцаараа хорь хоног дэмийрсэн болохоор нэг их дур хүрэхгүй. Амралт дуусах ахиад хэд хоног байгаад байдаг, аялал дуусгачихъя гэхээр арай л болоогүй шиг.  Хоргодон хоргодон явсаар юутай ч Мөрөн орлоо. Мөрөнд Ганболд, Майнбаяр,Элбэгтөгс, Гончиг ах нар байдаг болохоор надад нутагтаа ирж байгаа юм шиг л санагддаг. Нутаг гэдэг заримдаа хүн зондоо л байдаг шиг. Ийм хүмүүс байхгүй бол нутаг нутаг болохгүй шиг. Энэ жил харин яруу найрагч Ц.Гончиг ахтай л уулзлаа. Бусад нь хот хүрээ яваад байсангүй. Ганболд ах байсан ч бидний завдал таарсангүй. Гончиг ах Хөвсгөл аймагт хаагуур яаж яваад хаана очвол юу үзэж болохыг ер нь л барагцаална. Бас энэ нутгийн домог, хууч, дуу хуурыг энэ хүнээс сонсож болно. Бидэнд хэд хэдэн хувилбар хэлж өгөв. Булганы тэшиг ороод цаашлах эсхүл Хөвсгөлийн Эрдэнэбулган сум ороод цаашлах, эс бөгөөс Завхан ороод түүнээсээ Архангайн Тариат сум орж Чулуут, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуураар дайраад хот орох гэсэн санал хэлэв. Аль нь ч онц гойд сэтгэл татсангүй. Нэг л өөр тийш явмаар. Гэтэл ах хэллээ.

-За та нар ерөөсөө л Баянзүрх сум юм. Замаараа Ар булаг сумаар дайр. Бадраа гуайн төрсөн нутагшдээ. Өмнө нь Хотгойдуудын хамгийн том овоо бий. Чингүнжавын эрхийг хурууг алтан цогсын төлөөлүүлэн авч ирж энэ овоонд оршоосон түүхтэй гэнэ. Тэгээд Ар булгаасаа та нар шууд цаашаа Баянзүрх ор. Баянзүрхийнхэн чинь “Байгалийн сайхан Баянзүрх” гэхээр “байгалийн сайхан биш байгалийн гайхам” гэдэг л улс шүү дээ. Тийм л нутаг даа. Тэгээд та нар буцахдаа бодож санах юмгүй, туушхан хот руугаа явахад ч амар гэснээр бид тус санлыг дэмжиж эргээд Хатгалын зам руу гарлаа. 47км яваад Ар булаг сум руу салаад 3, 4 км яваад Эрхэл нуурын эрэгт майхнаа шидэв. Борооны түрүүч тэртээгээс цайрна. Бид түүнээс урьтаж майхнаа битүүлээд авъя гэж шалавлав. Борооны түрүүч, босож буй майхны дээвэр товшин. Сосо ах бид хоёр майхнаа босгож манай хоёр аяны ширээ сандлаа угсарч, хоол цай бэлтгэв. Бидний ажлын хуваарь ер нэг иймэрхүү. Энэ өдрийн наран жаргалаа.Тэнгэрийн хаяа цусан улаан. Эрхэл нууранд шувууд ганганалдана. Чийг зуусан өнгөрсөн жилийн хөх аргалыг унгатгахуй ер бусын тансаг гэсэн атлаа тийм гэхийн аргагүй нуугисан зөөлөн үнэр түгээж нойр хүргэнэ. Зүлэг ногоо шатаахгүй гэж чулуугаар тавцанлаж умлагасан аргалын цэнхэр май Эрхэл нуурын арын ханхар уулын бэлээр эртний домог яриа мэт суунаглана.   Аргалын утааны үнэрээр мал ойртож ирдгийг би мэдэх билээ. Хэдэн үнээд бидний бараадаж нуурын эргээс наашилна. Эрхэл нуур шувуудын нуур. Ийш зорьж ирдэг хүн гэж үгүй. Бүгд дэргэдүүр нь Хөвсгөл далай руу өнгөрч энэ нуур мэлтийсээр үлддэг ажээ. Бид майхныхаа гадна тасалгаанд ширээ тойрч суугаад түрүүхэн Гончиг ахаас бэлгэнд авсан “Цэцгийн нэртэй суурин” түүврээс хэд хэдэн шүлэг нэгэндээ дуудлаа. Энэ хэсгийг тэнд дуудагдсан нэгэн шүлгээр өндөрлүүлье.

Цаг хугацаа гэж байхгүй.
Чамайгаа би санасан
Намайгаа чи минь хүлээсэн
Сэтгэл л гэж бий.
Одоо, өнгөрсөн, ирээдүй ч гэж үгүй
Он жилүүд гэж байхгүй
Олж харсан, би үнссэн, чи тэвэрсэн
Олон дурсамжид хэзээ гэдэг нь хамаагүй.
Мөч хормууд гэж үгүй
Мөргөлдсөн харцнууд үүрд болж
Шүргэлцсэн хуруунууд мөнх атгалцсан
Орон зайг туулах бидний жимд
Олон жижигхэн мөрнүүд зам нийлээд
Орон гэр лүү минь хамтдаа алхах болсон.
Хайрт минь
Энэ шүлгээс цаашаа
Урт, богино зүүнүүд эргэлдэхгүй
Урьд эртийн цагт гэж
Үлгэр эхлэхгүй ээ.

 

7.

Ар булаг сум Ж. Бадраа гуайн нутаг. Хуучнаар 1937 онд татан буугдсан Бүрэнхаан сумын нутаг, халхын тамгатай хутагтуудын нэг, ерөнхий сайд  Жалханз хутагт Дамдинбазарын хүрээ хийд орчимд мэндэлсэн гэдэг. Мөн хутагтын удам угсааны ч хүн гэдэг. Өнөө харин Ар булаг сумынх гэх болжээ. Сумын төв ойртох бүр бид Бадраа гуайн дуунуудаас аялан явна. Би “Тойрсон уулсын бараа гийсэн өглөө найр хөөртэй” гэж эхэлдэг дуунд нь “Соёглонхон жороолсон согоо чихтэй үүлэн хээр, Солонгоронхон туяарсан сонин хээтэй үйтэн хуар” гэдэг дуунд нь “Уяхан хорвоо нь хань” “Орь залуу нас” “Жаргаах зүрхэн” “Чандмань эрдэнэ” гээд бишгүй олон дууг нь байнга аялан явдаг. “Нийслэл хүү” кинон дээр хотын хархүү “бие нь муудсан хүлээн авагч гуайг”  хэлд оруултал “Бадам лянхуа усан мандал” гэж эхэлдэг “Гайхмаараа” дуу цангинаж байдагсан. Хүүхэд ахуйд өвөөгийн хүлээн авагчийг асаах бүрт яг л ингээд Бадраа гуайн дуунууд ингээд цангинаж байдаг байж дээ, одоо бодоход. Ар булаг сумын Цагаан чулуутын овоонд гарлаа. Дугуй, дөрвөлжин суурьтай, дөрвөн талтай гол овоог тойрсон 16 овоо бүхий газар. Мөнх хааны гэрэлт хөшөө мөн энэ хавиас олджээ. Бид бууж ирээд сумын төвийн гуанзанд өдрийн цайгаа уулаа. Миний сурагч хүүхэд нас бараг л сумын төвийн гуанзанд өнгөрсөн гэж хэлж болно. Гуанзны гурил ногоо бэлдэх, түлээ нүүрс бэлтгэх, хичээлийн завсарлагаанаар гүйж орж ирж усанд явах, буузны гурил хавтгайлах гээд л дуусдаггүй ажил ундардаг байлаа. Тийм болохоор сумын төвийн гуанзны хоолонд нугасгүй. Болхи толхи байдал нь нэг л дасал. Гуанзны ширээг бүтээсэн хулдаасны цэцэг, хээ сонжсонгээш хоолоо хүлээж суух дуртай.

Баянзүрх сум руу гарлаа. Бороо орсон болохоор улаан дээрээ улцан гэдэг шиг муу дээрээ бүр муу. Энгийн гол энэ сум руу хөтлөөд хүргэчихдэг аж. Энэ сум бол гол мөрөн, уул усны орон. Хойноосоо алтраг, урдаасаа энгийн гол зүүнээсээ бэлтэс гол урсан ирж энэ сумын нутагт уулзаад гурвуул Дэлгэрмөрөн тийш “дэлээ” хийсгэн одно. Найдангийн Ганхуяг найруулагчийн  “Агарын гол дан рашаанаар урсана. Өнтэй өвөл ч харзлан урсах нь бий” хэмээн эхэлдэг туужийн “Агарын гурван сүлжээ” мөн Цагаан-Уулаас ирж энэ Баянзүрх сумын нутагт Дэлгэрмөрөнд мөн цутгана.

Агарын гурван сүлжээ

Арван гурван сүлжээ

Амрагийн сэтгэл байвал

Аав, ээжээс илүү... гэж энэ нутгийнханы дуу бий. Нээрэн л энэ хавьд арван гурван сүлжээ үүсгэдэг аж. Энэ гол руу усанд гүйдэг буга, гөрөөс шиг бид буунгуутаа Бэлтэс голын хавцал руу гүйж өндөр дэнж дээр нь гарч ирлээ. Бэлтэс гол үертэй, бид эхэндээ Дэлгэрмөрөн гэж бодов. Майхнаа Банязүрх сумын баруунтаа, Ууширын цохионы цаахантай барив. Бид дөрөв уушир дээр ирж хэсэг суугаад нөгөө хоёрын маань нэг малгайгаа анхлан суусан газартаа орхисон тул буцаж бид хоёр сумын төв орж ойр зуур идэх, уух юм авахаар явлаа. Ууширын энэ цохион дээр “Нарны унага” киноны зураг авсан тухай яриад киноны дууг дуулж өгөв. “Намрын бороо та надад юу шивнэв. Навчис цочоон та юу шивнэв” гээд намуухан аялахад яг л тийм навчис цочоосон бороо шивэрч байлаа. Баруунш хэвийсэн, туяанд нь бороо алтарсан нарны наанаас Бэлтэс гол унага нь юм шиг тэмүүлэн урсаж байв.

 Марал бид хоёр Алтраг гол дээгүүр тавьсан хуучин гүүрэн дээр зогсно. Ийм суманд амьдрахсан. Марал англи хэл заагаад, би монгол хэл хүүхдүүд хүсвэл хятад хэл анхан шатны япон хэл заагаад ч юм уу бөмбийсөн байшин бариад амьдрах юм сан гэж ярилцана. Би өөрөө хөдөө өссөн болохоор  хичнээн олон боломж энд өсөж байгаа хүүхдүүдэд ирдэггүйг мэднэ. Хүлээж авах “хөрс” нь бэлэн даанч суулгах үр л ирдэггүй юм. Хотын хүүхдүүд шиг өчнөөн гоё дугуйлан, сургалтад явах юмсан гэж боддог байлаа. Даанч тийм боломж олдохуйяа бэрх л дээ. Арай гэж нэг номын сантай болсон чинь номын санч нь цоожилчихоод хужаа хоёр дугуйтаа унаад билльяард нүдээд явчихна. Ахаа би номын санд суух гэсэн юм аа гэхээр өө чи чинь яасан ядаргаатай хүүхэд вэ гэнэ. Одоо арай дээрдсэн гэж найдъя. Дээрдээгүй ч байж мэднэ. Тийм болохоор л сумын төвийн хүүхдүүдэд сурсан мэдсэн жаахан юм аа хүргэх сэн, дуулгах сан гэсэн хүсэл дотор явдаг. Би Маралаас

-Энэ сумын намар, өвөл нь яаж өнгөрдөг бол. Өвөл нь лав энэ голын уур, айлуудын яндангийн утаатай нийлээд энэ хөндийг дүүрэн цэнхэртсэн л юм байдаг байх даа гэхэд

-Хоёулаа ерөөсөө буцаж очоод дөрвүүл энэ сумын “зун, намар, өвөл, хавар” яаж өнгөрдөг тухай нэг нэгээрээ төсөөлөн яръя гэв. Би ч дэмжлээ.

Бид хоёрыг ийм юм яриад Алтраг голын гүүр даваад цаашаа явж байтал араас хоёр дугуйттай дунд эргэм насны залуу хүрч ирсэн агаад бид зогсоож ойрхон дэлгүүр хаана байгааг асуув. Ашгүй цаад хүн маань дэлгүүр лүүгээ явж байгаа хүн байж таарлаа. Бид хоёр араар нь сундалдлаа. Дэлгүүрийн эр “Говийн зэрэглээ” дээр Намсрайжав гуай араараа суусан сургуулийн захиралд “тэр уулыг хойт хайрхан гэдэг юм” гэж хашхирдаг шиг мань хүн  “тэр уулыг “Улаан хаалга” гэдэг юм. Аан харин үүнийг “Учрын сөгнөгөр” гэдэг юм. Манайхан үүнийгээ голдуу шүтнээ гэж хоёр дугуйтынхаа дуунаас давах гэсэн шиг чанга орилов. Бид хоёр тэдний дэлгүүрээс ус, ундаагаа аваад ууширын цохион дээр хүргүүлж ирснээр бидний зам өндөрлөлөө. Бид хоёр майхандаа ирэхэд өнөө хоёр маань аль хэдүйн ирсэн байлаа. Марал бид гурваар энэ сумын зун, намар, өвөл, хавар яаж өнгөрдөг талаар төсөөлөн ярилцах өнөөх санлаа гаргаж өөрөө би эхлээд зуныг нь ярьчихъя гэснээ майхныхаа амыг нээж заа харцгаа энэ сумын зун иймэрхүү өнгөрч байна гэж бид инээд хөөр болов. Тэр яриа цаашаа явсангүй түүнээсээ Ким Ки Дукын “Хавар, зун, намар, өвөл ахиад л хавар” киноны талаар яриа болж эцэстээ түүнийгээ үзэхээр болов. Хорвоо дэлхий, цаг хугацаа, хүний амьдралын мөнхийн орчил дунд бидний амьдрал өрнөсөөр. Аливаа зүйл бүтэх бүрэлдэх, амьдрах орших, задрах мөхөх гэсэн зам туулсаар. Бид маргааш Бошлой хад руу, тэгээд хотын зүг эргэнэ. Гэвч яг л энэ Бэлтэс голын эрэгт ингээд үлдчих хүсэл төрнө. Энэ бол бидний аялалын хамгийн сайхан хором мөчүүд байсан болохоор энэ бяцхан тэмдэглэлийг ч мөн энд нь төгсгөвөл зохистой санагдав.  

Мө.Батбаяр

 

Түр хүлээнэ үү...
Top