САБАХАТТИН АЛИ: АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА
2017-12-27 Ц.Ариунсанаа 2066

XX зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг Сабахаттин Алигийн 1940 онд туурвисан зохиол “Арьсан хүрэмттэй Мадонна”. Тухайн үед улс төрийн шахалт хавчилгын талаар ихээхэн шүүмжилж зохиолоо бичдэг байсан Сабахаттин Али, харин энэ зохиолдоо “Оршихуйн хийгээд амьдралын мөн чанарын асуудал, нийгмээс гадуурхагдаж ганцаардсан хүний дотоод сэтгэл”-г тод томруун дүрсэлсэн гэж үздэг байна.

Турк улсын Анкарад Расымын хэмээх залуу, өөрийн хүндлэн бишрэх болсон Райф Эфэнди хэмээх хүнтэй хэрхэн танилцсан, ямар сэтгэгдэл төрүүлж, хоорондоо санаа нийлж хэрхэн дотносох болсон талаар зохиол эхэлнэ. Райф Эфэнди бол нас хэвийсэн, буурь суурьтай, гадаад гэхээс дотоод ертөнцдөө амьдардаг, тэнд нь ямархан дурсамжууд буй бол? гэхээс сонирхол татам тийм хүн байлаа. Харахад энгийн л нэг нас хэвийж яваа эр. Гэвч түүний дотор сэтгэл яагаад ч юм нэг л тийм баялаг.

Райф Эфэнди угаас сэтгэлийн гүндээ тухлан, алив зүйлд чимээгүй л, өөрийн бодолдоо итгэж амьдардаг хүн байлаа. Нас хэвийж, бие нь сул дорой болсны дээр, нэгэн орой давчидсан сэтгэлдээ халууцан алхаж явахдаа хүйтэн салхинд цохиулж хатгаа тусан хэвтэрт ордог. Байдал бишдэж эхэлснээр, Расымын Райф Эфэндигээс сэтгэлийн гүндээ нууж буй тэр зүйлээ надтай хуваалцаач! хэмээн хүснэ. Райф Эфэнди удаан хүлээсэн цаг хугацаа нь дөхөж явааг мэдэрч буй учир, өөрийн сэтгэлд тээглэн буй тэр бүх зүйлсээ бичсэн нэгэн дэвтэрийг, галд шатаах гэж байснаа болин залууд үлдээнэ.

Ингээд зохиол маань цааш хөгшин Райфын залуу насны дуртгалаа бичсэн хар хавтастай дэвтэрийн эхний хуудаснаас: 1920-оод онд бага зэргийн эмэгтэйлэг ч гэмээр, нүдэнд дулаахан, гил хар үстэй Райф Эфэнди хэмээх залуу эрийн Туркаас Берлинд ирээд, зураач бас бүжигчин Мариа хэмээх жүүд бүсгүйтэй учирч буйгаар өрнөнө дөө..

Айж, эмээж, бодол санааны түгшүүрээ нуух гэж бардам загнаж байх тэр хооронд хүний амьдралд, хичнээн боломж алдарч байдаг бол?

Райф гэдэг хүний зан чанар өөрөө дотогшоо чиглэлтэй, өөрийн айдас, түгшүүр, баяр бахдал, түүнтэй холбоотой бодол санаагаа бүгдийг нь дотроо хадгалж явдаг. Эргээд бас тэр дундаа төөрдөг хүн. Харин түүнтэй учирсан Мариа бол Райфын яг эсрэг, зан чанар нь илүү гадагшаа. Тэр бүсгүй өөрийн бодол санаагаа буруу, зөв байх эсэхээс санаа ер зовдоггүй болов уу гэмээр. Угийн хүнлэг чанарыг эрхэмлэж, явдаг тэр бүсгүйд Райф ч таалагдана.

Гэхдээ л ямар ч хайр дурлалын харилцаа угаасаа л хэцүү байдаг хойно.

Энэ хорвоо дэлхийд өдөрт хичнээн сая хүн төрж, хичнээн сая хүн үхэж байгаа билээ. Тэр дундаас нэг нэгнээ олж учраад, хоёул нэгэндээ татагдана гэдэг нэг төрлийн огтолцож буй боломж ч юм шиг. Гэвч хайр дурлал гэмээн тэнгэрт нисэж яваа Амор бурхан эр, эм хоёрыг харваад л болчихдог зүйл биш билээ. Ирээдүй юу болох нь мэдэгдэхгүй амьдралд өөрийн хувийн айдас, эргэлзээ, учрах бэрхшээлийг даван даван хамт байхыг чухалчлана гэдэг ч бас л амар юм биш шиг байгаамаа.

Харин энэ зохиолд Райф, Мариа хоёр хайр дурлалынхаа төлөө бусдадтай биш, харин өөр өөрсөдтэйгөө тэмцэж буй тухай өгүүлнэ.

Бодол зөв үү? Мэдрэмж зөв үү? Аль нь чухам үнэн бэ?

Энэ номыг уншиж дуусгаад тэр орой би, Shangrilla-гийн нэг давхарт шинээр нээгдсэн үзэсгэлэнг очиж сонирхсон юм. Наранцацралт хэмээх Германд ажиллаж, амьдардаг Монгол эмэгтэй өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэн дээрээ өөрийн нэг зургаа тайлбарласан ийн тайлбарласан билээ.

Тэрээр хэлэхдээ :

Энэ зурагт, тагтаагаар хүний хүсэл мөрөөдөл, учрах боломжуудыг илэрхийлсэн. Хүн түүнийгээ амандаа зуусан байдаг хэдий ч , чихэнд шивнээд байдаг бодол санаандаа хүлэгдээд юу ч хийж чаддаггүй.

Түүний үзэсгэлэнгийн нэр “Дөрвөн улирал”. Бидний энэ яаруу, сандруу өдөр хоногууд, чөлөө завандаа утсаа ширтэж, дэргэдэх хайртай дотны хүмүүстээ ч сэтгэл гаргаж, цаг заваа зориулж чаддагүй амьдарч байхад, дөрвөн улирал ээлжлэн, ээлжилж, улиран улирсаар байдаг тул үзэсгэлэндээ Дөрвөн улирал гэдэг нэрийг өгсөн гэж хэлж байсан.

Монголдоо, Германд ч, хайртай дотны хүмүүстэйгээ байхдаа, эсвэл ганцаараа зурагаа зураад, ажлаа хийгээд сууж байхад надад яг л “Загас усандаа л байна даа” гэмээр тийм мэдрэмж төрдөг. Яг л зөв газраа байгаа юм шиг. Тийм мэдрэмжээ, өөрийгөө сонсож байгаарай гэж мөн хэлсэн билээ.

Зураач хүмүүс бас л мэдрэмжтэй улсууд байдаг даа. Арьсан хүрэмтэй Мадонна зохиолын Райф ч зурагт дуртай, өөрөө ч авъяастай, Мариа ч мөн зураач. Тэд тэмцэлд ялж чадсан болов уу? Номноос нь үргэлжлүүлээд уншаарай.. Юу ч гэмээр юм бэ дээ, амьдрал биднийг хүлээхгүйгээр мөнхийн хөдөлгөөнд цутгагдана. Тэр хооронд хүлээж суугаа боломж, хүсэж суугаа мөрөөдөл ч мөн үйлдэл хийж, барьж авч чадахгүй бол мөн л урсаад өнгөрөх нь үнэн юм даа…

Түр хүлээнэ үү...
Top