КАФКАГИЙН ЦЭЭРЛҮҮЛЭГЧ ЦАГ ХУГАЦАА
2018-02-27 Б.Алтанхуяг 3233

Эдгар Погийн өгүүллэгүүд уншигчдыг шаналалд автуулдаг бол Франц Кафкагийн өгүүллэгүүд асар их дарамтанд оруулдаг. Гэвч аль алиныг нь уншсаны дараа би өөрийн эрхгүй амьдралын утга учиргүйн талаар бодож, утгатай болгох хүч чадал хүмүүст угаас байдаггүй, тийм чадварыг бурхан бидэнд бэлэглээгүй бөгөөд хүн төрөлхтөн айдсаа ялан дийлж чаддаггүй дорой амьтас мэтээр санадаг. Гагцхүү түүнд байгаа зүйл нь оюун ухаан хэдий ч яг үнэндээ оюун ухаанд нь ямар сул талууд, үнхээнц байдал буйг хүмүүс огтхон ч ухамсарладаггүй. Гэвч хүн бүхэнд, тэдний мөн чанарт нэг зүйл агуулагдаж байдаг. Тэр хүсэл эрмэлзлийнхээ тухайд Кафка “Миний хамгийн их гашуудаж явдаг зүйл бол таныхаа мөрийг түшин уйлж чадаагүй явдал байв” хэмээн бичсэн байдаг. Үнэхээр түүний бүхий л зохиол бүтээлд “эцэг”-ийн дүрслэл их бага хэмжээгээр гардаг бөгөөд уй гашуудлыг бэлэглэгч гол хүчин зүйл нь байдаг. Энэхүү бичвэртээ Франц Кафкагийн өгүүллэгүүдийг анх удаа эх хэлнээ буулгаж уншигчдад хүргэсэн Ж.Тэгшзаяагийн орчуулсан “Цээрлүүлэх колонид” өгүүллэгийн талаар ярих болно.

Хамгийн түрүүнд энэ өгүүллэгийн уншихад миний хувьд үнэ цэнэтэй санагддаг бүхэн үнэ цэнэгүй болж хувирав. Угаас хэн бүхэн нэг уншчихаад дахин уншихаас халшрам, сэтгэлзүйг тарчилган зовоож, амьгүй мэт болгодог энэ зохиолд юу нуугдаж буйг ойлгохын тулд сэтгэл санаагаа улам ихээр дарамтанд оруулах хэрэгтэй юм шиг санагдана. Чамгүй урт эл өгүүллэгт “Офицер, Аянчин, Харгалзагч, Ялтан” гэх дөрвөн дүр л буй. Гэвч хамгийн чухал зүйл тэр дөрөвт бус ялтныг цээрлүүлдэг төхөөрөмжинд агуулагдаж буй.

Уг номд орос гаралт америкийн зохиолч Валидимир Набоковын “Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай лекц” багтжээ. Набоков “Хувирал”-ийг ийн дүгнэсэн байдаг. Зохиолд гурвын тоо чухал үүрэгтэй. Зохиол гурван хэсэгтэй. Грегорын өрөө гурван хаалгатай. Гэр бүл нь гурван хүнтэй. Зохиолын явцад гурван үйлчлэгч гардаг. Гурван түрээслэгч гурвуулаа сахалтай. Гурван Замзагийнхан гурван захидал бичдэг. Бэлгэдлийн утга учрыг хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарахгүй бол бэлгэдлийг зохиолын уран сайхны өгүүлэмжээс салгаж ойлгох аваас уншигчийн оргилуун таашаал оргүй хийсч орхих аюултай. /Орч.Ж.Тэгшзаяа/

Тэгвэл “Цээрлүүлэх колонид” өгүүллэгэд ч гурвын тоо чухал үүрэгтэй. Дөрвөн ялтнаас илүүтэй төхөөрөмж чухлыг дээр онцолсон. Офицер түүнд яг л хүн мэт хандана. Бүхий л эд эрхтнийг нь өөрөөсөө ч илүү мэддэг. Хамгийн чухал нь төхөөрөмж гурван хэсгээс бүрддэг. Дээд, доод, гол гэсэн гурван хэсэгтэй. Дээд хэсгийг “Загвар үйлдэгч”, доод хэсгийг “Ор”, голын хэсгийг “Шивүүр” гэнэ. Ингээд дуусчихгүй. Төхөөрөмжийн ялтныг шийтгэх ажиллагаа ч бас гурван хэсэгтэй байна. Нэгдүгээрт Ялтны нуруун дээр бичээсийн эхний хэсгийг шивмэгц Орны бүрээс хуйларч биеийг нь нөгөө тийш зугуухан эргүүлэн бичих шинэ зай гаргаж өгнө, хоёрдугаарт “Бичиг шивүүлж шархалсан биеийн хэсэгт тусгай бодис бүхий хөвөн даавуун гадаргуу хүрмэгц цус нь тэр даруй тогтож ялын бичээсийг улам бүр гүн шивэхэд бэлэн болно”, гуравдугаарт “Шивүүрийн үзүүрт зоолттой шүднүүд шарханд наалдсан хөвөнг ханзлан авч нүх рүү хаяснаар ажиллагаа цааш үргэлжилнэ. Энэ гурван үйлдэл давтагдсаар арван хоёр цагийн дараа ялтныг цээрлүүлэх ажиллагаа дуусч буй юм. “Эхний зургаан цагт ялтан амьд байж гагцхүү өвдөлт л мэдэрнэ”. Цагуудыг ч бас гурван тэнцхүү хувааж болно. Зургаа, арван хоёрыг гурван хэсэгт зааглахад дөрөв, хоёр гэсэн тэнцүү тоонууд гарна.

Тэгвэл гурвын тоо ямар үүрэгтэй орсон бэ? Энд Набоковын тайлбарыг иш татах шаардлагагүй. Учир нь түүний тайлбар бол “Хувирал”-д л хамаатай. Харин “Цээрлүүлэх колонид” өгүүллэгт гурвын тоо ямар үүрэгтэй орсныг тайлбарлах гээд оролдъё л доо. Гурвын тоо чухамдаа бидний оюун санаа, аж ахуйг бүтээдэг. Гурвын тоонд зүгээр ч нэг бүрдэл утга байдаггүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй цаг. Ертөнц, бидний ахуй ерөөс л энэ гурвын бүрдэл. Аль нэг цаг нь эвдэрчихвэл юу болох вэ, төхөөрөмжинд сэглэгдсэн цогцос шиг л болж хувирна. Ийн үзвээс ялтан шийтгэдэг төхөөрмжийн тухай бус биднийг цээрлүүлж, хүмүүний оршихуйг тэтгэдэг атлаа устгаж чадах агуу их цаг хугацаа өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай асуудал эл өгүүллэгийн гол утга санааг цогцлоон бүтээж байна.

Одоо нөгөө талаас нь авч үзье. Аянчин цээрлүүлэх колонид ирж, Офицер түүнд төхөөрөмжөө танилцуулж, эрх мэдэлтнүүд түүнийг хэрхэн зайлуулах арга сэдэж байгааг нь мэдэж буйгаа Аянчинд уламжлан тусламж хүснэ. Харин Аянчин түүний хүсэлтийг авахгүйгээр үл барам төхөөрөмжийг устгахыг дэмжинэ. Цаг хугацааг ялан дийлэх нэг зүйлийг бурхан бидэнд өгчээ. Тэр нь зөн совин. Офицер бүхий л зүйлсийг урьдчилаад мэдчихдэг. Ерөөсөө л “ирээдүй цаг”-аар Офицерыг төлөөлүүлж гаргасан. Харин Аянчин, ялтан хоёр бол анх удаа л цээрлүүлэх колонид нэгэн адил хөл тавьсан “одоо цаг”. Харгалзагч тэгэхээр “өнгөрсөн цаг” гэдэг нь тодорхой байгаа биз. Тэр нэгэнт өнгөрсөн цаг учир ямар нэгэн үйл ажиллагаанд ирээдүй цагийн тушаалаар л оролцож байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн цаг одоо цагтай ямархан дотно байгааг харгалзагч, ялтан хоёрын харилцаанаас харж болно.

Офицер өнгөрснийг харж зогссон учраас бүхий л зүйлсийг бат итгэлтэй ярина. Цаазлуулж буй ялтнуудын тухай Зургаан цаг болоход хэн ч байсан хонь шиг номхорно гэж мэд! Ямар ч мангуу амьтны царайд ухаарал тодрон, нүднээсээ эхлээд гэрэлтээд ирнэ. Тийм ялгуун агшныг үзсэн хүн сайн дураараа Шивүүр доор ороод хэвтчихмээр болдог” гэх буюу “Тэгсэн ч би энэ бүхнийг эсэргүүцэлгүй тэвчсээр атал намайг сүүлийн гурван сар гуйж байхад ядаж шинэ амгайвч өгчихөж болно оо доо. Зуу илүү хүн амь тавьж байхдаа тас зууж, шүлсээрээ будсан бохир амгайвчийг амандаа хийхээр ямар хүний бөөлжис цутгахгүй байх юм бэ? хэмээнэ. Гэр бүлийн доторх амьгүй харилцаа болон харгис эцгийнхээ дарамтыг тэсч гарах цаг хугацаа зохиолчид ямагт дутагдаж байсныг төхөөрөмж гэрчилнэ.

Офицер энэ бүхнийг, цаазлах үйл ажиллагааг хамгийн цогц байдлаар, ном журмаар нь үүрд явуулж байхыг тэгтлээ их хүсээд буйгийн нууц юу юм! Кафкад амьдрал хар дарсан зүүд шиг санагддаг байсан. Тэр л сэтгэл зүйн урвуу байдлыг Кафка зохиолд үзүүлжээ. Гэхдээ ямар ч хурц илэрхийлэл, дүр дүрслэл түүнд байхгүй гэж би баттай хэлж чадна. Тэр бүх зүйлийг, Офицерын үхлийг ч, түүний төмөрт мөлжигдсөн цогцсыг харж байгаа гурван хүнийг ч маш энгийнээр л дүрсэлчихсэн. Гэтэл хүмүүс яагаад үүнийг хар дарсан зүүд гэж тодорхойлоод байгаагийн гол шалтгаан нь юу вэ? Учир нь тэр хэтэрхий их дарамттай бичдэгт бүх зүйл оршино. Энгийн реалист зүйлсийг реалист бус болтол нь нууцлагдмал утга шингээж ямар ч уран зөгнөлгүйгээр уншигчдыг шидийн ертөнцөд аваачихдаа тэр маш гаргууд байсан. Учир нь эцгийнх нь тухай бодол, төсөөллүүд, өөрийнх нь гутранги байдал түүнийг einsamkeit, trauer гэх үгнээс ч хэтийдсэн цөллөгийн ертөнцөд аваачдаг байсан хэрэг. Ийм цаг хугацааны дунд хүн юу хийх вэ? Мэдээж өөрийгөө аврахыг, дараа нь ирээдүйгээ цогцлоон бүтээхийг хүснэ. Гэвч Кафкад тийм дэврүүн хүсэл байсангүй.

Өчнөөн цаазын ажиллагаа үзсэний хувьд хоолноос татгалзсан ганц ч ялтныг санахгүй байна. Гагцхүү зургаан цагийн дараа хэн ч байсан хонь шиг номхорно гэж мэд! Ямар ч мангуу амьтны царайд ухаарал тодрон, нүднээсээ эхлээд гэрэлтээд ирнэ. Тийм ялгуун агшныг үзсэн хүн сайн дураараа Шивүүр доор ороод хэвтчихмээр болдог юм. Гагцхүү цаазын ял үүнд л тулгуурлан оршиж буй гэдгийг, түүнийг Офицероос өөр нэгээхэн ч хүн үл мэдэх бөгөөд цогцсонд хувирсан хүмүүсийн дүр төрхийг л санаж айдаст эзэмдүүлэн, огиж бөөлжих учраас төхөөрөмж цаг хугацааны туршид үнэ цэнээ алдсаар л байна. Эцэст нь ойлгомжгүй, толгой эргэм зүйлүүд нэгэн дор хэтэрхий их болж өнгөрөх бөгөөд бүгд л амьдрал утга учиргүйг гэрчилнэ. Цорын ганц харгис зүйл бол “гурван цаг”. Дурсамж, ирээдүйн тухай бодлууд нь холилдон Кафкаг тэсвэрлэшгүй их дарамтанд оруулдаг байв. Эцэстээ энэ тэсвэрлэшгүйтэй эвлэрэх болно. Өвдөлтүүд аажмаар таалагдаж, нуруугаа зүүгээр шивүүлэхээс илүүг мэдрэхсэн гэхээс байж ядна. Тийм л цаг хугацааны тухай Кафка бичиглэсэн нь “Цээрлүүлэх колонид” билээ.

Юуны учир офицер эл төхөөрөмжийг үнэт эрдэнэ мэт үзэж, хүмүүсийг яргалахыг харах нь тааламжтай байдаг байв. Нэг ёсондоо тэр өөрийгөө цаазлахад эртнээс л бэлдэж байсан нь илт байдаг. Эцэст нь “Цаг нь болжээ” гэж хэлээд л хоромхон зуурт бүхнийг бүхнийг үгүй хийж орхино. Ялтнуудын хэрхэн амь тавин, өөрийн эрхгүй татганан тэлчилхээ больж буйг бахдалтай харан зогсдог офицер ялтныг суллаад өөрөө төхөөрөмжин дор хэвтдэг. Хэвтэхээсээ өмнө төхөөрөмжин дотор орж, засч янзлаад гарч ирнэ. Үүний дараагаар бүх хувцсаа тайлаад л ялтан болж хувирна. Эцэст нь Аянчин, Харгалзагч, Ялтан гурав нүд халтирам зүйлийг харна. Шивүүрийн зүүнүүд шивэх бус нэвт чичиж, Ор цаазлуулагчийн биеийг эргүүлэх бус араалдсан олон зүүний угт нь тултал зоож байв. Энэ бол офицерийн хүсэж байсан тамлан цээрлүүлэх шийтгэл бус аймшигт аллага байсан тул аянчин төхөөрөмжийг унтраахаар ухасхийлээ. Яг тэр мөчид цогцос нэвт сүлбээтэй Шивүүр ташуугаараа хөдлөв, уул нь арван хоёр цагийн дараа цаазлах ажиллагаа дуусахад л ийн ажиллах горимтой юм. Ус шоршигч ажиллагаагүй болсон тул дан цус горхи шиг шожигнон урсаж байлаа. Төхөөрөмж эцсийн үйлдлээ гүйцэлдүүлж чадсангүй, урт зүүнүүдийн угт хүртэл зоогдсон цогцос доош унасангүй цус садруулсаар дүүжлэгдэн хоцров.

Дотор зарсхийлгэм зүйл энд нэгээхэн ч үгүй мэт санагдана. Яагаад гэвэл тэр хэтэрхий энгийн бичлэгтэй. Эл мөрүүдийг бичиж байхдаа тэр маш тайван бөгөөд тааламжтай байдлыг мэдэрч байсан биз. Гагцхүү цаг хугацаанд цогцос болон хувирах хүмүүсийн дүр төрх, өгүүлшгүй их сэтгэлийн дарамт өгнө. Орчуулагдсан бүхий л өгүүллэгүүдэд нь уншихад дарамтай өгүүлэмжүүд дүүрэн байна. Тэдгээрийн дотроос хамгийн хүнд нь энэ. Гэхдээ хамгийн нууцлагдмал, хамгийн харгис цаг хугацааг гурван хэсэгт хувааж тус бүрээр нь уншигчдад танилцуулсан. Бид тэр л харгис цаг хугацаа хэмээх аварга том төхөөрөмжин дор шивүүлж хэвтэнэ. Хэдэн цагийн дараа цогцсонд хувирахыг, Офицерын “Цаг нь болжээ” гэх дуу хэзээ чихэнд цуурайтан хадахыг мөнөөх цаг хугацаа л мэдэх биз ээ. Эцэст нь харгалзагч, ялтан хоёрыг завин дээрээ гаргалгүй ганцаар хөвөн одсон аянчин шиг нам гүмхэн төгсгөл биднийг угтана.

Түр хүлээнэ үү...
Top