Бидэнд Одиссэйг үлдээн соёрхсон далай тэнгист талархнам.
Хорхэ Лүис Борхэс
Эмгэнэл харуусал, хайр энэрэлийн хүчээр олж авсан эрхэм дээд аз жаргал. Дээр нь агуу их бишрэл бахдалыг нэмэх хэрэгтэй. Хүн төрөлхтний уран зохиол, соёл урлагийн охь дээж болсон гайхамшигт туульс, түүнийг бүтээгч Хомэрийг ингэж тодорхойлвол эргэлзэх уншигч үгүй. Тэгээд ч эртний Грек, Ромын бурхдын талаар өчүүхэн мэдлэг үгүй аваас Өрнөдийн уран зохиол, урлаг соёлыг ойлгож хүртэх аргагүй. Хүмүүст хамгийн ойр жишээгээр аваад үзвэл Посейдон бурханы сэрээ таяг хайх эрэлд гарсан “Карибын тэнгисийн дээрэмчид”, нээлтээ хийж олон үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан Атлант хааны тухай “Аквамен” зэрэг бүтээлүүдийг бид мэдэх болсон. Гэвч Атлант хаан бол далай тэнгисийн эзэн савдаг, Посейдон бол тэнгис далайн эзэн бурхан. Өчүүхэн ч зааг ялгааг хамгийн ил тодоор урлан бүтээсэн шинэлэг бичиглэлийн өнгө аястай туульс бол Хомэрийн “Одиссэй”. Өрнөдийн соёлын хүрээнд Хомэрийн туульстай энэ зэрэгцэхүйц бүтээлд “Библи” судар болон Шекспирийн эмгэнэлт жүжгүүд, Дантэгийн туурвилууд л багтддаг.
Арван жил үргэлжилсэн Тройн дайнд ялалт байгуулсан эрэлхэг Одиссэй баатар дахин арван жилийн дараа зовж зүдрэн байж гэртээ харьж, хайртай хатан Пенелопагаа өшөөт сүйчдийн гараас аварч, эх нутагтаа эргээд эзэн болон сууж буй талаар өгүүлнэ. Нийт 24 дуулалаас бүрдэх эл туулийг МУСГЗ Д.Цахилгаан эх монгол хэлийнхээ баян тансаг үгсийн эрдэнээр сүлжин зангидаж хөрвүүлсэн байна.
2600 гаруй жилийн тэртээгээс өдгөө хүртэл бүхий л урлагийн охь дээжис болон уламжлагдаж ирсэн “Одиссэй” нь хекзаметр буюу урт үе бүхий шүлэгчилсэн хэлбэрээр бичигдсэн. Манайд ийм төрлийн туульс, найраглалийн эртний уламжлалт зохиолууд олон. Тиймдээ ч монгол хэлнээ Одиссэйг хөрвүүлэхдээ “дуулал” хэмээх үгийг “хайлаан” болгож буулгасан нь туйлийн оновчтой сонголт юм. Учир нь монголчууд их хөлгөн туульсийг уянгалуулан дуулахыг “тууль хайлах” гэж нэрийддэг.
ХОСЛОЛ ХИЙГЭЭД ҮРГЭЛЖЛЭХҮЙН ФИЛОСОФИ
Хомэрийн “Одиссэй” туульс нэн тэргүүнд баяр хөөр, уйтгар гунигийн энэ тэнцүү сүлэлдээнээр бүтсэн. Одиссэй урт замын туршид зүдэрч, олон саад бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөх шахан нутаг өөд зүтгэнэ. Зовлон зүдгүүрийн өмнө туйлдан бурхдаас өршөөл эрж, Калипсо дагинад илбэдүүлэн аргагүй гунигийн тэнгэр нөмрөн сууна. Уй гуниг. Эцэст нь Итака нутагтаа хүрч хүү Телемахтай учирч, үнэнч анд Евмей, Филотий хоёртой уулзаж эвсэн нэгдэнэ. Баяр хөөр. Эхнэрт нь сүй тавьж, эд хөрөнгийг нь тонон дээрэмдэж, өдөр шөнөгүй найрлаж суусан сүйч эрчүүдийг даран сөнөөж, энхрий хатан Пенелопатайгаа уулзана. Баяр хөөр. Гэтэл Одиссэй дайснаа дарсан хэдий ч, газар орны шилдэг эрсийг толгой дараалан хядсан учраас тэдний өс хонзонг нэхэх бусдын тухай санаж гэнэтийн бодолд дарагдана. Уй гуниг. Туульсд өгүүлэгдэх нэгэн цогц үйл явдал, хайлаан бүрт энэ л чанар шөнө, өдөр шиг давтагддаг.
Одиссэй өөрийн эх нутаг, эхнэрээ эргүүлэн авч, хайрт аавтайгаа уулзан, өндөр сэнтийдээ заларч байна. Грекийн охин Афина дархи Одиссэйн эртний үнэнч зөвлөх Ментор түшлэмийн дүрд хувилан үргэлж хажууд нь зөвлөж явахаар болов. Өчнөөн их хядлага, хэрцгийлэл явагдсаны дараа эргээд энх тайван тогтлоо. Энэ бүгдээс үзэхэд нэг зүйл тодорхой харагдаж байна. Нар жаргаж дахин манддаг шиг, бүх зүйлс сүйрэн унаж, мөхсөний хойно шинэ соёл иргэншил мандах болно. Магадгүй туульсийн хамгийн гол санаа нь энэ байсан биз. VIII дугаар зууны тэртээ шавар хавтангууд дээр бичиж үлдээсэн “Биовүлф” туульсд ч мөн “Иргэншил оршихын тулд үхэлтэй нүүр тулах шаардлагатай” (ерөөс бүх туульс) хэмээн өгүүлсэн тухай Жон Сатэрлэнд бичсэн нь бий.
“Илиада” туульс ч мөн ялгаагүй. Трой хот үнс нурам болон шатаж байж л тэр үнснээс Грек хэмээх галт шувуу сэрсэн. Энэ тулаан өөрөөр эргэсэн бол бидний амьдрал, үүх түүх тэс өөрөөр бичигдэх байсан нь лавтай. Сүр жавхлан, алдар хүндийн цуурай өөр эрсийн нэрээр, утга уран зохиолд амилж, зотон дээр бийрээр сэрж, сийлбэр болон мөнхрөхгүй байхсан ч юм билүү. Ямартаа ч уншигч бидэнд жаахан ч гэсэн төсөөллийн оройн зай хэрэгтэй шүү дээ. Гэвч Грек улс сэргэн манджээ. Дайны ялалтын гол гавьяа арга мэхт Одиссэйн сэдсэн модон морьтой шууд холбоотой. Иймэрхүү шинэлэг бичлэгийн хэлбэртэй, хоорондын мөчлөг бүр нь нарийн холбогдсон бүтээл баатарлаг туульсийн эрин үе өнгөрч асан тэр л цагт төржээ.
ХОМЭРИЙН ЦУГЛУУЛСАН ДОМОГ
Одиссэйн урт аяны тухай өгүүлэхээс гадна туульсад эхнэр Пенелопа, хүү Телемах нарын эр нөхрөө хатамжлан хүлээх, эцэгээ хайн алсад одох зэрэг түүхийг хамтатгасан нь туульсийг илүү бодитой, уран санаа, адал явдлаар дүүрэн болгож өгсөн. Энд Пенелопа хатны зүүдний тухай өгүүлэмж ихэд сонирхол татдаг. Зүүднийхээ тайлалын тухайд хатан Пенелопа ядарсан өвгөний дүрд хувилсан, эр нөхөр Одиссэйг танилгүй суухдаа түүнд ийн өгүүлнэ.
“...Зүүд болгон бүтэх биш дээ, зочин минь!
Зөн билигтэй сайхан зүүд гэж байхад
Зүдэг мууг ёрлосон муухай зүүд бас байх.
Зүгээр л, миний сонссоноор бол
Зүүд бидэнд хоёр үүдээр ирдэг гэнэ билээ
Зааны ясан хаалгаар ирсэн зүүд
Заавал хуурамч, итгэх хэрэггүй байдаг гэсэн
Заамал эвэр хаалгаар ирсэн зүүд
Зайлшгүй биелдэг зөн бэлгэтэй байдаг гэсэн” |Хомэр “Одиссэй” 517-р тал, орч Д.Цахилгаан|
Мэдээж зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэлц шүү дээ. Эртний Ромын яруу найрагч Вергилийн “Энейн дуулал”-д ч мөн ялгаагүй дээрх санааг давтсан зүүд бурханы хоёр хаалгаар гарч ирдэг тухай өгүүлсэн нь бий.
Чухам л домогийн гүнээс шүүрсэн мэт эдгээр санаанууд хаа нэгтээгээс зүгээр бий болчихоогүй гэмээр. Ер нь домог хүн үүсэхээс эхлэн бидэнтэй хамт байсан гэж судлаачид үздэг. Оршихуй үүссэн тэр цаг хугацаа өөрөө ч домгийн нэг элемент. Ам дамжин яригддаг болхи хийцтэй уран бүтээл гэсэн тааруухан тодорхойлолт дагалддаг ч уран зохиолд бол домог хамгийн нарийн бүтэц, өгүүлэмжтэй.
“Одиссэй” тууль нь “Илиада” ч юм уу эсвэл “Роланд баатрын дуулал”, “Гилгамэш”, “Биовүлф” зэргийг бодвол баатарлаг гэхээсээ илүү домгийн шинжтэй. Мөнхүү ид шидлэг байдал ч туульсад давамгайлсан нь өнөөгийн зуунд өвлөгдөн ирэх нэгэн том шалтгаан болсон хэрэг. Тиймдээ ч эртний зохиол, домогуудаас сэдэвлэсэн явдал нь туульсийн гол онцлог гэж хэлж болмоор. Мөнхүү 6 давталт, 12 мөрт шүлгийн хэлбэрээр бичсэн нь Грекийн уламжлалт шүлэглэх ёсны түгээмэл хэлбэр нь юм.
Одисэй баатар Цирцея дагинад гахай болгон илбэдүүлсэн нөхдөө бурхадын тусламжтайгаар аварч чадаад түүний зааснаар Тамын манант орон эхлэх цэг буюу Аид хааны хатан Персефоны эзэмшилд хүрнэ. Ийнхүү “Одиссэй” туульсийн 11 дүгээр хайлаан нь тамын оронд очиж Цирцея дагины заасан ёсоор заншил үйлдэн, тамын олон сүнстэй хэрхэн учирсан тухай өгүүлдэг. Эндээс л тамын амьтдын хэргийг таслан шүүж суудаг мэргэн Миносын домог, үлэмж биетэн, гурван толгойт нохойг дарсан Гераклын түүх, хосгүй үзэсгэлэнт Перу дагина, Ариадна Тесей хоёрын гунигт хайр, Софоклын “Эдип хаан”-ны эмгэнэлт түүх эхлэлтэй. Мөнхүү Ирландын сонгодог зохиолч Ж.Жойс “Үлисс” романыхаа нэгэн дүр болох Леопольд Блумээр орчин цагийн Одиссэйн дүрийг бүтээсэн гэж судлаачид дүгнэдэг. Тиймээс л цаг үе болгоны шилмэл бүтээлүүдийг Хомэргүйгээр төсөөлөхөд нэн бэрх.
“Аварга биет Титий-г тэнд олж үзэв.
Есөн алд газрыг эзэлж тэрийсэн
Ер бусын том цогцос харагдав
Хоёр элээ элгийг нь тоншиж
Гэдэс дотрыг нь савраараа үгтээж байх юм
Үргээх гэж оролдох аятай ч
Гар нь хөдлөхгүй байгаа бололтой”. |Хомэр “Одиссэй” 296-р тал, орч Д.Цахилгаан|
Яг л Эсхилийн “Цовдлуулсан Прометей” санаанд бууж байна. Мэдээж аварага биет Титий-н Зевс хаанд үйлдсэн нүгэл нь Прометейн гал хулгайлдагтай огт хамаагүй ч дээрх дүрслэлүүд дотор орших хар дарсан зүүд шиг бэлгэдэл ямар нэг сэдлийг хүнд өгөх нь тодорхой.
Мөнхүү уулын оройд том бөөрөнхий чулуу түрж гаргах хэдий ч уруу нь өнхрүүлж алдах, дахин асар том чулуугаа түрсээр оргил өөд мацах Сизифийн тухай ярьж болно. Туульсад дурдагдаж буй Сизиф нь эртний Грекийн домогт бичсэнээр Эолчуудын хаан Эол, хатан Энерта нарын хүү. Европын домгуудад Сизифийг өөртэй нь тэрсэлдсэн бурхад, тэнгэрийг ч хууран мэхэлж чаддаг хэмээн дүрсэлсэн нь бий. Гол мөрний бурхан Асопын охинийг Зевс хулгайлдаг. Үүнийг Сизиф гол мөрний бурханд хэлж, нуусан газрыг нь зааж өгөөд өөрийн байгуулсан Эфира хотод ус өгөхийг хүснэ. Зевс тэнгэр хилэгнэж Сизифийг авчруулахаар үхлийн тэнгэр Танатосыг илгээсэн боловч Сизиф ирсэнгүй. Харин Танатосыг хууран мэхэлж, хорьсон учраас хүмүүс нас нөгчихөө больцгоодог.
Энэ мэтчилэн олныг дурдаж болох бөгөөд Сизиф тамын оронд очиж хууран мэхэлсээр эргэж замбуутивд ирж чадсан цорын ганц хүн юм. Тэгвэл энэхүү домогоос хойш Хомэрийн туульсад Одиссэй ч мөн тэр тамын орноос гарч чаддаг. Аймшигт хар мангас Скилла, усны мангас Харибда, шувуун хөлт шулмасын аралыг давж амьтан хүний нүднээс далд нарны бурхан Гелиосын аралд хүрнэ. Дээрх бүхнийг тоочсоны учир нь Хомэроос хойшхи “Одиссэй” зохиолын нэг хувилбарт Лаэрт баатрыг бус Сизифийг Одиссэйн эцэг гэж үзсэнтэй холбоотой юм.
Мэдээж онож уншиж, судлаж чадвал “Одиссэй” туулийн ганцхан хайлаанаас энэ мэтчилэн өчнөөн олон жишээ баримтуудыг хооронд нь уялдуулан бичиж, уншигч бүр төсөөллийн асар баялаг орон зайг бий болгож болно. Урлаг бидэнд ийм л зүйл өгөхийн тулд оршдог. Тодорхой хариулт бус асуулт үлдээхийг чухалчилдаг. “Урлагийн салбар ямарч асуулт тавилгүй зөвхөн хариулт өгдөг гэж үздэг хүн бол амьдралдаа нэг ч юм бичиж үзээгүй, уран сэтгэмжээр ажиллаж сураагүй байдаг” гэж Антон Чехов 1888 онд А.С.Суворинд бичсэн захидалдаа өгүүлсэн нь бий.
УРЛАГ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ОРОН ЗАЙ
Амьдран буй хугацаандаа юу бүтээж, ямар туршлага хэрхэн хуримтлуулж өөрийгөө олж авахын чухал нь уран бүтээлч хүнд хамгийн их хамаатай. Харин Хомэрийн тухай мэдэгдэх зүйл ховор. Түүнийг МЭӨ VIII дугаар зууны үед Трой хотын Ионина буюу одоогийн Түрэгт мэндэлсэн гэж үздэг. Тэрээр яруу найргийн хөгжилд үнэмлэхүй хувь нэмээр оруулсан суутан, сохор бичээч байсан гэдгийг л хүн төрөлхтөн мэднэ. Гэвч “Яруу найрагч хүнд намтар байдаггүй. Түүний намтар нь шүлгүүд нь юм” гэж Мексикийн яруу найрагч Октави Паз хэлсэн. Мөн яруу найрагч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана “Энэ дэлхийн анхны яруу найрагч Хомэр байлаа. Түүнээс өмнө шүлэг зохиодог, туульс хайлдаг хүн, мэдээж олон байсан. Гэвч тэр бүгдийг яру найрагч гэдэггүй, тэр ч байтугай Хомэроос хойшхи нэр алдартай, шүлэг зохиол ном сударт үлдсэн олон найрагчийг жинхэнэ яруу найрагч мөн эсэхэд эргэлзмээр” хэмээжээ.
Одиссэйн дүр нь уур хилэн, дайнч баатарлагаар алдартай Ахиллын дүрээс илүүтэй хүний төрөлх шинж, зан авирыг олон талаар нээн үзүүлсэн байдаг. Басхүү Томас Хардигийн хэлсэн нэг үгийг санацгаая. “Сайн зохиолчид сонгосон төрлөөрөө бичдэг, харин агуу зохиолчид бол түүнийг өөрчлөн бичдэг”. Хомэр бол туульсийн төрөл дэх бичиглэлийн хэл, аман уламжлалт домогууд, яруу найргийг шинэчлэж хөгжүүлсэн. Туульс нь баатарлаг, эмгэнэлт, урт үргэлжилсэн байх ёстой. Тэгвэл Хомэр “Одиссэй” дотор хошин өнгө аясыг өргөн ашиглаж чадсан билээ. Тиймдээ ч тэр урлаг, утга зохиол дахь хамгийн том орон зайн эзэн юм.
Б.Алтанхуяг