МИЛАН КУНДЕРА: ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ
2017-12-27 Ц.Ариунсанаа 1955

Нэрнээсээ эхлээд сонирхол татахуйц энэ номын талаар хүмүүсийн сэтгэгдэл нэг л ой тоонд бууж өгөхгүй л байв. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй гэж ямар нэг философи л яваад байх шиг таамаг төрнө. Номоо дэлгэж эхлээд л төсөөлж байснаас тэс өөр үйл явдлууд угтаж авлаа. Сонирхоод эхлэл хуудаснаас хэд хэдэн мөрт унштал Томас, Тереза гэгч хоёр хүний тухай үйл явдлаар л эхэлж байна. Төгсгөл хэсгийг нь харсан нөгөө хоёр чинь бас л гарч байх шиг. За даа хоёр хүний хайр дурлалын тухай юм байна. Яг хаах нь философи гарах бол гэж бүдүүн бааргаар багцаалсан чигээрээ орхичихсон бол үгүй ээ мөн их алдас болох байж шүү!

Япон сурагчдад жил бүр өөр өөр зохиолууд уншуулаад, сэтгэгдэл бичүүлдэг юм байна л даа. Гэхдээ сэтгэгдэл бичихдээ тухайн номноос иш авахдаа ганцхан өгүүлбэрийг л бичиж болдог гэлүү дээ. Ямар ч байсан тун хязгаарлагдмал байдаг юм билээ. Зөвхөн өөрийнхөө үгээр, бодол сэтгэгдлээ бичдэг гэсэн нь их аятайхан санагдсан шүү. Тэгэхээр би энэ номын талаар эшлэл дурдахгүй бичиж үзье гэж бодлоо. Тэр олон алмайран гайхам санаануудыг дурдаад байвал урт юм болох биз дээ ер нь.

Зохиолч хүн гэдэг өөрөө зохиол доторх амьдралыг бүтээгч. Дүр бүрийнхээ сэтгэл зүй, айдас хүйдэс, дахин давтагдашгүй хэв шинжүүдийг нь тодотгож, тэдгээрийг хооронд нь учруулж буй тохиолдлуудаа бүгдийг нуугаад өнгөрөлгүй дэлгэрэнгүй гаргаж байгаа нь бүр нэг амт шимтэй.

Амьдрал бол тэмцэл гэж хэн хэллээ дээ. Амьдрах нь тэмцэх гэсэн үг. Тэмцэх нь ямар нэг зүйлийн эсрэг тэвчинэ гэсэн үг. Гэтэл энэ зохиолын нэр өөрөө “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” гэж байгаа юм. Амьдрах тухай тэвчиж, бас тэмцэж, түүнийгээ хөндөлсөж явж явж байснаа ер нь яагаад тэвчиж, тэмцэж буйнхаа утгыг ойлготол нэг сайхан хөнгөрөөд, жинхэнэ амьдрах утга биелдэг бол яах вэ?

Милан Кундера “... энэ роман зохиогчийн өөрийн тухай наманчлал бус ертөнц хэмээх хавханд орсон хүний амьдралын задлан шинжлэл” хэмээжээ. Тэр өөрийнхөө бүтээгчийн байр сууринаас бичсэн задлан шинжлэлээ үнэхээр гайхалтай гаргаж харуулсан. Тэр дунд нь уншигч би хүртэл өөр өөрийнхөө бүтээчихээд, үнэмшээд яваа зовлонгоо хүртэл олоод харчих шиг санагдсан. Хүн болгон өөр өөрийнхөө далд ухамсарт, бүтээж орхисон бүхэндээ, эргээд өөрөө хоригдоод яваа ч юм шиг, эргээд тэр нь бас тодорхой нэг учралыг бүрдүүлэхэд оролцоод ч байгаа юм шиг. Хачирхалтай.

Юу гэх юм бэ дээ. Хаа сайгүй бүхий л шашин, философийн үзэл санаа ерөнхийдөө, хүний амьдралын утга учир, зорилго, түүнийг бүтээгч эзний талаар хүмүүн төрөлхтөн зөвхөн өөрсдийнхөө дунд мэтгэлцэхдээ мэтгэлцэж, итгэхдээ итгээд аж төрсөөр л явна. Гэхдээ энэ зохиол бол эхнээсээ сүржин санаа бичиж, хүний хүчин мөхсийг сануулж, айлгалгүйгээр, зүгээр л маш эвтэйхнээр зохиолч өөрийн философийн үзэл санааг амилуулж хүртээж чадсан юм шиг санагдлаа. Бидний одоо ч даган биширч, нийтээрээ хуулирч итгэдэг итгэл үнэмшлүүд, хүн дундаасаа л төрж гарсныг тэрээр дахин нэг сануулж, хүний өөрт олгогдсон, хүний өөртөө оноосон амьдрал дундаас нь л өөрийн гэсэн философи ундарч гарч ирдгийг, тэр нь “хайр, аз жаргал” руу тэмүүлэхдээ, өөрийн “би”-гээс гуужиж явсаар, хэлбэр агуулгагүй тэр хөнгөн оршихуй даа хүрэх шиг санагдав даа.

Зайлшгүйгээр тэвчих аргагүй байлгаад байгаа тэр зүйлсийн учир ужиг шалтгаан ойлгогдоод ирмэгц, хар аяндаа хөнгөрөн, жинхэнэ оршин байхуй утгаа олох мэт.

Тэвчинэ гэдэг өөрөө илүүтэй бодол санааны тал руугаа үйл мэт, үнэхээр үнэн санаа сэтгэлээс үүдэлтэй бол өөрөө тэр бүхнээ асуулт, хариултгүй л удирдаад явж л таарна шүү дээ. Хүн бодол санаагаараа таних гэж хичээж яваад, тэр нь сэтгэлд хүрмэгц, тэвчих аргагүй хөнгөн оршихуйд хүрээд ч байна уу даа.Ямар ч л байсан хүмүүс нийгмийн үзэл санаа хүмүүс хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлж буйг, эргээд тэр нөлөөлөл бас нийгэмд яаж илэрч буйг харуулаад байх шиг санагдлаа.

Милан Кундерагийн уншигчдадаа бодит байдлын талаар нүцгэлж бичсэн нь, тэгээд түүнийхээ шалтгаан бас шийдлийг тайлбарласан нь үнэхээр үнэхээр таалагдлаа! Бас Тагтаагийнхандаа баярлалаа! Нэг мэдсэн үүр цайж, сэтгэл хөдлөөд нойр хүрсэнгүй. Нэг их сонин тайвширчих шиг. Тэвчихийн аргагүй хөнгөрөл эдлүүлчихэв үү дээ...

Түр хүлээнэ үү...
Top