Б.АЛТАНХУЯГ: ГАЛЗУУРАЛ (өгүүллэг)
2021-05-06 Б.Алтанхуяг 1594

-Тэр бас л алга болчихжээ гэж хэлээд аавыг хойноос нь явахаар болох үед ээж зуухныхаа дэргэд суучихсан гүнзгий санаа алдаж билээ. Түүнийг юугаар ч дутаагаагүй, өдий хүртэл дэргэдээ байлгаж, хүүгийнхээ төрсөн ах нь хэмээн хайрлаж, гар хөл нь бэртэх юм бол эх хүний ухамсар дах тэр л хайр нь ивлэж асгараад, санаа нь илт зовж үзэгддэгсэн. Заримдаа ташуураа гээж орхиод үүндээ огт гэмшилгүй инээмсэглэн орж ирэхэд нь бусдаас тас нууж, буруу хэрэг тарьсны гайгаар чөдрийн амт үзэх болохуйд нь нөхрөөсөө хаацайлж явсан удаа цөөнгүй. Гэтэл тэр хүү ахиад л алга болчихжээ. Өдгөө хорь нэлээд гарчихсан том залуу хэр нь хэвлийдээ тээж төрүүлээгүй хэдий ч, халуун гэртээ бөөцийлж суудаг аав, ээждээ хэлэлгүйгээр гурвантаа оргож буй нь энэ. Тэр зүгээр л яваад өгчихдөг байлаа. Хамтдаа адуу услаж, морь уургалж, тугал татаж, орой нь хоолны дараа хашааны ард нууцаар тамхи татаж суухдаа өөрт ямар нэг таагүй явдал тохиолдсон тухай огтхон ч өгүүлж байсангүй. Аав түүнийг зодож занчихгүй, ээж үглэж яншихгүй хэдий ч тэр гэнэтхэн л тархи толгойд нь ямар чөтгөр бууж ирээд юу шивнэчихэв гэмээр чимээгүй яваад өгнө. Аав заримдаа хоёроос гурван долоо хоног, зарим үед бүр сар гаруй эрэл сураг тавьсаар морь, дугуй холин араас нь хөөцөлдөж байж олж ирнэ. Хааяа тэр Есөн хүний энгэрээс цааш хад асга бүхий уулын хавцал дундуур довтолгосоор өөр сумын нутагт хүрч айлийн хонь ямааг хариулан, тугалыг нь татаж өгөөд зарцлагдаж суух нь бий. Яг тэр мөчид нь аав олж очвол “Би гэртээ харимаар байна. Гэхдээ Улаан-Өндөрийн өвөлжөөнөөс нүүхгүй л бол буцахгүй. Намайг очвол тэр өөртөө авна гэж хэлсэн. Бүр бүрэн бүтнээр минь, нэг шүдийг минь ч байгальд сугалж өгөхгүйгээр өөртөө авна гэсэн. Аав аа, би нохой биш шүү дээ” гээд л уйлж чарладаг байсан гэнэлээ. Харин үүнийг нь гэрээсээ явсандаа гэмшсэн хуурамч жүжиг гэж үзэх тул тоох хүн байсангүй.

Аав минь гэрээсээ оргож гарсны хойно хэд хоног уул усаар хоноглож яваад дараа нь айлд зарцлагдаж суусан ахыг олж ирээд уяан дээр буухад ээж, эгч бидэн гэрийнхээ үүдэнд зогсоод “Хүүе ах хүрээд ирлээ шүү дээ” гээд баяр хөөртэй угтаж авна. Ах гэртээ орж ирэн бүлээн цай оочиж суухдаа “Харина гэхээс баяртай байсан ч яагаад явснаа тайлбарлаж чадахгүй болохоор яаж та нарынхаа царайг харнаа л гэж бодож явлаа. Би бас их ичимхий золиг бололтой” гээд л инээдэгсэн. Харин инээд нь нэг л хөндий хоосон, уулын агуйн хүйтэн агаар шиг санагдана.

Сүүлийн удаа оргохынхоо өмнө тэр өвөлжөөний хойд уулын хадан дээр  гараад суучихсан “Би одоо л явахгүй бол оройтох нь” гэж хэлсэн юм.

-Та хаашаа явах нь вэ?

-Намайг эндээс л холд гэж хэлсэн.

-Хэн тэгж хэлсэн юм. Хоёулаа аав, ээж хоёрт хэлээд үзье. Хэдийгээр та миний төрсөн ах биш ч гэлээ би таны төлөө санаа зовдог.

-Чи Улаан-Өндөрийн уурхайн ам руу ороод цааш явсаар гүнд нь очиж үзсэн үү? Тэндхийн эзэн намайг эндээс явахгүй бол дөнгөнө гэсэн. Түүний ходоод нь бол бирдээс үл ялиг л бага болов уу гэж хэлэхэд нөгөө л хүйтэн мушийлт уруул дээр нь тодров.

-За тоглосон юм аа. Ах нь зүв зүгээр. Жаахан юм бодож л сууна. Тэгээд ч бирдээс үл ялигхан тийм том ходоодтой савдаг байгаагүй. Зүгээр л гурван чоно байсан.

Тэр л үед надад доромжлогдсон мэт санагдаж “Иймэрхүү мунхаг зугаацал тохирдоггүй хүн гэвэл би. Гурван чонотойгоо л ярина биз” гэж хэлээд нулимчихмаар санагдсан ч зүгээр л чимээгүй байхийг илүүд үзэв.

Улаан-Өндөр бол дээр үед хүмүүс тахин шүтэж байсан догшин хайрхан гэж нутгийнхан ярьдаг. Гэвч эрэлд яваа залуус оройд нь гарч дөрвөн зүгийн тал руу дуран сунгаж суусны хойно, тайван гэгч нь тамхиа уугиулж дуусгаад л мордохоос бус овоонд нь хадаг өргөж байсан удаагүй. Тэгээд ч энд жонш ихтэй тул социализмын үед Оросууд ухаж, уулыг дотроос нь хөндийлөн, оройгоос нь таван зуугаад алхмын зайд уурхайн ам гаргасан байдаг. Магадгүй дотор нь кинонд гардаг шиг том уурхай, чингэлэг түрэх зориулалттай олон салаа төмөр замууд, гар ажиллагаатай цахилгаан шат, хүнд модон баганууд, тал нь усанд дэвтэж өмхийрсөн хуучин модод, буталсан чулуудын элсэрхэг биеэр бүрхэгдсэн, аварга том өтний нүх шиг хадан хананууд бий гэж  төсөөлөгдөнө. Хачирхалтай нь уурхайн амаар оров уу үгүй юу өвлийн хүйтэн жавар өөдөөс тас нясхийх бөгөөд тэр л хүйтнээс болоод цааш явж зүрхэлдэггүйсэн. Зуны халуун өдрүүдэд малчид үүдэнд нь гулуузаа өлгөж муудахаас сэргийлдэг байлаа. Харин өвлийн өдрүүдэд хөрзөнгөөр барьсан хонины хашаа шиг дулаахан учир үхэр мал орчих нь бий.

-Нэг удаа би чанх орой дээр нь гарчихаад бууж явлаа. Холгүйхэн тэр нүхнүүдийг олсон юм хэмээн ах яриагаа үргэлжлүүлэв.

-Ямар нүх байдаг билээ. Тэнд хуучин жоншны уурхай байсан. Элдэв олон нүх гаргасан байх нь ойлгомжтой биш үү.

-Үгүй дээ тэр гурван нүх чонын үүр байсан. Гэхдээ ирмэг дээр нь зогсоод харвал гүн харанхуй руу төгсгөл нь шургаад алга болчихсон, өгөршиж муудсан модон шаттай юм билээ. Тэгэхэд л би уурхайчдын гаргасан цооног гэж андуураад орохоор шийдсэн юм.

-Тэгээд, та тэр шатаар буусан хэрэг үү? Өгөршиж муудсан модон шат. Хэмхрээд уначихвал яана гэж бодоогүй юм уу? Та гүн харанхуй руу унаад л, унаад л, унаад л... Яг зөгнөлт зохиолд гардаг шиг.

-Үгүй ээ, тэр бол чонын үүр гэж би хэлсэн шүү дээ. Тэгээд ч би тэр гүн харанхуй руу унахаар хатуу шийдчихсэн.

Миний тархинд ямар нэг хэмжээгээр доош буудаг шаттай гүн харанхуй нүх дүрслэгдэж байлаа. Харин чулуун дээр суучихаад гөлмөн төмөр шиг хүйтэн, амьгүй нүдээр алсын хоосныг нэвт өрөмдөн хараад “Тэр бол чонын үүр байсан” гэж хэлэх ахын дүр төрх нэг л бууж өгсөнгүй. Тухайн үеийг одоо эргэн санахад оюун санааныхаа мухраас ухаж гаргасан төсөөллийнхөө орон зайд ч ахын дүрийг биежүүлж чадаагүй санагддаг юм.

-Чи дээр үед Оросууд яагаад зугтсаныг мэдэх үү? хэмээн ах гэнэтхэн асуув.

-Зугтаагүй. Зүгээр л явчихсан биз дээ. Уулын баялаг нь дууссан юм байлгүй.

-Үгүй дээ, одоо ч Улаан-Өндөрт жонш дүүрэн. Бүр асар том, жонш болон мөнгө, тугалагаар бүрхэгдсэн нууц хадан хавцалууд ч бий. Хамгийн гол нь Оросууд айсан юм. Айсандаа тэд галзуурчихсан. Тэгээд л зугтсан. Харин би үгүй.

-Би элдвийн буг, чөтгөрийн тухай ярианд дуртай. Гэхдээ та үүнийг худал гэдгийг нь эхэлж тодотгосон хойно, ам дамжсан хууч яриаг шиг эхлүүлж, жаахан егөөдөлтэй байдал оруулан хүүрнэх хэрэгтэй. Яг өөрт тохиолдсон мэт ойлгуулж ярих чинь миний дургүйг хүргэж байна.

-Тийм л дээ. Гэхдээ энэ үнэн. Оросууд уурхайн амны хажууд олон тооны гэр барьсан байлаа. Лав гучаас доошгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан гэдэг. Гэхдээ эрчүүд нь тоогоор илүү байсан болов уу. Учир нь эмэгтэйчүүд энд гал тогоо барьж, эрчүүдийн дур хүсэл нь асвал өмдөө дуртайяа шувтлах үүргийг л гүйцэтгэнэ шүү дээ. Тэд орой нь хоол идэж, архи ууж, хурьцал үйлдэнэ. Харин ядарсан зарим нь шөнөжингөө хар дарж сэрэхдээ зүүдэнд нь чононууд гүйлдэж тэднийг барьж аваад уулын агуйд хорьсон тухай өгүүлдэг байж л дээ. Тэдгээр чононууд хойд хоёр хөл дээр босож явах агаад агуйгаас оргон гарахыг шаардаж, зугтасных нь дараа уул тойрон хүмүүсийг ангуучилдаг гэнэ. Мэдээж зүүд төдийхөн ч гэсэн олон хүн яг адилхан зүүдтэй байна гэж үгүй. Тиймээс л тэд айж эхэлжээ. Зарим өдөрт эмэгтэйчүүд нь хоолонд хийх ногоо түүж, эрчүүд нь ажилдаа гарчихаад эргэн ирэхэд гэрийн доторхи ор дэвсгэр, гал зуух, эргэнэг, сав суулгыг ямар нэгэн зүйл гадаа гаргаад овоолчихсон байдаг болов. Энэхүү үйлдэл хэд, хэдэн удаа давтагдсан болохоор тэд ажилдаа явсан болж овоолсон шорооны ард нуугдаад харуулдаж үзлээ. Юу ч тохиолдсонгүй. Харин агшин зуур өөр зүйлст анхаарал хандуулаад эргэж харах төдийхөн хамаг юмыг нь ахиад л гэрийн гадна овоолоод тавьчихсан байлаа. Тэд бүр жинхнээсээ айж эхэлсэн юм. Бараг нэгнийгээ найтаах төдийхөн өөр тийш харчихаад эргэх хооронд амьд хүн энэ бүхнийг үйлдэж чадахгүй шүү дээ. Багийг ахалж явсан, нэг нүдэнд нь цагаа унаснаас болж солир болсон том биетэй, гал шиг улбар шаргал өнгийн сахалтай Орос эр “Nada y pues nada” гэж хэлээд л тэд нэг өдрийн дараа цөмөөрөө арилцгаасан юм даа.

-Би өмнө нь сонсч байгаагүй юм байна. Тэгээд тэр ахмад нь Орос хүн байсан юм уу, Испани эр юм уу?

-Хаха, хаха... Испани хэл мэддэг Орос байсан юм байлгүй. Хэн мэдлээ, гол нь юу тэдний эд хогшил, ачааг гаргаж тавьдаг тухай, тэр улбар сахалтай эр яагаад “Юу ч биш, ердөө л юу ч биш” гэх үгсийг Испаниар хараал шиг амнаасаа урсгаж байгаад арилаад өгсөнд гайхдаг байлаа. Тэгээд л би тэдгээр нүхийг олсон юм даа. Яалт ч үгүй чонын үүр байсан.

-Та ч мөн ярив аа. Нөгөө зүүдэнд үзэгдээд байдаг, хойд хөл дээрээ босож алхдаг чононуудын тухай үлгэр ярих л гэж шаттай нүхний талаар хэл амаа билүүдсэн хэрэг үү?

-Үгүй дээ энэ үнэн. Одоо гэртээ харь. Би чиний төрсөн ах биш л дээ. Гэхдээ чи надад санаа зовдог шиг би ч бас чиний төлөө санаа зовдог. Одоохон гэртээ харьж үз. Би жаахан сууж байгаад харина.

Маргааш нь, нөгөөдөр нь ч тэр харагдаагүй юм. Ингээд л тэр алга болчихсон. Аав түүнийг олох гэж гурван сар болсны эцэст сураг гаргаж дөнгөсөн л дөө. Гэхдээ тэр ахин хэзээ ч гэртээ ирээгүй бөгөөд энэ нутагт хөл тавиагүй билээ. Хожим дуулахад зарим хүмүүс түүнийг “Нөгөө галзуу зан нь хөдлөөд сууж байсан айлаасаа зугтаачихсан гэнэлээ” хэмээх нь чих дэлсэх болов. Яваандаа хүмүүсийн уран сэтгэмж нь хөгжсөн үү, эсвэл зүгээр л уйдсандаа ч юм уу “Өнөөх хүү гурван сайн нохой анд сургаж аваад чоно бариулдаг болсон гэнэ” гэх бол зарим нь “Гурван чоно дагуулчихсан явна лээ” ч гэж ярих болсон юм даа. Ямартаа ч тэр алга болж, өөр айлд суухаар болсныг эрэлд явсан аав ирсэн хойноо дуулгаснаар энэ явдал төгссөн. Харин би жаахан хүүхэд байсан болохоор ч тэр үү хүмүүсийн худал, үнэн холилдсон тэдгээр яриаг огтхон ч тоогоогүй билээ.

Түр хүлээнэ үү...
Top