УМАРДЫН ЦАСЫГ САНАГАЛЗАХУЙ
|“Өртөөн дээр хэлэгддэг үгс” номын тухайд|
I.
Өрөөгөө олж хэсэгхэн хугацааны дараа тухалж аваад би шуудхан чихэвчээ зүүсэн юм. Дуртай сэтгүүлчийнхээ нийтлэлээс уншиж байсан өнөөх “Араб алчууртай хүү” дууг эгшиглүүлж явлаа. Зам нийлсэн хүмүүс маань бүгд л өөр өөрсдийн өрөөнд олуулаа бужигнаж явахад би ганцаараа сондгойрчихсон байв. Манай купенд хижээл насны эгч хоёр зээ охинтойгоо зорчиж явлаа. Хоёр охин нь эмээгээсээ үргэлж л элдвийн зүйл шалгаах тул өнөөх эгч надтай үг солих тун завгүй. Энэ нь ч таатай санагдав.
Өнөөх “Араб алчууртай хүү”-ийн араас Of Monsters and Men хамтлагийн дуунууд эгшиглэнэ. Автобус юм уу галт тэрэгний алинд ч урт зам туулан явахад энэ л хамтлагийн дуунууд хань болоод байх шиг... Хамгийн түрүүнд уншихаар зэхсэн “Испани өгүүллэг, тууж” номыг нээж нэлээдгүй гүйлгэж байтал “Зөвхөн сайн юм уншина гэдгийг чинь мэдэж байна. Роман ч байсан хамаагүй, унш. Бодит түүх гэлцдэг юм үнэндээ романаас дээрдэхгүй. Хүмүүсийн хов жив, цуу яриагаар тархиа дүүргэж байснаас ном уншсан нь хавьгүй дээр. Гэвч чамд баяр хөөр, намуухан таатай тайвшрал бэлэглэх номууд уншаарай...” гэсэн өгүүлбэр тааралдав. Яг л аялалд гар, хол замыг туул, хүмүүсийн дунд ганцаардаж сууснаас тэр нь хавьгүй дээр. Чамд баяр хөөр, намуухан таатай тайвшралыг бэлэглэх болно гэсэн үгс л ар араасаа хөвөрч байх шиг мэдрэмж төрнө.
Ардчилалын хараацайнуудын нэг болох “Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар “Хэдий хол явна төдий чинээ” сайн бичнэ хэмээсэн байдаг. Алс замд гарах бүрийд энэ үгийг тэмдэглэлийн дэвтэр хамгийн түрүүнд бийрлэх бөгөөд цаашид тосох олон олон учралын дохионд сэтгэл өөрийн эрхгүй догдолчихсон байх нь бий.
Энэ бүхнийг өгүүлсний учир нь хэдхэн хоногийн өмнө хуудас бүрийг нь гамнан, нэг шүлгийг нь хоёр гурван удаа давтан байж харсан, яруу найрагч, орчуулагч Мө.Батбаярын “Өртөөн дээр хэллэгддэг үгс" шүлгийн түүврийг уншсантай холбоотой юм.
Учир нь шүлгийн номын сүүлчийн хуудсыг эргүүлж дууссаны хойно галт тэрэгний өртөөн дээрээс юм бүхэн үүдсэн шиг санагдав. Галт тэрэг зорчиход төвөгтэй эсвэл бүр залхуутай ч гэмээр унаа шиг санагддаг. Гэсэн атал цаана нь нэг тийм тайвшрал үргэлж агуулагдаж байдаг учраас л өөрийн эрхгүй нисэх онгоцонд бус гал тэргэнд ороод суучихсан байх нь бий. Дассан газраас нь шуудхан л аваад одчихдоггүй, алгуурхнаар урагшлах төмөр замын чимээ хэдийн танил дотно.
II.
Хэдэн мөр тавьчихаад түүнийгээ дараа нь ихэд нямбайлан зассан өврийн дэвтрийг нь анх үзэж билээ. Энд тэндгүй баллаж цоохорлосон тэр дэвтрийн энд тэнд нь бас бус үгс өрөөстэй байх ажгуу. Анх Мө.Батбаярын шүлэг бичдэг дэвтрийг нь хальтхан харсан минь ердөө л энэ. Ерөөс уран бүтээл гэдэг бидний ерөнхий ойлголтоос тэс өөр. Орь ганцаар ширээ тохойлдон ганихарч суухдаа сараачсан хэдэн өгүүлбэр, мөрүүд үнэндээ уран тансаг яруу найраг, эсвэл зохиол болж чадахгүй гэдгийг уншиж эргэцүүлэх тусам ухаарна. Яруу найрагч, зохиолч Г.Аюурзаны шүлгүүдийг “Боловсорлын түвшний яруу найраг” гэж шүүмжлэх нь бий. Харамсалтай нь хэн ч энэ талаар ул суурьтайхан шүүмж бичээгүй юм. Түүний шүлгүүд өөрийн гэсэн үзэл санаа, ямар ч дэл сул үггүй, утгын гажилтгүй байдаг. Нэмээд асар өндөр мэдрэмж, яруу найргийн эрхэмлэг чанарыг агуулдаг. Тиймээс л ямар ч урлагт “боловсрол” нэн чухал болох нь илт, яруу найрагт хүртэл шүү. Гэхдээ энд чухам тэр талаар өгүүлэх гээгүй боловч цухасхан дурдсан учрыг хойно өгүүлнэ.
“Өртөөн дээр хэллэгддэг үгс” шүлгийн түүвэр нь яруу найрагчийн Хятад оронд номын дуу сонсож суухдаа бичсэн шүлгүүд юм. Дорнын тэр нутаг Монголын баруун хойд талд орших орон гэр, нутаг ус нь мэдээж л умард зүгт байж таарна.
“Он цагийн хуучин төмөр хонхны хэл бээрч
Онгуу нэлгэр Түмэдийн талд цас хаялж байна.
Олон зууны өмнө наашаа цацарсан оддын хуучин цагаан гэрэл
Орчлонгийн чулуу бүхэн дээр амарч хоноод эртлэн буцаад мордож байна.” |“Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “Цагийн шүлэг” 15-р тал|
Эхний мөрүүдийг уншихын төдийд л Түмэдийн талд зүгээр нэг цас хаялсан бус цаг хугацааны хөсөг дайраад өнгөрсөн мэт санагдана. Хонх өөрөө бус хэл нь бээрчихсэн учраас дуу гарахгүй. Цаг хугацаа хуучин бүхнийг хэдийн хөлдөөчихсөн мэт мэдрэмжийг ээрэм талын жихүүн өвлийн өнгөтэй зүйрлэх нь мэдээж. “Төмөр хонх ч тэр, оддын гэрэл ч тэр” хуучин ажээ. Элж дуусгамгүй цаг хугацааны гүнд бид аж төрсөөр л суугаа. Оддоос эмтэрч унасан гэрэлт ширхгүүд чулуун дээр будран буугаад өглөө гэхэд хайлчихав. Их талын дунд цас хаялан амар жимэр, ажин түжин ноёрхсон нэг тийм таатай зураглал сүүлчийн мөрүүдээс амилан босно. Харин хуучин хонхны хэл хөлдчихөөгүй бээрсэн учраас дахин дуугарах нь ойлгомжтой. Эртлэн буцаад мордсон цасан ширхгүүд нь тэгвэл цаг хугацааг л төлөөлсөн байж таарна. Оддын гэрэл хуучиртал амьдарч хорвоод дассан мэт боловч ахин аж төрөх гэгээн хүслээр дүүрэн.
...Өглөөхөн хяруулж асан цас гэнэт
Өвлийн Азийг бүрхэхээр малгайлж эхлэхэд
Уул нурууд гараа өргөн тэдэнд ёслож
Ус далай давалгаан хүлгүүдээ эмээллэн зэхэж
Хөвч ой мөчир бүрээ мэхийлгэж
Хээр тал амьсгал хурааж байна.
|“Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “Цас” 7-р тал|
Яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нүүдэлчний жаргалыг “Тэмээн тэн дээр өссөн хүү нь бол андахгүй” шүлэг шиг дээрх мөрүүдээс тэмтрэгдэх нам гүмийг хөх уулынхаа салхитай хамт жавар цуучиж явсан хүүхдүүд бол андахгүй. Хяруулж байсан цас гэнэтхэн малгайлаад эхлэхэд хэвтэртээ тогтохгүй байсан хонь ямаад, үхэр мал ч тайван гэгч нь хивж хэвтэх нь бий. Нуур усны давалгаа нь энгийнээс илүүтэйгээр долгиотох нь “яг л давалгаан хүлгүүдээ эмээллэх” шиг болжээ. Нээрэн л тэгдэг шүү гэж уулга алдмаар энэ мөрүүдийг олон нүүдэлчин залуус харж зогссон биз ээ. Харин тэдний нэг нь ч ингэж бичээгүйд л гол учир бий. Цасанд дарагдсан моддын мөчир үл ялигхан унжих нь мэхийх мэт болоод “хээр тал амьсгал хурааж байна”. Цас малгайлан ороход шувуу ч үл нисэх нь үзэгдэж, салхи ч тогтуун. Хараад ханамгүй өнө мөнхийн гоо сайхан. Хээр тал амьсгалаа хурааж анир гүм болно. Хэзээд тэнд шүлэг л төрөх юм шиг...
...Уулынхаа таргил зам дээр аав харин сууж үлдээд
Унанги янгирын эврийг хөгжимдөн үлээсэн гэнэ.
Тураг ганц гөрөөс тэгтэл өмнөх шил дээр гарч ирээд
Туулсан амьдралаа эргэцүүлэх мэт зогссон байна.
Салаа эвэр дээр нь цас бамбарлахыг хүлээн зогсож зогсож
Савдагаа түүгээрээ ундлахаар алгуурхан тэгээд эргэсэн гэнэ.
Эвэр дээрээ цас зөөсөн гоо сүрлэг амьтан
“Эргэж ирнэ ээ” гэх шиг эргэж нэг харсан байна, тэгээд замхарсан байна.
|“Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “Цас” 8-р тал|
“Цас” шүлгийн “сүнс”-ийг тээсэн дээрх мөрүүд өөртөө нэг тийм туульслаг шинжийг агуулж байна. Янгирын унасан эврийг үлээж суухад хөвчөөс гарч ирсэн гөрөөс амьдралаа эргэцүүлэх мэт зогсоно.
Байгаль өөртөө юмсын зүй тогтолыг цөмийг нь агуулж байдаг гэсэн санаа эндээс ургана. Мөнхүү энд гарч ирсэн гөрөөсний “архетип” дүр нь нүүдэлчдийн язгуур чанар болон шүлгийн уран сайхны шинжүүдийг дотроо агуулна. Эвэрт нь бамбарласан цасаар уулын савдаг ундлахаар эргэж байгаа нь өмнөх өгүүлбэрийy санааг бататгаж байна. Харин “Эргэж ирнэ ээ” гэх шиг эргэж нэг харсан байна” хэмээх мөрүүд үгүйсэн бол цас лавсахын үзэмж, аавын ярианы дулаахан, ижийн цай самрах чимээ эгшиглэнтэй болохыг олж сонсохгүйсэн болов уу.
Анхны цас
Түлээний модон сүхийг хучжээ.
Аавдаа дулаан гутал явуулмаар өглөө еэ! |
“Өртөөн дээр хэлэгддэг үгс” 79-р тал|
Баруун хязгаарт анхны цас магадгүй их эрт, намрын сард унадаг биз ээ. Зарим газарт зуны дэлгэр цагаар ч цастай байдаг шүү дээ. Намар оройн сэрүүн урь өглөөний нарнаар дусалхан шимийг мөстүүлж орхих ч шинэхэн цас унасан үүрийн жавартай хэрхэн харьцуулах билээ. Гэтэл яруу найрагчийн сэтгэлд ийм дулаахан бодол төрж байна. О.Дашбалбарын “Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаар, Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй” гэсэн мөрүүд ч дээрх шүлгийг уншин суухуйд санаанд гэнэтхэн харвана. Гол нь их цас орсонгүй, шагайцаа цас ч модон сүх далдаж буусангүй. Зүгээр л анхны цас модон сүхийг жаахан хучсан төдий. Тэрхэн мөчид өвлийн хүйтнийг өглөөний жаварт зогсохдоо санагалзан аавдаа дулаахан гутал авч өгмөөр санагджээ. Уран бүтээлч хүн хэдий чинээ энгийн байх нь байгальтай төдий чинээ ойр буйн шинж. Анхнаас өөрт өгөгдчихсөн байгалийн зөн л яруу найрагчийн дотоод эрчимд нөлөөлж чадсан нь дээрх мөрүүдийг бичсэний шалтгаан болно. Нөгөө талаас харь нутагт суугаа хүүгийн сэтгэл дэх харуусал гэмээр чимээ ч сонсогдоно. Шүлэг, яруу найрагтаа хүртэл тэр ааваасаа хол газарт байна. Тиймдээ л аавдаа дулаан гутал өгч явуулах хүсэлтэй. Түүнд “Хачин их шаналсны минь Хариуд нь намар болов” гэсэн мөрүүд бас бий. Харин дээрх шүлгүүдийг уншихуйд хачин ихээр нутаг усаа үгүйлж, уулсын дундах өвлийг санагалзсаны хариуд нь цас орж байх шиг санагдана.
“...Цаст ар луу нь тэх гулдаж, ишиг тоглосон энэ уулын
Зурвасхан балархай жим барьж хөдөлсөн энэ нүүдлийг,
Тэн дотор анган цанган яваа хоёр хүү
Тэнгэрээс цас аван үмхэж байгаа энэ нүүдлийг, ...” |“Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “Тээр шовх сарьдагийн наанаас” 29-р тал|
Тус номд буй нүүдлийн тухай эл шүлгийн дүрслэл бүрт өөр өөрийн символизм агуулагдаж байдаг. Харин бадаг бүрт нь өөрийн гэсэн уран дүрслэлүүд оршино. Тэдгээр нь нүүдэлчин түмэн л сэрж мэдэрч болох, тайлж уншиж чадах, сэтгэл нь догдолж орхих тийм мөрүүд байх ажгуу. Харин дээрх цастай холбогдох мөр, бадгуудын талаар яруу найрагч Мө.Батбаяртай ярилцахуй дор нэг ийм хариулт хэлснийг сийрүүлье. “Манай нутгийн уулс их өндөөр. Уулын арууд орой шигээ мөнх мөс цасан цэвдэгтэй. Харлаг тэхүүд тоглож торнисон уулынхаа ар луу хальтарч гулдан үхдэг юмаа” хэмээж билээ.
Тийм эгц өөд тэмээд алхуулж явахад тэндээ багтах ах дүү хоёр дэргэдүүр нь нүүх үүлсийг ажин гараа сарвалзуулна. Дараа нь гараа амандаа хийж хүлхэнэ. “Тэнгэрээс цас аван үмхэлж байгаа” мэт... Тэр хоёрыг анган цанган явахад хэн ч ус дөхүүлэхгүй. Учир нь тэд тоглож өссөн арлуугаа тэх гулдаж үхдэг зурвасхан балархай жимээр явж байна. Нүүдэлчид угаас л хатуу байгалийн шалгуурыг давж, хатуу бүхэнтэй эс хүссэн ч нүүр тулж ирсэн хүмүүс. Өөрсдийн зан заншил, уламжлалаа дээдэлдэг гээд зүгээр л нэг цагаан шүлгүүд сараачиж орхисон байдгаас дээрх мөрүүд эрс өөр юм шүү.
III.
Өвөл. Энэ үг заримд нь хэтэрхий уйтгартай урт удаан улиралыг санагдуулна. Дээр нь чөмөг царцам хүйтэн идэр есийн өдрийг бодогдуулахын сацуу ганцхан баяр баясал нь цастай холбоотой. Гэвч байгалийн үзэгдэлд догдолж, улирал бүрийн араншинг ойлгож, хувиран өөрчлөгдөж чаддаг нь уран бүтээлчид л юм уу даа.
“Үхэл шиг эртийн зун, намар өнгөрч
Энд өвөл ирлээ.
Яхир хүйтэн Багшийн дээдийн гудманд Сэмбэ ахтай цуг
Яруу найраг гудамжинд гарлаа.
Ургамал, амьтан зүйл зүйлээрээ мөхдөг энэ гараг дээр
Устаж болох зүйлсийн нэг нь яруу найраг мөн гэдгийг ойлголоо”. |“Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “***Цайнд навч живнэ” 63-р тал|
Зун, намар тээр эртнийх мэт санагдах өвөл иржээ. Тэгвэл хэдийн идэр ес эхэлчихсэн гэсэн үг. Энэ таамаглалаар шүлгэнд өгүүлэгдэх цаг хугацааг ингээд тодорхойлчихож болно. Яг л тэр хахир хүйтнээр яруу найраг гудамжинд гарчихлаа. Үнэндээ Мө.Батбаярын хамгийн их хүндэтгэдэг яруу найрагч нь байх үгүй нь огт хамаагүй. Шүлэгт дүрслэлийн хэмжээнд өөрт нь ойр буй жишээг л хамаатуулсан хэрэг. Өвөл болохоор шувууд алсын дулаан оронд өвөлжихөөр зорьж, зарим амьтад үхсэн мэт ичээндээ орцгооно. Ургамал хөлдөж, хатаж хорчийдог. Тэгвэл яруу найрагч мөн устаж болох зүйлсийн нэг болж хувирав. Энэ мөрүүдээс ажвал шүлгийн дотор дахин нэг утга санаа давхар агуулагдаж байна. Ерөөс үхэл шиг эртийн зун, намар нь сайн сайхан цаг байж болно. Тэр үед өвлийн яхир хүйтэн агаар шиг яруу найрагчдыг Вордсвортын хэлсээр “үүл шиг ганцаардмал” гэж дүгнэж байдгаас бус харь хөндий нүдээр аждаггүй байсан болов уу. Гэтэл өнөөх зун, намар өнөөгийн нийгэмд “үхэл” шиг болоод хувирчихжээ. Бичсэн шүлэгтэйгээ хамт яруу найрагч хахир хүйтэнд гудамжинд гарчихлаа. Одоо тайлалыг уншигчдад үлдээе.
“Галуудын ганганаа тэнгэрийн цаанаа
Гадна ирэхээсээ уяралтай дуулддаг юм.
Сэмжин мөсөөр тийшээ дурандахад сэрүү оргиод
Жигүүр хөлстэй явуу хөөрхий амьтныг
Жиндээгээд орхичихсон шиг бодогддог юм”.
|“Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “***Галуудын ганганаа тэнгэрийн цаанаа” 11-р тал|
Галууд ганганах ер нь уяралтай дуулддаг болов уу? гэсэн асуултанд орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж хамгийн анхлан “Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярана” гэж хариулсан биз. Гэвч урин цаг, улирах цаг хоёрын тухай өөр шүлгүүд учир харьцуулах аргагүй. Мө.Батбаярын дээрх шүлгийн сүүлийн мөрүүдээс өвөл гэдэг нь илт. Яг эндээс Уолт Уитмэний “Байгаль бол хамгийн урт настай яруу найрагч” гэх мөрүүд бодогдоно. Шувууд буцахаар зэхэж эхлэхэд Ховдод хэдийн мөсөн унжлага үүсчихсэн байв. Шувууд гэрийн гадуур бус үүлсийн цаагуур нисэлдэнэ. Хачин уяралтай дуу гаргах нь алсран холдож буй хүүд мэдрэгдэх нь ойлгомжтой. Харин энэхүү хагацалыг зөөллөн дурандаж харсан мөс нь эцэхээ мэдэхгүй дэвэхдээ хөлсөлж орхисон шувуудыг жиндээчихвий гэсэн зовлинд хүргэнэ. Аль нэг үг, эсвэл мөрийг нь хасч орхивол шүлэг өрөө үнэт чанараа гээнэ.
Бид ганцаардлын тухай хэдэн мөр бичдэг, уйтан, уйлгамч үедээ хоосорсон зүрхний угаас дуулдагаас энэ шүлгүүд тэс өөр. Орхан өөрийн эх орныг харийн хүний үзэл санаанаас харж бичсэнээс болж Турк оронд түүнийг Сабахаттин Алигаас дээгүүр түвшинд авч үздэггүй. Түүн шиг нүүдэлчдийн хайр сэтгэлийг, санагалзахуйн бараан сүүдрийг өөр мэдрэмжүүдээр баяжуулсан Д.Оюунчимэгийн “Харанхуйн дуулал”, Б.Занданхүүгийн “Хариг дотно” зэрэг ном чимээгүйхэн мартагдаж байна. “Өртөөн дээр хэлэгддэг үгс”-ийг энэ л мунхаг үзлээр битгий орхиосой гэсэндээ энэ жишээг дурдсан юм.
Умардад цас хэрхэн будардаг, уулс мэхийн ёсолж, тал амьсгалаа хурааж нам гүм болдог тухай найрагч хэнээс ч илүү таньж чаджээ. Бид яруу найраг уншсаар байгаа цагт энэ цасан ширхгүүд хэн бүхний номын тавиур дээр бударсаар л байна гэдэгт үл эргэлзнэм.
Б. Алтанхуяг