МӨ.БАТБАЯР: ӨӨРТӨӨ БИЧИХҮЙ-2
2021-01-25 Мө.Батбаяр 1514

Хүүхэд нас минь дуусахгүй юм шиг л гүйж явсан.

Одоо харин залуу нас минь өнгөрөхүй юм шиг л алхаж явна.

Харин дараа нь өтөл нас минь мөнхрөх юм шиг л гэлдэрч явах байх. Би ингэж амьдрал минь төгсөхгүй мэт амьдарч явах юм. Гэвч нэг үе шатаас нөгөө үе шат руу шилжиж орох доо би тэгээд юу бэлдсэн байх ёстой вэ?. Амьдрал гэдэг алсын аян шүү дээ. Холын аянд гарах гэж байгаа хүн шиг зэхэж базаах юм юусан билээ. Манай нутгийн эрчүүд алс явахдаа хурдан морь, хурц хутга, бэлтгэдэг. Гэтэл аяндаа нэгэнт гарчихсан атал надад гарын дор зэхээтэй ганц ч юм алга. Амьдрал бол үхэлд бэлтгэх гэдэг үхлийн өмнө гэвч би юугаа барьж зогсох билээ.

Манай нутгийн хөгшчүүд тэнгэрийн оронд одохдоо бүх зүйлээ жин тан болгоод явдаг. Тэр бүү хэл тийшээ явах өдрөө яв цав мэдэж үр хүүхдүүддээ бүхнээ захиж нөгөөдрөөс хэтрэхгүй бурханы оронд морилохоо хэлээд биеэ бэлтгэж, унд хоолоо хязгаарлаж, гэдэс дотроо цэвэрлэж, хувцасаа хөнгөлүүлж өмсөөд, энэ мөнгөн хазаарыг ууган ачдаа, тэр монгол эмээлийг өнөөх ууган зээ дээ гэхчилэн өмч хөрөнгөө хувааж өгөөд заа ингээд амьдрал мөнх биш хойно доо миний зоогийн сав зогсоолдоо хүрчээ. Хадан гэртээ очих өдөр иржээ гэж хээв нэг хэлж суудаг сан. Хазаар эмээл гэхээр та бүхэн юун хачин юм өвлүүлдэг юм гэж бодож байж магадгүй. Хазаараа эмээлээ өгч байвал адуун сүргээ адуулах хүн нь чи шүү, адуунаасаа л битгий холдоорой гэсэн санаа байх гэж би санадаг. 

Миний өвөө лавдаг өөд болдог сарынхаа тэтгэвэрийг аваад бүх ач зээ нартаа хуруу эсгэм улаан галзан хорин мянгатын дэвсгэрт хоёр хоёрыг тараагаад одоо энэ тэтгэвэрийг шингээх зай хөгшин аавд нь үлдсэнгүй дээ гэж байж билээ. Нээрэн л тэр сардаа морилж одсон доо. Надад бол сүйдтэй зүйл захиагүй эр хүн дуу сайхан дуулчихдаг, унаж яваа унаагаа сайхан эдэлдэг, яс цэвэрхэн мөлждөг байх хэрэгтэй шүү л гэсэн. Одоо бодохнээ сайхан дуу аялаж явахад дотор сэтгэл уужирч тогтноод, хөлөглөж яваа хүлэгтээ хайр гамтай байхад хаана ч нохой явган хоцрохгүй, олдсон хоол ундаа хүндэтгэн барьж явахад амны хишиг харихгүй шүү гэсэн амьдралын чухаг гурван эрдмийг л надад хэлж байжээ гэж бодож сууна. Сэтгэл амгалан, идэх хоолтой, хээр явгалаад хаячихгүй унаатай байхад хүн санасандаа хүрэхээ нэг хүрнэ дээ. Энэ дундаас өвөө гурав дахь үгийг бараг орой бүрийн хоолон дээр хэлдэг байж билээ. Нэг барьсан мөчөө цэмцийтэл сайхан мөлжөөд тавьж бай адаглаад энэ идээг  чамд барьсан хүний сэтгэлд хүртэл өег байдаг юм гэдэг сэн. Тухайн үедээ залхмаар санагддаг байсан даа.

Би энэ мэт зүйл эргэцүүлээд л сууж байна. Цас орох гээд болих гээд тэнгэр хуйраганах аяаггүй өдөр өвөөгөө бодох сайхан байдаг юм, сэтгэл тогтноод.   Өвөө минь миний төрсөн өдрөөс хэдхээн хоногийн зайтай бурхан болсон болохоор би төрсөн өдөр гэж сүйд майд болдоггүй, угаасаа ч дадаагүй юм. Хийд орж ээж, аав, өвөөдөө ном захиалж уншуулж, тэднийхээ буяныг санаж жаахан залбирснаар ерөнхийдөө болчихдог. Би хааяа ахиж энэ яваа насандаа уулзахааргүй болсон хүмүүсийнхээ тухай бодох бүртээ хамгийн сүүлд бид хоёр юу ярилцлаа гэсэн хачин бодол орж ирдэг. Яагаад ч юм тэр хүнтэй сольсон хамгийн сүүлчийн үгсээ эргэж санахыг оролдоод байдаг хачин зуршилтай. Санахаасаа санахгүйн арвин. Санахгүй бол сүйдтэй юм яриагүй л гэсэн үг гэж тайтгардаг . Өвөө маань 11 сард өөд болсон. 8 сарын сүүлчээр би сургуульдаа буцах болчихоод унаа хөдлөхийг хүлээж байсан тэр өдөр өвөө хашааны зүүн урдтайх түлээн дээр суугаад байна. Гэрт хот явах олон хүмүүс шуугилдаж байсан болохоор зориуд тэгэж захалсан байх, надад л юм хэлэх гээд байна гэсэн бодол тэрхэн зуур зурсхийсэн юм. Тэгээд би яваад очлоо өвөө чимээгүй л суугаад байна. Нүд нь нулимс цийлэгнэчихсэн ч юм шиг харагдаж байж билээ.

-Унаа чинь хөдлөх болж байна уу? 

-Болоогүй л байх шиг байна. Та орохгүй яагаав халуун наранд суугаад. Өвөө чимээгүй. Тэгээд байж байгаад л 

-Унаа нь хөдлөх болж байгаа юм биш биз. Юмаа мартав гээд л тэгэх юм. Өөр бид хоёр онц сонин юу ч ярьсангүй намайг нэг тийм яана даа энэ нэг амьтан гэж өрөвдсөн харцаар л хараад байх юм. Намайг өөдөөс нь харахаар харцаа буруулаад л юм хэлэх гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Надад юм хэлэх гээгүй л байсан юм байна гэсэн гомдолтой бодол тэрхэн зуур төрлөө. Нээрэн л юу ч хэлээгүй 

-за өвөө би явлаа гэсэн 

-за л гэсэн тэгээд тэндээ суугаад үлдсэн дээ.  Ахиж уулзаагүй. Өнгөрсөн өдөр нь цас орох ч шиг үгүй ч шиг ийм хачин өдөр байсан. Би очиж амжаагүй.  Ингээд л болоо ийм л юм болсон. Амьдрал ерөнхийдөө л нэг иймэрхүү амьдарч яваад л буцаад өгдөг зүйл байдаг юм байна даа гэсэн ухаарал надад үлдсэн. Харин тэр төгсгөл дээр юу бэлтгэж очих вэ гэдэг л одоо миний бодох зүйл болжээ. ТИЙМ ЭЭ, АМЬДРАЛ БОЛ ҮХЭЛД БЭЛТГЭХ БИЛЭЭ. 

Түр хүлээнэ үү...
Top