-Хэдхээн асуулт асуучихъя
-За би анх удаа асуултанд хариулах гэж байгаа юм байна.
-Ингэхэд аль хотод байгаа билээ?
-ОХУ-ын Дубна. Москвагаас 100 гаруйхан км хүн ам багатай манайхаар бол Дархан шиг. -
Мөнхийн бүүдгэр, хур ихтэй зун, цас ихтэй өвөл болдог хотын нэр шиг сонсогдож байна. Ямар ажлаар наана байгаа юм бэ? Очоод удаж байна уу? Хөл хориог хэрхэн даван туулж байна.
-Туж бороотой, өвөлдөө цастай. Ер нь л дүнсгэр Орхан Памукийн Цас роман дээр гардаг Карс хот анх ийм л байх даа гэсэн зураглал санаанд бууж билээ. Нөхөр минь цөмийн физикч мэргэжилтэй. Дубна хотод Оросын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт гэх олон улсын байгууллага бий. Эрдэмтдийг нэг дор цуглуулж, энэ байгууллагад түшиглэн хөгжүүлсэн хот гэх үү дээ. Гурван жилийн өмнө мэргэжлийнхээ чиглэлээр олон улсын байгууллагад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж мэдлэг чадвараа дэшлүүлж, туршлага хуримтлуулахаар шийдэж Дубнад гэр бүлээрээ ирсэн. Ирсэн хоёр дахь жилээс ковидоос болоод Орос даяар хөл хорио тогтоосон. Гэхдээ жижиг суурин газар болоод ч тэр үү бидэнд гэнэтийн шок үүсээгүй. Магадгүй Москвад байсан бол тэр том гудамж талбай эзгүйрч, хөл хөдөлгөөн бүрэн татарч, хурдтай хэмнэлээс холдоод эвгүй санагдах байсан ч байж магадгүй. Дубна Ижил мөрнийг дагасан ойн дунд байдаг хот болохоор ерөнхийдөө л тайван, нам гүм хот. Ковидын үед бүр ч илүү нам жим, амар тайван байдлыг мэдэрсэн юм байна шүү.
Яруу найраг хүн хүнд өөр өөр байдаг байх. Зарим хүн насан туршдаа яруу найрагтай огт шүргэлцдэггүй амьдардаг , тийм хүмүүсийн хувьд яруу найраг ямар ч хэрэггүй зүйл байдаг биз. Заримд нь ханилсан хань шиг ч байдаг биз. Миний хувьд яруу найраг тоглоод явж байтал гэнэтхэн загатнаад эхэлсэн загатнасаар, өвтгөсөөр цухуйгаад ургаад эхэлсэн эвэр шиг санагддаг. Яг чих шиг, хамар шиг хамт заяасан уу гэвэл үгүй ч гэнэтхэн л миний дотроос эвэр шиг ургаад гараад ирсэн гэж зүйрлэм байдаг. Зэвсэг ч болдог, гоёл ч болдог, тээр ч болдог, хэзээ нэгтээ бас хугараад хөлдөөд унах ч биз гэж санадаг. Чи яруу найргийн талаар ямар бодолтой явдаг бол гэдгийг сонирхом байна.
-Энэ асуултанд чинь ажил дээрээ очиж байгаад хариулъя. Одоо охиноо аваад гарах гэж байна. Цэцэрлэгт нь хүргэж өгөөд цаашаа ажилдаа очно.
Өө өөрөө ч бас ажлаад байгаа хэрэг үү?
Би одоо нөхөртэйгөө хамт ажилладаг. Уг нь тэс өөр сэтгүүлч мэргэжилтэй. Гэхдээ одоогийн ажлаа зааж, сургаад өгвөл би бүгдийг эхнээс нь сурч хийж чадна гэж ам өчиг өгч байж энэ ажилдаа орсон. Өмнө нь нөхрийнхөө ажил мэргэжлийн талаар ерөнхийлсөн ойлголттой л байлаа. Одоо бол зовлонг нь илүү ойлгодог болж.
Заа, ажил дээрээ очсон бол өмнөх асуултынхаа хариултыг авъя.
Гэхдээ хүмүүс яруу найргийг огтоос хайхардаггүй гэсэн үг биш байх аа. Уншиж, сонсоод ч болов өнгөрдөг л байх. Яруу найрагт хайртай хүмүүс л утга зохиолыг амьшуулж байна гэвэл өрөөсгөл юм болов уу. Огтоос шүлэг бичдэггүй, огтоос ном уншдаггүй хүний доторхийг ч яруу найрагч, зохиолч хүн уудлан бичдэг шүү дээ. Зүгээр л бүгд эн тэнцүү сонжооч нүдээр хараагүй л байх. Миний хувьд дунд сургуульд, дээд сургуульд шүлгийн дугуйланд явдаг, төрсөн мэдрэмжээ мөр болгож холбож бичдэг байсан. Сайн шүлгүүд унших тусам надаас дэндүү хол зүйл болохыг мэдэж билээ. Хол гэдэг нь миний авьяас хүрэхгүй эд байна гэж бодсоных байх. Хүн бүр л төрсөн мэдрэмж, бодол, цаг хугацааг мөр болгон холбоод дэвтрийнхээ аль нэг хэсэгт хэнд ч уншуулалгүй биччих үе бишгүй л бий. Бас бусдын шүлэг яруу найргийг уншиж мэдрэх, ойлгох нь ч бий. Тэдний л нэгэн адил бичихээс илүү унших нь хамгаас илүү ойр. Үүнийгээ танихаас өмнө л бичиж байсан шүлгүүд шүү. Хүмүүс заримдаа яруу найргийг зүгээр л бусдын утга зохиолын боловсролын хэмжүүр болгочих гээд байдаг нь үнэндээ их сонин санагддаг юм. Хорин настайдаа бичсэн шүлгүүдээ нэг өдөр л эргэж уншихдаа "энд ч ийм санаа дутуу, тэнд ч ийм ижил мөр" гэсэн дэндүү өөнтөгч нүдээр өөрийгөө хараад эхэлсэн болохоор тэр цагаас хойш ахиж бичье гэж огтоос бодоогүй. Харин ямагт л шүлэг уншсаар байдаг. Аз болоход жинхэнэ яруу найрагчид шүлэг бичсээр байгаа шүү дээ. Зөвхөн миний л дотор эргэлдэж буй үй олон санааг эмхэлж, түүнээ өөрийгөө ойлгуулах хэрэгсэл нь яруу найраг байж болохгүй ч юм билүү. Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын орчуулсан Дэлхийн сонгомол яруу найраг номтой эрт учирсандаа баярладаг. Орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын өөрийнх нь ч, орчуулгын ч шүлгүүдийг нь эрт уншсан даа баярладаг. Тэгээгүй сэн бол магадгүй өнөөдөр хамаг бүхнээ бялдаж, цутгасан хэдэн шүлгээрээ ном гаргана гэчихсэн гүйж яваа ч юм билүү.
-Ийм товчхон яриа түүний шүлгүүдийг уншсаны дараа бидний хооронд болов. Яруу найраг хүнийг янз бүрийн л хүмүүстэй учруулах юм даа. Ямар ч ашиг сонирхол байхгүй атал яруу найргаас болж нөхөрлөж, дайсагнаж, баярлаж, атаархаж явах. Бас л яруу найргаас болж үг солих шалтгаан үүдсэн хүмүүсийн нэг тэр байлаа. Одоо харин түүний шүлгүүдийг та бүхэнтэй хуваалцъя.
***
Хайр-цөхрөлийн ард хэн хэн маань гарч чадсаныг бодохоор
Хачин юм шүү, хагацалдаа бид хэдийнэ бэлтгэгдсэн байжээ
Амьдралд хортой гэсэн бүхний шошгыг гарчиглахуйц
Аанай л бид нас биед хүрцгээж
Харж байна уу, чи надгүй би чамгүй
Хавар, зун, өвөл, намрыг ажралгүй давж байгааг
Дурсамж гэдэг бэтгэрч шаналах бүртээ уудаг өвчин намдаах эм бишийг
Дутуу ухаарч, хагас үхэж хоосонд хүрчээ бид
Цаг хугацаа бүхнийг анагаана, тэсч үлдээрэй
Цаг хугацаанаас эдгэрлийг олж, тэсч үлдсэн бүхэн
Цаашид хэрхэн амьдрахаа мэдэхгүй бидний чихэнд
Цангинасан хоолойгоор өдөр бүхэн давтаж хэлнэ
/2013 он/
***
Уучлаарай, дурсамжаа арчуулж болох уу
Учрал-хагацал, намар-бороо, нирвана-цой, хайр-хүсэл
Үүрд-чи, баяртай-нулимс ер нь сэтгэл хөдөлгөж мэдэх
Үг бүрийг ой тойноосоо хасуулж болох уу
Чи ч бас бүгдийг ой тойноосоо гээж орхиоч тэгэх үү
Чамгүй өдрүүд, надгүй шөнүүдийг цаг хугацаанаас хулгайлчихъя болох уу
Ондоо гаригийн хэн нэгэн биднийг учруулж зүүдлэсэн гээд л итгэчихье
Одоо тэр босоод зүүдээ маналгүй мартчихсан гээд л бодоцгооё
Эртээ урьдын цагт гэсээр үлгэр эхэлдэг шиг энгийн даруу
Эхлэл, төгсгөл нь ойлгомжтой ийм л амьдралаар амьдарцгаая
Тэвчээртэй, хүлээцтэй том хүн байж чадахын тулд
Тавилан, жам, зурагдсан төөрөг бүгдийг нь л туршиж үзэцгээе
/2013 он/
***
хайрлах=хуваалцах-
-амьдрал гэдэг үгний тэн хагас
хамтдаа цөхрөх, зовлонг гэтлэх-
-амьдарсны минь тэн хагас
***
Үнэр чинь,үнэр минь
Үгүйлэх чинь,үгүйлэх минь
Үгүйлэгдэх чинь, үгүйлэгдэх минь
Үргэлж ганцаардах чинь,ганцаардуулах чинь
Үнэндээ чиний бүхэн,үнэндээ миний бүхэн
Үргэлж чинийх юм шиг,үргэлж л минийх юм шиг
Сүнс чинь минийх,сүнс минь чинийх
Сүүдэртээ итгэн амьдрах чинь,
Сүүдэртээ итгэн амьдрах минь
Чи би юм, би чи юм
***
ирж яваа нэгнээс илүү орхиж яваа нэгнийг
итгэл муутайхнаар араас нь удаан ширтэх хэцүү
дайх үгс хичнээн ч цээжин тушаа нь хөшилдөж
дараа учрах, эсэн золгохын алийг ч үл мэдэх хэмжээлшгүй зовиур
муур ганцхан харайхад л төгсгөлд нь хүрчих давчуу богино гудамж
магад хэзээ ч дуусахгүй мэт урд нь сунайна
хэнээс ч юм туугдан одож буй, хэнд ч юм тунирхан холдож буй нэгнийг
харанхуйн дунд татсан ганц цагаан зураас шиг алсран одохыг харах тэсэхүйеэ бэрх
үлдэгсдийн шаналалтай тэнцэх нулимс нэгээхэн үгүй атал
үүрд биднийг орхин явагсдын сэтгэлийг юутай зүйрлэх вэ
ирж яваа нэгнээс илүү орхиж яваа нэгнийг
итгэл муутайхнаар араас нь удаан ширтэх хэцүү...
***
цаг хугацаа гэгч хуучин хар хүрэмтэй
цоорхой халаасаар нь гуниг дусласан
марлборо амандаа зууж маргаангүй Цой аялах
Анудар шиг зүстэй, амьдралаас одож буй мэт
алхаа нь түргэсэн алсрах идэр насны эр юм.
***
жаран ширхэг асперин, үхлийн доз шүү дээ дүү минь
жаргал, хайр, үр хүүхэд...чамд амьдрал хичнээн сайхан тухай
зогсоо зайгүй л ярьж өгмөөр байвч, чи ядарч сульджээ
зовлонгоос ингээд л хагацчихгүй шүү дээ, одоо унтаж амар
сувилагчийн гараас чанга атгаад хэлэх үг ч олдсонгүй,
нулимс дүүрээд саяхан л би үхэж байсан,
маргааш нь оршуулгын газарт өөрийнхөө дээрээс- -өнгийж хараад,
өрөвдөлтэйгөөр үсээ илбэн санаа алдаж өөдгүй юм даа чи,
хүний биеийг олсон атлаа хөнөөчихлөө шүү дээ гэж хэлэх байсан
дусал дуслаар хураасан зовлон далай болж, намайг живүүлэхэд
даанч нялх байжээ би, сэлж хөвж эсэргүүцэн тэмцэж ч сураагүй
хэн урт насласан нь амьдралыг таньдаггүй юм байна гэж
хэзээнээс зохиол нь бэлэн амьдралд хэлэх үгээ бэлдэж байсан юмсан.
***
салахдаа хэлсэн үгс чинь санахдаа хэлсэн үгсээс чинь ч олон
сайн сууж байгаарай, миний төлөө өөрийгөө хайрлаарай
өвдөж болохгүй шүү, тамхи битгий татаарай
өөдөөс минь битгий ингэж ширтээч, оронд нь
тэнгэрийг хар, бидний шаналал гунигийг нэг л бороо угаана
тэмцэх хүчгүй, сулхан амьсгалж тэмтчин бүдэрсэн ч бид нэг л уулын хоёр бэлд
уйлах тэнхээтэй байсан ч битгий намайг дурсаарай, мартаж орхи
уйтгарт живсэн энэ хүйтэн зүүдийг битгий манаарай
аравдугаар сарын жихүүн шөнийг битгий дурс, удахгүй үүр цайна
амраг хосууд хагацлын урьд юу гэж хэлдэг юм бол мэдэх юм алга
чийртэй энэ хотын альхан гудманд санаандгүй таарвал
чиний өөдөөс эгцлэн ширтэж ч зүрхлэхгүйгээр
чи бид хоёр үүрд хагацах гэж байна
/2013 он/
ШҮЛЭГ|KENA TAMIR
ЯРИЛЦСАН|МӨ.БАТБАЯР