Орчуулагч Дамдинжавын Алтанцэцэгийн орчуулсан Мүшянокоожи Санэацү “Андын сэтгэл”, Нацүмэ Соосэки “Сэтгэл” романыг уншиж сонирхлоо.
Нацүмэ Соосэкийн зохиолуудаас хамгийн анх “Боччан”-ыг уншиж байсан. Тэрээр зохиолынхоо дүрээ уншигчдад нэгд нэгэнгүй, учир шалтгаантайгаар илэн далангүй тайлбарлаж, өгүүлдэг нь надад нэн их таалагдсан билээ. Сэтгэл дээрээ ч мөн адил дүр бүрийн сэтгэлийн үүх түүхийг, үйл явдалд хандаж буй хандлагуудыг нь нэг бүрчлэн тоочиж харуулсан нь бас л таалагдав.
Тагтаа паблишингийн танилцуулга дээр ийн өгүүлжээ :
Анхлан Японы өдөр тутмын “Асахи Шинбун” сонинд цувралаар нийтлэгдэж байгаад хожим нь ном болон хэвлэгдсэн эл зохиол алдарт зохиолч Нацүмэ Соосэкийн гол бүтээлүүдийн нэг билээ. Кокоро хэмээх үгийг орчуулваас аливаа зүйлийн сэтгэл, мэдрэмж тэргүүтнийг нэрлэнэ. Мэйжийн эриний уламжлалт нийгмээс орчин цагийн Япон орон болж хөгжих их шилжилт, хөдөлгөөний үед эмэгтэйчүүдийн нийгмийн үүрэг хариуцлага хэрхэн өөрчлөгдөж, гэр бүлүүдийн улс нийгмийн дотор эзлэх байх суурь, хамтач үзлийн эсрэг хувь хүний өөрийгөө мэдрэх хэрэгцээ шаардлага ч яажшуу өөрчлөгдөн хувьсаж буйг дүрслэн үзүүлэхийн зэрэгцээ мөнхүү хувьслын дунд жинхэнэ Япон хүн, Япон амьдралын хэв маяг, Япон суртал гэж юу болохыг тод томруун дэлгэн харуулснаараа эл зохиол нэн онцлогтой.
Үйл явдал нь, хөдөөнөөс Токиогийн их сургуульд суралцахаар ирж буй залуу хөвгүүн үргэлж үг дуу цөөтэй явах нэгэн сонирхол татам хүнийг өөрийн багш мэт хүндлэх болно. Тэр хүний цөөн боловч хэлэх үгс нь өөрт нь нэн сонирхолтой, ямар ч хичээлээс чухал санагдана. “Би их уйтгартай хүн”, “Дурлал гэдэг нүгэл” гэх мэт учир битүүлэг үгсийг гунигт харцаараа өгүүлэх багш. Зохиолын гол дүрд багшийн амьдрал, хэлэх үгс, сар бүр эргэх хэн нэгний булш юунд тэгж их сэтгэлийг нь татаад байгаа нь ойлгомжгүй ч, уншигч миний сонирхолыг мөн адил татаж эхлэв.
Багш гэх тэр хүн өндөр боловсролтой, ухаалаг нэгэн. Гэхдээ түүний сэтгэлийн гүнд өөр нэгэн нууц хав дараатай байх бөгөөд тэр нууц нь өөр бусдад хийгээд, өөрөө өөртөө ч итгэх итгэлгүй болгожээ. Энэ талаараа багш, залууд хэд хэдэн удаа цухуйлгана. Нэгэн удаа залуу хөвгүүний эцгийн бие муудан, гэр лүүгээ яаралтай харих хэрэгтэй болдог. Энэ мэт өнгөрөх хугацаанд багшаас залууд зузаан гэгч нь дугтуйлсан уртаас урт захиа ирдэг. Тэр захиаг нээн үзвээс:
“..би ѳѳрийн зүрхийг зүсэж шүүрэх цусыг нь чиний нүүр рүү цацах гэж байна. Миний зүрх зогссон ч чиний сэтгэлд нэгэн шинэ хүн мэндлэн тѳрѳх аваас ѳѳр хүсэх зүйл үгүй болой”..
хэмээн бичсэн байдаг. Амьдралын хувь тохиол гэдэг сонин юм шүү. Залуу багшийг тэгтлээ сонирхох болсон нь цаанаа учиртай байж дээ. Багшийн амьдралд тэр залуу гарч ирсэнээр өөрийнх нь сэтгэлд орших тэр ужиг зангилааг тайлах гол түлхүүр болж байна. Тэр захидалд багшийн идэр залуу нас, бардам асан сэтгэл, хайр дурлал, түүний төлөөх золиослол, нэр нь бүтэн үл дурдагдах шарилын эзний амьд ахуйн талаарх бүхий л оньсого тайлагддаг.
Уншигч та өөрөө уншвал илүү сонирхолтой, дээрээс нь таны үйл явдлыг сонирхох орон зайг тань булаамааргүй байгаа учраас илүү сэтгэгдэл өгүүлэшгүй нь бага зэргийн гунигтай л байна…
Уг номын япон нэр Кокоро. Кокоро хэмээх үгийг орчуулваас аливаа зүйлийн сэтгэл, мэдрэмж тэргүүтнийг нэрлэх ажээ. Харилцаа гэдэг бол сэтгэлийн гадна тал, сэтгэлд өрнөгч тэр зүйлээс шүүгдэж илэрхийлэгдсэн үгс, өгүүлбэрүүд. Харин сэтгэл гээч зүйлд л жинхэнэ үнэн агуулагдах бөгөөд тэрийг зөвхөн тухайн хүн өөртөө л чандлан хадгалах ажээ. Эцэс сүүлд нь түүнийгээ илчилж байж гэмээн эрх чөлөөг олох юм.
Өдөр тутамдаа өрнүүлэх харилцаа гэдэг бол өнгөн зүйл л байх юм даа. Түүний цаана, тэр сэтгэл юуг өөртөө агуулж байгаа бол? гэдэг нь нэн сонин санагдлаа.
Хүнийг шүүмжилж шүүж алдаа дутагдлыг нь торох зүйлгүйгээр өгүүлж чаддаг хүмүүсийг би биширдэг ээ. Тэр хэмжээний зүйлийг шүүж чаддаг байна гэдэг гярхайн шинж. Гэхдээ тухайн хүний үйлдлийн шалтгааныг ойлгосны дүн болгож чимээгүй хүлцэн өнгөрүүлж чадах чанар тэр болгон хүнд байдаггүй ч юм аа даа…