Товлосон цагаасаа хэдэн хором хоцроод очтол тэр ирчихсэн хүлээгээд сууж байлаа. “Сайн байна уу?” гэх ялимгүй сөөнгө бас ялимгүй намуухан дуу хоолой, цээж нэвт цоргисон гүн харц өмнө минь миний хайртай зохиолч Үй Хуа зогсож байлаа. Бид Бээжингийн багшийн их сургуулийн зочид буудлын нэг давхарын буйдхан кофены газар уулзахаар тогтсон нь энэ билээ. Зохиолч бээр: “энэ энгийн амар газар. Эндээ л уулзчихъя ” гэсэн нь үүднээс нь буцаад явчихмаар байсан хачин бишүүрхэл, халуу оргисон тэвдлийг маань үлээгээд хөргөчих шиг л дэндүү энгүүн, дотно үгс байлаа. Бидний яриа Монголын өнөө цагийн орчуулгын уран зохиолын төлөв байдлаар эхэлж “Амьдрахуй” романыг нь монголын уншигчид хэрхэн хүлээн авч байгаа талаар өрнөсөн юм. Энэхүү цөөхөн үг сольсон уулзалтын үеэр би түүнд “Цусаа худалдагчийн түүх” романыг нь орчуулах амлалт өгсөн нь эдүгээ биелэлээ олж байна.
“Цусаа худалдагчийн түүх” бол харилцан ярианаас бүтсэн роман. Тэрбээр Ж. Жойсын “Зураач залуугийн хөрөг” туужыг уншчихаад “хэрэв надад боломж гарвал би харилцан яриагаар роман бичнэ дээ” гэж мөрөөдсөн гэдэг. Тэгээд хэд хэд туршиж үзсэн боловч санаснаар болсонгүй. Толгой дээрээ шороо овоолсон хэрэг сэдсэн гэдгээ ухаарч энэ мөрөөдлөө зүрхэндээ үлдээжээ. Чингэвч бууж өгсөнгүй боломж гарахыг анаж байлаа. 1995 онд “Цусаа худалдагчийн түүх” нэртэй нэгэн роман эхлүүлжээ. Арван мянга гаруй үг бичиж яваад эргэн хартал зохиолоо харилцан яриагаар эхлүүлсэн байгааг гэнэтхэн сэхээрчээ. Тэгээд тэр хүлээгээд байсан боломж нь ирснийг ойлгож ёстой л төмрийг халуун дээр нь давтах гэгчээр тэр дор нь харилцан яриагаар бичсээр энэхүү романыхаа ард нь гарч чадав.
Хүүрнэл мэт харилцан ярих, харилцан ярих мэт хүүрнэх гэсэн бичлэгийн хэв донжийг үнэнхүү чадмаг олж хослуулсан нь харагддаг. Ингэж тэр “харилцан яриа” гэдэг айдсаа авдартаа хийж дайснаа дарж дархан цолоо мандуулсан аж. Энэ бол түүний гурав дахь роман билээ.
Бидний уулзалт энгийн даруухан болж өндөрлөлөө. Тэрбээр өчигдөрхөн Америкаас Бээжинд ирсэн. Энэ оройдоо өөр нэг тийш гурван хоногийн хугацаатай уулзалтанд явах гэж байгаагаа учирласаар бид зочид буудлын үүдээр гарлаа. Биднийг зочид буудлаас гарахад оройн нар холхид илчгүйхэн дулайх нь эртний энэ аварга том хотыг гийгүүлэх гэж хэрдээ л зүдэрч байх шиг санагдаж байлаа. Зохиолчийн маань дуудсан тэрэг хаалганы өмнө шунгинан ирээд суулгаж одов. Би түүний суусан суман хар тэргийн хойноос нүд салгалгүй ширтсэн авч хүн зоны урсгал түүнийг хоромхон зуур живүүлэх мэт “залгин” одлоо. Их хот гэдэг яг л аварга том эргүүлэг шиг санагдаж ийм том хотод, ийм уужим дэлхий ертөнцөд нэгнээ олж уулзана гэдэг юутай ховор тохиол болохыг ухаарч ядан зогсож байлаа, би. Энэхэн үед баруун хойноос жихүүн салхи хүйс хүйсхэн үлээж түүний “баруун хойтын жихүүн салхитай үдийн хойно” өгүүллэгийг сэтгэлийн тооноор навч мэт хаялан байвай.
Орчуулагч Мө. Батбаяр