Ийм л нэг өвөл байсан. Үгүй ээ, үүнээс ч хүйтэн өвөл байсан санагдаж байна. Аль эсвэл би өнөө өвлийнхөөс хувцас муутай байсан ч байж болзошгүй, тийм учраас тэгэж их хүйтэн мэдрээ биз. Их л даарч байж энэ яруу найрагчийн байгаа газрыг олж очиж билээ. Тэр өдөржингөө бид хоёр юу ярьсныг бүү мэд. Нийтийн байрны нэг жижигхэн өрөөнд бид хоёр цахилгаан тогоонд хэдэн яс буцалгангаа ам хуураагүй л бадчиж байсан санагдана. Яг тэр л өдөр, шүлгүүдийг нь уншаад уулзах гэж очсон энэ хүн надад шүлгүүдээсээ илүү хүндлэлийг минь төрүүлж билээ. Нэг тийм гүжирмэг, аль эсвэл шархаа өөрөө долоон эдгээж хэвтээ чонотой ч зүйрлэж болмоор, тэр чоно хэзээ мөдгүй үүрнээсээ өндийж, нэг их хүчтэй шилгээгээд их ан авд гарах гэж байгаа юм шиг санагдсан даа. Тэр л цагаас хойш энэ хүн бид хоёр үргэлж "Дотно атлаа алс" явж өдий хүрлээ. Тэр л өдрийн мэдрэмжийг минь батлах мэт энэ хүн уран зохиолын төрөл төрлөөр бичиж яг л ан авд гарсан араатан мэт эз түрэмгий туурвисаар ирлээ. Даруй 6, 7 жилийн дараа мөнөөх л хайруу өвлөөр, бид хоёр халуун яриа өрнүүллээ.
Атганд том хөх төмөр зоос байна. Аль талаараа буухаас хамаарч ямар асуултаар та бид хоёрын ярилцлага эхлэх нь шийдэгдэх юм. Амьдрал энэ зоос шиг хоёрхон талтай зүйл биш ч гэлээ хүн амьдралыг хөндлөнгөөс ийм хөх зоос шиг хоёрхон талтай зүйл шийдэх нь олон байдаг буй за. Тийм тэс хөндлөнгийн шийдвэрүүдийг яахав“Хувь заяаны эрхээр” гээд нэрлэчихье. Энэ ярилцлагаа ч бас тэгээд нэрлэчихмээр санаа төрж байна. Эхний асуултаасаа нэр нь ургаж гарсан анхны ярилцлага маань болж байна шүү. Миний олж хардаг та бол яг л тийм “Хувь заяаны эрхээр” уран бүтээлч шиг хааяа бодогддог. Үсэг, бичиг сурсан тань, шүлэг бичих болсон тань, сургуулиас гарсан тань, холын Турк орныг зорьсон тань гээд л тиймээс энэ бүх хувь заяаг танд хайрласан ижийн тань тухай буюу өндөр Ханд гэж хүний тухай яриагаар энэхүү ярилцлаганыхаа амыг хагалъя.
Баярлалаа. Сайхан асуултаар эхэлж байна. Бүүр багадаа ээжийгээ дагаж хонинд их явдаг байлаа. Хонины бэлчээрт ээж унших юм дандаа авч явна. Би ааруул, боорцог өвөртлөөд, ээж ном, сонин, сэтгүүл өвөртлөөд л явна шүү дээ. “Ном уншиж байхад битгий ам хуурайгүй шулганаад бай” гэж намайг зэмлэнэ. Би өөрөө уншиж чадахгүй учраас “чанга дуугараад уншаад өгөөч” гэж гуйна. Ном гэж үнэхээр сайхан зүйл байдаг юм байна гэсэн бодол хар багад ингэж надад суусан. Ээж маань ном их уншихаас гадна тэр үеийн ихэнх хэвлэлийг захиална. Гэртээ ч зав л гарвал юм уншиж сууна. Дэрэн доор нь, гудасных нь завсарт, унинд гээд хаа сайгүй л ном, сонин, сэтгүүл. Энэ байдал надад маш их нөлөөлсөн. Ээжийгээ ном барих бүрд бараадаж суусаар байгаад нэг л мэдэхэд, хар аяндаа уншаад сурчихсан юм. Хүн ер нь дуртай зүйлээ маш амархан сурдаг шүү дээ. Гэхдээ ээж намайг зохиолч болно гэж огтхон ч бодож байгаагүй байх. Өөрийнх нь унших зорилго ч ойлгомжтой шүү дээ, мундаг байх, ухаантай байхын тулд биш. Номоос, уран зохиолоос ердөө л сайхан мэдрэмж авахын тулд. Ээж маань одоо хөгшрөөд уншихаа больсон байлгүй дээ гэж би боддог байсан юм, гэтэл тийм биш байна лээ. Ноднин байх аа, сумынхаа номын сангийн шилдэг уншигч болсон гэсэн. “Өндөр” гэдгийн тухайд бол бүр залуудаа авсан хоч нь. Одоо тэр нь авгайлга болчихсон, ойр тойрныхон нь “Өндөр эгч” гэж дууддаг юм. Манай ээж ер нь их санаа амар амьдарсан хүн. Хэнтэй ч, юутай ч, бүр амьдралтай ч тулж тэмцэлддэггүй, хүний дайтай явах, бусдын дээр гарах гээд мэрийж улайрах юм байхгүй. Нээрээ нэг явдал санаанд орчихлоо. Манай нэг номхон хар тайлаг хулгайд алдагдчихав аа. Жилийн дараа тэр тайлаг маань зэргэлдээ бригадын нэг айлын тэмээн дотор байгаа баттай сураг дуулдлаа. Би, мэдээж, хайртай тайлагаа очиж авчирна гэж дайраад, гэтэл ээж маань тас хориглож билээ. “Хэрэггүй ээ, хүү минь. Сүрхий хэл амтай, заль зайтай улс гэнэ лээ. Чи бид хоёр дийлэхгүй, тэр чигт нь өг” гэсэн юм. Манай ээж ийм л амгалан, хүлцэнгүй, ёстой л чиний дээрх үг шиг “хувь заяаны эрхээр” хүн дээ.
Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш гэж үг бий. Би энэ үгэнд хачин дургүй. Ээж хүн ухааныг ч бас төрүүлдэг гэж би хувьдаа боддог. Тэр бодлын маань зөвтгөл болсон хариулт байна шүү. Ээж тань ном сонин уншин өгч өсгөсөнөөрөө таны ухааныг ч мөн төрүүлжээ. Төрүүлсэн ижийн тухай ярихаар тосож авсан нутаг усны тухай яриа залгахаар өөр замгүй болж байна. Танай нутгаас монголын үгийн урлагийн олон хүмүүс төрөн гарсан байх шүү.
Манай нутгийнхан уулс шигээ хөх, эсвэл элс шигээ шар хүмүүс байдаг юм. За, энэ ч яахав, царай зүсний асуудал. Тэдний дотоод мөн чанарт илүү хайртай. Нутгийн маань сүмбэр их уулс, уулсийн дундуурх уужмын уужим говь хоолойдод алтайн хөх салхи гэж нэг айхтар юм бий. Салхины өнгө гэдэг бол харин мөн чанарын өнгө. Салхи сөрж үүрэндээ хүрэхээр нисэвч урагшилж чадахгүй, тэрүүхэндээ далбилзан дэвэх ёл шувууд, уулсын ян халилаас чаргуулдан цахрах цагаан үүлс, хонио салхин сөргөө дэгтээр арай чүү давуулж, араас нь өөрөө хад чулуу, харгана тэсэгнээс зууран барин мөлхөх хоньчин хүүхэд, жилийн дөрвөн улиралд чулуугаар даруулаастай гэрүүд, сайрын бут бараадаж туулайлсан цас, сахал шиг хэдэн бөгтөр өвс... Энэ бол манай нутгийн дүр төрх. Чиний асуусан асуултын учир энэ хөх салхинд байж мэднэ шүү. Манай нутгийнхны амьдрал гэдэг юуг ч атугай тасар татах шахсан энэ их салхиа даван туулах, даван туулах ч биш юм аа, дасан зохицохуйн төлөөх тэмцэл юм шүү дээ, ер нь бол. Хүмүүст нь бие, сэтгэл, оюуны хатыг нэгэн зэрэг суулгадаг зүйл чинь энэ салхи. Үгийн урчууд олонтой нь яалт ч үгүй үнэн. Бөх олноор төрдөг гэдэг шиг зохиолч олноор төрдөг онцлогтой нутаг.
Тагуб тосгон...
Бороогүй Тагуб тосгонд
Би үгүй, номын мухлаг үгүй
Зургадугаар сарын арван долооны “Өнөөдөр” сонинг
Долдугаар сарын хорин хоёронд цүнхэлж зогсоо
Шууданч эр, ялаархсан хашин морь
Хэдэн тагтаа буй.
Бороогүй Тагуб тосгоноос би
Бодол, мөрөөдөл, зүүдээ л үүрч гарсан.
Хаашаа ч зориогүй болохоор хаана ч ер очоогүй
Хайран Тагуб тосгоноо ч эргэж олоогүй.
2011 Х.Нямхишиг
Та эхний удаа энэ нутагт эхээс эсэнсэн бол уран бүтээлчийнхээ хувьд ахин мэндэлсэн газрыг тань би алс холын Турк орон Истанбул хот гэж би хувьдаа санадаг юм. Би Истанбулыг санах бүртээ Памукын “Хар судар” эсвэл таны шүлгийн нэргүй номыг өөрөө ч мэдэлгүй нээчихдэг. Одоо хоёулаа уншигчидадаа тийш зорих болсон шалтгаан, тэнд аж төрж буй монгол хүмүүсийн амьдралын тухай мөн мэдээж таны тус газар өнгөрүүлсэн хоёр жилийн сонин сайханг хуваалцъя.
Истанбул бол түүх, газарзүйн байршил, соёл, хэв маяг гэхчлэн аль ч талаас нь авч үзсэн тун сонирхолтой, гайхалтай хот. Яагаад ч юм, гэрэл зурагт хар цагаан өнгөөр, уран зурагт мөн тийм дүнсгэр бараан өнгөөр буусан нь илүү гоё, илүү зохимжтой санагддаг. Ямар хөгжим гоё сонсогдох нь хаана, хэзээ, ямар ахуйд сонсож байгаагаас ихээхэн шалтгаалдагийг би мэднэ. Түүнчлэн аль үндэстэн, аль нэг хотын амьдарлагын хэв маяг, ерөнхий дүр төрх, уур амьсгал нь яг түүндээ зохиж ууссан урлагийг би болгодог. Монголын их тал нутгийн уртын дуу ч үүнийг илтгэнэ. Сүүлийн үед хотжилтын маань нөлөө урлагийн бүхий л салбарт хэрхэн нэвчиж байгааг бид харж, мэдэрч байна. Үүн лүгээ адил турк соёл, турк маягийн урлагийн суурь дэвсгэр нь Истанбул хот. Миний хувьд байхуу цай ууж, эрхи имэрсэн гоонь голдуу турк эрчүүдийн дунд, за даа, ажилчин анги дотор нь л амьдарч байсан.
Үзэсгэлэнт Истанбулд...
Үс, тариа шиг ургадаг Истанбулд
Дорноос онгоц ирэх нь
Монголын эмтэрхий.
Дотроос нь буух зорчигчид
Монголын хэлтэрхий.
Давалгаа шиг омголон хүсэлт эрстэй Истанбул
Далайн эрэг шиг номхон эмстэй Истанбул
Хөлбөмбөгийн цуу, мөргөлийн дуутай Истанбул
Хөмсөг хийгээд нүдний үзүүлэн мэт Истанбул
Сайхан Истанбулд...
Сахал, тариа шиг ургадаг Истанбулд
Хэтэрхий их зүүдлэгднэм, эх орон минь
Хэрээ нь хүртэл үгүйлэгднэм, эх орон минь.
Хөөрхий эх орон минь эмтэрхий
Хөсөр одогч би вээрМонголын хэлтэрхий.
2013.05.03
Яруу найрагч Х.Нямхишиг
Нэргүй ном-оос
Ер нь Туркэд нийгмийн сэхээтэн хэсэг болоод ажилчин хэсгийн зааг ялгаа их тод анзаарагддаг. Нар сарны хооронд борви бохисхийх завгүй ажилладаг, түрээсийн байранд аж төрдөг хар ажлын хүмүүст нь тансаг байр худалдан авах ч юм уу, хүүхдээ их дээд сургууль төгсгөх тухай, манайханд бол жирийн санагдахаар тийм мөрөөдөл бараг байхгүй дээ. Би монгол хүн юм болохоор хэрэндээ шаралхуу, бардам. Дөнгөж очоод нэг оёдлын үйлдвэрт туслах ажил хийж эхлэв ээ. Орой бүр, ажил тарахын өмнө би цэвэрлэгээ хийнэ. Тэгж байхдаа "том зохиолчоор та нар 00-оо угаалгаж байна даа" гэж шаралхан боддог сон. Яахав, уран бүтээлч хүний хувьд бол ер нь бичих орчин солигдох, юм үзэж нүд тайлах гэдэг хамгийн чухал зүйл. Тэгээд амьдралын болоод сэтгэлгээний хэв маяг нь тэс өмнөө орчинд очно гэдэг дотоод зөрчлийг бий болгоно, зөрчил нь хувьсал өөрчлөлтийг өдөөнө. Ийм маягаар уран бүтээлчийнхээ хувьд өссөн, өөрчлөгдсөн зүйл бий байх. Эх орноо жаахан магтах гэхээр "тийм юм бол чи яагаад энд байгаа юм" гэж ам таглаад, тэсгэл алдуулах гээд байдаг, хэцүү шүү.
Тэр хот таны амьдралын маш том эргэлтийн цэг болсон та ирэнгуутаа яруу найргийн ном тэгээд “Алхах тоолонд элс нурнам” тэгээд мөн яруу найргийн “Хөр цэгцгий жиргэнэ” тэгээд хүүрнэл зохиолын ном одоо орчуулгын ном бэлэн болчихсон гэж сонссон. Эдгээр бүтээлүүдээрээ та юуг илэрхийлэхийг зорьсон бэ? Ер нь яруу найраг, уран зохиол гэж таны хувьд юу юм бэ?
Шүлгийн номууд болоод эсээний номондоо бол өөрийгөө л илэрхийлэхийг зорьсон. Гэхдээ би ийм, тийм гэсэн тайлбар илэрхиймжүүд биш шүү дээ. Өөрийн дотроос гаднах ертөнцөд хандсан мэгшээн, шивнээн, хашхираан, инээд, нулимс, шүүрс алдалтууд. Ер нь бол намайг илүү ухаж ойлгохыг, магадгүй энэ хөөрөлдөөнийг илүү дэлгэрүүлэхийг хүсэж буй хүмүүст бол би "Алхах тоолонд элс нурнам" номынхоо "Би - Дурсамж" хэмээх эсээг санал болгомоор байна. Харин сүүлд гарсан хүүрнэл зохиолынхоо номын өгүүллэгүүдэд хүний дотоод мөн чанрын олон шалтгаант зөрчлүүдийг илэрхийлэх сэн гэж хичээсэн. Соёл хэмээх асар том ай сав дотор урлаг, урлаг дотор уран зохиол багтдаг. Уран зохиол бол урлаг юм, урлагийн чухал нэгэн элемент юм гэдгийг ядаж ойлгочих хэрэгтэй шүү дээ. Аливаа урлагийн үндсэн зарчим, гол мөн чанар нь шинэлэг байх. Тэгж эс чадваас урлаг оршин тогтнохгүй. Уран зохиолын хамгийн эртний төрөл болох яруу найраг яагаад үнэ цэнтэй хэвээр оршсоор байна вэ? Учир нь, цаг ямагт шинэлэг байдагтаа юм. Хөгжил гэдэг бол ердөө л хувьсал өөрчлөлт. Өөр юу ч биш. Сайн сайхан бүхэн өнгөрсөнд үлдсэн гэж халаглаад, арагшаа хараад зогсчихсон хүмүүст би дургүй. Ирээдүйгээ, хойч үеэ харж, сонсож, мэдрэхийг огтхон ч хүсдэггүй тийм хүмүүс байдаг. Уламжлал гэдэг бол хөлд орсон, хэлд орсонтой адилхан, бидний сурсан зүйл. Тэр ор тас гээгдчихгүй. Санаа зоволтгүй. Тиймээс арагш биш, урагш харах нь л зөв. Урлаг бол шашин биш. Түүнд номлол байхгүй. Няцаагдах мөчөө хүлээж байгаа онол л бий. Ингээд ойлгочих хэрэгтэй, тэгээд ойлгоцоо урж тасдаад бичих хэрэгтэй. Уран зохиолд, тэр дундаа яруу найрагт тайлбарлагдашгүй нэгэн гол шугам байдаг, түүнд өөр өөрийнхөө аргаар дөхөх л ёстой болдог доо.
Та бэлтгэж байгаа орчуулгын номныхоо тухай хариулсангүй. Дан шорон оронд сууж асан яруу найрагчдын шилмэл шүлгүүд гэв үү дээ?
Туркийн нэрт яруу найрагчдын шоронд бичсэн шүлгийн цоморлог байгаа юм. Орчуулж дууссан, одоо BooBooks хэвлэлийн газраас эрхлэн гаргахаар зэхэж байна. Наазым Хикмэтээс Озан Дэниз хүртэлх хамгийн нэр нөлөө бүхий 15 яруу найрагчийн шилмэл шүлгүүд энд орсон. Ер нь Турк улс 21-р зуунд оюун санааны хөтчүүддээ тун ч халгаатай хандсан нь анзаарагддаг. Хэдий тийм ч утга зохиолд нь томоохон тэсрэлтүүд явагдсан. Яруу найргийнх нь тухайд хэлэхэд 1940 болон 50-иад онд хоёр том давалгаа үүссэн байдаг юм.
***
Алс хол гэдэг бол
Африк, Хятад, Энэтхэг ч биш,
аялан тэнүүчлэгчид,анивчих одод ч биш.
Холын хол гэдэг болбие биенээ ойлгодоггүй
хоёр тархины дундах зай юм.
Жан Юүжэл
Орч: Х.Нямхишиг
Эдгээрийг "нэгдүгээр шинэ үе", "хоёрдугаар шинэ үе" гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны дараах постмодернизмын идэвхжил турк уран зохиолд нэн хурдацтай нэвчсэн нь энэ юм. Үүний нөгөө талд Наазым Хикмэт тэргүүтэй, коммунист чиг баримжаатай суутнууд нь зогсож байдаг. Аль нь ч ялгаагүй хавчлага, хардлага," хар гэр"-ээр дамжсан байдаг юм. За, ер нь 2021 он миний хувьд орчуулгын жил болох төлөвтэй. Бэжан Матур гэж дэлхийн 40 шахам хэлнээ бүтээл нь түгсэн, Туркийн нэрт яруу найрагч эмэгтэй бий. Түүний шилмэл шүлгийн түүврийг монгол хэлнээ буулгах эрхийг зохиогчоос нь би авчихсан, орчуулаад эхэлчихлээ. Истанбул хотноо яг одоо ид бүтээн туурвиж суугаа энэ гайхалтай найрагчийн шүлгүүд өнөө цагийн дэлхийн яруу найргийн, тэр дундаа эмэгтэй яруу найрагчдын нэгэн тод төлөөлөл, содон илэрхийлэл болж чадна аа. Ойрын үеийн уран бүтээл маань нэг иймэрхүү л дүр зурагтай байна даа.
Сүүлд тантай уулзахад "Ах нь амьдралын гүнд бүү хэл, газрын гүнд явж байна" гэж хэлж байсан тань санаанаас гарахгүй байна. Говьдоо газрын гүндээ явна уу даа. Өвлийн говь дулаахан байна уу? Энд гэнэтхэн хавар ирчихсэн юм шиг уясуу өдрүүд үргэлжилж байна. Цас унаж байх даа хайлаад л. Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна даа. Таны нэг өдрөөр, энэ яриагаа жаргаая. Хүний амьдралын нэг өдөр уудам энэ дэлхийн ч нэг өдөр байдаг билээ.
Чи бид хоёрын алсын зайн ярилцлага миний зав чөлөөгүйгээс болсон уу, залхуу назгайгаас болсон уу, арай л удчихав уу даа. Энэ ярилцлагыг эхлэхэд Эрдэнэт хотноо гэртээ байлаа, одоо өмнийн говьд ажил дээрээ байна. Тас нясхийсэн жавраар ороолгож эхэлсэн говийн өвөл гэнэтхэн уясчихлаа. Говийн араншин ийм шүү дээ, цасны жаахан үнэр авахаараа тачигначихдаг юм. Тэгсхийгээд элс нь цасаа идэхээр аяндаа аярчихдаг. Ах нь яах вэ дээ, уурхайд, униар манан нь тоостой сүлэлдсэн зэгэл саарал өнгө, радио станцын шуугиан, хүнд тэрэгний нүргээнд бүр дасчихсан хүн. Өглөө 05:00 цагт босдог юм. За, тэгээд л аюулгүй ажиллагааны хэлэлцүүлэг (safety share), ажлын аюулын дүн шинжилгээ (JHA), үзлэг шалгалт, төлөвлөгөө, тайлан, дүрэм журам, мэдээ репорт, хурал, сургалт, эрсдэлийн үнэлгээ, тэсэлгээний хамгаалалт гээд л.., тэс өмнөө үгс дунд миний нэг өдөр өнгөрнө шүү дээ. Нэг гартаа халуун кофе, нөгөө гартаа асаалттай янжуур бариад тамхи татах цэгт зогсох минь өдөрт хэдэн ч удаа давтагддаг юм, бүү мэд. Ажлын цаг дуусангуут амралтын цагаасаа хугаслаж, амин хувийн юмсаа бичнэ. Завсар зайгаар нь ном уншина. Хар бор ажлын хүмүүс гэдэг сайхан шүү дээ. Тэдний задгай инээд, гүжирмэг харц, замбраагүй гэмээр яриа хөөрөөний цаана хамаг сайхан хүн чанар, мөн чанар явж байдаг. Энэ нь надад зохиол бичих сэдэл өгч, их хэрэг болдог. Эцэст нь хэлэхэд хөл хорионы үед чухам зохисон арга хэлбэрийг сонгож, ийм ярилцлага өрнүүлсэн чамд баярлалаа.