Б.АЛТАНХУЯГ: ХИЛИЙН ЗУРВАСЫГ ЦАГ ХУГАЦААНААС АНГИД ТОЛЬДОХУЙ
2020-01-13 Б.Алтанхуяг 2419

ХИЛИЙН ЗУРВАСЫГ ЦАГ ХУГАЦААНААС АНГИД ТОЛЬДОХУЙ

/Аян замын тэмдэглэл/

Цуврал 1.

ЭХЛЭХ ЦЭГ ДЭЭРХ ЭЗЭНТЭЙ ЗУРАГ

Аялалд гарна гэдэг миний хувьд үргэлж ганцаардлын дагуултай санагддаг. Хэчнээн олон хүнтэй хамт, хэчнээн баяр хөөр, зугаатай байсан ч нэг тийм дүнсгэр төрхтэй, ганцаардлын эцэсгүй дайдад хөвөгч этгээд дотор минь суусаар байгаа нь мэдрэгдэнэ. Тийм дээ ч аялалд гарах нь нэг талаар хүнд бэрх даваа боловч нөгөө талаар өөрийгөө зугаацуулах боломж. Гэрээс гарахын урьд орой чемоданд хувцас, мишок, усны гутал, ариун цэвэр сахих хэрэгслүүд болон хэдэн ном хийгээд л замд гарахад бэлэн болчихов. Тэдгээр номон дунд замын туршид нэг ч удаа сөхөж харахгүй гэдгээ мэдэж байвч авч явахаар зэхсэн “Дурлалгүй ертөнцийн блюз” урьдынхаараа салбайж хуучирсан дүртэйгээр хэвтэнэ.Яг л “өнөөх ганцаардлын дагуул энэ удаад ч намайг мөн орхихгүй нь дээ гэж бодогдохын сацуу өнөөх номыг авч тавиурт буцаан байршуулав. Уг нь ганцаардуулдаггүй зохиол. Харин одоо жинхнээсээ аялалд гарахад бэлэн.

“Эх орны төлөө” цогц хөтөлбөрийн нэгдүгээр шат болох “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн 2 дугаар маршрутад багтан Өлгий хотын зүг хүлгийн жолоо залж явахдаа цулгуй бор цаастай тэмдэглэлийн дэвтэрт “Эх орны төлөө. Улаанбаатар хот 2019.08.22 Хөдлөх цаг 9:10” хэмээн сараачиж үлдээсэн нь замын туршид дэлгэгдсээр үнгэгдсэн хуудсан дунд хуучин бэхээр таталсан мэт үзэгдэнэ. Аюурзаны хар ном хэчнээн өнгө алдаж үнгэгдсэн ч үсэг бүр нь тодоос тод дурайсаар л байдаг. Харин миний бичсэн тэдгээр үгс арван хэдэн хоногийн дотор ингэтлээ хуучрах гэж... Төслийн 2 дугаар маршрутад нийт 17 уран бүтээлчид багтсан бөгөөд тэднийг Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, АЖ дуучин Ш.Чимэдцэеэ, МУГЖ жүжигчин Н.Батцэцэг, МУСГЗ зураач П.Цэгмид, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугын одонт нэвтрүүлэгч С.Гантөмөр нар тэргүүлэн явна.

Үргэлж л хэн нэгэн найруулагчийн бүтээсэн сонгодог жүжиг, тоглолт үзэхээр зорьж асан Улсын Драмын Эрдмийн Театрын үүднээс бидний аялал эхэлж байна. Хаалгыг нь нээж ороод л улаан сандалд тухалдаг театрын үүднээс ховор сайхан газруудтай нь танилцаж, хилчин эрсийн оройн дуу сонсохоор эх орны баруун хязгаар луу хөдлөх болов. Бидэнд аялагчидтай адилтгах олон зүйлүүд бий. Тэр нь хил орчмын онцгой бүс нутгуудад нэвтэрч түүхэн дурсгалт газруудыг үзэх, өөрсдийн очиж үзээгүй байгалийн сайхантай танилцах гээд цааш хөврөнө. Харин энгийн аялагчдаас ялгаатай нь өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжил, салбарын дагуу уран бүтээлээ туурвих үүрэг даалгаварыг авсан билээ. Нөгөөтэйгүүр тушаал авсан цэргүүд гэсэн үг. Цэргүүдэд тодорхой заавар, цаг хугацааны дагуу тушаал өгч тэд үүргээ гүйцэтгэдэг бол бидний хамгийн том давуу тал нь эрх чөлөө байлаа. Тэгээд ч улс орондоо эдлэх эрх чөлөө, амар амгаланг хилчид бидэнд олгодог тултийш зорих замаас хоцорч үлдэх шалтгаан нэгээхэн ч үгүй юм.

Зураач П.Цэгмид өөрийн гарын үсгийг хавтсан дээр нь таталсан хүрэн улаан өнгийн гадар бүхий зургийн дэвтэр гаргаснаа автобусны дотор талаас гадагш харагдах нэгээхэн хэсгийг дор нь таталчихав. Эхлэх цэгийг ийнхүү тэмдэглэж авлаа. Замын туршид уул ус, заставын байшин, хөшөө дурсгал, хүүхэд багачуул гээд бүгдийг нь алдалгүй таталж зурсан хойно хажууд нь он сар, төрсөн сэтгэгдлээ бичих зургийн дэвтрийн эхний хуудас ингэж амилав. Энэ эхлэл дээрээс олон олон учрал, орхигдож гээгдэлгүй үлдэх амьд халуун дурсамжуудыг бүтээх өдөр хоногууд биднийг хүлээж байгаа. Гэвч алхаж очоогүй маргааш, туулж өнгөрүүлээгүй ирээдүй хоосон зүйл. Зураг нь харин эзэнтэй.

УМАРДЫН ХЯЗГААР

Монгол орны хамгийн баруун хойд захыг өөрөөр хэрхэн нэрлэж болох вэ гэж бодлоо. Мэдээж умардын хязгаар. Тийш хүрэх зам саад бартаа ихтэй бөгөөд хол. Харин иргэншлийн энэ зуунд унаж яваа техникт саад тохиохгүй л бол хоёр хоног амсхийх завгүй жирийлгэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий хот орчихно. Гэвч аялагчдад амсхийх чөлөө хэрэгтэй. Учир нь элчилгүй уудам монгол нутгийн умард хязгаарт хүрэх тэр л хоёр мянга гаруй км замын уртад байгаль эх онгон дагшин сүр үзэгдэлдээ ямархан түүх хүүрнэдэг болохыг нь үзэхийн тулд тогтсон газруудад буудаллах шаардлагатай болдог билээ. Харин Өлгий хот хүртэл тийм төлөвлөгөө бидэнд байсангүй.

Баянхонгорт хонож амарсны маргааш өглөө Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгийн нутгуудаар амралтгүй давхисаар дараа өдрийн үүрийн 3 цаг өнгөрөх үест зорьсон газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буудаллав. Эх орны минь умард хязгаар далайн түвшинээс 1710 метр өргөгдсөн энэ газарт элээ бүргэд хоёроос өөр жигүүртэн элин халин нисдэггүй болов уу гэмээр. Хаа нэгхэн шаазгайнууд үзэгдэх нь нэн содон. Байхгүйн дунд зарим зүйлс оршихуйгаа тунхагласан байх нь ямагт л гоёл чимэглэл шиг дэгжин харагддаг. Гэтэл яагаад ч юм тийм нэг гунигтай зүйл мэдрэгдээд болж өгсөнгүй.

Очсон газрынхаа эцэс төгсгөлгүй хоногуудын заримтай нь л нүүр тулж уулзах учир цаг мөч бүхэн үнэтэй. Тиймээс маршрутын хамт олон Өлгий хотын музейг үзэхээр санал нэгдэв. Тус музей нь анх 1948 онд байгуулагдсан бөгөөд 5331 ширхэг үзмэртэй гэдгийг музейн ажилтан хэлж өгөв. Болгоомжилсон доо ч тэр үү их ээрч байх шиг санагдсан учир үзмэрийнхээ тоог үнэн хэлсэн үгүйд дотроо жаахан эргэлзэж байлаа. Ямартаа ч сүүлийн 6 жилд ард иргэдийн дэмжлэгээр олон зуун шинэ үзмэртэй болж музейн сан хөмрөгийг баяжуулжээ.

Өлгий хотын хүн амын ихэнхийг казак үндэстэн бүрдүүлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин энд толгойндоо алчуур зангидсан Ислам шашинт эмэгтэйчүүд алхам тутамд зөрөн өнгөрөх нь содон харагдаж байв. Мэдээж Баян-Өлгий аймгийн далбаан дээрх шар өнгийн сар Ислам шашинт хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан бэлгэдэл гэдэг нь илэрхий байдаг ч өөрийн биеэр тэдгээр хүмүүсийг хараагүй учир л сонин харагдаж, содон мэдрэмж төрүүлсэн болов уу.

Баян-Өлгий бол уулсын диваажин болсон газар. Ёстой элгэн улаан уулсын энгэрт төрж өссөн хүмүүс энд аж төрөн сууна. Бүрэлдсэн цагаасаа эхийн хэвлий дотроос л тэдгээр хүмүүс чулууны халуун хүйтнийг, хатуу зөөлнийг мэдэрч эхэлдэг болов уу гэмээр шидийн бодол төрөх нь энүүхэнд. Хүчит салхи хэдийн сүр бадруулж ороолговч сүрдэм өндөр уулсын хад байц мөргөн номхорч, энгэр бараадаж нутаглах эндхийн иргэдийн зулайг нь зөөлөн илбээд л намжих шиг санагдана. Гэрлийн шон дээгүүр эгнэн суух элээ шувууд иргэншлийн сүүдрээс нэгэнт үргэхээ больжээ. Тэдгээр шувууд л Өлгий хотын аль хашаанд хэн сууж, альхан буланд нь ноход шөнийн харанхуйг өнгөрөөж үүрийн гэгээ угтдаг вэ гэдгийг мэдэх биз.

Хоймортоо ганц өндөр шилэн барилга, зүүхэн тал хавьцаа нь усан оргилуур байрласнаас өөр гоёлгүй том дөрвөлжин чулуун цемент бол Өлгий хотын төв талбай. Хэдэн мянган километрийн цаана орших улсын нийслэлд байх дүр зурагнаас ондооших юм бараг л үгүй. Хүүхдүүд зулайд нь ойрхон тусах нарны илчийг өндөр газрын сэрүүнээс болоод нэг их тоодоггүй болов уу гэмээр хөлсөө гартал гүйлдэж тоглоно. Холоос ирсэн хүмүүс төв талбайд унадаг дугуй л унах боломжтой. Харин казах үндэстний эд зүйлс, ховор нандин хийц бүхий сүлжмэл дээл хувцас, хутга хуй сонирхохыг хүсвэл жижигхэн мухлагууд төв талбайгаас хойш 100 метр явахад л хаа сайгүй тааралдана. Замд гарахын өмнө би тэнд Нүрлүтан гэдэг жаахан охинтой танилцаж хамт зурагаа авахуулсан юм. Тэр надад “Та намайг Казах болохоор хамт зураг авахуулж байгаа юм уу” гэв. Харин би “Бид бүгдээрээ энэ талбай дээр хамтдаа тоглосон болохоор” гэж хариултал мөрөн дээгүүр минь жижигхэн гараараа тэвэрч, инээмсэглэж байгаад гэрэл зургийн дурсамжинд минь үлдсэн билээ.

Өлгий хотын дундуур шавар байшингуудыг нь хөх ногооноор эмжин Ховд гол урсан өнгөрнө. Ховд гол бол төв азийн гадагш урсгалгүй ай савд багтах манай орны хамгийн том гол. Эргээр нь хэд гурван шувууд нисэлдэж, намхан сараал байшингууд ярайн үзэгдэхийг нь машины цонхоор ширтэхүйд чимээ гаргаж хөндөмгүй нам гүм тэнд оршино. Эндхийн иргэд харин энэ л нам гүмийг огтоос анзаарч хараагүй мэт чанга ярилцан алхах нь ахуйдаа ерөөс тохирч өгсөнгүй шигээ. Бид торгон хилийн багана нэгтэй, тороор татсан зурвасныхаа наанаас эхлэх уужим дэлгэр нутаг, уул усныхаа эзэн болсон “нүүдэлчид” гэдэг ганц л нэртэй хүмүүс.

Эх орны минь хамгийн баруун хойд захад орших умардын Өлгий хотоос хөдөлж Увсын цэнхэр хязгаарыг зорих болов. Уулсын сүрийг бахдаж, Ховд голын усны өнгө хэрхэн ногоон туяа тунаруулан урсдаг тухай нэг машинд хамт суусан уран бүтээлчидтэй яриа хөөрөө үүсгэн явавч Нүрлүтан охины “Та намайг Казах болохоор хамт зураг авахуулж байгаа юм уу” хэмээсэн нь сэтгэлээс гарсангүй. Бид хэн нэгнээс өөрсдийгөө л олж хардаг гэж бодогдохын сацуу нүдэнд нулимс цийлэгнэсэн ч хацар даган урсах зам нь хол гэдгийг мэдэж байлаа.

АЛХМЫН ЦААНА АЙЛИЙН НУТАГ

Аялалын дөрөв дэхь өдрийн орой Увс аймгийн Бөхмөрөн сум, “Булгийн эх” застав дээр ирж хоноглов. Хэдийн харанхуй залгиж шөнө болсон учир торгон хилийн багана, энэ хавийн байгалийн үзэсгэлэнт сайхныг өглөө харахаас өөр аргагүй тул хооллож ундлаад амрахаар хэвтэцгээлээ. Маргааш 2019 оны 8 сарын 26 –ны өдөр.

Яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ ахын хамт заставын байрнаас гарч баруун хойд дор байх Булгийн эхийг чиглэн алхлаа. Үнэндээ бол надад эргээ балбан урсах том гол шиг л санагдсан. Харин уулынхан булаг гэнэ. Ундаалж буй усан эрдэнээ тийн хүндэтгэн нэрлэдэг юм уу эсвэл томоохон мөрөн голууд Увсын цэнхэр хязгаараар таширлаж байхад жижиг голуудаа булаг гэдэг ч байж магадгүй. Ямартаа ч өглөө адуугаа хурааж явсан хилчин цэргээс энэ тухай асуугаагүй өнгөрөөчихсөн юм. Харин морийг нь гуйж мордоод жижигхэн гүүрэн дээгүүр гарч голын цаана хүрлээ.

Энэ үед би аавынхаа тухай ихэд бодсон билээ. Тэртээ алсад гээгдэж хоцорсон дурсамж уул ус, тунгалаг горхины чимээтэй хамт бодолд юүлэгдэнэ. Үнэхээр л “хосгүй баян, эгэлгүй тансаг” байгаль юм. Бороон дусал шиг л тунгалаг агаар цээж сэрүүцүүлэхэд дурсамж минь илүү амьд болов. Найман сарын яг энэ өдөр л би сургуульдаа явахгүй гэж эрхлэхдээ аавтайгаа хамт өдөржин адуу мал дээгүүрээ орж, айл хэсэж тарваганы махаар дайлуулж явснаа санадаг. Уруулаа өмөлзүүлж, усан нүдэлсэн хүүгээ аав минь ээжээс илүүтэй эрхлүүлдэг байж дээ. “Намайг дараа нь 8 сарын 31 –нд унаа олоод явуулчихаач, үгүй бол би аавдаа гомдоод хурдан морио сайн унахгүй шүү” гэхэд минь аав “Хоёулаа морио унаж яваад нуугдчихъя” гээд инээмсэглэж билээ. Аав минь гэхдээ хүүтэй байхийн хэцүү, сайхныг адил тэгшхэн хүртсэн биз ээ. Үргэлжид миний өмгөөлөгч байж, бүтээсэн бяцхан зүйлийг минь дэвэргэн магтахдаа жижигхэн шар хүүгээ суутан болгочихдог байв. Хилийн зурвас хэдхэн алхмын цаана харагдах энэ л газрын хад асга бүрээс аавын хайр үзэгдэж, голын мөрний урсгал, зөөлөн салхинд сэрчигнэх өвсөн чимээнээс нь ээжийн дуу сонсогдох шиг болно. Увсын цэнхэр хязгаарын уулс, устай нь хамт аавыгаа дурслаа. Аав минь энэ л монгол орны өндөр хөх уулсын чулуу, өргөн тунгалаг мөрний дусал бүхэнд хувилсан санагдана.

“Булгийн эх” заставын орчим дахь энэ нутаг ОХУ-ын Туватай хил залган оршино. Монгол, Оросын хос баганын архан талаар хилийн зурвас татсан байх бөгөөд алхмын цаана л айлын газар шороо үзэгдэнэ. Сүлдэт хилийн баганадаа мөргөв. Аяндаа цээжний цаанаас нэг тийм хий огшиж дүүрээд уйлчихмаар ч юм шиг болно. Энэ хорвоод ганцаар орших оршихуй гэж байдаггүй. Бүхий л зүйлс хоорондоо хамааралтай. Тэгвэл би бага насандаа ээж, ааваасаа хамааралтай байв. Гэтэл ээж, аав бид бүгдээрээ эх орондоо багтаж, эх орноосоо хамааралтайгаар оршихуйгаа бүтээдэг билээ.

“Далай орон минь дархан хилтэй
Дархан хил минь дайчин харуултай...”

Нэвтрүүлэгч С.Гантөмөр ах сүлдэт баганынхаа дэргэд ийн дуулна. Хамт явсан уран бүтээлчид хоолой нийлүүлэн цааш түрнэ. Цаг хугацаан дундаас өөрөө ч мэдэлгүй үл мэдэгдэх хаалгаар гараад явчихсан мэт анир гүм оргиж байсан тэр л чөлөөнд дуу эгшиглэж байна. Би яг л өглөөний нам гүм ахуйд оршиж асан энэ газарт цаг хугацаанаас ангид байсан тэр мэдрэмжтэйгээ цуг тэдний дуулахыг сонсоно.

Зураач П.Цэгмид ах, Б.Батжин, контемпорари уран бүтээлч Б.Энэрэл нар тэр хавийн байгалийн үзэсгэлэнг зургийн хавтандаа хэдийн буулгаад амжжээ. Хилийн цаана байх Тувагийн сүрлэг уулс ч мөн зурган дээрээс үзэгдэнэ. Зурвас болгож татсан тортой боловч зүрх сэтгэлийн гүнд бөмбөрцөг дэлхий хэмээх бөөрөнхий ээж нэгтэй л учир тэр. Харин торгон хилийн зурвас тасарч, сүлдэт багана ганхахгүй гэдгийг хилчин эрсийн хүнээрээ байгаа чанар, тэсвэр хатуужил, эх орноо гэх сэтгэлийнх нь гүнээс гарсан үг бүрээс мэдэрч зогслоо.

ҮҮРЭГ НУУРЫН ЭРЭГТ ҮҮЦ ЗАДАЛСАН НЬ

Аялалын мань дараагийн зогсоол Увс аймгийн Үүрэг нуур. Увс үнэхээр л холдох тусам, ойртох бүрийд ч цэнхэртэж байдаг уул, усны диваажин. Нуурын эрэг хөвөө нь нэлэнхүйдээ бага зэргийн налуу бөгөөд усанд түрж орсон булан тохой, хошуу хойг байхгүй. Хөвөөнд нь айлуудын гэр хун мэт бөмбийж, хаяагаар нь үхэр мал бэлчин идээшилнэ. Ёстой л нэг “монголын их амар амгалан”. Ийм сайхан газар нутаг элчилгүй уудам Монгол оронд минь олон байхад бид утаа, түгжрэл ярьж, өдөр тутмын асуудлууддаа түүртэж зовсоор юунд хотод чихэлдэн суугаа юм болдоо гэсэн бодол харван орж ирэв. Үүрэг нуурын эргийн орчмоос Түргэний уулсын мөнх цаст орой наранд гялалзан харагдана. Өмнө харагдах их усанд шувууд ганганалдан хөвж ахуй шиг тэр л их оргилын цасыг сүүдрээрээ хайчлан бүргэд элин халих нь төсөөлөгдөнө.

“Уран бүтээлчид улсын хилээр” төслийн баг хамт олон Үүрэг нуурын эрэгт нэгэн айлийн гадна бууж зураг авалтын ажил хийхээр болов. Тэрхэн хоромд ойр орчмын айл саахалтынхан цуглаад амжлаа. Уран бүтээлчид шүлэг найраг уншиж, ая дуугаа өргөн, аялгуут хөгжмөө эгшиглүүлж үүцээ задалсан юм. Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ эгч “Тэнгэр ээж минь өршөө” дуугаараа нутгийн олонд ая барьж, салхилах нь хүртэл нуурын долгио хөндөж эгшиг үүсгэдэг энэ нутгийн өвс чулуу бүхэнд дуу хоолой нь шингэж үлдэх шиг санагдлаа.

Анх энэ аялалын сураг дуулгаж зөвшөөрөл асуусан охинд “Хэд хоног бодоё” хэмээн хариулсан билээ. Би анхнаасаа л дассан газраасаа хол нөхцөлд олон хонохыг тэвчиж чаддаггүй хүүхэд байсан. Харин энэ төсөл зөвхөн аялал биш гэдгийг ойлгосны хойно “зөвшөөрч байна” гэж хэлээд хамт яваа уран бүтээлчидтэй нэгдсэн юм. Энд ирсний хойно татгалзчихсан бол байгалийн гэрэл зурагчдын дурангаас хааяахан үзээд л өнгөрдөг Үүрэг нуурын өнө мөнхийн гоо сайхныг тольдож чадахгүй өнгөрөх байж хэмээн бодов. Жаргах наран уулын орой руу ойртох бүрийд нуурын эрэгт анир чимээгүй аажимхан сэрнэ. Тийм ээ, өнө мөнхийн сайхан нь цогцолсон эх орны минь хязгаар бүхэн цаг хугацаанаас ангид орших мэт анир чимээгүйн гоо үзэсгэлэн мөн билээ.

 

 

ХООСНООС ДҮҮРЭН ХҮРТЭЛ

Цуврал 2.

ДҮҮРЭН

Уудам. Энэ үг монголын их хээр талд л зохино. Хоёр жилийн өмнө нэг Польш залуу надтай уулзах даа “Энэ сайхан газар нутгийг хараач! Сайхан юм, даанч хоосон оргиод байна. Манайхан бол шуудхан байшин бариад дүүргэчих байсан” гэж билээ. Тийм ээ, элчилгүй уудам тал, өргөн их говийн дунд зогсоход хоосноос өөр юу ч үгүй, ялангуяа иргэншлийн энэ зуунд. Гэвч тэр хоосон зай юугаар дүүрэн байдаг вэ гэдгийг нүүдэлчид хамгийн сайн мэднэ. Анхандаа юу ч үгүй мэт мэдрэгдэх хоосон ахуй, цаг хугацаа ч урсдаггүй гэмээр санагдана. Гэвч тэнд амар амгалан амьдрал бий. Нэгээс нөгөөд шилжих нүүдэлчин түмний эрх чөлөөгөөр дүүрэн халуун дулаан сэтгэл ч буй.

Хоосон цэнхэр дэлхий юугаар дүүрэн байсныг бид мэднэ. Хараад ханашгүй ой модод, уул нурууд, ус мөрөн, далай тэнгис, ургамал амьтад гээд юу эсийг нэрлэж барахав. Гэвч эх орны минь нэгээхэн хэсэг Увсын цэнхэр уулс дунд нэгээс нөгөө оргил өөд холбогдсон шилэн гүүр байхгүй. Өндрөөс үсэрч эр зоригоо гайхуулах, айдсаа даван туулахыг мөрөөдөгсдөд зориулагдсан өндөр цамхаг, агаараар явагч үгүй. Тэнд хад асганы нурах чимээ нь нам гүмийг хааяахан эгшиглүүлэх янгирын сүрэг, өндрийн салхи залгилан жигүүрлэх бүргэд шувууны эрх чөлөө бий. Хүний хөл хүрээгүй мэт амгалан налайх эх байгалийн сүр жавхлан, онгон дагшин дүр төрхөө хадгалсан анир чимээгүй оршихуй дүнхийнэ.

Тэр хязгаарын газар бүхнийг сөөмлөн хурдалсаар Увс аймгийн Улаан даваан дээр үдшийн бүрий тасарч байхад гарч ирлээ. “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн багийн дараагийн буудаллах газар нь Улаангом хот юм. Алдарт Улаан даваанаас уруудахдаа машин тус бүр нэг километрийн зайтай бууцгаав. Борооны ус замын хажуугаар голдирол үүсгэн урссан нь булаг болон урсчээ. Ягаан өнгийн дээлтэй нэгэн эр үзмэн ягаан зүсмийн морио усалж зогсоно. Цаана нь адуун сүрэг ус уучихаад даваа уруудна. “Энэ сайхан агшин л гэрэл зургийн хальсанд буух хэрэгтэй юмсан” хэмээн халаглаж явтал цаашлаад хонь, үхрээ туусан хүүхэд хөгшид ч үзэгдэв. Гэр ачаалласан үхэр тэргийг нэгэн морьтой эр хөтлөн урагшилна. Хонины ард 4 настай болов уу гэмээр жаахан хүү үстэй лоовууз өмсчихсөн явна. Хүүгийн хоёр гар нь жолоогоо чангаас чанга атгачихсан бидэн рүү их л сониуч нүдээр ширтэх нь үзэгдээд өнгөрөв. Нүүдэл ажээ. Элчилгүй уудам нутгийн минь аль нэг хязгаарт ийнхүү нүүдлийн заншил одоо амьд хэвээр, орхигдож мартагдаагүйг харахаас өөр зол завшаан үгүй.

ГАНЦХАН

Улаамгом дахь хилийн цэргийн 0245 дугаар ангид 8 дугаар сарын 27 –ны шөнө ирж буудалласны хойно 28-ны өдөр Увс аймгийн Давст сумыг зорин хөдлөв. Аймгийн төвөөс 137 км зайтай энэ газар хойгуураа ОХУ-ын Туватай Хандгайтын боомтоор хил залгаа оршдог. Одоогийн Давст сумын голлох хүн ам нь Дөрвөд ястан байдаг. Дөрвөн Ойрадын нэг Дөрвөд ястан бөгөөд Дува Сохорын дөрвөн хүү Добу мэргэнээс салж энэ үндэстэн бүрэлдсэн тухай “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Хуучны цагаан барилгуудын өнгө нь гандсан ч хүн зоных нь инээмсэглэл, монгол хүний цайлган зан, ичимхий бүрэг байдал энэ сумын хүмүүсээс анзаарагдана. Тэд хотын соёлд тэмүүлж хязгаар нутгаа эзэнгүйдүүлсэнгүй. Сумын соёлын төвийн харуул Эрдэнэжаргал ахаас энэ тухай асуухад “Манайх хилийн сум. Хил гэдэг бол эх орон. Бид хилийн цаана биш эх орондоо байна. Унаж өссөн нутгаа орхих хүсэл надад лав алга, бусдыг нь мэдэхгүй юм даа” гэж хариулсан билээ.

Давст сум бол БНМАУ-ын баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын төрсөн нутаг. Музей нь яг л эх орны хүүгийнхээ үүх түүхээр бүтсэн шиг санагдана. Буцаж олдохгүй амьдралыг эх орондоо зориулсан хүнийг түүх мартдаггүй ч хамгийн сайхан нь ард түмэн цаг ямагт дурсдаг аж. Тиймдээ ч тэр хүн ард түмнийхээ дунд, анхлан унасан газар шороондоо амьд хэвээр оршино.

Бид Давст сумын төвөөс хөдөлж найман км орших Давс нуурыг зорьсон юм. Алсад цэнхэртэх уулсыг зорин тэмүүлсээр газар орны байдал нь говийн тогтоцтой ижил нэгэн газар ирлээ. Хатуурхаг элс бүхий өндөр толгодын дун дахь хэцүү бэрх замаар гарч ирэхэд нэгэн цөөрөм угтана. Цөөрмийн баруун талын тэгш газарт давс олборлогчдын гэр, машин техник байрлана. Энэхүү газар нь жамц давс ихтэй бөгөөд далайн уснаас 5 дахин шорвог гэнэ. Мөнхүү жамц давсны нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог монгол орон дахь цорын ганц нуур юм. Эндхийн хуучин инженер өвгөний өгүүлснээр бол 290 метр гүн өрөмдөхөд давсны судал бий бөгөөд нийт ордны дал наян хувь нь Монголын нутаг дэвсгэр дээр бий гэнэ.

Нуурын энгэрт ирэхэд цаад талынх нь хүрэн улаан толгод уул мэт өндөр үзэгдэж нар жаргах агшинд нуурын толионд уулсын дүр тодхон тусна. Яг л дээд, доод ертөнцийн зааг дээр хөлөө тавьчихсан мэт. Говь нутаг яагаад ч юм бидэнд бурхны дагшин газар шиг санагддаг мэдрэмж эх орны баруун хязгаарын энэ нэгээхэн чөлөөнд ч сэтгэлийн дотор тэмтрэгдсээр байв.

ЦЭНХЭР

2019.08.28 ... Энэ өдөр бид Увс аймгийн зүүн хойд хэсэг, Их нууруудын хотгорын хойд захад орших Монгол орны хамгийн том нь болох Увс нуурын эрэгт буув. Хүмүүс “Увсын цэнхэр хязгаар” гэж ярьдаг нь үнэн аж. Уул нь, ус нь ч тэр холдох тусам, ойртох бүрийд ч цэнхэртэн үзэгдэнэ. Өтгөн суунаг манан татчихсан юм шиг дуниартсан цэнхэр агаар тэнгэр газрыг холбох дайдад Увс нуур ч мөн Тагнын гурван их нуруу, Ханхөхий, Хархираа, Түргэний уулсын дундах уужим цэлгэр дэвсгэр дээр номин цэнхэр өнгөөр мэлтэлзэн байна. Аялалын 7 дахь өдөр Увсын эрэгт хөл тавиад хэн хүнгүй дөнгөж саяхан гэрээсээ гарсан мэт сэтгэл өөдрөг, огтхон ч алжаагаагүйюм шиг усанд хөлөө дүрэн сууцгааж, нууранд шумбан сэрүүцнэ. Басхүү төслийнхөө гол зорилго юу вэ гэдгийг хүн бүр мэдэж байсан учир уран бүтээлээ туурвих, зурагтын баг хамт олон уран бүтээлчдээс яриа авах гээд дор бүрнээ завгүй.

Анх аялалд гарах бэлтгэл хийж суухдаа ээжийн урлаж өгсөн хар торгон дээлийг би олон монгол хувцас дундаасаа сонгосон юм. Яг л энэ зах хязгаар нь үл харагдах тэнгэр газрын холбоос дунд гэнэт дээлээ гаргаж өмсмөөр болов. Шувууд л цэнхэр өнгөнд цагаан толбо нэмэхээс бус Увс нуур өөд харахад мяралзах долгионы хөдөлгөөнөөс өөр амьтай зүйл үгүй санагдана. Тэр их цэнхэрт цахлай шувуунаас өөр дахиад ганц өнгө нэмчихвэл ч... Ийнхүү бодолдоо лавтай үнэмшин дээлээ гаргаж өмсөхөөр болтол бүсээ мартчихсан байв. Уран барималч Батсүрэн ахын бүсийг нь манай төслийн удирдагч авчихаж. Тэрээр бичлэгийн ажилтай тул арга байсангүй. “Эр хүн дээлээ нөмгөн өмсдөггүй” гэдэг. Учрыг нь хэн бүхэн мэднэ. Гэвч энэ удаад өөр аргагүй тул яаж ийгээд л зурагаа авахуулсан юм. Цахлай шувууд нисэлдсэн нуурын эргийн наахна цааш харан алхаж явахдаа суурин газрын чимээ шуугианд үл дассан Увс нутгийн иргэдийн мэдэрдэг анир чимээгүйн жаргалыг хангалттай амссан билээ.

Эндхийн хамгийн бишрэм үзэсгэлэн нар жаргахын алдад тодордог. Орчныг харанхуйд залгиулахаас өмнө наран уулсын цаагуур шургахдаа түмэн өнгийн гэрэл цацраана. Харин нуурын ус өнөөх амар амгаландаа улам бүр гүн шунгана. Зарим хэсэгээр нуурын захаас шурган орсон хошуун дээр зогсоход яг л усан дотор амьсгалж буй шиг мэдрэгдэнэ. Эрэг дээр зогссон хүний дүрс түмэн янзын өнгөөр ахуйг чимсэн нарны сүүлчийн туяатай хамт нуурын усанд тусах нь Хойд туйлийн гэрлээс ч илүү үзэсгэлэн төгөлдөрөөр дотор амилна.

Хэнтий Ханы уудам их тал нутгийн чинадад өсөж бойжсон хүү надад хөдөө нутаг ямагт л үлгэр домогт өгүүлэгдсэн тэр л шидийн мэт газраар сэтгэгддэг. Харин өнөөдөр харсан мэдэрсний минь дэргэд урьдын бодлууд юу ч биш санагдана.

НҮҮДЭЛ

Мэдээж нүүдэл бол зөвхөн монголчууд бус хүн төрөлхтний ч түүхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн. Үржил шимт газар хайсаар нүүдлийн уламжлалаас суурьшмал ахуйд төвхнөх, нэг хувьсгалаас нөгөөд шилжих зэрэг олон нүүдэл үргэлжилсэн. Бүр шууд утгаар нь авч үзсэн ч гэсэн 19 мянган жилийн тэртээгээс л Мөстлөгийн эринд хүн төрөлхтөн Азиас Америк тийш замнасан их нүүдлийн түүх бий. Мөн Баруун Монголоос Ижил мөрөн, Каспийн тэнгис хүрсэн Торгууд, Халимагуудын зүдэрч барсан нүүдэл, Орхоны хөндийгөөс Анатолийн хойг хүрсэн Туркууд нүүдлээс гадна Египетээс гарсан Еврей нарын ундуй, сундуй нүүдэл одоо ч үргэлжилсээр байгаа.

Улаангомоос гарч Дөрөө нуурын заставыг зорих замд бидний аялагчид нүүдэл хийж буй малчидтай хоёр дахь удаагаа учирлаа. Гэрэл зурагчид жолооч нарт машинаа яаралтай зогсоох тушаалыг буулгаж, дурангаа үүрэн тэмээн жингийн цувааг угтан гүйлээ. Тэд амжиж сайхан зураг буулгахыг хичээж байх зуур нэгэн ахимаг насны эгч тос нь гэрэлтсэн хурууд барисаар гэрэл зурагчдыг маань инээмсэглэн угтаж харагдана. Түүнд зургийг нь авч буй нь огт хамаагүй бөгөөд өөрсдөө нүүдэллэж яваа хэдий ч замд таарсан холын аялагчдад нутгийн идээгээ амсуулахад хэзээд бэлэн авч явдаг байна.

Чимэг хэмээх жаахан охинтой танилцаж, дүүгийнх нь морийг гуйж унаад нүүдэл даган хэсэг алхууллаа. Чимэг энэ онд арван жилээ төгсөх бөгөөд ЭЕШ-д хэрхэн бэлдэх, мэргэжилээ хүртэл сонгочихсон гэнэ. Харин тэр хотын хөгжил, хүмүүсийн харилцаа, машины түгжрэл, утаа униарыг хангалттай сонссон, зурагтын мэдээгээр үргэлж хардаг учир иргэншлийн цуваанд хурдан хөл нийлүүлж алхахыг тэгтлээ их хүсэхгүй, яарахгүй байгаа гэнэ. Хүүхэд бүр л хотын  гоё сайхныг биширч, үлгэрийн мэт шидэт байшингууд үзэхийг мөрөөддөг байлаа. Одоо бол тийм биш. Учир нь хаана хамгийн их асуудалтай нүүр туулж болохыг Чимэг охиноос авахуулаад мэддэг болжээ. Мэдээж асуудал тэдэнд хүнд хүчир, давж гарахгүй бэрх шалгуур шиг санагддаггүй гэнэ. Гол учир юу вэ гэвэл өөрсдийнх нь орон зайд байх ёстой асуудал нь хотын соёл, хүмүүсийн бөөгнөрөл биш гэдгийг Чимэг охин хэлж байв. “Тэртээ тэргүй суурин иргэншилд дасахаас хойш, энэ сайхан нутаг, ээж ааваасаа холдмооргүй байдаг. Намайг хотод оччихвол аав, ээж минь хоёр жилд бараг ганц л эргэж очих биз” хэмээснээ “Таныг машины чинь хүмүүс даллаад байна” гэж билээ. Би ч түүнд “Баярлалаа, баяртай” гэж хэлчихээд мориноос буун машин өөд гүйв.

Хэзээ ч би хөдөөний хүүхдүүдээс ийм үгс сонсч байсангүй. Тэд ихэвчлэн хот орохыг мөрөөдсөн, мөрөөдсөн хот нь тийм ч гоё ганган, сайн сайхнаар дүүрэн, гял цал өрөөнд зурагт үзээд амар тайван хэвтэж болдог гэдгийг мэдээгүй хүмүүс байдаг. Харин Чимэг энэ бүхнийг хэдийн үзэж туулаагүй ч гэсэн зүрх сэтгэлд нь иргэншлийн толбо суучихсан шиг мэдрэгдэнэ. Хөгжил уг нь мөрөөдөл биш гэдгийг суурьшмал ахуйд бөөгнөрөх тусам хүн төрөлхтөн мэдэрсээр л байна. Харин цэлгэр уудал тал нутгийнхаа, хил орчмоор тэмээн жин хөтөлж, нүүдэл даган өссөн Чимэг охины ухаарал хамгийн зөв санагдана. Учир нь тэр хот руу чиглэсэн их нүүдлийн цуваанд бусдын адил нэгэнт нэгдчихвэл эргээд харих зам нь холын хол байх болно.

ЖАРГАЛТАЙ ЗАМЫН БАЯРТАЙ ТҮҮХҮҮД

Цуврал 3.

ДУЛААН ҮГС

Бид цаашлан Увс нуураас үргэлжилсэн алтан элсний зах руу орж ирэв. Зам даган үргэлжлэх тэр их элсний хагасыг нь туулан бид замаа хөөнө. Гэвч цаг хараахан болоогүй. Бид шөнөдөө Дөрөө нуурын застав дээр ирж хоноглосон бөгөөд өглөөтэй уралдан босч Алтан элсний байгалийн сайхан, Дөрөө нуурын эрэгт зураг авалтаа үргэлжлүүлж, уран бүтээлээ туурвихаар хөдөлцгөөв.

Дөрөө нуурын эргээр зэгс, нарийн ширхэгтэй өндөр өвс ихээр ургасан байх бөгөөд шавар намаг элбэг тул байрлах газар хайж нэлээд хэдэн километр хороов. Эцэст нь нуурын зах руу элсэн нуруудын дундуур цутган орсон булаг шанд, модод илхэн харагддаг, нөгөө талаас Дөрөө нуур ч бүхэлдээ үзэгдэхүйц толгодын орой дээр гарч зогслоо. Дөрөө нуур нь мөн Бөөрөг дэлийн Алтан элсний зүүн жигүүрт байрлана. Нуурын хойд захаар нь монгол гэр цавцайн үзэгдэх нь Тува айлуудынх ажээ. Олон зуун жилийн өмнөх хагарал бутралын их үймээн, салан тусгаарлах нүүдлийн цуваанд ч эх орноосоо холдолгүй ойр үлдсэн шиг дотно мэдрэгдэнэ. Дөрөө нуурын 80 хувь нь оросын нутагт байрлах бөгөөд ердөө  20 орчим нь монголын нутаг дэвсгэрт бий. Гэвч элсэн манхдаас цутгах булаг шандны урсгал, говийн их Баянбүрдэд ургах олон төрлийн жимс ногоо манайд бий шүү хэмээн хилчид бахархан ярина.

Мөн энэ өдөр бид Увс аймгийн Баруун-Туруун сумыг зорих замд Нарийны голын рашаанаар ундаалж, их элсэн манхадын дундуур урагшилсан билээ. Нарийны голын энэхүү ай сав нь төрийн тусгай хамгаалалтанд байдаг бөгөөд нутгийн иргэд, соргог хилчдээр зам заалгахгүй бол олж очиход туйлийн бэрхтэй газар. Наранд дуниартсан говийн манхан дундуур сүлжин явсаар нэгэн их харгана бут олноор бөөгнөрсөн газарын дээр зогсов. Машинаас буун доош харахул зүсэн зүйлийн өвс ногоо, модод ургасан цэлгэр уужим голын хөндий тодроно. Доош буугаад очиход яг л сэнс тавьчихсан мэт сэрүүн агаар үлээж аагим халууныг мартагнуулах бөгөөд голын ус нь шүд ташим хүйтэн. “Урсгалын зөөлөн, усны тунгалаг гэж үүнийг л хэлмээр юм даа” хэмээх дэргэд цуг зогсож байсан яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ ах хэлэв. Тийм ээ, зөөлөн... Тэр зөөлөн урсгалаас бүүвэйн дуу шиг эгшиг сонстоно.

Бүрий нөмөрчээ. Дахин дээш өгсөж гараад машиндаа сууцгаав. Замын туршид үргэлжлэх Алтан элсний уртыг, Нарийны голын дагшин дүрийг ам уралдуулан ярьсаар явна. Нэг л машин элсэнд сууж гэмээнэ бүх эрчүүд нь хүч хавсран түрж, эмэгтэйчүүд нь уухайлан дэмжээд гаргачихна. Голоос авсан усаа ууж дууссан ч, хэцүү бэрх замын уртад хөл гар чилж, ам ангасан ч гэлээ хэн нэгэн хүн бэрхшээл тоочсонгүй. Учир нь эх орныхоо цэлгэр уудамд хараа бэлчээнэ гэдэг, тэнгэр газар холбогдсон тэр их  хоосон орон зай юугаар дүүрэн байдаг вэ гэдгийг таних нь хамгийн чухал буюу бидний зорилго зөвхөн энэ л байсан шиг сэтгэгдэнэ.

Чимэг охины хэлсэн үгс шиг дассан газраас холдох зам урт санагддаг ч гэлээ эргэж харих харгуй нь өнөөдрийн нийгэмд бүр ч хол байж мэднэ. Энэ үгс түлэх мэт хатуу үнэн байж болох ч элс шиг дулаахан төөнөнө. Хилийн орчимд нутагласан айл өрхийн эзэд иймэрхүү утгатай үгсийг цаг тутамд өгүүлж байв. Үлдсэн насаа элээх боломжгүй болсон ч өнө мөнхөд төрсөн нутаг ус, гэр орон нь хүүгээ даллан дуудсаар байдаг. Холын хол руу алсран одсон ч хойно нь үлдэх гэртээ эргэж очно гэх итгэл зүрх сэтгэл дүүргэн оршдог нь сайхан.

ЗАЙРМАГНЫ ТҮҮХ

Увс аймгийн Баруун-Туруун сум. Энд 2019 оны 9 сарын 1-ний өдөртэй золгов. Жилийн энэ өдрүүдэд эгэл даруухан суурингийн замаар эгчтэй хамт сургуулийн зүг алхдаг байв. Би арван жилд байхаас л зуны амьралт шувтрах бүрийд хичээлдээ очихсон гэж улам их яардаг байлаа. Харин одоо ч гэсэн эх орны минь хилийн шугам эмжин суурьшсан эгэл даруухан суурингийн замаар алхаж явна. Суманд ганц л сургууль байдаг. Сурагчийн дүрэмт хувцас өмссөн жаалуудын гэр лүүгээ харих зам өөр ч зорин очих газар нь нэг л билээ. Тиймээс ч сургууль аль зүгт вэ гэдгийг уртаашаа сунан тогтсон энэ том сумаар бядан тэнэлгүй амархан олчихно.

Зуны уйтгартай, халуун өдрүүдийн сүүлчээр холын замд гарсан минь ёстой л нэг шөнийн гүнээс олз шүүрсэн мэт байв. Хааяа энэ л дүйнгэ өдрүүдийг хачин нам гүм байдлаар өнгөрөөж, цаг хугацаа ч урсахгүй байх шиг санагдахуйд шуудхан л өвлийн өдрүүдийн тухай гүн бодолд автдаг байлаа. Халуунд сүүдэр бараадан суухдаа ч хөлдүү зайрмаг идэхсэн гэж хүсэхээ нэгэнт больжээ. Харин өвлийн тэр л жавартай өдрүүдэд хаа нэг зайрмаг “долоохсон” гэж адгадаг нь сонин юм шүү.

Гэрэл зурагчин Н.Батсүх ахын хамт намайг худалдан авалт хийхээр дэлгүүрт зогсож байтал нэг сурагч охин орж ирүүт цовоо гэгчийн дуугаар “Энэ зайрмаг хэд вэ?” гэж асуув. Тэгснээ урамгүйхэн буцаад алхчихлаа. Би өнөөх зайрмагийг аваад охины араас гарав. Холгүйхэн алхаж явна, гэхдээ толгой гудайлгаад, хоёр гараа унжуулчихаагүй, цовоо сэргэлэн хэвээрээ. Гүйцэж очоод “Сайн уу, чиний авах гэсэн зайрмаг мөн үү?” гэв. Дуртай нь аргагүй авснаа “Баярлалаа, харин мөнгө жаахан дутчихсан юм” гэлээ. “Өөр хямдхан зайрмаг байсан шүү дээ” хэмээтэл “Би үүнийг л өнөөдөр идэхийг хүссэн”. Тэр ингэж хэлээд надаас нэрийг маань асууж, хүсэл зорилого, ажил мэргэжлийг минь хүртэл сонирхов. Эндхийн хүмүүс бүгд л нэгнээ танина. Харин намайг өмнө нь харж байгаагүй учраас тэр гэнэ.

Өөрийгөө Долгорсүрэн гэж танилцуулсан тэр охин одоо долоодугаар ангид сурдаг. Том болоод хөгжимчин болох мөрөөдөлтэй. Төгөлдөр хуур түүнд гойд сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд аливаа томоохон тайзан дээр гарахаас илүү гэртээ ганцаараа тоглож суух нь юу юунаас илүү таалагддаг гэнэ. Харин тэр үед аав, ээж хоёр нь сонсоод зогсож байх ёстой, “Эхний бөгөөд надтай үргэлж хамт байх үзэгчид минь энэ хоёр хүн” гэлээ. Уулзалтын төгсгөлд Долгорсүрэн охин надад гартаа үрчийтэл атгаж явсан хэдэн бутархай мөнгөө сарвайгаад “Авахгүй бол гомдоношүү”  гэсэн юм.

ЦӨХРӨЛӨӨС АНГИД ГАЗАРТ

Увс аймагт санаандгүй байдлаар учирсан хамгийн сүүлчийн хүн нь Долгорсүрэн охин байв. Харин маргааш өдөр нь бид Завхан аймгийн Тэс суман дахь Хилийн цэргийн 0227 дугаар ангид ирэв. Нэг л юм байна. “Замын хүн саатмаар Завхан” нутаг гэж ярьдаг нь “үнэн” аж. Хадан өндөр уулс, хормойг нь эмжээрлэн урсах гол мөрөн, цэцэгтэй ханзан хээгээр гоёсон хөндий тал, үүлэнд шүргэн тэмүүлсэн гацуур моддын сайхнийг энд үзнэ.

Зарим талаараа ОХУ-ын Тувагийн улстай хил залган оршдог Тэс сумын нутагт, хуучин тууриар зочилж, Тэс голын эрэгт бэсрэг наадам зохион байгуулж, орой нь нутгийн иргэдтэй уулзалт хийв.

Тэс сум нь Баяннамсрай, Баянбэрх, Баян-Уул, Баяндооно гэсэн дөрвөн “баян” уулсын дунд цайран үзэгдэнэ. “Тод магнай” киног үзэх бүрт Тэсийн голын алдарт хурдан хүлгийн тухай гардаг байсныг санав. Их усныхаа зөөлөн дуунд нь бүүвэйлэгдэх шиг адуун сүрэг нэгнээ дэрлэн зүүрмэглэжээ. Увс нутгийн уулс дуниартсан цэнхэр агаар дунд хөхрөн үзэгддэг бол Завхан нутгийн уулс элгэн улаан өнгөтэй. Хэдийн тийм ч гэлээ өвлийн цагт хүйтний эрч эрт амтагдах энэ газарт уулс цасан малгай духдуулан хөхөрч үзэгддэг болохоор Хотгойдын цэнхэр Тэс хэмээн нэрлэх нь бий. Нарны цацрагт өдөржин хүлхэгдсэн Тэсийн голын хоёр захаар өндөр гацуур ургаж, амтат чацаргана сагсайн ургасан бяцхан бутнууд дээш цоролзоно. Энд намар маш олон өнгөөр айлчилдаг. Мэдээж ой модод намарт л жинхэнэ өнгө төрхөө олж чаддаг шүү дээ. Тэгвэл бидний мэддэг тэр өнгөнүүдээс олон гэсэн үг. Тэс гол ч мөн өглөөдөө гүн цэнхэрээр мяралзан урсч, өдөр нь цайвар тунгалаг усанд хувирч, оройн наран жаргахын алдад түмэн янзаар солонгорч дараа нь хар хөх өнгөнд хувирна. Гагцхүү эгшиг долгио нь үл тасрах билээ.

Завханы Тэс суманд өнгөрүүлсэн энэ өдрийн он сарыг, басхүү аялалын маань хэд дэх өдөр болохыг би огт дурдахгүй байхаар шийдсэн юм. Зарим нэг талаар энд цаг хугацааны тухай ярих шаардлага үгүй. Эндхийн хүмүүс  өглөө ажилдаа явна, орой нь харина. Заримдаа нэг дэлгүүр орно, хөдөө суудаг аав дээрээ очно. Хэн ч энд хэн нэгэнд гомдож туниад гол руу ганцаараа гүйдэггүй. Цөхөрсөн сэтгэлийнхээ шаналанг гутрал болгож дэврээдэггүй. Тэдэнд цагийн тооноос илүүтэйгээр нутгийн өндөр гацуур шигээ өөдрөг сэтгэл, Тэс голынхоо ай савыг иргэншлийн суманд өртүүлэлгүй сайхнаар нь авч үлдэх чин хүсэл л бий.

Хэдий хөл цуцсан ч алхаад л байдаг, хэчнээн нүд бүрэлзэвч хараачилсаар зогсдог эх орныхоо хязгаар нутгаар аялахад эхэнд хэлсэн шиг өнө мөнхийн гоо үзэсгэлэнтэй дахин дахин тааралдана. Мөнхүү элчилгүй их талын дунд оршин буй заставын цагаан байшингуудыг хол нутгийн танихгүй хүн харвал орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадалгүй “хөгжлийн унаанд суух гэж гараад өргөөд хоцорсон” хөдөөний буйдхан суурин гэж эндүүрч магад. Гэвч энд юм бүхэн бий. Дээр нь өнөөгийн иргэдийн мөрөөддөг амар амгалан аж төрөхүй байгаа. Хүмүүс үүнийг ойлгох тусам хөдөө талыг мөрөөдөж эцсийн “цэг” дээрээ эргээд буухыг хүснэ. Нүүдэлчин түмэн ийн нүүсээр л... Алсыг зорих бус нэг тойрогтоо эргэлдэж, анхлан буусан цэг дээрээ ахиад хүрнэ. Тэнд нь ямагт гэрэлтэй ирээдүй тосно гэдэгт үл эргэлзнэм.

 

Түр хүлээнэ үү...
Top