ГОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ
2022-06-27 Б.Бадрал 988

КУЛТЭСЭ
ГОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ

УНШИГЧДАА ТАНАХ ОРШИЛ

Энэ өгүүллийг уншихаар завдагсад дараах айд хамаарч байвал эртхэн болихыг зөвлөе. Үүнд:
1. Урт зүйл унших тэвчээргүй (дор хаяж, 1 цаг);
2. “Монгол соёл” хэмээх өв санг үгүйсгэгч, үл хүндэтгэгч, үл мэдэгч, “Соёл бол тухайн үндэстний тогтнох, тодрох, тэсэж үлдэх язгуур суурь” гэдгийг үл хүлцэгч нар;
3. Өнөөгийн “дэлхийн нийтийн дэвшилтэт тогтолцоо” гэгдэх аж үйлдвэр-хэрэглээний нийгэмлэг буюу, угтаа бол, барууны иргэншлийн Соёл - Ёс зүй - Үзэл суртлын цогцод суурилсан оршихуйн загвар төгс бөгөөд туйлын зөв замаар явж байгаа, бид дагаад давхих ариун үүрэгтэй, энэ нь, ядаад, ашигтай хэмээн тооцогчид багтана.

Ийнхүү уншигчдынхаа хүрээг цомхотгож, хүний өөрийн мэдрэлийг гамнах нүх малтсаны дараа яриагаа эхэлж болох юм. Дээрх нөхөрсөг зөвлөгөөг дагаагүй атлаа гоншигносон, мөн ажил хэрэгч бусаар хийрхсэн сэтгэгдлийг Цукерийн зай талбайг хэмнэх үүднээс устгах болно. Энэ бичвэр эрдэм шинжилгээний өгүүлэл биш учраас элдэв -изм, бодгалийн эшлэл, зүүлтгүй, өнөөгийн нөхцөлд хэрэгжих бараг боломжгүй, үл гүйцэлдэх (утопи) төдийгүй гутранги (пессимист) шинжтэй санаанууд цөөнгүй агуулсныг анхааруулъя.

AСУУДЛЫГ ТОМЬЁОЛОХ НЬ

2022 оны эхээр манай соёл хариуцсан засаглалын жигүүрээс “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” (цаашид “СоёБүтҮ” гэх) хэмээх ээлжит ухуулан таниулах компанит ажлыг өрнүүллээ. Товчхондоо, “нөгөөх л юмаа” өнөөх л хүмүүс ярьсан бөгөөд ерөнхий агуулгыг дараах байдлаар сийрүүлж болно:

1. Дэлхийд СоёБүтҮ 30 гаруй жил өрнөнгүй хөгжиж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн асар өндөр үр ашигтай байна. Үүнд, хамгийн яруу ойрын жишээ бол, Солонгосын кино урлаг, Кей-Поп гэх орчин үеийн бүжиглэнгээ дуулдаг хөгжмийн урсгал бөгөөд цаашлаад, мэдээж, ерөөс дэлхий нийтийн кино, дүрслэх урлаг, загварын ертөнц гэх мэт том том зах зээл бий. Үүнд, мэдээж, Жавхлангийнхаас ч их оронтой мөнгө төгрөг эргэлдэж байгаа;

2. СоёБүтҮ нь зөвхөн доллар олж ирдэг юм биш ээ. Дээрх зах зээлд гарснаар улс орны нэр хүнд суга өсөх төдийгүй суга өссөн учраас жуулчдын цуваа түрхрэн орж ирнэ. Энэ нь бас л мөнгө авчирна, гэхдээ, юуны түрүүнд улсын нэр гарч, Монголыг дэлхий мэддэг болох нь тун чухал. Зөвхөн, Холливудын киноны зургийг Монгол газар нутагт авахад л нөгөө нэр хүнд сугарч, бас л жуулчид багширна. Мөн зураг авч байгаа америкийн киночдыг харангуутаа л манай киночид өдий болтол мэдэхгүй байсан юмаа гэнэт ойлгож авна. Тэгээд л хамаагүй дээр кино хийнэ. Тэр нь бас мөнгө авчирна;

3. Монгол орон СоёБүтҮ-гийн асар баялаг нөөц боломжтой, үүнд атар онгон байгалиас авхуулаад дутахгүй атар загвар өмсөгч, дуучид бий. Гагцхүү, үүнд менежмент гэх зүйл л хэрэгтэй. Мөн хөрөнгө. Хувь хүн дийлэхгүй, компанид ашиггүй хөрөнгө оруулалт учраас төр засаг, юуны түрүүнд, менежментэд нь оройлж, зарим нэг мөнгө төгрөгийг нь гаргана.

Товчхондоо, ийм тодорхой, зөөг цай шиг хялбар, ойлгомжтой бизнес, пиарын нүх. Гагцхүү өдий болтол хэн ч сэтгэж, хэн ч хэрэгжүүлээгүйд л гайхширч гасалмаар. Гэтэл засаг огт гаслалгүй, шууд ажил болгож, өнөөдөр монголын соёлын улаачид цөмийн дайны аюул занал нөмөрсөн, хээгүй, хийгүй буурал Европт даашинз намируулан айлчлаад нэгэнт эхэлжээ.

ГЭТЭЛ ЭНЭ ҮЕЭР МОНГОЛЫН ХӨРСӨНД...

Гэтэл энэ үеэр Монголд “Сайн юманд сайд... биш ээ... саад мундахгүй” гэгчээр нэг нөхөр засгийн бодлогыг мушгисан дело шидэж суув... Тэр нөхөр дараах чиглэлээр мушгих юм байна:

1. СоёБүтҮ аж үйлдвэрлэлийн шинэлэг салбар уу? Цаад мөн чанар нь юу вэ?

2. СоёБүтҮ-гийн амжилтыг илтгэх гадаад орнуудын жишээ хир бодитой вэ?

3. СоёБүтҮ-гээс орж ирэх Санхүүгийн болон Нэр хүндийн ногдол ашиг нь Соёлтой ямар харьцаанд байдаг, монголчууд энэ ашгаас хүртэх боломжтой юу?

4. СоёБүтҮ-г дагасан Нэр хүндийн ашиг нь Соёл болон кино, уран зохиол, дүрслэх урлаг зэрэг тодорхой салбарын төрөл зүйлийн хөгжилд нэмэртэй юу?

5. Монголын соёл, урлаг дэлхийн түвшнээс хэр зайд байна? Тэр түвшинд дөхөх боломжтой юу?

6. Соёл, Хоол хоёр ямар холбоотой юм?

Ингэхдээ бид СоёБүтҮ-гийн дам ашиг болох Аялал жуулчлалын салбарын өсөлтийг огт хөндөхгүй бөгөөд энэ бол нэгэнт ойлгомжтой, нотлогдсон зүйл. Мөн урлаг, соёлын чиглэлээр хувь хүн, хувийн хэвшлийнхэн толгой даагаад дэлхийн тавцан өөд мацах тухай асуудлыг ч хөндөхгүй. Тэр бол тухайн этгээдийн өөрөө хүлээх эрсдэл. Харин СоёБүтҮ-д “Төр засаг Санхүү болон Менежментээр оролцоход ямар асуудал үүсэх вэ?” гэдгийг л сонирхож байгаа юм.

Дагалдаад Соёлын тухай ерөнхий асуудал хөндөгдөх бөгөөд “эрсдэлээ өөрөө үүр” гээд дээр бидний орхисон төрийн бус этгээдүүд ч зарим нэг чиг баримжаа эндээс олж харж магадгүй. Үүнд, “Соёл” хэмээх ярвигтай категорийн тодорхойлолт, цар хүрээг авч үзэлгүй алгасаж, уншигч та юу гэж ойлгодгоороо сэтгээд явахад зөрчилдөх зүйлгүй гэдгийг онцолъё.

1. СОЁБҮТҮ ГЭЖ ЮУ ВЭ?

1.1 ТҮҮХ

СоёБүтҮ бол 30 жилийн өмнө гарсан шинэ үзэгдэл биш ээ. Ер нь, шууд “хагас и”-нүүд дээрээ зартиг татаад түс тас  хэлээд явчихъя – цаг ч хэмнэнэ, санаа ч тодорно.

СоёБүтҮ бол аливаа урлаг, соёлын бүтээлийг хийх, борлуулах, ашиг хүртэх аль балрын үйл явцын орчин цагийн гялгар, софистик нэр томьёо төдий зүйл. Бүтэн зууны турш зарж болох бүх биет барааг борлуулж, арвин туршлага хуримтлуулсан Аж үйлдвэрийн хувьсгалын жолоодогчид XIX-XX зууны заагаар оюуны, тэр дотроо, урлагийн бүтээл рүү хандаж, тэдгээрийг өргөн зах зээл болгох аргыг нээсэн хэрэг. Чухам энэ үеэс массын урлаг гэх ойлголт огцом хүчээ авч, архи тамхитай ижилхэн, бүр дэндүү ижилхэн, бараа төдий л болсон гэсэн үг. Энэ үе урлаг дахь модернизмын цэцэглэлттэй давхацдаг нь тохиолдлын хэрэг биш.

Элитар урлаг харин жаахан хоцронгуй капиталжиж байв. Үүнийг бүтээдэг Урлаач нар нь урдын адил ядуу хэвээрээ байлаа. Учир нь борлуулалт аанай бага. Эрэлт байхгүй. Харин энэ бол асуудал биш - эрэлт байхгүй бол үүсгэж болно, зах зээл бий болгоход хэрэглэгч л хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэгч хүч бол Эрхэм Дээдэстэн Маркетинг авхай!

1.2 МАРКЕТИНГ

Эдийн засгийн шинжлэх ухаантай нас чацуу шахуу маркетинг хэмээх ойлголт нь бараа борлуулах арга замыг хэлж байгааг бид сайн мэднэ. Маркетингчид потенциал хэрэглэгчийн сэтгэхүйтэй ажилладаг, бүр тоглолт хийдэг болохоо огтхон ч нуудаггүйгээр барахгүй энэхүү тоглох урлагийнх нь хувьсал дэвшил “Маркетинг 1.0 → 2.0 → 3.0”  гэсэн хөгжлийн шатуудыг дамжиж ирснийг ил тод хэлдэг билээ. Энэ нь маркетингийн бодлогын гол тулгуур махбод түүхийн явцад “Бүтээгдэхүүн → Хэрэглэгч → Нийгмийн сайн сайхан” гэсэн дарааллаар шат тутамдаа хувьсаж ирснийг илэрхийлсэн ангилал юм.

Товчхондоо, Маркетинг 3.0-ийн мөн чанарыг “Бизнесийн байгууллага нь ядуурал, экологи, тэгш эрх зэрэг нийт даяарын асуудлыг шийдэхэд оролцсон нэр хүнддээ тулгуурлаж гэмээнэ илүү ашиг олно. Буян хийж мөнгө хийцгээе” гэж бүрэн томьёолж болно. Өөрөөр хэлбэл, энэ удаад хэрэглэгчийн оюун ухаан, мэдрэлийн хөөрөл төдийгүй нинжин сэтгэл, сүнслэг чанар дээр нь тоглолт хийнэ л гэсэн үг.

Ер нь, маркетингийн үндэс нь “худлаа ярих” гэчихвэл огтхон ч буруутахгүй. Гэхдээ цэвэр “худал” биш л дээ. “Үнэн мэт худал” буюу мөнөөх софистик үнэнийг ярих юм. Жишээ нь, яг адилхан чанар, үзүүлэлттэй барааг, ижил нөхцөлд нэг компани илүү борлуулж байна гэвэл тэр нөхдүүд, эцсийн чанартаа, илүү худлаа ярьсан л хэрэг. Маркетингтай яг ижил зарчим барьдаг ухаан бол Пи-Ар бөгөөд худлаа ярихгүйгээр УИХ-д сонгогдоно гэж байхгүйтэй адил. Аль ч газрын маркетингийн багийн ээлжит пиар компанит ажлыг хэлэлцэх хурлын зорилго, эцсийн чанартаа, “одоо яаж худлаа ярих вэ?” гэдэгт чиглэдгийг гэрчүүд сайн мэднэ.

“За, яах вэ... Тэр Маркетинг 3.0-ээ хөгжүүлээд ядуурал, экологийг шийдэж байгаа нь сайн хэрэг. Хамтдаа хөгжье л дөө” гэж энгийн ард хэлнэ л дээ. Гэхдээ энэ бүхний гол зорилго нь АШИГ байдагт л чамин оньс нь байгаа юм. Учир нь, хэрвээ үнэхээр нийгмийн сайн сайхны төлөө ажил бол НЭРГҮЙ байж болдог билээ.

Хайртай шинжлэх ухааныг нь ийнхүү бүдүүн баараг тоймлосонд эдийн засагчид элгээр явж байгаа нь мэдээж. Гэхдээ л, аюулхайных нь дор хүйт оргиод “нээрээ тийм дээ” гэсэн бодол төрөө вий. Гол нь, энэ хэсгийн чухал дүгнэлт бол “ЮУГ Ч БОРЛУУЛЖ БОЛНО. НЭГДҮГЭЭРТ АШИГ” юм.

Энд, мэдээж, Маркетинг 4.0 юу байх бол гэсэн сониуч бодол төрнө л дөө. “Хэрэглэгч өөрөө Бараа” гэсэн зарчим л байх болов уу. Тодруулбал, хэрэглэгчийн Сэтгэл, Сүнс нь...

2. СОЁБҮТҮ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД

2.1 ШҮЛС АСГАМ СОЛОНГОС СОЁБҮТҮ

Солонгосын кино урлагтай бол, мэдээж, юу ярих вэ? ТВ-ийн цувралуудыг нь эс тооцлоо гэхэд л уран сайхны кино нь ур хийц, уран сайхны шийдлээрээ дэлхийн түвшинд нэгэнт хүрээд олон жил болжээ. Янз бүрийн кино наадмуудаас хамсан шагнал нь ч цөөнгүй. Мэдээж, энд хамгийн их дурьдагддаг, манай СоёБүтҮ-гийн ухуулагчид ч дуу алдан иш татаж, биширсэн бүтээл бол “Шимэгчид”. Канны “Алтан мөчир”, “Солонгосын анхны Оскар”, “Оскарын Шилдэг Кино номинацийг авсан анхны англи бус хэл дээрх кино” гээд гуншин хөвөрч өгнө. Мөн асар хүчтэй лобби, олон оронтой мөнгө зарцуулж энэ цолыг хүртсэн тухай мэдээлэл ч чих дэлсэнэ.

“Оскар”, за, сүүлийн үеийн Канн, Венеци, мэдээж, 100 хувь киноны чанарын үнэлгээ биш л дээ. Гэхдээ ашиг орлогын баталгаа. Супер наадмууд бүү хэл, дундаж наадмуудаас шагнал авахад нөлөөлж чадах улс төр, лобби бидэнд бий эсэх талаар түр асуугаад, арай хожуу киноны сэдэвтээ эргэж ирье.

Солонгос СоёБүтҮ-гийн яруу алдарт бас нэгэн жишээ болсон Кэй-Поп. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд, хагас нүцгэн охид эсвэл охид шиг хөвүүд дуулангаа бүжиглэдэг гэх үү дээ. Америкт хүртэл экспортлогддог гэж байгаа. Хүний санаанд багтах бүхий л хөгжмийг өөрсдөө дуугаргадаг Америкт нэлээн маапаантай түвшний эгшиглэнт урлаг нь биш өөр зүйлс нь борлогддог юм билээ. Гоёлын, эсвэл Хуялын Бүтээлч Үйлдвэрлэл төдий л юм. Олон охидтой эцэг хүний хувьд би л лав ийм “бүтээлч үйлдвэрлэлийг” бүх гар хөлөө өргөн эсэргүүцнэ. Харамсалтай нь, манай дотоодын зах зээлд ийм ХуяБүтҮ нэгэнт соёолжээ. Гоо сайхны мэс заслын ололт дээр тулгуурладаг хөгжмийн урлаг ч гэж юу байх вэ дээ, та минь.

2.2 БҮХ УРЛАГИЙН ДОТРООС...

Тийм ээ, кино... Хэдэн зуун тэрбумын хөрөнгө эргэлдүүлж, хүмүүсийн сэтгэхүйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг урлагийн төрөл. Ганцхан жишээ гэхэд л, амьдралдаа ганц ч амьд исламын хэт даврагч үзээгүй монголчууд “лалын террорист” гэх ойлголтыг америкийн кино урлагаас авч, тэднийг жигшин зэвүүцэх, тэдний эсрэг дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх хүртэл боловсролтой болсон билээ. Исламын ертөнцөд яагаад ийм хөдөлгөөн үүссэн, яагаад өндөр цамхаг дэлбэлэх хоббитой болсныг бид огт мэдэхгүй, шаардлага ч үгүй.

Дэлхийн топ кино наадмуудын шагнал хүртээх гол шалгуур нь Уран сайхан биш Улс төр болсон нь хэнд ч ил болоод удаж байна. Дор хаяад, та бод л доо. Яагаад кино урлагийн хүчтэй сургуультай Орос, Хятад, Япон зэрэг орнуудаас шагнал бараг авахгүй байгааг. Яагаад америк болон барууны орнууд, мөн үе үе санаанд оромгүй жижиг улсууд шагнал түүгээд байгааг. Мөнөөх л улс төрийн, нарийвчилбал, үзэл суртлын шалгуурт учир нь бий. Оросоос гэхэд л улс орноо муулсан, шүүмжилсэн кинонууд, түүгээр дагнасан найруулагчид ивээгдэнэ. Дээр нь Маркетинг 3.0-д нийцсэн аутизм, ижил хүйстэн зэрэг моодны асуудал хөндвөл ногоон гэрэл асна.

Утга зохиолын Нобель ч ийм бодлогыг олон жилийн өмнөөс үе үе цухалзуулсаар ирлээ. Энэ шагнал мөн  л утга зохиолын чанарын хэмжүүр дандаа байж чаддаггүй. Мөн л Орос, Хятад, Японоос дэлхийн хэмжээний утга зохиол төрөхгүй байна гэдэг эргэлзээтэй. Зөвхөн улс төр, үзэл суртал  ч биш, энэ бүхэнд хавьгүй илүү гүн гүнзгий нэгэн шалтгаан байгаа нь хожим тодорно.

2.3 СУПЕР КИНО ЖОР

Кинондоо эргээд оръё... Бид бүгдийн эрхэм шүтээн Эзэн Чингис хааны тухай дэлхийг дэлдийлгэсэн кино гараасай гэж бодохгүй монгол хүн байгүй. Гадаадынхны хийсэн олон киноноос нэг нь ч таалагдахгүй байх нь аргагүй бөгөөд Эзэн Богдыгоо киноны хэлээр жинхэнэ утгаар нь гаргаж ирэх туурвилчид бол монголчууд л байх нь дамжиггүй. Тэгэхээр, цаг сайхан болоод, бид өөрсдөө дэлхийн түвшний кино хийчихлээ гэж төсөөлье. Энэ кино маань топ наадмуудаас шагнал хүртэж, овойж оцойтлоо ашиг олдоггүй аа гэхэд, ядаад, өнөөгийн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд нэг шаардлага, жишээ нь, тавигдана. Хялбархаан шаардлага.

Энэ кинонд Чингис хааны агуу шадар, домогт 9 өрлөг жанжны 3 нь афро-америк, 3 нь эмэгтэй, үлдсэн 3 нь, нэг юм, ази эрэгтэй, гэхдээ тэндээс нэг нь, дор хаяж, ижил хүйстэн байх ёстой. Монголчууд ингэж хийхгүй бол өөр нэг улс хусаж л орхино. Ийм киног таашаан үзээд, бүрэн дэмжиж байвал та жинхэнэ либерал хүн. Дэмжихгүй бол та цэвэр цусны либерал биш шүү, үзэл бодлоо эргээд нэг хараарай.

Либерал гэснээс... Аа, тийм, энэ хэсгийн дүгнэлт бол “СОЁБҮТҮ-ГИЙН 2-Р ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ УЛС ТӨР”...

3. СОЁБҮТҮ БА СОЁЛ. AB OVO БУЮУ ҮНДЭС НЬ

3.1 ЛИБЕРАЛИЗМ

Нээрээ, манайх либерал олонтой. Гэхдээ яг либерализмын суурь бүтээлүүдийг уншиж танилцсан эсэх нь эргэлзээтэй. Мэдээж, Айн Рэндийн зузаан номуудыг эвшээж байгаад дуусгасан байх. Гэхдээ А.Рэндийн бичвэрүүд либерализмын онолын далайд бол коллеж төгссөн уйлхай охины дипломын ажил төдий л зүйл бөгөөд чөлөөт нийгэм дэх төрийн аливаа оролцоог үгүйсгэгч А.Рэнд өөрөө улсын асрамжид байсаар тэнгэрт хальсан билээ.

Гол нь, нялхсын шохоорхон тунхагладаг хувь хүний Эрх чөлөө, ялангуяа, Бүтээн туурвих Эрх чөлөө бол либерализмаас ч өмнө үүссэн, түүнээс тусдаа ч орших бүрэн боломжтой ойлголтууд бөгөөд хүнд өөрт нь заяагдмал, төр ч халдаж чадахгүй хувь хишиг юм. Дотоод Эрх Чөлөө... Эрх чөлөөгүй болж харагдах нь ашигтай байгаа бол өөр хэрэг... Гээд, буддизм руу халтиралтай биш, дуусгая.

Гэхдээ, монголын соёлд чухал үүрэг гүйцэтгэсэн буддизмыг шүүмжлэгчид Төвдийн өнөөгийн байдлыг жишээлэн гоочлох нэн дуртай. Яг үнэндээ, аглаг уулст сарлагаа хариулаад амьдарч байгаа төвд хүнд сансрын хүрдний хүлээснээс өөр зовлон бий эсэх нь бодмоор л зүйл.

3.2 СОЁЛ НЬ ӨНӨӨДӨР

Либерализм өөрөө ч, философи талаасаа энэ урсгалын тулгуур ойлголт болсон “Би”-д шүтэх үзэл болон Өмч хэмээх ухагдахуун нь өнөөгийн барууны соёл иргэншлийн үндсийн үндэс билээ. Харин энэ соёл иргэншил гүн хямралд орж, урвуу хувьсан (involution), улмаар мухардсан тухай яриа өөрсдөөс нь гараад удаж байна. Мөнөөх нуруугаа авхуулсан О.Шпенглерээс авхуулаад орчин цагийн П.Сорокин, Х.Сэдлмайр, В.Вэйдл (Pitirim Sorokin, Hans Sedlmayr, Wladimir Weidlé) нарын соёлын философичид энэ талаар хангалттай бичжээ.

Тэд барууны соёл, нарийвчилбал, урлаг, урлагийн тодорхой төрлүүд мөхөж байгаа төдийгүй хүн төрөлхтний соёлын голч тэнхлэг өөрчлөгдөх цаг айсуйг зөгнөн хэлсэн юм. Тэд энэхүү хямралын үндсийг “Соёлоос шашны суурь нь гээгдсэн”, “Өөртөө эзэгнэх (автономи) Хүнийг тунхагласан” зэрэг үзэгдлээс үүдэлтэй гээд эхэлсэн цаг хугацааг нь ХХ зууны эх, И.Гөтегийн “Фауст” бичигдсэн, тэр бүү хэл, XII зууны загалмайтны шашны шинэчлэлтийн үе гэх зэргээр янз бүрээр заажээ.

Тэдний “Урлагийн мөхөл”, “Гэрлийн үхэл” гээд ном бүтээлүүдийн нэрээс нь л юуг өгүүлсэн нь ойлгомжтой. Орчин цагийн барууны академик хөгжим гэхэд л “эгшиглэнгээ шавхсан” тухай, чухам ийм учраас л Жон Кейж нар алеаторик зохиомжид хандсан болохыг хөгжмийн мэргэжилтнүүд сайн мэднэ. Мөн чухам ийм учраас монгол хөгжим тэнд сонирхол татаж байгаа тухай манай судлаачид ч онцолсон нь бий.

Чухам ийм л учраас, барууны урлагт постмодерн давлагаа 1960-аад оноос хүчээ авч, энэ нь дүрслэх урлаг, кино гээд бүгдэд нөлөөлсөн төдийгүй ТВ-ийн салбарт ч тусгалаа олсон нь перфоманс, концепт артын гаж тусгал болох реалити шоу, улмаар түүний шууд хөгжил болох янз бүрийн “Авьяаслаг шоу”-нууд юм.

3.3 СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛС

Соёл, урлагийн хямрал, мухардал, голч тэнхлэгийн өөрчлөлт (хазайлт, солигдол) макро түвшинд илрэхийн зэрэгцээ микро түвшинд үнэт зүйлсийн өөрчлөлт зугуухан явагдаж байна. Аливаа соёлын суурь бол тухайн бүлэг хүн, угсаатан, үндэстний он удаан жил боловсорсон, ахуй, гоо зүй, ёс суртахууны цогц үзэл, үнэт зүйлсийн тогтолцоо дээр суурилдаг билээ. Саяхныг болтол харьцангуй тогтвортой хадгалагдаж ирсэн дэлхий нийтийн шинжтэй үнэт зүйлсийн тогтолцоо, хэдийгээр, гол төлөв барууны иргэншлийн суурь ойлголтууд дээр тулгуурладаг ч, зуун зууны турш дахь эдийн засаг, соёлын харилцааны үрээр дэлхийн бусад улс, үндэстэн, бүс нутгийн соёл, үнэт зүйлсийн махбодыг өөртөө шингээн төгөлдөршиж ирсэн юм.

Нөгөөтээгүүр, аль ч соёл, үндэстэнд нийтлэг байдаг уламжлалт суурь ойлголтууд энэхүү “Дэлхий  нийтийн үнэт зүйлс”-ийг бүрдүүлж байсан учраас нийтээр хүлээн зөвшөөрөгдөхөд нь мөн нөлөөлж байлаа. Энэ бол нүгэл, буян, сайн, муу, хар цагааны тэмцэл, зөрчил, гэр бүлийн ариун чанар, уламжлалаа хүндлэх, байгалийн ёс, зүй тогтлыг (физиологийн хувьд ч) зөрчихгүй байх зэрэг суурь ойлголтууд юм.

3.4 ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ЗАСВАР

Харин өнөөдөр энэхүү нийтлэг үнэт зүйлсийн тогтолцоог өөрчлөх үйл явц эрчимтэй хэрэгжиж байна. Ингэхдээ, мөнөөх Маркетинг 3.0-ийн жишгээр өнгөн дээрээ сайн сайхан нийгмийг цогцлоох эрмэлзэл мэт харагдаж чадаж байгаад л гол учиг, хүч нь байгаа юм. Феминизм, хүйсийн тэгш эрх, бэлгийн чөлөөт чиг хандлага зэрэг дэвшилтэт уриатай, эрх чөлөөт хүнийг тунхагласан, “зүй ёсны, шударга” энэ үйл явц цаанаа бол үнэт зүйлсийн тогтолцоог л өөрчлөх зорилготой. Үүнийг углуургаар нь мэдрэх амаргүй л дээ. Жишээ нь, баруунд төр нийгмийн томоохон зүтгэлтнүүдийн хөшөөг XIX зууны боолчлолын үеийн төлөөлөл болсон учраас л ёслол төгөлдөр буулгаж байна. “Маш шударга” энэ алхам бол ерөөс Түүх, Уламжлал гэгч зүйлээс хүнийг татгалзуулах, ой тойноос нь яваандаа бүрэн арчих сургуулилт, туршилт, бэлтгэл төдий юм. Гол төлөв, 200-300 жилийн түүхтэй, түүнд нь, ихэнхдээ, ичгэвтэр намтар л байдаг улс орнууд оройлон оролцож байгааг анхаараарай.

Зөвхөн Самарканд, Бухар хотуудыг сүйтгэснийх нь төлөө л Чингис хааны хөшөөг Төрийн ордноос буулгаж, дахиж хэзээ ч Чингис хааны нэрийг дурдахгүй байхыг шаардах эрхтэй Шинэ дэлхий бүрэлдэж байна. Улмаар, энэ хүнийг төрүүлсэн үндэстний нэрээр ямар ч хүн овоглох ёсгүйг ч шаардаж болно. Үнэмшилгүй сонсогдож байна уу? Үндсэн логикийг хөөвөл ийм л юм. Зөвхөн Шинэ Үнэт Зүйлийг, эсэргүүцэх ч биш, дэмжээгүйнх нь төлөө л өөрийг нь төдийгүй, уг удмаар нь нийгмийн шаар болгож байгаа нь, нарийндаа, социализмын үеэс ч илүү үзэл сурталжсан нийгэм бий болж байгааг илтгэнэ.

Манай чөлөөт сэтгэгчид Ж.Орвелийн “Амьтны ферм”-ээр эх орноо төсөөлөх их дуртай. Уг нь элэглэн  бичсэн гэх социалист нийгэм нь аль эрт алга болсон доо. Гэтэл 2013 онд  The Guardian сониноос явуулсан судалгаагаар британичуудын 89 хувь нь “Амьтны ферм” бол “бидний өнөөгийн амьдралын тухай” гэж үзсэн төдийгүй зохиолчийн өөр нэгэн суут бүтээл “1984” романы зөгнөл “өнөөдөр бүрэн биелсэн” гэж үзжээ. Ай хөө, чөтгөр юм даа, Ж.Орвелл! Өөрсдийнхөө тухай бичсэн байна шүү! Суут Р.Брэдберийн “Фарангейтээр 451°” анти-утопи баруунд биежээд нэгэнт эхэлснийг дурдах ч юун.

1990-ээд оныг хүртэл тэсэж чадсан монгол үндэстний хүч юундаа байна аа гэдгийг гаднын нүдээр шинжихэд хариулт маш амархан. Үүнд, дээд түвшний шинжээч байх шаардлагагүй. Энэ бол оюуны потенциалаас гадна уламжлал, гэр бүлийг дээдлэх (дэлхийд маш ховордсон) үзэл, идээ ундаа нь. Эдгээр үнэт зүйл рүү нь өргөн фронтоор довтлоод, дээр нь янз бүрийн калибрын элийрлээр бөмбөгдөж чадвал, Шунаг, Мунаг, Хэрэглэгч үндэстэн болгоход амархан. Толинд хараарай.

3.5 ТЭГЭЭД ЮУ ГЭЖ?

Тэгээд үү?.. Урлагийн бүтээлийн амин сүнс болсон бүтээлч сэтгэлгээний суурийг бүрдүүлдэг үнэт зүйлсийн тогтолцоо нэгэнт өөрчлөгдөж байгаа учраас уламжлалт үнэлэмж дээрээ суурилдаг Урлаачдад дэлхийн тавцан өөд алхах гарц улам бүр хумигдаж байгаа юм. Үндэсний сэтгэлгээ, ялангуяа, бүтээлч сэтгэлгээнд нь уламжлал маш чухал байр эзэлдэг, энэ нь ахуйгаар тэтгэгдэх өргөн хөрстэй (баяр наадам, ардын урлаг, төрөх үхэх) бидэн шиг үндэстэнд бүр ч хэцүү.

Чухам ийм учраас л дээр дурдсан, үндэстний гүн бат уламжлалт сэтгэлгээтэй, Орос, Хятад, Япон зэрэг эртний соёлт улсуудын урлагийн бүтээл СоёБүтҮ-гийн багт наадмын тойрон бүжгээс шахагдаад байгаа төдийгүй эдгээр орнуудын оюуны талбарт нь дэлхийн соёлын тэнхлэгийн өөрчлөлтөөс болсон сэтгэлгээний хямралыг хэрхэн давах талаар маргаан, хэлэлцүүлэг ширүүн өрнөсөөр байна.

Энд бид урлагийн бүтээл гэх ойлголтод СоёБүтҮ-гийн өргөн хэрэглээний бараа биш Эрхэм Дээд Сэтгэлгээний Урлагийг хамааруулж байна. Чухам ИЙМ л урлагаар бид дэлхийн тавцанд Монгол гэж нэрээ гаргаж, хүлээн зөвшөөрөгдөж чадна. Тэгэх тусмаа, энэ өгүүллээр бид Уран зохиол, Кино урлаг гэсэн хоёр төрлийг л онцгойлон үзнэ. Эдгээр нь хөгжим, дүрслэх урлаг зэргийг бодвол санаа нь үгээр буюу шууд ил илэрхийлэгддэг учраас хямралд нэн гүн нэрвэгдэж байгаа төрлүүд билээ. Мөн Уран зохиол нь урлагийн сэтгэлгээний анхдагч суурь, дагуулагч болдог, Кино урлаг нь нийтийг хамарсан нөлөөлөл нь хүчтэй, урлаачаас маш нарийн синтез сэтгэлгээ шаарддагийнх нь хувьд энэ хоёр төрөл зүйлийн хөгжилд ТҮЛХҮҮ анхаарах зарчмыг дэвшүүлж байгаа юм.

Монголын уран зохиол болон утга зохиол судлалд тулгамдаж байгаа асуудлууд, кино урлагийн хөгжилд анхаарах зүйлсийн талаар ойрын үед бид нэжгээд өгүүллийг толилуулахыг хичээж байна. Дор хаяад, утга зохиол судлалын олон урсгал, чиглэлүүдээс сонголт хийж, түүнийгээ баримтлах нь ЯАГААД үндэсний эрх ашгийн асуудал болдог тухай тэр үед ярилцах болно.

3.6 ДУУСАХ БОЛООГҮЙ ЮУ?

Өгүүлэл дөнгөж дундаа орж байгаа учраас залхуу нэгэнт хүрсэн бол яг одоо хаяарай.

Соёлын үнэт зүйлс өөрчлөгдөж байгаа, энэ нь алсдаа ямар хор хөнөөлтэй болох тухай бүр 1920-иод онд Томас Манн анхааруулж байсан юм. Сонирхолтой нь, түүний суут бүтээл “Шидэт уул” роман нь Дэлхийн I дайнд хүргэсэн  нийгэм, сэтгэлгээний хямрал, зөрчлийг гайхамшигтай нээсэн бөгөөд дайны байдалд байгаа өнөөгийн ертөнцийн төлөвийн ч тайлал болж чадах юм. Үүнд дөхсөн хэмжээний бүтээл төрүүлэх тухай л яриад байгааг ойлгож байгаа байх.

Үнэт зүйлсийн тэнхлэг хазайлтын нэг тод жишээ бол өнөөдөр Холливудад гамшиг болтлоо үерлээд байгаа Хүн аалз, Аквамэн, Супер Эр, Эмс буюу “Марвел хам шинж” гэж болох кино давалгаа. Шинэ баатар, шинэ ид шид, шинэ зөрчил, хамгийн гол нь, соёлын суурь болдог хуучин домог зүйг халж байгаа Шинэ Домгийн тулгалт. Үүнд, барууны иргэншлийн суурь болдог Грек, Ромын домог зүйг ч шинэ өнцгөөс “ревиз” хийж байгааг нь “300”, “Трой” зэрэг бүтээлээс харж болно. Энэ бол, хэрэг дээрээ, 1960-70 оны зааг дээр, Холливудад явагдсан реформ буюу найруулагч төвт үйлдвэрлэлээс продюсер төвт рүү шилжсэнээс ч том (кино тусгал нь “Холливудад нэг удаа”) хувьсгал юм. Одоо бол Холливудад “Гэртээ ганцаараа” ч юм уу, “Тарваганы өдөр”, “Тоглоомын түүх” мэт “добрый” кино хэзээ ч хийгдэхгүй. Үсрээд л, “Усны хэлбэр” санал болгоно.

3.7 МЕТА ЕРТӨНЦ

Өнөөгийн төгөлдөр иргэншилд хамгийн хэрэггүй, төвөг удах зүйл нь сэтгэж, тэмцэж чадах ӨӨРИЙН гэсэн бодолтой хүн. Хүнд, амьтны аймгаас тасрах гол хүч болсон, ухамсар, бодолдоо автах зав чөлөө өгөхгүй байх нэг арга нь сошиалын тууз гүйлгэн, гөлрөн суулгах. Бид аль хэдийн сүнс, сэтгэлээ Мета ертөнцөд худалдсан бакалавр Фаустууд болжээ. Коин жингэнэсэн тэр ертөнцөд бид Аватараар амьдарч, хашаа байшингаа худалдан авахад бэлэн болсон байна.

Борлуулалтын шинэ талбар – Маркетинг 4.0-д тавтай морил!..

4. СОЁБҮТҮ БА МОНГОЛ. ЯАХ ВЭ?

4.1 ТҮР ЖОР

Дэлхий өөд цоройж байгаа манай уран бүтээлчдийн, яагаад ч юм, огт ойлгож, хэрэгжүүлдэггүй, амжилтад хүргэх нэгэн “нууц” жорыг одоо дэлгэе. “Таны бүтээл өмнө нь хэн ч дэвшүүлээгүй өвөрмөц санаа, үнэ цэнт зүйлтэй байхын зэрэгцээ эдгээр нь дэлхийн нийтийн үнэ цэнт зүйлтэй нийцсэн, ядаад, тухайн цаг үеийн хурцадмал асуудлынх нь тусгал байх ёстой. Мэдээж, энэ бүхэн нь тухайн төрөл зүйлийн шаардлагад нийцсэн стандарт түвшний техникийн гүйцэтгэлтэй байх”... Амархан байна уу?..

Бүтээлийн өвөрмөц санаа, үнэ цэн гэхээр шавхагдчихсан баруунаас хайгаад нэмэргүй, монголын хөрснөөс л “хажуу дахь эрдэнээ” шүүрдэхээс өөр аргагүй логик гарч байгаа биз? Эндээс л мөнөөх “гутранги үзэл” маань эхэлнэ дээ.

Юуны өмнө, засгийн СоёБүтҮ бодлогыг нэгмөсөн будаа болгочхоод өгүүллийн гол зорилго руугаа дөтөлье. Нөгөө СоёБүтҮ-гийн сурталчилгааны видеон дээрх ухуулагчдын бараг дийлэнх нь “Мөнгө олох”, “Улс нэр хүндтэй болох” гэсэн 2 үндэслэлийг л чухалчлан, нүд нь гялалзан ярьсан юм. Энэ нь, өнөөг хүртэл бидний сунжруулан ярьсанчлан, “СоёБүтҮ бол 1-рт АШИГ, 2-рт УЛС ТӨР” гэсэн томьёололд хураагдана.

Одоо эрүүл ухаанаар бодъё... Өнөөг хүртэл, бидний 30 жилийн турш мөрөөдөж, тэмцэж ирсэн нөгөө л хоёрхон зүйл шүү дээ. АШИГ, УЛС ТӨР!.. СоёБүтҮ ч биш бүхий л салбарт!.. Тэгээд, үе үеийн нам засаг, зүс зүсний гадаад анд нөхдийн интернационалч ач тусын буянаар алиныг нь ч олж хүртсэнгүй. Өнөөгийн бидний байж байгаа царайнд АШИГ, УЛС ТӨР хоёрыг хэн ч бэлэглэхгүй. Тийм ЗАХ ЗЭЭЛИЙН НҮХ, ТЭЗҮ бидэнд байхгүйг бид хангалттай харлаа. Ялангуяа, оюуны чадамж шаардсан, Их Мөнгө эргэлдэж байдаг тэр СоёБүтҮ-гийн хар зах дээр!..

Соёлын салбарыг бизнесмен удирдахын дүн энэ л дээ. Соёлыг залуурдах нь гадаадын ТВ-ийн шоуг мөнгө төлж, хуулж тавихаас өөр юм. Фрэнчайз бол Соёлд дуслын төдий ч нэмэргүй, зүгээр л Бизнес. Яг л Пицца Хат шиг. Бургер Кинг шиг.

ТОМ ЗУРАГ нь ийм юм. Жижиг таталбарууд байна аа, байна.

4.2 ЗУРАГ АВАЛТ БА БИЕННАЛЕ

СоёБүтҮ ухуулагчдын олонтоо давтсан нэг зүйл бол Монгол оронд Холливудынхан кино зураг авснаар манай кино урлагт нэмэр болно гэсэн санаа байлаа. “Аватар”-ын зураг авсан нь Хятадын кино урлагт огтхон ч нөлөөлөөгүй төдийгүй “Хаадын дайн”-ыг авсан аваагүй Исландын кино урлаг өөрийн зам мөрөөр хөгжсөөр ирлээ. Аялал жуулчлалын ашгийг талаар бид ярихгүй гэсэн. Тэгээд ч, дагаад жуулчлал хөгжихөд, ядаад, онгоц нь хямдхан, очиход нь жорлон байх хэрэгтэй байх. Зураг авч байхад нь сод санаа олно гэж юу байхав, мэргэжлийн хүн бол гүйцсэн киноноос нь авах юм аа авч чадна.

“Ингэхэд, Анголын дүрслэх урлагийн талаар та юу мэдэх вэ?.. Яагаад мэддэггүй юм!!! Венецийн 55-р Биенналегийн “Алтан Арслан” шагналыг Анголын зураач Тино Сегал авсан шүү дээ! Ангол мөн ч сайхан улс юм аа!..” Ийм маягаар ямар нэг биенналед шагнал авах, ядаад, оролцох нь улс орны нэр хүндэд маш нөлөөтэй гэх үндэслэл танд хир үнэмшилтэй санагдаж байна?..

Мөн алдарт АСЕМ-ын чуулган манайхаас ч өмнө Лаос улсад болсон тухай та сонссон уу? Одоо л сонсож байгаа бол Лаос орноор бахархах сэтгэл төрж байна уу? Эсвэл лаосчууд хэр их мөнгө цохисон, тэд бүтэн үхэр шараад ясыг нь хэрзийлгэсэн болов уу гэх сониуч бодол төрж байна уу?

Ийм маркетингийн тоглоомд бид хэдий болтол оролцох юм бэ?

4.3 БАС НЭГ ЖОР

“Туурвих үнэт зүйлс маань зөрчилдөнө”, мөн “Ашиг, Улс төрийн тулаанд ялагдана” гэсэн гутранги нөхцөлд найдлагатай нэг жор бий. Тэр нь “Тэдэнд Тааруулж, тэдний Үнэт зүйл, тэдний “Хэлээр” Бүтээх!”...

Ийм маягаар амжилт олсон олон жишээ бий л дээ. Утга, найруулгын хувьд ядруухан Орхан Памук улс, үндэстнийхээ эсрэг бичсэн зүйлээрээ (“Цас” роман) Нобель хүртэж, өөрийг нь төрүүлж, нэр алдарт хүргэсэн исламын соёлыг шал дэмий юман дээр ёжилсон (“Шулмын шүлгүүд”) Салман Рушди насан турш нуугдаж амьдарч байна. Уг нь С.Рушдигийн өмнөх “Шөнө дундын хүүхдүүд” роман бол энэтхэгийн үй түмэн үндэстэн дотроос исламын шашинт Пакистаны ард түмний соёл, өвөрмөц ахуй, шинэ түүхийг гайхалтай гаргасан суут бүтээл билээ. Маш ярвигтай, нүсэр хэлтэй ч энэ нь, яах аргагүй, төрөлх үндэстнийх нь онцлогийн тусгал болсон уран сайхны шийдэл юм. Гээд “Амташсан хэрээний” үлгэрээр шороо тээсэн хүн дээ, Салман...

“Тэгэхээр, улс орноо муулсан, шүүмжилсэн бүтээл гаргаж болохгүй юу?..” Болно. Бүр, тэгэх шаардлагатай. Харин, нэг талаас, эх орон, ард түмнээ шүүмжилж, болж бүтэхгүйг нь илчлэх, ухамсрыг нь өдөөх зорилгоор дотооддоо зориулж бүтээх; (тэрийг нь хэн нэгэн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр гадаадад цацаж, бүр шагнал ч хүртээж болно. Жишээ нь, “Гулаг олтриг”) ба нөгөө талаас, анхнаасаа нэр хүнд, ашиг олох зорилгоор “фестивальд зориулж”, муучилсан , өө эрсэн юманцар хийх хоёр маш их ялгаатай. Яг л, нүд чих хоёрын хоорондох шиг асар их зайтай юм.

Ийм учраас “урвах” зорилго өвөртөлсөн Бүтээгчид алхам хийхээсээ өмнө бодно биз. Болж л өгвөл эх орноо “Гаагын шүүхэд өгчих” санаатан цөөнгүй болжээ. Энэ бол юу юугүй эцэг эхээ “911”-д ольдог шинэ Павлик Морозовуудыг бойжуулж байгаа тэр л ертөнцийн хаялга, түрлэг юм. Ер нь, шударга бус байдал, дарангуйлал, хүчирхийлэл яг ямар цэгт хүрвэл иргэн нь Төрөөсөө урвах эрх үүсэх вэ гэдэг нь өөрөө маргаантай асуудал. Үүнийг хойд хөршид болж байгаа үйл явдал ч харуулж байна. Явсан нь ч байна, үлдсэн нь ч байна.

1937 оны аймшигт хядлагын үеэр алтан ургийнхан болон ихэс лам нар буюу нийгмийн сор нь “Төрийн цааз юм” гээд хүлцэнгүйгээр хөгнүүлж байжээ. Ингэхдээ бид Төр ба Засаг, Эх Орон ба Засаг гэсэн ойлголтуудыг ялгах хэрэгтэй. Ямар ч Төр, ялангуяа, бага улсын хувьд, Тусгаар тогтнол, Соёлынх нь баталгаа байдаг. Засгаас урвах, тун онцгой тохиолдолд Төрөөс урвадаг юм байж гэхэд Эх орон, Эх Соёлоос урвах нь гэмт хэрэг. Ядаад, “ёс суртахууны”!.. Ялангуяа, Тусгаар тогтнол нь Үндэстэн оршихоос, Үндэстэн орших нь Соёлоосоо хамаардаг бидэн шиг эмзэг (эмзэг болгосон) улсын хувьд.

4.4 “ОЛГОЙ ХАГАРАВЧ...”

Тийм ээ, “тогоон дотроо”... Бузар булайгаа дотроо ярилцъя, хэлэлцье, гарц хайя. Тэрийг нь сонсох ёстой хүмүүс нь сонсдог бол уг нь сайн. Гэхдээ сонсохгүй байсан ч ярих ёстой, бүтээх ёстой, туурвих ёстой. Таны бүтээснийг хэн ч сонсохгүй, үнэлэхгүй байсан ч та бүтээх л ёстой, урлах л ёстой. Үнэхээр, Урлаачийн замыг сонгосон бол хувь заяа чинь тийм. Талхны мөнгөгүй байсан ч... Сонгосон бол сонгосон... Тэгж байж Ноосфер бүрдэнэ. Дэлхийн, Монголын.

XX зууны дунд үе хүртэл суут урлаачдаас хангалуун амьдарсан нь тун цөөн. Тэдний талыг нь бурхан болсных нь дараа л ойлгож үнэлсэн. Хувь заяа нь тийм юм. СоёБүтҮ-гийн зах зээл тийм юм.

Урлаач эх соёлоосоо урвахгүй байх бас нэг том шалтгаан бий. Та юу ч урласан бай сэтгэлгээний суурь нь төрөлх соёл тань, түүний үнэт зүйлс л байна. Саяхны том сонгуулиар том албанд өрсөлдсөн, нийгэмд соён гэгээрүүлэгчийн дүр төрхтэй нэгэн бээр “Монгол хэл бол философигүй хэл. Барууны хэл бол философитой. Тиймдээ ч монголоор нарийн юм илэрхийлэх боломжгүй” гэж ангайлгасан даа!..

Монгол хэлний баялаг сан, түүхэн өв, илэрхийлэх боломжийг, товчхондоо, монгол хэлээ мэдэхгүй түүнийг ойлгож болно. Мөн өөрийгөө гадаад хэл төгс мэддэг гэж төөрч явдгийг нь ч өрөвдөөд өнгөрье. Харин хүн бол ХЭЛЭЭР сэтгэдэг гэдгийг хэлэхгүй байх аргагүй. Шинжлэх ухаан ч, буддизм ч (тийм ч учраас юм хоосон чанартай) тэгж үздэг. Ихэнх хүн төрөлх хэлээрээ сэтгэнэ. Зарим нэг горилогч өөрийгөө гадаад хэлээр сэтгэдэг гэж тооцлоо ч хэчнээн сайн сурсан бай тэр хэлний унаган эзэмшигчээс нь илүү сэтгэж чадахгүй, ямар ч боломжгүй юм. Соёл бол яг тийм. Тэгэхээр, харь хэл, соёлоор сэтгэсэн Урлаач харласан олон монголын адил “хоккейчин”-ээс хэтрэхгүй. Ч. Галсан германаар БИЧДЭГ болохоос монгол хэл, урианхай соёлоор СЭТГЭДЭГ юм шүү.

4.5 ХЭЛ БА УРЛАЛ

Тийм ээ, бидэн дунд монгол хэлээ сайн мэдэх, мэдрэх хүн цөөхөн. Энэ нь XX зуунд монгол хэл удаа дараа яргад өртсөнтэй холбоотой. Уламжлалт гүн ухаан, бичгийн хэлний сэтгэлгээг агуулсан утга зохиолын өвийг устгасан, халсан, бичиг сольсон, модон орчуулгын нэр томьёо, хэл, сэтгэлгээ тулгасан гээд... Дор хаяад, мөнөөх горилогчийн анзаарснаар, барууны философийн нэр томьёог өөрсдийн уламжлалт гүн ухааны ололт, сэтгэцийн хэв маягийг тооцолгүй муйхраар орчуулж, хэрэглээнд оруулсан нь бидний сэтгэлгээний эвдрэл, хоцрогдлын нэг шалтгаан болсон юм. Угтаа бол, философид нэр томъёогоор өргөн хэрэглэгдэх Оюун, Ухаан, Ухамсар, Сэтгэхүй, Сэтгэл, Зориг гэх мэт монгол үгс нь өөр аль ч хэлнийхтэй бүрэн дүйхгүй онцлог утгатай. Орчуулгын алдаа, оноолтын буруугаас сэтгэлгээ буснисан гэсэн үг.

Бид гүн ухааны баялаг уламжлалтай, буддизмын философийн бүтээлүүдийг бүрэн монголчилсон, түүгээрээ сэтгэж чаддаг байсан үндэстэн. Дор хаяад, философийн “объект”, “субъект” гэх томьёололтой гайхалтай дүйх “онохуй”, “оногдохуун” гэсэн үгс бий. Мөн “теори”, “практик” гэсэн хослолд “эш”, “онол” гэсэн томьёолол дүйцдэг байсныг урвуулж хэвшүүлсэн (!)... гэх мэтээр сэтгэлгээг сандаачсан зүйл тун олон. (“Оно-” язгуур ямар чухал байна?!!...) Барууны хэвд бид өөрсдийгөө тааруулах биш, бид өөрийн хэвдээ барууны ойлголтыг тааруулж чадвал ч!.. “Мэргэд гарахын орон” гэх мэт алдарт сурвалжууд байж л байна.

Урлал, Хэл, Сэтгэлгээ ямар холбоотойг илэрхийлэхийн тулд л ийнхүү үлгэрийн гурав мэт “их санааллаа”!

4.6 БАРААН СЭДЭВ

Ийн өгүүлэх зуур “бараан сэдэв”-ийн асуудал босож ирнэ. Баримтат кинотой холбоотой нэгэн жишээ татваас асуудал маш ойлгомжтой болох юм.

1990-ээд Монголд цаг ид эргэх үеэр барууны зүсэн зүйлийн кино, ТВ-ийнхэн манай руу цувсан даа. Тэдэнд хаалттай байсан нууцлаг Монгол орны юм бүхэн сонин байлаа. Ёс заншил, хөдөөгийн ахуй, баяр наадам гээд олон сэдвийг өөрийн ертөнцдөө дэлгэн харуулсан кинонуудынх нь тал нь харин бидний аль муу муухайг матарласан үзвэрүүд байлаа. Траншейны хүүхдүүдээс авхуулаад гуйлгачин, хогныхон, архичин, ажилгүйчүүдийг бахтайяа буулган аваагүй барууны ТВ байхгүй. Монголын тухай одоо болтол тэр кинонуудаар л төсөөлдөг гэнэн бюргерүүд тун олон. Тэд ямар Ла Скалад Э.Амартүвшинг үзэх биш.

Бид өөрийн орноо муулж болох эсэх тухай асуудал ярьж байхад тэд БУСДЫН улс орныг муулахыг зорилгоо болгож байжээ. Дахин хэлэхэд, бараан сэдэв хөндөж болно. Харин чимхийн төдий ёс зүйтэй Урлаач бол гарц хайх, асуудлыг шийдэх, ядаад, сэтгэл ширвээдэж үүнийг хөнддөг. Харин дээрх киночдод бол хийсэн юмаа ямар нэг аргаар зараад дал модны дор биднийг шоолоод нарлах л чухал байсан. “Нэгдүгээрт ашиг” гэдэг СоёБүтҮ-гийн новшийн зарчим ийм юм.

Энэ хөгийн үзэгдлийн туурвилзүйн үндэслэл нь юу вэ? Аливаа урлагийн бүтээлийн амин сүнс нь драм байдаг. Гоожуур уран бүтээлчдийн бодож олж чадах драм бол “зөрчилт шинж” нь угаасаа өнгөн дээрээ байдаг бараан сэдэв юм. Энэ бол манайд яагаад алаан хядаан, хэрүүл хашхираантай кино олон байдгийн тайлал юм. Энэ киночид маань таг мулгуу хүмүүс биш л дээ. Тэд бусдын хийсэн “хэвийн” киног үзээд сэтгэл нь хөдөлж ширвээтээд, өөрөөр хэлбэл, драмыг нь, бүр далд драмыг нь мэдрээд байдаг. Өөрийнхийгөө үзэхээр таг чиг... Тэгэхээр нь л орилоод, зодолдоод, цус нялгадаад байхаас өөр юм бодож олж чаддаггүй. Манай киноны “нялхсын өвчин” энэ. Тэгээд л үзэгчид ямар ч орилоонгүй жирийн нэг кино үзэхээрээ бахдаад байгаа юм. Үзэгч бол байна гэсэн үг.

Бараан сэдэвтэй нэг айд, гэхдээ жингийн нөгөө тавагт байдаг зүйл нь увайгүй марзагнал юм. Гэрэл гэгээнээс сэдэв, туурвилзүй олж харахаа (хэргээр?) больсон нь барууны сэтгэлгээний хямралын нэг шинж нь билээ.

5. БИД ХААНА БАЙНА? ЯАХ ВЭ?

5.1 “ШҮЛЭГ МИНЬ, ХҮЛЭГ МИНЬ...”

“...Чи бид хоёрт Дэлхийн дэвжээ хэрэгтэй...” гэж 1960-аад онд нэг маань мөрөөдөж байжээ. Бүх Урлаачийн л мөрөөдөл. Харин бид өнөөдөр, ганц нэгхэн гоц үзэгдлийг эс тооцвол, тэр дэвжээнээс мөн чиг хол зайд цогьж явна. “Манай тамирчин тайван сэлж байна” гэж олимпын усан санд бусдаасаа тээр хол булхаж яваа нутаг нэгтнээ өхөөрдсөн манай спортын тайлбарлагчийн үг санаанд орж байна. Цохсон ёсоор, уран зохиол, киноны талаар л ярих болно. Ингэхдээ, орчин үеийн дэлхийд дүрслэх урлагийн дайны ярвигтай, дээд зиндааны үзэгдэл болчхоод байгаа яруу найргийг ч хөндөхгүй юм.

Монголын урлагийн хамгийн гол онцлох шинж нь ядмаг сэтгэлгээ. Цараагүй, гүехэн сэтгэлгээг дагасан тулга тойрсон, давтагдсан агуулга, үүнийгээ хулдсан нунж дорой, гэнэн, хуулбар хэлбэр. 1930-аад онд үүслийнх нь эхэн үед л байсан энэ шинж хөгжлийн хувьд 4-5 шат ахисан ч гол шинж нь хэвээр байсаар өнөөг хүрчээ. Мэдээж, энэ хооронд, уран зохиолын хувьд л гэхэд, богино хугацаанд төлөвшиж, тун чамбай бүтээл, бүтээлчдийг төрүүлж чадсан. Гэхдээ цойлсон нь 2-3 зохиолч, 2-3 роман л байна.

Энд дэлхийн түвшний хэмжүүрээр ярьж байгаа юм шүү. Тэрнээс их сургуулийн дипломын ажлын хэмжээний ололтууд бол олон байсан нь гарцаагүй. Бүхэлдээ монголын уран зохиолын сэтгэлгээ, бичлэгийн 1980-аад оны оргил түвшин дэлхийн уран зохиолын XIX зууны сүүл үе, зарим нэг талаар 1930-аад оныхтой эн зэрэгцэх юм. Энэ бол чамлахааргүй том амжилт. Ялангуяа, давтагдашгүй монгол шинжийг агуулж байдгийнхаа хувьд. Монголын шинэ уран зохиол бараг тэгээс эхлээд ердөө 30 орчим жилийн дотор үсрэнгүй хөгжсөн гэсэн үг. Гэхдээ мөнөөх ядмаг сэтгэлгээ нийт урлаг, ялангуяа, утга зохиолын гал тогоог тойрон багширч байсан үй түмэн тал бичээчдийн дунд ямагт оршсоор ирсэн билээ. Сэтгэлгээний энэ догол хаанаас үүссэн бэ?

5.2 ДОГОЛЫН ЭХЛЭЛ

Хамгийн жигтэй нь, энэ догол шинэ урлаг үүсэж, төлөвшиж эхэлсэн 1930-аад оноос угшилтай. Энэ үед нийгмийн аль сор болсон оюунт хүмүүсийг хядсан нь энэхүү доголын нэг том шалтгаан нь мөн. Гэхдээ үүнээс том шалтгаан нь туурвилзүйн сэтгэлгээний голч тэнхлэгийн солигдол. Хазайлт, эргэлт ч биш, өмнөхийг нь шууд сугалаад шаасан тэнхлэг. Дорнын үндэстний хувьд бид маш огцом баруунжсан гэсэн үг. Зарим талаар, “оросжсон” гэж болно. Гэхдээ Орос бол, хэдийгээр давтагдашгүй онцлогтой ч, барууны соёлын хүрээнд л багтана. Тэнхлэгийн ийм ОГЦОМ солигдлыг өөр аль ч соёл туулаагүй юм. I Петрийн Орос, Мейжийн Японтой жишиж болох ч тэнд нийт иргэншлийн хэмжээнд аажим явагдсан шинэчлэлт туурвилзүйг шууд хөндөөгүй билээ.

Туурвилзүй баруунжих үйл явц бидний хамгийн ойрын хөрш Япон, Хятадын уран зохиолд XIX-XX зууны заагийг дамнан 30 орчим жил үргэлжилсэн түүхтэй. Ингэхдээ бичгийн уран(!) зохиолын нийтийн өргөн хэрэглээтэй, өв сан, төрөл зүйлийн хувьд ч биднээс илүү баялаг эдгээр оронд уран зохиолын шинэчлэлт дотроосоо, зүй жамаараа явагдсан юм. Харин Монголын хувьд 1930-аад оны урлагийн шинэчлэлт төрийн шууд оролцоотойгоор, үзэл суртал, хувьсгалт хийрхэл, хуучныг халах гэсэн сөрөг давлагаа болон дэвшилтэт гэж болох дэлхийн чиг хандлагыг хэвшүүлэхийг оролдсон эерэг хандлага аль алиныг нь агуулсан эрчтэй довтолгооноор өрнөжээ.

Аман болон бичгийн утга зохиолын өмнөх уламжлал уран зохиолын сэтгэлгээний хэмжээнд бус зөвхөн хэлбэр, дүрслэлийн махбодын хувьд л ашиглагдаж, туурвилзүй бүрэн баруунжсан донсолгооныг бид туулсан юм. Чухам энэ донсолгооны инерц өнөөг хүртэл мэдрэгдсээр байгаа бөгөөд урлагийн бүх төрөл зүйлийн хэмжээнд уламжлалаас тэс ондоо туурвилзүйг хүлээн авсан цочроо бидний сэтгэлгээний доголыг үүсгэхэд нөлөөлсөн билээ.

Нүүдэлчдийн сэтгэлгээ барууны туурвилзүйтэй мөргөлдсөн гэж томьёолж болох энэ явц эерэг үр дүн олныг авчирсан ч сөрөг хандлага чирсэн нь цөөнгүй. Хөгжим зохиоход, дор хаяж, нот мэддэг байх шаардлагатай бол зохиолч болоход “бичиг үсэгт тайлагдсан байхад л хангалттай“ гэж тооцон урлагийн ”хамгийн амархан” энэ төрлөөр хөөцөлдөгсөд олноор төрсөөр өнөөг хүрлээ. Энэ нь “тооноос чанарт шилжих” үр дүн авчраагүй, тоо нь чанараа доош татаж, “сонгогчдын санал хуваах” нөлөөллийг одоог хүртэл үзүүлсээр байна.

Голч тэнхлэгийн өөрчлөлт ийм ярвигтай.

5.3 МЕЦЕНАТ ТӨР

Хэдийгээр “монгол” гэх онцлогтой, дэлхийн түвшинд хүрсэн бүтээл өнөө хир гаргаагүй ч монголын кино урлаг 1970-80 оны заагт өөрийн оргил үедээ хүрээд байсан юм. “Хань”, “Моторын дуу”, “Жаргал даахгүйн зовлон”, “Говийн зэрэглээ” зэрэг өвөрмөц бүтээлүүд гарч, эдний заримд италийн неореализм, францын “шинэ давлагаа”-ны элементүүд хүртэл, 15-25 жилээр хождоод ч хамаагүй, нэвтэрч чадаад байлаа. Энэ ололтдоо тулгуурлан монголын кино урлаг дахиад нэг алхахад дэлхийн хэмжээний бүтээл төрүүлэх магадлалтай байсан юм. Яг энэ үед киноны салбар төрийн дэмжлэгээ алдсан билээ. Тэр үед ч, өнөөдөр ч, кино урлаг монголын нөхцөлд төрийн дэмжлэггүй явах ямар ч боломжгүй ярвигтай салбар хэвээрээ байсаар.

1980-аад он бол, ерөөсөө, монголын нийт урлагийн оргил үе юм. Ердөө 40 орчим жилийн хөгжлийн хугацаанд (тэгээс эхлээд!) утга зохиол, хөгжим, сонгодог урлаг, театр, дүрслэх урлаг дэлхийн түвшинд их бага хэмжээгээр дөхөж, дотоодын хэрэглээгээ бол бүрэн хангаж чадаж байсан билээ. Харин энэ ололтод туурвилзүйн жам ёсны хөгжил, СоёБүтҮ-гийн зах зээлийн зарчмаар хүрэх ямар ч боломжгүй байсан нь гарцаагүй. XIX-XX зууны зааг дахь дэлхий дахины урлаг, ялангуяа, сонгодог урлаг, дүрслэх урлагийн хөгжилд онцгой нөлөөлөл үзүүлсэн хүчин зүйл бол меценатууд байлаа. Социалист эриний урлагийн үсрэнгүй ололтыг хангагч нь Меценат Төр байсан юм.

5.4 НЭГДҮГЭЭРТ, ҮЗЭЛ СУРТАЛ

СоёБүтҮ-гийн “Ашиг, Улс төр” гэсэн зарчмын эсрэг Социалист Меценат маань “1-рт, Үзэл Суртал, 7-рт Ашиг” гэсэн лоозонтой байлаа. Үзэл суртлын шаардлага, цензур нь урлагийн хөгжлийг хамгийн их боомилж байсан нь мэдээж. Гэхдээ, нөгөө талаар, энэ нь бас Чанарыг хангаж байсан юм. Учир нь, СоцМеценатын зарчимд “2-рт, ЧАНАР” байсан билээ. Энэ зарчимд хамгийн “хөгжилтэй”, бас хамгийн их хөрөнгө оруулалт зарцуулж, дор хаяж, 50 жилээр харсан бодлогын дагуу хэрэгжүүлж байсан бас нэг заалт нь “3-рт, БОЛОВСРОЛ” байсан билээ.

Гэрээсээ холдож үзээгүй таг хөдөөгийн үрсийг хэдэн мянган бээрт “цөлж”, боловсруулж байлаа. Гэрээ санасан тэд шүлэг бичиж эхэлснээр Монголын яруу найраг дэлхийд хамгийн их эхийн тухай шүлэгтэй болсон тал бий. Гэхдээ Тэд Шинэ Монголын хөгжлийн Тархи болсон юм.

Яах гэж С.Гончигсумлаа тэргүүт өтгөс 1950-иад онд мэргэжлийн хөгжмийн боловсролын тогтолцоо бий болгохын төлөө үхэн хатан зүтгэж, яах гэж 1960 онд хэдэн хүүхдийг шар махтай нь хатаан балетын сургуульд хойшоо цөлж, яах гэж муу нэрт С.Филатова 1970 онд ХБДС-д ганц сайхан концертын заал бий болгохын төлөө хуруу хумсаа хугалж, яах гэж хөгжмийн түшмэд эрсдэл үүрэн Анхны Язгуур урлагийн наадам зохион байгуулж, яах гэж 1980-аад онд 24 утастай ятга, хачин жигтэй Эвэр бүрээ, лэнтгэр Их Хуурын сургалтыг махран махран эхлүүлж, яах гэж Багшийн дээдийн Дуулаачийн тэнхим муурын байшинд толгой хоргодож байсан юм бэ?

Ингэснээр, япон солонгосчууд нусаа татан, улс гэрийнхээ шороон даланг босгож байх 1960-аад онд Ц.Пүрэвдорж Их Театрын тайзнаа хүнгэнэж, 1970-аад онд Ю.Оюун, А.Ганбаатар нар дэлхийн хэмжээний балетын одууд болж байлаа. Ингэснээр, өнөөгийн монголын урлагийн дэлхийд зөвшөөрөгдсөн бараг цорын ганц үзэгдэл Э.Амартүвшин дэлхийн тайзыг эзэгнэж байна. Э.Амартүвшин бол 100 хувь монголын дуулаачийн дэг сургуулийн бүтээгдэхүүн.

Өнөөдөр Монголын нэрийг тахалж яваа, 1990-ээд оноос эхтэй “Эгшиглэн” тэргүүт язгуур урлагийн олон хамтлагууд, домогт Монгол Улсын Морин хуурын Чуулга гээд бүгд мөнөөх л боловсролын тогтолцоо, бүр тодруулбал, Монгол Улсын Консерваторын бүтээгдэхүүн юм. Тэр бүү, хэл барууныхныг “Хүү, Хүү” орилуулж байгаа тэр залуус ч Консерваторын бүтээгдэхүүн. Архитектор, цөмийн физикчийн мэргэжилтэй рокерууд байхаас консерваторын боловсролтой рокер гэж дуулаагүй юм байна.

Энэ бол 30 жилийн дараа үр дүнгээ өгч эхлээд, 70 жилийн дараа ч шимийг нь нийгэм хүртсээр байдаг Меценат Төрийн холч бодлого, түүнийг чиглүүлэгч соёлын зүтгэлтнүүдийн гавьяа юм. Тэрнээс, доллар хайнгаа үрж, даашинз дэрвүүлэн хэсүүчлэхийг бол сэрүүн зүүдэлсэн бадар гэх бөлгөө.

Ер нь бол сонгодог урлагийн мэргэжлийн боловсролын тогтолцоог бий болгосон социалист төрийн энэ бодлого бол монголын түүхэнд оюуны салбарт хийгдсэн хамгийн том Бүтээн байгуулалт юм. Шинэ цагийн Засаг үүний 10 хувьтай ч тэнцэх ямарваа нэг компанит ажил хийхийг ч оролдсонгүй.

Түүхэн дэх өөр нэгэн оюуны том хувьсгал бол Өндөр Гэгээн Занабазарын залуурдсан XVIII зууны Соёлын Сэргэн Мандал байсан билээ.

5.5 ҮҮСМЭЛ АРДЫН УРЛАГ

Барууны академик хөгжмийн туурвилзүй харин бидэнд сонин гажуудлыг үүсгэсэн байдаг. Жишээгүйгээр хаачих вэ дээ...

Дэлхийн энд тэнд ардын урлагийн наадмууд болно л доо. Ертөнцийн өнцөг булан бүрийн гацаа тосгоноос ирсэн эгэл “уран сайханчид” гол төлөв жижиг бөмбөр, модон цохилуур, үсрээд бишгүүрээр “дон дон” эгшиг үүсгэж, “намс намс” бүжиглэнэ. Яахын аргагүй тэдний язгуур ардын урлаг. Маш өвөрмөц гоо зүй, унаган урлагийн сэтгэлгээ нь мэдрэгдэнэ. Гэтэл монголын урлагийн мастерууд яг л Чингисийн хүлэг морьтнууд шиг тачигнатал давхин ирж, хүрхрэн шуугиулж, хуй салхи шиг хуурдан, хулан жороо шиг таварган бүжиглээд хамаг медалийг нь хамаад алга болно. Тэдний хүчирхэг эгшиглэн нь олон хөг, академик найруулга, виртуоз гоцлолоор нэвт цоргино! Консерваторын боловсролоор зодчихож байгаа юм.

Хөөрхий өрсөлдөгчдөөс гэнэн хэд нь “Хай яа, монголчууд Хүннү, Сүннүгээс л ийм эгшиглэн, ийм хамтлагуудтай байж” гэж санаа алдана. Арай дөнгүүр нь “Хүнд жингийнхэн!” гэж хөмхий зуугаад үлдэнэ.

Бид ийм ахисан түвшний, үүсмэл ардын урлагтай болчихжээ. Ардын урлагийг хөгжүүлж болохгүй гэж байгаа юм биш. Харин тийм эрэл хайгуулыг “Үндэсний язгуур урлагт тулгуурласан орчин үеийн хөгжим бүжгийн төрөл зүйл”-д хамааруулахаас биш ардын, ялангуяа, Язгуур урлаг хэмээн төсөөлж болохгүй юм. Язгуур урлаг СОНГОДОГ учраас хөгжихгүй, унаган төрх, дэгээрээ ХАДГАЛАГДАХ ёстой.

Яг л баруун нутагт хот айлд бүжиж байгаа биелгээ, хайлж байгаа тууль, төв бүсэд нутгийн дэгээр өвлөгдсөн уртын дуу шиг. Академик сургалт энэ өвийг хадгалж, өвлүүлж байгаа нь үнэн ч боловсруулж, гажуудуулж байгаа нь бас үнэн.

Та бүхэн агуу Н.Норовбанзадын “Уяхан Замбатив”-ийн 1964 оны бичлэг (нэр нь хүртэл энүүгээрээ байгаа) өнөөгийн бидэнд дасал болсон дуулалтаас ямар өөр байгааг мэдэх байлгүй дээ. Тэнгэр газар шиг ялгаатай. Тиймдээ ч, дуучны маань сүүл цагийн хувилбар “Тэнгэр өөд гараад явчихлаа” гэсэн үнэлгээтэйгээр домог болж үлдсэн. Харин 64 оны бичлэгт тэнгэрт цоройгоод байх юм огт байхгүй, тэнүүн талдаа уул толгод бүрийг дэллэсээр хязгааргүй алсад одох чивчрээ л бий.

5.6 БУТАФОР МОНГОЛ

Яг үнэндээ, бидний олонх нь уртын дуугаа 1992 оны МИАТ-ын сувенирын бичил CD-нд зориулж бичсэн электронжсон Н.Норовбанзад, Цахиур Төмөрийн “Эр бор харцага”-аар л төсөөлдөг. “Хэрлэнгийн барьяа” ч юм уу, “Түмэн эх”-ийг бүтнээр нь монгол гэрт, боржигин найран дээр, Ж.Дорждагва гуайн хэлснээр, агсам согтуу тавьсан хүнийг “ДУУГҮЙ БОЛТОЛ НЬ” дуулж чадах хоолой хийгээд сэтгэлгээний бяд, ахуйн орчин нөхцөл, хэрэглээ нь амьд оршиж байж л уртын дуу өвийн хувьд утга төгөлдөр, амьд оршино. Бусдаар бол зөвхөн Төсөөлөл төдий л зүйл үлдэнэ.

Бидний Монгол Мөн Чанарын тухай Төсөөлөл аль хэдийн гажуудсан. Бид Монгол гэдгийг өнгө алагласан торгон дээлтэй, өтсөн мэт дороо займчин биелэхчээн аядан, дарвайн инээх эмс, өөх тос завжаараа цувуулан паржигнатал хөхрөх, (эсвэл хөмсөг зангидаж хүрлийсэн) архайж дархайсан гүзээтэй баатруудаар төсөөлдөг гоо зүйтэй болжээ. Баатар эрийг кинонд дүрсэлдэг орос школын үлдэц л дээ. Ер нь ч, Шукарь өвгөн, Буутай хүн, Ордны салбадайн үхширмэл шаблон дүрүүд алхам тутамд хөглөрнө. Уг нь, усч Дэнзэн, галзуу Бумаа, Өндөр Ээж, өвгөн шувуу Жав бол монгол төрх.

Явж явж, бидний пайпүйлдэг Өвөр Монголын “Чингис” дээрх навсархай монгол чинь илүү МОНГОЛ шүү. Даагь тос болсон саалийн дээлтэй бүсгүй, энгэр нь нустай баривчтай хүү ч МОНГОЛ!

Үүсмэл, үүсмэлийн үүсмэл урлагаа хөгжөөсөөр, түүндээ итгэж, төсөөлөл үүсгэсээр бид монгол дээлийн утгыг алдуулсан түмэн загвар шигээ, эрээн мяраан, хямдхан торго мэт, сагсуу, баярхуу, багт наадамд шаагилдсан БУТАФОР төрхтэй үндэстэн болжээ. Жуулчдад зориулсан СоёБүтҮ-гийн Гоёлын бараа төдий!

5.7 ӨӨРИЙНХ НЬ ХОМООЛООР...

Энэ бичвэрийг “баруунд дургүй, үзэн яддаг” хүн таталжээ гэж зарим нь бодох байх. Үгүй ээ. Миний бие Илиадагаас аваад трэш-металл хүртэлх барууны соёлын буман өвийг мэдэрч, судалж, хүндэлж, түмэн бүтээлийг биширдэг билээ. Өнөөгийн ертөнц энэ соёлын цогцлоосон хөгжил дэвшил дээр тулгуурлаж байгааг ч бүрэн ухамсарлана. Дор хаяад, тэдний бүтээсэн цахим төхөөрөмжөөр үүнийг бичиж, цахим сүлжээнд нь тавьж байна.

Өнөөдөр бид урлаг, соёлын ямар ч бүтээл туурвисан бай барууны тогтоосон туурвилзүйн зарчмаар бүтээж, хүлээн авч, үнэлж байгаа юм. Бүр 100 хувь үндэсний онцлогтой туурвисан ч... Тэр бүү хэл, 1000 жилийн өмнө зохиогдсон Япон, Хятадын уран зохиолыг бүтээгдсэн нөхцөл, унаган үүргийг нь харгалзалгүй мөнөөх л системээр үнэлж заншсан гэсэн үг. Үүнд, Өндөр Гэгээний Ногоон Дарь эхээс авхуулаад монгол соёлын өв ч хамаарна. Нэгдүгээрт, энд нэг “Но” байгаа биз?..

Нөгөөтээгүүр, хэрэв Тэд соёл, үнэт зүйлийнхээ тэнхлэгийг өөрчилж байгаа юм бол Бид ямар хариу арга хэмжээ авах вэ, яаж Тэдэнтэй өрсөлдөх вэ, яаж үндэстний хувьд Тэсэж үлдэх вэ гэсэн эрэлд л гарсан төдий юм. Чухам ийм л учраас ийнхүү дэндүү нуршсан, сүгсэлзсэн үгсийг цувууллаа. Харин одоо, энэ хүртэл залхуу нь хүрээгүй хамт байсан уншигчдадаа гол санаагаа хүргэе.

Товчхондоо, Бид урлагийн сэтгэлгээ, туурвилзүйн зарчмын, болж өгвөл, Цоо Шинэ, болохгүй бол, Тэдний хазайлгасанд Засвар хийсэн Голч Тэнхлэг – Парадигмээ сэргээн босгох ёстой юм. Энэ нь Тэдний туурвилзүйгээр хулдаагүй Язгуурын Язгуураараа гөрсөн, Дорныг тэмтэчсэн Эрэл Бэдрэл байх ёстой. Хөгжмийн салбарт л гэхэд энэ эрлийн суурь тавигдсан (Н.Жанцанноров “Монгол хөгжмийн эгшиг – сэтгэлгээний онолын утга тайлал”) бөгөөд үүнийг хачирхалтайгаар удтал үл анзаарч байна гэж үзэж байна. Чухам ийм учраас л ардын, язгуур урлагийн хувьд бид цочир “баруун радикал” байр суурийг илэрхийлсэн билээ.

Бүр том мөрөөдвөл, бидний цогцлоосон шинэ туурвилзүй Эзэн Чингисийн тогтоосон дэлхийн шинэ хэв маяг ертөнцийн түүхийг өөрчилсөн шиг даяарын нөлөөтэй байх юм. Энэ эрэл хайгуул барууны соёл, туурвилзүйг тултал нь судалж, өөрсдийгөө соён боловсруулах үйл явцтай зэрэгцэх ёстой билээ. Судлаачдын хувьд, Урлаачдын хувьд, Үндэстний хувьд. Тэгж байж бид Тэдний түвшинд хүрч, улмаар давна.

“Өөрийнх нь хомоолоор өөхийг нь шаргаах” гэж айхтар харгис монгол үг байдаг байх аа?..

5.8 СОЁЛЫН ДИВЕРСИ БА СОЁБҮТИ

Бид “Ашиг, Нэр хүнд” мөрөөдөн гадагшаа хандах биш дотооддоо төвлөрч, өөрсдийгөө боловсруулан, туурвин бүтээснээрээ бусдыг гайхшируулж, илүүрхэхийг оролдох биш тийм хэмжээний бүтээл туурвиж чадах оюунтантай, тэднийг бойжуулж чадах өвөрмөц соёл, ёс суртахуунтай үндэстэн болохыг нэн түрүүнд эрмэлзэж, цаг алдалгүй эхлэх ёстой.

СоёБүтҮ-гийн ухуулагчдын хамгийн их давтан улигласан бас нэгэн зүйл нь “Орчин үеийн залуус өөр болсон, тэдний сонирхол, сэтгэхүйд таарсан бүтээл хийнэ” гэдэгт чиглэсэн байлаа. Яг үнэндээ, “Z үе” гэдэг үлгэр нь үр хүүхдээ гар утсанд даатгаад 10 жил хаячихсаныхаа дараа танихаа байчихсан залхаг эцэг, эхчүүдийн бодож олсон томьёолол юм. Миний 4 хүүхэд лав 40 жилийн өмнөх над шиг л монгол хүүхдүүд байна. Хүнд болон цаг үедээ тааруулж бүтээл туурвидаг байсан бол А.Вивальди, Л.Бетховен, Ж.Жойс, Д.Нацагдорж, Ф.Кафка, А.Тарковский нар хэзээ ч төрөхгүй байсан билээ. Харин ашиг олохын төлөө хүнийг малд тооцож, малд зориулсан бүтээлч үйлдвэрлэл эрхэлбэл малын тоо л улам өснө. Өсч ч байна.

Дэлхий дахин дайны байдалтай он удаан жил боллоо. Энэ гибрид гэгдэх дайнд бид ялагдсаар 30 жил өнгөрчээ. Энэ дайны сөргөлдөгсдийн аль нэг талд нь бид орох шаардлага ч үгүй, биднийг гал тогооны цэргээр ч тоож авах амьтан байхгүй. Тэгээд ч бид дотооддоо гаднаас өдүүлсэн жинхэнэ гибрид иргэний дайны байдалтай байна. Энэ дайнаа нэн түрүүнд зогсоож, зэвсгээ хураалгах хэрэгтэй.

Харин оюуны талбар дахь дэлхийн дайнд бол бидний хийж чадах зүйл нь партизаны дайн. Дотроо боловсорч, үндэстнээ цэгцлэнгээ үе үе Э.Амартүвшин шигээ дайчдаар соёлын диверси хийж цочроох тактикаар. Ер нь бид, дор хаяж, 10 жил өөрсдийгөө боловсруулснаар 20 жилд нэг тод зохиолч, 10 жилд нэг боломжийн кино төрүүлэх л нөөцтэй юм.

Соёл бол зөөлөн хүч мөн. Гэхдээ Монгол орны нэр хүнд, хувь заяанд санаа тавих Засаг энэ цагт гараагүй, цаашид ч нэг хэсэг гарахгүй. Хүрэл зэвсгийн үедээ гацсан энэ Засаг ч тэр. Тэгэхээр, “1-рт, Язгуур Соёл, 2-рт Боловсрол, 3-рт Бүтээл” гэсэн зарчимтай шинэ туурвилзүйг бид өөрсдөө цогцлооно.

“Бид” гэж хэн бэ?.. Энэ хүртэл энэ үглэлийг тэвчээртэй уншсан Та... Салбар салбар бүрийн сартваахь, өрлөгүүд бодлоо цэгцэлж, уралдуулан, цаашдын зам мөрөө тогтоон, үндэстнийг соён боловсруулах ажлаа эхлэх юм. Мэдээж, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Босгоно. Бас Засгаас шаардаж болно. Шалдар булдар кино хийх 1 тэрбум төгрөгөөр л гэхэд зөвхөн утга зохиолын гэгээрэл, сургалтын чиглэлээр асар их зүйл хийж болно.

Бид Өндөр Гэгээний эхлүүлсэн Соёлын Сэргэн Мандлын XVIII зуунд монголчууд “Эзэн Чингисийн догшин аргын үеэ дотроо хурааж, билгийн ичээндээ орж”, Тусгаар Тогтнолоо зөгнөн хүлээсэн шиг Үндэстнийхээ хувьд билиг оюунаа дахин цэгцэлж, өнгөрсөн, одоо цагийнхаа мөн чанарыг шинээр таньж, Язгуур Соёлдоо тулгуурласан Шинэ Туурвилзүй, Шинэ Сэтгэхүйгээ боловсруулан бүгэх цаг дахин иржээ.

СоёБүтҮ биш СоёБүтИ - Соёлын Бүтээлч Ичээ!..

6. СОЁЛ БА ХООЛ

Монголчууд бидэнд Хоолны Соёл гэчихмээр зүйл, үнэндээ, байхгүй. Бүү агдганагтун. Уламжлал, заншил, цээр бол бий. Харин соёл үгүй юм.

Нүүдэлчин монгол эзэгтэйд цай чанах гэж, аягалах гэж, уухаар бэлдэх гэж, уух гэж, ууснаа илтгэх гэж хагас өдөр зарцуулах зав байхгүй. Монгол эзэгтэй орж гарах, босох суух зуураа тогоо шанага угсраад мөчийн дотор гайхалтай цай чанаж чадна. Бүр хийцтэй.

Дэлхийн хоолны соёлын мөн чанар бол ядуу зүдүү нь хааяахан олдох загасны махаа, баян тансаг нь тахиа, гахайныхаа огт амтгүй махыг хүн идчихээр зүйл болгохын төлөө зүсэн зүйлээр амталж, хуурч, шарж, дарж, аргалах эрэл хайгуулаас нь үүдэлтэй. Бас хорхой, шавж, мэрэгчдээс бага ч атугай уураг олж авах эрмэлзлээс.

Харин монголчуудын махны амталгаа огт өөр зарчмаар явагдана. Дөрвөн улирлын турш соргог бэлчээр дагасан их нүүдэл монгол малын махыг дээд зэргээр амтална. Тэр махыг сонгино байтугай давс ч үгүй идэж болно. Худлаа гэвэл шинэ хонины юм уу, үхрийн махыг балга шөл гарахаар тооцож хар шөл хийж уугаарай.

Цагаан хоолтон хүний бодгаль сонголтыг би хүндэтгэнэ. Гэхдээ цагаан хоолтон монгол хүн бэрх хэцүү өвчинд нэрвэгдээд хэвтэрт байхдаа шинэ хонины балга бор шөл ооччихвол, тэнхээ ороод дахиад хэзээ ч махыг муулахгүй гэдэгт би бас итгэнэ. Харин мах иддэгээс болж дэлхий дулаарч байна гэвэл зөвшөөрөхгүй. Энэ буурал цэнхэр гариг маань үе үе л халж, хөрж, бүр мөстөж ирсэн, тэр бүр нь геополитикт нөлөөлж байсныг, ядаад, Л.Гумилёваас уншаарай.

Мах идсэн хүн ууртай, догшин болдог гэнэм. Буддизм уурыг “хүссэн нь биелээгүйгээс үүдэлтэй” гэж үздэг. Уур бол базаахгүй зан. Гэхдээ ӨӨРИЙН гэсэн Хүсэлтэй, Бодолтой байна гэдэг муугүй.

Бид хүний сониуч зангаар тансаг хачиртай цацагт хяруул – сонгодог урлаг, халуун чинжүүтэй тахиа – рок, өтгөн сүмстэй мантуутай гахай – бус үндэстний язгуур урлагт шимтэх нь хэвийн үзэгдэл. Харин  нарийн ногооны хилийн гацаанаас болж хямардаг үндэстэн байж болохгүй.

Огт сүү, цагаан идээ хэрэглэдэггүй гэр бүлд өссөн монгол хүүхдэд сүү боловсруулах фермент нь алга болсон тухай судалгаа байна. Зарим үндэстэн генээсээ тийм ферментгүй байдаг юм.

Соёл бол, дор хаяад, Хоол юм. Мах юм.

 Баатарын Бадрал
2022 оны 1-5 сар
Улаанбаатар

P.S: Энэ бичвэрийн санаа энэ оны 1 дүгээр сард төрж, төлөвлөгөө нь гарсан билээ. Түүнээс хойш дэлхий дахинд огцом хурц үйл явдлууд өрнөлөө. Дэлхий ертөнцийн хэв ёс өөрчлөгдөх нь гарцаагүй байна. Харин энэ нь бидний хөндсөн асуудлын хувьд аз, эз алиныг нь авчрахыг бүү мэд...

Түр хүлээнэ үү...
Top