БҮРХЭГ ӨДРИЙГ Л ХҮСНЭМ
2018-09-13 Б.Алтанхуяг 5352

Photo credit © Umar Timol

-Хүүе, Батжаргалын Одгэрэлийн “Эдгэрэл” гэж шүлгийн түүвэр гарсан юм уу?

Сэтгүүлч Б.Ганчимэг эгч ийн асууж байна. “Тийм” гээд хариулчихвал “хаана байна, хурдан олоод ир, ганцыг ч болов олоод ирээч, хамт суугаад уншъя” гэх биз. Харин тус шүлгийн түүвэр Б.Одгэрэл найрагчийнх бус яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан эгчийнх гэдгийг дуулгаж, басхүү өөрт нь найрагч гарын үсгээ бичиж номоо дурсгаад явуулсныг сүүлд дамжуулж өгөв. Утсаа хааж, өрөөгөө дотроос нь цоожилж аваад л “Эдгэрэл”-ийн шүлгүүдийг шимтэн дахин дахин унших болов уу. Аягүй бол “Хөх мэдрэхүй”-н антологи, Памукийн “Цас”, “Аварга том далавчтай өвгөн”-ийг ч дараа нь сөхөж харж мэднэ. Энэ л бидний араншин.

САРУУЛ САЙХАН БҮХНИЙГ...

2015 он. Нобелийн шагналт Туркийн алдар зохиолч Орхан Памукийн “Цас” роман Монгол хэлнээ хэвлэгдэн гарав. Орчуулагч нь “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалан. Номын нээлт 50 дугаар дэлгүүрийн урд, “Сант  асар”-ын хоёр давхарт болж байсныг тодхон санаж байна. Номын хавтасны зургийг нь Шувуу ах авсан аж. Баясгалан эгч номоо гардуулахаар хүмүүсийн урд дуудчихсан, Шувуу ах толгойгоо илээд, бөөрөнхий тунгалаг шил зүүчихсэн зогсоо гэгээлэг зураг байдаг. Тухайн цаг үеийн Ка, Ипекүүд юм шиг л...

Тэр үед автобусны ч мөнгөгүй, тэгсэн мөртлөө итгэлээсээ өөр зүйл тэвэртээ багтаагаагүй оччихсон оюутан хүүд Баясгалан эгч “Цас” номынхоо эхний нүүрэн дээр “Б.Алтанхуягтаа “Саруул сайхан бүхнийг хүсье” гэж бичээд дурсгаж билээ. Саруул сайхан бүхнийг... “Сайн сайхныг хүсье, аз жаргал хүсье, уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэх үгсээс тэс ондоо, илүү нандин ерөөл шиг санагддаг юм. Илүү тод мэдрэмжүүд нь тухайн цаг хугацаанд, тэр л өрөөнд нуугдаж үлджээ. Харин түүнээс хойш үлдсэн цаг хугацаанд нь, магадгүй миний алхаж явсан хотын гудамж, дэлгүүрийн урдуур ирээдүйд хүү минь ч бас хэн нэгнээс гарын үсэгтэй ном аваад баяр хөөртэй алхан өнгөрч яваа зураг нүдэнд амилах шиг саруул сайхан бүхний төлөө гэж би өөртөө хэлдэг болсон.

Дээрх үйл явдлаас хойш нэг жилийн дараа “Open door” сонины Vip-person зочноор Б.Баясгалан эгчийг урив. Мэдээж юу гэж татгалзах билээ. Тэнд уг нь шүлэг бичдэг тухайг нь дурдаж, дараагийн түүвэр нь хэзээ уншигчдын гарт хүрэхийг сонирхсон асуулт байсан юм. Хариулт нь энэ.

“Шүлгүүдээ дангаар нь гаргачихъя гэхээр арай нимгэдээд хэдэн өгүүллэгтэйгээ нийлүүлээд гаргачихъя гэхээр зузаадаад учраа олохгүй л сууж байна. Удахгүй эвийг нь олоод хэвлэнэ дээ”.

Үүнээс даруй жил гарны хойно яруу найрагч Б.Баясгалангийн арай нимгэн ном болчих гээд байсан өнөө хэдэн шүлгүүд “Эдгэрэл” нэртэйгээр хэвлэгдэн уншигчдад хүрэв. Хавтасны зураг нь “харахгүй, сонсохгүй, ярихгүй”-г илтгэх мэт санагдана. Тэд чинь өөртөө итгэдэг, өрөөлийн шаналанг мэдэрдэг, чимээгүйхэн дотроо зовж чаддаг, агаараар дүүрэн нисэх орон зайтай хотдоо алхаад явахыг эрхэмлэдэг, улирал даган сэтгэлийнхээ өнгийг сольдог хүмүүсийг илтгэдэг юм болов уу.

 ЭГШИГЛЭНТ ГАНЦААРДАЛ

Би үнэндээ хотын сайхныг төдийлөн мэдэрч, гял цал болсон барилгуудын дунд эвдэрч сүйдэн хоцорсон эрт цагийн хуучин байшингийн гунигийг мэдэрч, цардмал зам дээр хугарч унасан мөчир уйлах шаналанг, цонхон цаана сэрчигнэх нялх навчсын дууг зүрхэндээ ойрхон хүлээж авахын гоёмсгийг бүрэн дүүрэн мэдэрч чадах хүн бус. Харин түүний оронд голын эргийн элсэн дээр хуруугаараа зурах, зүлгэн дээр хэвтээд тэнгэрт цэг төдийхөн тодорч үзэгдэх шувууг ажиглах, усан зэрэглээнд хөвөх тэмээдийн галбир, өөрөө томдсон хэр нь унаач хүүхдүүдийг даган дахиж уралдмаар санагдах догдлол цээж дүүргэхийн сайхныг илүү мэдэх хөдөөний хүүхэд.

Гэвч өнөөдөр Улаанбаатарын хотынхоо нэгэн ширхэг эд эс нь болж явсаар зургаан жилийг хэдийн ардаа үджээ. Г.Аюурзанын “Нийслэлийн блюз” гэдэг өгүүллэгийг олж уншчихаад сэтгэл зүрхнийхээ нийслэлийг хайрлах сэтгэл илүүтэй их төрж билээ. Тийм л сэтгэлээр “Эдгэрэл” шүлгийн түүвэр эхэлж байна.

“Зөрөх нэгнээс цаг асууж, бас гал асууж
Зөөврийн тэргэнд гар өргөж харанхуй гудамжаар хэсүүчилж
Зөндөө өдөр хоногийг хоосон атлаа дүүрэн үдсэн
Зөвхөн энэ л хотын эгшиглэнт ганцаардалд хэтэрхий дасчээ”. |“Уйт намрын шүлэг” 8-р тал|

Орой үдшийн цагаар хүний хөл татарч анир чимээгүйд умбадаг олон олон гудамжууд хэн нэгнийг эдгээх эгшиглэнт ганцаардалтай байдаг байна. Урсан өнгөрөх өдөр хоногуудыг эргээд харахад юу ч хийж бүтээгээгүй, юунд ч юм найдаад л тууччихсан байдаг. Гэвч  түүндээ огт харамсаж үзээгүй дүүрэн сэтгэлтэй хүмүүс энэ хотод одоо ч зөөврийн тэргэнд гар өргөн зогсоно. Эгшиглэнт ганцаардалтай энэ л хотод намрын улирал нэгэнт айлчилжээ. Байшингийн цонхнууд намрын улиралд нүд нь гялбаад зогсч буй хүн шиг мэдрэмж төрүүлдэг. Гэвч энэ бүхэн өрцөн цаанаас өндийсөн их уйтгарыг л авчирдаг. Түүнд дассан хүн бүхэнд Улаанбаатарын эгшиглэнт ганцаардал мэдрэгддэг гэж итгэнэм.

УЙТАН ӨДРҮҮДИЙН ДАРАА

Уйтан шүлгүүдийн тухай урьдын бодлоо гүйцээх гээд үзье. Яруу найргийг хөдөлгөгч амь, номын бүхэллэг чанарыг хадгалсан уйтай хийгээд эрчимлэг мэдрэмжээр шүлгүүд нь дүүрэн ажээ. “Харин шүлэг миний хувьд илэрхийлэл болохоос эрэлхийлэл биш. Наминчлал болохоос тунхаглал биш. Тайтгарал болохоос ялалт биш”. Энэ бол найрагч өөрийнхөө шүлгүүдэд өгсөн, өөрийн зүгээс яруу найрагт хандсан тодорхойлолт нь юм. Г.Аюурзана “Алга ташилт биш бодлогошронгуй, Бодлогошронгуйн төлөө би шүлэг бичдэг” хэмээн шүлэглэсэн удаа ч буй.

Хүнийрхэж явсан өдрүүдэд зам гэдэг олон.
Хүрзний дуу ноёлох цагт жам гэдэг ганц. |“Эдгэрэл” 22-р тал|

Өршөөл үгүй хоосролын дунд өөрийгөө  мартаж аж төрөх нь илүү дээр санагдах өдөр хоногууд цөөнгүй. Яг л тийм ганцаардал, эмзэглэлийн эцэст хэн хэндээ хүнийрхэж явсан мөчүүдийн тухай бодох бүрт олон салаа замын төгсгөл хүртэл алхах хэрэгтэйгээ санана. Магадгүй тэр л төгсгөлд бүхнийг хаман залгилж чихэнд сонстох сүүлчийн авиа хүрзний дуу л байх биз ээ. Гэхдээ энэ дуу бүхэлдээ ноёлох болоход жам гэдэг ганцыг ухаарч ханаад л амьдрал дуусна.

“Тоонын цамхраа шиг хэрчилсэн хилийн баганын дэргэдээс
Тоорцог хүрээ үүсгээд асгарч л байна наран
Тодхон энэ нарны дор уйлж л, дуулж л явахад
Торж л эс тэмтрэгдэнэ ээ, торлосон хилийн судал” |“Эдгэрэл” 54-р тал|

Тоонын цамхраа шиг хилийн багана гээд бодохоор сэтгэлд нэг л дотно. Энэ л газрыг монгол гэдгийг сануулах, бусдаас хараат байлгаж буй тэр л зурвас, багана нь өөрөө нүүдэлчдийн аж төрж ирсэн өргөө цагаан гэрийн дээвэр нь гэж сэтгэхийг яруу найрагч л анзаарч харна. Цамхраа тооно нь нүүдлийн үед хамгийн тохиромжтой бөгөөд хөнгөн, бат бөх байдаг. Тооно нь өөрөө гэрийн орон зайг ихэсгэх, гэрт гэрлийг дамжуулж доторхи байдлыг гэрэлтүүлж, саруулсгах үүрэгтэй. Тиймдээ ч дараагийн нь мөр нь “Тоорцог хүрээ үүсгээд асгарч л байна наран” гэж үргэлжилжээ. Магадгүй энэ хоёр мөрийн дүрслэл нь нүүдэлчин сэтгэхүй, ахуйтай ойр өссөн хүний л зүрх сэтгэлээс ундрах ажгуу. 

Цаашилбал “Тодхон энэ нарны дор уйлж л, дуулж л явахад” гэж дараагийн мөр орж ирнэ. Нэг нь уйлж явахад нөгөө нь дуулдаг, нөгөө нь уйлахад, нэг дуулдаг орчлонд өнөөх наран тоорцог хүрээгээ үүсгээд асгарч л байсан шүү дээ. Буцах замын дүүрэн гунигтай шүлгэнд хачин хайр шингэсэн мэт санагдахын шалтгаан харин “Торж л эс тэмтрэгдэнэ ээ, торлосон хилийн судал” гэсэн мөрүүдэд шингээстэй буй. Уг шүлэг хилийн гадна орших Өвөрмонгол найзындаа зочлоод буцах ахуйдаа тэрлэсэн мөрүүд. Тэнд адилхан л хүрээ үүсгэж асгарах нарны дор уйлж, дуулж явахад хилийн судал зүрхэн дотор тэмтрэгдэж мэдрэгдсэнгүй. Хүний зүрх сэтгэлд энэ хилийн зурвас байхгүй байж болохыг, гэтэл тэнд татчихсан шугам оршсоор буйг мэдрэхийн гуниг, хачин хүнийрхүү учралд харам төрөх сэтгэлийн бүхий л зовиур, халуун дулаан бодол энэ шүлэгт шингээстэй.

ХАГАЦЛЫН МАГТУУ

Жаргаж явахдаа хаяахан гаргаж харж баймаар
Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа.
Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог
Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ. | “Эдгэрэл” 28-р тал|

Оюун санаа, сэтгэлийн гүнээс бүтсэн хагацлын тухай хамгийн сайхан магтуу энэ байв. Орь ганцаар үлдчих шиг мэдрэмжийн дараа оргилуун явж чаддаг нь залуу насны араншин. Цаашид амьдарч чадсан ч дурсамжийн гүн шарх хэзээд л зүүлттэй явна. Хааяа түүнийгээ гаргаж харахул бүхий л сайхан нь дэргэдээс ургачихдаг. Гэвч нэг инээмсэглэж эсвэл уйлж аваад л цааш нь далд хийчих эрмэг зүрхтэн бидний дунд хичнээн олон бол гэж бодохоор эрхгүй сайхан санагдана.

Хэрэв чи ганцаараа л хайр дурлалын зовиурыг тээдэг мэт, энэ хагацал зөвхөн чамд л зориулагдсан зүйл шиг санагддаг бол, хууль  дүрэм, зөрчил тэмцэл чамайг л зорьж ирдэгээр сэтгэдэг бол дээрх бадагын төгсгөлийн мөрийг уншаад үз! Тийм ээ, яруу найраг тайтгарал болохоос ялалт биш. Тэр ингэж хэлсэн бас “эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ” гэж бичсэн. Ийм л учраас яруу найраг өөрөө тайтгарал байдаг байх нь. Шүлэг хэн нэгэнд тайтгарал болж хүрдэг учраас л яруу найрагчид төрдөг байх нь.

Хүн төрөлхтний декадансын үед Бодлер шиг том найрагчид төрсөн гэж үздэг. Тэгвэл манайд иймэрхүү соёлын доройтлын үед Л.Өлзийтөгс, Б.Галсансүх шиг найрагчид төрсөн. Даанч бид үүнийг декаданс бус нийгмийн шилжилт гээд нэрлэчихсэн юм л даа. Харин өнөөдөр бүгд л нэг тийм чимээгүй өрөөний буланд бясалгагчид, шаналан зовж, уйтгарлагчид болчихоод байгаа нь өсвөрийн насны хүүхдүүдэд илүүтэй ажиглагддаг. Гэвч хайр, үхэл, салалт бүхэн хагацал байдаггүйг жинхэнэ найрагч мэдэж тайтгарч чаддаг байна.

Чи намайг мэддэггүй байсан
Мэддэг болсон.
Чи намайг мэдэрдэггүй байсан
Мэдэрдэг болсон.
Харц чинь хэлдэг, нүд чинь хэлдэг
Хайр ч бас үхдэггүйг ухаарч би үлддэг. |“Эдгэрэл” 13-р тал|

Бүтнээр нь эшлэх шаардлагагүй учраас шүлгүүдийг таллаж аваад буй юм. Нөгөө талаас уншигч танд энэ номыг өөрөө барин сууж, хуудсыг нь имрэх мөчид юу ч үлдээгүй байх вий гэсэндээ л тэр. Магадгүй энэ хэсэгт хэн нэгнийг мэдэхгүй байж мэддэг болоход ганц хүний төлөө бүхий л зүйлсээ зориулж болох шиг мэдрэмж тэсгэлгүй ихээр цээжин доторх эд эсийг дүүргэхийг бид хайр гэж нэрлэдэг байх. Үргэлж түүний нүд хайртай гэж хэлдэг. Тиймээс л хагацал гэж байдаггүйг ухаараад хайр хэзээ ч үхэж алга болдоггүй, тэр дурсамжинд үлдэж хоцролгүйгээр үргэлж дагаж явдгийг ойлгожээ.

Салхины илбээн, нарны илч, цасны будраанд хувилсан
Сая живаа мутрын чинь тэврэлт, илбэлт, энхрийлэл...
Одоо би энэ орчлонг ойлгодог болсон шиг
Одоо л чи энэ охиныг ойлгодог болов уу? |“Эдгэрэл” 13-р тал|

Шүлэг ийн төгсдөг. Хэзээ ч эргэж ирэхгүйгээр хэн нэгнийг алдахын гашууныг шүлгийн эхлэлд нь тэр зүүдэнд үргэлж ирдэг болохоор чинь үлдсэн амьдралаа зүүдэлж л бармаар санагддаг гээд өгүүлчихсэн буй. Мэдээж түүний амьдрал ганцхан хүнд л зориулагдсан мэтээр санагдсан бол бийрлэгчийг тойрон эргэлдэх оршин ахуй ч тийм л болж таарна. Тиймийн учир салхи гэзгийг нь оролдоход, нар илчээ тусгаж, цас будран буухуйд тэврэлтийг мэдрээд тэр хожмын ухаарлын эцэст өөрийгөө ч ойлгоод тайтгарлыг мэдэрчээ. Дүр нь байхгүй , тэд бодитоор хүрэлцэхгүй ч гэлээ энэ орчлонг хайр төлөөлж байна.

Тэврэлт, илбэлт энхрийлэл нь түүнд энэ орчлонг, өөрийгөө ойлгох боломжийг олгодог байсан бол цас ороход баярлаж, салхи үлээхэд тайтгардаг сэтгэл бидний зүрхэнд хайр үхэлгүйгээр, хагацалгүйгээр үргэлж оршдог болохыг сануулна. Энэ орчлонг бүхэлд нь хумхийн тоос болгох эсвэл цэцэгсээр дүүргэх шившлэг байлаа гэхэд тэр нь “хайр” гэсэн дөрвөн үсэг л болов уу.

Халгаж халгаж барьж шүлгийн дэвтрээр дүүрэн
Хайрлаж хайрлаж тавиад явуулсан шүтээн хүмүүс хөглөрнө.
Ургаж ургаж унаад л өгсөн навчсын найранд согтоод
Амьдарч амьдарч гэнэтхэн уйдсан сэтгэл уймарч зогсоно. |“Эдгэрэл” 47–р тал|

Хайрлачхаад тавиад явуулсан хүмүүсийн тухай бодлоо халгалгүй шүүрч аваад бичих нь яруу найраг юм болов уу? Ургаж, ургачхаад унаад л өгдөг навчис, уйлж дуулж аж төрснөө орхиод одчихдог хайрласан хүмүүстэй адилхан байдаг уу? Яг л тэр үед хэдийн амьдраад дуусчихсан мэт санагдаж навчис унах намраар л уйдсан сэтгэл төрөхөд уймарч зогсоо хэн нэгэнтэй би тааралдаж байл уу? Мөр бүхэндээ уйтан өдрүүдийн дараа ялж гарсан хүний эрмэг чанарыг агуулсан ч тэр нь болгонд гунигтай асуулт шингээсэн ийм шүлэгтэй өмнө нь учирч бил үү?

Бүрхэг өдрүүдээр номын сангаа онгичиж “Эдгэрэл”-ийг олоод тэвэрч үлдэх мөчүүддээ зориулаад энэ удаа дээрх асуултуудад хариулт өгөлгүй үлдээлээ. Бүрхэг өдрийг л хүснэм...

Түр хүлээнэ үү...
Top