“Тэр” 18 жил ажилласан дэлгүүрийнхээ нэгэн хэсэг болжээ. Нас нь явчихсан, нэг л дэлгүүрт тасралтгүй цагийн ажил хийснээс өөр туршлагагүй, ганц бие, хүүхэдгүй, нийгмийн хэм хэмжээгээр хэвийн бус эмэгтэй.
Өөрсдийгөө хэвийн гэж дүгнэдэг хүмүүс намайг этгээд гаж гээд бодчих юм бол өөрчилж засах гээд салахгүй. -65 тал
Хэтэрхий содон, байж боломгүй, магадгүй сэтгэцдээ асуудалтай гэж санагдах ёстой атал харин ч дотно, сэтгэлд ойр, зарим талаараа миний сайтар ойлгох дүр байв. Энэ номын уншигч бүрт энэ бүсгүй ийм танил санагддаг болов уу? Хэрэв тийм бол хүн бүрийн дотор хэвийн дүр эсгэдэг, нийгмийн хэм хэмжээ зохистой байдал гэгчээс нь гажсан төрх бий юу? Чухамдаа энэ бүсгүйг хэвийн эсвэл хэвийн бус гэдгийг хэн шүүх билээ. Тухайн нийгмийн үзэл санаагаар тодорхойлогдоно гэвэл тэр хэмжүүрийн зөв бурууг хэрхэн мэдэх вэ?
Тус номд цочирдом, хурц өгүүлэмжүүд олон гарна. Дүүгийнхээ хүүхдийн уйлахыг сонсоод чимээгүй болгох амархан юмсан гээд ширээн дээрх хутгаруу харахад нь бие арзасхийж, дотор хүйт даагаад л явчихсан.
Юутай ч ХҮН гэж бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд элдэв баг зүүж, хууль дүрмийг дагаж байж л хөөгдөхгүй, гадуурхагдахгүй байна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ХЭВИЙН ХҮН гэж зохиомол дүрд тоглоно гэсэн үг. -105 тал
Бусдын хандлагаас ажиглаж өөрийнх нь “ямар нэг зүйл буруу” байгааг мэддэг боловч, юу нь буруу, хэрхэн засахыг мэдэхгүй. Зөв гэгчийг хэлээд л өгчихвөл нийгмийн нэгэн хэсэг болохын тулд хийхэд хэзээд бэлэн. Оршин буй нь утга учиргүй энэ эмэгтэй (утга учиртай оршихуй бий юу?) эцэстээ хүн байхад сургасан нэрийн дэлгүүр (convenience store) –ээс өөрийгөө хэрэгтэй хүн хэмээн мэдэрч, хаана харьяалагдахаа ойлгодог. Дэлгүүр түүний нэгэн хэсэг үү? Тэр өөрөө дэлгүүрийн нэгэн хэсэг үү?
Хүний нийгэмтэй нийцдэггүй, хэрхэн түүнд өөрийгөө тааруулахаа мэддэггүй энэ эмэгтэй дэлгүүрийг ойлгодог, дэлгүүртэйгээ нэгэн хэлээр ярьдаг, дэлгүүрт хэрхэн ажиллахаа, юу хийхээ мэддэг.
Би хэдийгээр нэг их олон орчин үеийн Япон зохиолчдын бүтээлтэй танил бус боловч өөрийн уншиж мэдэрсэн өчүүхэн туршлага дээрээ бодоход тэднийг илтгэх, адил төстэй болгодог зүйл байх шиг. Магадгүй гаж цочром, хурц, гэнэтхэн л ухаан санааруу хүчтэй цохиод авах шиг, биеэр тог гүйх шиг, эвгүй аймаар ч гэмээр үзэгдлүүдийг энгийн үг хэллэгээр сүлчихсэн санагддаг. Өнөө цагийн дэлхийн уран зохиолоос ч ийм мэдрэмжүүд их авдаг боловч Япон хүнээс л гарч болно гэмээр гаж зүйлс, шахагдсан мэт, тайван байх аргагүй, нийгэм олонхын дарамтад автсан мэдрэмж төрдөг. Хэчнээн гаж байх, түүний үнэн худал байх эсэхээс үл хамааран зохиолуудын өгүүлэмж нь хүний мөн чанар, төрөлх араншин, амьдрах, орших тухайд урнаар өгүүлдэг бөгөөд хүн гэгч амьтны дотоодруу гүн өнгийсөн санагддаг.
Нэрийн дэлгүүрийн эмэгтэй ч бас яг л энэ бодолд минь таарах зохиол. Харин зохиолыг дуусгасан уншигч гол дүрийн тэрхүү бүсгүйг гаж буруу, хэвийн бус хэмээн үзэхэд зохиол өөрөө хориг тавих болно. Тэрээр гаж буруу нийгэмд амьдран буй энгийн эмэгтэй ч юм билүү? Оршин байхын тулд заавал тухайн нийгэмдээ хэрэгтэй, түүний зохиомол хэвд таардаг хүн байх учиртай юу? Хэвийн бус хэмээх нь өөрөө хэвийн бус бодол бөгөөд чухамдаа хэвийн ба хэвийн бусын хооронд олонхын итгэл үнэмшил л оршдог биш үү?
2019.05.25
Д. Анужин