XX зууны Английн модернист зохиолч Виржина Вүүлфийн монголд орчуулагдсан анхны бүтээл болох "Өөрийн гэсэн өрөө" номыг уншиж сонирхлоо. Эл бүтээлд олон хийсвэр мэт дүрүүд бий боловч угтаа өөрийн үзлээ судалгаатай, ул суурьтай илэрхийлсэн нь илт. Кембрижийн их сургуулиас бодролын эзнийг "Утга зохиол болоод эмэгтэйчүүд" гэх сэдвийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ үү гэсэн хүсэлтийг тавьжээ. Өгүүлэгч энэ нь тийм ч амархан сэдэв биш бөгөөд багагүй хугацаа шаардана хэмээн бодрол, эсээ маягийн өгүүлэмжүүд цаашид хөвөрнө. Энэ ном феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцогдож, өнөө үед хүйсийн тэгш эрх байдлын өмгөөллийн гол бичиг болжээ.
Виржиниа Вүүлф сэхээтэн айлд төрж өссөн, эцэг нь нэлээд дөнгүүр мэдлэгтэй хүн байсан нь түүнд их нөлөөлжээ. Тухайн үеийн гэр бүлүүд охидоос илүүтэй хөвгүүдийнхээ сургууль, соёлын боловсролд их анхаардаг байж. Гэсэн ч Вүүлф хоёр коллеж, нэг их сургуулийг дүүргэжээ. Хувийн амьдралын хувьд 13 настай Вүүлфийг хойд ах нь бэлгийн дарамтанд оруулж, энэ гутамшигт явдал түүнд эрэгтэйчүүдэд ногддог давуу эрх мэдэлд шүүмжлэлтэй хандахад түлхэц болсон ч байж магадгүй. Нөхөр Леонард Вүүлф нь мөн адил уран зохиолын хүн байж, Вүүлфэд өмөг түшиг, анд нөхөр, амьдралынх нь жинхэнэ хань нь болжээ. Харамсалтай нь Вүүлф 59 насандаа өөрийн сэтгэцийн өвчинд буун өгч, халаасаа хүнд чулуугаар дүүргээд голын ус руу үсрэн бодит амьдралаас холбоогоо тасалсан байна.
"Эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн өрөө, мөн сар бүр 500 фаунд өг. Тэр цагт тэд өөрсдийн бүтээлээ хангалттай туурвих болно".
"XX зуунаас өмнөх үед эмэгтэйчүүд зөвхөн ахуй амьдралын аар саар асуудлууд, үр хүүхэд гаргах, аяга тавгаа угаах л үүрэгтэй, ажил хийлээ ч бүхий л цалин хөлс нь нөхрийнх нь гарт очдог байжээ. Тэр байтугай нөхөр нь эхнэртээ гар хүрч, хүчирхийлэх нь энгийн байдаг л үзэгдэл шиг байж. Викториагийн үеийн эмэгтэй зохиолчдын бүтээл яагаад байдаггүй нь тийм л учиртай. Тэр үеийн эмэгтэйчүүд хорин настайдаа хэчнээн хүүхэд төрүүлсэн байсан бол? Өглөөний найман цагаас оройн найман цаг хүртэл юу хийдэг байсан бол? Тэдэнд өөрийн гэсэн өрөө байсан болов уу? Бүхий л мундаг баатруудтай зохиолд яагаад дандаа эрчүүд гардаг юм бэ? Бүхий л байлдан дагуулалт хувьсгалын удирдагчид дунд яагаад эмэгтэй хүн байдаггүй байсан юм бэ? Эмэгтэйчүүдийн талаар дурдсан ном зохиолчид ихэвчлэн л эрчүүд байхыг нь яана. Өөрсдийн уур ундууцал бүхий үзэл бодлоор эмэгтэйчүүдийг таашаамгүй байдлаар бичсэн нь ч бий. Утга зохиолын ихэнх зохиолчид нь эрчүүд байж, бүгд л ямар нэг их дээд сургуулиудыг дүүргэсэн. Гэтэл эмэгтэйчүүд тэр үед юу хийж байсан бэ? Үр хүүхэд төрүүлж, гэртээ суун, хатгамал хатгаж, нэхмэл нэхэж өдөр хоногийг ахуйн амьдралтай зууралдсаар насан эцэслэцгээдэг байсан биз. "
Виржиниа Вүүлф үнэхээр судалгаа сайтай бичсэн байсан ба ихэнх зохиолч, уран бүтээлчид нь миний мэдэхгүй хүмүүс байлаа. Номных нь ард тухай бүрт нь тайлбарлан, тэмдэглэсэн байсан нь талархууштай санагдсан. Түүний энэхүү номонд хэд хэдэн хийсвэр дүрүүд гарах бөгөөд хамгийн сонирхолтой нь Виллиам Шекспирийн охин дүү “Жудит Шекспир”.
"Жудит ах Виллиам шиг ээ урлагийн өгөгдөлтэй эмэгтэй байж. Гэсэн ч зөвхөн ахыг нь л сургахаар сургуульд явуулсан бөгөөд түүний эрэл хайгуулч, бүтээлч сэтгэхүйг нь эцэг эх нь эрс няцаана. Тиймээс тэр нууцаар судалж, сурч, зохиол бүтээл бичих ба хэн нэгэнд баригдана гэж айсандаа гал руу хийж шатаана. Түүнийг хорь ч хүрээгүй байхад нь эцэг нь гайгүй өөрийн гэсэн фирмтэй хонь үнэртсэн залуутай суулгахыг тулгах бөгөөд түүнийг нь Жудит эсэргүүцэн, гэр бүлийнхэнтэйгээ тэрслэн Лондон руу өөрийн дуудлагаа дагахын эрхэнд гэрээсээ оргоно. Тэр Лондонд очиж театрт жүжигчин болохыг хүсэх боловч хүмүүс Жудитыг эмэгтэй хүн болж төрснийх нь төлөө шоглож шоолно. Тэгж тэгж театрын эзний овоо хараанд өртөнө, тэгээд жирэмсэн болсоноо мэдээд амьдралд цөхөрсөн Жудит бүсгүй амиа егүүтгэж орхино. Ах дүү хоёр адилхан мэдрэмж, адилхан өгөгдөлтэй, гэвч эмэгтэй дүүгийн хувь заяа ингэж л дууссан."
Виллиам Шекспир үнэхээр охин дүүтэй байсан эсэхийг мэдэхгүй. Гэвч Виржиниа Вүүлфийн хувьд Жудит Шекспир гэгч уран бүтээлч өгөгдөл бүхий эмэгтэй үнэхээр амьдарч байсан. Тэр ч байтугай мянга мянгаараа. Харамсалтай нь аль нь ч бүтээлээ туурвиж, үлдээж амжилгүй өөрийн гэсэн өрөөтэй ч бололгүй, ахуй амьдрал, нийгмийн хүлээсэнд дөнгөлөгдсөөр насан эцэслэсэн.
Хэдий сүүл үе рүү эмэгтэй зохиолчдын утга зохиолууд хэвлэгдэж эхэлсэн ч, зарим нь үзэн ядалт, уур бухимдлаа бүтээлдээ шингээж орхисон нь жинхэнэ бүтээл болж үлдэхэд нь саад болж байжээ. Жинхэнэ бүтээл гэдэг ямар ч үзэн ядалт, эсэргүүцэлд автагдаж, баригдаагүй, амар тайван, жинхэнэ чөлөөт сэтгэхүйгээс урган гарсан байх учиртай аж. Вүүлф ийнхүү эмэгтэй хүний эрх ашгийн төлөөх үзэл санааг гарган тавьснаар, жинхэнэ бүтээлч сэтгэхүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн алинд нь илүү байдаг вэ? гэх асуудлыг хөндөж байлаа. Харин Вүүлфийн хувьд жинхэнэ бүтээлч сэтгэхүй нь эр, эм хоёр хүйсийн хоёулангийнх нь шинжийг агуулах "Андроген" шинжийн сэтгэхүй гэж үзжээ. Үнэхээр сонирхолтой байгаа биз. Мэдээж нийгмийн ямар ч нөлөөнд тэгж их автагдаагүй тунгалаг оюун, эрх чөлөөт сэтгэхүй.
Үнэхээр ч тухайн үед эмэгтэйчүүдийг аль жоохон охин байхаас нь бүтээж туурвих, сурч боловсрох үйл нь эмэгтэй хүний хийх ажил яавч биш, харин угаадас асгаж, гэр орон цэвэрлэж, хоол унд хийж, авааль нөхрийнхөө ааш аяганд тааруулж, үр хүүхэд төрүүлж, өсгөн үржүүлэх нь л жинхэнэ энэ амьдралын утга учир хэмээн ус агаар шиг хэрэгтэй хайрт аав, ээж нь тэдэнд хангалттай итгүүлж дөнгөдөг байсан биз ээ. Аль зуун зуун жилийн өмнөх тэр үеийг бодоход одоо харьцангуй глобалчилагдаад байгаа цаг үед эмэгтэй хүний байр суурь, эрх тэгш байдал хамаагүй дээшилсэн. Сурч боловсрох, бизнес, үл хөдлөх хөрөнгө эрхлэлтийн байдал ч тэр. Одоо үеийн эмэгтэйчүүд өөрийн гэсэн өрөөтэй, сар бүр таван зуун паунд байтугайг ч олох боломжтой болсон. Гэсэн ч эмэгтэй хүнийг харах өнцөг бас л дутмаг байх шиг. Нэн ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө үзэх үзэл, хүндлэх хүндлэл дээрээ жоохон эргэлзээтэй байх шиг ч хааяа санагддаг л юм. Эмэгтэй хүн ч гэсэн адилхан л хүн. Тэд ямар нэг бараа таваар биш, бэлгийн объект ч биш шүү дээ. Өнөөдөр даяарчлал, техник технологийн хөгжлийн сүүдэрт биеэ үнэлэлт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, хүний наймаа ч бас газар авсан гэж бодохоор үнэхээр тэгш эрхтэй байж чадаж байна уу? Гэхдээ бас тэр бүрт ихэнх нь эмэгтэйчүүд байдаг ч, эрэгтэй хүмүүс давхар өртсөөр байдаг гэхээр. Ер нь хүйс ч гэлтгүй энэ нийгэм нэг талаараа адын болоод ч байгаам шиг.
Хувиршгүй үндсэн шалтгаан, эмэгтэй гэсэн хүйсээс нь л болж ялгаварлан гадуурхана гэдэг энэ хэвийн үзэл бодол лав биш ээ. Эмэгтэй хүн ч гэсэн эрэгтэй хүн шиг цөхрөхдөө цөхөрнө, амьдралын асар хүнд ачааг хувь тавилан хүртээвэл үүрэхдээ үүрнэ, төдий хэмжээний бяр хүч, сэтгэлийн тэнхээ тэдэнд бий. Нийгэм өнөөдөр эмэгтэй хүнийг үргэлж тачаангуй, үзэсгэлэнтэй, хөөрхөн, төгс байлгах гээд тулгаад байна гэдэг бас л шударга бус тулгалт юм шүү дээ. Хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байхад тэр тусмаа эмэгтэй хүнийг нэгэн хэвэнд цутгаж, хиймэл хүүхэн болохыг сурталчилна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Эмэгтэй хүмүүс маань ч тэр үүний талаар цаашлаад өөртөө үнэнч үлдэх арга ухаан, хүч, боловсрол мэдлэгийг олж авдаг байгаасай.