Хүмүүний амьдрал гэдэг чамирхах юмгүй зүйл дээ. Өглөө сэрнэ, ажилдаа явна, гэртээ ирнэ, хоолоо иднэ унтана. Ингээд л ахин дахин давтагдана. Мөрөөсөн хүлээдэг онцгой учралууд амьдралд маань хаа нэгхэн л тохионо.
Эдвард Янгийн уран бүтээлүүд яаг л амьдрал шиг уйтгартай басхүү удаан. Тэнд ямар нэгэн онцгой учрал, сэтгэл хөдөлгөм хүчтэй үйл явдал, бодолд дарагдуулам эргэцүүлэл, нүд хужирлам тансаг зураглалын аль аль нь байхгүй. Зарим нэг найруулагчдынх шиг хэт онцгой шийдэл, өвөрмөц элементгүй учраас хэн ч үзсэн хүлээж авахад төвөгтэй бус. Гэхдээ ийм л энгийн түүхүүд хэчнээн их зүйлийг агуулж болохыг Янг л харуулж чадсан мэт. Өнөөх л уйтай нэг нь нөгөөгөө давтсан өдрүүдээс бүрдэх амьдралд тохиож байдаг эгэл учрал, энгийн үйл явдлууд хүмүүний сэтгэлд үй түмэн давлагааг үүсгэж байдгийг Янгийн кинонууд хүчтэй мэдрүүлдэг. Өөрөөр хэлбэл тэр өдөр тутмын амьдралд олонтаа тохиох түүхүүдийг ахин харуулах замаар бидний хэзээ ч харж чаддаггүй ертөнцийг нээж өгдөг. Түүний бүтээлүүд бол бидний өдөр тутам харж байдаг мөртлөө огтоос хардаггүй тэр зүйлсийн тухай. Сүүлийн бүтээл болох “Нэг хоёр” /Yi Yi. 2002/-ынх нь бяцхан жаалхүү Янь Янь хүмүүсийн зургийг араас нь авснаа аавдаа үзүүлээд “Би хүмүүсийн харж чаддаггүй хэсгийг өөрсдөд нь харуулах гэсэн юм” хэмээн тайлбарладаг шиг Янг ч бас бидний харж чаддаггүй амьдралын нарийн деталь хэсгүүдийг бидэнд харуулахад амьдралынхаа хорь орчим жилийг зарцуулжээ.
Янгийн уран бүтээлийн үндсэн дэвсгэр нь Тайбэй хотын амьдрал. Түүний уран бүтээлүүдийг “их хотын яруу найраг” хэмээн тодорхойлж ч болох мэт. Даяаршил, техникийн үсрэнгүй хөгжлийн хүмүүний амьдрал дахь тусгал, зав чөлөөгүй түргэн хэмнэлт амьдралын хэв маяг, улам бүр нэг нэгнээсээ алсран буй хүмүүс, хүн хоорондын харилцаан дахь харилцааны дутагдал гээд орчин үеийн их хотын амьдралын хувь хүний дотоод ертөнц дэх элдэв нөлөөлөл нь Янгийн бүтээлүүд дэх түгээмэл сэдэв. Өнгөрсөн зууны сүүлийн хагаст үсрэнгүй хөгжиж иргэд нь байгалиас тусгаар амьдрах болсон Тайбэйд өсөж бойжсон болохоор Янг үсрэнгүй хөгжил, нийгмийн үнэт зүйлсийн шилжилт, улам бүр түрэн орж ирж буй барууны соёл зэрэг нь эгэл хүмүүсийн амьдрал тэдний хоорондын харилцаанд ямар өөрчлөлт авч ирдгийг нүдээр харсан бизээ.
Эгэл хүмүүсийн тухай энгийн намуун байдлаараа түүний кинонууд Жармушын кинонуудтай төстэй ч дүрүүд нь харин эсрэг. Жармушын киноны дүрүүд тодорхой зорилгогүй, эрх чөлөөтэй, юу ч үгүй атлаа юм бүхэнд ханасан нэг ёсны “босуул”-ууд байдаг бол Янгийн дүрүүд нь орчин үеийн хотын эрчимт амьдралд хүлэгдсэн, материаллаг хэрэгцээ нь ханасан ч аз жаргалд хүрч чадаагүй ямар нэгэн зүйлээр үргэлжлүүлэн дутагдсаар буй та бидэн шиг хүмүүс байдаг.
Янгийн ихэнх бүтээлүүд олон дүрүүдтэй, аль нэгийг нь гол дүр хэмээн товойлгох аргагүй, дүр бүр нь тухайн бүтээлд чухал бөгөөд даацтай оролцоотой байдаг. Ер нь түүн шиг дүрүүдээ нягт нарийн бодож боловсруулж хооронд уялдуулж чаддаг найруулагч цөөхөн байх.
Янг 1947 онд Шанхайд төрсөн ч хоёр жилийн дараа эх газарт коммунистууд эргэлтгүй ялалт байгуулсаны дараа гэр бүл нь өөр сая сая хүмүүсийн хамтаар Чан Кайшигийн засгийн газрыг даган Тайванийн арал руу дүрвэжээ. Энэ их дүрвэлтээс шалтгаалан Тайванийн арал дээр эх газраас ирэгсэд ба хуучин оршин суугчид гэсэн нийгмийн хоёр өөр бүлэг үүсэж, хоорондоо зөрчилдөж эхэлсэн байдаг. Ялангуяа энэ зөрчил нь шинээр суурьшигчид ба уугуул оршин суугчдын үр хүүхдүүдийн хооронд хүчтэй илэрч, өсвөр насныхнаас бүлэглэлүүдийн хооронд байнгын тэмцэл өрнөдөг байв. Эх газраас ирсэн Янг ч энэ бүхнийг нүдээр үзэж, биеэр мэдэрч байсан дамжиггүй. Энэ тухайгаа тэрээр “Зуны тэргэл өдөр” /A Brighter Summer Day. 1991/ бүтээлдээ дүрслэн үзүүлсэн байдаг. Уг кино нь шинэ газар өөрийгөө тодорхойлохоор оролдож буй эх газраас ирэгсдийн хүүхдүүд хийгээд уугуул нутгийн хүүхдүүдийн хоорондын зөрчлийн тухай өгүүлэх бөгөөд энэ үймээн дунд өсөж буй, гэр бүлийнхээ хамгийн итгэл хүлээсэн хүү болох Шиао Сиа эцэст нь найз охиноо хөнөөснөөр төгсдөг. Хамгийн эмгэнэлтэй нь Янг энэ киног болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд найз охиноо хөнөөсөн хүүгийн энэ гэмт хэрэг нь Тайванийн түүхэн дэх анхны насанд хүрээгүй аллагын хэрэг болж байжээ.
“Зуны тэргэл өдөр” нь Тайванийн кино урлагийн түүхэнд байгаагүй аварга төсөл байсан гэдэг. Дөрвөн цаг үргэлжлэх уг киног бүтээхэд Янг амьдралынхаа таван жилийг зарцуулсан бөгөөд 100 гаруй хүүхэд голдуу мэргэжлийн бус жүжигчин тогложээ. “Зуны тэргэл өдөр”-ийн үйл явдлын үндсэн чиг шугам нийгэмд үүссэн нөхцөл байдал өсвөр насны хүүхдүүдийн өөрийгөө олох, өөрийгөө тодорхойлох үйл явцад хэрхэн нөлөөлж, тэднийг хэрцгийлэл рүү түлхэж буйгаараа “Бурхдын хот” /Cidade De Deus/ зэрэг өсвөр насныхны гэмт хэргийн тухай кинонуудыг санагдуулам ч Тайвань хүмүүсийн хувьд нэн эмзэг сэдэв болох “Бид хэн юм бэ, бид хаашаа явж байгаа юм бэ” гэсэн асуултыг хөндсөнөөрөө илүү гүн агуулгатай болсон мэт. Тайваньд эдүгээ хүртэл бид Тайвань хүмүүс үү, хятадууд уу эсвэл аль аль нь уу гэсэн асуулт хамгийн ээдрээтэй сэдвүүдийн нэг байсаар байдаг гэнэм. Киноны туршид салахгүй дагах Эльвис Преслигийн дуунууд / Киноны нэрийг Э.Преслигийн Lonesome Tonight дууны үгнээс санаа аван өгчээ/, Сиагийн ээжийн “Бид хорин жилийн турш япончуудтай дайтсан. Гэтэл өнөөдөр япон байшинд амьдарч байна” гэх үгс, оросын роман унших хүүхдүүд, самурайн илд зэрэг нь тухайн үед Тайваньд хүч түрэн орж ирж байсан барууны хийгээд Японы соёлын нөлөө өсвөр насныхны өөрийгөө тодорхойлох үйл явцад хэрхэн нөлөөлж байсныг харуулна. Янг ч “Тайванийн иргэн бүр бид хэн юм бэ, бид хаашаа явж байгаа юм бэ, эх газартай нэгдэх үү эсвэл тусгаар орших уу гэсэн асуулттай нүүр тулдаг. “Зуны тэргэл өдөр” бол ирээдүйд юу болох тухай миний зөгнөл” хэмээн ярьсан нь бий.
Янгийн амьдралын өөр нэг сонирхолтой хэсэг бол кино урлагтай холбогдсон түүх нь. Хэдийгээр багаасаа л кинонд дуртай нэгэн байсан ч тэр нутагтаа электроникийн инженерийн мэргэжил эзэмшиж, дараа нь энэ мэргэжлээрээ Америкт үргэлжлүүлэн мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд бүүр америк дахь анхны мэдээллийн технологийн төслүүдийн нэг дээр ажиллаж байсан гэдэг. Гэвч гэнэт кино урлагт татагдах хүсэл нь ялан докторантурт суралцах боломжоо орхин Өмнөд Калифорнийн Кино урлагийн сургуульд элссэн ч ганц улирлын дараа өөрийгөө кино урлагийн салбарт ажиллах ямар ч авьяасгүй гэж дүгнээд сургуулиа орхиж, гэр бүлийнхээ хамтаар Сиэтлд суурьшиж, микрокомпьютерийн аюулгүй ажиллагааны талаарх судалгааны төсөл дээр ажиллаж эхэлжээ. Энэ салбарт чамгүй амжилттай ажиллаж байсан ч кино бүтээх тухай хүсэл мөрөөдөл нь салахгүй дагасаар л байв.
Нэг удаа Сиэтлийн театрт Вернер Херцогийн “Агирре: Бурхны хилэн” /Aguirre: Wrath Of The God/ бүтээлийг үзсэн нь Янгд кино бүтээх үйл явцад сонгодог кинонуудаар дамжуулан өөрөө суралцах боломжтой гэдгийг ухааруулсан гэдэг. Кино урлагийн боловсрол эзэмшээгүй ч урлагийн түүхэнд мөрөө үлдээхүйц бүтээлүүд үлдээсэн Херцогийн өвөрмөц замнал ч түүнд нэгийг бодуулаа биз. Үүнээс гурван жилийн дараа нэгэн найз нь Янгаас кино зохиол бичиж өгөхийг хүссэнээр тэр кино урлагийн салбарт анх хөл тавьсан юм. 1982 онд “Бидний цаг үе” хэмээх Тайванийн шинэ үеийн дөрвөн найруулагчийн тус тусын богино хэмжээний бүтээлийг багтаасан телевизийн антологи кинонд ажиллах боломж гарснаар Янг Тайваньд нэг мөр үлдэж кино урлагтай бүрэн холбогджээ. Янгийн өөрөө өөртөө үнэнч байх уу эсвэл амжилт, материаллаг баялгийн төлөө мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласаар байх уу гэсэн бидэнд ч үе үе тохиолддог энэ ярвигтай сонголт нь түүний сүүлчийн басхүү олонд хамгийн ихээр хүрсэн бүтээл болох “Нэг хоёр”-ын Энжигийн дүр дээр хүчтэй илрэн гарсан санагддаг.
“Нэг хоёр” Тайбэй хотын нэгэн гэр бүлийн хэсэг хугацаан дахь түүхийг өгүүлнэ. Ингэхдээ бас таны миний гэр бүлийн түүхийг ч давхар хүүрнэнэ. Хуримаар эхэлж, төрөлтөөр өрнөж, оршуулгаар төгсөнө. Магадгүй бүх л амьдралын түүх. Янг ч өөрөө уг бүтээлийнхээ талаар амьдралын хамрах бүхий л хүрээг нэг бүтээлд багтаахыг хүссэн хэмээн ярьсан байдаг. Үнэхээр ч “Нэг хоёр”-ыг яаг тийм зүйлийн тухай кино гээд шуудхан тодорхойлох аргагүй. Гурван цаг үргэлжлэх бараг арав шахам дүрийн дотоод сэтгэл, зовлон жаргал, амьдралын тухай төсөөллийг уудлан гаргах явцдаа хүний амьдралын хөндөж болох бүхий л сэдвийг хамарсан ийм аварга бүтээл цөөхөн. Насны бүлэг, ертөнцийг үзэх үзлийн хувьд ялгаатай олон дүрүүд, тэдгээр дүрүүдийг нэгээс нөгөөтэй нь холбож, мөн бидэнд нээн харуулах харилцан ярианууд, киноны туршид үзэгдэх үйл явдлууд зэргийг төгс гэмээр нэгтгэн уялдуулж нэг бүтээл болгож чадсан Янгийн уран чадвар нөр их хөдөлмөрийг бахдахгүй байхын аргагүй. “Нэг хоёр”-ын дүр бүхэн өөр өөрийн асуудалтай. Тэд бүгд л амьдралыг өөр өөрийнхөөрөө танин мэдэхээр оролдоно. Өрхийн тэргүүн программ хангамжийн компанийн менежер Энжи компаниа төлөөлөн япон бизнесмен Отатай хэлцэл хийнэ. Энэ явцдаа анхны хайртайгаа ахин уулзаж дурсамж дундуураа аялна. Гэвч Энжигийн компанийн удирдлага шударга бизнесмен Отаг бус илүү ашиг олох боломжтой саналыг хүлээн авна. Энжигийн одоогийн амьдралдаа залхсан анхны хайр Шерри Энжитэй эргээд нийлбэл л амьдрал нь жаргалтай болох юм шиг санана. Энжигийн бяцхан хүү Янь Янь үе тэнгийнхээ хүүхдүүдийн адилаар амьдралыг танихаар оролдож тэр нь дэггүйтэл болон хувирч багш нартаа зэмлүүлнэ. Харин өсвөр насны охин Тинь Тинь нь хөнгөн явдалт найз Лилигийнхээ хуучин найз залуу Фаттиг шохоорхоно. Фатти Тинь Тиньтэй болзох ч дараа нь Лилитэй харилцаагаа сэргээнэ. Фатти зөвхөн Лилитэй ч бус ээжтэй нь ч учир ургуулдаг байсан нь киноны төгсгөлд ил болох бөгөөд Фатти Лилигийн ээжтэй унтдаг байсан Лилигийн Англи хэлний багшийг хөнөөдөг. Энжигийн хадам эх команд орж амьдрал үхлийн дэнсэн дээр дэнжигнэнэ. Харин Энжигийн тогтсон хэвт амьдралаасаа залхсан эхнэрт ээжийнх нь өвчин улам ч нэрмээс болж, эцэст нь зэнгийн сүм руу зугтана. Энжигийн эхнэрийнх нь дүү А Ди нь хуримаа хийх ч өмнөх найз бүсгүйгээсээ холбоогоо тасалж үл чадах бөгөөд байнга л мөнгөний асуудалд орж тэр бүртээ Энжигээс бас хуучин найз эмэгтэйгээсээ тусламж хүснэ. А Дигийн хувьд амьдрал дахь хамгийн том асуудал мөнгө байхад Энжиг мөнгөний төлөө нэр төрөө ч худалдаж чаддаг хамтран ажиллагсад нь зовооно. Нэг хоёрыг бүтээх санаа анх орж ирсэн тухайгаа Янг “Бараг хориод жилийн өмнө нэг найзын маань хамаатан команд орсон юм. Эмч гэр бүлийнхэнд нь “Тэр та бүгдийн яриаг бүгдийг нь ойлгоно. Түүнтэй ярилцаж байх нь түүнд тустай” гэж хэлсэн юм билээ. Ухаангүй байгаа хүнтэй энгийн хүнтэй л ярилцдаг шигээ ярина гэдэг надад бараг л боломжгүй зүйл шиг санагдсан. Ийм нөхцөлд чи маш шударга байх ёстой. Нөгөө хүнээ бодсондоо биш өөртөө зориулж шударга байх хэрэгтэй” хэмээн ярьсан байдаг.
Комд орсон ээжтэйгээ өдөр бүр ярилцах Энжигийн эхнэр нэгэн орой “Надад ээжтэй ярих ч юм алга. Би өдөржин юу хийснээ ярихад ердөө л нэг минут шаардагддаг. Амьдрал минь яагаад ийм өчүүхэн хоосон болчихсон юм бэ” хэмээн уйлдаг. Бид бүгдийн мэдэрч үзсэн тийм гунигтай хоосон мэдрэмж. Магадгүй хариулт нь Ота саны нөхөрт нь хэлэх “Бид яагаад анхны удаа гэдгээс айдаг юм бэ? Өдөр бүхэн шинэ. Өглөө бүр анхных. Бид нэг өдөр хоёр удаа амьдарч чадахгүй” гэх үгст байгаа ч юм билүү?
“Нэг хоёр”-ын зураг авалт өнгөц харвал онцгой зүйлгүй энгийн гэмээр ч тогтож үзвэл маш нарийн бодож тооцоолсон нь илт мэдрэгдэнэ. Ялангуяа Энжигийн анхны хайртайгаа эргэн уулзаж байгаа хэсгийг түүний охины анхны болзоондоо явж буй хэсэгтэй сөөлжлүүлэн эвлүүлсэн нь тун гайхалтай. Янг кинонууддаа толь, цонхон дээрх тусгалуудыг түгээмэл ашигладаг. Магадгүй үүгээрээ тэр бид амьдралын мөн чанарыг бус зүгээр л ойсон тусгалыг нь олж хардаг, их хотын завгүй амьдрал биднийг өөрсдийгөө ч анзаарах боломжгүй болгодог гэдгийг ухааруулах гэж оролдсон ч байж мэднэ. Би хүмүүнлэг гэдэг үг хэрэглэх дургүй ч Янгийн “Нэг хоёр”-оор дамжуулан бидэнд хэлэх гэсэн санааны өчүүхэн хэсгийг ч болов энэ үг л тодорхойлж чадах мэт санагдана.
Янг хамгийн дуртай найруулагчаараа Микеланжело Антониониг нэрлэдэг байв. Орчин үеийн нийгэмд хүмүүс нэг нэгнээсээ, үнэт зүйлсээсээ бүүр өөрөө өөрөөсөө хэрхэн тусгаарлагддаг тухай Антонионигийн эхэн үеийн бүтээлүүд Янгд багагүй нөлөө үзүүлсэн нь мэдрэгддэг. Ялангуяа “Хорлон сүйтгэгчид” /The Terrorizers 1986/ бүтээлээрээ Янг нэг нэгнээсээ өөрөөсөө алсран буй орчин үеийн хотын иргэдийн түүхийг тун сонирхолтойгоор кино хэл рүү хөрвүүлсэн. Миний өмнө нь дурдсан “Зуны тэргэл өдөр”, “Нэг хоёр” нь олон дүрүүдтэй, харилцан яриа ихтэй, реалист шинжтэй бол “Хорлон сүйтгэгчид” эсрэгээрээ Тайбэй хотын хаа нэгтэй орших тусдаа гурван хосын хооронд санамсаргүй тохиолоор үүсэх харилцаа тэдний ирээдүйг хэрхэн өөрчилж буй тухай ихээхэн бодит бус шинжтэй, зүүд зөнгийн мэт бүтээл. Эхний хос нь албан тушаал дэвших тушаалаа л хүлээх эмч эр, гэрийн эзэгтэйн амьдралд үл дасах түүний аз жаргалгүй зохиолч эхнэр. Харин өөр нэг хос нь чинээлэг гэр бүлээс гаралтай зурагчин залуу ба түүний найз бүсгүй. Санаандгүй учирсан эрлийз бүсгүйд татагдсанаар зурагчин найз бүсгүйгээ орхих бөгөөд байр хөлсөлж, хөлсөлсөн өрөөнийхөө бүх цонхыг халхлан хэдэн цаг болж буйг ч үл мэдэн нийгмээс бүрэн тусгаарлагдан амьдарч эхэлдэг. Гурав дахь хос нь зурагчин залуугийн сэтгэлийг татсан эрлийз бүсгүй ба түүний найз залуу. Бүсгүй гудамнаас чинээлэг эрчүүдийг урхидан буудалд авч ирээд дараа нь найз залуутайгаа нийлэн тэднийг дээрэмдэж амьдарна.
Эхний хос орчин үеийн нийгмийн хэмнэлд бүрэн автаж харилцааны дутагдалд орж бие биенээсээ тусгаарлагдсан гэр бүлүүдийн жишээ. Эмч эр орхиж явсан эхнэрээ эргүүлэн гэртээ ирэхийг ятгах авч эхнэрийнхээ юуны тухай зохиол бичдэгийг ч үл мэднэ. Харин зурагчин залуу нийгмийн санал болгож буй бүхнийг огоорогч, өөрийнхөөрөө замнагч босуул нэгэн. Тэр гэрэл зургаар дамжуулан амьдралтай холбоо үүсгэж түүнийг танихаар оролдож, өөрөө өөртэйгөө байх орон зай бүрдүүлэхийн тулд өөрийгөө нийгмээс тусгаарлана.
“Хорлон сүйтгэгчид” дээр орчин үеийн технологийн бүтээгдэхүүнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зурагчин залууг зургийн аппарат нь л эрлийз бүсгүйтэй холбох бол эрлийз бүсгүй утсаар дамжуулан зохиолч бүсгүйтэй холбогддог. Үүгээрээ Янг орчин үеийн нийгэмд амьд харилцаа улам бүр үгүй болж, ямар нэгэн технологиор дамжуулан нэг нэгэнтэй холбогддог болсныг харуулах гэж оролдсон ч байж мэднэ. Зөвхөн “Хорлон сүйтгэгчид” ч бус Янгийн олон бүтээлд орчин үеийн нийгмийг дистопиа буюу мөхөн сүйрч буй нийгэм гэж үзсэн санаанууд харагддаг. Ийн орчин үеийн нийгмийн мөн чанарыг ахин нэг тодорхойлох гэсэн байдлаар нь түүнийг Ираны домогт найруулагч Аббас Киаростамитай ч адилтган үзэх нь бий. Хэдийгээр иран хийгээд тайвань орон, Янг хийгээд Киаростамигийн бүтүүлээдийн хооронд адил төстэй шинж тийм их бус ч эцсийн дүндээ үзэгчдэд илгээж буй мессеж нь давхцах нь бий. Киаростами хөгжил цэцэглэлтээс холхи хүмүүний оршихуйн эх булаг болсон байгаль эхийг дэвсгэрээ болгон авч Ираны хөдөөх тосгодын амьдралаар дамжуулан хаа нэгтэй гээчихсэн үнэт зүйлсийг маань бидэнд ахин нэг сануулдаг бол Янг харин техникжсэн хурдтай Тайбэй хотын амьдралын дэвсгэр дээр ямархан нэгэн зүйлээр дутагдан гачигдаж аз жаргалыг хүсэх ч үл хүрэх хүмүүсийн гунигтай түүхээр “Бид хаашаа одно вэ?” хэмээн асуудаг. Энэ чиг шугамын дагуу бүтээгдсэн өөр нэг сонирхолтой бүтээл нь. “Кунзын самуурал” /A Confucian Confusion. 1994/. Эл бүтээлийнхээ талаар талаар тэр “Бид дэлхий ертөнцийг хэрхэн өөрчлөх эсвэл, хүний эрхийн талаар хангалттай их зүйл ярьж чадна. Харин өөрсдийнхөө ирээдүйн төлөө юу хийх ёстойгоо мэдэх билүү? Энэ самуурал бидний өдөр тутмын амьдралын бүх л эд ширхэг бүрт зовиур үүсгэдэг. Өнөөдөр Азийн нөхцөл байдал маш муу байна. Энэ бол эдийн засаг эсвэл улс төрийн асуудал биш. Энэ бол соёлын асуудал. “Кунзын самуурал” бол XXI зуун луу МЭӨ IV зууны идеологитойгоор алхан орохын юу нь буруу болхыг сонжиж буй миний анхны бөгөөд цорын ганц оролдлого” хэмээн ярьсан байдаг.