РОМАН ДОТОРХ ГОДО
2019-11-25 Б.Алтанхуяг 1730

Веничка эцэст нь яг хаана оччихов гэж асуувал ихэнх уншигчид эргэлзэлгүй хариулах байх л даа. Тэр Петушки орсон. Дараа нь гайхалтай Кремлийн хөшөөгөө ч олж үзсэн. Нэг ёсондоо хүн өөрийн сэтгэлээ танихтай адилхан. Гэхдээ өөрийн сэтгэлийн олж мэднэ, “би”-гээ танина гэдэг амьдаараа авслагдах шиг хэцүү зүйл гэдгийг Оросын алдарт зохиолч Венедикт Ерофеев “Москва-Петушки” зохиолоороо зарлан тунхаглаж чадсан.

Уншигчдыг бишрүүлэм, бахдам авьяас гэж байдаг бол үүнийг л хэлэх болов уу. “Москва-Петушки” хэзээ ч байгаагүй мэт, зохиолын гол дүрийн архичин баатар үнэндээ Курскийн өртөөнөөсөө холдоогүй мэт санагдах нь ч бий. Тэр зүгээр л херес хайн, архи уусаар Курскийн өртөөн дотуураа л холхин явсан байх. Беккетийн “Годог хүлээхүй” жүжигт Годо ирдэггүй, угаас тэр байдаг уу, үгүй юу гэдгийг хэн ч тааж дөнгөдөггүй. Тэгвэл Ерофеевийн романдаа бүтээсэн Годо нь хэзээ ч Петушки ороогүй ч гэлээ зөвхөн өөрийн бүтээсэн ахуйдаа л хэрэн хэсэж, Кремль нар мэт гялалзан гялбалзахыг үзэж, сахиусан тэнгэрүүдийн шооч мушилзаан дор жинхэнэ эрх чөлөөг олдог. Тэр эрх чөлөө нь үүрдийнх бөгөөд бусдын мэдэхгүй оршихуйг өөртөө бий болгодог.

Өгүүлбэр бүрийг сэргээн санаж, тэвчээртэйгээр, маш удаан уншихгүй л бол тус зохиолыг ойлгоход бэрх санагдана. Ерофеев өөрөө ч тийм этгээд хүн байсан болов уу. Гэвч түүний намтар маш даруухан бичигдсэн буй. Тэрээр Мурманск тойргийн нэгэн өртөөнд мэндэлсэн бөгөөд бага нас нь асрамжийн газарт өнгөрсөн байдаг. Харин шанааныхаа дээд талын арьсыг урагш түлхэж, дунд хуруугаараа амаа дараад баруун гартаа янжуур барьсан хөргөөс нь ажихуй этгээд хүн байсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. “Москва-Петушки” хэмээх эл ойлгомжгүй, этгээд номыг ийм л хүн бичихээс яах вэ гэж санадаг юм.

Тэр анхнаасаа дүрээ маш оновчтой сонгож авчээ. Ариун үнэн, худал хуурмагийн бүхий л өнгө төрх, бурхан чөтгөрийн гэнэн найр наадмыг үзүүлэхэд шударга, гэнэн архичны дүр бүхий л талаараа зохицож байсан. Тэгээд ч “Бүгд л Кремль, Кремль гэцгээх юм” хэмээгээд өөрийн золгүй амьдралаа эргэцүүлэн хараасаар галт тэргэнд суухын өмнө уух зүйлээр дутахгүй байхыг үргэлж эрхэмлэдэг. Унших явцад толгой мансуурч, халамцаж мэт болно гээч... Яаж ингэж бичиж чадав аа хэмээн гайхах энүүхэнд. Зубровки, каляевск, кориандров, жигулев пиво гээд л цааш уух юмсын нэрс хөвөрч өгнө. Ерөөс хүний амьдрал толгой эргэм, ой гутам зүйлсээр дүүрэн байдаг аж. Санах гэж хичээсэн дурсамжийн шугуйд нэгээхэн бээр шувуу жиргэдэггүй ч байж мэдэх. Түүнийгээ “Ай хөөрхий, цаг зуурын эрхшээл ээ! Ээ, миний ард түмний амьдрал дахь хамгийн хүнд, хүч тамираа барсан, хамгийн шившигтэй муухай үе үүр цайхаас дэлгүүр онгойх хүртэлх цаг! Орон гэргүй, уйтгарлаж шаналдаг маань үнэн ч сайхан элгэн хүрэн үстэй бидний толгойд энэ цаг үе хэчнээн олон хэрэггүй буурал үс нэмнэ вэ!” гэж гасална. Бас болоогүй энэ архичин галт тэргэнд суух хүртлээ Библийн яруу найргийн дотоод харьцуулалтыг нийгмийн бузар бүхэнтэй уялдуулан бодож “Тогло, тогло, толгой эргүүлэн хуурагч минь! Тогло, тачаалын шулам Клеопатра! Тогло, тогло, яруу найрагчийн зүрхийг сэмлэн урагч хөвсгөр биет, салхин явдалт минь! Надад байгаа бүхнийг, надад байж болох бүхнийг өнөөдөр би Афродитын өмнөх шүтээний цагаан ширээн дээр гаргаж асгая” хэмээн хашхирч явдаг.

Эм хүний гоо сайхны өмнө ертөнц бүхий л хувцсаа тайчаад эргэлдэн бүжвэл ямархан харагдах бол. Постмодернизмийн ноён оргилууд эцэстээ юуг батлах гэдэг юм. Бүх зүйл хоосон. Гэвч бид оршин байдаг. Эцэстээ дахиад л хоосон, утга учиргүй бүхэн л үлдэж хоцордог. Үүнтэй адилхан “Москва-Петушки”-г уншиж дуусахад юмс өнгөө алдаж, дахин солонгорсон өнгөтэй болоод эцэст нь цав цагаан орон зайд үлдчих шиг болно.

Өөр нэг зүйл нь мэдлэг. Тус романд Чеховоос авахуулаад Бунин, Тургенев, Гетё, Шиллер бүр Корсаков гэх мэт олон зохиолчийн тухай дурсдаг. “Антон Чехов үхэхийнхээ өмнө юу гэж хэлснийг мэдэх үү? Санаанд чинь алга уу? Тэр “Ихь штербе!” буюу “Үхэж байна!” гэж хэлсэн юм. Тэгснээ “Надад шампаанск аягалаач!” гэсэн. Тэгж хэлмэгцээ л үхчихсэн”. Зохиолын боловсруулалтыг хийхэд заавал өргөн мэдлэг шаардагддаг. Мэдээж энэ баримтыг тэр хаа нэгтээ ном юм уу сонин сэтгүүлээс уншаагүйсэн бол номын уг хэсэг тийм ч амттай болохгүй байсан болов уу. Веничка уусаар, үсэндээ булхан хөгжим тоглож буй этгээдийг хачирхан харж суутал хажуугийн хар сахалт этгээд нь яриа өрнүүлэхэд дээрх үгийг хэлдэг. Тэгээд Есиногоос Фрязево орох замын туршид Гетёг амиа хоохойлогчоор дуудаж өөрөө духандаа сум зоохын тулд залуу Вертерийг түлхэж орхиод дараа нь амьд үлдчихсэн гэх мэтээр хашхичиж өгнө. Ерөөс зөрчил цааш өрнөх нь тодорхойг маруухан уншигч ч ойлгоно. Гол нь  түүнийг яаж урнаар илэрхийлэх вэ гэдэг л ондоо хэрэг. Гэтэл Ерофеев уг романыг маш амархан биччихсэн шиг санагддаг. Түүнд ноороглох ч хэрэг байгаагүй. Угаасаа роман тэр чигээрээ ноорог ч байж мэдэхээр. Романы туршид үргэлжлэх тов тодорхой ба бүрхэг хуурамч ишлэлүүд нь шинэ текстийг бий болгосон билээ.

Уудам дэлгэр Орос орны аж байдал, галт тэрэгний өртөөнүүд, Кремлийн сүр жавхланг алдаршуулан магтаж модернизмийг уламжлалт хэв шинжтэй бүрнээ хослуулан үзүүлснээрээ оросын их утга зохиолын содон төлөөлөгч болохоо тэр нотолж чадсан юм. Нэгэнтээ Английн бичгийн их хүн Оскар Уайлд “Би урлагийг дээд зэргийн бодит зүйл, харин амьдралыг ердөө л уран зөгнөл мэт үздэг байв” хэмээсэн байдаг. Магадгүй тэгж хандаж чаддаг байснаараа л Грейн хөргийг бүтээсэнтэй адилхан Ерофеев ч урлаг, амьдрал хоёрт Оскар Уайлд шиг хандсанаараа “Москва-Петушки” орох замдаа дэлхийг шуугиулсан жинхэнэ постмодерн “интертекстуальность” бүтээчихэж. Жишээ аваад үзье л дээ.

“Хүндэтгэхийн тулд. Максим Горький Капри арал дээр байхдаа юу гэж хэллээ? “Бүхий л соёл иргэншлийн хэмжүүр нь эмэгтэй хүнд хандах арга хэлбэр юм” гэсэн. Би нэг удаа гучин шил аваад Петушкийн дэлгүүрт очдог юм байна. “Эзэгтэй” гэж би дуудаад, архинд хамгаа үрсэн гунигтай дуугаар “Эзэгтэй минь, сайхан сэтгэл гаргаж, надад ангуучин нэгийг өгөө...” гэлээ. Бараг рубль илүү өгчхөөд байгаа хэрэг шүү дээ. Тэр над руу, энэ муу бузар золигт хариултыг нь өгөх үү, яахав гэсэн янзтай харна. Би ч бас түүн рүү, энэ муу золигийн хуухай хариултыг минь өгдөг болов уу, үгүй болов уу хэмээн ширтэж байлаа” гэх буюу “Үгүй дээ, яг энэ үед түүн рүү хараагүй гэвэл үнэнд илүү нийцнэ. Би түүнийг нэвт алсыг харж байсан юм. Миний ухаангүй харцны өмнө ямар дүр зураг ургаж байсан гээч? Агава, тамаринда ургаж, түүний саглагар мөчир дор цагаан өмднийх нь шуумаг доороос үсэрхэг хөл нь цухуйсан Максим Горький сууна” гэсэн буй. Ингээд нөгөө төсөөлөл доторхи Горький нь “...хариулт хэрэггүй, эрүүгээ хөдөлгөмөөр байвал архи бүү уу!” гэж хэлсэн учир Веничка гараад явчихдаг.

Уг бичвэр бол нэгэн цул “текст”. Үйл явдал хэдий уран сайхантай, гажуу дүрслэлтэй байлаа ч хүний оршихуйн бичвэрээс ондоошиж өөрчлөгдөхгүй. Тэгээд ч дээрх текст дотроо дахин хэд хэдэн бичвэрүүдийг агуулж байна. Эмс юуны хэрэгтэй тухай асуултад хариулах гэсэн архины шил зардаг шунахай эзэгтэй буюу нэг эмэгтэйн талаарх нэг хүний урт дүгнэлт. Тэгвэл эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах нь зөв юм бэ гэдэг үүднээс Капри арал хийгээд Горькийн дүрийг ургуулчхаж байгаа юм. Тэгээд болоогүй ёс суртахуун, хүний амьдралын зайлшгүй тохиолдлуудыг хөндөж орхисон буй. Ингэж нэг текст дотор хэд хэдэн чухал бичвэрийг багтаасан интертекстуальностыг тэр бүтээчихсэн хэрэг шүү дээ.

Дээрх ярианы төгсгөл бүр утгаа алдаж гүйцэх хэдий ч Чеховын хошин өгүүллэгүүдийн уран ярууг давсан байдал бий болгоно. Дөрвөн жил авсанд хэвтэж асан муу эрд нэгэн эмэгтэй дөхөн ирснээр өөрийг нь аварсан тухай үлгэр Веничка өгүүлэх ч декабрист үүнийг аль хэдийн мэдчихсэн байдгийг уншигчид андахгүй биз ээ. Харин энэ бүхнийгээ манай гол баатар “Бид яг Тургеневийн бичсэн шиг цөм тойроод суучихсан хайрын тухай маргаж байхчив ээ” гэж дүгнэдэг. Үнэндээ  сюрреализм бүтээж буй зураачид шиг оюун ухаан дотроо чөлөөтэй хөвж басхүү алдар нэрийг мөрөөдөж байсан ч тэр Ерофеев гэх ганцхан хүнийг л төгс бүтээж чадсан.

“Шөнийн цагт хэн ч өөртөө итгэлтэй байж чаддаггүй. Өөрөөр хэлбэл би хүйтэн шөнийн тухай ярьж байна л даа. Христийн нэгэн номлогч гурав дахь тахиа донгодохоос өмнө Эзнээс урвадаг. Үгүй ээ, энэ биш: номлогч тахиа дуугарахаас өмнө гурван удаа Христээс урвадаг. Яагаад тэгж урваад байсныг нь одоо л би маш сайн мэдэж байна, яагаад гэвэл хүйтэнд чичрээд тэсэж ядсан даа тэр, тийм ээ! Тэр урвахын тоогоор түүдгийн дөлөнд дулаацаж байсан. Харин надад түүдэг ч алга, юу ч алга, гагцхүү долоо хоногийн согтуурал л биеэс гадагшлахдаа бүхнийг хоослон цөлмөж байна.” 

Ингэж романы маань баатар өөрийн үхлийг аль эртнээс зөгнөөд эхэлчихсэн ч итгэл найдвараа алдалгүйгээр сахиусан тэнгэрүүдийн дууг сонссоор байдаг. Басхүү Годо шиг бодитоор бусдын сэтгэл зүрхэнд оршдог, юмсыг мартуулдаг, сануулдаг, эцэстээ хэний ч дотор үгүй байдаг шиг тийм өвөрмөц дүрийг Веничка бүрнээ төлөөлж чадна. Тэр бол яах аргагүй роман доторх Годо.

Гэхдээ түүнийг яг хэн алсан нь тодорхойгүй. Ямартай ч дөрвөн этгээд. Гэхдээ тэр дөрөв хэн байв. Цээрлүүлэгчид үү, ангижруулагчид уу?

Б.Алтанхуяг

Түр хүлээнэ үү...
Top