Нэг л нандин, нэг л дорнын...
2018-08-24 А.Амармэнд 5273

Хэн нэгэнд дэлхийг харах ганцхан харц заяасан бол тэр нь Истанбулыг ширтэх ёстой. 

Алфонсо Де Ламартин

Хахир хэрнээ сурвалжит цонхигор царай, цэвэрхэн хянган хамар, цэмцгэр хувцастай Өрнө идэр орь залуу, гал халуухан Дорнотой харц тулгарав. Тэрхэн агшнаа биесийнхээ хаа нэгтэйгээс ялгарах ямархан нэгэн долгилс огтлолцохыг тэд мэдэрч, хэн хэндээ ухаан жолоогүй татагдан, оюун санааг нь янагийн гал түймэрдэж, энэ түймэртэй зэрэгцэн нэгнээ өрсөн эрхшээх гэсэн өршөөлгүй хайрын дайн дэгдсэн юм. Тэр хоёрын дурлалын гэрч болсон Истанбулыг яг одоо та харж байна. Хэдэн мянган оны түүхийг өгүүлэх чулуу шигтгэн зассан хөгшин гудмууд, түүгээр хөлхөх тэргүүн дээрээ элдэв амтат боов өрсөн нарийн боовчид, өдөрт таван удаа мөргөлд дуудах минаре цамхгууд, уран барилгын гайхамшигт сүмүүд гээд энэ хотод дурлах шалтгаан даан ч олон болохоор зүрхээ гамнаарай! Ромоос Визант, дараа нь төв азиас ирсэн цагаач түргийн Оттоманы эзэнт гүрэн гээд энэ насныхаа туршид хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдэд үйлчлэх аугаа НИЙСЛЭЛ нь байсных ихэмсэг хямсгар зангаа тэрээр одоог хүртэл гээгээгүй. “Амьдрал заримдаа гунигтай, утгагүй мэт санагдах үе бий ч огиудас хүрч, бачуурсан тэр л үед чи бол Истанбулын хүн, далайн эргээр нь хүссэн үедээ алхаж чадах үзэсгэлэнт хотын хүү гэсэн мэдрэмж юугаар ч солимгүй сайхан санагддаг” хэмээн энэ хотын уугуул хүү, өнөөдрийн Түркийн оюун санааны ертөнцийн султан Орхан Памук нэгэнтээ дурсчээ. 

Мянган жилийнхээ түүхэнд хэдэн сая хүний зовлон, жаргалд бялтан дагтаршсан энэ хот зүрхэнд үл мэдэг гуниг төрүүлэх ч холдоод л явчихвал эргээд тэр гунигаа зүрх шимшрэн шимшрэн санагалзах ер бусын увидастай. Өрнө дорныг холбосон хос гүүрээр нь өдөр бүр зорчсон ч танд Мармарийн тэнгис, Босфорийн хоолой тэр бүрий шинэ өнгөөр туяарах өөр үзэсгэлэнг бэлэглэх вий. Хэрвээ та энд гуниглаж ганцаардаад ирвэл вапурдаад үзээрэй. (Мармарийн тэнгис дээгүүр ази, европын хооронд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэсрэг хөлөг онгоц, усан автобус). Тэнгисийн ус моторын сэнсний аясаар боргилон хөөсрөхийг, Мармарийн тэнгист вапурын үлдээх усан мөр яг л та бид шиг, бас бусад бүх зүйлс шиг удахгүй арилах, мөнх бусын тэмдэг болохыг хөлөг онгоц даган нисэх гунигтай саарал цахлайнууд хүртэл хичнээн үзэсгэлэнтэй харагддагийг, тэдэнд цагирган боов хугалан тараах зорчигчид гээд... энэ бүхнийг хөлөг дээрх задгай хэсэгийн сараалжин хашлага тохойлдон ажиглах нь ер бусын атлаа нэг л меланхолик мэдрэмжийг (Тэнгисийн бохирдлоос болсон үл ялиг эвгүй үнэрийг эс тооцвол шүү дээ) авчрах вий. Ер нь энэ хотын араншинд меланхолик гэдэг үг яг таарна. Хайрлагддаг басхүү үзэн ядагддаг Памук хүүгийнхээ зохиолууд шиг меланхолик! Ер нь Прагийг Кундерагаар, Дублиныг Жойсоор дэлхий мэддэг шиг Истанбулын мөн чанарыг Памукын зохиолоор (ялангуяа “Истанбул: Дурсамж ба Хот” хэмээх дурдатгал романаас нь) бүрнээ мэдэрч болно. Шведийн шинжлэх ухааны академи Памукт нобелийн шагнал гардуулах тухай мэдэгдэлдээ “Амьдардаг хот Истанбулын меланхолик амин сүнсийн мөрийг мөшгихдөө соёл хоорондын мөргөлдөөн болон шинэ билэг тэмдгийг олсон” хэмээн тэмдэглэжээ. Турк хэлэнд хүзүн гэж нэг үг бий. Туркийн уран зохиолчид энэ үгээр л Истанбулаа тодорхойлох нь олон. Хүний дотоод дах нууцхан уй шаналлыг илтгэх энэ үгийг англи толиноос хайвал blue, gloominess, melancholy, sadness гэх мэтийн үгсээр тодорхойлсон байгаа байх. Бүүр Истанбул Хүзүнлүү гэсэн нэр томьёо ч бий. Тэд үүгээрээ хором мөч тутам өрнийн соёл иргэншлийн давалгаанд цохигдон бутарч унах дорнын үнэт зүйлс, өв уламжлалдаа эмгэнэсэн эмзэглэлээ илэрхийлнэ. Гэхдээ бас тэд соёлжин дэвшиж байгаагаа ч үгүйсгэж үл чадна. Нэг үгээр хэлэхэд зугтах аргагүй хувь тавилан, золиослогдсон цаг үе. Бид хэн бэ? Бид улам л хэн ч биш болоод байгаа юм биш үү гэсэн асуултуудтай Истанбулд нүүр тулах тоолондоо та яалт ч үгүй хүлцсэн, ухаарсан гуниг нэвт үнэртэхийг мэдэрнэ. Гэхдээ дааж давшгүй гаслан гуниг биш ямархан нэг цэгээхэн, найдвар үсчихэд л үргэчихмээр нарийн  хэрнээ тасалдамгүй тийм л уй гуниг.  

Эндхийн тэнгэр янз янз. Заримдаа гүүрэн дээр загас барин зогсох загасчны хуучин хувцас шиг бараан, заримдаа далайд нь нар гялтганан тоглох шиг гэрэл дүүрэн...Энэ хотод бүх л зүйлс бий. Гайхамшгууд байгаа газар хог шаар заавал оршиж л таардгийн үлгэр. Таксимийн (Истанбулын Арбат гэх үү дээ) арын гудмаас элдэв шидээр даллан дуудах биеэ үнэлэгч хүүхнүүд, аллахын нэр барин наалдах эрэмдэг гуйлгачид, ирээдүй нь өнгөрсөнд гээгдсэн  үгээгүй ядуус, энд тэндгүй элбэг таарах нүхэн гарцуудад ногоон хурганы арьс ч худалдаалах жижиг наймаачдыг (дөрвөн доллараар та гутал авч чадна гээд боддоо) харж болно... Гэхдээ энэ бол 1001 шөнийн үлгэр биш, Истамбулын бүх л зүйлс жинхэнэ, луйварчид нь хүртэл шүү. Өмхрөн доройтож байсан ч ямархан нэгэн ид шидэнд итгэн, үхэн хатан тэмцээд л баймаар хот. Тэмцэх ёстойгоо ч мэдрэх тийм л хот. Истанбул магадгүй, энэ дэлхий дээрх хамгийн олон янзын модтой хот байх. Зарим модод нь бүүр өдөрт л хэдэн янзын өнгөнд хувирч, хүний нүдийг хуурах илбэтэй  цэцэрлэгүүдэд нь суухад шавар шавхайн үнэр навчсын ялдам үнэртэй холилдон анхилах нь яагаад ч юм бэ нэг л дотно... Анзаарч л чадвал та эндээс бүгдийг олно. Өнө эртнээсээ өрнө дорныг холбон оршиж байсных, өөр хаана ч үгүй аварга, мөнгө л байвал хүссэнээ худалдан авч болох захууд зөвхөн Истанбулд л бий. 1461 онд үүдээ анх нээсэн гэхээр бараг 600 жилийн настай дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн аварга зах гэгдэх Аугаа Базаарын алт, үнэт эдлэл, хивс, халуун ногоо, ваар худалдаалах 1200 орчим дэлгүүр өдөр бүр 250-400 мянган зочныг урхидан дууддаг. Халуун ногооны (1660 онд үүдээ нээсэн), Махмутпашагийн (1474 онд нээгдсэн) базаар гээд өөр түүхт захууд, Акмеркез (Европ ба Дэлхийн шилдэг их дэлгүүр өргөмжлөлт), Галерей Атакөе зэрэг орчин үеийн их дэлгүүрүүдээр шагайхаа ч бүү мартаарай. Хотоор аялахдаа зарлалын самбаруудыг анхааралтай ажиглаж чадвал, эсвэл буудалдаа ирээд интернетээр хайгаад үзвэл ямар нэг урлагийн үзэсгэлэн, тоглолт болох гэж байгааг мэднэ. Тэр нь өнөөдөр орой байж таарах вий. Надад таарсан баримтат киноны наадам үнэгүй байж билээ. Том кинотеатрт үсрээд л наян хүн цугласан байсан нь тэр үзвэрийг улам ч амттай болгосон санагддаг юм. Истанбул бол дэлхийн хот, тийм болохоор дэлхийн хэмжээний зүйлс л байна. Венец, Каннын хамтаар Истанбулын кино наадам европын хамгийн чухаг кино наадмын нэгт тооцогддог бол хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсын контемпраори урлагийн үзэсгэлэн орчин үеийн урлагийн чиг хандлагыг залуурдана. Оттоманы эзэнт гүрний үеийн урлагийн үлдэц дорнын уран зургийн өвөрмөц шинжийг агуулсан, гоёмсог тод өнгөөрөө Климтийг санагдуулам миниатуруудын өлгий нутаг нь Истанбул. Памук “Миний нэр улаан” зохиолдоо “Өрнийхөн харснаа, дорныхон бодсоноо зурдаг” хэмээн тодорхойлсон байдаг.

Хоолны газруудынх нь хажуугаар өнгөрөхөд буюрун буюрун (please, please) гэлцээд л эелдэг гэж жигтэйхэн. (Ер нь л түркүүд халуун элгэмсүү, хачин уулгамч улс. Юм л бол Аллах зөвшөөрвөл гээд уулга алдаад эхлэх вий. Ерөөсөө ерөөж, хараахдаа тэдэн шиг сайн мэргэшсэн хүмүүс өөр хаана ч байдаггүй байх.) Том шилэн цонхных нь цаана эрээн алчуур толгойдоо ороосон ахимаг насны Турк хүүхнүүд зуурсан гурил элдэнгээ хуурай гурилаа агаарт цацлан ханиалгах нь инээдтэй. Ганц алхаад л таарах нарийн боовны газруудаасаа болоод Истанбулын гудмууд дэлхийд хамгийн амтат үнэртэй гудмууд гэгддэг. Дорнын нүд, дорнын нүд хэмээн найрагчийг уулга алдуулсан хамгийн сайхан нүднүүдийг ч эндээс л олж харна. Метроны буудлууд нь хөгжмийн хайрцгаа гуйлгын сав болгосон тэнэмэл хөгжимчдөөр дүүрэн. Сонгодог хөгжмийн чуулгынх биш байгаадаа гэж эндүүрэм цэвэрхэн залуусаас эхлээд хөдөөний борог ах эгч нар ч энд амьдралаа залгахын төлөө манай казакуудын домборорхуу хөгжмөөр энэтхэг араб гэмээр аялгуу ундруулна. 

Гудамж талбайд нь үе үе аугаа ихийн солиоролд автсан хэнээтнүүд, цээжээ дэлдэх эх орончид, чанга чанга хашгичих уриа лоозон, бэлэн байдалд орсон хүчнийхэн, бидний үзээгүй дайныг санагдуулам хуягт танкуудаас бүрдсэн сүртэй том жагсаалууд өрнөнө.  

Беяазитээс эхлээд л энэ рүү харж, тэрэн лүү алмайран явсаар нэг л мэдэхэд зам өөрөө таныг Султанахметийн сүмд хүргэнэ. Энд Христийн уран барилгын хамгийн гайхалтай билэг тэмдэг Аяасофиа, исламын уран барилгын оргилуудын нэг Султанахмедийн сүм хоёр хувь тавилангийн егөөгөөр ч гэх үү, өөд өөдөөсөө ширтэлцэн хэдэн зууныг элээжээ. 1453 онд Византийг цохисон түркүүд Константинополийг эзлэн авахдаа 1000 жилийн настай Аяасофиаг харь шашны сүм гэж нурааж устгалгүй харин ч засч сэлбээд исламжуулж орхисон бол Султанахметийг 1616 онд түркүүд бүтээжээ. Цэнхэр Сүм нэрээрээ алдаршсан энэ байгууламж дэлхий дээрх зургаан минаре цамхаг бүхий цорын ганц сүм бөгөөд гадна дотны гийчидтэй патиар татуулж, адар дах гоёмсог хээ угалзаараа тэдний толгойг эргүүлэн өдрийг барна. Газар доогуур сүлжих хонгилуудаас бүрдэх дэлхий дээрх хамгийн эртний сантехникийн байгууламжуудийн нэг Еребатан Сарничи,  гайхамшигт хот руу хөтлөх Майдений гэрэлт цамхаг, Ромын уран барилгын үлдэц Константиний багана гээд Истанбулыг хантлаа амтлахад хэдэн өдөр яавч хангалтгүй. Дорнын Микеланжело гэгддэг Мимар Синан Оттоманы эзэнт гүрний уран барилгын хамгийн томоохон төлөөлөгч байсан бөгөөд 98 наслахдаа Сулейман I, Селим II, Мурад III султануудад үйлчлэн, Сулейманы сүм, Шехзадийн сүм, Султанахмедийн сүм зэрэг 360 гаруй гайхамшигт уран барилгуудыг хүн төрөлхитний мэлмийд бэлэглэсэн юм. Султанахмедийн сүмийн зургаан минаре цамхгийн тухай ам дамжсан яриагаар бол Султан сүмийнхээ минаре цамхгийн оройгоо алтаар (Altin түркээр алт) бариарай хэмээн Синанд лүндэндсэнг нь нас дээр гарч сонсгол нь муудсан өвгөн уран барилгач (Alti буюу түркээр зургаагийн тоо) зургаан цамхагтай барь хэмээн буруу сонсч орхижээ. Минаре цамхаг нь тухайн сүмийнхээ сүр хүч, нэр төрийн бэлэг тэмдэг болдог Ислам шашины сүмийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болдог байсан бөгөөд тухайн цаг үедээ зөвхөн Меккад орших ариун сүм л зургаан минаре цамхагтай байсан аж. Гэтэл Султанахмедийн сүм зургаан цамхагтай баригдсан нь Исламын ертөнцөд томоохон дуулиан тарьж, Султан Мухамедийн үр ачтай ариун шашных нь эрхийг булаацалдаа гэлцэх болж. Энэ байдалд ухаант Султан тун ч зөв хариуг нь бариж Меккагийн ариун сүмд ахин нэг минаре цамхаг нэмж бариснаар маргааныг тасалсан гэсэн хууч яриа бий. Нэгэн цагт ертөнцийн эзний алдрыг магтан дуулж байсан христийн сүмүүд өнөөдөр аллахад залбирлаа хүргэх ариун газрууд болон хувирсан энэ л газарт, түмэн эрээн алчуур толгойдоо ороосон гүн шүтлэгт ислам хүүхнүүд, богинохон банзалтай орчин үеийн түрэг гоо сайхантай холилдон алхахыг та харахдаа  Истанбул бол өрнө ба дорно, хуучин ба шинийн уулзвар гэдгийг мэдэрнэ. Шинэ Истанбулын нэрийн хуудас болсон Левент дүүрэгт тэнгэр баганадсан барилгууд, худалдаа үйлчилгээний төвүүд, Туркийн хийгээд дэлхийн томоохон компаниудын оффисууд яралзана. 13 сая хүнтэй энэ хот Түркийн ДНБ ийн 20 хувийг, гадаад худалдааны эргэлтийн 55 хувийг дангаараа босгодог, эдийн засгийн зүрх нь.  

Истанбулчуудын амьдралыг хөлбөмбөггүйгээр төсөөлөх аргагүй. Галатсарай, Бешикташ, Фенербахче гэсэн гурван том хөлбөмбөгийн клуб энэ хотод бие биестээ өширхөн зэрэгцэн оршино. Ер нь хаа ч дербинүүд биесээ үзэн яддагчлан Истанбулд ч дербийн хууль үйлчилнэ. Гэхдээ гал халуун түркүүд хойно бүүр ч шүрүүн учраас та түрк хүнтэй шашин, хөлбөмбөгийн талаар маргаад хэрэггүй л болов уу? Ягаад гэвэл төгсгөл нь бага зэрэг эмгэнэлтэй байж ч мэднэ. Хоёр тивийг тэгнэн орших энэ хот хөлбөмбөгийн өрсөлдөөн үүсэхэд тун ч тохиромжтой нутаг. Галатсарай Истанбулын европ талд, Фенер азийн талд оршдог бол Фенербахче түркийн “ард түмний” төлөөлөл, билэг тэмдэг, Галатсарай ихэс дээдсийн төлөөлөл болдог болохоор Истанбулын нийгэм дэх өөр өөр давхаргынхны зөрчил ногоон талбай дээр 22 тоглогчийн тэмцлээр дүрэлзэнэ. Фенербахчегийн тоглогч асан Ридвен Дилмен нэгэнтээ “Европын цомын финалд Барселонаг хожихоос Истанбулын дербид Галатсарайг хожих нь хамаагүй чухал” хэмээн дербийн үнэ цэнийг тодорхойлсон байдаг. Энд хөлбөмбөг зөвхөн спорт биш соёл, гүн ухаан бас дур тачаал. 

Хаа ч явсан, эгээ л эх нутгаа санагалзах мэт үес үесхэн Истанбулын тухай бодолд дарагдан, дуугаа хураачхдаг нь сонин. Ай даа, Босфорын хоолойг ширтэнгээ ахиад нэг өглөөний цайгаа уухсан гэж яасан ихээр хүснэ вэ? 

Түр хүлээнэ үү...
Top