ЭРЭЭН МУУРНЫ ҮХЭЛ
(өгүүллэг )
Эмгэн хэдийгээр ганцаардах боловч хүндхэн амьсгал, зүрхний цохилт, бор эрээн муур гурав түүнд хань болно. Намар оройн сэрүүн урь өглөөний нарнаар дусалхан шимийг мөстүүлж орхих ч өвөл цагийн үүрийн жавартай хэрхэн харьцуулах билээ. “Өө, өнөөх анчин маань хөлдөх нь байна, хэзээд би үүд хаачихав даа” хэмээн үглэсээр эмгэн хаалга өчүүхэн төдий нээхийн завсарт бор эрээн үсрэн орж ирээд зуухны хойно гарч цагариглав. Хүндхэн амьсгал цээж оволзуулахаас биш хөдөлгөөнд нь огтхон ч саад болохгүй тул эмгэн “юухан хээхэн” хийж буй бололтой гэр дотуур ийш тийш холхино. Хэдэн жилийн өмнөөс л онош тодроогүй өвчин худгийн хүйтэн чулуунд наалдсан нойтон навч адил биенээс нь салж өгөхгүй зовоосоор байгаа билээ. Өдий төдий холхисноос амьсгаа нь улам хүндрэвч шаазан тавганд хүйтэн сүү дүүргэж бор эрээний өмнө аваачиж тавив. Харин өнөөх цатгалан муур дүүрэн тавагтай сүү рүү хялам ч хийсэнгүйгээр үл барам сүүлээ ч хөдөлгөсөнгүй. “Энэ анчин хаагуур явж юугаар гэдсээ зогоодог байна вэ, хүүхдүүд гурав хоногийн дараа ирнэ. Анчин гуай минь надад олигтойхон хань болж байгаагаа харуулахгүй бол тэд чамайг зах дээр аваачиж нэг машины ард уяад орхихоосоо сийхгүй шүү. Оронд нь банхарын халтар гөлөг авчирч уячихаад яваад өгнө. За даа, чи тэгээд нөгөө муу саарлын араас орох байх, ээ базарваань” хэмээн алга хавсран залбирч, ямархан нэг зүйлд санаа зовних цог нь хэдийн буурч, дурсамжийг нь хэчнээн уудалсан ч олохооргүй манантсан сүүмгэр нүдээр бор эрээнийг ажин суув.
Оросоо эмгэн өмнө нь гудамжаас олж авчирсан ач хүүгийнхээ золбин зулзгагыг авч тэжээсэн билээ. Өнөөх нь орог саарал зүсмийн өнгөтэй, хар эрээн судалтай боловч цэнхэр нүдтэй хөөрхөн амьтан байв. Хүүгийн ээж нь учиргүй уурлан “Элдвийн амьтан гудамжнаас тэвэрч гүйгээд аягүй бол нэг өдөр чамайг “шарлачихсан” байвал гайхах юм алга. Алив наадхаа гаргаж төөрүүлээд, хурдхан орж ирээд бохир гараа сайтар угаагаарай” гэв. Нүдэнд нь доголон нулимс өөрийн эрхгүй бөмбөрсөн ач хүүгээ хараад Оросоо эмгэн юу ч хэлэлгүй босч очихдоо нулимсыг нь арчиж духан дээр нь үнэрлээд “Эвий энэ нялх амьтад хоорондоо л ойлголцдог байх даа. Эмээдээ ийм хөөрхөн зулзага тэврээд ирж байхад нь” гэсээр муурыг энхрийлэн илбэж газарт тавиад аяганд сүү хийж өгөх нь тэр. Харин хүүгийн аав “Нохой тэжээхгүй гээд байдаг хүн ачийнхаа олсон муураар ч болов хань хийх нь дээ” хэмээгээд өөр зүйл ярьсангүй, тоосон ч үгүй. Оросоо эмгэн муурандаа Саарал гэдэг нэр өгөв. Өдөржин нар дагаж хэвтчихээд орой нь элдэв юмс тачигнуулж чимээ гаргаад унтуулдаггүй тэр зулзага цаг улирахын хэрээр томорч дүрсгүйтэх нь ч ховордоод байлаа. Нэг өдөр хажуу хөршийнх нь Доёд хөгшин “Сайхан цай чаначихлаа, орж ирээч хө” гэх нь тэр. Эмгэн муураа тэврээд орвол өнөө хөгшин эвгүйцэх нь аргагүй. Гэрт ганцааранг нь орхивол бурхан тахил дээр гарч сүйдэлж мэдэх учир жаахан самгардаж зогсосноо баруун урд унинаас томж оёсон шидмэс аваад Сааралыг гэрийнхээ үүдэнд уяж орхив. Доёд өвгөн эмгэний утсыг ойр ойрхон гуйж хотод суух үр хүүхдүүдтэйгээ удтал ярих тул ингэж саймшрах нь олонтаа. Оросоо гуай сайхан борцтой цай оочиж, хоёул яриандаа нэлээд халсан хойно сая нэг муур, гэр хоёроо санав бололтой Доёд хөгшнийхөөс гарч хашаагаа зүглэн алхууллаа. Намар оройн сэрүүн салхинд хашааний хаалга нь зөөлөн савчиж муухай хяхтнах чимээ гаргана. Ад чөтгөр л урт хурц хумсаараа төмөр дээгүүр зураад байх шиг өнөөх чимээ эмгэний сэтгэлийг нэг л тавгүйтүүлж орхив. Хашааны хаалгаа сайтар түгжиж аваад “За Саарал минь жиндэв үү, энэ муу хөгшин бүр мартаж орхиж” гэсээр гэрийнхээ үүд өөд харвал тасдаж хаясан толгой сүүл, хунирсан арьс, дөрвөн жижиг сарвуу л угтлаа. Сааралыг уяж орхисон газарт шаазан аяганы дундуур хэрийн цус цацаад орхисон мэт л байх нь тэр. “Ээ чааваас даа, нялх амьтныг өөрийнхөө гараар нохойн хоол болгох гэж” хэмээн хоолой зангируулан үглэв. Гэнэтэд давалгаалах ус үзэгдэж Саарал толгойгоо шоволзуулан далд орох шиг болсон нь эмгэний хоёр нүдийг нулимс бүрхсэн ажээ.
Харин одоо тэр өөрийн гудамжнаас олж авчирсан бор эрээнийг юу юунаас илүү хайрлана. Хүн гэдэг амьтан ганцаардахыг үнэн зүрх сэтгэлээсээ хүсддэггүй аж. “Талаар нь би өөртэй ганц аяга цай чанаж ууна, талыг нь чи” гэсээр муур нь огтоос ойртоогүй шаазан тавганд ирмэгээ хальтал нь дахин жаахан сүү нэмж хийв.
***
Цавчим шовх оргилуудыг хэдэн зууны салхи давс адил долоосоор мөлийлгөж орхисон шиг мод ч үгүй халзан гурван уулын дунд сууринг барьж байгуулжээ. Хамгийн баруун талын Жавхлант хайрханы энгэрээр Бүрдийн гол урсах бөгөөд намрын сүүл сард буцахаар зэхсэн нүүдлийн шувууд тэнд цуглана. Суурингийн хамгийн баруун хойд захын хашаанд аж төрөх Доёд өвгөн тэр л цаг мөчүүдээр тавтай нойрссон нь үгүй. Шувуудын ганганах, ус цалгих чимээтэй хоршин гэрийн хаяанд мэт дуулдахын сацуу хашааны дээгүүр гүйлдэх золбин муурнуудын зүг тасралтгүй боргоох нохойн дуу яг чихэн дотор нь хадна.
Өвгөн босч зуухны дэргэд тамхилах зуур Оросоо эмгэнийх шиг нэг утастай болчихвол хэчнээн амар байхсан гэж бодмоглохын агшинд уяатай нохой нь муу зүгийн гийчин хашааны завсраар толгойгоо цухуйлгасныг үзсэн мэт гэнэтхэн л боргох гангинахын хооронд дуу гаргалаа. Ямар нэг юмнаас айгаад байгаа нь илт санагдахуйд нохойгоо гарч харахаар шийдэв. Гөлгөн нохой эзнээ харснаа зориг орсон шиг л боргож гарсан хэдий ч хашаан дээгүүр гүйлдэх золбин муурнууд тоосон шинжгүй. Доёд өвгөн гудамжны муур өөд л дайраад байсны учрыг ухав. Хачирхалтай нь шувууд дуугаа хурааж гөлгөн нохойн дуу л орчны аниргүйд чимээ өгч байлаа.
Хэдэн жилийн өмнө тэр гайтай өвчин гарч хүмүүс нохойгоо төөрүүлэхийг нь төөрүүлж эзэнгүй заримыг буудаж орхиогүй бол гудамжинд золбин муурнууд олшрохгүй байсан нь лавтай. Даанч араатан амьтдаас илэрч, хүнд халдварладаг тэрхүү өвчний нэрийг нь өвгөн цээжилж аваагүй юм даг. Ямартаа ч уг өвчний улмаас болж эндсэн хүн үгүй гэдгийг сайн мэднэ. Гудманд буун дуу тасхийх тоолонд цусаараа газар бялдан унасан нохойн дүр зураг өвгөнд төсөөлөгдөхийн сацуу гэрээсээ гарахаас ч жийрхдэг байж билээ. Өдгөө тэдгээр жилүүд хэдийн цаг хугацаанд идэгдэж дуусаад шинэхэн зовлон нэмэгдсэн нь гудамжны золбин муурны асуудал юм. Тэд хаанаас гэнэт гарч ирээд сууринд олширсныг мэдэх хүн үгүй. Доёд өвгөн буутайсан бол өдийд хашаан дээгүүр нь харх шиг гүйлдэх муурнууд өөд хэд хэдэн сум нисгэж суух байлаа.
Намар оройн сэрүүн урь өглөөний нарнаар дусалхан шимийг мөстүүлж орхих ч өвөл цагийн үүрийн жавартай хэрхэн харьцуулах билээ. Гэвч гадаа яс янгинам хүйтэн болжээ. Энэ хүйтэнд золбинд муурнууд ямар нэг дулаан газар эрж хайх нь мэдээж. Тийм ч учраас хашаан дээгүүр гүйлдээд байгаа хэрэг. Зарим нь хэдийн гэрийн хаяанд эсвэл өрхнийх нь хажууд цагариглаж хэвтээ биз гэж бодохын сацуу өвгөн тооно өөдөө хяламхийн харахул ямартаа ч тэнд гурван муур үзэгдэв. Яалтай билээ дээ, цамхраагаа битүүлэх тунгалаг хулдаасыг эрт хийсэн нь болж хэмээн санаад муурнуудыг үргээсэн ч үгүй гэртээ орлоо.
Хоолой нь сөөж өгдөггүй гөлгөн халтар боргосон хэвээр байх аж. Цахилгаан тасарчихсан тул Доёд хөгшин Оросоо эмгэнийд очиж өөртөө хань татахаар шийдэв. Залуу цагийн хүч чадал нь үгүй болж, намар оройн сэрүүн агаарт яс нь хүртэл дангинан чичрэх цагтаа эр хүн жинхэнэ хулчгар нэгний дүрд хувирч орхидог ажээ. Ядахад тоонон дээр цагираглах муурнуудаас ч салахыг дотроо хүсч байв. Ийм гэрт тэр цурам хийлгүй хонох байлгүй. Тэгээд ч хүн хэзээд л ганцаардахыг үнэн сэтгэлээсээ хүсдэггүй шүү дээ.
Түүнийг шүүгээний шургуулганаас тал хүртлээ хайлсан лаа олоод ширээ өөд зүглэтэл ард нь гэнэтхэн муур дуугарах сонстов. Өвгөний дотор өөрийн эрхгүй зарсхийж, айдсын хүйтэн урсгал бие дотуур нь хоромхон зуур тархахыг мэдрэв. Өвгөн эргэж харалгүй зүгээр л шүдэнз хайн тэмтчиж эхэллээ. Лааг сууринд нь хийх мөчдөө мөнөөх л айдсын хүйтэн урсгал бие дотуур нь гүйж, гадаах хүйтэн агаар шиг хайрах мэт мэдрэмжийг хоромхон зуур цөхөртөл амсч, чичирхийлсэн мойног хуруудаа эвлүүлж ядан байж чүдэнз зурлаа. Энэ үед ширээн дээр тухалж хэвтсэн муурын нүд гялалзаж, галын дөл нүдний нь өмнө зурсхийн асахад цочсондоо муухай чарлан огло харайхтай зэрэгцэн Доёд өвгөн зүрхээ даран газарт тэрийв.
***
Маргааш нь үдийн алдад Оросоо эмгэн Доёд өвгөнийд очих үед гэрийнх нь үүдээр золбин муурнууд гүйлдэж байхтай тааралдав. Зарим нь цадталаа сүү долоочихоод биеэ наранд ээх аятай гэр дээр хэвтэцгээж байлаа. Эмгэн хүндээр амьсгаадсан хэвээр алхаагаа хэрэндээ түргэсгэв. Түүнийг гэрт ороход өвгөний цогцос хэдийн хөрчихсөн басхүү нүд нь хараатай чигээр байв. Ямар нэг зүйл түүн рүү дайрснаас болж айсан байдал нүднээс нь тодхон мэдрэгдэх ч эмгэн үүнийг анзаарсангүй. Тэрээр өөр зүйлд хамаг анхаарлаа хандуулжээ. Учир нь цогцосны тэнд өчигдөр орой сүүгээ ч долоохгүй, цатгалан аашилж хэвтсэн бор эрээн нь сууж байв. Орон дээр хэвтэх муурнуудын ам цус болсон байх боловч бор эрээнийх харин цэвэрхэн ажээ. Өвгөний биеийн гар, хөлийн хэсгээс муурнууд зулгаасан нь илт. Оросоо эмгэн хэсэг зуур хөшсөнөө “туслаарай, туслаарай” хэмээн хашгирах аядаж гэрээс гарахаар түргэлэв. Бор эрээн ч мөн араас нь дагалаа. Гэвч дуу нь огт хоолой давж өөрт сонсогдсонгүй.
Гадуур золбин муурнуудыг хэдийн буудаад эхэлжээ. Яг энэ цаг хоромтой Доёд өвгөний хөрш Оросоо эмгэн цагдаагийн газарт мэдүүлэг өгч дуусаад гэртээ орж ирэв. Бор эрээн муур нь өчигдөр шөнө хошуу хүргээгүй тавагтай сүүгээ ховдоглон долоож байлаа. Эмгэн Доёд хөгшний цогцосны дэргэд өөрийнх нь муур сууж байсан тухай сэргийлэхэд мэдэгдэлгүй нууцалж орхисон тухай хэн ч мэдсэнгүй. Муураа харж хэсэг чимээгүй сууснаа өндийн босоод Доёд хөгшний хашааг зүглэн алхав. Хэдэн хормын хойно эзэн нь мөнх бусыг үзсэн гэдгийг огт мэдсэн шинжгүй, эмгэний урд хойно гарч эрхлэх гөлгөн халтар нохойг алдчихгүйг ихэд хичээн хөтөлж явсаар хашааныхаа үүдээр орж ирэв. Эмгэн эрхлэн шарвалзах халтар гөлгөнд хоол өгөх санаатай чингэлэгээ уудлахаар тэр зүг рүү алхах зуурт нэг золбин муур цааш харайлгаж байх нь тэр. Энэхэн хоромд эмгэн нүдээ аних үест Доёд хөгшний айдас дүүрэн, хөдөлгөөнгүй харц үзэгдэнэ. Эмгэн буцаж гөлгөн халтар өөд очин гинжээс нь мулталж сул тавилаа. Нохой хашааны цаана гүйх золбин муур луу боргон хуцахтай зэрэгцэж буун дуу тасхийв. Хөөрхий халтар цочсон бололтой гаслах аядаснаа шинэ эзэн өөд өрөвдөл дүүрэн төрхтэй, сүүлээ унжуулсаар гүйн ирсэн боловч эмгэн тоосонгүй. Тэрээр дуугүйхэн гэртээ орж орон дээр суухуйд сүү цадталаа долоосон бор эрээн муур нь өвөр өөд үсрэн гарч ирэв. Эмгэн муурны үсийг нурууг нь дагуулан илбэж удаан гэгч нь сууснаа унинаас шидмэс авч, бор эрээнийг тэврээд гадагш гарав. Түүнд одоо эргэлзэх зүйл үгүй болжээ.
Эмгэн гэртээ эргэж орсноо шүүгээний хажууд байсан шилтэй сүүг авч “Талаар нь би өөртэй ганц аяга цай чанаж ууна, талыг нь чи” гэсээр бор эрээн муурны хоосолж орхисон идүүрийг дүүргэв. Энэ үед гэрийн хаяанд муур хумсаараа бүрээс урж, амь тэмцэн чарлахтай зэрэгцэн гөлгөн халтар ч шүдээ ярзайлган архираад ухасхийлээ.
***
Цусны толбонууд яагаад наранд удахаараа хатаж, угаахад арилдаг мөртлөө бичсэн зүйлс дотор л час улаан өнгө, төмөрлөг амтаа хадгалж оршдог юм бэ?... Үнэн хэрэгтээ Доёд хөгшний үхэл өөрийнх нь аймхай, сул дорой байдлаас болсон хэрэг. Түүнээс бус гудам бүрт хэдэн сөөм газрыг цусаараа бялдаж хэвтээ золбин муурнууд, эмгэний хайртай бор эрээн огт буруугүй. Гөлгөн халтар ч мөн ялгаагүй!
Ямартаа ч Оросоо эмгэн хүүхдүүдийнхээ хүсэлтийг биелүүлжээ. Тэднийг ирэхэд биеэ нөөж хэвтэх бор эрээн муур бус өнчирч хоцорсон гөлгөн халтар нохой угтаж баярлуулах нь мэдээж. Ач хүү нь харин муураа үгүйлж хэсэг гайхах биз. Удалгүй гөлгөн халтарт дасаж таарна. Зовлонгийн хүрд ингэж л эргэсээр байдаг хойно доо.
Б.Алтанхуяг