ХАРУКИ МУРАКАМИ: ӨНГӨГҮЙ ТАЗАКИ ЦҮКҮРҮ...
2017-12-27 Ц.Ариунсанаа 2024

Харуки Мураками үнэхээр туршлагатай сэтгэл судлаач гэмээр зохиолч шүү. Энэ удаагийн зохиол ч мөн л хүний сэтгэлийн нуугдмал шаналан, түүний утга учир, хувь заяа хэрхэн өрнөж буйг харуулжээ.

"Тазаки Цүкүрүгийн ингэтлээ хүчтэй үхэлд татагдах болсон шалтаг тов тодорхой. Урт удаан хугацаанд ойр дотно нөхөрлөсөн дөрвөн найз нь нэг л өдөр түүнд, бид одоо чамайг дахиж хармааргүй, үг ч дуугармааргүй байна гэж хэлэхийг тэр палхийтэл сонссон билээ."

Тазаки Цүкүрү ахлах ангидаа атгасан гар шиг нэг бүлэг найзуудтай байсан бөгөөд тэдний нэрүүдэд Цэнхэр, Улаан, Хар, Цагаан өнгөнүүд холилдсон байдаг ч гагц Цүкүрүгийн нэр өнгөгүй. Гэвч тэд хамтдаа үнэхээр нэгдмэл сайхан нөхөрлөлийг бүтээж байсан гэнэ. Хоёр охин, гурван хөвгүүн. Гэнэт найзууд нь түүнээс нүүр буруулсан нь аль эртний явдал агаад өдгөө түүнийг сэтгэлдээ тээсээр яваа Цүкүрү гуч гаруй настай. Түүнтэй уулзан учирсан эмэгтэйчүүдээс хамгийн өвөрмөц санагдсан Сара гэгч эмэгтэй Цүкүрүтэй илэн далангүй хуучилж, өөртэй нь урт удаан харилцаатай баймаар санагдсан ч, сэтгэлээс үргэлжид нуугдмал хөндий хана мэдрэгддэг тухай,  өнө эртний тэр учир битүүлэг шалтгааныг олж, нээхэд нь туслахыг хичээнэ. Цүкүрү тэр хүчтэй цохилтоос хойш үргэлжид үхэх тухай бодолд автан, нэг удаа хүйтэн голд үйж үхэхээ шахаад эргэж сэхэхдээ шал өөр хүн болжээ. Түүний эргэлийн он жилүүд тэгж л эхэлж. Муракамигийн нэг гоё нь учир битүүлэг нууцлаг өгүүлэмж уншигчийн дунд орхидог. Төгсгөлд  нь ч тэр ..

  Үнэндээ Цүкүрү тийм ч өнгөгүй биш байсан. Дүгнэхэд хэцүү золиг. Би өнгөгүй ээ гэж их гүрийдэг залуу  л даа. Хүмүүсийн өнгөнд гялбаж явснаас,  өөрийнхөө дотроос өнгө олж үзээгүй түүнийг буруутгах ч, зөвтгөх ч аргагүй. Тэр зүгээр л өнгөгүй байхыг л сонгочихсон ч юм шиг. Кафкагийн Грегор Замза, Муракамигийн Тазаки Цүкүрү хоёр аль аль нь л өөрийнхөө амьдралын үнэ цэнийг олж хараагүй, үргэлж бусдаас түүнийгээ эрсээр дуусаж яваа хүмүүс ч юм уу даа.  Дараалуулж уншсан болохоор ч тэр үү, ийм нэг ижил талтай санагдсан билээ.

Нээрээ ч надад хэн хэн, яаж яаж нөлөөлсөн бол оо? гэсэн бодолд даруулж, асуулт үлдээж орхив...  Хичнээн цаг хугацааг өнгөрүүлдэг ч, тухайн хүнийхээ яг цаад сэтгэлийг ойлгоогүй байх тохиолдол даанч олон. Нээрээ л... Хүмүүс  нэг нэгнийхээ өнгөнд уусаж, тодорч бас бүдгэрч дуусах жамтай бололтой...

Түр хүлээнэ үү...
Top