ШИНЭ ЦАСНЫ УЛИРАЛД АЛХАЖ ЯВАА ХҮН БУЮУ ЯРУУ НАЙРАГЧ ГОМБОСҮРЭНГИЙН БЯМБАА
2020-12-22 Мө.Батбаяр 2043

Таныг уран зохиолын хүрээний хүмүүс “Ямаачин” Бямбаа гэхээр “Аан” гээд байдаг. Та яаж яваад ийм нэр авчихсан юм бэ?

- 90-ээд оны эхээр “Цэнхэр үдийн эгшиглэн” нэртэй шүлгийн анхныхаа номыг Аймгийн “Хөдөлмөр” сонины газарт хэвлүүлсэн юм. Номыг ариутган шүүсэн зохиолч Дарьхүүгийн Баатаржав өмнөх үгэндээ “Яруу найрагч ямаачин хөвгүүн” гэж тодотгож билээ. Манайх Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Баянгол багт 600 гаруй сэрх маллаж байлаа. Шийр нь шажигнаад л, эвэр нь сэрвэлзээд намрын ногоон түнгэ рүү оволзон ороод явж өгнө шүү дээ. Тэгээд л найрагч нөхөд минь намайг “Ямаачин” хэмээн нэрлэчихсэн юм.

 90-ээд онд Ховдын багшийн дээд, Ховд аймгийн төв Улаан Жаргалантын “Хасбуу гудамж” гэдэг чинь чулуу аваад шидвэл яруу найрагчийн толгой онохоор шахуу Баруун Монголын олон авьяаслаг зохиолч, яруу найрагч Баянсан, Уянсүх гээд л ид төрөн гарч байсан үе гэж санадаг. Тэр үеэс та юу дурсах бол?

1988 онд цэргээс халагдаж ирээд тэр зунжингаа баахан шүлэг бичсэн. Намар нь аймгийн төв явж ороод С.Гантөмөр багштайгаа цуг Багшийн дээд сургуульд багшилж байсан утга зохиол судлаач Д.Галбаатартай уулзаж, бичсэн шүлгүүдээ үзүүлэн зөвлөгөө авч байлаа.

Галаа багш: - За чи ямарч байсан шүлгээ орхиж болохгүй бичээд бай гэж урам хайрлаж билээ. Тэр үеэс аймгийн утга зохиолын нэгдлийн гишүүн А.Жаргалсайхан, Д.Жүгдэрбарам, С.Бүрнээ, Х.Эрдэнэбаатар, Б.Болд, С.Наранхүү, Н.Баасанжав, Г.Төрмөнх, Б.Баяраа, Б.Оюунхүү, У.Батболд, Ж.Төмөрчулуун, С.Батчулуун нартай танилцан нөхөрлөж, Хөгжимт драмын театрын найруулагч Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Д.Гомбосүрэн багшийн дугуйланд хөдөөнөөс Ховд орж ирэхдээ сууна. Тэдний шүлэг, зохиолыг сонсоно. Багшийн дээд сургуулийн оюутан Г.Бадамсамбуу, Т.Баянсан, Д.Цогбадрах, Б.Лхагвасүрэн, П.Хишигбаяр, багш Д.Мөнхтөр, багш судлаач С.Энхбаяр, доктор Лха. Туяабаатар, багш А.Батсуурь, Д.Ганболд, Н.Энхтөр нартай дотносож, хожим бас л оюутан Д.Өрнөхдэлгэр, Дагьмэд нартай ах дүүс болцгоосон.

Оюутан охин Басангийн Лхагвасүрэнгийн шүлэг, Н.Цолмонгийн аялгуу “Салж эгээрэх хорвоо” дуу тухайн үед Монголын радиогийн “Цагаан лавай” дууны наадамд дэд байр эзэлж байсан юм. Мөн Увсын Уянсүх, Баянсан тэргүүтэй залуу уран бүтээлчдийн “Зүс бүгэг андууд” ном гарч ид шуугиж байсан цаг.

М.Уянсүх Увсаас Ховдод шилжин суурьшиж, Аймгийн сонины сурвалжлагчаар ажиллаж байж. Миний хэдэн шүлгүүдийг сониндоо тавьж, хожим нь уулзахдаа аль хэзээний найзууд юм шиг л нөхөрлөж билээ. М.Уянсүхийн бичсэн “Намрын цэцэрлэгт гурвуул уусан нэгэн лонх дарсны тухай” шүлэг бий.

            ... Үнэн бишрэлт хөдөөх хөвгүүн

            Үзэг чахрах шиг аниргүйд автнам

            Үүр шөнийн намиранга хөшгийг

            Үлгэрийн гүнж өвөр сөхнөм

            ... Сэрүүн цэцэрлэгт Эрдэнэт анд минь

            Сэвэгнэх шаргал чимээнээс уйдахуй

            Холдохын цагт үгүйлэн гансрах

            Ховдын намрыг хэн нь ч мартахгүй

гээд л бидний залуу насны нөхөрлөл дэндүү сайхан байж дээ.

Баянсан бид хоёр Багшийн дээдийн үүдэн дээр болзож, янзага Болдынх /Бөхчулууны Болд/ руу нэг шил юм өвөртлөн явах замдаа Ховдын атмаануудтай таарч, нөгөө ганц шил юмаа булаалгачихаа дөхөж билээ. Манай Болдын захчин ээжийн тухай “Домбо” гэж алдартай шүлэг бий. Т.Баянсангийн бичсэн тэрслүү дөрвөн мөр шүлгийг Болдоо маань ажлын газрынхаа хананд өлгөж, асуудалд орох дөхөж байлаа.

            2000 оны Аймгийн Иргэдийн хурлын сонгуулиар Хөөдөөгийн Эрдэнэбаатар маань Дуут сумандаа нэр дэвшлээ. Намайг машинтайгаа явж, тус болооч, чамтай явбал ялалт байгуулж чадна гээд сэнхрүүлж байна. Радиогийн М.Баттөмөр бид гурав замд гарлаа. Баттөмөр ах халмаг болоод тэрүү жолооны хүрд булаацалдаад болдоггүй. Эргэж буцан Баттөмөр найрагчийг гэрт нь буулгаж орхиод, замдаа шуударч давхисаар орой бүрийгээр сумын төвд ирэв.

            Улаан хүрэн дээлтэй Батаа дарга, мөн л улаан хүрэн дээлтэй Батнасан зоотехникч тэргүүтэй урианхай түмний төлөөлөл тосон авав. Манай Эрка цагаан шаргал дээл дээр цагаан цэмбэн шлафан малгай тавьж, орос хром чихруулчихсан, царай зүс өнгөтэй, цэцэн цэлмэг үгтэй гэж жигтэйхэн.

            Маргааш нь сонгуулийн сурталилгаа эхэлж, нөгөө талын өрсөлдөгч Дуутын Засаг дарга Таванцэрэг гэж шаггүй эр ирж уулзаад:

-          За миний дүү, энэ сонгуулиар ах нь ялах нь тодорхой. Айраг цагаагаа уугаад, тарвага туулайныхаа мах зооглоод, нэг их зардал гаргалгүй сайхан амарч байгаад буц гэж байна.

Хөөдөө маань цөстэй омголон эр болохоор:

-          Таван цэрэг байтугай, тавин цэргийг ч ялна, хоёулаа яс үзье гэж байна.

Тэгээд л тал тал тийшээ манарган гарав шүү. Сонгуулийн сурталчилгааны цөөхөн хоног дуусч, бид хоёр 69 машиныхаа хонины хонхор дүүрэн цагаан идээ, бас бус тарваганы махтай буцаж ирэв. Орой нь би хөдөө явахаар яарч байсан боловч гэргий Туяагийнх нь цайг оочиж, сонгуулийн урьдчилсэн дүнг сонсон магнай тэнийгээд буцаж билээ.

Хөөдөөгийн Эрдэнэбаатар:

Дарга цэрэг нь төрийн хуулиар дарамтална

Дассан амраг нь гэрийн хуулиар дарамтална

Мансууруулах дарс нь согтоож дарамтална

Маргааш өглөө нь шартааж дарамтална

... Ай мөн дарамтын хорвоо

гээд шууд л хэлж орхидог сон. Авьяасаараа аагилж явсан суут найрагч юм.

           

90-ээд оны ховд хот чинь яруу найргийн хот байсан байна шүү дээ. Би бодохдоо Д.Галбаатар багштан Ховд их сургуульд багшилж байгаад хойшоо Горький явах болоод утга зохиол судлаач С.Энхбаяр багш орлож очсон гэж боддог байсан. Нэг дор, нэг газар бас хэсэг байсан байх нь ээ.

Д.Мөнхтөр гэж одоо энэ МУИС-ийн багш, яруу найрагч, орчуулагч “турк” Төрөө ахыг хэлж байна уу? Ховдоос бас ажил амьдарлын гараагаа эхэлсэн хэрэг үү?

Тийм ээ,  тэр үед хөгжмийн зохиолч Цолмон ахын “Салж эгээрэх хорвоо” дууг хүн бүрийн л сэтгэлийн утсыг донхийлгэж байв даа. Тухайн үед Цолмон ах “Жангар” гээд нэг хамтлаг байгуулчихсан байсан юм аа даа. Тэр чухам ямар учир, жанцантай хамтлаг байсан хэрэг вэ? Тэгээд хөөрхий ижий нь бурхны оронд одоод ижийдээ зориулж дуу хийх гээд л яруу найраг, яруу найрагч хайж яваад Ховдын багшийн дээдийн оюутан Б.Лхагвасүрэн эгчтэй таарсан гэдэг байх аа.

Зохиолч, яруу найрагч Т.Баянсан таны аль номны өмнөтгөлд бичсэн байдаг санагдана. Ямаачин хөдөөнөөс Ховдод орж ирээд л хэзээ ч сам орлохооргүй сарвайсан мойног хуруугаараа халимагаа самнахчаа аядаад л гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг нь яг л тэр үеийн нэгдэлийн ямаачин таны төрхийг буулгасан санагддаг юм.

           

  Балсангийн Лхагвасүрэнгийн " Алс ариусахуй" Дашзэвгийн Мөнхтөрийн " Цаг- мөрний эрэгт" гэдэг хоёр талаас нь эргүүлж уншдаг нэгэн багц ном аймгийн " Хөдөлмөр" сонины газар хэвлэгдэн гарч өмнөтгөл дээр нь судлаач С. Энхбаяр ... Нэгэн цагт бид залуу явлаа. Хэмээн бичсэн үг одоо ч бидний дунд хэлэгддэг билээ. С. Энхбаяр. Д. Мөнхтөр хоёр залуухан багш ховдод хувиарлагдан ирээд дараа жил нь Галаа багш ховдоос шууд М. Горькийн сургуульд явж байсан цаг. 90 ээд оны үед Жангар гэж эстрад хөгжмийн хүчтэй хамтлаг байсан. Хөгжмийн зохиолч Н. Цолмон ээжийнхээ дурсгалд зориулж дууны үг хайгаад багшийн дээд сургуулийн 3- р курсийн оюутан Балсангий Лхагвасүрэнтэй уулзаж шууд л хоёр бадаг үг бичүүлж аваад явахдаа "оройхон ирж дуугаа сонсоорой ах аялгууг нь хийчихээд хүлээж байя" гээд, орой нь очиход Дуучин Ганчимэг дуулж, Цомон маань хөгжмөө тоглож... Тэгж л бүтсэн дуу гэдэг. Тэр жилдээ морин хуур наадмын дэд байр эзэлж, нэлээд олон жил радиогийн Цагаан лавай дууны наадамд тэргүүлсэн шилдэг бүтээл юм. Балсангий Лхагвасүрэнгийн " Сар анх мадсан нутаг" гэх мэт нэлээд олон шүлэгт Н. Цолмон ая хийж Жангар хамтлагт дуулагддаг байсан гэдэг шүү.

Т. Баянсан маань сүүлд миний "Гоо сийлбэр бадгууд" номыг шүүж, өмнөх үг бичихдээ "Сарлагийн савга шиг ширэлдсэн хар үсээ хааяадаа гуравхан хуруугаараа самнаж яагаад ч сам хийж боломгүй тэр молцог том хуруунууд нь шүлэг бичих биш төмөр нүдэж суувал илүү зохилтой байх гэж халти бодогдом... " хэмээн миний хөдөөх байдлыг минь дурсаж бичсэн нь бий.

Ц.Цолмон, Б. Хүрэлбаатар хоёр бол яах аргагүй баруун хязгаараас дуурьсаж буй эгшигийн хос утас гэж санагддаг. Энэ хоёр чинь Ховд аймгийн зэрэг сумын хөгжмийн багшийн шавь гэдэг байхаа. Ийм хоёр шавь төрүүлдэг мөн чиг сайхан багш байж дээ. Маргах аргагүй сайхан авьяастанууд даа. Одоо харин залгаж гарч буй хөгжмийн зохиолчид анзаарагдахгүй юм. Хөгжмийн тийм багш байхгүй болсонтой шууд холбоотой гэж бодож байна.

Одоо хоёулаа таны уран бүтээлийн талаар яриа дэлгэе. “Цэнхэр үдшийн эгшиглэн” -г тань л хамгийн сүүлд уншсан юм байна. Таны хэд дэх бүтээл билээ. Харин дууны уран бүтээлүүд нилээн хийгээд байх шиг. Үе үе сайхан сайхан дууг тань сонсож сэтгэл дэвэлзэх юм.

 

 

Цэнхэр үдийн эгшиглэн" бол 1991 онд хэвлүүлсэн миний анхны ном. Дараа нь 2003 онд "Шинэ цасны улирал". 2009 онд "Гоо сийлбэр бадгууд" , 2013 онд "Тэнгэр аясах цаг" номуудаа гаргасан. Н. Цолмон , Б. Хүрэлбаатар хоёртойгоо нэлээдгүй дуу бүтээсэн. Цолмонтой " Нэг ангийхан" " Сэтгэлд уяатай нутаг" " Өр сэтгэлийн дуулал" , Хүрэлбаатартай " Таных шүү ээжээ" "Богд рашаан" гэх мэт дуунууд бүтээжээ. Энэ хоёр маань үнэхээр нэг сумаас төрөн гарсан нэг үеийн шилдгүүд юм. Цолмон алдарт хөгжмийн зохиолч Хаймчигийн Баатарын дүү Х. Мөнхнасан багшийн шавь. Хүрэлбаатар төрсөн ах дүү хоёр хөгжмийн багш Д. Батжаргал, Д. Наранбат нарын шавь гэдэг. 2010 онд ШУӨЗО- ны Бор тал аймгийн Рашаан сумын урилгаар Хүрэлбаатар бид хэд очиж Цахарчууд Шинжаан- Уйгарын нутагт нүүдэллэн ирсэний 250 жилийн ойд зориулсан дууны уран бүтээлийн захиалгыг гүйцэлдүүлж, цоо шинэ бүтээлтэй буцаж байлаа. Богд рашаан дууг маань Өвөр монголын алдарт дуучин Бүрэнбаяр дуулж дүрсжүүлсэн байдаг. Мөн театрын найрал дууны багш Х. Эрхэмбаяр, СУИС- ийн багш Г. Отгонбаяр, Зэрэг сумын клубын эрхлэгч Д. Зоригтбал, залуу уран бүтээлч Н. Дашхүү, Н. Отгонбаяр нартай хамтран ажиллаж шинэ бүтээл хийж байгаа. Утга зохиол, урлагийн салбарт манай аймгаас сайхан бүтээлүүдтэй шинэ шинэ залуус төрөн гарч байгаатай маргах юун байх вэ.

 

Пөөх таны анхны ном 1991 онд гарч байсан хэрэг үү? Цаг хэцүү, цаас мөнгө шиг байсан үед хэрхэн анхны номоо өлгийдөн авч байв. Өвөр Монголын алдарт дуучин Бүрэнбаяр хэдхэн жилийн өмнө таалал болсон та амжаад нэгэн дуу бүтээгээд авсан нь бас их хувь юм даа.

Ховд аймгийн Хөдөлмөр сонины газарт: Утга зохиолын нэгдлийн гишүүн, залуу шүлэгч Гомбосүрэнгийн Бямбаагийн "Цэнхэр үдийн эгшиглэн " шүлгийн номыг 2000 ширхэг хэвлэж өгөхийг хүсье. Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Д. Гомбосүрэн гэсэн бичиг аваад сонины газраар очлоо. 1989 онд сонины шилдэг бичлэгийн шагнал авчихсан, бас ч гэж ганц нэг хүнийг танимхаарна. Тухайн үед Аймгийн төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан Д. Жүгдэрбарам ах л бүх асуудлыг зохицуулж дэмжсэн юм. Линтив гэдэг машинаар Б. Банчинхүү гэж нутгийн хүү үсэг өрж, театрын зураач Ж. Ганбатын зургаар цайр зурагчин Н. Сүрэнжав номын хавтасыг хэвлэн, сонины 1- р зэргийн бор цаасан дээр үйлдвэрлэн гаргаж билээ. Энэ чухам одоо санахад мартагдахгүй гэгээн дурсамж юм аа. Үеийнхэн дундаа анхны ном гэдгээрээ онцлог байсан болов уу. Өвөр монголын алдарт дуучин Бүрэнбаярын "Чандмань эрдэнэ" дуугийг нь сонсож явснаас биш дууг минь дуулна чинээ санаагүй, хувь төөрөг л байх даа. Хүрэлбаатар анд минь намайг дагуулан тэр сайхан нутагт аваачиж аялгуу зохиож, Рашаан нутгийн хүү, Бээжингийн радиогийн найруулагч Далай маань бүх зүйлийг хийж гүйцэтгэсэн бидний хамтын бүтээл юм.

 

С.Өрнөхдэлгэрт

 

Намрын түнгэ нугалж морио уяалгүй төсөөрч

Настай болсон ижий дээ очилгүй удлаа

Нандин багын минь үед жаргалтай санагддаг нутаг минь

Нас нэмэхийн хооронд улам улам алсарна.

 

Эрт үүрээр морьтой хүн давхиад

Эмээл дээрээ ташуулдан ташуураа барих нь янзтай

Эмзэг багын минь охины нандин гарыг

Үнээн зэлэн дээр одоо нэг харахсан

 

Азаргатай адуу хөдөө тийшээ цувж одно

Ай даа, хэнийх нь буяныг таниж ядна

Таниж ядах юм их болоход

Таавар оньсого мэд улам гайхширнам.

 

Сөл тасраагүй өвсний анхилд нар тушаад

Сөөвгөр жаахан хүүгийн даахь алтарна

Гэм нүгэлгүй энэ жаахан үр шиг

Гэгээн хөдөө минь сэтгэлийг ариусгана.

 

МОРИН ЖИЛ БИЧСЭН ШҮЛЭГ

 

Аавтай байлаа

Арга ухааныг сургадаг аавтай байлаа

Ариг хайртай биднийгээ орхиод

Анир гүмхэн будангийн дор нуугдав уу?

 

Адуутай байлаа

Алсын уулс ойрхон санагддаг адуутай байлаа.

Хахир өвлийн зудыг даасангүй

Халиах нүдний зэрэглээ болж одов уу?

 

Хошуу цагаан Алтайтай байлаа

Хошуу цагаан Алтайдаа аав минь мөнх нойрсжээ.

Хорол тоонотйо гэрт нь ижий минь ганцаар үлдэхэд

Ховор нандин тэр цаг ахиад ирэхгүй болжээ.

 

Манхан голцуу үхэртэй байлаа

Манайх гэдэг айл өнөр өтгөн явлаа

Мандах наран доогуур тоосорч харагддаг

Маш дэлгэр зуны сарууд зүүдэнд үлджээ.

Үндэстэй мод урган цэцэглэх үес

Үр хүүхдүүд тань үүнтэй л адил аа

Үргэлжийн он жилүүд оньсого таавар боловч

Үзэгдээд өнгөрөх амьдралд бид чинь хайртай шүү.

 

Ийм нэг хүн холын цэнхэр хязгаарт аниргүйхэн аж төрсөөр. Тэр бол миний энэ хорвоод хүн болж ирээд сураг сонссон анхны яруу найрагч. Дөрөв тавтай л байсан юм уу даа. Томчууд "ямаачин Бямбаа, яруу найрагч Бямбаа" гэж хүүнэлдэхийг сонссон. Ямаачин гэдгийг нь ойлгосон ч яруу найрагч гэдэг нь чухам юуг хэлж байгааг ойлгоогүй. Гэвч энэ хүний ачаар “яруу найраг” “яруу найрагч” гэдэг үг миний ой санамжинд их эрт буусан гэж боддог. Тэр одоо ч шүлгээр бичсээр...

 ЯРИЛЦСАН: МӨ. БАТБАЯР 

Түр хүлээнэ үү...
Top