Бийрийн чинээхэн ганцаардал. Энэ бол яруу найрагч Б.Батзаяагийн нэгэн “нэргүй” шүлгийн төгсгөлийн мөр. Мөн эл бичвэртээ миний шүлгийн мөрүүдээс нь оноож сонгосон нэр.
Заримдаа үнэхээр амьдралд ямар нэг зүйл бичихгүй бол тайвширч өгөхгүйгээр бухимдах, тайван буй хэдий ч цээжний цаана ямар нэгэн зүйл хуралдан томорч байгаа юм шиг, удахгүй тэсэрч, дараа нь цөхрөнгөө барсан урт шөнүүд үргэлжлэх мэт санагддаг. Тэр л үед “Бичихээс өөрөөр тайвширч чадахгүй, Бийрийн чинээхэн ганцаардлын дүр”-д хувирдаг. Мэдээж энэ надад л мэдрэгдэж, хүртэгдэж буй зүйл болохоос дээрх мөрүүд уншигч бүрт өөр, өөр гаргалгааг тээж хүрэх биз ээ.
Харин түүний сүүлд хэвлүүлсэн номын өмнөтгөлд “...яруу найрагч Батхүүгийн Батзаяагийн “Лонхонд байсан шүлгүүд” түүврийг нэн шинэ үеийн яруу найргийн нэгэн содон өнгө, жиг сэтгэлгээ, тод хэл, яруу дуун болж чадна хэмээн итгэж уншигч олондоо хүргэж байна” хэмээн “Тагтаа” хэвлэлийн газрын зүгээс онцолсон байна.
Магадгүй тус шүлгийн түүврийг хүүрнэл зохиол хэмээн төсөөлөөд үзвэл уран зохиолын реализм ба элэглэл шоглолын элементийг хооронд нь түвэггүйхэн хольж сүлэлдүүлсэн, зарим талаар гутранги, хар бараан метафизик ч цухалзаад байх шиг санагдана. Ерөөсөө өөрөөрөө, чөлөөтэй байх хийгээд яруу найрагт ямар нэг баригдмал бичлэгийн онцлог гэж байхгүйг шүлгүүд нь хэлээд өгнө. Энэ нь Б.Батзаяагийн шүлгүүдэд орших гоо зүйн хамгийн чухал баримтлал, үзэл бодол ч байх талтай.
СЭТГЭЛД БАЙСАН ШҮЛГҮҮД
Уг түүвэрт орсон шүлгүүдийг хэдэн ч төрөлд хамаатуулж, хувьсгаж, олон туйлт шугамд хувааж болно. Зарим талаар хөнгөн, зарим талаараа хүнд, заримдаа уянгалаг, заримдаа “панк” гээд л...
Харин “сэтгэл” гэдэг нэг л эрхтний тухай П.Баярсайхан зохиолч хүүрнэлээр, Б.Галсансүх шүлгээрээ тунхаглаж, Б.Эрдэнэсолонго тэвэрч үнсэх хүртэл үргэлжлүүлснийг бид мэднэ. Унтарсан итгэл найдвар, цөхөрч туйлдсан оюун ухааны гүнд ямагт шаналсан, үгжирсэн “үгс” л хадаатай байдаг гэж үү? Тэнд ч бас “сэтгэл гэдэг эрхтэн” оршиж, ур хийцээр онцгойрох гэж ядсан бус өөрийнхөө мэдэрсэн зүйлсийг л бичмэглэн аядаж суудаг бус уу. Тиймээс эл бичвэртээ сонгож, онцгойлон ярихаар шийдсэн нэг бүтээл бол “Аавд” гэх сэтгэлд үлдсэн шүлэг юм.
Оддоос амь туяа гэрэлтэнэ.
Олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ.
Очих хүсэлгүй, уулзах бодолгүй ч
ороогүй цас, дуслаагүй бороо, урсаагүй нулимс
орхиод явсан газар
уулзалгүй удсан хүмүүс үгүйлэгдэнэ.
Ардын үлгэр домогт одод бүр нэг айл гэж гардаг. Хөөрхий хараацай гал бус дөл аваачиж өгснөөс болж сүүмийсэн хүйтэн, хөх өнгөөр гэрэлтэж буй нь дэлхийн хүмүүст харагддаг. Гурван марал, Хөхдэй мэргэн, Есгөлдэй өвгөний есөн хүүгийн түүх зэрэг үлгэрт оддыг амьд хүншүүлэн зүйрлэсэн дүрслэл олон. Мэдээж бид өнөөдөр нарны аймаг, олон зуун сая гараг эрхэс хамарсан орон зайн талаар өргөн мэдлэгтэй болсон ч уран сайхны сэтгэхүйн загварчлал, төсөөлөн бодохуйн дүрслэлтэй маргашгүй үнэнийг дүйцүүлэх шаардлага утга, уран зохиолд нэгээхэн бээр ч үгүй билээ.
Магадгүй “Оддоос амь туяа гэрэлтэнэ” гэх мөрүүд язгуур уламжлалт үндэсний сэтгэхүйн онцлог ч юм шиг мэдрэгдэнэ. Амь туяа гэрэлтэхийг нь оддоос мэдэрч зогсох нь амьд буй гэдгийн баталгаа, “ороогүй цас, дуслаагүй бороо, урсаагүй нулимс” шиг үгүйлэн санагдахын дайтай бил үү. Дээр нь “уулзалгүй удсан хүмүүс” үгүйлэгдэж, эдгээр олон зүйлс эцэстээ ганцхан утга л илэрхийлж байна.
Ийм үед
үгүйлэх минь хайр шиг мэдрэгдэж
үгс хэлэгдээгүй байх тусмаа үнэтэй санагддаг.
Ийм үед
эртний өрөө төлөх тухай бодол гэнэт төрж
эгэм цээжийг улам хүнд болгодог.
Илэрхийлж буй утга улам гүнзгийрч буй нь дараагийн мөрүүдэд тод ажиглагдана. Гэхдээ “үгүйлэх” нь “хайр” шиг мэдрэмжийг төрүүлж чадах, “үгс” амнаас гарч хэн нэгний чих, зүрх сэтгэлд хүрээгүй тусмаа үнэтэй санагдах... Магадгүй эндээс л эртний учрал, хагацлын аль алийг нь бодон санааширч, хэн нэгэнд сэтгэлийн ч юм уу өртэй санагдах хүнд мэдрэмж төрнө.
Хүн гэдэг ийм л байдаг. Бид яг л өөрсдийн дуулдаг дуугаар, уншдаг шүлгээр, зурах дуртай зургаар бодит бүхнээр оюун санаагаа тэжээж, оршихуйг тэнцвэржүүлэн алхаж болох хэдий ч “сэтгэл гэдэг эрхтэн” хувьсан өөрчлөгдөлгүйгээр нэг газартаа ургасан бол тэр газартаа гундаж үхдэг ургамал биш юм аа.
Цаашилбал “эртний өрөө төлөх тухай бодол” сэтгэлзүйн хувьд сайн санааны үүдэлтэйгээр явагдаж буй учраас тухайн хүнийг тодорхойгүйгээр ямар нэг үйлдэлд түлхэж байж болох ч тал бий. Гэвч энэхүү урсгал бүгдийг арчиж чадах учраас нотолгоо огт хэрэггүй бөгөөд хүн өөрийн мэдрэмжийг дотроо л хадгалж үлддэг.
Улс хийгээд тамхины цог анивчина.
Уулсын дундах байшиндаа та
цонхоор ширтэж амьдарна.
Мартагдана гэдэг ийм амархан.
Маргааш гэдэг ийм амгалан.
Шүлэг цааш ийн хөвөрчээ. Оддоос амь туяа гэрэлтэхийг ажих найрагч тагтан дээрээ тэнгэр ширтэж зогсоно уу, уулсын дундах байшиндаа яруу найрагчийн аав “оддоос амь туяа гэрэлтэх”-ийг үл анзааран цонхоор уулс л ширтэж сууна уу гэдэг үнэндээ сонин биш л дээ.
Нөгөө л эхэнд гардаг “уулзалгүй удсан хүмүүс үгүйлэгдэх”, тэр л үед “үгүйлэх нь хайр шиг мэдрэгдэх” сэтгэлийн холбоос энэ хүртэл үргэлжилсээр байна. “Мартагдана гэдэг ийм амархан”. Хүн өөрийн хэрэгжүүлж буй бүхнийг үйлдэл болгон харж тэр хэрээрээ оршихуйгаа тодорхойлдог. Бусад нь зарим үед зүгээр л Камюгийн алдартай зохиолын нэр шиг “Хөндлөнгийн хүн” болж хувирна. Мартагдах ийм л амархан зүйл. Гэвч “Маргааш гэдэг ийм амгалан” гэж мөр толгой, айзам хэмнэл холбосон мэт боловч өмнөх мөрөө эсрэгцүүлсэн утгын гаргалгаа хийсэн шиг санагдана.
Хэн нэгэнд амархан мартагдах шаналантай хэдий ч, басхүү нөгөө талаар амар амгалан ч юм уу. Кафка нэгэнтээ “Чи эрх чөлөөтэй. Яагаад хаягдасны чинь учир энэ” гэсэн байдаг.
Оддоос амь туяа гэрэлтэнэ
Одод, бороо, үгс гээд л
Олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ.
Ганц зүйл гэтэл олон утга илэрхийлнэ-
Ганцаараа мөртлөө та надад
Бүх зүйл шиг санагдана.
Энд ч гэсэн дээ
улс хийгээд тамхины цог анивчина.
Уулсын дундах байшиндаа хүү нь
цонхоор уугиж амьдарна.
Шүлэг ийн төгсжээ. Энэ бадагт орсон “одод”-оор очих хүсэлгүй газар, “бороо”-гоор очих хүсэлтэй байгаа ч очиж чадаагүй дээ урсгасан нулимс, “үгс” -ээр уулзалгүй удсан тэр л хүмүүсээ дүрслэн үзүүлсэн байх боломж бүрэн дүүрэн бий.
“Ганц зүйл гэтэл олон утга илэрхийлнэ-, Ганцаараа мөртлөө та надад, Бүх зүйл шиг санагдана”. Олон зүйлсийн илэрхийлсэн ганц утга нь очихын хүсэлгүй газарт суугаа, уулзалгүй удсан “аав” нь байв. Аав нь түүнд оддыг, ороогүй, будраагүй цас бороог, урсаагүй нулимсыг, эртний өрөө төлөх бодол, эгэм цээжний шаналанг бодогдуулжээ. Ганцаараа мөртлөө бүх зүйл шиг... Гэвч адилхан энд ч, тэнд ч оддоос амь туяа гэрэлтэнэ. Өтөл настай аав нь “цонхоор ширтэж”, харин хүсэл тэмүүлэл дүүрэн найрагч хүү нь “цонхоор уугиж” аж төрнө.
ӨГҮҮЛСЭН ЗҮЙЛСИЙН ҮНЭ ЦЭНЭ
Бичвэртээ “Бийрийн чинээхэн ганцаардал” гэж нэр сонгосон учир ганцхан шүлгийн талаар л өгүүлсэн болно. Угаас эл түүврийн бүх шүлэг орь ганцаардмал ахуй, хүүхдийн гэнэн цагаахан мөрөөдлөөр дүүрэн мэт хэдий ч гүн гүнзгий агуулгатай.
Ямар нэг учир шалтгаангүйгээр өрнөх зүйлс энэ хорвоод үгүй санагддаг. Чухам яруу найрагчийг юу яруу найрагч болгож, тэр хэвээр нь үүрд үлдээж болох вэ гэдгээс илүүтэй “жинхэнэ яруу найраг” гэж юу вэ гэсэн асуултынхаа хариуг олох гэж, түүнийг мэдрэх гэж хичээж чадсан нь уран зохиолын уншигч хэвээрээ үлддэг байх. Тэр л сэтгэлээс энэ бичвэрийн эхлэл үүдэлтэй юм шүү.