АМЬДРАХУЙГААС ХАДАХ ДУУН
2018-10-17 Б.Алтанхуяг 3289

Дорно дахинд урлаг соёл, уран зохиолын нэгэн том хүрээг бий болгосон орнуудын тоонд Хятад улс зүй ёсоор багтана. Эртний Хятадын гүн ухаан, үгийн урлагт олон суутан, эрдэмтэн, зохиолчид төрсөн бөгөөд өдгөө хүртэл энэхүү буухиа үргэлжилсээр байна. Хятадын уран зохиол хэчнээн бэрх, донсолгоот замыг туулж ирсэн нь соёлын их хувьсгалын үед туурвиж асан Жао Лу Ши, Ай Чин, Ван Мэн, Цин Жао Ян зэрэг бичгийн мэргэдийн үйл хэрэг, эмгэнэлт хувь заяанаас мэдрэгддэг. Тэдний ихэнхийг хэлмэгдүүлэн хороож, сэхээтний давхаргаа үгүй хийсэн нь уран зохиолын хөгжлийн шугамыг алдагдуулж, энхэл донхол замаар сажлуулахад хүргэсэн юм.

Харин Жоу Шүрэнь (уран зохиолын нэр нь Лү Сюнь) Хятадын орчин үеийн уран зохиолыг үндэслэж, оюун санааны соён гэгээрэлд ард түмнээ хөтөлсөн нэгэн. Мөн Цао Сюэнциний “Улаан асрын зүүд” мэндэлсэн нь сэтгэл зүйн реализмын шилдэг бүтээлд одоог хүртэл тооцогдсоор байдаг. Харин өдгөө Монголд хамгийн ихээр орчуулагдсан Хятадын Нобелийн шагналт Мо Ян зарим бүтээлдээ уран зохиолын тэр л харгислалын үр нөлөө, улс төрийн чанга бодлогын эсрэг байр сууриа тусган үзүүлсэн нь бий.

Энэ бүхнийг дурдсан учир нь саяхан Монголд анх удаа орчуулагдан гарсан Үй Хуа зохиолчийн “Амьдрахуй” туужтай холбоотой юм. Уг туужийн дунд хэсэгт ч улс төрийн бодлогын эсрэг чиглэгдсэн санааг товчхон хийгээд чадамгай дүрслэн үзүүлсэн бөгөөд дайны үе, энх тайван улсын ахуй амьдрал, шинэ ардчилсан хувьсгал, соёлын хувьсгал зэрэг нь нутгийн иргэдийн аж төрөхүйд хэрхэн нөлөөлж байсныг элдэв чимэггүйгээр үгийн урлагт дархалжээ. Уг бүтээлийг яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр хөрвүүлж “Тагтаа” паблишинг хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байна.

КОММУНИЗМААС АНГИД ИРЭЭДҮЙН ТУХАЙ

Дундад улс бол тариачин ард түмэн. Ихэнх хятадын уран зохиолд тариачдын дүр элбэг гардаг. Бидний шинэхэн танилцаж буй Үй Хуагийн тус романд ч тариачин эр, тариачдын тосгоны тухай өгүүлнэ. Нийгмийн аль ч хувьсгал тариаланчдын амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж чадаагүйн тухай ч яриахаа зохиолч маань бас мартсангүй.

Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд монгол уншигчдын гарт өдгөө хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ. Тухайн үед хятадын коммунист намын үзэл суртлыг буруугаар сурталчилсан хэмээн тус тууж хориотой байсан ч дарамт шахалтыг даван гарав. Харин тууж “To Live” нэртэйгээр өрнөдийн улс орон руу орчуулагдсан цагаас эхлэн судлаачид коммунизмын үр нөлөөний талаар тус туужтай холбогдуулан нэлээдгүй шүүмж, эргэцүүлэл бичсэн байна.

Туужид өгүүлснээр баян Лүн Эрийн газрыг түрээслэгчдэд нь хувааж өгснөөс болж тэрээр коммунист намын үзлийг эсэргүүцэж, эцэстээ буудуулдаг. Гагцхүү Фу Гүй өрөнд орж газраа алдахгүй аж төрж болох байсан ч түүнийг ямар хувь тавилан отож байсныг Лүн Эрийн үйл явдал харуулна. Мөнхүү Фэн Шиа боловсрол, мэдлэггүй нийгмийн золиос болж үлдсэн дүр. Хэрэв тосгонд юм уу, хотод өндөр мэдлэг боловсролтой эмч, сувилагчид ажилладаг байсан бол Фэн Шиа халуурснаас болж хэлгүй, дүлий болохгүйгээр үл барам төрөхийн хүндрэлээр нас нөгчиж, дүү Ёу Чин ч мөн адил хэт их цус өгснөөс болж эмнэлгийн мухар өрөөнд амьсгал хураахгүй байсан билээ. Тиймээс л Хятадад өрнөсөн коммунизм бол боловсрол олсон нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байсныг туужийн явцад бид уншиж, үнэнтэй нүүр тулна. Түүнээс уйлсан эрчүүдээр дүүрэн, зовж зүдэрсэн хөөрхий тариачны эмгэнэлт амьдрал, сэтгэлийн тэвчээртэй байдал төдийхнөөр зохиолыг дүгнэж болохгүй санагдана.

Дэлхийн түүхэнд хамгийн хүчтэйгээр нөлөөлсөн философичдын нэг Марксийн тус онол нь хамтач үзэл дээр суурилагдсан бөгөөд коммунизм нь төгс энэрэнгүй нийгэм байх болно гэж үздэг. Энэ нь нийгмийн харгислал, дарлал мөлжлөггүй шударга нийгмийн тухай үзэл. Өнөөдөр манай улсын иргэдэд “Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй” гэсэн үзэл хандлага нэлээдгүй тогтоод буй бололтой. Тухайн түүхэн цаг үед Марксийн дээрх философи хүчтэй нөлөө үзүүлээгүй бол бид ч мөн хоёр том гүрний дундаас өндийж ардчилсан хувьсгалтай золгох нь бэрх байсан гэдгийг сануулчихъя. Өлбөрч үхэхийн даваан дээр байхад Фу Гүйн гэр бүл тосгоны захирагчид атга будаа өгсний дараагаар болон жаахан төмөр хайлуулсны учир дарга тэдэнд сайнаар хандаж томоотой, сайхан сэтгэлтэй хүргэн хүртэл олж өгдөг. Эцэст нь дарга баригдаж явахад хэн ч ам нээж зүрхэлдэггүй. Тариачдын дунд өөрөө цуг хөдөлмөрлөж, ажилладаг дарга нар байсан нь нөгөө талаар басхүү коммунизмын онолынх гол жишээ гэдгийг тэрхүү үйлдлүүдээр цухас дурдсан нь ч бий. Гэлээ ч Үй Хуагийн бичсэн туужид өгүүлснээр “энэрэнгүй нийгэм” улс төрийн аль ч давалгааны үед бүрэлдэж чадаагүй юм. Ерөөс туужийн гол дүр болох Фу Гүй өвгөн өөрийн гэх бүх л хувийн үнэт зүйлсээ алдсан ч эцэст нь газар хагалж амьдрасаар яваа нь коммунизмаас л ангид байх ирээдүйн тунхаг, дүр төрх билээ.

ШИНЭ ФИЛОСОФИ

Энгийн болоод жаргалтай амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэн байх ёстой. Туужийг уншиж дууссаны эцэст надад ийм бодол төрөв. Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг.

 “Хүүгээ булшны нүхэнд хэвтүүлэхэд арван гуравтай гэмээргүй, дөнгөж саяхан эхээсээ мэндэлсэн юм шиг даанч балчир харагдав. Гараараа шороо хамж булахаасаа өмнө доороос нь холгож болохуйц чулуу бүхнийг түүж хаялаа”. (“Амьдрахуй” 134-р тал, орч. Мө.Батбаяр)

Хүү нь нэгэнт үхсэн ч Фу Гүй түүний доороос холгож болохуйц чулуу бүхнийг түүв. Учир нь Фу Гүй нэгэн цагт эцгээс өвлөгдсөн сайхан байшинтай, зуу илүү мү1 газартай, өөрт нь үйлчилдэг зарц нартай байлаа. Харин тэрээр мөрийтэй  тоглоом тоглож хөрөнгөө алдсаны дараагаар уналтанд орж хүнд бэрх амьдралыг туулах болдог. Тэрхүү хүнд бэрх цаг мөчүүд Фу Гүйд гэр бүлээ хайрлах хичээл зааж сургана. Нэг ёсондоо амьдрал хэцүү бэрх ч гэлээ энгийнээр өрнөж, түүний хайран дунд гэр бүл нь найдвартай хамгаалагдсан гэсэн үг. Эмч нарын болгоомжгүй үйлдлээс болж амиа алдсан хүүгийнхээ нойрсох газрын хатуу чулуу бүхнийг түүснээр тэр бусдыг хайрлах, амьдрахуйн ухаанд гүн гүнзгий суралцсаар байв.

Энэ нь хамгийн сүүлд өөрийн ганц ач болох Кү Гэнийг алдсаны хойно тохиох үйлдлээр нь илэрдэг. Францын нэрт философич Ж.П.Сартр “Хөлийн чимээгээр ятуу дэрхийн нисэх шиг бидний үйлдлээс үнэт чанар үүсдэг” гэж өгүүлсэн байдаг даа. Бүхий л зүйлээсээ хагацаж, уй гаслангийн далайд живсэн ч Фу Гүй амиа хорлох тухай бодохгүйгээр үл барам хөөрхөн Кү Гэнийхээ мөрөөдлийг биелүүлж үхэр авахаар алхаж явдаг. Ийн явах замд эзэн нь төхөөрөх гэж буй хөгшин үхэр худалдаж аваад ирнэ. Тосгоныхон аанай л шоолох ч гэлээ үнэхээр Фү Гүйд хөгшин үхрийн нас л үлджээ. Өөртэй нь ижилхэн орших магадлалтай зүйлийн төлөө өрөвчхөн сэтгэл зориулсан учраас л тэр өнөөдөр баясгалантай нь аргагүй дуулсаар газар хагалж амьдрах эрхийг өөртөө бэлэглэж буй юм.

Үхэр зарсан хүн нэгээхэн агшинд цочирдсон ч гэлээ мөнгөө тоололгүйгээр өвгөнд итгэж явуулчхаад “азтай байна шүү” хэмээн баясах, тосгоныхон гурван жилийн настай хөгшин үхэр авлаа гэж шоолсон ч дараа нь “та хоёр дэндүү адилхан” хэмээн ярилцах зэрэг хүний за араншин, үйл хөдлөлийг туужийн явцад, нэгээхэн агшны чөлөөнд хооронд нь чадамгай холбож өгсөн байдаг нь Үй Хуаг алдаршуулсан өөрийн гэсэн тод аястай бичлэгийнх нь хэлбэр биз ээ.

ЭХЛЭЛЭЭС ДАХИН ТӨГСГӨЛ ХҮРТЭЛ

Хөдөө тосгодоор явж аман яриа цуглуулах болсон нэгэн залуу арван жилийн өмнөх Фү Гүй хэмээх өвгөнтэй таарч туулсан амьдралынх нь талаар яриулснаа өгүүлж буй тухай зохиомжтойгоор туужийн үйл явдал өрнөнө. Өнөөх өвгөний туулсан бэрх хэрнээ энгийн борог амьдрал, ганцаардлын дуу нь  гэр бүлийнх нь тухай дурсамжийг дотроо агуулсан байдаг.

“Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Ши хоёр ч бас долоо найман талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тооцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ”. (“Амьдрахуй” 201-р тал, орч. Мө.Батбаяр)

Хүнд хэрэгцээтэй материаллаг эд зүйлс болон үхэр, хонь зэрэг амьтад ч мөн гэр бүлийн харилцааны хувьд анхаарал сарниулах л зүйлс. Тэд хүний оршихуйд хамгийн үнэ цэнэтэй нь биш бөгөөд гагцхүү гэр бүлийн гишүүд үгүй болсон хойно л хайрлагддаг. Дээрх жишээ татсан нэрс бол Фү Гүй өвгөний эхнэр, хүргэн болоод хайртай хүү, охин, ач нар нь юм. Гагцхүү тэр үхэртээ ярьж өгч буй хэдий ч өөртэйгөө л хөөрөлдөж байна. “Яриангүй чи минь өтөлжээ” хэмээн өөрийнхөө тухай л өгүүлжээ.

Ийнхүү залуу, идэр, өтөл насны тухай Фу Гүй хэрхэн дуулсаар цааш одохыг, нэр нь үл мэдэгдэх туужийг өгүүлэгч баатар маань харсаар хоцрохыг зохиолын төгсгөлд бид уншдаг. Тэр дуу нь энэ.

“Залуу насандаа захгүй тэнүүчилнэм
Идэр насандаа эрдэнэ олном
Өтөл насандаа хуварга болном...”

Хүний амьдралыг гурван мөрөнд багтаагаад өгүүлчихсэн нь шуудхан мэдрэгдэх учир задалж, дүгнэх шаардлагагүй байх. Харин “өтөл насандаа хувраг болном” гэсэн нь номын дуу сонсч, бурхны эрдэмд шамдах тухай өгүүлээгүй болов уу. Өтөл насаа элээдэг хүн гэж байхгүй. Бүгд залуу, идэр насаа элээж дууссаны хойно өтөлж хөгшрөөд эцэстээ бурхны хутгийг олж мөнх бусыг үзүүлдэг.

“Хоромхон зуур гэгээ тасарч, харанхуй шөнө тэнгэрээс бууж ирдгийг би мэднэ. Дэлгэр эх газар ханхар цээжээ өргөж харанхуйг урин дуудах нь даамай үзэсгэлэнтэй. Эгээ л бүсгүй хүн үрээ дуудах шиг эх газар нь түнэр харанхуйгаа элгэмсэж буй нь тэр билээ”. (“Амьдрахуй” 201-р тал, орч. Мө.Батбаяр)

Төгсгөлийн эл өгүүлбэр өвгөний үхлийг зурсан шиг л санагдана. Өвгөний зовлон зүдгүүрээр дүүрэн амьдрал харанхуйтай л төстэй. Харин түүнийг элгэмсэж тосох нь газар шороо л бөгөөд ямарч оршихуй өвгөнийг хамгаалж чадахаас нэгэнт өнгөрсөн тухай өгүүлсэн байна.

ЖИНХЭНЭ ТӨГСГӨЛ

Жан Шиан Лиангийн “Half of Man Woman” зохиолд ч мөн “Амьдрахуй” туужид төстэй зарим өгүүлэмжүүд байдаг. Ер нь 1990-ээд он гарснаар Маогийн дэглэм тариаланчдын амьдралд ямар нөлөө үзүүлж байсныг тус үеийн зохиолчид гаргуун үзүүлсэн нь бий.

Гэр бүлийнх нь хайртай гишүүдийн нэг нь ч Фү Гүйгийн дэргэд үлдсэнгүй. Залуу насандаа мөрийтэй тоглож, эмсийн хүрээлэнгээр өдөр шөнөгүй тэнэж явсан түүнд хувь заяа нь юу ноогдуулж орхив оо? Зохиолыг эцэст нь хүртэл тулгахын тулд Үй Хуа маш ухаалгаар бүтээлдээ хандсан нь тодорхой. Учир нь өвгөний хоёр хүүхэд бусдын амийг аврахын төлөө өөрсдийгөө золиосолж байна. Хүү нь сургуулийнхаа захирлын амийг аварч улмаар таалал төгсдөг бол охин нь хүүхдээ төрүүлчхээд мөнх бусыг үзүүлдэг. Туужийн явцад өгүүлэгдэх үйл явдал болгон нь эхлэл төгсгөлтэйгөө чадамгай холбогдож өгсөн ийм л зохиолууд уншигчдад анзаарагдамгүй олон асуулт үлдээдэг билээ.

Эцэст нь Фү Гүй өвгөний дүрийг Америкийн жүжгийн зохиолч Артур Миллэрийн хэлсэн үгээр тодотгоод орхиё. “Магадгүй бид бүгд буруу үйлдэл бүхэндээ аль болох зөв харамсахыг л хичээх ёстой байх”.

Түр хүлээнэ үү...
Top