Хотын хамаг эмнэлэг, домлого, лам хар дуусгаад “ямар ч найдваргүй, сайндаа сарын настай. Гэрээр нь асар” гэсэн хариунаас өөр гийсэн юмгүй харих онгоцондоо сууж явах даа ч Цогт энэ бүхэнтэй үл эвлэрч “Бурхан минь, би юу буруу хийсэн юм бэ? Би яагаад ийм болчихов оо?” хэмээн бодож аяга дүүрэн нулимстай үүл манан дунд хөвж явахдаа эцсийн мөч хүртэл хамт байхаас татгалзсан эмч нарт халуун гомдол өвөртөлсөн нь дотроос нь шатаахуй, сарын настай гэж хэлэхдээ тэд тулж босож байсан итгэл найдварын “мөнгөн таягийг” хуга цохиж унагасаныг мөр мэдэрч байв. “Төрсний эцэст үхэх нь үнэн ч би үхэх юу хийсэн юм бэ? Яагаад заавал би юм бол” гэж ч бас боджээ. Гэвч үхэхэд мэндэлснээс өөр шалтгаан хэрэггүй байдаг билээ. Энэ хорвоод ирээд зүрх чинь нэг л удаа цохилсон бол тэр үхлийн өмнө хангалттай шалтгаан болж чадах юм. Үхэл гэдэг ийм сонор, эмзэг шинээр цохилох зүрхний цохилтыг андашгүй бүртгэж авч чаддаг ад мөрийн зүйл ажээ. Аль эсвэл хүний зүрх өөрөө л амьд байх гэж тэлчилэн цохилох тоолондоо мөхөл рүүгээ довтлогосоор өөрийнхөө титэм судсыг үхлийн хадуурын ирэн дээр аваачиж тавьдаг мугуйд ч гэмээр эрхтэн санж. Харамсалтайн Цогт үүнийг ухаараалгүй би үхэх ямар буруу юм хийсэн юм бэ л гэж өөрөөсөө ахин ахин асууж явлаа. Үхэлд ойртсоны буянаар анх удаа онгоцоор нисэж яваа Цогтод өөр нэгэн бодол зурсхийсэн нь тэртээ олон жилийн өмнө тэнгэрт одсон аав ээжтэйгээ энэ үүл манантай цэнхэр тэнгэрт, ингэж нисэж яваад таарчих ч юм шиг гэнэхэн бодол төрөхөд сая хүчлэн өндийж цонхоороо шагайв. Хэдий тэнгэрт нисэж яваач гэлээ нар аанай л хэтэд шаргалтаж, онгоцны хөх жигүүрийг өндрийн салхи зүлгүүрдэж улам хөхрүүлж байлаа. Тэнгэрийн салхинд зүлгүүрдүүлж чилдэншсэн хөх жигүүр Цогтод ноослуулсан тэмээдийн хөх бөх шиг санагдах авай.
Ийм хариутай Цогтыг буцаж явахад нутагт нь өөр нэг их ажил ундарсан нь ах дүү нар нь амьд сэрүүн, амь голтойд нь ядаж ууган хүүгийнх нь гал голомтыг бадрааж, утааг нь үнэрлүүлье гэж хэлэлцээд аймгийн төв орж түүнийг тосонгоо шинэ гэрийн мод тааруулж буцахаар хэлэлцсэн явдал байлаа. Цогтын том хүү энэ жил 23 настай. Залгаа сумынхаа үеийн охинтой ойрын хоёр, гурван жил наана цаана болж найзархаж явсан ч хараахан дэр нийлүүлэх дээрээ тулаагүй явжээ. Аавынх нь амь ийнхүү дээсэн дөрөөн дээр ирж авсаа өнгийснөөс үү, ах дүү нар нь “аавыгаа амьд сэрүүн дээр” гэж асуух, ятгахын дундуур ахин дахин сануулсных уу аль эсвэл үнэхээр ч хоёул ярилцаж, хайрын сэтгэл нийлээд зөвшөөрсөн үү ямартай ч аавыгаа тосонгоо шинэ гэрээ зэхэж явахаар ирсэн байлаа.
-Жов чи, талий гэж зандрах дуунаар өвчиндөө халуурч дэмийрээд унтаж байсан Цогт давхийж сэрлээ. Сэрсэн ч амин сүнс нь хаа нэгтээ хоргодоод үлдчихсэн юм шиг тархи толгой нь дүйнгэ оргиход ахиад л нулимс нь өөрийн мэдэлгүй эвлэж урсаад хоёр чихийг нь дүүргэхэд сонсгол нь ч хаагдчихсан юм шиг дүнннн хийж мод мунадах адил чимээг тэр сонсож байв. Хажуугаар харж хэвтээд ядаж нэг чихнийхээ нулимсыг ч атугай гаргая гэж бодоод толгойгоо хаяа руу эргүүлтэл нөгөө талынх чихний хонхорхойд хурсан нулимс бүр дотогшоо бөглөж орох нь тэр. Хүн ядрахаараа нулимсаа ч өөрөөсөө хол унагаж чадахаа больдог аж гэж бодоход ахиад л нулимс цийлгэнэв. Хоёр нүднээс нь урссан нулимс хоёр чихийг нь дүүргэж түүнчлэн дотогшоо урссаар ахиад л анх гарсан нүдэндээ урсаж очоод буцаад унах мөнхийн орчилын хүрдэнд нэгджээ. Ингэж бодохуй Цогт хэдхэн дусал нулимсаар хэмжээлшгүй өнө удаан уйлж байх шиг санагдав. Нулимс ч дүүрчээ, халаг хоохой, баас, шээсээ ядаж үхэр мал шиг хэвтэр доороо биш холхон шиг унагадаг болоосой. Өөрийнхөө баас, шээсийг яаая гэж байхад золбин гудрага хүртэл ирж хаяа руу сарьдаг нь ч бас юу вэ дээ гэж бодоод тэр шуусан хаяагаар нь халуун салхитай хамт сэнгэнэх нохойн саригийн үнэрийг шунаглан сорох мэт ууртаар сүүрслэв. Эд нар ч гэж эд нар. Хаяанд сууж байж үзээ хараа хүний толгой руу нохой сариулаад манитайгаа таарсан ч улс даа. Хүн дордохоороо хүүхэд нохойн доог болдог гэдгийн ор л болж хэмээн бодов. Зуны үд бэгнэм халууны дээр, өвчиндөө халуурснаас болоод уруул ам нь омголтож таталдахад Цогт нүдэндээ хатаж хагарсан газрын хөрсийг харав. Зүүрмэглээд сэрэх хооронд хоёр уруулыг нь тайрч аваад тайрдас дээр нь тэр ангамал газрын хөрснөөс авч ирээд залгачихсан юм шиг санагдав. Бороо ороод наранд шарагдаж хатаад хөрзийж хатсан борзонтой газрын хөрс одоо түүний уруу л болжээ. Хүн ч бас нүд үзүүрлэх шахав ад үзэж явсан газар шигээ хатаж ангадаг ажээ. Хүний бие махбод ер нэг амьдрахдаа хэчнээн юмсын амьдралыг туулдаг хэрэг вэ? Зулзаган улиас шиг хамгийн түрүү гөлөглөж, зунжин борооны манантай тайга шиг шим бялхуу ханхайж, нэг үе бас үерт автсан зам шиг эвдэрдэг байх нь ээ.
Шинэ гэр бүрж байгаа хүмүүс чанга чанга инээлдэж дарвих дуу нь тодхон сонсогдовч гэрийн хаяагаар тэдний зөвхөн хөлнүүд л харагдана. Гэвч Цогт аль нь хэний хөл вэ гэдгийг төвөггүй танина. Том хүүгийнх нь хурим болоход мухар тав хоног үлджээ. Аавын нь амьд сэрүүн дээр, ууган залуугийнхан галын утааг үнэрлүүлье гэж зүтгэсэн Цогтоос асуугаагүй ах дүү нарын энэ шийдвэр түүнд “чи өнөө маргаашгүй болсон шүү” гэж битүү хатуугаар хэлээд байгааг тэр хотын эмнэлэгээс гарч ирснээсээ хойш бүрнээ мэдэрч хэвтлээ. Гэтэл ах дүү нар нь дотор нь долоон нар мандуулчихсан сайхан ажил хийж байна гэдэгтээ огтоос эргэлзэхгүй байх шиг. Тулгуу гэнэт шийдсэн зуун задгай, жаран хагархай хуримын бэлтгэл ажил нэг үеээ бодвол зэгсэн цэгцэрч байх аястай. Шуусан хаяагаар шинэ гэрийн мод тааруулж суугаа хэдэн хүн, мөн гэрийг бүрэх дээвэр, туурга, өрх бүрээс сэлтийг оёж шидэж байгаа бас нэг хэсэг хүмүүс харагдана. Цогт буцаж эргэж хэвтээд амаа чийглэхээр хажуудаа зэхээтэй уяанаас татахад эгц дээрх унинд өлгөөтэй хонх жингэнэхэд гаднаас дунд охин нь саар саар чимээлэн гүйсээр орж ирэв. Дунд охин нь гэж ахтайгаа тоглож өссөн болоод ч тэр үү баахан эршүүд амьтан босго давуутаа
-Яаасан аав гэхэд Цогт хариу дуугарсангүй. Хөргөгч рүү гараараа зангахад охин нь мэдэв бололтой тэндээс тарвасны шүүсэнд норгож хөлдөөсөн хошуу даавууг авч ирж гурвалжин буланг аманд нь зуулгав.Эхийн хөх хөхөж хүн болсон хүн эрээн даавууны өөдөс дэхэж сүг болдог хорвоо юм байжээ гэж Цогт бодов. Тарвасны чихэрлэг шүүс даавуунаас шимээлдсээр ангаж, хатсан ам амрыг нь чийглэв. Хаврын байгаль хайлах цасны шимээлийг ингэж хүлээдэг байх даа. Үүнээс ахиу юм хоолойгоор нь даваж ходоод руу нь орохоо больжээ. Өлөн шүлсээрээ унд хийж, өтгөн шүлсээрээ хүнс хийнэ гэдэг л энэ байх. Цогт ам руу нь алчуур чихчихээд гараад явсан охиндоо гомдоход нулимс нь ахиад л дүүрээд ирлээ. Гэвч нулимсаа тарвасны шүүстэй хольж залгихад тийм ч шорвог биш байв. Ингээд чихэрлэг тарвасын шүүсээр зөөллөн дотогшоо залгисаар муусайн юмнуудад үзүүлэхгүй амар заяагаа үзэх юм шүү гэж бодоод аман дахь даавууны булангаа тас зууснаа шимээлсэн шүүсийг өмнөх шигээ нулимстайгаа сүлж гүдхийтэд залгив. Булгилсан нулимсаа буцаагаад өөртөө шингээж байгаа хүн бол өнөр өтгөн энэ хорвоо дээр хамгийн ихээр ганцаардаж байгаа хүн юм даа гэж бодмогц түрүүхэн тарвасны амт түлхүү амтагдаж байсан шүүс эдүгээ нулимсны амт дийлж ээдээд хачин шорвог болчихож гэмээр амтагдав. Юунд ингэтлээ гомдож гоморхож хэвтэнэ вэ? Гэж өөрөөсөө үе үе асуух ч энэ орчлонгийн юмс бүхэн л өөрийн мэдэлгүй түүний гомдлыг төрүүлээд байв. Өөрийг нь явуулаад өөрсдөө сугарч үлдэж байгаа юм бүхэнд атаа төрнө. Миний оронд яагаад өөр нэгэн байж болохгүй гэж. Түрүү толгой руу нь ирж сарьчихаад явсан тэнэмэл хүртэл тэнцэж үлдээд амьдарч байхад би яагаад ингэх гэж, би юу буруу хийсэн гэж бодмогц гомдол төрнө. Үхэхийг нь хүлээж буй энэ хүмүүс амьсгал тасармагц нь аваачаад хүйтэн шороон доор булаад орхино доо гэж бодохоос эндхийн амьдралын юунаас ч юм зуураад явмааргүй тэгэхийг нь мэдэж буй юм шиг эргэн тойрныхон юм бүхэн өөрөөс нь сүрлүүн дээд харагдаж өөрөө савны ёроолын хөгцөнд үүссэн өтний чинээ санагдах болжээ. Түүнийг ингэж хүний гарт орж, хүн нэрнээс цаашгүй амьтан болсноош хойш хүн бүхэн л дөлөх болсон нь ч өөрөөс нь зуураад унана гэдгийг мэдсэн шиг санагдах. Насаараа цайгаа хувааж уусан хань нь ч, үр хүүхдүүд нь ч ялгаагүй халдаж ойртохоос халгаад бие биенээ өмнөө түлхээд бараагаа харуулах нь ховор болсныг Цогт амьтай голтой л юм болохоороо анзаарч байлаа. Тэгж байтал гадна галын амбаарын үүднээс л бололтой охин нь
-Ээж гэж дуудах нь чихэн дээр юм шиг тод дуулдав. Ээж гэсэн үгнээс тэр ээжийгээ дуудаж байна гэдэг утгаас гадна уцаартай өнгө аяс ч олж сонсоод бас яагаад цаашаа эргүүтээ үстэй толгойн арзайгаад унав даа, бас юу болохоо байчихваа гэж бодов. Охин ахиад
-Ээж гэж өмнөхөөсөө чанга бараг багтрах шахам орилов. Ээж нь гэр бүрж байгаа хүмүүс дундаа
-Яаасан бэ? Гэж хариу өгөв.
-Гэр лүү ордоо.
-Яасан бэ хүн ажилтай байгааг харахгүй байна уу?
-Үгүй ээ, зүгээр ороодох оо гэж уйлах шахам хоолойгоор охин нь гонгинов.
-Аав чинь сэрчихэж үү?
-Сэрчихсээн гээд хэн хэн нь чимээгүй болов. Тэдний хашаанд цуугиж байсан бүх хүн чив чимээгүй болов. Бүгд хаашаа ч юм явчихсан мэт нам гүм боллоо. Урьд өмнө нь хэзээ ч нам гүм болж байгаагүйгээр нам гүмээр эдний хашаа дүүрлээ. Хэн ч орж ирсэнгүй. Охин ч тэр, хань нь ч тэр орж ирсэнгүй. Хүмүүс дор дорноо дув дуугүй. Хэн ч байхгүй мэт. Цогт эхнэр нь эмнэлэгт хэвтээд, том хүү нь ээж дээ цай хоол зөөх гээд хамт сумын төв яваад одоо энэ орилж байгаа дунд охинтойгоо хоёул өвөлжиж асан тэртээ өвлийг санав. Анидаггүй худаг нь хүртэл шөнө бүр хөлдөж хоносон муухай хүйтэн өвөл байсан сан. Цогт өглөө босож гэрээ галлачихаад худаг цохиод зогсож байх юм уу аль эсвэл худгаа цохиж нээчихээд хотныхоо хөлдүүсийг түүгээд явж байхад л гэнэтхэн охин нь часхийж уйлмагц мөлхөөд гал руу орчихов уу даа хэмээн айх даа гэр лүүгээ хар хурдаараа гүйгээд ороход унтаж үлдсэн охин нь үүдэнд ирчихээд хаалгаа онгойлгож чадахгүй уйлаад зогсож байвал сая нэг сэтгэл амардаг сан. Охиноо хувцаслаж дагуулаад аав охин хоёр өглөөг хотон дотроо шахуу өнгөрөөнө. Охин нь Цогтын урдуур хойгуур тунтар тунтар гүйж ганц ширхэг хөлдүүс элгэндээ тэвэрсээр ирнэ. Ирээд заавал өөрөө уут руу хийнэ гэж зүтгэнэ. Цогт уутныхаа амыг аль байдгаар нь дэлгэж зогсоод охиныхоо тэвэрч ирсэн хөлдүүсийг уутандаа авна. Охин ганц гозгор хөлдүүс тэвэрч ирж хйичихээд нэг их ажил хийсэн хүн шиг сүүглэн амьсгаадаж, оготор хормойгоо хоёр жижигхэн гараараа гөвж “ёохх жаахан амаръя” гээд хоромхон зуур явган сууснаа заа болчихлоо гээд босож гүйнэ бас нэг хөлдүүс хормойлно. Цогт дундуур нь бас охиноо тэвэрч гэртээ оруулж дулаацуулна. Аавыгаа хормойдоод салдаггүй амь охин байж билээ. Малдаа явахдаа охиноо саахалт айлдаа аваачаад үлдээнэ. Тухай бүрд аавынхаа араас дагаж уйлна. Айлын хаалганы цаанаа чарлаад үлдэх бүрт Цогтод хачин хэцүү байдаг байж билээ. Жаахан дулаарвал морин дээрээ дүүрээд малдаа аваад явна даа гэж бодон бодон өнждөг сөн. Оройхон малаас ирэхэд тээр холоос охин нь таниж тосож гүйнэ. Заримдаа тоглоод аавыгаа ч мартчихсан байх нь бий. Аав, охин хоёр яаж хийгээд тэр хүйтэн өвлийг давсан даа. Ээж, ах хоёрыг нь ирдэг өдөр охиныхоо энгэр ханцуй нь халтайсан тоодон ногоон дээл цамц хувцасыг угаагаад халуу дүүгэсэн гэртээ хоёулаа товхийгээд сууж байх хачин жаргалтай санагдаж билээ. Саахалтынхаа хүнийг гуйж оёулсан шинэ цэнхэр дээлийг өмссөн охин нь саатай эмжээрээ байн байн аавдаа үзүүлээд л... гэтэл одоо ааваасаа зугтсан том охин болжээ. Цогт тэр өвөл охин нь барьж унтсаар нөгөө товчноосоо илт том болчихсон өрөөсөн хөхөө тэмтэрч үзэв. Тэр өвөл бараг л сүү орж эвлэх дөхсөн дөө энэ муу хөх нь. Охин нь гараа явуулж хоёр хуруугаараа товчийг нь чимхээд бариад авахаараа л бөх гэж унтдаг сан. Гэтэл одоо охин нь хэвтэрт орсон аав даа хүрэхээс цэрвэсэн том охин болжээ. Хүн гэдэг мартамхай амьтан хойно доо. Ингэж элдвийг бодоод хэвтэж байтал гэр рүү нь ирж яваа хүний хөлийн чимээ гарлаа. Эхнэр, охин хоёрынх нь хэн нэгэн ямар ч гэсэн орохоор болж дээ гэтэл харин үгүй гэр бүрэлцэж суусан төрсөн эгч нь л арга тасраад орж ирсэн байх нь тэр. Эгч нь Цогтын доорх дэвсээ даавууг сольж, хуурайлав. Эгч нь Цогтыг өргөж зайцуулаад хүүхдийн баасны хутгаар чацгыг нь хусаж авахад нулимс нь мөн л дүүрээд ирэв. Би яагаад ийм болчихов оо, яагаад би гэж, би юу буруу хийсэн юм бэ? Гэж өөртөө хэлж хэвтэв. Эгч нь хуурайлж аваад нойтон алчуураар дүүгийнхээ хонго, борив, бөгсийг нь арчив. Хүний төрсөн гарсан юм гэж цаанаа анги юм даа, насаараа ханилсан хань, зүүгдэж өссөн үр хүүхэд нь зай зайгаа авсан энэ үед муу хоёр эгч нь л ээлж, ээлжээр тойглож шээг, шивтэрээс нь салгах юм даа. Хань нь биш юмаа гэхэд үр хүүхэд минь төрсөн гарсандаа орохгүй юм гэж үү? Хариг, хачин ийм хүүхэд өсгөсөн юм гэж үү? Гэж өөрөөсөө асуухад нулимс нь урсаж хамар ам нь битүүрч шуухитнам. Эгч нь эргэж орж ирээд Цогтын гаргаад тавьчихсан байсан өнөөх даавууг авч уугаагаад тарвасны шүүсэнд хийж хөргөгч рүү хийв.
Зуны үд хэвийж, нар баруунаас цонож эхэллээ. Гадаа хүмүүс дүнгэр дүнгэр ярилцах дуулдана. Гэрийн унь хасаж хөрөөдөх нэгэн хэвийн уйтгарт дуу нозоором халуун дээр улам ч халуун нэмэх шиг уйтгартай дуулдана. Нохой нь аахилсаар сүүдэр даган гэрийн араар өнгөрөхдөө Цогт тусаа ирээд хамар сүүхнүүлэн сониучирхаж үнэртсэнээ өнгөрч одов. Хашаагаар хоёр дугуйт нужигнасаар орж ирэх дуулдана. Удахгүй хуримаа хийх том хүү нь хамгийн бага дүүгээ сундалсаар орж ирж байна. Төрөлхийн түнхний мултралтай сүдэг охин нь ахынхаа араас буувуутаа хазгансаар гэрлүүгээ гүйж байгаа нь хаяагаар харагдана. Охин хэзээ ч мөрнөөсөө салгадаггүй ягаан цүнхээ мөн л үүрчээ. Гүйхэд нь хазгар талынх нь цүнхний мөр мултарч унжина. Охин нь гүйх дундаа мултарч унжсан мөрөвчөө байн байн татаж явааг Цогт хараад шүлс, нулимсаа гүдхийтэл залгивай. Хазгар охин нь “Аабаа, аабаа” гэж амандаа дуудсаар тоос татуулан орж ирээд хажууд нь зогсоход Цогт толгойгоо эргүүлж охин руугаа харахад охин нь гүн санаа алдав. Хөлс бурзайсан хамраа сартагануулан сүйхэлж зогсоо охин нь аавыгаа амьд мэнд байгаад санаа амарсан бололтой ахин нэг санаа алдаад цүнхээ яаравчлан буулгаж дотроос нь зургийн дэвтрээ гаргаж аавдаа зургуудаа үзүүлэв. Охин аавыгаа зуржээ. Гэхдээ хүний гарт ороод хэвтэж байгаагаар биш бусдын адил эрүүл саруул явж байгаагаар, явах явахдаа охиноо хүзүүн дээрээ суулгаад явж байгаа зуржээ.Үйлийн муу энэ өвчинг олохоос өмнө энэ хоёр үргэлж л ингэж явдаг байсан сан. Хөл муутайг нь бодож охиноо хаашаа ч явсан хүзүүн дээрээ суулгаж явдаг аав байлаа тэр. Айл хэссэн ч, цэцэрлэгт нь хүргэсэн ч, гол руу усанд явсан ч байнга л хүзүүн дээрээ суулгана. Охин нь аавынхаа хоёр гараас бариад унааны хүрд мушгиж яваагаар өөрийгөө төсөөлж аавыгаа гараар нь зална. Цогт охинтойгоо тэгж тоглон явахдаа дуртай байдаг байв. Охиноо хүзүүн дээрээ суулгуутаа “за аав нь нүдээ анилаа шүү. Одоо миний охин чиглүүлээрэй гэхэд тэр аавынхаа хоёр эрхийг нэг нэг гартаа атгаад хойш, урагшаа, зүүн барууншаа татаж түлхэж залуурдана. Заримдаа Цогт охиноо цаашлуулмаар болж албаар мод мөргөх гэж байгаа хүн шиг ойртоход охин нь хүзүүн дээрээс нь хариугүй холбироод уначих шахам хажуушаа хэлтийж байгаад зална. Мод тойрч гараад санаа алдаж “сая та яг мод мөргөх шахлаа шүү. Би ёстой мушгисаар байгаад, мушгисаар байгаад арай чүү хажуугаар нь зөрүүллээ.” гэж амьсгаадна. Цогт мэдээгүй хүн болж “ааяаяа тийм үү, балрах шахаж ээ, миний охин байсан тулдаа л аав нь мод мөргөсөнгүй” гэхээр муу хазгар охин нь ход ход хөхөрдөгсөн. Охин нь зурагтаа тэр л үеээ дүрсэлжээ. Одоо тэр бүхэн зураг болж хувираад Цогтын нүдний өмнүүр хуудас хуудсаар эргэж байна. Аав охин хоёрыг ингэж суутал, удахгүй ураглах том хүү нь орж ирж хоёр дугуйтынхаа түлхүүрийг хананы толгойноос өлгөчихөөд, зүүн хатавч руу пар пар хийлгэн алхаж очиж савтай уснаас шанагадаж гүд гүд залгилчихаад дув дуугүй гараад явлаа. Гэрт аав охин хоёр л үлдлээ. Эвий дээ, намайг ингээд яваад өгөхөөр миний муу хазгар охиныг хэн наашаа гэж хүзүүн дээрээ суулгана даа гэж бодно. Том хүү нь хурим дөхөх тусам улам л дуугаа хурааж, хар яр, хэдэр ёдор ааштай болж барагтай л бол хүнтэй юм ярихаа байгаад сүүлдээ бүр эцэгтэйгээ ч юм дуугарахаа байжээ. Нэг удаа хуримын үеэр хэдэн мал гаргах тухай яриа болоход хүү нь
-тэр их махыг чинь энэ хар халуунд хэн идэж далдруулдаг юм гэж хэдэрлэв.
Эх нь:
-чи идэхгүймаа гэхэд, цугласан амьтан ах дүү идэх л байлгүй. Ямар хоосон сууж байлтай биш гэсэнд үг дуугүй хоёр дугуйтай хазлуулаад гарч одохыг нь тэр сонссон билээ. Сая ч гэлээ үг дуугүй түлхүүр оруулж ирж шидчихээд гараад явчихсанд нь Цогтын сэтгэл хэлтийж “хүүгийн минь энэ хуриманд ер энэ янзаараа ерөөл зохидог болов уу? Цаашлаад энэ хоёр маань айлын дайтай айл болж явдаг болов уу? Хэзээ мөдгүй мордох болчихсон би гэж хүн хойморьт нь суугаад байхаар амьтан ах дүүс найрлаж дарвилдаж таацах болов уу? Надгүйгээр ч илүү жаргалтай сайхан болох байсан хурим ч юм бил үү? Гэхдээ хорвоо дээр галаас гал тасдаж илүү олон галын сор тэнгэр өөд цоролзон гэрэлтүүлэхийг харах шиг сайхан нь хаа билээ. Түмэн хүмүүс цуглаад нэгэн дууг өөр өөрийнхөөрөө солгой ч хамаагүй дуулахыг сонсохыг хүсдэггүй хэн л байдаг билээ.” хэмээн бодож хэвттэл хэлгий охин нь “аабаа, аабаа” хэмээн гараас нь татаж хүүгээ хүзүүн дээрээ суулгаад явж байгаа бас нэгэн зургаа харуулж байв. Тэр зурагны цаад талаас томоос том гал шар наран мандаж байгааг хараад хэлгий халуун гарыг тэр чангаас чанга атгаж нүүрэндээ наалаа. Ээ элий минь, охин минь...