Тэр манай саахалт, олоон борчуултай ганц бие эмэгтэйн хүүхэд. Тэр анхнаасаа л сургуульд суугаагүй шиг түүнд угаасаа л аав байгаагүй юм. Ээж нь гурван эгч, бага эрэгтэй дүүг нь мөн том охиныхоо хоёр хүүг сургуульд оруулсан ч түүнийг аваад үлдчихсэн юм. Өнөөдүүл нь ч гавьтай сурч базаасан ч үгүй дунд сургууль төгсөөд бүгд буцаад мал дээр гарсансан. Хүмүүс “эднийхээс номын дуу сонсгох хүүхэд уг нь энэ л байсан юм” гэж халаглах, буруутгахын завсар ярианы хачир болгоно. Гэхдээ миний бичих гэж байгаа зүйл түүнийг сургуульд явах хүүхэд мөн байсан эсэх бус билээ. Хэн ч байг хэн нэгэн хүний туулж яваа “хувьхан заяаных нь харгуйг” хазгай муруй, хад чулуутай гэж шүүх нь тэр замыг туулж яваа эзэнд нь байхаас өөр хэн нэг хүнд байж боломгүй санагддагаас тэр юм. Тэднийхтэй холбоотой хамгийн эртний бөгөөд хамгийн тод үлдсэн дурсамжаар энэ бичвэрээ үргэлжлүүлье. Хаврын урт шар хүн айлчилж, ховор хариг цагийн хүтүү ааль хүн малгүй л бөгсөө тахлан амь зуух тавиланд унагадаг учрал хавар бүхэн л манай нутагт ёс юм шиг ирэхэд газар гишгэх малгүй, ганхийх нохойгүй нь бүү хэл, гаднаа малтай, гэртээ галтай нь хүртэл тэр ёсыг “тосож тогтоодог” билээ. Хүүхэд насны ой ухаанд цохиж сийлсэн юм шиг үлдсэн томруун тэр дурсамж тийм л нэг ховор хавар цагийнх билээ. Тэр хаврыг нутгийн улс “Зуд жилийн хавар” хэмээдэг. Зун нь дэлгүү улаан ган болж, намар, өвлийн нутаг өгөх газар хэн хүнд олдоогүйгээс анхны цас унахтай зэрэгцээд эхний мал өеөдөж “яаж ногоо үзнэ дээ” гэх түгшүүрт үг малчин хүн бүрийн амны уялга болсон байв даа. Өөрөө шургаж ойчсон ч өеөдөж унасан үхэр малаа өргөж тэнхрүүлэхийг урьтал болгосоор манай нутгийнхан холбоод саах хэдэн ямаатайгаа үлдсээн үлдсэн, хаврын ногоог үзсээн үзсэн. Гэвч энэ ч бас миний бичье гэж бодсон зүйл биш билээ. Би нөгөө л тод үлдсэн дурсамж гээд байгаа юмаа ярих гэсээр өдий хүрчихлээ. Амьдрангаа үхэж, үхэнгээ амьдардаг шиг бичих зүйлээ бичих гэж бичихгүй олон зүйлийг ч бас бичих юм даа. Одоо харин олон юм онхолдолгүй нөгөө тод дурсамжаа эхэлье. Зуд жилийн тэр хавар орой болгон шахуу найзын маань ээж аль нэг хүүгээ дагуулаад цаашаа явж байгаа юм шиг торойсоор торойсоор, өнгөрөөд явах гэж байгаа юм шиг тойрсоор тойрсоор, тэгснээ даялсаар даялсаар манайд хүрээд ирнэ. Тэгээд юухан хээхэн, энэхэн тэрхнийг аав, ээжтэй амны зугаа болгоно. Ихэнхдээ л ямархан нэг ажил, хэрэг явдал бодож олоод ирдэг байжээ, хөөрхий. Энэ үе нь яг манай оройн хоолоо хийж байгаа цагийг дайруулна. Маргааш нь бас ирнэ. Нөгөөдөр, түүний цаад өдөр нь ч ирнэ. Ирэхдээ дагуулж ирдэг хүүхдүүд нь солигдоно. Хөдөөгийн хүүхэд бид чинь өнжилгүй л махасна. Манайх аль болох элээдхэн чанахыг бодно. Аав, ээж хоёр “Ядарсан улс л хүнд тусалдаг юм шүү. Гэхдээ өөрөө хүнд тус хүргэж байж хүний тус авч бай” гэж үйл, үгийнхээ завсар хэлж өсгөсөн нь энэ айлтай холбоотой юмдаг уу даа гэж одоо бодогддог юм. Бас нэгэн дурсамж. Бас л нэг хавар, цас ханзраад тарлантаж байсан цаг. Нэг өдөр ээж боорцог хайраад дүү бид хоёрыг хиншүү дуустал гадна тоглож бай гэдэг юм байна. Гэр хашаагаа эргээд тоглосон ер шинэ содон зугаа гаргачих, цаг нөхцөөчих юм олдсонгүй. Бид хоёр тэгж байгаад хачин гоё юм сэдэж оллоо. Нидэр дээрээ би сэдэж дүүгээ уруу татсан хэрэг л дээ. -Хоёулаа энэ хавийн хамгийн гүнзгий цасыг олж нээе? -Тэгье. Тэгээд бид хоёр агуу гайхамшигт тэр нээлтийнхээ зүг гавшгайлж тэр хавийн түнгэ дэрсний нөмөрт хөрлөсөн цас болгоныг очиж хэмжиж гарлаа. Өвдгөөр татсан ч байлаа, салтаанд тулсан ч байлаа. Хэмжээд л байлаа, хэмжээд л байлаа. Аль түнгэний цас хамгийн дээгүүр татахыг гэвч олоогүй л яваад байлаа. Тэгж байтал гэнэтхэн гэрийн үүднээс ээж "хөөе нааш ирцгээ" гээд л даллаж байна шүү. Гүйгээд орлоо. Нөгөө айлын эгч ирчихсэн сууж байна. Хэзээ ч хүрээд ирсэн юм бүү мэд. Би цас хэмжээд хамаг ухаанаа тийш цутгачихсан байсан хүн яаж мэдэхэв. Ээж: -Наад гутал хувцсаа хар л гэж байна. Харлаа. Жаахан норчихсон юм уу даа, зүгээр л байх шиг. Тэгтэл ээж ч хангинаж гарлаа. Хамаг хатуу нь том толгойлж дүүг уруу татсан над дээр л бууна биз дээ. Тэр үед дүү бид хоёр ижийн оёж өгсөн цагаан улттай байсан байх. Гутлыг нь тайлаад хөөгөөд гаргах яриа руу л ороод явчихлаа. Хэрэг бүр бишдэж байгааг ойлгомогц “хэн ээжид хошуу хүргэчихэв” гэх бодол зурсхийхтэй зэрэгцээд “энэ эгчээс өөр хэн...” гэсэн бодол орж нүдний үзүүрт айлын эгч нүдэнд орсон хог шиг харагдаад байв. Түүнээс хойш би тэр эгчийг харахаар л гомдол төрөөд, хачин дургүй болчихсон байж билээ. Тэр цагаас хойш гэхдээ өдий болтол гутлаа их хайрладаг болсон. Хэн нэгний надад л гэж хийж өгсөн их бага ямарваа зүйлийг дээдэлдэг болсон. Хүний гутал руу хардаг болсон. Эзнийхээ ямархан зам туулж явааг гутал нь өгүүлдэг шиг санагддаг. Нэр цэвэр, гар цэвэр хүний гутлын ул цустай байх нь бий. Хүний нэр нүүр, гар мөр хүрээгүй замыг гутал нь туулж гарсан байх нь бий. Эзэн нь хамраа чимхэж гарсан шавар, шавхайг хоёр гутал нь хайр найргүй туучиж гарсан байх нь олонтаа. Одоо цасан дээр гишгэх бүр надад хамгийн гүн цасыг олох гэж явсан тэр хавар санаанд буудаг юм. Гэхдээ хэзээ ч цасны гүнийг хэмжих гэж орох бодол төрдөггүй юм. Гуталтай холбоотой олон дурсамж яримаар байна шүү. Нэгийг нь л хуваалцъя. Хэзээний ч юм, юутай ч намайг хүн болоогүй байх цагт өвөөгийнх Жаргалантад зусаж байсан нэгэн зуны бороо орж магадгүй нэг өдөр юм гэнэ лээ. Эмээ, ижий хоёр өглөө үхрээ туучихаад жимс гэлүү, аргалж гэлүү түүгээд буцах гэтэл өндөртөө бороо ороод өнөө муу жижигхэн гол үерлээд улаан тоормоор эргэлдэж байж. Одоо энэ голын ус нэмэгдэнэ үү л гэхээс татрахгүй тул манай хоёр бушуухан гатлахыг бодож л дээ. Хоёр гутлаа тайлж сугадаад хоёулаа гол руу ч орлоо гэнэ шүү. Хад чулуу нь харагдахгүй уулын голд хазганаж, тэмтчээд тэхийд нь орж явтал хөл алдахад хамгийн түрүүн сугавчилсан байсан гутлаа алдаж орхиж. Үертэй гол гутлыг нь ганцхан “үмхээд” л хэвлий рүүгээ эвхээд авчихаж. Гол дунд гуталтай хөөцөлдөх манатай гарч авахаа л эрхэм болгоно биз дээ. Заа тэгээд гуталнууд нь ч нохойн хоол болж. Хоёулаа юутай ч эсэн мэнд гараатахаж. Гэр хүрэх замыг гуталгүй туулна гэвэл ёстой гонжийн жоо. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг бол энэ удаад гуталтай нь хөлхөж гуталгүй нь мөлхөх юм болжээ. Хад чулуу, зангуу өргөс дүүрэн замд гуталгүй гэдэг хөлгүйгээс өөрцгүй. Тэгээд тэд хоёр, хоёр хавтгай чулуу олж уландаа боогоод явжээ. Гутлыг орлохгүй ч хөл нүцгэнээс тохой дээр байсан гэдэг. Тэгж явсаар ямар ч гэсэн гэрийн бараа харсан байгаа юм. Амьдралын зам ч бас “хад чулуу, зангуу өргөс” шивээлсэн дэндүү өргөн, даанчиг уудам, нүцгэн улаан хөлөөрөө туулахад тун чиг бэрх билээ. Чулуу ч гэлээ барьж боогоод явбал хатуу ч гэлээ тэр хавтгай чулуу ханиас дээд хань болохдог шүү Энэ бас л миний бичих гэсэн зүйл биш болоод явчихлаа. Уг нь би найзынхаа тухай бичих гэсэн шүү дээ. Найз минь бичиг үсэггүй хүн. Тээр нэг жилийн амралт шувууны томуунаас болж ихээ урт болов. Би найздаа үсэг зааж эхэллээ. Нэг дэвтэр гаргаж өгөөд А-гаас эхлээд л зааж гарлаа. Намайг тэдний муу ижий нь “шинэ үсгийн багш” гээд л хөхөрдөгсөн. Бид хоёр өдөр бүр хонинд явна. Хонины бэлчээр гэдэг бид хоёрын хичээлийн танхим болж гүйцэв. Хоёр хүрэн тэмээгээ түшрэлдүүлсхийгээд л өдөр туж шахуу хамт явж тэгээд би тэмээн дээрээсээ найздаа үсгий нь нүдлүүлж гарна. “С”-ийн дараа ямар үсэг байдаг вэ? “Н”-ийн дараа ямар үсэг байдаг билээ гэх зэргээр асуугаад л явдагсан. Тэгж асуух тоолонд манай хүн ёс юм шиг “С”-ийн дараа, “С”-ийн дараа юу гэж эргүүлж асууна. Бас тухайн үсгийг яаж бичдэг гэдгийг агаарт зуруулна. Найзын минь бичсэн үсэг бид хоёрын ард агаарт замхарна. Надаас салаад явахаараа нэг л мэдэхэд “Намрын өнгөнд бэлчээрт сортоод. Насныхаа залууд малчнаараа торойно оо” гээд хангинуулж явах. Үсгээ цээжлээд яваарай гэж захисаар байхад л “Тоорой юу модондоо тогоруу нь эргэнэ ээ хө” гэчихсэн сүүл хөдөлгөж явна. Тэр хавар уг нь үсгээ холбоод унших аядаж байтал миний амралт дуусаж би сургуульдаа буцах боллоо. “Заа найз нь үсгээ сураад араас чинь захиа бичнэ ээ” гээд л манай хүн хоцорсон. Би тэр хаваржингаа хүлээсэн, ирээгүй. Тэр амралтаар миний заасан үсэгнүүд эгээ л найзын минь агаарт бичиж байсан үсэг шиг тэгсхийгээд ой санамжаас нь замхарсан гэдгийг дараа нэг ирэхдээ би мэдэж билээ. Найзын маань надад бичээгүй захиа цээжинд нь л хавтаслаатай яваа гэдэгт би өдий болтол харин итгэдэг шүү. Бас хэрэв сураад бичсэн бол юу гэсэн үгтэй захиа ирэх байсан бол гэж үе үе боддог. Мал хуй, манай шарга үрээ гэсэн шүү юм л байх байсан болов уу даа. Эсвэл хэзээ ирэхийг минь шалгааж, ирэхээр чинь хоёулаа уул явна, сайхан чулуу татаж ирээд хашаагаа шинэрүүлээд тэвхийлгэнэ ээ гэх байсан болов уу. Ай мэдэхгүй амнаас унасан хойноо л үг, үг болдог хойно доо, хэн мэдэж. Номоо сайн үзээрэй чи, би яахав дүүрсэн хүн гэж хээхэлзэх ч байсан юм билүү. Шинэ үсгийн багш болсон хавраас хойш олон жил өнгөрчээ. Намайг эзгүй хойгуур ижий, аав хоёрт давын өмнө, гарын үзүүрт тус хүргэж байсан хүн гэвэл тэр л байна. Тийм ч хангал эмнэг, ийм ч нүүдэл суудал, тийм ч эрэл сурал, ийм ч хужир тоос татах энэ бүхэнд аанай л найзын маань нэр дуулдах. Хүн хүч муутай мань мэтэд хүн шиг хэрэгтэй юм алга гэж манай хоёр учирлах. Олоон жилийн дараа орон хотоос очиход найз маань аанай л үсгээ сураагүй хэвээрээ. Тийм болохоор миний бичсэн шүлэг, орчуулсан ном энэ тэрхнийг ёстой ханын нүдээр харна. Уг нь би найздаа эргээд нэг тайлангаа тавимаар байдаг. Хятадын нэг яруу найрагчийн шүлэг байдаг юм “дөрөвдүгээр эх угаасаа л Достоевскийг мэддэггүй байсан” гэдэг шиг нөхөр угаасаа л үсэг мэддэггүй болохоор... Харин тэр намайг яг хуучнаар минь, тэмээн дээрээс үсэг асуугаад явж байсан үеэр минь, хүн гэдэг утгаар минь хүлээж авна. Гэтэл миний байдаг газар ихэнхдээ л нийгэмд оролцож буй дүрээр нь нэгэнтэйгээ харьцдаг. Бидний нийгэм даргыг дарга гэж, цэргийг цэрэг гэж, дуучинг дуучин гэж, жижүүрийг жижүүр гэж, оюутан байвал оюутан гэж л харьцах нь элбэг. Тэр дүрдээ багтаж амьдрах гэж ч зарим нь нийтийн тээвэрт сууж чадахгүй нэр хичээн ямбалж зарим нь зүгээр ярихдаа хүртэл шүлэглэж тэнэгтэх вэ дээ. Манай зарим зохиолч, яруу найрагчид дэгсдүүхэн хэлбэл “Заа сонин сайхан юу байна даа” гээд асуувал хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа, элстэй шанд буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана гэж хариулж мэдэх л улс шүү. Заа энэ ч яахав, чи хэн ч бай хүн шүү. Дуучны дотор, даргын дотор, жижүүрийн дотор нэг л адилхан махан улаан зүрх нэг хэмнэлээр цохилж байгаа бус уу? Тэгэхээр би найзыгаа заасан хичээлийг маань сураагүйд нэг их гомдохгүй байгаа. Сурсан бол аягүйтвэл очихоор алив шүлгээсээ унш, номоо авч ирсэн үү? гэж шалаад би нь уншиж тэнэглээд лай болно. Найз маань магад надад "чи хэн ч болсон хүн шүү" гэсэн үгтэй захиа л бичих байсан болов уу? Хүн чигээр минь угтаад авах, уулзангуутаа л барилдъя гэж зовоох найзтай байх сайхаан. Ишш, шинэ календарын зурагтай хуудсыг ширтэж суугаа миний бичиг үсэггүй найз. Эцэст нь энэ бүхэн ч миний бичье гэж бодсон зүйл бас л биш байна. Гэвч бодол бүхэн үг болж чаддаггүй билээ. Үүнийг мэндлээгүй хүүхэдтэй адилтгаж болох юм. Хэвлийд олдсон бүхэн үр болж ирэхгүй, зарим нь замаасаа буцдаг.
Мө. Батбаяр. 2020. 03.