***
Үй Хуа “Цусаа худалдсан тэмдэглэл”
Орч: Мө. Батбаяр (©2019 Tagtaa Publishing)
Уншиж дуусаад юу бичихээ бодон суутал Үй Хуа зохиолчийн өөр нэгэн бүтээл, мөн л ижил орчуулагчийн үгсээр эх хэлэнд маань буусан “Амьдрахуй” туужийн дараах мөр толгойд орж ирэв.
***
"Амьдрал санаснаас хурдан өнгөрөх ажээ. Урсан одох нь ч эв энгийн… Хүний амьдрал энгийндээ л сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй." — “Амьдрахуй” Үй Хуа
***
Энгийн. Хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан зүйлс хамгийн энгийн байдаг даа. “Цусаа худалдсан тэмдэглэл” туужийн үйл явдал, хэв маяг, дүрүүд гээд бүх зүйл нь их л энгийн санагдав. Цусаа зарж гэрээ тэжээгээд, өвчин зовлон, энэлэн шаналал хүртэл зөндөө атал энгийн хэмээн санагдах нь юу вэ гэж өөрөөсөө асуувал амьдрал өөрөө угтаа зовлонтой, гунигтай гэсэн юм бодогдоно. Тус зохиол амьдралтай ойр санагдсан болоод л энгийн гэж мэдрэгдсэн биз. Амьд байвал жаргалтай, сэтгэл дүүрэн өдөр хоногууд ч бас тохионо. Би л бүрхэг саарал шилээр амьдралыг харж явдгаас гунигтай зүйлс энгийн мэдрэмж төрүүлдэг байх. Зохиолын дүрүүд нь хүртэл энгийн. Хүн ямар байдаг вэ, яг л тийм, муу хүн хэмээн үзэн ядаад байх утгагүй, сайн хүн хэмээн өргөмжлөн шүтээд байх аргагүй. Харин хүн нэг бүртэй тулаад ирвэл дотоод сайн сайхан нь хар бараанаа давна гэж итгэдэг. Амьдралтай ч тэмцээд, өөртэйгөө ч тэмцээд алдаж онож явахдаа оюун бодолдоо муу муухайг санаж сэтгээд, зориуд үйлдээд байдаг хүн ховор. Зохиолын гол баатар Шү Сан Гуан ч тийм л хүн, сайн муу олон янзаар түүний дүрийг шүүн унших боловч сүүлийн хуудсаа эргүүлж номоо хаахад буруутгах аргагүй, магад хайрламаар.
Зохиолч гурван хүүг нь хүртэл нэг баяр, хоёр баяр, гурван баяр (一乐,二乐,三乐) гээд нэрлэчихсэн. Тиймээс уншихад хүртэл толгой эргэхгүй амар. Цаг үе, үндэстний онцлогоос шалтгаалаад сонин санагдах юм олон, барууны соёлд хүмүүжсэн нэгэн уншвал сэтгэхүйд нь бүр ч хол буумаар зүйлс гарна. 9 жил хайрлан өсгөсөн хүүгээ төрсөн үр нь биш гэдгийг мэдмэгц үрж зарлагадсан мөнгөний асуудал хамгийн чухлаар тавигдаж байгаа юм. Гэхдээ Хятад орон, соёлын хувьсгалынх нь үе гээд бодчихвол бас л ердийн санагдана.
Зохиолыг унших явцдаа тухайн цаг үе, нийгэм соёлын байдлыг хэдхэн мөр ярианаас төвөггүйхэн толгойдоо зураглачхаж болно. Түүхийг бид шүүдэггүй харин ойлгож мэдэрч, ухаарах л боломжтой. Аавдаа хайртайгаа хэлэхийн тулд Маогийн дараа хамгийн их хайрладаг хүн бол та гэж өгүүлэх шаардлагатай цаг үе ажээ.
"Юунд “Соёлын хувьсгал” гэж нэрлэдэг гээч? Нидэр дээрээ хувийн өшөөг хувьсгалаар л авч байгаа хэрэг." -173 тал
Уншигчийг баярлуулж, гуниглуулж, нэгийг бодогдуулах тэр торгон мөрүүд нь энгийнээс энгийн харилцан яриандаа бий. “Ааваа та намайг лавшаа идүүлэх гэж байгаа юм уу?” “Тийм ээ!”(154 тал)гэх хэсэгт Шү Сан Гуаньтай хамт уншигч би өөрөө ч “зөөлрөв”. Зохиолоос зовлоо, шаналлаа, жаргалаа гэх үгс тэр бүр харахгүй ч дүрүүдийн ярианаас өөрийн хэмжүүр, өнцгөөр сэтгэл хөдлөлийг нь гүн гүнзгий мэдэрч болохоор. Эрдэнэ шишийн зутангаас өөр хоолойгоороо давуулах зүйлгүй тул гурван хүүдээ “үгээрээ” хоол хийж идүүлэх эцгийг төсөөлөөд шимшрэхгүй зүрх ховор биз ээ.
"Хүний зүсийг танихаас зүрхийг нь танихгүй юм даа." -183 тал
Цав цагаан цаас, сүүтэй зүйрлэгддэг хүүхэд гэдэг хамгаас эмзэг, буртаггүй тунгалаг оршихуй байх. Хаана, хэний гэрт төрөхөө хүүхэд өөрөө шийддэг гэж үү. Өдий олон жил халамжилсан хүү нь өөр хүний үр болж таарахад сэтгэл гэдэг эрхтэн нэгэн хоромд эргэчхэж болох уу? Төрүүлээд эх эцэг болдог уу, хооллож ундлаад ээж аав болдог уу? хэмээн өөрөөсөө асуумаар. Биеийг нь төрүүлэх, тэжээж томруулах гэдгээс илүүтэй гүн гүнзгий зүйл байдаг, чухам түүнийг л өгч чадсан учир Шү Сан Гуань том хүүгийнхээ жинхэнэ эцэг болсон биз. Зохиолд тэр зүйл нь “худалдах цус”. Бусдын төлөө хэчнээн ч удаа худалдаж болоод байдаг эцэстээ өөрийнхөө төлөө ганц зарж чаддаггүй тэр цусыг магад “хайр” гээд нэрлэчхэж болох биз. Урсах цусаа хүртэл үл харамлан үр хүүхдээ өсгөдөг юм шүү хэмээн чихэнд аяархан шивнэх шиг, үүнийг харин өнөөх хэд нь хэзээ ч бүрэн ухаарч ойлгодоггүй юм даа хэмээн чимээгүйхэн сануулах мэт зохиол төгслөө.