Хэрвээ нэг талд чинь Исүс Христос, нөгөө талд чинь үнэн байвал Христосыг сонго. Амьгүй үнэнийг бус амьд үнэнийг нь сонго.
Ф.Достоевский
Нэгэн англи хэвлэлийнх нь өмнөтгөл үгэнд “Дэлхийн уран зохиолын түүхэн дэх хамгийн хосгүй бүтээл биш байж болно. Гэхдээ Гэм зэм бичигдэх үеийнх шиг хүнд нөхцөл байдлаас төрөн гараад ингэж их алдаршсан өөр ямар ч роман байхгүй” гэх утгатай үгсийг бичсэн байж билээ. Ухаа орж, уран зохиолтой танилцсан цаг үес л надад Ф.Достоевский хамгийн аугаа зохиолч, Гэм зэм хамгийн сайн бүтээл нь гэх маягтай бүдэг бадаг төсөөлөл тогтсон байлаа. Гэм зэм гэсэн нэрнээс болсон уу, эсвэл социализмын үед Ф.Достоевскийн зохиол бүтээл өндөр нэр хүндтэй байсан үү бүү мэд. Ямартай ч түүнээс хойш өдийг хүртэл төсөөлөл минь нэг их өөрчлөгдсөнгүй ээ.
Дээр дурдсан англи эхийн өмнөтгөл үг их учиртай. Гэм зэм бол их зохиолчийн эзэн хааныг алах хуйвалдаанд оролцсоны төлөөх шийтгэл болох Сибирийн цөллөгөөс ирснээсээ хойших анхны томоохон ажил байлаа. Тэр үед Достоевский мөрийтэй тоглоомд хорхойссон, улаан мөнгөгүйн дээр талийгаач ахынхаа өрийг өвлөн авчихсан, санхүүгийн хувьд хүндхэн нөхцөл байдалд байв. Энэ байдлаасаа гарах боломж, хийж чадах ганц ажил нь түүний хувьд бичих байсан нь ойлгомжтой. Ингээд тэр өөрийгөө, амьдралаа аврахын тулд И.Тургенев, Л.Толстой зэрэг тухайн үеийн оросын их зохиолчдын зохиол бүтээлийг хэвлэн нийтэлдэг, Оросын хамгийн нэр хүндтэй уран зохиолын сэтгүүл “Оросын шууданч”-тай бичээгүй зохиолуудаараа гэрээ байгуулав. Тухайн үед ийм үзэгдэл Орост түгээмэл байсан бололтой. Зохиолууд гэдэг нь Мөрийчин, Гэм зэм хоёр юм. Ингээд мань эр урьдчилгаагаа аваад тоглохыг нь тоглож, үрэхийг нь үрж орхисон нь ойлгомжтой. Харин зохиолууд бэлэн биш. Мөрийчингийн гэрээний хугацаа дуусахад хорин зургаахан өдөр дутуу, хугацаандаа амжихгүй бол шоронгийн хаалга татаж ч мэдэх тэр л үед тэр хожмын гэргий, 19 настай хурдан бичээч Анна Григоревнаг хөлслөн авч, зохиолоо амжиж дуусгасан байдаг. Энэ түүхийн тухай “Достоевскийн амьдралын 26 өдөр” нэртэй кино бий. Достоевскийн дүрийг А.Тарковскийн хамгийн хайртай жүжигчдийн нэг, Сталкерийн хөтөч Анатолийн Солоницын бүтээнэ.
Тухайн үеийн Орост зохиолчид хэвлэлийн компанитай гэрээ байгуулж, номоо бүтнээр нь хэвлэх бус “Оросын шууданч” сар тутмын сэтгүүлээр дамжуулан эхнээс нь зохиолоо бүлэг бүлгээр нь хэвлэдэг байжээ. Гэм зэм ч энэ л ёсоор бүтсэн. Яг л орчин үеийн савангийн дууриуд шиг эхний бүлгүүд хэвлэгдэн гарч, уншигчдад хүрч, магтаал шүүмж, маргаан өрнүүлж байх тэр үед нь манай сайн эр дараагийн бүлгүүдээ бичиж байсан бөгөөд өөрөө шууд чээжээр дуудан уншиж, түргэн бичээч гэргий нь бичиж байв. Гэм зэм бүүр хожим зөвлөлтийн үед л сая нэг бүхлээрээ хэвлэгдсэн юм билээ.
Хамгийн дуртай романаа зүгээр л өрөө дарахын тулд яаруу сандруухан бичиж орхисон гэдгийг мэдэх надад нэг их таатай байгаагүй. Гэхдээ нөгөө талаар Ф.Достоевскийн аугаа их авьяасыг улам бахдаж билээ. Гэргий Анна Григоревна нь ч дуртатгал номдоо нөхөр маань бусад зохиолчид шиг хангалуун амьдрал дунд, элдэв санаа зовох зүйлгүй, аажуу тайвуухан бичсэн бол илүү сайн бичих байсан хэмээн байн байн дурссан байдаг. Гэхдээ ийм хатуу шахалт байсан тулдаа л тэдгээр бүтээлүүд төрөн гарсан ч юм билүү хэн мэдэх билээ.
За ингээд Баясаагийн дуртай номынхоо тухай бичих хүндхэн даалгаврыг биелүүлэхийн тулд яагаад би энэ зохиолыг сонгох болсон, юу нь надад таалагддаг тухайгаа хэдэн үгээр холбох гээд оролдъё л доо. Юуны өмнө зөвхөн Гэм зэм ч гэлтгүй Достоевскийн ихэнх зохиол бүтээлд ажиглагддаг оюун ухаан, логик ба сэтгэл, сүнслэг байдлын хоорондох зөрчлийг харуулсан дүрүүд нь сэтгэл хөдлөлийг хүсдэг ч хөлдүү логикт захирагддаг надад ихээхэн сонирхолтой, сэтгэл татам санагддаг. Жишээ нь Гэм зэм дээр энэ үүргийг Мармеладов гайхалтай гүйцэтгэнэ. Сайн эцэг. Эхнэртээ, хүүхдүүддээ хайртай. Гэхдээ л уух зуршлаа тэвчиж үл чадна. Үүнээс нь болоод гэр бүл нь сүйрч, төрсөн охин нь биеэ үнэлэхээс өөр аргагүй болно. Биеэ үнэлж орж ирчхээд орон дээр буруу харан хэвтэх охин Соня, хөлөн тушаа нь сөхрөн унаад уйлах хойд эх, энэ бүхнийг хөдлөх ч тэнхээгүй ширтэх Мармеладовийн тухай тэр дүрслэл одоо ч миний нүдэнд хэчнээн тод харагддаг гээч. Нэг удаа бүүр зүүдэлж билээ. Гэхдээ л, хорвоогийн хамгийн арчаагүй хүн мэт амьдраад байхад нь л яагаад ч юм бэ Мармеладовийг хайрлахгүй байж бас чаддаггүй. Яг л “Дорд үзэгдэгсэд”-ийн хайртай эхнэрээ хуурч ирчхээд хийсэн хэргийг нь гадарлаж буй ч өчүүхэн ч ажиг сэжиггүй дүр гаргах эхнэрээ хараад тэсгэлгүй хөлд нь сөхрөн унаж, гэмээ хүлээгээд, хайрлах, ахиж нүгэл үйлдэхгүй байх тухай амлалт өгөх ч маргааш нь ахиад л өөр хүүхнүүд рүү гүйчихдэг цайлган Алёша шиг. Тэд миний хувьд хайрлахгүй байхын аргагүй бас үзэн ядахгүй байхын аргагүй гэнэн хонгорхон хүмүүс. Яагаад гэвэл тэд сэтгэлдээ бол хайртай хүмүүсээ чин сэтгэлээсээ, бүр магадгүй бидний хайрладгаас ч илүү хайрладаг. Гол нь энэ ахуй, үүрэг хариуцлага, нийгмийн бүтээсэн дүрэм журмуудад л нийцэж чаддаггүй хөөрхий амьтас. Эсвэл ахуйгаас ангижирсан хутагтууд. Магадгүй Сиддхарта бидний дунд амьдарч байсан бол Алёша эсвэл Мармелодава шиг амьтан байх байсан ч юм билүү. Учир нь тэр чинь орчлонгийн хүлээснээс бас ахуйгаас ангижирчихсан хүн шүү дээ. Хайр гэдэг заавал түүнийг бататгах үүрэг хариуцлагаар л амилдаг гэж үү. Эдгээр дүрүүдийг зохиолч өөрийнхөө амьдралаас олсон бололтой байдаг. Мөрийтэй тоглоомд бараг л насаараа донтсон тэр сүүлчийн мөнгөөрөө тоглож дуусаад дараа нь эхнэрийнхээ ээмэг гоёл руу орж байсан тухай Анна Григорьевнагийн дурсамжид бий. Харин нэг л өдөр /гэхдээ энэ өдөр нь их л удаж ирсэн дээ/ тэр ахиж тоглохгүй гэсэн амлалт өгсөн гэдэг. Мэдээж хэрэг Анна Григорьевна итгээгүй. Тэр нөхрийнхөө энэ донтой аль хэдийн эвлэрчихсэн байлаа. Гэхдээ манай хүн чадсан. Тэр үүнээс хойш нэг ч удаа тоглоогүй юм гэнэ билээ. Нөгөө талд зохиолын нэр нь Оросоороо Преступление и наказание. Үгчилбэл гэмт хэрэг ба ял шийтгэл. Гэхдээ зохиол хуулийн ял шийтгэл дээр төвлөрөхөөсөө илүүтэй Раськолниковын гэмшил шаналлыг үзүүлнэ. Тэр энд ахиад л хүмүүсийн бодож олсон хуулийн системээс хүний гэмээ мэдэх, түүндээ гэмших сэтгэлийг дээгүүрт тавив уу гэлтэй. Гэр бүл, үүрэг хариуцлага, хууль эд бүгд бидний бодож олсон хийсвэр зүйлс. Нөгөө талаар Раскольниковын аллага ч оюун ухаан ба нинж сэтгэлийн зөрчил мэт. Хүн төрөлхтний тусын тулд үйлчлэх аугаа нэгэн үйлийн төлөө хэн нэгнийг золиослох боломжтой гэсэн бодол нь Раскольниковыг аллага тийш хөтөлдөг. Өөрөөр хэлбэл энд тэр оюун ухаанаар шийдвэр гаргадаг. Гэвч эцэст нь сэтгэлийн шаналгаа, гэмшлээ даван туулж эс чадна. Хайр ба оюун ухаан хоёр нэгэн доор оршдоггүй гэх Далай багшийн хэлц үнэн ч юм уу. Нөгөө талаараа энд Раскольников бурхныг сөрдөг. Яг ч бүтээгч бурхныг биш л дээ. Аллага нүгэл гэсэн Христийн шашны моралыг зөрчих замаар бурхны тигт өөрийгөө тавина. Гэвч тэр түүний дээр гарч чаддаггүй. Эцэст нь Сонягийн, амьд бурхны, хайрын биеллийн өмнө өвдөг сөхөрдөг. Цагтаа манай зохиолч ч эзэн хааныг алах хуйвалдаанд оролцож л байсан. Зохиолчийн энэхүү радикал үзэл энд Раскольниковын үзэл бодлоор илэрдэг. Чухам яагаад ч юм эзэн хаан цааз гүйцэтгэхийн өмнөхөн Достоевскийг өршөөж, ялыг нь цөллөг болгодог. Итгэмээргүй.
Гэм зэмийн сэтгэлийг минь татдаг дараагийн нэг шалтгаан нь зохиол дахь нихилизм. Юунаас болсныг нь би сайн мэдэхгүй юм. Ямартаа ч зохиол бичигдэн гарсан тэр үе буюу 1860-аад онд Оросын философид нихилизмийн үзэл санаа маш хүчтэй түрэн орж ирсэн байдаг. Үүнд Достоевский нөлөөлсөн үү эсвэл энэ хөдөлгөөн Достоевскийд нөлөөлсөн үү бүү мэд. Сибирийн цөллөгөөс дөнгөж ирсэн, байгаа хэдээ рулетнээс тавиад туучихсан, ахынхаа өрийг өвлөн авчихсан, дөч хэдийн гарчихсан ч шилдэг зохиол бүтээлээ туурвиж хараахан амжаагүй Достоевский нихилизмд автсанд нэг их гайхах юмгүй л дээ. Сургуулиасаа чөлөө авсан Раскольников хөлсний жижиг өрөөндөө өдөржин хэвтэж өдрийг барна. Тэндээсээ хаа нэг цухуйхдаа уушийн газрыг л зорино. Сүүлийн мөнгөөрөө хатуу юм авчихна. Эсвэл таарсан эхний гуйлгачинд өгчхөөд гудиггүйхэн алхана. /Достоевский ч яг ийм бодлогогүй өглөгч нэгэн байсан тухай эхнэр нь дурссан нь бий. Харин хаа очиж орос гэхэд мань эр балгах дуртай байгаагүй бололтой байдаг./ Түүнд амьдралын зорилго, амьдрах хүслийн аль аль нь байхгүй. Энэ хорвоо ертөнц түүний хувьд харь гариг бөгөөд тэр энд хийж бүтээх гэж биш зүгээр л ямар байдгийг нь үзэх гэж ирсэн юм шиг аашилна. Мармеладовын тухай бол бүүр яриад ч хэрэггүй. Үнэндээ амьдрал яг ийм л сэтгэл татах юмгүй, уугаад барчихаар эд л дээ.
Эцэст нь энэ бүх баргар зохиолыг гэрэлтүүлэгч Соня. Магадгүй тэр энэ зохиол дахь бурхан нь бас энэ харанхуй ертөнцөд тэр дундаа Гэгээн Петербюргийн ямар ч найдваргүй орхигдсон ядуусын дүүрэгт ч хайр байгаагийн баталгаа нь. Хөөрхий Соня гэр бүлийнхээ төлөө эргэлзэх юмгүй биеэ үнэлнэ. Тэр бусдын төлөө амьдралаа зольж, жижигхэн гэрээ гэрэлтүүлнэ. Тэр бол шалтгаангүй хайрын баталгаа. Энэ чанарынх нь өмнө хүчгүйдсэн Раскольников бурханд, өөр хэн нэгэнд бус түүнд л өөрийгөө илчилж, нүглээ наманчилна. Хариуд нь Соня загалмайгаа түүнд зүүж өгнө. Тэр загалмай Раскольниковын бүрэлгэсэн хөөрхий гэм хоргүй Лизаветагийнх байдаг. Лизавета өөрийн загалмайгаа Соняд бэлэглэсэн юм байж л дээ. Зохиолын төгсгөлд манай нихилист Раскольников Сонягийн нөхцөлгүй хайрын ачаар энгийн нэгэн болон хувирдаг. Амьдрал дээр ч дааж барамгүй өртэй, өвчтэй, хөгшин Достоевский Анна Григорьевнатай учирч, орь залуухан Анна зохиолчийн амьдралыг аварсан билээ.
Амарсанаагийн Амармэнд