Өнгөрсөн зуун хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай эрин зуун байв. Мэдээжийн хэрэг энэхүү огцом хурд, дэвшил өөрчлөлт нь эгэл хүмүүсд хэмжээлшгүй боломжийг олгохынхоо сацуу үл зогсох, хурданд зохицох харгис гэмээр шаардлагыг ч тулгасан. Ялангуяа барууны соёл иргэншилийн нөлөөнөөс ангид байсан бүс нутгуудад энэ үйл явц улам ч харгис хатуугаар туссан гэлтэй.
Энэ л үймээнт зуун эхлэх тэр цагт гурван зууны настай Чин гүрэн унаснаар дундад иргэн улс түүхийнхээ хамгийн адармаа, зүдүүртэй басхүү итгэл найдвараар дүүрэн цаг үетэйгээ нүүр тулсан билээ. Хуучин ёсыг халж, шинийг тогтоох хүсэл тэмүүлэл, иргэний дайн, Японы түрэмгийлэл, соёлын хувьсгалын хар дарсан он жилүүд, коммунизм бүтээн байгуулах мөрөөдөл, Дэн Сяопиний зах зээлийн эдийн засгийн систем рүү шилжих шилжилт, түүний буурин дээр боссон орчин үеийн эрчимтэй хөгжин буй хятад орон гээд энэ бүхэн ганцхан зууны дотор болж өнгөрсөн гээд бодхоор үлгэр ч юм шиг. Түүхийн энэхүү адармаа нугачаа, эрчимтэй хувьсал өөрчлөлтүүд эгэл иргэдийн амьдралд ч эерэг сөрөг гээд өөр өөрийнхөөрөө тусч байсан нь дамжиггүй ээ. Нэгэнт уран бүтээлч хүн цаг үеийнхээ бүтээл байдаг болохоор Хятадын орчин үеийн урлагийг цаг үе, ахуй соёлоос нь ангид авч үзэх аргагүй юм.
Хятадын кино урлагийн сэрэлтийг эхлүүлсэн тавдугаар үеийн найруулагчдын гол төлөөлөл болох Чэн Кайгэ л гэхэд өөрийн гол бүтээл “Амраг минь баяртай” /1993/-даа Бээжин шийгийн хоёр жүжигчний амьдралиар хятадын өнгөрсөн зууны түүхийг бүхэлд нь өгүүлхийн сацуу өнгөрсөн ба ирээдүйн зөрчил, цөвүүн цагийн хүмүүний амьдрал дах тусгал, үндэсний соёл өв уламжлалыг туйлын гайхалтай байдлаар туулсийн хэлбэрээр харуулдаг бол “Шар хөрст өндөрлөг” /1984/-төө иргэний дайн болон японы эзлэн түрэмгийллийн үе дэх шаньси мужийнхны эгэл амьдрал, хүсэл тэмүүллийг дүрсэлдэг. Тэгвэл тавдугаар үеийн найруулагчдаас олон улсад хамгийн алдаршсан төлөөлөгч болох Жан Имоугийн эхэн дунд үеийн бүтээлүүдийг ч хятадын хөдөөгийн эгэл боргил хийгээд хатуу хөтүү амьдрал, хятад хүн хятад соёлгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Шар хөрст өндөрлөг (1984)
1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үес энэ үеийн гол төлөөлөгчид болох Жан Имоу, Чэн Кайгэ нарын уран бүтээлүүдэд нэлээд өөрчлөгдөж, реалистаас арга барилаас татгалзаж, артхаус салбараас аажмаар мэйнстрийм киноны салбар руу шилжсэнээр тавдугаар үеийхний эрч хүч харьцангуй суларсан билээ. Магад нэгэнт үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн болохоор тайзнаас алгуурхан бууж буй нь ч энэ байж мэднэ. Нэгэн цагт хятадын коммунист намын дайсан болж, кино хийх эрхээ хасуулж явсан Жан Имоу 2008 оны бээжингийн олимпийн нээлтийг найруулсныг ази хүний хүлээцтэй зан л тайлбарлах бизээ.
Гэвч тэдний орыг төрийн оролцоо бүхий кино урлагийн системээс ангид өөрийн эсвэл гадны сангуудын төсвөөр санхүүжүүлэн, улсын зөвшөөрөлгүйгээр кино бүтээж, зөвшөөрөлгүй хувилсан видео кассетаар дамжин бүтээлээ нийтэд хүргэдэг андерграунд уран бүтээлчдээс бүрдсэн зургаадугаар үеийнхэн эзлэн авсан юм. Энэ үеийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгч бол Жя Жанкэ.
“Шар хөрст өндөрлөг”-ийн зураг авалтыг хийсэн Шаньси мужийн жижиг хот Феньянд Маогийн эриний төгсгөл үе 1970 онд төрсөн Жанкэ “Шар хөрст өндөрлөг”-ийг үзсэнийхээ дараа кино найруулагч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Дэн Сяопиний эрчимт аж үйлдвэр, чөлөөт зах зээлийн системд тулгуурласан хөгжлийн зам, нээлттэй бодлого, түүний үр дүн болох коммунист систем дэх эрчимт капитализм, даяаршилийн давалгаа хөдөөх сууринд хэрхэн нөлөөлсөнийг нүдээр үзэж, сэтгэлээр мэдэрсэн нь Жанкэгийн уран бүтээлд гүн нөлөө үзүүлсэн бололтой байдаг. Тэр “Төрсөн нутгийн гурвал” гэгддэг эхний гурван бүтээл болох “Халаасны хулгайч” /1997/, “Тавцан” /2000/, “Үл мэдэх таашаал” /2002/ гурваа төрөлх муждаа бүтээсэн бөгөөд уг гурвал нь хятадын анхны цэвэр мандарин бус орон нутгийн /Шаньси/ дуудлагатай яриа бүхий кино болсон гэдэг. Хятадын кино үйлдвэрлэлийн системээс ангид бүтээн туурвиж, хууль бус хуулбараар олонд тархаж байсан Жанкэгийн уран бүтээлийн энэ үеийг нь андерграунд үе гэж үздэг.
Халаасны хулгайч (1997)
“Төрөлх нутгийн гурвал” хөдөө нутгийн амьдрал ахуйг харуулсанаараа Жан Имоугийн эхэн үеийн уран бүтээлүүдтэй төстэй ч агуулга ба илэрхийллийн хувьд маш их ялгаатай. Жан Имоу тухайн цаг үесээ илүүтэй өнгөрснийг сонирхдог бол Жя нэн орчин үеийн хятадыг хөдөөг сонгож авсан юм. Үүнээс гадна, хамгийн гол нь Имоугийн кинонууд романтик, гэгээлэг өнгө аястай, бүхэлдээ уран сайханлаг, дүрүүд нь идэвхтэй тэмцэгч араншинтай байдаг бол Жягийн эл гурвал нь гутранги, итгэлгүй, нихилист өнгө аястай, уран сайхны гэхээсээ баримтат түүхэн кино мэт хэлбэртэй, гол дүрүүд нь туйлын пассив шинжтэй. Жанкэгийн кинонуудын зорилгогүй, төөрөлдсөн залуусын дүрүүд нь Францын шинэ давлагаа Ж.Л.Годарын дүрүүдийг санагдуулна. Энэ мэт эрс тэс ялгаа нь зургадугаар үеийнхнийг өмнөх үес нь хурцаар ялгадаг.
Зарим шүүмжлэгчид Жягийн энэхүү хэт реалист хэв маягийг тавдугаар үеийнхний гял цал, хэт хийсвэр бүтээлүүдээс болж реализмаас холдсон хятадын кино урлагт реалист байдлыг сэргээх гэсэн оролдлого ч гэж үзэх нь бий. Мөн Жя уг гурвалынхаа итгэл найдваргүй, идэвхгүй байдлаараа орчин үеийн Хятадын эрчимтэй хөгжлийг шүүмжилсэн хэмээн үзэх нь ч бий. Харин надад Жя уран бүтээлээрээ тодорхой нэг обьектийг шүүмжилж, хэн нэгний буруутгасан санагдадгүй. Учир нь орчин үеийн Хятадын эрчимтэй хөгжил энгийн хүмүүст хэрхэн нөлөөлж буйг /ихэвчлэн сөргөөр/ харуулсан энэ гурвал нь Жягийн үзэл бодлын илэрхийлэл гэхээсээ ердөө л орчин үеийн Хятадын, Хятадын хөдөөгийн түүхийг урлагийн хэлээр хөшөө дурсгал болгон хойч үедээ бичин үлдээж буй үйл явц мэт санагддаг.
Тавцан (2000)
Нэгэн кино сонирхогч түүнийг орчин үеийн “соёлын түүхч” хэмээн цоллосон нь туйлын оносон мэт. Ялангуяа гурван цагийн урттай, Шаньсигийн сайн дурын уран сайханчдын нэгэн багийн 1970-аад оноос 1990 он хүртэлх түүхийг хүүрнэх “Тавцан” нь төрж өссөн нутаг орныхоо тасралтгүй өөрчлөлт шинэчлэлтийн дундах дүнсгэр гунигтай түүхийг бүхэлд нь маш бодитой дүрслэн харуулснаараа Тайваний найруулагч Хоу Сяосяний Тайвань арлын Японы эзэмшил дэх үеийн түүхийг өгүүлсэн “Гунигт хот” эсвээс түүний дотны нөхөр Эдвар Янгийн дэлхийн дайны дараах Тайваний залуусын тухай “Зуны тэргэл өдөр” зэрэг туульсын бүтээлийг эрхгүй санагдуулна. Гэхдээ Хоу хийгээд Янгийн бүтээлүүд түүхийн эгзэгтэй үес үүдсэн цочирдом эргэлтүүдтэй бол “Тавцан”-д хүчтэй сэтгэл хөдөлгөм үйл явдал огт үгүй. Намуун, тайван, уйтай бас зовлонтой... Амьдрал хэзээнээсээ л ийм байсан хойно өөр яах ч билээ.
Нөгөө талаасаа хэдийгээр Жягийн кинонууд Хятадын, тэр дундаа хөдөөгийн амьдралыг л харуулах боловч тохиолдож буй бэрхшээлүүд нь глобал шинжтэй байдаг. Амьд үлдэхийн тулд эрчимтэй хувьсал өөрчлөлтөд дасах гэж тэмцэх хөлөө олоогүй хүмүүс, хүсэл мөрөөдөл ба бодит байдлын дунд төөрөлдсөн залуус, орчин үеийн эрчимтэй амьдралд нэг нэгэнтэй холбогдож эс чадах хосууд, даяаршилийн нөлөө зэргийг бид дэлхийн хаанаас олж харж бас хаана мэдэрч чадна. Ялангуяа зарим талаараа Хятадтай ихээхэн ойролцоо түүх туулж яваа бидэнд тун ч ойр.
Үл мэдэх таашаал (2002)
“Төрөлх нутгийн гурвал”-ийн дүрүүд нь эгээ л манай хөдөөнийхний нэгэн адил ямар нэгэн найдвар, тодорхой зорилгогүй, цөхөрсөн, хоцрогдсон бүдүүлэг тэр л нутагтаа хавханд орж, орхигдсон хүмүүс байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн хөдөөнийхөнд хамаатай, хөдөөгийнхний зовлон гэхээсээ хүмүүний амьдралын мөн чанар гэдэг эцэс төгсгөлгүй цөхрөл байдаг мэт. Магад энэ мэт глобал шинжээрээ Жанкэгийн уран бүтээлүүд зөвхөн Хятадад бус дэлхийн үзэгчдэд таашаагддаг ч байж мэднэ. Ялангуяа тэр дараагийн бүтээлдээ зовлон бэрхшээл зөвхөн хөдөөд ч байдаггүйг харуулдаг.
Гурав дахь бүрэн хэмжээний бүтээл “Хорвоо” /2004/ нь Жанкэгийн анхны улсын зөвшөөрөл санхүүжилттэй бүтээгдсэн мөн анхны төрөлх муж Шаньсигаасаа гадна зураг авалтаа хийсэн бүтээл болсон юм. “Хорвоо” бол “Бээжингийн дэлхийн парк” буюу эйфелийн цамхаг, пирамид зэрэг дэлхийн алдартай обьектуудыг дуурайн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгийн жүжигчин бүсгүй Тао болон түүний эргэн тойрон дах хүмүүсийн түүх юм. “Төрөлх нутгийн гурвал” хөдөө нутгийн тухай бол “Хорвоо” амьдрал хайн бээжинд ирж, их хотын хатуу ширүүн амьдралд тэсэхээр оролдох ч итгэл найдвар нь аажуухан бөхөж буй хүмүүсийн тухай өгүүлдэг.
“Нэг хүүхэд” бодлогын үеийн ганцаардсан, барууны соёлын нөлөөнд автсан, эрх чөлөөг хүсэх хэрнээ хавханд орсон хоёр залуугийн түүхийг өгүүлэх “Үл мэдэх таашаал”-ын Шиао Жигийн найз охины Бээжингийн дээд сургуульд элсэх мөрөөдөл, Датон Бээжинг холбосон хурдны замын тухай телевизийн мэдээ зэрэг хэсгүүд хөдөөгийнхний хувьд бээжин, их хот гэдэг ямагт итгэл найдварын гал байдгийг харуулдаг. Харин “Хорвоо” дээр итгэл найдварын нутаг болсон тэр газраа ирээд ч аз жаргалыг эс олох хөдөөнийхний тухай өгүүлнэ. Ганцаардаж, цөхөрсөн хятад Тао, орос Анна хоёр уушийн газарт “Улаанбаатарын үдэш”-ийг монголоор дуулах нь үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэгдлийг төрүүлнэ. Хэн хэнийхээ хэлж ярихыг эс ойлгох хоёр бүсгүй гурав дахь хэлээр дуулна... Тэднийг үг хэл биш ч хувь тавилан зовлон бэрхшээл холбожээ.
Хорвоо (2004)
Жя Жанкэгийн нэг онцлог нь түүний бүтээлүүд дэх Монголын тухай хэсгүүд. “Үл мэдэх таашаал”-д гол дүр Бин Биний дурласан бүсгүй “Монголын хаан ликёр” компанид ажилладаг бол, “Тавцан”-д “Улаанбаатар хаана байдаг юм бэ?” “Өвөрмонголоос хойшоо” гэх эсвээс радиогоор явах Улаанбаатарын цаг агаарын мэдээ гарна. Харин “Дэлхий” дээр Анна Тао хоёрын дуунаас гадна Аннагийн эгч Улаанбаатарт амьдардаг тухай, Таогийн хуучин найз залуу Улаанбаатар руу явж буйгаар гардаг бөгөөд хоёр дахь бүлгийнх нь нэр “Улаанбаатарын үдэш”. Нэгэн шүүмжлэгч Жанкэгийн энэ метафорын тухай “Монгол бол нууцлаг итгэл найдвар, бодитой оршдог ч хэзээ ч хүрч чадахгүй мөрөөдөл. Бодит болохгүй утопи. Хэзээ ч очиж чадахгүй ертөнц” хэмээн бичжээ. Өвөр Монголтой залгаа Шаньси мужид төрж өссөн болхоор Монголын тухай төсөөлөл түүний ой тойнд хүрч үл чадах нууцлаг ахуй орон мэтээр үлдсэн ч байж мэднэ.
Жя Жанкэгийн тавдугаар үеийн найруулагчдаас ялгарах өөр нэг онцлог бол урлахуйн арга барил нь. Түүний хэт реалист, баримтат гэмээр урт удаан зураг авалтууд өмнөх үеийнхнээсээ илүүтэй тайванийн Хоу Сяосянь, япон Ясүжиро Озү нарыг санагдуулдаг. Үүнээс гадна тэр зураг авалтын арга барилаа киноныхоо уур амьсгалтай гайхалтай холбож чаддаг. Жишээ нь анхны дижиталиар бүтээсэн бүтээл “Үл мэдэх таашаал”-д л гэхэд сонгодог урт зураг авалтуудыг сонирхогчийн гэмээр энгийн зураг авалтууд, К.Тарантиногийн “Хямдхан зохиол”-ын дуурайсан зураг авалтуудтай хослуулсан нь киноны чиг зүггүй хаос гэмээр уур амьсгалтай маш сайн хосолдог. Жанкэгийн бүтээлүүдэд поп дуунууд маш том байр суурь эзэлдэг. Радио эсвэл телевизээр явах эсвэл хэн нэгний дуулах дуунуудаар дамжуулан Жанкэ дүрүүдийнхээ дотоод сэтгэл киноныхоо амин сүнсийг илэрхийлэн гаргадаг.
Натюрморт (2006)
Жанкэ “Хорвоо”-гийн дараа “Гурван хавцлын далан”-ийн цогцолбороос /Хөх мөрөн дээрх усан цахилгаан станцын аварга төсөл/ болон богино хугацаанд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн төрөлх хотдоо орхиж одсон эхнэрээ хайн шаньсигаас эргэн ирж буй Санмин ба нөхрөө эрэн бэдрэх өөр нэг бүсгүйн тухай “Натюрморт” /2006/, Чэнду хотын 1950, 1970 болон эдүгээ гээд гурван үеийн үйлдвэржилтийн тухай өгүүлэх “24 Хот” /2008/, “Нүгэлт санаачлага” /2013/ гэсэн гурван бүрэн хэмжээний бүтээл хэд хэдэн баримтат болон богино хэмжээний бүтээлүүд туурвиад байна.
“Натюрморт”-д Жэ Жанкэгийн зураг авалтын арга барил өөрчлөгдөж, хөдөлгөөнгүй зураг авалтууд нь байнгын хөдөлгөөнтэй, илүү үзэсгэлэнтэй болжээ. Тэр хэрээр эхэн үеийн хомс тачир, реалист бүтээлүүдтэй нь харьцуулахад илүү гэгээлэг, сентиментал уур амьсгал бүрдүүлсэн гэлтэй. Зарим шүүмжлэгчид анх гарч ирж байсан үеийнх нь бүтээлүүдтэй харьцуулахад илүү гоёмсог, олонд таашаагдахуйц болсон хэмээн санааширсан байх. Харин “Нүгэлт санаачлага”-д хүчирхийлэл, гэмт хэрэг орж ирж, баримтат гэмээр бодит байдал нь илүү уран сайханлаг болон хувирчээ. Уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө давтахгүйг өөрчлөгдөн хувьсахыг хүссэн нь энэ бизээ. Жанкэ эдүгээ 2007 онд эхлүүлсэн гэх 1895-1905 оны Чин гүрний үеийн тухай “Чин гүрэнд” төсөл дээрээ ажиллаж байгаа аж. Уг төслийнхөө тухай тэрээр “Энэ үед Хятадад өөрчлөлт шинэчлэлт эхэлсэн болхоор би энэ үеийг сонгож авсан юм. Энэ шилжилт хэзээ ч төгсөхгүй” хэмээн ярьжээ.